A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ГАЗАР ХӨДЛӨЛИЙН БИЧИЛ МУЖЛАЛЫН ЗУРАГ АШИГЛАХ НОРМ, ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /БНБД-22-04-16/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар 198

Улаанбаатар хот

ГАЗАР ХӨДЛӨЛИЙН БИЧИЛ МУЖЛАЛЫН ЗУРАГ АШИГЛАХ НОРМ, ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Барилгын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 157 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Газар хөдлөлтийн гамшгийн эрсдлийг бууруулах үндэсний хөтөлбөр-ийн 4.2 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор тухайн нутаг дэвсгэрийн газар хөдлөлийн балл, хөрсний оргил хурдатгал, хөрсний зонхилох давтамж, түүний мужлалын хилийн солбилцол зэрэг техникийн үзүүлэлтийг ашиглах "Газар хөдлөлийн бичил мужлалын зураг ашиглах норм, дүрэм" БНбД 22-04-16-г хавсралтаар баталсугай.

2. Энэ тушаалын 1 дэх заалтад заасан Газар хөдлөлийн бичил мужлалын зураг ашиглах норм, дүрэм-ийн дагуу газар хөдлөлийн техникийн үзүүлэлтүүдийг дараах хот төлөвлөлтийн болон барилга байгууламжийн зураг төсөлд тусган баталгаажуулж ажиллах болон хот байгуулалтын баримт бичиг, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, инженер хайгуулын судалгааны ажил гүйцэтгэдэг байгууллагуудад мөрдүүлэх ажлыг зохион байгуулахыг Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Занабазар/, "Барилгын хөгжлийн төв" ТӨААТҮГ /Ц.Амарсанаа/, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар /Ц.Ганхүү/-д тус тус ДААЛГАХ нь:

2.1. Хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний баримт бичиг, барилга байгууламжийн зураг төслийн төлөвлөлтөд болон газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө.

2.2. Зураг төсөл нь магадлалаар баталгаажсан боловч барилгын ажил нь эхлээгүй байгаа барилга байгууламжийн зураг төсөл.

3. Нийслэл болон дүүргүүдийн нутаг дэвсгэрийн газар хөдлөлийн техникийн үзүүлэлтүүдийг дараах барилгын үйл ажиллагаанд мөрдүүлж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбатар хотын захирагч /С.Батболд/-д ЗӨВЛӨСҮГЭЙ:

3.1. Барилгын ажлын зөвшөөрөл олгох, барилга байгууламжийг ашиглалтад оруулах зэрэг барилгын ажлын үе шат бүрт хяналт тавих;

3.2. Ашиглагдаж байгаа барилга байгууламжийн газар хөдлөлийн үйлчлэлд тэсвэрлэх чадварыг үнэлж, паспортжуулах;

3.3. Нийслэл, дүүргийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний баримт бичиг болон газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө боловсруулахад газар хөдлөлийн эрсдэл багатай бүсэд барилга байгууламжийг төлөвлөх.

4. Өндөр болон онцгой төвөгшилтэй барилга байгууламж баригдах талбайн инженер геологийн дүгнэлтэд тусгасан газар хөдлөлийн үйлчлэлийг тодорхойлсон үзүүлэлтүүдийг "Газар хөдлөлийн бичил мужлалын зураг ашиглах норм, дүрэм" БНбД 22-04-16-д заасны дагуу хянан, зөвшилцөж байхыг Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Занабазар/, Шинжлэх Ухааны Академийн Одон орон, геофизикийн хүрээлэн /С.Дэмбэрэл/-д тус тус даалгасугай.

5. Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга /С.Магнайсүрэн/-д үүрэг болгосугай.

6. Барилга, хот байгуулалтын сайдын 2006 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 120 дугаар тушаалаар батлагдсан "Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх барилгын норм ба дүрэм" БНбД 22.01.01*/2006-ийн 1-р хавсралт "Газар хөдлөлийн хүчийг баллаар авах заалттай газар хөдлөлтийн бүс нутагт байрласан Монгол Улсын хотуудын жагсаалт"-аас 12, 25, 27, 28 дахь заалтыг тус тус хассугай.

/Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн Тушаалд нэмэлт оруулах тухай 35 дугаар тушаалаар нэмэлт оруулсан/

7. Тушаал гарсантай холбогдуулан Барилга, хот байгуулалтын сайд, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийн хамтарсан 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн №91/А383/А/64 дүгээр тушаал, захирамж, "Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн газар хөдлөлтийн бичил мужлалын схем зураг батлах тухай" Барилга архитектурын комиссын 1980 оны 20 дугаар тогтоол, "Улаанбаатар хотын 1-10 дугаар бичил хорооллын газар хөдлөлтийн хүчийг баллаар авах тухай" Барилга архитектур техник хяналтын улсын хороо, Шинжлэх ухааны академийн тэргүүлэгчдийн 1981 оны 69/743 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Г.МӨНХБАЯР

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2017 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 3679 дугаарт бүртгэв.

Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн Тушаалд нэмэлт оруулах тухай 35 дугаар тушаалаар оруулсан нэмэлтийг тусгав.