Хэвлэх DOC Татаж авах
МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛС, БҮГД НАЙРАМДАХ АРДЧИЛСАН ГЕРМАН УЛСЫН ХООРОНД ИРГЭНИЙ БОЛОН ГЭР БҮЛ, ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАЛААР ЭРХИЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ ГЭРЭЭ

1969 оны 4-р сарын 30-ны өдөр. Улаанбаатар хотод



Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улс тус хоёр орны ард түмний ах дүүгийн найрамдал, хамтын ажиллагааг цаашид эрхийн харилцааны салбарт бэхжүүлэн хөгжүүлэх эрмэлзлэлийг удирдлага болгон, социализмын байгуулалтыг хангах, орны иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилгын үүднээс иргэний болон гэр бүл, эрүүгийн хэргийн талаар эрхийн туслалцаа үзүүлэх тухай Гэрээ байгуулахаар шийдвэрлэж, энэ зорилгоор өөрийн бүрэн эрхт төлөөлөгчдөөр:
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн даргаас Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Цэвэгжавын ПУНЦАГНОРОВ,
Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсын Төрийн Зөвлөлийн даргаас Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, Шүүх яамны сайд доктор Курт ВЮНШЕ нарыг нарыг тус тус томилсноор тэд зохих хэлбэр журмын дагуу үйлдэгдсэн бүрэн эрхийнхээ үнэмлэхийг харилцан солилцоод дор дурдсан зүйлийн талаар хэлэлцэн тохиролцов:
Нэгдүгээр бүлэг
Эрхийн хамгаалалт
Нэгдүгээр зүйл
Эрхийн хамгаалалтын хэмжээ
1.Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн харъяат Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн нутаг дэвсгэрт байхдаа хувийн болон эд хөрөнгийн эрхээ нөгөө Этгээдийн харъяатын нэг адил хамгаалуулж байна. Тэд энэ зорилгоор шүүх, эсхүл иргэний болон гэр бүл, эрүүгийн хэргийг авч хэлэлцэх эрх бүхий бусад байгууллагад хүсэлтээ чөлөөтэй, саадгүй тавих, өөрсдийн хувийн болон эд хөрөнгийн эрхийг хамгаалуулахаар хэрэг нэхэмжлэх эрхтэй.
2.Энэ зүйлийн 1 дэх ангийн заалт хуулийн этгээдэд нэг адил хамаарна.
Хоёрдугаар зүйл
Шүүхийн зардал хангахаас чөлөөлөгдөх
1.Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн харъяат хэрэв Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн нутаг дэвсгэр дээр байх үед Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн шүүхэд хэрэг нэхэмжлэгчийн буюу гурав дахь этгээдийн үүрэг гүйцэтгэвэл тэд шүүхийн зардал хангахаас чөлөөлөгдөнө.
2.Энэ зүйлийн 1 дэх ангийн заалт хуулийн этгээдэд нэг адил хамаарна.
Шүүх ажиллагааны зардлаас чөлөөлөгдөх
Гуравдугаар зүйл
Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн харъяат Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн шүүхийн байгууллагад тэдний харъяатын адил нөхцөл, хэмжээгээр шүүх ажиллагааны зардлаас чөлөөлөгдөнө.
Дөрөвдүгээр зүйл
1.Гэрээний гуравдугаар зүйлд зааснаар шүүхийн ажиллагааны зардлаас чөлөөлүүлэхэд шаардагдах хувийн болон эд хөрөнгийн байдлын тухай бичиг баримтыг Хэлэлцэн Тохирогч Этгээдийн эрх бүхий байгууллага өөрийн нутаг дэвсгэрт байнга буюу түр оршин суугаа, эрэлт хүсэлтээ тавьсан иргэнд олгоно.
2.Эрэлт хүсэлт тавьсан иргэн хэрэв дурдсан Хэлэлцэн Тохирогч Этгээдийн нутаг дэвсгэрт байнга буюу түр оршин суудаггүй бол тэр иргэнийг харъяалах улсын дипломат төлөөлөгчийн буюу консулын газраас бичиг баримтыг олгоно.
3.Шүүхийн зардлаас чөлөөлүүлэх тухай эрэлт хүсэлтийг шийдвэрлэж байгаа шүүх хүлээн авсан бичиг баримт, мэдээ сэлтийг өөрийн эрх хэмжээний дагуу шалгаж, хэрэгцээтэй бол бичиг баримтыг олгосон Хэлэлэн Тохирогч нөгөө Этгээдийн байгууллагаас нэмэлт мэдээ сэлтийг нэхэмжлэн авна.
Тавдугаар зүйл
1.Эрэлт хүсэлт тавьсан иргэн шүүхийн зардлаас чөлөөлүүлэх тухай хүсэлтийг өөрийгөө харъяалах Хэлэлцэн Тохирогч Этгээдийн эрх бүхий шүүхээр нэг адил дамжуулан тавьж болно. Тэр шүүх Гэрээний дөрөвдүгээр зүйлийн заалт болон эрэлт хүсэлт тавьсан иргэний өгсөн хэргийн материалыг үндэслэн шүүхийн зардлаас чөлөөлүүлэх тухай хүсэлтийг энэхүү Гэрээний 9-р зүйлд заасан ёсоор хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн шүүхэд шилжүүлнэ.
2.Шүүхийн зардлаас чөлөөлүүлэх тухай эрэлт хүсэлтийг шүүхийн зардлаас чөлөөлөхтэй холбогдсон хэргийн нэхэмжлэл, өмгөөлөгчийг томилох болон бусад эрэлт хүсэлтийн хамт явуулна.
Зургадугаар зүйл
Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн эрх бүхий шүүхээс гаргасан шүүхийн зардлаас чөлөөлөх тухай шийдвэр тэр хэргийг цаашид авч хэлэлцэгч Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн шүүхийн шүүн таслах бүх ажиллагаанд нэг адил хамаарна.
Хоёрдугаар бүлэг
Иргэний болон гэр бүлийн хэргийн талаар эрхийн туслалцаа үзүүлэх
Долдугаар зүйл
Эрхийн туслалцаа үзүүлэх
1.Энэхүү Гэрээний заалтын дагуу хоёр талын шүүх иргэний болон гэр бүлийн хэргийн талаар эрхийн туслалцаа харилцан үзүүлж байхаар Хэлэлцэн Тохирогч хоёр Этгээд үүрэг авав.
2.Тус тусын улсад дагаж мөрдөж байгаа хууль тогтоомжийн дагуу иргэний болон гэр бүлийн хэргийг шийдвэрлэх эрх бүхий Хэлэлцэн Тохирогч хоёр Этгээдийн бусад байгууллагыг Гэрээний энэ хэсэгт шүүх гэсэн утгаар хэрэглэнэ.
Наймдугаар зүйл
Эрхийн туслалцааны хэмжээ
Иргэний болон гэр бүлийн хэргийн талаар үзүүлэх эрхийн туслалцаанд гэрч, хэрэгт оролцогч нарыг асууж байцаах, хэргийн газарт үзлэг, шинжилгээ хийх зэрэг байцаан шийтгэх зарим ажиллагааг явуулах, бичиг баримтуудыг солилцох явдал хамаарна.
Есдүгээр зүйл
Харилцах журам
Энэхүү Гэрээгээр өөр журам тогтоогоогүй бол Хэлэлцэн Тохирогч хоёр Этгээдийн шүүх эрхийн туслалцаа үзүүлэхдээ тус тусын төвийн байгууллагаар дамжуулан харилцаж байна.
Аравдүгээр зүйл
Эрхийн туслалцаа үзүүлэхдээ харилцах хэл
Хэлэлцэн Тохирогч хоёр Этгээдийн шүүх эрхийн туслалцаа үзүүлэх асуудлаар харилцахдаа үндэсний буюу орос хэл хэрэглэнэ.
2.Энэхүү Гэрээнд тусгайлан заагаагүй боловч эрхийн туслалцаа үзүүлэх ажиллагааг хөнгөвчлөхийн тулд хүсэлтийг хүлээн авч байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээдийн эхлээр буюу орос хэлний орчуулгыг бололцоогоор хавсаргана.
Арван нэгдүгээр зүйл
Шүүхийн даалгаврыг бүрдүүлэх
1.Гардуулж өгөхөөр явуулж байгаа бичиг баримт, эрхийн туслалцаа үзүүлэх тухай даалгавар цаашид “шүүхийн даалгавар” гэж нэрлэгдэх/-нь гарын үсэг, шүүхийн тамгатай бол өөр баталгаа шаардагдахгүй.
2.Шүүхийн даалгаврыг бүрдүүлэхдээ уг даалгаврыг явуулж байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хууль тогтоомжийг удирдлага болгоно.
Арван хоёрдугаар зүйл
Шүүхийн даалгаврын агуулга
1.Шүүхийн даалгаврын агуулгад даалгаврын утга, даалгавар явуулж байгаа шүүхийн нэр, хэрэгт оролцогчдын овог нэр, түүний эрхэлж байгаа ажил, оршин суугаа газрыг хаяг, мөн даалгавар хүлээн авч байгаа шүүхийн нэрийг бололцоогоор бичнэ.
2.Бичиг баримтыг гардуулах тухай даалгаварт энэ зүйлийн 1 дэх ангийн заалтаас гадна бичиг баримтыг гардуулах журам түүнийг хүлээн авагчийн тодорхой хаягийг заана.
3.Байцаан шийтгэх зарим ажиллагааг явуулах тухай шүүхийн даалгаварт шүүхээр тогтоогдвол зохих хуулийн ач холбогдол бүхий үйл явдлын тодорхойлолтоос гадна шаардлагатай үед хэрэгт оролцогч этгээдийг байцаах асуултыг оруулна.
