Хэвлэх DOC Татаж авах
МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛС, БҮГД НАЙРАМДАХ АРДЧИЛСАН СОЛОНГОС АРД УЛСЫН ХООРОНД ИРГЭН, ГЭР БҮЛ БОЛОН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАЛААР ЭРХ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ХАРИЛЦАН ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ ГЭРЭЭ

1988 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотноо



Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс,
Хоёр орны хоорондын найрамдалт харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, эрх зүйн харилцааны салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх зорилгоор энэхүү Гэрээг байгуулахаар шийдвэрлэж доорхи зүйлийг хэлэлцэн тохиров.
1 ХЭСЭГ
НИЙТЛЭГ ЗААЛТ
1 дүгээр зүйл
Эрх зүйн хамгаалалт
1.Хэлэлцэн тохирогч нэг Талын иргэд Хэлэлцэн тохирогч нөгөө Талын нутаг дэвсгэрт байхдаа хувийн болон эд хөрөнгийн эрхийн хувьд тэрхүү улсын иргэдийн нэгэн адил эрх зүйн хамгаалалтад байна.
2.Энэ заалт нь Хэлэлцэн тохирогч Талуудын хуулийн этгээдэд нэгэн адил хамаарна.
2 дугаар зүйл
Эрх зүйн туслалцаа үзүүлэх
Хэлэлцэн тохирогч Талууд эрх зүйн туслалцааг шүүх, прокурор, улсын нотариатын болон эрх бүхий бусад төв байгууллагаар дамжуулан үзүүлнэ.
3 дугаар зүйл
Эрх зүйн туслалцааны хэмжээ
Хэлэлцэн тохирогч хоёр Тал байцаан шийтгэх ажиллагааны тодорхой үйлдэл хийх, тухайлбал нэгжлэг хийх, эд зүйлсийг хураан авах, битүүмжлэх, эд мөрийн баримт хүргүүлэх болон шилжүүлэх, зохигчид, гэрч, шинжээч, сэжигтэн болон яллагдагч, шүүгдэгч, ялтныг байцаах, шүүхийн үзлэг хийх, баримт бичиг гардуулах, даалгаврыг биелүүлэх, материал, хэргийг хүргүүлэх, баримт бичиг үйлдэх, орчуулах, хүргүүлэх, хэрэгтнийг баривчлах, шилжүүлэхтэй холбогдсон асуудлаар эрх зүйн туслалцаа үзүүлнэ.
4 дүгээр зүйл
Даалгаврын агуулга, хэлбэр
1.Эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай даалгаварт:
а/даалгавар өгч байгаа байгууллагын нэр;
б/даалгавар хүлээн авах байгууллагын нэр;
в/эрх зүйн туслалцаа авахаар хүсэлт тавигдаж байгаа хэргийн нэр;
г/зохигчид, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч болон ялтны овог нэр, тэдний байнга буюу түр оршин суугаа газар, иргэний харьяалал, эрхэлдэг ажил, боломжтой бол сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч болон ялтны төрсөн газар, он,сар, өдөр;
д/зохигчдын төлөөлөгчдийн овог нэр, хаяг;
е/даалгаврын агуулга, түүнийг биелүүлэхэд шаардагдах мэдээ, гэмт хэргийн бүрэлдэхүүнийг тусгасан байвал зохино.
2.Даалгаврын дагуу илгээх баримт бичиг нь гарын үсэг, тэмдэгтэй байна.
5 дугаар зүйл
Даалгавар биелүүлэх журам
1.Эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай даалгавар хүлээн авсан байгууллага түүнийг биелүүлэхдээ өөрийн улсын хууль тогтоомжийг хэрэглэнэ.Гэхдээ даалгавар хүлээн авсан байгууллага хэрэв өөрийн улсын хууль тогтоомжид харшлахгүй бол даалгавар өгсөн байгууллагын хүсэлтээр тэрхүү улсын байцаан шийтгэх ажиллагааны хэм хэмжээг хэрэглэж болно.
2.Даалгавар хүлээн авсан байгууллага хэрэв уг даалгаврыг биелүүлэх эрхгүй байвал түүнийг эрх бүхий байгууллагад шилжүүлэн өгч, энэ тухайгаа нөгөө Талд хариу мэдэгдэнэ.
