A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр

Дугаар 11

Улаанбаатар хот

ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ, ХЯНАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.1.6 дахь зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 10.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөрийг хавсралт ёсоор баталсугай.

2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэлд тусгаж, шаардагдах хөрөнгийг олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах замаар санхүүжүүлж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Сангийн сайд Б.Чойжилсүрэн болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3. Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, явцыг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт тайлагнаж байхыг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгт даалгасугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Үндэсний стратеги төлөвлөгөөний тухай" Засгийн газрын 2010 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 43 дугаар тогтоол, "Үндэсний хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 2011 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 108 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Эрүүл мэндийн сайд А.ЦОГЦЭЦЭГ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар 314

Улаанбаатар хот

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 45 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 9.3.6, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэх зорилгоор энэ тогтоолын хавсралтад заасан Засгийн газрын тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан салбар, орон нутгийн түвшинд батлан хэрэгжүүлж байгаа бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийж, хуульд нийцүүлэх арга хэмжээг 2021 оны 12 дугаар сард багтаан авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг нэгтгэн 2022 оны 3 дугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржид даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.НЯМДОРЖ