- Нүүр
- Монгол Улсын олон улсын гэрээ
- 87. МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨЛӨХ БОДИСЫН ХУУЛЬ БУС ЭРГЭЛТИЙН ЭСРЭГ НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН КОНВЕНЦ
МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ 87. МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨЛӨХ БОДИСЫН ХУУЛЬ БУС ЭРГЭЛТИЙН ЭСРЭГ НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН КОНВЕНЦ
1988 оны 12 дугаар сарын 20-ны өдөр
1990 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүчин төгөлдөр болсон |
Энэхүү конвенцийн талууд, |
мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус үйлдвэрлэл, эрэлт, нийлүүлэлтийн хэмжээ өсөн нэмэгдэж байгаа нь хүний эрүүл мэнд, сайн сайханд ноцтой аюул занал учруулж нийгмийн улс төр, эдийн засаг, соёлын үндэст сөргөөр нөлөөлж буйд сэтгэл гүнээ зовниж, |
мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлт нийгмийн янз бүрийн бүлгийн дунд улам гүнзгий тархаж, ялангуяа дэлхийн олон газарт хүүхдүүдийг хууль бус мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглэгчээр болон тэдгээрийн хууль бус үйлдвэрлэл болон эргэлтийн зорилгод ашиглаж байгаагийн үр дагавар нь тооцоолохын аргагүй аюулд хүргэж байгаад сэтгэл гүнээ зовниж, |
улсуудын хууль ёсны эдийн засгийг сулруулж, тогтвортой байдал, аюулгүй байдал, бүрэн эрхт байдалд аюул учруулж буй хууль бус эргэлт болон түүнтэй холбоотой зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааны бусад хэлбэр нь харилцан холбоотойг хүлээн зөвшөөрч, |
хууль бус эргэлт нь олон улсын шинж чанартай гэмт үйл ажиллагаа бөгөөд түүнийг таслан зогсоох явдал нь хойшлуулшгүй нэн тэргүүний анхаарал шаардаж буйг хүлээн зөвшөөрч, |
хууль бус эргэлт нь санхүүгийн асар их ашиг, баялгаар хангаснаараа улс дамнасан гэмт хэргийн байгууллагуудад засгийн газрын байгууллагууд, хууль ёсны худалдаа, санхүүгийн үйл ажиллагаа болон нийгмийн бүх давхаргад нэвтрэх, тэдгээрийг бохирдуулах, ялзруулах боломж олгож байгааг хүлээн зөвшөөрч, |
хууль бус эргэлтийн үйл ажиллагаа эрхэлж буй этгээдүүдийг гэмт үйл ажиллагаанаас олж буй орлогоос нь салгаж, улмаар тийм үйл ажиллагаа эрхлэх гол хөшүүргийг нь арилгахад шийдэмгий байгаагаа илэрхийлж, |
мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эрэлт, хууль бус эргэлтээс олсон асар их орлого зэрэг тийм эм, бодисыг урвуулан хэрэглэх үндсэн шалтгаануудыг арилгахыг эрмэлзэж, |
олдоц нь элбэг байдаг нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын нууц үйлдвэрлэлийг өсгөхөд нөлөөлдөг зарим бодис, түүний дотор прекурсор, химийн бодис, уусгагч зэрэгт тавих хяналтын арга хэмжээ шаардлагатай гэж үзэж, |
далай дахь хууль бус эргэлтийг таслан зогсоох олон улсын хамтын ажиллагааг сайжруулахыг эрмэлзэж, |
хууль бус эргэлтийг устгах нь бүх улсын хамтын үүрэг бөгөөд энэ зорилгоор олон улсын хамтын ажиллагааны хүрээнд хүчин чармайлтыг уялдуулах шаардлагатайг хүлээн зөвшөөрч, |
мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хянах салбар дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын эрх хэмжээг хүлээн зөвшөөрч, Нэгдсэн Үндэстний Байгууллагын хүрээнд тийм хяналт явуулдаг олон улсын байгууллагууд байлгахыг хүсч, |
мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай олон улсын гэрээний удирдах зарчмууд болон тэдгээрт заасан хяналтын тогтолцоог дахин нотолж, |
хууль бус эргэлтийн цар хүрээ, хэмжээ болон түүнээс үүдэн гарах ноцтой үр дагаврыг арилгах зорилгоор Мансууруулах эмийн тухай 1961 оны нэгдсэн конвенц болон Мансууруулах эмийн тухай 1961 оны нэгдсэн конвенцид нэмэлт өөрчлөлт оруулах тухай 1972 оны протоколоор оруулсан нэмэлт өөрчлөлт бүхий тэр конвенц болон Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай 1971 оны конвенцид заасан арга хэмжээг бэхжүүлэх, нэмэгдүүлэх шаардлагыг хүлээн зөвшөөрч, |
олон улсын гэмт үйл ажиллагаа болох хууль бус эргэлтийг таслан зогсоох олон улсын эрх зүйн хамтын ажиллагааны эрх зүйн үр нөлөөтэй арга хэрэгслүүдийг бэхжүүлж, чангатгахын ач холбогдлыг мөн хүлээн зөвшөөрч, |
хууль бус эргэлтийн эсрэг тухайлан чиглэгдсэн бөгөөд асуудлын янз бүрийн талыг ялангуяа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай хүчин төгөлдөр мөрдөгдөж буй олон улсын гэрээнд тусгагдаагүй зүйлүүдийг харгалзан боловсронгуй, үр өгөөжтэй, бодитойгоор хэрэгжих чадвартай олон улсын конвенц байгуулахыг эрмэлзэж, |
дараахь зүйлийг хэлэлцэн тохиров: |
1 дүгээр зүйл |
Нэр томъёо |
Хэрэв өөрөөр илэрхий заагаагүй буюу тодорхой тохиолдолд агуулгын хувьд өөр утга шаардлагагүй бол энэхүү конвенцид дараахь тодорхойлолтыг хэрэглэнэ: |
a) “Хороо” гэж Мансууруулах эмийн тухай 1961 оны нэгдсэн конвенц болон Мансууруулах эмийн тухай 1961 оны нэгдсэн конвенцид нэмэлт өөрчлөлт оруулах тухай 1972 оны протоколоор оруулсан нэмэлт өөрчлөлт бүхий тэр конвенцид заасан Хар тамхинд хяналт тавих олон улсын хороог хэлнэ; |
b) “Каннабис” гэж олсны овгийн бүх төрлийн ургамлыг хэлнэ; |
c) “Кока бут” гэж эритоксилоны төрлийн аливаа зүйлийн ургамлыг хэлнэ; |
d) “Арилжааны тээвэрлэгч” гэж аливаа урамшуулал, хөлс, бусад ашгийн төлөө хүн, бараа, шуудан тээвэрлэх ажиллагаанд оролцож буй аливаа хувь хүн, эсхүл олон нийтийн, хувийн бусад байгууллагыг хэлнэ; |
e) “Комисс” гэж Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эдийн засаг, нийгмийн хорооны Мансууруулах эмтэй тэмцэх комиссыг хэлнэ; |
f) “Хураах” гэж шүүхийн буюу эрх бүхий бусад байгууллагын шийдвэрээр эд хөрөнгийг бүрмөсөн хураан авахыг хэлэх бөгөөд үүнд хөрөнгөөс салгахыг зохих тохиолдолд оруулна; |
g) “Хяналтан дор хүргүүлэх” гэж энэхүү конвенцид хавсаргасан I хүснэгт, II хүснэгтэд заасан хууль бус, эсхүл сэжигтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис болон тэдгээрийг орлох бодисыг энэхүү конвенцийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан гэмт хэрэг үйлдэхэд оролцсон этгээдийг таньж тогтоох зорилгоор нэг буюу хэд хэдэн орны нутаг дэвсгэрээс гаргах, эсхүл түүгээр дамжуулах, эсхүл тэдгээрийн нутаг дэвсгэрт нэвтрүүлэхийг тэдгээр улсын эрх бүхий байгууллагын мэдэл, хяналтан доор зөвшөөрсөн аргачлалыг хэлнэ; |