3.Даалгавар хүлээн авсан байгууллага түүнийг биелүүлсний дараа холбогдох баримт бичгийг даалгавар өгсөн байгууллагад явуулна.Даалгавар хүлээн авсан байгууллага эрх зүйн туслалцаа үзүүлж чадаагүй бол холбогдох баримт бичгийг буцааж, даалгаврыг биелүүлэхэд саад болж байгаа шалтгааныг даалгавар өгсөн байгууллагад мэдэгдэнэ.
6 дугаар зүйл
Баримт бичгийг гардуулах журам
1.Гардуулах баримт бичиг нь энэхүү Гэрээний 12 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байвал тухайн улсад баримт бичиг гардуулах журмыг зохицуулж байгаа хууль тогтоомжийн дагуу даалгавар хүлээн авсан байгууллага түүнийг гардуулна.
2.Даалгаварт заасан хаягаар баримт бичгийг гардуулах боломжгүй бол даалгавар хүлээн авсан байгууллага хаяг тогтоох арга хэмжээ авна.Даалгавар хүлээн авсан байгууллага хаяг тогтоох боломжгүй бол энэ тухай даалгавар өгсөн байгууллагад мэдэгдэж, гардуулбал зохих баримт бичгийг түүнд буцаана.
7 дугаар зүйл
Баримт бичиг гардуулсныг нотлох
Баримт бичиг гардуулсан тухай нотолгоог даалгавар хүлээн авсан Хэлэлцэн тохирогч Талын нутаг дэвсгэрт дагаж мөрдөж байгаа журмын дагуу үйлдэх бөгөөд түүнд гардуулсан он, сар, өдөр, газрыг заасан байна.
8 дугаар зүйл
Баримт бичгийг нотлох чадвар
1.Хэлэлцэн тохирогч нэг Талын нутаг дэвсгэрт эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тогтоосон хэлбэрийн дагуу үйлдсэн буюу гэрчилсэн баримт бичиг нь Хэлэлцэн тохирогч нөгөө Талын нутаг дэвсгэрт ямар нэгэн өөр баталгаагүйгээр нотлох чадвартай байна.
2. Хэлэлцэн тохирогч нэг Талын нутаг дэвсгэрт үйлдсэн албан бичиг нь Хэлэлцэн тохирогч нөгөө Талын нутаг дэвсгэрт албан ёсны баримт бичгийн хувьд нотлох чадвартай байна.
9 дүгээр зүйл
Гэрч, шинжээчийн халдашгүй байдал
1.Хэлэлцэн тохирогч нэг Талын байгууллага дуудлагаар ирсэн нөгөө Талын иргэн-гэрч, шинжээчийг гаргасан мэдүүлэг, дүгнэлттэй нь холбогдуулан эрүүгийн хариуцлагад татаж мөрдөх буюу эсвэл баривчилж, хорьж болохгүй.
2.Гэрч, шинжээчийн эрх зүйн туслалцаа үзүүлэхтэй холбогдож гарсан бүх зардлыг дуудсан Тал хариуцна.
10 дугаар зүйл
Эрх зүйн туслалцаа үзүүлэхтэй холбогдсон зардал
Даалгавар хүлээн авсан Хэлэлцэн тохирогч Тал эрх зүйн туслалцаа үзүүлэхтэй холбогдож өөрийнхөө нутаг дэвсгэрт гарсан зардлыг хариуцна.
11 дүгээр зүйл
Эрх зүйн асуудлаархи мэдээлэл
Хэлэлцэн тохирогч хоёр Тал нөгөө Талынхаа хүсэлтээр өөрийн улсын хууль тогтоомжийн үндсэн зарчим болон шинээр гарч буй хууль тогтоомж, түүнийг хэрэглэх асуудлаар харилцан мэдээлэл хийж, холбогдох материал солилцож байна.
12 дугаар зүйл
Харилцах хэл
Энэхүү Гэрээг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Хэлэлцэн тохирогч хоёр Тал бие биедээ гардуулах баримт бичгийг өөрийн хэлээр үйлдэж, түүнд орос буюу нөгөө талын хэлний орчуулгыг хавсаргасан байвал зохино.
