Хэвлэх DOC Татаж авах
МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛС, БҮГД НАЙРАМДАХ БОЛГАР АРД УЛСЫН ХООРОНД ИРГЭНИЙ БА ГЭР БҮЛ, ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАЛААР ЭРХИЙН ТУСЛАЛЦАА ХАРИЛЦАН ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ ГЭРЭЭ

1968 оны 11 дүгээр сарын 27-нд Софи хотод



Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн Газар, Бүгд Найрамдах Болгар Ард Улсын Засгийн Газар,
Найрамдалт хоёр орны ард түмний хоорондын харилцааг хөгжүүлэн бэхжүүлэх нийтлэг эрмэлзлийг удирдлага болгон,
Эрхийн харилцааны талаар хамтран ажиллахын ач холбогдлыг чухалчлан үзээд, иргэний ба гэр бүл, эрүүгийн хэргийн талаар эрхийн туслалцаа харилцан үзүүлэх тухай Гэрээ байгуулахаар шийдвэрлэж,
Энэ зорилгоор Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн Газраас бүрэн эрхт төлөөлөгчөөр томилсон БНМАУ-ын Дээд Шүүхийн дарга ХОРЛООГИЙН ДАМДИН, Бүгд Найрамдах Болгар Ард Улсын Засгийн Газраас бүрэн эрхт төлөөлөгчөөр томилсон БНБАУ-ын Шүүх Яамны сайд СВEТЛА ДАСКАЛОВА нар тус тусын эрхийн үнэмлэхийг харилцан солилцож, зохих хэлбэр журмын дагуу үйлдсэн гэж үзээд дор дурдсан зүйлийг хэлэлцэн тохиролцов.
1 ХЭСЭГ
Ерөнхий заалт
Нэгдүгээр зүйл
Эрхийн хамгаалалт
1. Хэлэлцэн тохирогч нэг Этгээдийн харьяат иргэд Хэлэлцэн тохирогч нөгөө талын Этгээдийн нутагт хувийн ба эд хөрөнгийн эрхийн талаар Хэлэлцэн тохирогч тэр Этгээдийн харьяат иргэдийн нэг адил эрхийн хамгаалалттай байна.
2. Хэлэлцэн тохирогч нэг Этгээдийн харьяат иргэд нь Хэлэлцэн тохирогч нөгөө Этгээдийн шүүх, прокурор, нотариатын /цаашид ”хуулийн байгууллагууд” гэж нэрлэгдэх /байгууллагууд болон энэхүү гэрээнд заасан хэргийг авч хэлэлцэх эрх бүхий бусад байгууллагуудтай саадгүй чөлөөтэй харилцаж, Хэлэлцэн Тохирогч тэр Этгээдийн харьяат иргэдийн адил саналаа хэлэх эрэлт хүсэлт тавих, нэмэмжлэл гаргах бололцоотой байна.
3.Энэхүү Гэрээний заалтыг Хэлэлцэн тохирогч хоёр Этгээдийн хуулийн Этгээдэд зохих ёсоор хамааруулан хэрэглэнэ.
Хоёрдугаар зүйл
Эрхийн туслалцаа
1.Хэлэлцэн тохирогч хоёр Этгээдийн хуулийн байгууллагууд иргэний ба гэр бүл, эрүүгийн хэргийн талаар эрхийн туслалцаа харилцан үзүүлнэ.
2.Хуулийн байгууллагууд нь энэ зүйлийн 1-д заасан хэргийг авч хэлэлцэх эрх бүхий бусад байгууллагад нэг адил эрхийн туслалцаа үзүүлнэ.
Гуравдугаар зүйл
Харилцах журам
Энэхүү Гэрээгээр өөр журам тогтоогоогүй учраас хуулийн байгууллагууд эрхийн туслалцаа үзүүлэхдээ өөрсдийн төвийн байгууллагаараа дамжуулан харилцаж байна.