Шүүхийн даалгаврыг биелүүлэх журам
Арван гуравдугаар зүйл
1.Даалгавар хүлээн авч байгаа шүүх эрхийн туслалцаа үзүүлэх тухай даалгаврыг биелүүлэхдээ өөрийн улсын хууль тогтоомжийг баримтална.
2.Даалгавар хүлээн авч байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хууль тогтоомжинд хэрэв харшлахгүй бол тэр Этгээдийн шүүх хүсэлтээ явуулж байгаа шүүхийн даалгаварт дурдсан хэлбэр, журмын дагуу даалгаврыг биелүүлж болно.
Арван дөрөвдүгээр зүйл
1.Даалгаврыг биелүүлэхэд хүлээн авч байгаа шүүхийн эрх хэмжээ хүрэлцэхгүй бол уг даалгаврыг эрх бүхий өөр шүүхэд шилжүүлнэ.
2.Даалгавар хүлээн авч байгаа шүүх уг даалгаврыг хаана, хэзээ биелүүлэхээ цаг тухайд нь даалгавар явуулсан шүүхэд шууд мэдэгдэж байна.
3.Даалгаварт дурдсан иргэн заагдсан хаягт оршин суудаггүй бол даалгавар хүлээн авч байгаа шүүх хаягийг тогтоох арга хэмжээ өөрийн санаачлагаар авна.
4.Эрхийн туслалцаа үзүүлэх тухай даалгаврыг биелүүлэх бололцоогүй бол тэр тухай болон түүнийг биелүүлэхэд саад болсон шалтгааныг даалгавар хүлээн авч байгаа шүүх даалгавар явуулж байгаа шүүхэд мэдэгдэнэ.
Бичиг баримт гардуулах тухай даалгавар
Арван тавдугаар зүйл
1.Даалгавар хүлээн авч байгаа шүүх энэхүү Гэрээний 13-р зүйлийн заалтын дагуу бичиг баримтыг гардуулах тухай даалгаврыг биелүүлэхдээ өөрийн улсын хууль тогтоомжийг хэрэглэнэ.
2.Бичиг баримт нь хүлээн авч байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хэл дээр хийгдээгүй буюу тэдний хэл дээр хийгдсэн баталгаа бүхий орчуулга хавсаргаагүй боловч хэрэв хүлээн авагч иргэн зөвшөөрвөл уг бичиг баримтыг хүлээн авч байгаа шүүх түүнд гардуулан өгч болно.
3.Бичиг баримтыг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн хүний гарын үсэг зурж он, сар, өдөр бичээд шүүхийн тамга дарснаар, эсхүл уг бичиг баримтыг хэзээ, ямар хэлбэрээр гардуулсан тухай шүүхийн албан ёсны магадлагаа гаргаснаар бичиг баримт гардуулсныг батална.
Арван зургадугаар зүйл
1.Хэлэлцэн Тохирогч нэг Этгээд Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн нутаг дэвсгэрт байгаа өөрийн харъяа нарт дипломат төлөөлөгчийн буюу консулын газраараа дамжуулан бичиг баримтыг гардуулах эрхтэй.
2.Энэ зүйлийн 1 дэх ангид зааснаар бичиг баримтыг гардуулахдаа албадлагын ямар нэг хэлбэрийг хэрэглэж болохгүй.
Арван долдугаар зүйл
Эрхийн туслалцаа үзүүлэхтэй холбогдсон зардал
1.Даалгавар хүлээн авч байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээд эрхийн туслалцаа үзүүлэхтэй холбогдсон зардлыг төлүүлэх талаар шаардлага тавихгүй. Хэлэлцэн Тохирогч хоёр Этгээд тус тусын нутаг дэвсгэр дээр эрхийн туслалцаа үзүүлэхтэй холбогдсон бүх зардал, мөн түүнчлэн хэргийн нотлох баримт гаргахтай холбогдсон зардлыг өөрсдөө хариуцна.
2.Даалгавар хүлээн авч байгаа байгууллага бүх гарсан зардлын хэмжээг даалгавар өгч байгаа байгууллагад мэдэгдэнэ. Даалгавар өгч байгаа байгууллага хэрэв уг зардлыг төлөх үүрэг бүхий иргэнээс гаргуулж авбал түүнээ Хэлэлцэн Тохирогч Этгээд өөртөө үлдээнэ.
Арван наймдугаар зүйл
Эрхийн туслалцаа үзүүлэхээс татгалзах
Хэрэв хүсэлт хүлээн авч байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээдийн бүрэн эрхт аюулгүй байдалд хохирол учруулахаар байвал эрхийн туслалцаа үзүүлэхээс татгалзаж болно.
Гуравдугаар бүлэг
Эрхийн асуудлаар мэдээлэх
Арван есдүгээр зүйл
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн Хуулийн хороо, эсхүл Улсын прокурор, Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсын Шүүх яам, эсхүл Ерөнхий прокурор тус тусын хүсэлтийн дагуу дагаж журамлан байгаа хууль тогтоомж түүнийг хэрхэн хэрэглэх тухай асуудлаар харилцан мэдээлж байна.
Дөрөвдүгээр бүлэг
Бичиг баримт
Хорьдугаар зүйл
Бичиг баримтыг хэрэглэх
1.Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн шүүх болон бусад эрх бүхий байгууллагын зохиосон буюу баталсан гарын үсэг, сүлд бүхий тамгатай бичиг баримтыг Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн шүүх болон бусад байгууллагуудад авч хэрэглэхэд өөр баталгаа шаардагдахгүй.
2.Энэ зүйлийн 1 дэх ангийн заалт шүүх болон бусад эрх бүхий байгууллагын баталгаа бүхий бичиг баримтын хуулбарт нэг адил хамаарна.
Хорин нэгдүгээр зүйл
Албан бичиг баримтын нотлох чадвар
Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн албан бичиг баримт Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн нутаг дэвсгэрт тэдний албан бичиг баримтын адил нотлох чадвартай байна.
Иргэний гэр бүлийн байдлын тухай бичиг баримтыг солилцох
Хорин хоёрдугаар зүйл
1.Хэлэлцэн Тохирогч нэг Этгээд Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн иргэний гэр бүлийн байдлын бүртгэлээс төрөх, гэрлэх, нас барахтай холбогдсон зүйлийг Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдэд илгээнэ.
2.Энэ зүйлийн 1 дэх ангид заасан зүйлийг Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн дипломат төлөөлөгчийн буюу консулын газарт үнэ төлбөргүйгээр жил бүр илгээж байна.
3.Хэлэлцэн Тохирогч хоёр Этгээд аль нэгнийхээ хүсэлтээр албан хэрэгцээнд зориулж иргэний гэр бүлийн байдлын тухай гэрчилгээг бие биедээ илгээж байна.
4.Энэ зүйлийн 3 дахь ангид заасан даалгаврыг илгээх буюу биелүүлэхдээ Хэлэлцэн Тохирогч хоёр Этгээд Гэрээний 9-р зүйлд заасан журмаар харилцана.
Хорин гуравдугаар зүйл
1.Хэлэлцэн Тохирогч хоёр Этгээд Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн иргэний гэр бүлийн байдлын талаар хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээддээ харилцан илгээнэ.
2.Энэ зүйлийн 1 дэх ангид заасан шийдвэрийг дипломат төлөөлөгчийн буюу консулын газарт нэг адил үнэ төлбөргүй илгээнэ.
Хорин дөрөвдүгээр зүйл
Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн иргэний гэр бүлийн байдлын бүртгэлээс зарим зүйлийг ирүүлэхийг хүссэн Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн иргэдийн хүсэлтийг иргэний гэр бүлийн байдал бүртгэх эрх бүхий байгууллагад шууд ирүүлж болно.
Тавдугаар бүлэг
Харилцан харшлах хэм хэмжээ
1.Хувийн эрхийн тухай
Хорин тавдугаар зүйл
Иргэний эрх олох, үүрэг бий болгох чадвар
Аль нэг иргэний эрх олох, үүрэг бий болгох чадварыг түүний харъяалагдах Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хууль тогтоомжоор тодорхойлно.
Хорин зургадугаар зүйл
Хуулийн этгээдийн эрх олох, үүрэг бий болгох чадвар
Хуулийн этгээдийн эрх олох, үүрэг бий болгох чадвар уг хуулийн этгээдийг байгуулсан Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хууль тогтоомжоор тодорхойлогдоно.
Хорин долдугаар зүйл
Сураггүй болсныг хүлээн зөвшөөрөх, нас барсныг мэдэгдэх, нас барсан тухай тогтоох
1.Сураггүй алга болсныг хүлээн зөвшөөрөх, нас барсныг мэдэгдэх, нас барсан цаг үеийг /нас барсан гэж/ тогтоох явдлыг уг иргэнийг сураггүй алга болох буюу нас барахын өмнө харъяалж байсан Хэлэлцэн Тохирогч Этгээдийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр гүйцэтгэнэ.
2.Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн байгууллага хэрэв эрэлт хүсэлтээ гаргаж байгаа иргэний эрх, ашиг сонирхол нь оршин суугаа Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хууль тогтоомжинд үндэслэгдсэн бол түүний эрэлт хүсэлтээр Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн иргэний сураггүй алга болсныг хүлээн зөвшөөрөх буюу нас барсныг мэдэгдэх, эсхүл нас барсан цаг үеийг /нас барсан гэж/ тогтооно.
3.Энэ зүйлийн 1, 2 дахь ангид дурдсан тохиолдолд Хэлэлцэн Тохирогч хоёр Этгээдийн байгууллага өөрийн улсын хууль тогтоомжийг баримтлана.