П ХЭСЭГ
ТУСГАЙ БҮЛЭГ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
ИРГЭНИЙ БОЛОН ГЭР БҮЛИЙН ХЭРГИЙН ТАЛААР ЭРХ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ
13 дугаар зүйл
Шүүхийн зардал төлөхөөс чөлөөлөх
Хэлэлцэн тохирогч хоёр Тал шүүхийн ажиллагаанд оролцож байгаа Хэлэлцэн тохирогч нөгөө Талын иргэнийг шүүхийн зардал төлөх үүргээс чөлөөлж байна.
14 дүгээр зүйл
Баримт бичиг олгох, хүргүүүлэх
1.Хэлэлцэн тохирогч нэг Талын байгууллага нь Хэлэлцэн тохирогч нөгөө Талын байгууллагын хүсэлтээр түүнд иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн болон бусад баримт бичгийг хүргүүлнэ.
2.Холбогдох этгээдийн хувийн болон гэр бүлийн байдал, цалин, эд хөрөнгийн тухай тодорхойлолтыг хүсэлт гаргагчийн байнга буюу түр оршин суугаа Хэлэлцэн тохирогч Талын эрх бүхий байгууллага олгоно.
15 дугаар зүйл
Эрх олох, үүрэг бий болгох чадвар
1.Иргэний эрх олох, үүрэг бий болгох чадварыг уг иргэнийг харьяалах Хэлэлцэн тохирогч Талын хууль тогтоомжоор тодорхойлно.
2.Хуулийн этгээдийн эрх олох, үүрэг бий болгох чадварыг уг хуулийн этгээдийн оршин байгаа улсын хууль тогтоомжоор тодорхойлно.
16 дугаар зүйл
Сураггүй алга болсон буюу нас барсанд тооцох, нас барсан үйл баримтыг тогтоох
1.Иргэнийг сураггүй алга болсон буюу нас барсанд тооцох, түүнчлэн нас барсан үйл баримтыг тогтоох хэргийг сүүлчийн мэдээ баримтаар уг иргэн амьд ахуй цагтаа харьяат нь байсан Хэлэлцэн тохирогч Талын байгууллагууд өөрийн улсын хууль тогтоомжийг баримтлан шийдвэрлэх эрхтэй байна.
2. Хэлэлцэн тохирогч нэг Талын байгууллага нөгөө Талын иргэнийг нас барсан буюу сураггүй алга болсонд тооцох, эсвэл нас барсан үйл баримтыг тогтоож болно.
17 дугаар зүйл
Гэрлэлт ба түүнийг цуцлах
1.Гэрлэлт ба түүнийг цуцлах нөхцөл, түүнчлэн гэр бүлийн харилцаанаас үүссэн хувийн болон эд хөрөнгийн харилцааг гэрлэгсэд харьяат нь байгаа Хэлэлцэн тохирогч Талын эрх бүхий байгууллага өөрийн орны хууль тогтоомжийг баримтлан шийдвэрлэнэ.
2.Хэрэв гэрлэгсэд өөр өөр харьяалалтай байвал гэрлэлт буюу түүнийг цуцлах, хүчингүйд тооцохтой холбогдсон асуудлыг уг хэргийг хянаж байгаа Хэлэлцэн тохирогч Талын эрх бүхий байгууллага өөрийн орны хууль тогтоомжийг баримтлан шийдвэрлэнэ.
18 дугаар зүйл
Эцэг эх, хүүхдийн эрх зүйн харилцаа
Эцэг тогтоох болон энэ талаар гарсан маргаан, мөн эцэг эх, хүүхдийн хоорондын эрх зүйн харилцааг хүүхэд харьяат нь байгаа Хэлэлцэн тохирогч Талын эрх бүхий байгууллага өөрийн орны хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
19 дүгээр зүйл
хүүхэд үрчлэх, түүнийг хүчингүй болгох
1.Хүүхэд үрчлэхэд үрчлэн авагч харьяат нь байгаа Хэлэлцэн тохирогч Талын хууль тогтоомжийг баримтлана.
2.Иргэний өөр өөр харьяалалтай эхнэр, нөхөр хүүхэд үрчлэн авч байгаа бол Хэлэлцэн тохирогч хоёр Талын нутаг дэвсгэрт мөрдөгдөж буй хууль тогтоомжийг хэрэглэж болно.