Дөрөвдүгээр зүйл
Эрхийн туслалцаа үзүүлэх хир хэмжээ Хэлэлцэн тохирогч хоёр Этгээд бичиг баримтыг үйлдэх, хүргүүлэх, гардуулах, нэгжлэг хийх, эд мөрийн баримтыг хураан авах, хүргүүлэх, шилжүүлэн өгөх, шинжлэх, яллагдагч, гэрч, шинжээчийг байцаах, зохигчид болон бусад этгээдээс учрыг асуух, түүнчлэн шүүхийн үзлэг хийх зэрэг байцаан шийтгэх зарим ажиллагааг гүйцэтгэх замаар эрхийн туслалцаа харилцан үзүлнэ.
Тавдугаар зүйл
Эрхийн туслалцааны тухай хүсэлтийн агуулга
1.Эрхийн туслалцаа үзүүлэх тухай хүсэлт нь доорхи зүйлийг багтаасан байвал зохино:
а/хүсэлт гаргагч байгууллагын нэр;
б/хүсэлт хүлээн авагч байгууллагын нэр;
в/эрхийн туслалцаа авахаар хүсэлт гаргаж байгаа хэргийг нэрлэх;
г/зохигчид, яллагдагч, шүүгдэгч, шийтгэгдсэн этгээдийн овог нэр, хаяг, түүний харьяатын байдал;
д/зохигчдын төлөөлөгчийн овог нэр, хаяг;
е/ даалгаврын агуулга, түүнийг гүйцэтгэхэд шаардагдах мэдээ сэлт;
ж/эрүүгийн хэргийн талаар бол гэмт хэргийг тодорхойлон, хуулийн зүйл ангийг заах.
2.Хуулийн байгууллагууд нь эрхийн туслалцаа үзүүлэх талаар харилцахдаа Хэлэлцэн тохирогч хоёр Этгээдийн хэлээр буюу орос хэлээр үйлдсэн маягт хэрэглэж болох бөгөөд түүний загварыг харилцан солилцоно.
3.Эрхийн туслалцаа үзүүлэх тухай хүсэлт нь тамга, гарын үсэгтэй байвал зохино.
Зургадугаар зүйл
Эрхийн туслалцаа үзүүлэх тухай хүсэлтийг гүйцэтгэх журам
1.Эрхийн туслалцаа үзүүлэх тухай хүсэлтийг хүлээн авагч байгууллага нь биелүүлэхдээ өөрийн улсын хууль тогтоомжийг баримтална. Гэхдээ уг хүсэлтийг хүлээн авагч байгууллага өөрийн улсын хууль тогтоомжинд харшлахгүй бол хүсэлт гаргагч байгууллагын хүсэлтээр Хэлэлцэн тохирогч нөгөө Этгээдийнхээ хууль тогтоомжийг баримталж болно.
2.Хэрэв хүсэлт хүлээн авагч байгууллага нь хүсэлтийг шийдвэрлэх эрхгүй байвал хүсэлтийг шийдвэрлэх эрх бүхий байгууллагад уг хүсэлтийг шилжүүлээд, энэ учрыг хүсэлт гаргагч байгууллагад мэдэгдэнэ.
3.Хэрэв хүсэлтэд дурдсан этгээдийн тодорхой хаяг мэдэгдэхгүй байвал хүсэлт хүлээн авагч байгууллага уг хаягийг тогтооход шаардагдах арга хэмжээ авах ба хаяг нь тогтоогдоогүй байвал энэ талаар хүсэлт гаргагч байгууллагад мэдэгдэж, хуулийн туслалцаа үзүүлэх тухай хүсэлттэй холбогдсон бичиг баримтыг түүнд эгүүлэн хүргүүлнэ.
4.Хүсэлтийг хүлээн авагч байгууллага түүнийг хаана, хэзээ гүйцэтгэснээ цаг тухайд нь хүсэлт гаргагч байгууллагад мэдэгдэнэ.
5.Хүсэлтийг хүлээн авагч байгууллага түүнийг биелүүлсний дараа хүсэлт гаргагч байгууллагад бичиг баримтыг эгүүлэн хүргүүлэх буюу хүсэлтийг биелүүлэхэд саад бэрхшээл тохиолдсоныг мэдэгдэнэ.