2.Гэр бүлийн хэрэг
Хорин наймдугаар зүйл
Гэрлэх
1.Гэрлэх нөхцлийг гэрлэхийг хүсэгчдийн харъяалагдах Хэлэлцэн Тохирогч Этгээдийн тус тусын хуулиар тогтооно.
2.Гэрлэх хэлбэрийг нутаг дэвсгэрт нь гэрлэж байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хууль тогтоомжоор зохицуулна.
3.Дипломат төлөөлөгчийн буюу консулын газрын хэрэглэх эрх бүхий гэрлэх хэлбэр нь тэрхүү дипломат төлөөлөгчийн буюу консулын газрыг томилсон орон тус бүрийн хууль тогтоомжоор тодорхойлогдоно.
Гэрлэгсдийн хоорондын хувийн болон эд хөрөнгийн эрхийн харилцаа
Хорин есдүгээр зүйл
1.Хэрэв гэрлэгсэд Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн харъяат бол тэдгээрийн хувийн болон эд хөрөнгийн эрхийн харилцаа нь тэдний харъяалагдах Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хуулиар тодорхойлогдоно.
2.Хэрэв гэрлэгсдийн нэг нь Хэлэлцэн тохирогч нэг Этгээдийн харъяат нөгөө нь Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн харъяат бол тэдний хувийн болон эд хөрөнгийн эрхийн харилцаа уг иргэдийн сүүлийн үед хамт оршин сууж байсан буюу сууж байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хууль тогтоомжоор тодорхойлогдоно.
Гучдугаар зүйл
1.Гэрлэгсдийн хувийн болон эд хөрөнгийн харилцааны хэргийг тэдний харьялагдах Хэлэлцэн Тохирогч Этгээдийн шүүх шийдвэрлэх эрхтэй. Хэрэв хэргийг авч хэлэлцэх үед гэрлэгсэд Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн нутаг дэвсгэрт оршин сууж байвал Хэлэлцэн Тохирогч энэхүү Этгээдийн шүүх уг хэргийг шийдвэрлэх эрхтэй.
2.Хэрэв гэрлэгсдийн нэг нь Хэлэлцэн тохирогч нэг этгээдийн харьяат нөгөө нь хэлэлцэн тохирогч нөгөө этгээдийн харьяат бол тэдний хувийн болон эд хөрөнгийн эрхийн харилцааны холбогдолтой хэргийг уг иргэдийн сүүлийн үед хамторшин сууж байсан буюу сууж байгаа Хэлэлцэн тохирогч этгээдийн шүүх шийдвэрлэх эрхтэй.
Гэрлэлтийг цуцлах
Гучин нэгдүгээр зүйл
1.Гэрлэлтийг цуцлах тухай хэргийг шийдвэрлэхдээ хүсэлтээ гаргах үед гэрлэгсдийг харъяалж байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хуулийг баримтална.
2.Хэрэв гэрлэгсдийн нэг нь Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн харъяат нөгөө нь Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн харъяат бол тэдний хэргийг авч хэлэлцэж байгаа шүүх өөрийн улсын хуулийг баримтална.
Гучин хоёрдугаар зүйл
1.Гэрээний 31-р зүйлийн 1 дэх ангид заасан тохиолдолд гэрлэлтийг цуцлах тухай хэргийг хүсэлтээ гаргах үед тэднийг харъяалж байсан Хэлэлцэн Тохирогч Этгээдийн шүүх шийдвэрлэх эрхтэй. Хэрэв гэрлэлтээ цуцлуулах тухай хүсэлт гаргах үедээ Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн нутаг дэвсгэрт оршин сууж байгаа бол тэрхүү Хэлэлцэн Тохирогч Этгээдийн шүүх уг хэргийг шийдэх эрхтэй.
2.Гэрээний 31-р зүйлийн 2 дахь ангид заасан тохиолдолд гэрлэгсэд нутаг дэвсгэрт нь оршин суугаа Хэлэлцэн Тохирогч Этгээдийн шүүх гэрлэлтийг цуцлах шийдвэр гаргах эрхтэй. Хэрэв гэрлэгсдийн нэг нь Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн нутаг дэвсгэрт нөгөө нь Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн нутаг дэвсгэрт оршин суугаа бол Хэлэлцэн Тохирогч хоёр Этгээдийн шүүх тэдний гэрлэлт цуцлах асуудлыг шийдвэрлэх эрхтэй.
Гучин гуравдугаар зүйл
Гэрлэлтийг хүчингүйд тооцох
Гэрлэлтийг хүчингүйд /хууль ёсны биш/ тооцох тухай хэргийг шүүхээр авч хэлэлцэхэд Гэрээний 31, 32-р зүйлийг баримтална.
Эцэг эх, хүүхдийн хоорондын эрхийн харилцаа
Гучин дөрөвдүгээр зүйл
1.Хүүхдийн эцэг мөн эсэх, тэр гэрлэлтээс хүүхэд төрснийг тогтоохдоо хүүхэд төрөх үед харъяат нь байсан Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хуулийг баримтлан шийдвэрлэнэ.
2.Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн нутаг дэвсгэрт тэдний хууль тогтоомжоор эцэг мөн болохыг хүлээн зөвшөөрсөн бол хэлбэрийн хувьд зүйтэй гэж үзнэ.
Гучин тавдугаар зүйл
Эцэг эх, хүүхэд түүнчлэн гэрлээгүй үед төрсөн хүүхэд, түүний эцэг, эхийн хорондох эрхийн харилцааг уг хүүхдийг харъяалах Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хуулиар тогтооно.
Гучин зургадугаар зүйл
Гэрээний 34, 35-р зүйлд дурдсан эрхийн харилцааг хүүхдийг харъяалах Хэлэлцэн Тохирогч Этгээдийн шүүх, эсхүл нутаг дэвсгэрт нь хүүхдийн байнга буюу түр оршин суугаа Хэлэлцэн Тохирогч Этгээдийн шүүхийн аль, аль нь шийдвэрлэх эрхтэй.
Үрчлэлт
Гучин долдугаар зүйл
1.Хүүхэд үрчлэн авах, түүнийг хүчингүй болгохдоо үрчлэн авагчийн харъяалагдах Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хуулиар зохицуулна.
2.Хүүхэд нь Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн харъяат бол түүнийг үрчлэн авах буюу хүчингүй болгохдоо уг хүүхдийг харъяалах Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хуулийн дагуу хууль ёсны төлөөлөгч болон эрх бүхий байгууллага, хэрэв шаардагдвал хүүхдийн өөрий нь зөвшөөрлийг гаргуулвал зохино.
3.Хүүхэд үрчлэн авагчдын нэг нь Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн харъяат нөгөө нь Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн харъяат бол хүүхэд үрчлэн авах буюу түүнийг хүчингүй болгох явдлыг Хэлэлцэн Тохирогч хоёр Этгээдийн нутаг дэвсгэрт дагаж журамлан байгаа хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэнэ.
Гучин наймдугаар зүйл
Үрчлэн авах буюу түүнийг хүчингүй болгох явдлыг хүүхэд үрчлэх, түүнийг хүчингүй болгох үед үрчлэн авагчийг харъяалж байсан Хэлэлцэн Тохирогч Этгээдийн байгууллага шийдвэрлэх эрхтэй байна. 37 дугаар зүйлийн 3 дахь ангид заасан тохиолдолд гэрлэгсдийн сүүлчийн удаа хамт оршин сууж байсан буюу байгаа газрын эрх бүхий байгууллага шийдвэрлэх эрхтэй.
3.Асран хамгаалах, харгалзан дэмжих
Гучин есдүгээр зүйл
1.Асран хамгаалах, харгалзан дэмжих асуудлыг тогтоох буюу хүчингүй болгохдоо асран хамгаалуулагч ба харгалзан дэмжүүлэгчийг /цаашид асруулагч гэж нэрлэгдэх/ харъяалах Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хуулийг баримтална.
2.Асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон асуурлагчдын хоорондын эрхийн харилцааг асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг томилсон байгууллагыг харъяалах Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хуулиар тогтооно.
3.Асран хамгаалах, харгалзан дэмжих үүргийн талаар асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хуулийг баримтална.
Дөчдүгээр зүйл
1.Энэхүү Гэрээнд өөр журам заагаагүй бол асран хамгаалах, харгалзан дэмжих асуудлыг тогтоох болон хүчингүй болгохдоо асруулагчийг харъяалах Хэлэлцэн Тохирогч Этгээдийн байгууллага шийдвэрлэнэ.
2.Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн байгууллагаас өөрийн иргэдэд асран хамгаалах, харгалзан дэмжих асуудлыг тогтоох болон хүчингүй болгох тухай гаргасан шийдвэрийг Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн нутаг дэвсгэрт хүлээн зөвшөөрч хүчин төгөлдөрт тооцно.
Дөчин нэгдүгээр зүйл
1.Хэрэв Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн нутаг дэвсгэрт Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн харъяатын оршин суугаа, эд хөрөнгө нь тэнд байгаа үед тэрхүү Хэлэлцэн Тохирогч Этгээдийн иргэний ашиг сонирхлыг хамгаалах арга хэмжээ авах шаардлагатай бол нутаг дэвсгэрт нь тэр иргэн байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээдийн эрх бүхий байгууллага Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн дипломат төлөөлөгчийн буюу консулын газарт нэн даруй мэдэгдэх ёстой.
2.Хойшлуулшгүй шийдвэрлэх тохиолдолд эрх бүхий байгууллага өөрийн улсын дагаж мөрдөж байгаа хууль тогтоомжийн дагуу түр арга хэмжээг авч тэр тухайгаа энэ зүйлийн 1 дэх ангид зааснаар дипломат төлөөлөгчийн буюу консулын газарт яаралтай мэдэгдэж байна. Түр арга хэмжээ нь Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн эрх бүхий байгууллага өөр шийдвэр гаргаж тэр тухайгаа түр арга хэмжээ авсан байгууллагад мэдэгдэх хүртэл хүчин төгөлдөр байна.