3.Үрчлэгдэж буй хүүхэд нь Хэлэлцэн тохирогч нэг Талын харьяат, үрчлэн авагч нь Хэлэлцэн тохирогч нөгөө Талын харьяат бол хүүхэд үрчлэх талаар хүүхэд харьяат нь байгаа Хэлэлцэн тохирогч Талын хууль тогтоомжид заасны дагуу тэр хүүхдийн өөрийн нь болон түүний хууль ёсны төлөөлөгч, Хэлэлцэн тохирогч Талын эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг авна.
4.Энэ зүйлийн 1, 2, 3-ын заалтыг хүүхэд үрчилснийг хүчингүй болгоход нэгэн адил хэрэглэнэ.
20 дугаар зүйл
Асран хамгаалах, харгалзан дэмжих
1.Гэрээнд өөрөөр заагаагүй бол асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоох тухай асуудлыг асран хамгаалуулах, харгалзан дэмжүүлэх шаардлагатай хүн харьяат нь байгаа Хэлэлцэн тохирогч Талын байгууллага өөрийн улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
2.Асран хамгаалах, харгалзан дэмжих үүрэг хүлээн авахад асран хамгаалагч, харгалзан дэмжигч харьяат нь байгаа Хэлэлцэн тохирогч Талын хуультогтоомжийг баримтална.
21 дүгээр зүйл
Өв залгамжлал, гэрээслэл
Хэлэлцэн тохирогч нэг Талын иргэн Хэлэлцэн тохирогч нөгөө Талын нутаг дэвсгэрт байгаа эд хөрөнгийг хууль ёсоор буюу гэрээслэлээр өвлөн авах, мөн гэрээслэл үйлдэх, түүнийг хүчингүй болгохдоо Хэлэлцэн тохирогч нөгөө Талын иргэнтэй адил тэгш эрх эдэлнэ.
2.Хөдлөх эд хөрөнгө өвлөх эрхийг өвлүүлэгч нас барах үедээ харьяат нь байсан
Хэлэлцэн тохирогч Талын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
3.Үл хөдлөх эд хөрөнгө өвлөх эрхийг тухайн эд хөрөнгө нутаг дэвсгэрт нь байгаа Хэлэлцэн тохирогч Талын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
4.гэрээслэлийн хэлбэр, гэрээслэл үйлдэх болон хүчингүй болгох чадварыг тогтоох асуудлыг өвлүүлэгч гэрээслэл үйлдэх буюу хүчингүй болгох үедээ харьяат нь байсан Хэлэлцэн тохирогч Талын хууль тогтоомжийг баримтлан шийдвэрлэнэ.
22 дугаар зүйл
Шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх
1.Хэлэлцэн тохирогч хоёр Тал Хэлэлцэн тохирогч нөгөө Талын нутаг дэвсгэрт гарсан шүүхийн дараахь шийдвэрийг өөрийн нутаг дэвсгэрт хүлээн зөвшөөрч биелүүлнэ:
а/иргэний болон гэр бүлийн хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэр;
б/эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан гарсан таслан шийдвэрлэх тогтоол
2.Хэлэлцэн тохирогч нэг Талын шүүх нөгөө Талын шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ өөрийн улсын хуультогтоомжийг баримтална.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАЛААР ЭРХ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ
23 дугаар зүйл
Шилжүүлэн өгөх үүрэг
Хэлэлцэн тохирогчхоёр Тал өөрсдийн нутаг дэвсгэрт байгаа этгээдийг энэхүү Гэрээнд заасан нөхцөлийн дагуу эрүүгийн хариуцлагад татах буюу таслан шийдвэрлэх тогтоолыг биелүүлэх зорилгоор нөгөө Талын шаардсанаар харилцан шилжүүлэн өгөх үүрэг хүлээнэ.
24 дүгээр зүйл
Шилжүүлэн өгөхөөс татгалзах
Хэлэлцэн тохирогч хоёр Тал өөрийн харьяат иргэнийг шилжүүлэн өгөх тухай нөгөө Талын шаардлагаас татгалзана.
25 дугаар зүйл
Шилжүүлэн өгөх тухай шаардлага
1.Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шилжүүлэн өгөх тухай шаардлагад уг этгээдийн үйлдсэн гэмт хэргийн бүрэлдэхүүн, хэрэглэх хуулийн зүйл анги, хэрэв гэмт хэргийн улмаас эд материалын хохирол учирсан бол түүний хэмжээ зэргийг заахын хамт баривчлах бол энэ тухай тогтоолын баталгаатай хуулбарыг хавсаргана.