h) “1961 оны конвенц” гэж Мансууруулах эмийн тухай 1961 оны нэгдсэн конвенцийг хэлнэ; |
i) “Өөрчлөн оруулсан 1961 оны конвенц” гэж Мансууруулах эмийн тухай 1961 оны нэгдсэн конвенцид өөрчлөлт оруулах тухай 1972 оны протоколоор нэмэлт өөрчлөлт оруулсан Мансууруулах эмийн тухай 1961 оны нэгдсэн конвенцийг хэлнэ; |
j) “1971 оны конвенц” гэж Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай 1971 оны конвенцийг хэлнэ; |
k) “Зөвлөл” гэж Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийг хэлнэ; |
l) “Битүүмжлэх”, эсхүл “түр хураах” гэж шүүх болон эрх бүхий бусад байгууллагын шийдвэрээр эд хөрөнгийг шилжүүлэх, хэвиргах, захиран зарцуулах, хөдөлгөхийг түр хугацаагаар хориглох, эсхүл түр хугацаагаар хураах буюу хяналтад авахыг хэлнэ; |
m) “Хууль бус эргэлт” гэж энэхүү конвенцийн 3 дугаар зүйлийн 1 болон 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэлнэ; |
n) “Мансууруулах эм” гэж Мансууруулах эмийн тухай 1961 оны нэгдсэн конвенц болон нэмэлт өөрчлөлт оруулсан уг конвенцийн I жагсаалт, II жагсаалтад орсон байгалийн болон нийлэг аливаа бодисыг хэлнэ; |
o) “Опиумын намуу” гэж Papaver somnifеrum L зүлийн ургамлыг хэлнэ; |
p) “Орлого” гэж 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тодорхойлсон гэмт хэрэг үйлдсэний үр дүнд шууд болон шууд бусаар бий болсон буюу олж авсан аливаа хөрөнгийг хэлнэ; |
q) “Хөрөнгө” гэж материаллаг болон материаллаг бус, хөдлөх болон үл хөдлөх, биет болон биет бус бүх төрлийн хөрөнгө, түүнчлэн тийм хөрөнгийг өмчлөх эрх болон түүн дэх эрх, ашиг сонирхлыг гэрчлэх эрх зүйн баримт бичиг буюу актыг хэлнэ; |
r) “Сэтгэцэд нөлөөлөх бодис” гэж 1971 оны конвенцийн I, II, III, IV жагсаалтад орсон байгалийн буюу нийлэг аливаа бодис эсхүл байгалийн аливаа материалыг хэлнэ; |
s) “Ерөнхий нарийн бичгийн дарга” гэж Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргыг хэлнэ; |
т) “I хүснэгт”, ”II хүснэгт” гэж 12 дугаар зүйлийн дагуу нэмэлт өөрчлөлт оруулж болох бөгөөд энэхүү конвенцид хавсаргасан бодисын зохих ёсоор дугаарласан жагсаалтыг хэлнэ; |
u) ”Дамжин өнгөрүүлэгч улс” гэж хууль бус мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис болон энэхүү конвенцийн I хүснэгт, II хүснэгтэд заасан бодисын гарал үүслийн газар ч биш, эцсийн хүргэх газар ч биш бөгөөд тэдгээрийг нутаг дэвсгэрээр нь дамжин өнгөрүүлж байгаа улсыг хэлнэ. |
2 дугаар зүйл |
Конвенцийн хамрах хүрээ |
1. Энэхүү конвенцийн зорилго нь олон улсын хэмжээний асуудал болж байгаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлттэй холбоотой олон төрлийн асуудлыг үр өгөөжтэйгөөр шийдвэрлэх талуудын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд оршино. Талууд энэхүү конвенцийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхдээ өөрийн дотоодын хууль тогтоомжийн тогтолцооны үндсэн зарчимд нийцүүлэн хуулийн болон захригааны шаардлагатай арга хэмжээ авна. |
2. Талууд энэхүү конвенцийн дагуу хүлээсэн үүргээ бусад улсын бүрэн эрхт тэгш байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх болон дотоод хэрэгт хөндлөнгөөс үл оролцох зарчмыг баримтлан биелүүлнэ. |