Дөчин хоёрдугаар зүйл
1.Хэрэв асруулагч нь Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн нутаг дэвсгэрт байнга буюу түр оршин суугаа үед энэхүү Гэрээний 40 дүгээр зүйлийн 1 дэх ангид заасан Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн эрх бүхий байгууллага нутаг дэвсгэрт нь асруулан хамгаалуулагч, харгалзан дэмжүүлэгчийн байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээдийн байгууллагад асран хамгаалуулах, харгалзан дэмжүүлэх тухай хэргийг шилжүүлж болно. Асран хамгаалах, харгалзан дэмжих тухай шилжүүлсэн хэргийг хүлээн авагч байгууллага асран хамгаалуулах, харгалзан дэмжүүлэх тухай хэргийг хүлээн авснаа хүсэлт ирүүлсэн байгууллагад мэдэгдсэнээс хойш хүчин төгөлдөр болно.
2.Энэ зүйлийн 1 дэх ангид зааснаар асран хамгаалуулах, харгалзан дэмжүүлэх тухай хэргийг хүлээн авсан Хэлэлцэн Тохирогч Этгээдийн байгууллага уг хэргийг өөрийн улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ. Энэ байгууллага асруулагчийн хувийн эрхтэй холбогдсон асуудлаар шийдвэр гаргаж болохгүй.
4.Өв залгамжлах тухай
Дөчин гуравдугаар зүйл
Тэгш эрхийн зарчим
1.Хэлэлцэн Тохирогч нэг Этгэдийн харъяат Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн нутаг дэвсгэрт байгаа эд хөрөнгө, эрхийг хууль ёсоор болон гэрээслэлээр өвлөн авахдаа тэрхүү Хэлэлцэн Тохирогч Этгээдийн харъяатын адил нөхцөл, хэмжээгээр эдэлнэ.
2.Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн харъяат Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн нутаг дэвсгэрт байгаа өөрийн эд хөрөнгийг гэрээслэлийн дагуу захиран зарцуулж болно.
Дөчин дөрөвдүгээр зүйл
Өв залгамжлалын талаар хэрэглэх хууль тогтоомж
1.Хөдлөх эд хөрөнгийг өвлөх эрх нь өв залгамжлуулагч нас барах үедээ харъяат нь байсан Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хууль тогтоомжоор зохицуулагдана.
2.Үл хөдлөх эд хөрөнгийг өвлөх эрх, үл хөдлөх эд хөрөнгө нутаг дэвсгэрт нь байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хууль тогтоомжоор зохицуулагдана.
Гэрээслэл
Дөчин тавдугаар зүйл
1.Гэрээслэл үйлдэх, хүчингүй болгох, түүнчлэн зориг санаагаа буруу илэрхийлсний улмаас гэрээслэлийн талаар гарсан маргаантай асуудлыг өв залгамжлуулагч зориг санаагаа илэрхийлэх үедээ харъяат нь байсан Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хуулиар зохицуулагдана.
2.Гэрээслэлийг үйлдэх, хүчингүй болгох хэлбэрийг өв залгамжлуулагч, гэрээслэлийг үйлдэх, хүчингүй болгох үедээ харъяат нь байсан Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хуулиар зохицуулна. Гэрээслэлийг үйлдэх, хүчингүй болгох хэлбэрийг тогтоохдоо нутаг дэвсгэрт нь гэрээслэл үйлдсэн буюу хүчингүй болгосон Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хуулийг дагаж мөрдсөн бол түүнийг хүчин төгөлдөр гэж үзнэ.
Өв залгамжлах хэргийг авч хэлэлцэх эрх хэмжээ
Дөчин зургадугаар зүйл
1.Хэрэв энэхүү Гэрээгээр өөр журам тогтоогдоогүй бол хөдлөх эд хөрөнгийг өвлөх хэргийг өв залгамжлуулагчийн нас барах үедээ харъяат нь байсан Хэлэлцэн Тохирогч Этгээдийн байгууллага авч хэлэлцэх эрхтэй.
2.Үл хөдлөх эд хөрөнгийг өвлөх хэргийг уг эд хөрөнгө нутаг дэвсгэрт нь байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээдийн байгууллага авч хэлэлцэх эрхтэй.
3.Өвлөх эрхтэй холбогдсон маргааныг шийдвэрлэхдээ энэ зүйлийн 1, 2 дахь ангийн заалтыг хэрэглэнэ.
4.Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн харъяат иргэний нас барсны дараа үлдсэн бүх хөдлөх эд хөрөнгө хэрэв Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн нутаг дэвсгэрт байгаа бол бүх өв залгамжлагчдын зөвшөөрөл, өв залгамжлагч буюу хувь авагчийн хүсэлтээр Хэлэлцэн Тохирогч Этгээдийн байгууллага уг өв залгамжлах хэргийг авч хэлэлцэнэ.
Дөчин долдугаар зүйл
Ямар эд хөрөнгийг хөдлөх, үл хөдлөх гэж үзэхийг эд хөрөнгө нутаг дэвсгэрт нь байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хуулиар тогтооно.
Дөчин наймдугаар зүйл
Нас барсныг мэдэгдэх
1.Хэрэв Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн нутаг дэвсгэрт Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн харъяат нас барвал, нас барсан тухай болон өв залгамжлагч, тэдний байнга буюу түр оршин суугаа газрын хаяг өвлөх хөрөнгийн хэмжээ, гэрээслэл үйлдсэн эсэх талаар мэдэж байгаа зүйлээ тэр Этгээдийн эрх бүхий байгууллагаас нас барагчийн харъяалагдах Хэлэлцэн Тохирогч Этгээдийн дипломат төлөөлөгчийн буюу консулын газарт шууд яаралтай мэдэгдэнэ. Хэрэв энэ байгууллага нас барагчийн үлдээсэн өөр улсад байгаа эд хөрөнгийн талаар мэдэж байгаа бол энэ тухайгаа бас мэдэгдэнэ.
2.Хэрэв өв залгамжлалын хэргийг хэлэлцэж байгаа байгууллага, өв залгамжлагч Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн харъяат мөн болохыг тогтоовол тэрхүү Хэлэлцэн Тохирогч Этгээздийн дипломат төлөөлөгчийн буюу консулын газарт энэ тухайгаа мэдэгдэх үүрэгтэй.
3.Хэрэв дипломат төлөөлөгчийн буюу консулын газар нас барсныг эхэлж мэдвэл өвлүүлэх хөрөнгийг хамгаалах зорилгоор өв залгамжлалын хэргийг авч хэлэлцэх эрх бүхий байгууллагад мэдэгдэнэ.
Дөчин есдүгээр зүйл
Өв хөрөнгийг хамгаалах арга хэмжээ
Хэрэв Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн нутаг дэвсгэрт Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн харъяат иргэний үлдээсэн өвлөх хөрөнгө байвал өв залгамжлалын хэргийг авч хэлэлцэх эрх бүхий байгууллага албан үүргийнхээ хувьд буюу гарсан хүсэлтийн дагуу өөрийн хууль тогтоомжийг баримтлан тэр эд хөрөнгийг хамгаалах, зохицуулах талаар шаардагдах арга хэмжээ авна.
Тавьдугаар зүйл
Хэрэв Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн харъяат Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн нутаг дэвсгэрт түр байх үедээ нас барвал түүний биедээ авч явсан эд юмы ямар нэгэн үйл ажиллагаа хийлгүй бүртгэж нас барагчийг харъяалах Хэлэлцэн Тохирогч Этгээдийн дипломат төлөөлөгчийн буюу консулын газарт шилжүүлнэ.
Тавин нэгдүгээр зүйл
Гэрээслэлийг нээх
Нутаг дэвсгэрт нь гэрээслэл байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээдийн өв залгамжлах хэргийг эрхлэх байгууллага гэрээслэлийг нээн зарлах эрхтэй. Хэрэв гэрээслэл үлдээгч Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн нутаг дэвсгэрт оршин сууж байсан бол өв залгамжлах хэргийг эрхлэх байгууллагад гэрээслэлийн хувь, гэрээслэлийн агуулга, байдлын тухай протколыг явуулах буюу шаардлагатай үед мөн гэрээслэлийг нээн зарласан тухай мэдэгдэнэ. Нөгөө Этгээдээс шаардвал гэрээслэлийн жинхэнэ эхийг илгээж болно.
Тавин хоёрдугаар зүйл
Эзэнгүй эд хөрөнгө
Хэрэв өв залгамжлах эрхийг тодорхойлох Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хууль тогтоомжоор өвлүүлэх эд хөрөнгө өв залгамжлагчгүй үлдсэн бол хөдлөх хөрөнгийг өв залгамжлуулагч нас барах үедээ харъяат нь байсан Хэлэлцэн Тохирогч Этгээдэд, үл хөдлөх хөрөнгийг түүний нутаг дэвсгэрт нь байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээдийн өмчинд тус тус шилжүүлнэ.
Тавин гуравдугаар зүйл
Өв залгамжлалын талаар дипломат төлөөлөгчийн буюу консулын газрын төлөөлөх эрх
Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн дипломат төлөөлөгчийн буюу консулын газар тусгай итгэмжлэлгүйгээр Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн шүүх болон бусад байгууллагад өөрийн харъяатын өв залгамжлал түүнтэй холбогдсон маргааныг шийдвэрлэхэд хэрэв иргэд өөрсдөө эзгүй байх буюу өөр итгэмжлэх хүн томилоогүй үед тэднийг төлөөлнө.