2.Таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэх зорилгоор шилжүүлэн өгөх тухай шаардлагад гэмт хэрэг гэж тодорхойлсон хуулийн зүйл ангийг зааж, таслан шийдвэрлэх тогтоолын баталгаатай хуулбарыг хавсаргана. Мөн шийтгэгдсэн этгээд ялынхаа зарим хэсгийг нэгэнт эдэлсэн бол энэ тухай тодорхой тусгана.
3.Шилжүүлэн өгөх тухай шаардлагад тухайн этгээдийн хувийн байдал, биеийн болон нүүр царайны ерөнхий төрх, онцлог шинж, хурууны хээ, түүний фото зураг зэргийг бололцооны хэрээр тодорхойлж хавсаргана.
4.Хэрэв шилжүүлэн өгөх тухай шаардлагад зайлшгүй хэрэгцээтэй мэдээ агуулагдаагүй бол даалгавар хүлээн авсан Хэлэлцэн тохирогч Тал нэмэлт материал шаардаж, түүнийг ирүүлэх хугацааг тодорхойлж болно.
26 дугаар зүйл
Эрүүгийн хэрэг үүсгэх үүрэг
1.Хэлэлцэн тохирогч аль нэг Тал нөгөө Талынхаа нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэн харьяат иргэндээ Хэлэлцэн тохирогч нөгөө Талын шаардлагаар өөрийн улсын хууль тогтоомжийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэх үүрэг хүлээнэ.
2.Даалгавар хүлээн авсан Хэлэлцэн тохирогч Тал уг эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын дүнг даалгавар өгсөн Хэлэлцэн тохирогч Талд мэдэгдэх бөгөөд хэрэв таслан шийдвэрлэх тогтоол гарч хуулийн хүчин төгөлдөр болсон бол түүний хуулбарыг хүргүүлнэ.
27 дугаар зүйл
Баривчлах, шилжүүлэх
1.Энэхүү Гэрээнд заасан нөхцөлийн дагуу шилжүүлэн өгөх буюу баривчлах тухай шаардлага хүлээн авсан Хэлэлцэн тохирогч Тал уг этгээдийг нэн даруй эрэн сурвалжилж олох, баривчлах арга хэмжээ авна.
2.Хэлэлцэн тохирогч нэг Тал нутаг дэвсгэртээ байгаа Хэлэлцэн тохирогч нөгөө Талын иргэн өөрийн нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэнийг мэдвэл тэрхүү Талын шаардлагыг хүлээхгүйгээр уг этгээдийг баривчилж болно.
3.Хэлэлцэн тохирогч нэг Тал энэхүү зүйлийн 1, 2-т заасан ёсоор баривчилсан тухайгаа Хэлэлцэн тохирогч нөгөө Талд нэн даруй мэдэгдэнэ.
4.Баривчилсан тухай мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор Хэлэлцэн тохирогч нөгөө Тал шилжүүлэн өгөх тухай шаардлага ирүүлэхгүй бол баривчилсан этгээдийг суллаж, энэ тухай нөгөө Талд мэдэгдэнэ.
28 дугаар зүйл
Шилжүүлэн өгөх журам
1.Даалгавар хүлээн авсан Хэлэлцэн тохирогч нэг Тал уг этгээдийг шилжүүлэн өгөх газар, хугацааг даалгавар өгсөн Хэлэлцэн тохирогч нөгөө Талд мэдэгдэнэ.
2.Шилжүүлэн өгвөл зохих этгээд нь даалгавар хүлээн авсан улсын нутаг дэвсгэрт эрүүгийн хэрэгт татагдсан буюу ял эдэлж байгаа бол уг хэргийг мөрдөж дуусгах, эсвэл ялыг нь эдэлж гүйцтэл түүнийг шилжүүлэхийг хойшлуулж болно.