Долдугаар зүйл
Гэрч, шинжээчийн халдашгүй эрх
1.Хүсэлт хүлээн авагч Хэлэлцэн тохирогч Этгээдийн хуулийн байгууллагын гардуулан өгсөн дуудлагаар хүсэлт гаргагч Хэлэлцэн тохирогч Этгээдийн байгууллагад хүрэлцэн ирсэн гэрч буюу шинжээчийг ямар улсын харьяат болохыг нь харгалзахгүй, эрүүгийн хариуцлагад татах буюу хэлэлцэж байгаа хэрэгт холбогдуулан баривчлан хорих, эсхүл тэр улсын нутагт орохын өмнө үйлдсэн гэмт хэргийн учир эрүүгийн ял оногдуулах явдлыг гаргаж болохгүй.
2.Гэрч буюу шинжээч дуудсан байгууллагаас цааших байх шаардлагагүйгээ ч түүнд мэдэгдсэнээс хойш долоо хоногийн дотор тэр улсын нутгаас гарч явахгүй бол халдашгүй эрхээ алдана, Гэвч гэрч буюу шинжээчээс хамаарахгүй шалтгаанаар тэр улсын нутгаас гарч чадаагүй саатсан хоногийг энэ хугацаанд оруулан тооцохгүй.
Наймдугаар зүйл
Бичиг баримтыг гардуулах
1.Хэрэв бичиг баримтууд нь хүсэлт хүлээн авагч хуулийн байгууллагын харьяалагдах улсын хэлээр бичигдсэн буюу баталгаа бүхий орчуулгатай байвал уг байгууллага нь тэдгээр бичиг баримтыг гардуулан өгөхдөө энэ талаар өөрийн улсын дотор дагаж мөрдөж байгаа журмыг баримтлан гүйцэтгэнэ.Дээр дурдсан болзлыг хангаагүй бич иг баримтыг сайн дураараа хүлээн авахыг зөвшөөрсөн этгээдэд хуулийн байгууллага шилжүүлэн өгч болно.
2.Гардуулах тухай хүсэлтэд хүлээн авагчийн тодорхой хаяг, бичиг баримтын нэрийг заасан байвал зохино.
3.Хэрэв заасан хаягаар бичигбаримтыг гардуулж чадахгүйд хүрвэл хүсэлт хүлээн авагч байгууллага нь хаягийг тогтооход шаардагдах арга хэмжээ авч, хэрэв хаяг нь тогтоогдохгүй байвал энэ тухай хүсэлт гаргагч байгууллагад мэдэгдэж, уг бичиг баримтыг эгүүлж хүргүүлнэ.
Есдүгээр зүйл
Бичиг баримтыг гардуулсны нотолгоо
Хүсэлт хүлээн авагч байгууллага нь бичиг баримтыг өөрийн улсад дагаж мөрддөг журмын дагуу гардуулснаа нотолбол зохино.Уг нотолгоонд бичиг баримтыг хаана, хэдийд, хэнд гардуулснаа заах ёстой.
Аравдугаар зүйл
Өөрийн улсын иргэдэд бичиг баримтыг гардуулах
1.Хэлэлцэн тохирогч хоёр Этгээд дипломат төлөөлөгчийн ба консулын газраараа дамжуулан бичиг баримтыг өөрийн улсын иргэдэд гардуулах эрхтэй.
2.Ингэж гардуулахдаа албадах арга хэрэглэж болохгүй.
Арван нэгдүгээр зүйл
Бичиг баримтыг хүчингүйд тооцох
1.Хэлэлцэн тохирогч нэг Этгээдийн байгууллагын эрх хэмжээнд тогтоогдсон хэлбэрээр зохиосон буюу гэрчилсэн бөгөөд тамга дарсан бичиг баримтуудыг Хэлэлцэн тохирогч нөгөө Этгээдийн нутаг дэвсгэр дээр ямар нэгэн өөр баталгаагүйгээр хүлээн авах болно.Хэрэв зохих Хэлэлцэн тохирогч Этгээдийн байгууллагаас зохих журмаар гэрчилсэн бол дээрх зүйл хувийн бичиг баримтад зурсан гарын үсэгт нэг адил хамаарна.