3. Аль нэг тал нь нөгөө талын нутаг дэвсгэрт хэргийн харьяалал тогтоож болохгүй бөгөөд тухайн талын дотоодын хуулийн дагуу зөвхөн түүний байгууллагуудын бүрэн эрхэд хамаарах чиг үүргийг хэрэгжүүлж болохгүй. |
3 дугаар зүйл |
Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх хариуцлага |
1. Тал бүр санаатайгаар үйлдэгдсэн дараахь үйлдлийг дотоодынхоо хуулийн дагуу эрүүгийн гэмт хэрэг гэж тогтоох арга хэмжээ авна: |
a) i) 1961 оны конвенц, нэмэлт өөрчлөлт оруулсан уг конвенц болон 1971 оны конвенцийн заалтыг зөрчиж аливаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг үйлдвэрлэх, бэлтгэх, гаргаж авах, бэлдэх, санал болгох, худалдахаар санал болгох, түгээх, худалдах, ямар ч нөхцөлөөр хамаагүй хүргэх, зуучлах, илгээх, дамжуулан өнгөрүүлж илгээх, тээвэрлэх, экспортлох, импортлох; |
ii) 1961 оны конвенц, нэмэлт, өөрчлөлт оруулсан уг конвенцийн заалтыг зөрчиж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг үйлдвэрлэх зорилгоор опиумын намуу, кока бут, каннабис ургамлыг тарималжуулах; |
iii) (i) дэд хэсэгт заасан аливаа үйл ажиллагааг явуулах зорилгоор мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хадгалах, худалдан авах; |
iv) мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг тарималжуулах, үйлдвэрлэх эсхүл бэлтгэхэд зориулагдсаныг мэдсээр байж I хүснэгт, II хүснэгтэд заасан тоног төхөөрөмж, эд зүйлс, бодисыг бэлтгэх, тээвэрлэх, түгээх; |
v) (i), (ii), (iii), (iv) дэд хэсэгт тодорхойлсон гэмт хэргийг удирдах, санхүүжүүлэх, зохион байгуулах. |
(b) i) аливаа гэмт хэрэг болон энэ хэсгийн (a) дэд хэсгийн дагуу тогтоосон гэмт хэрэг үйлдсэний үр дүнд бий болсон, эсхүл дурдсан гэмт үйлдэлд оролцсоны үр дүнд бий болсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж хөрөнгийн хууль бус эх үүсвэрийг халхавчлах, нуун дарагдуулах болон гэмт хэрэг үйлдсэн аливаа этгээдэд гэмт үйлдлийнхээ эрх зүйн үр дагавраас зайлсхийхэд нь туслах зорилгоор уг хөрөнгийг хувиргах, шилжүүлэх; |
ii) энэ хэсгийн (а) дэд хэсгийн дагуу тогтоосон гэмт хэрэг үйлдсэний үр дүнд бий болсон, эсхүл тийм гэмт хэрэг үйлдэхэд оролцсоны үр дүнд бий болсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүний жинхэнэ мөн чанар, эх үүсвэр, байрлал, захиран зарцуулах арга, хөдөлгөөн, хөрөнгөтэй холбоотой жинхэнэ эрх эсхүл эзэмшигчийг халхавчлах, нуун дарагдуулах; |
(c) Үндэсний хууль тогтоомжийнхоо заалтууд, эрх зүйн тогтолцооныхоо гол зарчмуудыг баримтлан: |
i) энэ хэсгийн (а) дэд хэсгийн дагуу тогтоосон гэмт хэрэг болон гэмт хэргүүд, эсхүл тухайн гэмт хэрэг болон гэмт хэргүүдэд оролцсон үйлдлийн улмаас бий болсон хөрөнгийг хүлээж авахдаа энэ тухай мэдсээр байж олж авсан, эзэмшсэн, хэрэглэсэн; |
ii) I хүснэгт, II хүснэгтэд заасан тоног төхөөрөмж, эд зүйлс болон бодисыг аливаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар тарималжуулах, үйлдвэрлэхэд ашиглаж байгаа, эсхүл тийм зорилгоор ашиглахад зориулагдсан болохыг мэдсээр байж эзэмших; |