Өв хөрөнгийг шилжүүлэх
Тавин дөрөвдүгээр зүйл
1.Энэхүү Гэрээний 55-р зүйлийн 2 дахь ангийн “б”-д заасан урьдчилсан нөхцлийг биелүүлсэн үед хэрэв өвлүүлэх хөдлөх хөрөнгө Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн нутаг дэвсгэрт байвал уг хэргийг авч хэлэлцэхийн тулд өвлүүлэх ажиллагааг авч хэлэлцэх эрх бүхий байгууллагад эсхүл дипломат төлөөлөгчийн буюу консулын газарт шилжүүлнэ.
2.Энэ зүйлийн 1 дэх ангид зааснаар Хэлэлцэн Тохирогч хоёр Этгээд өвлүүлэх хөдлөх хөрөнгийг шилжүүлэн өмнө өвлүүлэх хөдлөх хөрөнгийг шилжүүлэхийн өмнө өвлүүлэх эрх олж авахтай холбогдуулан тэр эд хөрөнгөөс татвар, хураамж гаргуулах тухай шаардлага тавих эрхийг өөртөө үлдээнэ.
Тавин тавдугаар зүйл
1.Хэрэв өв залгамжлалын хэргийг шийдвэрлэсний дараа өвлүүлэх хөдлөх, үл хөдлөх хөрөнгө болон түүнийг худалдсаны үнийг Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн нутаг дэвсгэрт байнга буюу түр оршин суугаа өв залгамжлагчид шилжүүлэх бөгөөд хэрэв тэр өв хөрөнгө буюу худалдсаны үнийг шууд шилжүүлэх нөхцөлгүй, эсхүл итгэмжлэгдсэн этгээд байхгүй бол уг зүйлийг тэрхүү Хэлэлцэн Тохирогч Этгээдийн дипломат төлөөлөгчийн буюу консулын газарт шилжүүлвэл зохино.
2.Энэ зүйлийн 1 дэх ангийн заалтыг биелүүлэхэд доорх нөхцлийг бүрдүүлсэн байвал зохино:
а/өвлөх хөрөнгөнд оногдуулсан бүх татвар, хураамжийг төлсөн буюу төлөх нөхцлийг хангасан байх;
б/өвлүүлэх өд хөрөнгийг авч гарах буюу түүнийг худалдсан мөнгийг шилжүүлэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага олгосон байх.
Зургадугаар бүлэг
Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч гүйцэтгэх
Тавин зургадугаар зүйл
Хүлээн зөвшөөрч гүйцэтгэх шийдвэр
1.Хэлэлцэн Тохирогч хоёр Этгээд энэхүү Гэрээнд зааснаар Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн нутаг дэвсгэрт гаргасан дор дурдсан шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч гүйцэтгэнэ:
а/иргэний болон гэр бүлийн хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэр мөн энэ хэргийн талаар эд хөрөнгийн холбогдолтой эвлэрүүлэх хэлцэлүүд;
б/хохирол төлүүлэхтэй холбогдуулан эрүүгийн хэргийн талаар гаргасан таслан шийдвэрлэх тогтоол;
в/хэрэв нэг тал нь аж ахуйн газар бол аж ахуй, худалдааны маргааны талаар гаргасан хөндлөнгийн шүүхийн шийдвэр, мөн эвлэрүүлэх хэлцэл.
2.Хэлэлцэн Тохирогч Этгээдийн өв залгамжлах хэргийг эрхлэх байгууллагаас өөрийн улсын дагаж мөрдөж байгаа хууль тогтоомжийн дагуу өв залгамжлах хэргийн талаар гаргасан шийдвэр энэ зүйлийн 1 дэх ангид заасан шүүхийн шийдвэр гэдэгт хамаарагдана.
3.Энэ зүйлийн 1 дэх ангийн “в”-д заасан маргааныг аж ахуйн буюу худалдааны гэж тодорхойлохдоо хөндлөнгийн шүүхийн шийдвэрийг нутаг дэвсгэрт нь гүйцэтгэвэл зохих Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хуулийг баримтлана.
Тавин долдугаар зүйл
Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч гүйцэтгэх урьдчилсан нөхцөл
Энэхүү Гэрээний 56-р зүйлд дурдсан шүүхийн шийдвэрийг дараах нөхцөл бүрдсэн үед хүлээн зөвшөөрч гүйцэтгэнэ:
а/нутаг дэвсгэр дээрээ Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хуулийн дагуу гаргасан шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж гүйцэтгэх шаардлагатай бол;
б/нутаг дэвсгэр дээрээ Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хуулийн дагуу гаргасан шүүхийн шийдвэр Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн хуулиар тэдний нутаг дэвсгэрт хүлээн зөвшөөрөгдөж гүйцэтгэгдэх буюу энэ Гэрээний үндсэн дээр тийм эрх олгогдсон бол;
в/хэрэв буруутай болсон этгээд нутаг дэвсгэрт нь өөрийн хуулийг үндэслэн шийдвэр гаргасан Хэлэлцэн Тохирогч Этгээд хэргийг авч хэлэлцэх тухай зохих хэлбэрээр цаг тухайд нь мэдэгдсэн боловч шүүх ажиллагаанд оролцоогүй буюу эрхийн чадваргүй үед зохих хэлбэрээр төлөөлүүлж болох байсан явдлаа ашиглаагүй бол;
г/хэрэв нутаг дэвсгэрт нь хүлээн зөвшөөрөх буюу гүйцэтгэх үед Хэлэлцэн Тохирогч Этгээдийн шүүхээс хоёр этгээдийн хоорондох нэг хэргийг урьд авч хэлэлцэн гаргасан хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэр байхгүй бол.
Тавин наймдугаар зүйл
Эд хөрөнгийн биш шийдвэрийг хүлээн зөвшөөрөх
Хэрэв энэхүү Гэрээний 57-р зүйлд заасан нөхцөл бүрдсэн бол Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн шүүхийн эд хөрөнгийн биш шийдвэрийг Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн нутаг дэвсгэрт дахин авч хэлэлцэхгүйгээр хүлээн зөвшөөрнө.
Тавин есдүгээр зүйл
Иргэдээс харилцан тэтгэвэр төлөх эрхийг бичиг баримтыг хүлээн зөвшөөрч гүйцэтгэх
Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн нутаг дэвсгэрт асран хамгаалах, харгалзан дэмжих хэргийг авч хэлэлцэх эрх бүхий байгууллагаас үйлдэж, иргэдээс харилцан тэтгэвэр төлөхтэй холбогдсон шаардлага агуулсан бичиг баримт нь хэрэв энэхүү Гэрээний 57-р зүйлд заасан нөхцлийг бүрдүүлсэн энэ зүйлийн заалтыг тэтгэврийн хэрэгт хэрэглэж болох бичиг баримт байвал Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн нутаг дэвсгэрт түүнийг хүлээн зөвшөөрч гүйцэтгэвэл зохино:
а/хэрэв тодорхой эрхийн харилцаанаас үүсэн гарсан хэлэлцэгдэж байгаа буюу хэлэлцэгдэх асуудлыг хөндлөнгийн шүүхээр шийдвэрлүүлэхээр бичигдсэн гэрээг үндэслэн шийдвэр гарсан бөгөөд хөндлөнгийн шүүх нь харилцан тохиролцсон өөрийн эрх хэмжээнийхээ дагуу шийдвэр гаргасан бол;
б/хэрэв хөндлөнгийн шүүхэд маргааныг шийдвэрлүүлэхээр шилжүүлэх тухай хэлэлцээр нутаг дэвсгэрт нь шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч гүйцэтгэвэл зохих Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хуулийн дагуу хүчин төгөлдөр байвал.
Жардугаар зүйл
Хөндлөнгийн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч гүйцэтгэх нөхцөл
Хэрэв энэхүү Гэрээний 57-р зүйлд заасан нөхцлөөс гадна дор дурдсан нөхцлийг бүрдүүлсэн бол хөндлөнгийн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч гүйцэтгэвэл зохино:
а/хэрэв тодорхой эрхийн харилцаанаас үүсэн гарсан хэлэлцэгдэж байгаа буюу хэлэлцэгдэх асуудлыг хөндлөнгийн шүүхээр шийдвэрлүүлэхээр бичигдсэн гэрээг үндэслэн шийдвэр гарсан бөгөөд хөндлөнгийн шүүх нь харилцан тохиролцсон өөрийн эрх хэмжээнийхээ дагуу шийдвэр гаргасан бол;
б/хэрэв хөндлөнгийн шүүхэд маргааныг шийдвэрлүүлэхээр шилжүүлэх тухай хэлэлцээр нутаг дэвсгэрт нь шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч гүйцэтгэвэл зохих Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хуулийн дагуу хүчин төгөлдөр байвал.
Жаран нэгдүгээр зүйл
Шийдвэр гүйцэтгэх тухай хүсэлт
Шийдвэр гүйцэтгэх тухай хүсэлтийг нутаг дэвсгэрт нь шийдвэр гүйцэтгэх ёстой Хэлэлцэн Тохирогч Этгээдийн эрх бүхий шүүхэд эсхүл уг шийдвэрийг гаргасан шүүхэд тус тус өгөх бөгөөд тэгэхдээ хүсэлтийг Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн эрх бүхий шүүхэд энэхүү Гэрээний 9-р зүйлд заасан журмаар хүргүүлнэ.