2. Хэлэлцэн тохирогч нэг Этгээдийн нутагт албан ёсны гэж үзсэн бичиг баримт нь Хэлэлцэн тохирогч нөгөө Этгээдийн нутагт нэгэн адил хүчин төгөлдөр байна.
Арван хоёрдугаар зүйл
Эрхийн туслалцаа үзүүлэхтэй холбогдох зардал
1.Эрхийн туслалцаа үзүүлэхдээ хүсэлт хүлээн авсан Хэлэлцэн тохирогч хоёр Этгээд нь эрхийн туслалцаа үзүүлэхэд гарсан зардлыг нөхөн төлөхийг шаардахгүй. Өөрийн нутаг дэвсгэр дээр эрхийн туслалцаа үзүүлэхтэй холбогдон гарсан зардлыг Хэлэлцэн тохирогч Этгээдүүд тус тусдаа хариуцна.
2.Хүсэлт хүлээн авагч байгууллага нь уг хүсэлтийг гаргагч байгууллагад гарсан зардлын хэмжээг мэдэгдэнэ.Хэрэв хүсэлт гаргасан байгууллага төлөх үүрэг бүхий этгээдээс энэ зардлыг төлүүлбэл тэр нь уг зардлыг гаргуулж авсан Хэлэлцэн тохирогч Этгээдийн орлого болно.
Арван гуравдугаар зүйл
Байгаа газрыг эрэн сурвалжлах
Хэрэв Хэлэлцэн тохирогч нэг Этгээдийн харьяат иргэн нөгөө Хэлэлцэн тохирогч Этгээдийн нутаг дэвсгэрт байгаа хаяг нь тодорхойгүй иргэнтэй холбогдсон эрхийн асуудлыг хэрэгжүүлэхийг хүсвэл төвийн байгууллагууд 3-р зүйлд заасны дагуу тэр иргэнийг сурвалжлан олох арга хэмжээ авна.
Арван дөрөвдүгээр зүйл
Эрхийн асуудлаар харилцан мэдээлэх
1.Хэлэлцэн тохирогч хоёр Этгээдийн хуулийн байгууллага нь тус тусын улсад дагаж шийтгүүлсэн хууль тогтоомжийн тухай нэг нэгэндээ мэдээлж байна.
2.Хэлэлцэн тохирогч хоёр этгээдийн хууль, прокурорын байгуулллагууд нь иргэний болон гэр бүл, эрүүгийн хэргүүдийг хянан шийдвэрлэгч байгууллагын ажлын туршлагыг нэг нэгэндээ мэдээлж байна. .
Арван тавдугаар зүйл
Хэл
Хэлэлцэн тохирогч хоёр Этгээдийн байгууллага харилцахдаа төрөлх буюу орос хэлийг хэрэглэнэ.
Дагаж шийтгүүлэн буй хууль тогтоомжийн тухай мэдээллийг орос хэл дээр солилцохыг хичээнэ.
П ХЭСЭГ
Иргэний ба гэр бүлийн хэргийн талаар үзүүлэх эрхийн туслалцаа
Нэгдүгээр бүлэг
Иргэний хэргийн талаар
Арван зургадугаар зүйл
Иргэний эрх олох, үүрэг хүлээх чадвар
1.Хэлэлцэн тохирогч хоёр Этгээдийн харьяатын иргэний эрх олох, үүрэг хүлээх чадварыг тус тусын улсын хууль тогтоомжоор тодорхойлно.
2.Хуулийн этгээдийн эрхийн чадварыг уг хуулийн этгээдийн байгуулсан Хэлэлцэн тохирогч улсын хууль тогтоомжоор тодорхойлно.
3.Өдөр тутмын хэрэгцээг хангахын тулд хэлцэл байгуулахад зохигчдын эрх олгох, үүрэг хүлээх чадварыг нутаг дэвсгэр дээр нь хэлцэл байгуулж байгаа нь хэлэлцэн тохирогч этгээдийн хууль тогтоомжоор тодорхойлно..