iii) энэ зүйлийн дагуу тогтоосон аливаа гэмт хэргийг үйлдэх, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар хэрэглэхэд олон нийтийг аливаа хэлбэрээр өдөөн хатгах, уриалах; |
iv) энэ зүйлээр тогтоосон аливаа гэмт хэргийг үйлдэхэд оролцсон, холбогдсон, үйлдэхээр үгсэн тохиролцсон, үйлдэхийг завдсан, түүнчлэн үйлдэх үед хамжсан, хатгасан, дэмжлэг үзүүлсэн эсхүл зөвлөгөө өгсөн. |
2. Тал бүр Үндсэн хуулийнхаа заалтууд, эрх зүйн тогтолцооныхоо зарчмыг баримтлан 1961 оны конвенц, нэмэлт өөрчлөлт оруулсан 1961 оны конвенц, 1971 оны конвенцийг зөрчиж аливаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хувийн хэрэгцээнд зориулж санаатайгаар хадгалах, олж авах, тарималжуулахыг дотоодын хуулийнхаа дагуу гэмт хэрэг гэж тогтооход шаардлагатай байж болох арга хэмжээ авна. |
3. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тогтоосон гэмт хэргийн бүрэлдэхүүн хэсгүүд болох ухамсар, санаа, зорилгыг хэргийн бодит нөхцөл байдлаас тогтоож болно. |
4. а) Тал бүр 1 дэх хэсгийн дагуу тогтоосон гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тухайн хэргийн ноцтой шинж байдлыг харгалзан хорих, эсхүл бусад хэлбэрээр эрх чөлөөг нь хасах, торгох болон хөрөнгө хураах ял ногдуулахаар зааж болно. |
b) Талууд 1 дэх хэсгийн дагуу тогтоосон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн шийтгэл болон ялд нэмэлт болгож түүнийг эмчлэх, хүмүүжүүлэх, эмнэлгийн дараахь эмчилгээ хийх, нөхөн сэргээх, нийгмийн амьдралд эргүүлэн оруулах арга хэмжээг хэрэгжүүлэхээр зааж болно. |
c) Талууд зохих тохиолдолд дээрх дэд хэсэгт заасныг үл харгалзан, хор уршиг багатай гэмт хэрэг үйлдэгсдийг шийтгэх болон яллахын оронд хүмүүжүүлэх, эмнэлгийн дараахь эмчилгээ хийх, нөхөн сэргээх, нийгмийн амьдралд эргүүлэн оруулах, түүнчлэн гэмт хэрэг үйлдэгч нь мансууруулах эм урвуулан хэрэглэдэг бол түүнийг эмчлэх, эмнэлгийн дараахь эмчилгээ хийх арга хэмжээг хэрэгжүүлэхээр зааж болно. |
d) Талууд энэ зүйлийн 2 дахь хэсгийн дагуу тогтоосон гэмт хэрэг үйлдсэн этгээдийг яллах болон шийтгэхийн оронд шийтгэл болон ялд нэмэлт болгож эмчлэх, хүмүүжүүлэх, эмнэлгийн дараахь эмчилгээ хийх, нөхөн сэргээх, эсхүл нийгмийн амьдралд эргэж оруулах арга хэмжээг хэрэгжүүлэхээр зааж болно. |
5. Талууд дараахь нөхцөл байдлыг тэдгээрийн шүүх болон хэргийн харьяалал тогтоосон эрх мэдэл бүхий байгууллагуудаас 1 дэх хэсэгт заасны дагуу тогтоосон гэмт хэргийг үйлдэхэд нөлөөлсөн хүндрүүлэх нөхцөл байдал гэж үзэх явдлыг хангана: |
а) гэмт этгээд өөрийн харьяалагддаг зохион байгуулалттай гэмт бүлгийн үйлдсэн гэмт хэрэгт оролцсон; |
b) гэмт этгээд олон улсын чанартай бусад төрлийн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагаанд оролцсон; |
c) гэмт этгээд тухайн гэмт хэргийг үйлдсэний улмаас хууль бус бусад үйл ажиллагаанд оролцсон; |
d) гэмт этгээд хүч, эсхүл галт зэвсэг хэрэглэсэн; |
e) гэмт этгээд албан тушаалтан бөгөөд тухайн гэмт хэрэг нь түүний албан тушаалтай холбоотой; |
f) гэмт хэрэг үйлдэхэд насанд хүрээгүй хүмүүсийг татан оролцуулсан, эсхүл тэднийг ашигласан; |