2.Хүсэлтэнд зайлшгүй хавсаргах зүйлүүд:
а/шүүхийн албан ёсны шийдвэр буюу энэ шийдвэрийн батлагдсан хувь, хэрэв шүүхийн шийдвэрт заагдаагүй бол тэр шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж гүйцэтгэгдэх тухай албан бичиг баримт;
б/өөрийн нь эсрэг шийдвэр гаргасан шүүхийн ажиллагаанд оролцоогүй этгээдэд уг хэргийг шүүхээр хэлэлцэхийг зохих хэлбэрээр цаг тухайд нь мэдэгдсэн буюу шүүх ажиллагаанд оролцох эрхийн чадваргүй бол түүнийг шүүхэд төлөөлсөн тухай тодорхойлолт;
в/энэ ангийн “а”, “б”-д заасан бичиг баримтын баталгаатай орчуулга.
3.Хэрэв хүсэлт нь хөндлөнгийн шүүхийн шийдвэртэй холбогдолтой бол уг хэргийг хөндлөнгийн шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлэх тухай гэрээний батлагдсан орчуулгыг мөн хавсаргавал зохино.
Жаран хоёрдугаар зүйл
Шийдвэрийг биелүүлэх журам
1.Нутаг дэвсгэрт нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх Хэлэлцэн Тохирогч Этгээдийн шүүх уг шийдвэрийг гүйцэтгэхдээ өөрийн улсын хуулийг хэрэглэнэ.
2.Албадан биелүүлэх шийдвэрийг гүйцэтгэх хүсэлтийг шийдвэрлэх шүүх энэхүү Гэрээний 57-60-р зүйлд заасан нөхцөл бүрдсэн эсэхийг зөвхөн тогтоох төдийгөөр хязгаарлана.
3.Хэрэв албадан гүйцэтгүүлэх тухай шийдвэрийг гаргасан шүүхийг харъяалах Хэлэлцэн Тохирогч Этгэдийн хуулинд заасан бол шүүхийн шийдвэрээр буруутай гэгдсэн этгээд албадан гүйцэтгүүлэх тухай шүүхийн шийдвэрийн талаар маргаж болно.
Жаран гуравдугаар зүйл
Шийдвэрийг хүлээн зөвшөөрч гүйцэтгэх хуулийн хүчин төгөлдөр байх хугацааны хязгаар
Энэхүү Гэрээний 56-р зүйлд заагдсан шүүхийн шийдвэр, 58-р зүйлд заагдсан иргэд хоорондын тэтгэвэр төлөх үүргийн тухай бичиг баримт хэрэв хуулийн хүчинтэй болсон бол тэдгээрийг хүлээн зөвшөөрч гүйцэтгэх болно.
Жаран дөрөвдүгээр зүйл
Шүүхийн зардлыг төлөх тухай шийдвэрийг гүйцэтгэх
1.Энэхүү Гэрээний 2-р зүйлд зааснаар шүүхийн зардал хангахаас чөлөөлөгдсөн, шүүх ажиллагаанд оролцогч этгээдэд хуулийн хүчин төгөлдөр болсон Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн шүүхийн шийдвэрээр шүүхийн зардал төлөх үүрэг оногдуулвал, энэхүү шийдвэрийг зохих Этгээийн хүсэлтийн дагуу Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн нутаг дэвсгэрт татвар төлүүлэлгүйгээр албадан гүйцэтгүүлнэ.
2.Энэ зүйлийн 1 дэх ангийн зааснаар шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлтийг хэрэгжүүлэгч шүүх нь шүүхийн зардал төлүүлэх тухай шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон эсэх, түүнийг гүйцэтгэх эсэхийг зөвхөн тогтоох төдийгөөр хязгаарлана.
3.Албадан гүйцэтгүүлэх шийдвэрийг хэрэгжүүлэх тухай хүсэлт түүнд хавсаргасан бичиг баримтын хувьд энэхүү Гэрээний 61-р зүйлийн заалтыг хэрэглэнэ.
Жаран тавдугаар зүйл
Эд хөрөнгийг авч гарах ба мөнгө гуйвуулах
Шүүхийн шийдвэрийн дагуу эд хөрөнгийг авч гарах, мөнгө гуйвуулах тухай Хэлэлцэн Тохирогч хоёр Этгээдийн хууль тогтоомжинд энэхүү Гэрээний шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай заалтууд хамаарагдахгүй.
Долдугаар бүлэг
Эрүүгийн хэргийн талаар эрхийн туслалцаа үзүүлэх, шилжүүлэн өгөх
1.Эрхийн туслалцаа
Жаран зургадугаар зүйл
Эрхийн туслалцаа үзүүлэх
1.Энэхүү Гэрээнд дурдсан нөхцөлд Хэлэлцэн Тохирогч хоёр Этгээдийн шүүх бие биедээ эрхийн туслалцаа харилцан үзүүлэх үүрэг хүлээнэ.
2.Гэрээний энэ бүлэгт дурдсан шүүх гэдэг ойлголтод өөрийн улсын дотоодын хуулиар эрүүгийн хэрэг авч хэлэлцэх эрх бүхий Хэлэлцэн Тохирогч хоёр Этгээдийн бусад байгууллагыг нэг адил хамааруулна.
Жаран долдугаар зүйл
Эрхийн туслалцааны хэмжээ
Эрүүгийн хэргийн талаар үзүүлэх эрхийн туслалцаанд бичиг баримт, баталгаа гардуулах, түүнчлэн яллагдагч, гэрч, шинжээч нарыг байцаах, шүүхийн мөрдөн байцаалт явуулах, шинжээч томилохыг шаардах, байрны болон хувийн нэгжлэг хийх зэрэг байцаан шийтгэх зарим ажиллагааг багтаана.
Жаран наймдугаар зүйл
Харилцах журам
Эрүүгийн хэргийн талаар эрхийн туслалцаа үзүүлэхдээ энэхүү Гэрээний 9-18 дугаар зүйлийн зохих заалтыг хэрэглэнэ.
Жаран есдүгээр зүйл
Гэрч, шинжээч нарын халдашгүй эрх
1.Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн шүүхийн гардуулсан урилгаар Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн байгууллагад иргэний болон гэр бүл, эрүүгийн хэргийн талаар ирсэн гэрч, шинжээчийг аль ч улсын харъяат байсныг харгалзахгүй Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн хил нэвтрэн орохоос өмнө үйлдсэн эрүүгийн хэрэгт мөрдөх, баривчлах буюу мөн шүүхээс урьд гаргасан таслан шийдвэрлэх тогтоолоор тэдэнд ял эдлүүлж хэрхэвч болохгүй.
Дээр дурдсан хүмүүст тэдний хил нэвтрэн орохоос өмнө үйлдсэн хуулийн бусад зөрчилд эрүү үүсгэж болохгүйгээс гадна уг зөрчилд ямар нэг арга хэмжээ авахгүй. Түүнчлэн дурдсан хүмүүсийг уг шийдвэрлэж байгаа эрүүгийн хэрэгт холбогдуулан гэрч буюу шинжээчдээр байцаагдсаны хувьд мөрдөх буюу баривчилж болохгүй.
2.Гэрч, шинжээчдийг ирүлэх хүсэлт явуулж байгаа байгууллагаас тэднийг цаашид байх шаардлагагүй гэж мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор бололцоо байсаар байтал хүсэлт тавьсан Хэлэлцэн Тохирогч Этгээдийн нутаг дэвсгэрээс тэд яваагүй бол энэ зүйлийн 1 дэх ангид заасан халдашгүй эрхээ алдана. Гэрч, шинжээчид даалгавар өгч байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээдийн нутгаас гараагүй саатсан нь тэдний буруу биш бол тэр саатсан хоногийг дээрх хугацаанд оруулахгүй.
3.Шүүхэд дуудагдсан дээрх хүмүүс замын зардал болон гадаадад байсны зардал буюу аваагүй цалин хөлс, мөн шинжээчийн хөлсийг нэхэмжлэх эрхтэй. Зарлан дуудах хуудсанд энэ хүмүүс ямар шагнал авах эрхтэй, тэдний хүсэлтээр урьдчилгаа олгох тухай заасан байвал зохино.
4.Шүүхэд дуудагдсан иргэн урилгыг заавал дагах шаардлагагүй. Зарлан дуудах хуудсаар дуудагдсан этгээд хэрэв ирэхгүй бол түүнд албадлагын арга хэрэглэж болохгүй.
Далдугаар зүйл
Даалгавар хүлээн авч байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээдийн нутаг дэвсгэрт хоригдож байгаа хүнийг Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн шүүхэд гэрч буюу шинжээчийн хувьд байцаах зорилгоор түр ирүүлэхээр дуудсан бол шүүхийн тэр даалгаврын хувьд энэхүү Гэрээний 68 дугаар зүйлийг баримтлана.
Далан нэгдүгээр зүйл
Эрүүгийн хэрэг үүсгэх үүрэг
1.Хэлэлцэн Тохирогч хоёр Этгээд аль нэгнийхээ шаардлагаар Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн нутаг дэвсгэрт энэхүү Гэрээний 74 дүгээр зүйлд зааснаар шилжүүлэн өгч болох эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн өөрийн харъяатад дотоодын хууль тогтоомжийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэж байх үүрэг тус тусдаа хүлээнэ.
2.Эрүүгийн хэрэг үүсгэх тухай шаардлагад урьдчилсан мөрдөн байцаалтын дүн, гэмт хэрэг үйлдсэн тухай бусад нотлох баримтыг хавсаргана.
3.Хүсэлт хүлээн авч байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээд эрүүгийн хэрэг үүсгэсэн дүнгийн тухай Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдэд мэдэгдэх үүрэгтэй. Хэрэв уг хэргийг таслан шийдвэрлэсэн тогтоол хүчин төгөлдөр болсон бол түүний хувийг мэдэгдэлд хавсаргана.
Далан хоёрдугаар зүйл
Таслан шийдвэрлэх тогтоолын тухай мэдэгдэх
1.Өнгөрсөн жилд Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн харъяатын талаар өөрийн шүүхээс гаргаж хүчин төгөлдөр болсон тогтоолын тухай мэдээг жил бүрийн эхэнд Хэлэлцэн Тохирогч хоёр Этгээд харилцан солилцож байхаар үүрэг авав.