Арван долдугаар зүйл
Иргэнийг сураггүй алга болсон буюу нас барсан гэж зарлах, нас барсныг тогтоох
1.Аль нэг иргэнийг сураггүй алга болсон буюу нас барсан гэж зарлах, нас барсныг тогтоох явдлыг сүүлчийн мэдээ баримтаар уг иргэн харьяат нь байсан Хэлэлцэн тохирогч Этгээдийн зохих байгууллага гүйцэтгэнэ.
2.Хэлэлцэн тохирогч нэг этгээдийн хууль тогтоомжоор эрх ашиг нь хамгаалагдсан бөгөөд мөн этгээдийн нутаг дэвсгэр дээр оршин суугаа зохигчийн хүсэлтээр Хэлэлцэн тохирогч Этгээдийн аль нэгний хуулийн байгууллагууд Хэлэлцэн тохирогч нөгөө Этгээдийнхээ иргэнийг сураггүй алга болсон буюу нас барсан гэж зарлаж нас барсныг нь тогтоож болно.
3.Хуулийн байгууллагаас энэ зүйлийн 1, 2-т заасан хэргийн талаар тус тусынхаа улсын хууль тогтоомжийг баримтална.
Хоёрдугаар бүлэг
Гэр бүлийн хэргийн талаар
Арван наймдугаар зүйл
Гэрлэлт
1.Гэрлэлтийг бүртгэх хэлбэрийн талаар нутаг дэвсгэр дээр нь гэрлэж байгаа Хэлэлцэн тохирогч Этгээдийн хууль тогтоомжийг баримтална.
2.Дипломат төлөөлөгчийн ба консулын газар гэрлэлтийг бүртгэх хэлбэрийн талаар төлөөлсөн улсынхаа хууль тогтоомжийг баримтална.
3.Гэрлэх үндсэн нөхцлийг гэрлэгч тус бүрийн харьяалагдаж байгаа Хэлэлцэн тохирогч Этгээдийн хууль тогтоомжоор тодорхойлно.
Арван есдүгээр зүйл
Гэрлэгсдийн хувийн ба эд хөрөнгийн харилцаа
1.Хэрэв гэрлэгсэд хоёулаа Хэлэлцэн тохирогч нэг Этгээдийн харьяат бөгөөд Хэлэлцэн тохирогч нөгөө Этгээдийн нутаг дэвсгэрт сууж байгаа бол тэдний хувийн ба эд хөрөнгийн харилцаанд харьяалагдаж байгаа Хэлэлцэн тохирогч Этгээдийнх нь хууль тогтоомжийг баримтална.
2.Хэрэв гэрлэгсэд нь өөр өөр Хэлэлцэн тохирогч Этгээдийн харьяат бол тэдний хувийн ба эд хөрөнгийн харьцааны талаар нутаг дэвсгэр дээр нь сууж байсан буюу сууж байгаа Хэлэлцэн тохирогч Этгээдийн хууль тогтоомжийг баримтална.
3.Энэ зүйлийн 1, 2-т дурдсан тохиолдолд Хэлэлцэн тохирогч хоёр Этгээдийн байгууллага уг асуудлыг шийдвэрлэх эрхтэй.
Хорьдугаар зүйл
Гэрлэлтийг цуцлах
1.Гэрлэгсэд хоёулаа аль нэг Хэлэлцэн тохирогч Этгээдийн харьяат бөгөөд гэрлэлтээ цуцлах үедээ нөгөө Хэлэлцэн тохирогч Этгээдийн нутаг дэвсгэрт оршин сууж байвал гэрлэлтийг цуцлахад тэдний харьяалагдаж байгаа Хэлэлцэн тохирогч Этгээдийн хууль тогтоомжийг баримтална.Гэрлэлтийг цуцлах тухай хэргийг Хэлэлцэн тохирогч хоёр Этгээдийн хуулийн байгууллага авч хэлэлцэх эрхтэй.Хэрэв гэрлэлтээ цуцлах үед гэрлэгсэд өөр өөр Хэлэлцэн тохирогч Этгээдийн нутаг дэвсгэрт оршин суугаа бол тэдний харьяалагдаж байгаа Хэлэлцэн тохирогч Этгээдийн хуулийн байгууллага уг хэргийг шийдвэрлэх эрхтэй.