g) гэмт хэргийг хорих ял эдлүүлэх газар, сургууль, олон нийтийн үйлчилгээний газар эсхүл тэдгээрийн ойр орчинд, эсхүл сурагч, оюутны сургалт, спорт, олон нийтийн үйл ажиллагаа явуулдаг газарт үйлдсэн; |
h) холбогдох талын дотоодын хуулиар зөвшөөрсөн хэмжээнд гадаад улсад болон эх орондоо урьд нь ял шийтгэгдсэн, ялангуяа ижил төрлийн гэмт хэрэгт ял шийтгэгдсэн. |
6. Талууд хууль сахиулах арга хэмжээг дээд зэргийн үр дүнд хүргэхийн тулд энэ зүйлд заасны дагуу тогтоосон гэмт хэрэг үйлдсэн этгээдийг дотоодынхоо хуулийн дагуу эрүүгийн журмаар мөрдөхтэй холбоотой аливаа хуулийн бүрэн эрхийг өөрийн үзэмжийн дагуу хэрэгжүүлэх бололцоог хангах болон тийм гэмт хэрэг дахин үйлдэгдэхгүй байх нөхцөл бүрдүүлэх талаар эрмэлзэнэ. |
7. Талууд тэдгээрийн шүүх болон бусад эрх бүхий байгууллага дурдсан гэмт хэрэгт шийтгэгдсэн этгээдийг хугацаанаас өмнө тэнсэн суллах болон тэнсэх тухай асуудлыг шийдвэрлэхдээ энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн ноцтой шинж байдал, энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг харгалзаж үзэх явдлыг хангана. |
8. Тал бүр энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тогтоосон аливаа гэмт хэрэгт эрүүгийн журмаар мөрдөх ажиллагаа явуулах хөөн хэлэлцэх хугацааг шаардлагатай тохиолдолд дотоодынхоо хуулийн дагуу урт хугацаагаар тогтоох болон сэжигтэн этгээд шүүн таслах ажиллагаанаас зайлсхийсэн тохиолдолд илүү урт хугацаагаар тогтооно. |
9. Тал бүр энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тогтоосон аливаа гэмт хэрэгт яллагдаж буй эсхүл ял шийтгэгдсэн бөгөөд нутаг дэвсгэрт нь байгаа этгээдийг шаардлагатай эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд байлцуулах талаар өөрийн эрх зүйн тогтолцоонд нийцүүлэн зохих арга хэмжээ авна. |
10. Энэхүү конвенцид заасан талууд хоорондын хамтын ажиллагаа, ялангуяа 5, 6, 7, 9 дүгээр зүйлд заасан хамтын ажиллагааны зорилгод энэ зүйлийн дагуу тогтоосон гэмт хэргүүдийг санхүүгийн, эсхүл улс төрийн, эсхүл талуудын үндсэн хуулийн хязгаарлалтад болон дотоодын гол хуулиудыг хөндөхгүйгээр улс төрийн сэдэлтээр үйлдсэн гэмт хэрэг гэж үзэхгүй. |
11. Энэ зүйлд заасан гэмт хэргийг тодорхойлох нь тал бүрийн дотоодын хууль тогтоомжийн бүрэн эрхэд хамаарах болон тэдгээр гэмт хэрэг үйлдсэний төлөө яллах, шийтгэх асуудлыг дурдсан хуулийн дагуу хэрэгжүүлэх зарчмыг энэ зүйлийн аль ч хэсэг хөндөхгүй. |
4 дүгээр зүйл |
Хэргийн харьяалал |
1. Тал бүр: |
а) Дараахь тохиолдолд 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тогтоосон гэмт хэрэгт хэргийн харьяаллаа тогтооход шаардагдаж болох арга хэмжээ авна: |
i) тухайн гэмт хэрэг нутаг дэвсгэрт нь үйлдэгдсэн; |
ii) тухайн гэмт хэрэг нь гэмт хэрэг үйлдэх үед түүний төрийн далбааг мандуулсан хөлөг онгоцны тавцанд, эсхүл түүний хуулийн дагуу бүртгэгдсэн агаарын хөлгийн бүхээгт үйлдэгдсэн. |
b) Дараахь тохиолдолд 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тогтоосон гэмт хэрэгт хэргийн харьяаллаа тогтоох талаар шаардлагатай байж болох арга хэмжээ авч болно: |
i) тухайн улсын иргэн, эсхүл тухайн улсын нутаг дэвсгэрт байнга оршин суугч этгээд тухайн гэмт хэргийг үйлдсэн; |