29 дүгээр зүйл
Шилжүүлэн өгөх тухай хэд хэдэн улсын шаардлага
Шилжүүлэн өгөх шаардлага хэд хэдэн улсаас ирвэл даалгавар хүлээн авсан Хэлэлцэн тохирогч Тал юуны өмнө шилжүүлэн өгөх этгээдийн иргэний харьяалал, түүнчлэн гэмт хэргийн хүнд, хөнгөний байдал, гэмт хэрэг үйлдсэн газрыг харгалзаж үзэж, Хэлэлцэн тохирогч нөгөө Талын шаардлагыг илүү анхаарч шийдвэрлэнэ.
30 дугаар зүйл
Эд зүйлийг шилжүүлэх
1.Хэлэлцэн тохирогч нэг Тал гэмт этгээдийг шилжүүлэхдээ түүний хэрэг үйлдэх үедээ ашиглаж байсан эд зүйл болон гэмт хэргийн замаар олсон мөнгө, эд зүйлийг нөгөө Талдаа өгнө.
Энэхүү мөнгө, эд зүйлийг гэмт этгээд нь нас барсан ч нөгөө талдаа шилжүүлэн өгнө.
2.Энэ зүйлийн 1-д заасан мөнгө, эд зүйлийг хүлээн авсан Хэлэлцэн тохирогч Тал шүүн таслах ажиллагаа дууссаны дараа уг зүйлсийг эргүүлэн авах эрх бүхий этгээдэд шилжүүлэх зорилгоор даалгавар хүлээн авсан Хэлэлцэн тохирогч нөгөө Талд эргүүлэн өгнө.
3.Энэхүү зүйлийн 1,2-т дурдсан мөнгө, эд зүйл нь гаалийн татвар, хураамжаас чөлөөлөгдөнө.
31 дүгээр зүйл
Шилжүүлэн өгөхтэй холбогдсон зардал
Шилжүүлэн өгөхөд бэлтгэх зардлыг шилжүүлэн өгч байгаа Тал, бусад бүх зардлыг шаардлага тавьсан нөгөө Тал хариуцна.
32 дугаар зүйл
Эрүүгийн мөрдөн байцаалтан дүнг мэдэгдэх
1.Хэлэлцэн тохирогч хоёр Тал шилжүүлэн авсан этгээдийн талаар явуулсан эрүүгийн мөрдөн байцаалтын дүнг харилцан мэдээлж байна.Тухайн этгээдийн хувьд таслан шийдвэрлэх тогтоол гарсан бол түүнийг хүчин төгөлдөр болсны дараа хуулбарыг илгээнэ.
2.Хэлэлцэн тохирогч хоёр Тал Хэлэлцэн тохирогч нөгөө Талынхаа иргэнийг шийтгэсэн бол энэ тухайгаа харилцан мэдээлж байна.
Ш ХЭСЭГ
ТӨГСГӨЛИЙН ЗААЛТ
33 дугаар зүйл
Зөвлөлдөх, хамтран ажиллах
Хэлэлцэн тохирогч Талууд энэхүү Гэрээг амжилттай хэрэгжүүлэх, гэмт этгээдүүдтэй тэмцэхэд хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн тулд хуулийн холбогдох төв байгууллагуудын хооронд буюу дипломат шугамаар харилцан зөвлөлдөж, хамтран ажиллах явдлыг идэвхжүүлнэ.
34 дүгээр зүйл
Соёрхон батлах, хүчин төгөлдөр болох
Энэхүү Гэрээг соёрхон батлах бөгөөд Батламж жуух бичгийг Пхеньян хотод солилцсоноос хойш 30 хоногийн дараа хүчин төгөлдөр болно.
Энэхүү Гэрээний хүчинтэй байх хугацаа таван жил бөгөөд Хэлэлцэн тохирогч хоёр Талын аль нэг нь тухайн хугацаа дуусахаас зургаан сарын өмнө энэ гэрээг цуцлах тухайгаа бичгээр эс мэдэгдвэл түүний хүчинтэй байх хугацаа нь тав таван жилээр сунгагдаж байна.
Энэхүү гэрээг 1988 оны аравдугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотноо монгол, солонгос хэлээр тус бүр хоёр хувь үйлдэж гарын үсэг зурсан бөгөөд хоёр эх нь адил хүчинтэй байна.
БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ                                       БҮГД НАЙРАМДАХ АРДЧИЛСАН
АРД УЛСААС ЭРХ ОЛГОСНООР                                СОЛОНГОС АРД УЛСААС ЭРХ ОЛГОСНООР