2.Хэрэв гэрлэлтийг цуцлах үед гэрлэгсэд өөр өөр Хэлэлцэн тохирогч Этгээдийн харьяат бөгөөд хоёулаа Хэлэлцэн тохирогч нэг Этгээдийн нутаг дэвсгэрт буюу өөр өөр Хэлэлцэн тохирогч Этгээдийн нутаг дэвсгэрт оршин сууж байвал гэрлэлтийг цуцлах асуудлыг Хэлэлцэн тохирогч хоёр Этгээдийн хуулийн байгууллага шийдвэрлэх эрхтэй болно.Хэргийг авч хэлэлцэж байгаа хуулийн байгууллага нь өөрийн улсын хууль тогтоомжийг баримтална.
Хорин нэгдүгээр зүйл
Гэрлэлтийг хүчингүйд тооцох нь
1.Гэрлэх хэлбэрийг сахиж биелүүлээгүй шалтгаанаар гэрлэлтийг хүчингүйд тооцохдоо нөхөр, эхнэр хоёулаа буюу аль нэгний харьяат нь байгаа Хэлэлцэн тохирогч Этгээдийн хууль тогтоомжийг баримтална.
2.Гэрлэх үндсэн нөхцлийг биелүүлээгүй шалтгаанаар гэрлэлтийг хүчингүйд тооцохдоо арван наймдугаар зүйлийн 3-т заасныг баримтална.
3.Гэрлэлтийг хүчингүйд тооцох тухай хуулийн байгууллагын эрх хэмжээг хорьдугаар зүйлийн заалтаар тодорхойлно.
Хорин хоёрдугаар зүйл
Эцэг, эх ба хүүхдийн эрхийн харилцаа
1.Хүүхдийн эцэг мөн эсэх тухай маргааны болон түүнийг магадлан тогтоох талаар төрсөн хүүхдийн харьяалагдаж байгаа Хэлэлцэн тохирогч Этгээдийн хууль тогтоомжийг баримтална.
2.Эцэг эх ба хүүхдийн хоорондын эрхийн бусад харьцааны талаар хүүхдийн харьяалагдаж байгаа Хэлэлцэн тохирогч Этгээдийн хууль тогтоомжийг баримтална.
3.Энэ зүйлийн 1, 2-т заасан хэргийн талаар бол нутаг дэвсгэрт нь хүүхэд оршин суугаа Хэлэлцэн тохирогч Этгээдийн хуулийн байгууллага хэргийг шийдвэрлэх эрхтэй.
Хорин гуравдугаар зүйл
Хүүхдийн тэтгэвэр төлөх үүрэг
1.Гэр бүлийн хуулиар хүүхдийн тэтгэвэр төлөх үүргийн талаар тэтгэвэр авах эрх бүхий зохигчийн харьяалагдаж буй Хэлэлцэн тохирогч Этгээдийн хууль тогтоомжийг браимтална.
2.Энэ зүйлийн 1-д дурдсан хэргийг тэтгэвэр авбал зохих хүн нутаг дэвсгэр дээр нь оршин сууж байгаа Хэлэлцэн тохирогч Этгээдийн хуулийн байгууллага шийдвэрлэх эрхтэй.
Хорин дөрөвдүгээр зүйл
Үрчлэлт
1.Хүүхэд үрчлэхэд үрчлэгчийн харьяалагдаж байгаа Хэлэлцэн тохирогч Этгээдийн хууль тогтоомжийг баримтална.
2.Хэрэв хүүхдийн харьяалагдаж байгаа Хэлэлцэн тохирогч Этгээдийн хууль тогтоомжоор шаардагдвал хүүхдийг үрчлэхдээ хүүхдийн ба бусад хүн буюу байгууллагын зөвшөөрлийг авна.
3.Хэрэв хүүхэд үрчлэлт нөхөр, эхнэр хоёр өөр өөр Хэлэлцэн тохирогч Этгээдийн харьяат байвал Хэлэлцэн тохирогч хоёр Этгээдийн хууль тогтоомжийг баримтална.