ii) тухайн тал хэргийн харьяаллаа зөвхөн энэ зүйлийн 4 болон 9 дэх хэсэгт дурдсан гэрээ болон тохиролцооны үндсэн дээр хэрэгжүүлэх нөхцөлөөр 17 дугаар зүйлд заасны дагуу зохих ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан хөлөг онгоцны тавцан дээр тухайн гэмт хэргийг үйлдсэн; |
iii) 3 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн (c) (iv) дэд хэсэгт заасны дагуу тогтоосон гэмт хэрэг бөгөөд тухайн талын нутаг дэвсгэрээс гадна, 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тогтоосон гэмт хэргийг нутаг дэвсгэрт нь үйлдэх зорилгоор үйлдсэн. |
2. Тал бүр: |
а) сэжигтэн этгээд нутаг дэвсгэрт нь байгаа бөгөөд түүнийг дараахь үндэслэлээр нөгөө талд шилжүүлэн өгдөггүй тохиолдолд 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тухайн талын тогтоосон гэмт хэргийн хувьд хэргийн харьяаллаа тогтооход шаардлагатай байж болох арга хэмжээ авна: |
i) тухайн гэмт хэргийг тухайн улсын нутаг дэвсгэрт, эсхүл гэмт хэрэг үйлдэх үед түүний төрийн далбааг мандуулсан хөлөг онгоцны тавцанд, эсхүл түүний хуулийн дагуу бүртгэгдсэн агаарын хөлгийн бүхээгт үйлдсэн. |
ii) гэмт хэргийг тухайн орны иргэн үйлдсэн. |
b) сэжигтэн этгээд нутаг дэвсгэрт нь байгаа бөгөөд түүнийг нөгөө талд шилжүүлэн өгдөггүй тохиолдолд 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тогтоосон гэмт хэрэгт хэргийн харьяаллаа тогтоох талаар шаардлагатай байж болох арга хэмжээ авч болно. |
5 дугаар зүйл |
Хураах |
1. Тал бүр дараахь хөрөнгийг хураахад шаардлагатай байж болох арга хэмжээ авна: |
а) 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тогтоосон гэмт хэргээс олсон орлого, тийм орлоготой тэнцэх үнэтэй хөрөнгө; |
b) 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тогтоосон гэмт хэргийг үйлдэхэд ашигласан эсхүл ямар нэг байдлаар ашиглахад зориулсан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис, материал, тоног төхөөрөмж, бусад хэрэгсэл. |
2. Тал бүр энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан орлого, хөрөнгө, хэрэгсэл болон бусад зүйлийг хураах зорилгоор тодорхойлох, эрэн сурвалжлах, битүүмжлэх, түр хураах эрхийг өөрийн эрх бүхий байгууллагад олгоход шаардлагатай байж болох арга хэмжээ авна. |
3. Тал бүр энэ зүйлд заасан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор өөрийн шүүх болон бусад эрх бүхий байгууллагад банк, санхүү, арилжааны бичиг баримтуудыг шаардаж авах, эсхүл түр хураан авах шийдвэр гаргах эрх олгоно. Аль ч тал банкны нууцыг хадгалах шаардлагатай хэмээн энэ хэсэгт заасны дагуу арга арга хэмжээ авахаас татгалзаж болохгүй. |
4. а) Энэ зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан орлого, хөрөнгө, хэрэгсэл болон аливаа бусад зүйл нутаг дэвсгэрт нь байгаа тал 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тогтоосон гэмт хэрэгт харьяаллаа тогтоосон нөгөө талаас энэ зүйлд үндэслэн гаргасан хүсэлтийг хүлээн авмагц: |
i) хураах шийдвэрийг авах, тийм шийдвэрийг шилжүүлэн өгсөн тохиолдолд түүнийг хэрэгжүүлэх зорилгоор хүсэлтийг эрх бүхий байгууллагадаа шилжүүлнэ; эсхүл |