2.Хэлэлцэн Тохирогч нэг Этгээд Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн хүсэлтээр тэдний харъяатын талаар өөрийн шүүхээс таслан шийдвэрлэсэн бусад бүх тогтоолын /хүчин төгөлдөр болоогүй ч орно/ мэдээг явуулна. Шаардлагатай үед хүсэлт явуулж байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээдийн харъяат биш иргэний тухай ч мэдээллийг өгч болно.
3.Энэ зүйлийн 1, 2 дахь ангид заасан даалгавар, мэдээг дипломат шугамаар явуулж байна.
2.Шилжүүлэн өгөх
Далан гуравдугаар зүйл
Шилжүүлэн өгөх үүрэг
Өөрийн нутаг дэвсгэрт байгаа иргэнийг эрүүгийн гэмт хэрэгт баривчлах буюу түүний таслан шийдвэрлэсэн тогтоолыг гүйцэтгүүлэх зорилгоор Хэлэлцэн Тохирогч хоёр Этгээд аль нэгнийхээ шаардлагаар энэхүү Гэрээнд заасан нөхцлийн дагуу харилцан бие биедээ шилжүүлэн өгч байх үүрэг авав.
Далан дөрөвдүгээр зүйл
Шилжүүлэн өгөх шаардлагатай гэмт хэрэг
1.Хэлэлцэн Тохирогч хоёр Этгээдийн хууль тогтоомжоор зөвхөн нэг жилээс дээш хугацаагаар хоригдох ял бүхий эрүүгийн гэмт хэрэгт татвал зохих хэрэгтнийг бие биедээ шилжүүлэн өгч болно.
2.Хэлэлцэн Тохирогч хоёр Этгээдийн хууль тогтоомжийн дагуу үйлдсэн хэрэгтээ зөвхөн нэг жилээс дээш хугацаагаар хорих ял шийтгэгдсэн ялтны хэргийн таслан шийдвэрлэсэн тогтоолыг гүйцэтгэхээр түүнийг бие биедээ шилжүүлэн өгнө.
Шилжүүлэн өгөхөөс татгалзах
Далан тавдугаар зүйл
Шилжүүлэн өгч болохгүй тохиолдол:
а/хэрэв шилжүүлэн өгвөл зохих этгээд шилжүүлэн өгөх хүсэлтийг хүлээн авч байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээдийн харьяат байвал;
б/шилжүүлэн өгөх шаардлагыг хүлээн авч байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээдийн нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдэгдэх үед энэ Гэрээний 71 дүгээр зүйлийн 1 дэх ангид зааснаар эрүүгийн хэрэг үүсгэх тухай шаардлага гараагүй бол;
в/шилжүүлэн өгөх шаардлагыг хүлээн авч байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хууль тогтоомжоор эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн буюу шүүхийн таслан шийдвэрлэсэн тогтоолыг гүйцэтгэж болохгүй хууль ёсны бусад үндэслэл илэрсэн бол;
г/ Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн хууль тогтоомжоор шилжүүлэн өгөхийг хориглосон бол;
д/шилжүүлэн өгөх тухай шаардлагыг хүлээн авч байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээдийн нутаг дэвсгэртшилжүүлэн өгвөл зохих этгээдийг уг хэрэгт нь таслан шийдвэрлэсэн тогтоол гаргасан, эсхүл мөн хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол гаргасан бол.
Далан зургадугаар зүйл
Хэрэв шилжүүлэн өгөхгүй бол шилжүүлэн өгөх тухай шаардлагыг хүлээн авч байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээд уг шаардлагыг явуулж байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээдэд шилжүүлэн өгөхгүй тухайгаа болон татгалзаж байгаа шалтгааныг мэдэгдэнэ.
Далан долдугаар зүйл
Тодорхой нөхцөлтэйгээр шилжүүлэн өгөх
Шилжүүлэн өгөхийг шаардаж байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээдийн шүүх хэрэв хэргийг эчнээгээр таслан шийдвэрлэсэн байвал шаардлага хүлээн авч байгаа Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээд уг хэргийг дахин өөрий нь оролцоотойгоор шүүн таслах тодорхой нөхцөлтэйгээр гэмт этгээдийг шилжүүлэн өгч болно.
Далан наймдугаар зүйл
Харилцах журам
Эрүүгийн хэрэг үүсгэх буюу гэмт этгээдийг шилжүүлэн өгөх асуудлаар Хэлэлцэн Тохирогч хоёр Этгээдийн Улсын буюу Ерөнхий Прокурор бие биетэйгээ харилцана.
Далан есдүгээр зүйл
Шилжүүлэн өгөх тухай шаардлага
1.Цагдан хорих тухай тогтоол, гэмт хэрэг гарсан байдлын тодорхойлолт, уг этгээдийг тэр гэмт хэрэгт лавтай сэжиглэх үндэс бүхий нотлох баримтын тодорхойлолт, хэрэгт ял ноогдуулах хуулийн зүйл анги, хэрэв гэмт хэргийн улмаас эд материалын хохирол учирсан бол түүний хэмжээг тус тус гэмт этгээдийг шилжүүлэн өгөх тухай шаардлагад хавсаргах хэрэгтэй.
2.Шүүхийн тогтоолыг гүйцэтгүүлэх зорилгоор шилжүүлэн өгөх тухай шаардлагад шүүхийн хүчин төгөлдөр болсон тогтоолын баталгаа бүхий хуулбар, гэмт хэрэгт ял ногдуулсан хуулийн зүйл ангийн бүрэн тодорхойлолтыг бичнэ. Хэрэв шүүгдэгч ялын зарим хэсгийг эдэлсэн бол тэр тухай нэг адил мэдэгдэнэ.
3.Хэрэв цагдан хорих тухай тогтоол болон таслан шийдвэрлэсэн тогтоолд тодорхой ороогүй бол шилжүүлэн өгөх этгээдийн гэрэл зураг, биеийн гадаад байдлын тодорхойлолт, түүний товч түүхт байдал, аль улсын харъяат буюу оршин суудаг газрын тухай шилжүүлэн өгөх тухай шаардлагад нэг адил бололцоогоор хавсаргана.
Наядугаар зүйл
Шилжүүлэн өгөх тухай шаардлагын талаар нэмэлт материал шаардах
Хэрэв шилжүүлэн өгөх тухай шаардлагад оруулбал зохих материалыг гүйцэд хийгээгүй бол уг шаардлагыг хүлээн авч байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээд нэмэлт материалыг хугацаа зааж шаардана.
Нэмэлт материал ирүүлэх хугацааг Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн хүсэлтээр сунгаж болно.
Шилжүүлэн өгөх этгээдийг баривчлах
Наян нэгдүгээр зүйл
Шилжүүлэн өгөх шаардлагыг Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээд хүлээн авсан даруй уг этгээдийг эрж олох, зарим үед түүнийг баривчлах арга хэмжээ авна.
Наян хоёрдугаар зүйл
1.Хэрэв шилжүүлэн өгөх тухай хүсэлтээ явуулж байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээдийн эрх бүхий байгууллага уг этгээдийг баривчлах тухай тогтоол гарсан буюу шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсныг иш татаж шилжүүлэн өгөх тухай шаардлага явуулснаа мэдэгдвэл Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн зохих байгууллага шилжүүлэн өгөх тухай шаардлагыг хүлээн авахаас өмнө уг этгээдийг баривчилж болно. Тийм хүсэлтийг шуудан цахилгаан буюу утсан харилцаа зэргээр мэдэгдэнэ.
2.Хэлэлцэн Тхирогч нэг Этгээдийн засаг төрийн эрх бүхий байгууллага нутаг дэвсгэртээ байгаа этгээдийн талаар энэ зүйлийн 1 дэх ангид заасан хүсэлтийг хүлээн аваагүй боловч хэрэв уг иргэн Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэн тухай илэрсэн мэдээг үндэслэн энэхүү Гэрээний 74-р зүйлд зааснаар түүнийг баривчилж болно.
3.Энэ зүйлийн 1, 2 дахь ангид зааснаар баривчилсан тухайгаа Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдэд нэн даруй мэдэгдэнэ.
Наян гуравдугаар зүйл
1.Хэрэв Гэрээний 80 дугаар зүйлд заасан хугацаанд шилжүүлэн өгөх шаардлагын талаар нэмэлт материал хүлээн аваагүй бол шилжүүлэн өгөх тухай шаардлагыг хүлээн авч байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээд шилжүүлэн өгөх ажиллагааг зогсоож цагдан хорьж байгаа иргэнийг суллана.
2.Баривчилсан тухай мэдэгдсэн өдрөөс хойш хэрэв хоёр сарын дотор Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээд шилжүүлэн өгөх тухай шаардлага явуулаагүй бол Гэрээний 82 дугаар зүйлийн дагуу цагдан хорьсон этгээдийг суллаж болно.
Наян дөрөвдүгээр зүйл
Шилжүүлэн өгөхийг хойшлуулах
1.Хэрэв шилжүүлэн өгвөл зохих этгээд шилжүүлэн өгөх тухай шаардлагыг хүлээн авч байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээдийн нутаг дэвсгэрт үйлдсэн өөр гэмт хэргийн учир эрүүгийн хариуцлагад татагдсан буюу шийтгэгдсэн бол уг хэргийг шүүн таслах буюу таслан шийдвэрлэх тогтоолыг гүйцэтгэх хүртэл шилжүүлэн өгөхийг хойшлуулж болно.
