Хэвлэх DOC Татаж авах
ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 4

ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Архивын тухай хуулийн 9.2.3, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 10.6-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2006 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 64 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлсүгэй.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 2006 оны 64 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн 5 дахь хэсэгт  “4. Дөрөвдүгээр үе шат (2017-2020 он /дунд хугацаа/)” гэж, мөн хэсэгт “5.4. Дөрөвдүгээр үе шат (2017-2020)-нд Үндэсний төв архив, төрийн архивуудад хадгалагдаж байгаа цаасан суурьтай баримт, кино, гэрэл зураг, дуу авианы баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх, цахим архив үүсгэх ажлыг зохион байгуулна.” гэж тус тус нэмсүгэй.

3. Засгийн газрын 2006 оны 64 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн 5 дахь хэсгийн “дараах 2 үе шаттай” гэснийг “дараах үе шаттай” гэж өөрчлөн найруулсугай.

4. “Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн дөрөвдүгээр үе шатанд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтод даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                            Ж.ЭРДЭНЭБАТ

Хууль зүй, дотоод хэргийн сайд                                       С.БЯМБАЦОГТ