ii) хүсэлт гаргагч талаас энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гаргасан хураах тухай шийдвэрийг хүсэлтэд заасан хэмжээ болон хүлээн авагч талын нутаг дэвсгэрт байгаа 1 дэх хэсэгт заасан орлого, хөрөнгө, хэрэгсэл болон аливаа бусад зүйлд хамааралтай хэмжээнд биелүүлэх зорилгоор хүсэлтийг эрх бүхий байгууллагадаа шилжүүлнэ. |
b) Хүсэлт хүлээн авагч тал 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тогтоосон гэмт хэрэгт харьяаллаа тогтоосон нөгөө талаас энэ зүйлд үндэслэн гаргасан хүсэлтийг хүлээн авмагц хүсэлт гаргагч талаас, эсхүл энэ хэсгийн (а) дэд хэсэгт заасны дагуу хүсэлт хүлээн авагч талаас гаргах хураах тухай шийдвэрээр дараа нь хураах зорилгоор энэ зүйлийн нэг дэх хэсэгт дурдсан орлого, хөрөнгө, хэрэгсэл эсхүл аливаа бусад зүйлийг тодорхойлох, эрэн сурвалжлах, битүүмжлэх, эсхүл түр хураан авах арга хэмжээ авна. |
c) Хүсэлт хүлээн авагч тал энэ хэсгийн (a) (b) дэд хэсэгт заасан шийдвэр гаргах болон ажиллагаа явуулахдаа дотоодынхоо хууль тогтоомжид нийцүүлэх, мөрдлөг болгох, дотоодынхоо хуульд заасан байцаан шийтгэх ажиллагааны хэм хэмжээнд нийцүүлэх бөгөөд хүсэлт хүлээн авагч тал хүсэлт гаргагч талтай холбогдож болох хоёр болон олон талт аливаа гэрээ, хэлэлцээр, тохиролцоог баримтлана. |
d) 7 дугаар зүйлийн 6-19 дэх хэсгийг mutatis mutandis хэрэглэнэ. Энэ зүйлийн дагуу гаргасан хүсэлтэд 7 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт заасан мэдээллээс гадна дараахь зүйлийг тусгана: |
i) энэ зүйлийн (а) (i) дэд хэсэгт дурдсан хүсэлтэд хураавал зохих эд хөрөнгийн тодорхойлолт, хүсэлт гаргагч тал үндэслэл болгож буй болон хүсэлт хүлээн авагч тал дотоодынхоо хуулийн дагуу шийдвэр гаргах зорилгоор арга хэмжээ авахад хангалттай үндэслэл болж чадах үйл баримтыг тусгасан өргөдөл; |
ii) (а) (ii) дэд хэсэгт дурдсан хүсэлтэд хүсэлтийн үндэслэл болж буй хөрөнгө хураах тухай хүсэлт гаргагч талын шийдвэрийн хууль ёсны хуулбар, үйл баримтыг тусгасан өргөдөл болон шийдвэрийн хүсэлт болгож буй гүйцэтгэлийн хэмжээний талаарх мэдээлэл; |
iii) (b) дэд хэсэгт дурдсан хүсэлтэд хүсэлт гаргагч тал үндэслэл болгож буй үйл баримтыг тусгасан өргөдөл, санал болгож буй арга хэмжээний тодорхойлолт. |
e) Тал бүр энэ хэсгийн заалтын хэрэгжилтийг хангаж буй аливаа хууль, дүрмийн эх бичвэр, түүнчлэн дурдсан хууль, журамд дараа нь орсон өөрчлөлтийн эх бичвэрийг Ерөнхий нарийн бичгийн даргад хүргүүлнэ. |
f) Хэрэв аль нэг тал энэ хэсгийн (а) болон (b) дэд хэсэгт дурдсан арга хэмжээг хэрэгжүүлэхдээ холбогдох гэрээтэй байх нөхцөл тавьж байгаа бол энэхүү конвенцийг шаардлагатай болон хангалттай эрх зүйн үндэс гэж үзнэ. |
g) Талууд энэ зүйлийг хэрэгжүүлэх талаарх олон улсын хамтын ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор хоёр болон олон талт олон улсын гэрээ, хэлэлцээр, эсхүл тохиролцоо байгуулахыг эрмэлзэнэ. |
5. а) Энэ зүйлийн 1 болон 4 дэх хэсэгт заасныг үндэслэн орлого болон хөрөнгийг хураасан тал тэдгээрийг дотоодынхоо хууль болон захиргааны журмын дагуу захиран зарцуулна. |