2.Хэрэв шилжүүлэн өгөхийг хойшлуулах нь хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахад хүргэх буюу шилжүүлэн өгвөл зохих этгээдийн хэргийг байцаан бүрдүүлэхэд ноцтой хохирол учруулахаар байвал уг этгээдийг Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн үндэслэл бүхий хүсэлтийн дагуу хэргийг таслан шийдвэрлүүлэх зорилгоор түр хугацаанд шилжүүлэн өгч болно. Шилжүүлэн өгөхийг хүсэж байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээд уг гэмт этгээдийг шилжүүлэн авсан өдрөөс хойш гурван сараас хэтрүүлэлгүйгээр түүнийг буцаан шилжүүлэх бөгөөд хэрэв шаардлагатай бол энэ хугацааг сунгана.
Наян тавдугаар зүйл
Шилжүүлэн өгөх тухай хэд хэдэн улсын шаардлага
Хэрэв шийтгэгдэх нэг буюу хэдэн янзын гэмт хэрэг үйлдсэний улмаас шилжүүлэн өгөх тухай шаардлагыг хэд хэдэн улс тавивал уг шаардлагыг хүлээн авч байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээд шилжүүлэн өгвөл зохих этгээдийн аль улсын харъяат буюу гэмт хэрэг хаана үйлдсэн болон уг хэргийн хүнд хөнгөнийг харгалзан аль шаардлагыг хангахаа өөрөө шийдвэрлэнэ.
Наян зургадугаар зүйл
Шилжүүлэн өгсөн этгээдийг хэрэгт холбогдуулах хязгаар
1.Шилжүүлэн өгсөн этгээдийг шилжүүлэн өгөх шаардлагыг хүлээн авч байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээдийн зөвшөөрөлгүйгээр шилжүүлэн өгөхийн өмнө үйлдсэн буюу шилжүүлэн өгөх шаардлагад тодорхойлогдоогүй гэмт хэрэгт холбогдуулан татах, шийтгэх, гурав дахь улсад шилжүүлж болохгүй.
2.Дээрх зөвшөөрөл шаардагдахгүй тохиолдол:
а/хүсэлт явуулж байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээдийн харъяат биш шилжүүлэн өгсөн этгээд түүний хэргийн мөрдөн байцаалт дууссан өдрөөс буюу хэрэв шийтгэгдсэн бол ялаа эдэлж дууссан, эсхүл суллагдсан өдрөөс эхлэн нэг бол Хэлэлцэн тохирогч этгээдийн нутаг дэвсгэрээс гараагүй явдал өөрий нь буруугаас болоогүй бол уг саатсан хоногийг дээр дурдсан хугацаанд оруулахгүй.
б/шилжүүлэн өгсөн этгээд шилжүүлэн өгөх хүсэлт явуулж байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээдийн нутаг дэвсгэрээс явсан атал сайн дураараа буцаж ирсэн бол.
Наян долдугаар зүйл
Эрүүгийн мөрдөн байцаалт явуулсны дүнг мэдэгдэх
Шилжүүлэн өгөх шаардлага явуулж байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээд шилжүүлэн өгсөн этгээдэд мөрдөн байцаалт явуулсан дүнгээ уг шаардлагыг хүлээн авч байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээдэд мэдэгдэнэ. Шилжүүлэн өгсөн этгээд хэрэв шийтгэгдсэн бол шүүхийн хүчин төгөлдөр болсон тогтоолын хувийг явуулна.
Наян наймдугаар зүйл
Шилжүүлэн өгөх
1.Шилжүүлэн өгөх шаардлагыг хүлээн авч байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээд уг шаардлагыг явуулж байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээддээ хэдийд, ямар газраар хэрэгтнийг шилжүүлэн өгөхөө мэдэгдэнэ.
2..Хэрэв хэрэгтнийг шилжүүлэхээр заасан хугацаанаас хойш долоо хоногийн дотор хүлээн авахгүй бол шилжүүлэн өгөх шаардлага хүлээн авч байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээд түүнийг суллан тавьж болно.
Наян есдүгээр зүйл
Дахин шилжүүлэн өгөх
Хэрэв шилжүүлэн өгсөн этгээд эрүүгийн мөрдлөг болон ял эдлэхээс зайлсхийж шилжүүлэн өгөх шаардлагыг хүлээн авч байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээдийн нутаг дэвсгэрт буцаж ирвэл шинэ шаардлагыг хүлээн авсны дараа энэхүү Гэрээний 79-р зүйлд дурдсан материалгүйгээр уг этгээдийг дахин шилжүүлнэ.
Ер дүгээр зүйл
Эд юмыг шилжүүлэн өгөх
1.Шилжүүлэн өгөх тухай шаардлага хүлээн авч байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээд уг шаардлагыг явуулж байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээдэд энэхүү Гэрээний 74 дүгээр зүйлд зааснаар хэрэгтнийг шилжүүлэхдээ түүний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эд юмс, мөн гэмт хэрэг үйлдсэний улмаас олж авсан эд юмсын хамт шилжүүлэн өгөх ёстой. Хэрэв уг хэрэгтэн амь үрэгдсэн буюу өөр ямар нэг шалтгаанаар түүнийг шилжүүлэн өгөх бололцоогүй бол эд юмсыг заавал шилжүүлнэ.
2.Шаардлага хүлээн авч байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээд эрүүгийн өөр хэргийг таслан шийдвэрлэхэд шаардлагатай бол уг эд юмсыг шилжүүлэхээ түр хугацаагаар хойшлуулж болно.
3.Энэхүү зүйлийн 1 дэх ангид заасан шилжүүлэн өгөх эд юмсын талаар гуравдахь этгээдийн эрх хөдөлшгүй хэвээр байна.
Хэргийг шүүхээр авч хэлэлцсэний дараа уг эд юмсыг хүлээн авсан Хэлэлцэн Тохирогч Этгээд түүнийг эзэмших эрх бүхий иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээддээ өгнө. Хэрэв шаардлага явуулж байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээдийн нутаг дэвсгэрт дээрх эд юмсыг эзэмших эрх бүхий иргэн байвал Хэлэлцэн Тохирогч тэр этгээд шаардлага хүлээн авч байгаа хэлэлцэн тохирогч нөгөө Этгээдийнхээ зөвшөөрснөөр уг иргэнд эд юмсыг шууд шилжүүлэн өгөх эрхтэй.
Ерэн нэгдүгээр зүйл
Хэрэгтнийг дамжуулан өнгөрүүлэх
1.Гурав дахь улсаас Хэлэлцэн Тохирогч аль нэг Этгээдэд шилжүүлэн өгөх хэрэгтнийг өөрийн нутаг дэвсгэр дээгүүр дамжуулан өнгөрүүлэхийг Хэлэлцэн Тохирогч хоёр Этгээд бие биедээ зөвшөөрнө. Шаардлага хүлээн авч байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээд энэхүү Гэрээгээр шилжүүлэн өгөхийг заагаагүй тохиолдолд дээр дурдсан хэрэгтнийг дамжуулан өгөхийг зөвшөөрөх үүрэггүй болно.
2.Дамжуулан өнгөрүүлэх шаардлагыг шилжүүлэн өгөх тухай шаардлагын нэг адил үйлдэж гүйцэтгэнэ.
3.Шаардлага хүлээн авч байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээд ямар хэлбэрээр дамжуулан өнгөрүүлэхээ өөрөө шийдвэрлэнэ.
Ерэн хоёрдугаар зүйл
Дамжуулан өнгөрүүлэх болон шилжүүлэн өгөхтэй холбогдсон зардал
Дамжуулан өнгөрүүлэх болон шилжүүлэн өгөхтэй холбогдсон зардлыг нутаг дэвсгэр дээр нь уг хэрэг гарсан Хэлэлцэн Тохирогч Этгээд гаргана.
Наймдугаар бүлэг
Төгсгөлийн заалт
Ерэн гуравдугаар зүйл
1.Энэхүү Гэрээ батлагдана.
2.Батламж жуух бичгүүдийг Берлин хотноо солилцоно.
Ерэн дөрөвдүгээр зүйл
1.Энэхүү Гэрээ батламж жуух бичгүүдийг солилцсон өдрөөс гуч хоногийн дараа хүчин төгөлдөр болж, таван жилийн турш хүчин төгөлдөр байна.
2.Энэхүү гэрээнд заасан хугацааг дуусахаас зургаан сараас доошгүй хугацааны өмнө Хэлэлцэн Тохирогч Этгээдийн аль нэг нь гэрээг цуцлах тухайгаа бичгээр мэдэгдэхгүй бол уг Гэрээ дараагийн таван жил дутам энэ журмаар сунгагдаж байна. Цуцлах тухай бичгээр мэдэгдсэн өдрөөс эхлэн нэг жилийн хугацаа өнгөрсний дараа Гэрээ хүчингүй болно.
Энэхүү Гэрээг монгол, герман, орос хэл дээр тус бүр хоёр хувь үйлдсэн бөгөөд эх тус бүр адил хүчинтэй. Хэрэв Гэрээг тайлбарлах үед зөрөө гарвал орос эхийг баримтална
Хэлэлцэн Тохирогч хоёр Этгээдийн бүрэн эрхт төлөөлөгчид энэхүү Гэрээг батлан гарын үсэг зурж, тамга дарав.
1969 оны 4-р сарын 30-ны өдөр.
Улаанбаатар хотод үйлдэв.
БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ                                                                         БҮГД НАЙРАМДАХ АРДЧИЛСАН
АРД УЛСЫН ЭРХ ОЛГОСНООР                                                                   ГЕРМАН УЛСЫН ЭРХ ОЛГОСНООР