4.Хүүхэд үрчлэх үед үрчлэгчийн харьяалагдаж байгаа Хэлэлцэн тохирогч Этгээдийн байгууллагууд үрчлэх тухай асуудлыг шийдвэрлэх эрхтэй байна.Харин энэ зүйлийн 3-т заасан тохиолдолд нөхөр, эхнэр хоёр нутаг дэвсгэрт нь байнга оршин сууж байсан буюу сууж байгаа Хэлэлцэн тохирогч Этгээдийн байгууллага дээрх асуудлыг шийдвэрлэх эрхтэй.
5.Үрчлэлтийг өөрчлөхөд энэ зүйлийн заалтыг нэг адил баримтална.
Хорин тавдугаар зүйл
Асран хамгаалах ба харгалзан дэмжих
1.Энэхүү Гэрээнд өөрөөр заагаагүй учир Хэлэлцэн тохирогч хоёр Этгээдийн иргэдийг асран хамгаалах, харгалзан дэмжих явдлыг асран хамгаалуулах буюу харгалзан дэмжүүлэх иргэний харьяалагдаж байгаа Хэлэлцэн тохирогч Этгээдийн байгууллага тогтооно.
2.Асран хамгаалагч буюу харгалзан дэмжигч,асруулагч буюу дэмжүүлэгчийн хоорондын эрхийн харилцааг асран хамгаалагч буюу харгалзан дэмжигчийг томилсон Хэлэлцэн тохирогч Этгээдийн хууль тогтоомжийг хэрэглэнэ.
3.Асран хамгаалах буюу харгалзан дэмжих үүрэг оногдуулахад асрагч буюу дэмжигчийн харьяалагдах Хэлэлцэн тохирогч Этгээдийн хууль тогтоомжоор тодорхойлно.
4. Хэлэлцэн тохирогч нэг Этгээдийн нутаг дэвсгэр дээр оршин сууж байгаа иргэний асран хамгаалагч буюу харгалзан дэмжигчээр Хэлэлцэн тохирогч нөгөө Этгээдийн иргэнийг томилж болох бөгөөд тухайн үед тэр иргэн нь асрамж буюу тэтгэмж биелэгдэх Хэлэлцэн тохирогч Этгээдийн нутаг дэвсгэр дээр оршин суудаг ба түүнийг томилох нь асруулагч буюу дэмжүүлэгчийн ашиг сонирхолд нийцсэн байвал зохино.
Хорин зургадугаар зүйл
1.Хэрэв Хэлэлцэн тохирогч нэг Этгээдийн нутаг дэвсгэрдээр байрлаж оршин суугаа буюу эд хөрөнгө нь байгаа аль нэг Хэлэлцэн тохирогч Этгээдийн иргэнд асран хамгаалагч буюу харгалзан дэмжигчийг томилох шаардлагатай бол энэ тухай хорин тавдугаар зүйлийн 1-д заасан зохих байгууллагад тэр нөгөө Хэлэлцэн тохирогч Этгээдийн байгууллагаас нэн даруй мэдэгдэнэ.
2.Хойшлуулшгүй яаралтай үед Хэлэлцэн тохирогч нөгөө Этгээдийн байгууллага нь өөрийн хууль тогтоомжийн дагуу шаардагдах арга хэмжээ авч, энэ тухайгаа хорин тавдугаар зүйлийн 1-д заасан байгууллагад нэн даруй мэдэгдэх ёстой.Энэ арга хэмжээ нь дурдсан байгууллагаас өөр шийдвэр гаргах хүртэл хүчин төгөлдөр байна.
Хорин долдугаар зүйл
1.Хэрэв нутаг дэвсгэр дээр нь асруулагч буюу дэмжүүлэгч оршин суугаа буюу байрлаж байгаа, эсвэл эд хөрөнгө нь байгаа бол хорин тавдугаар зүйлийн 1-д дурдсан Хэлэлцэн тохирогч Этгээдийн байгууллага нь асрамж буюу дэмжлэгийг нөгөө Хэлэлцэн тохирогч Этгээдийн байгууллагад шилжүүлж болно.Хүсэлт хүлээн авагч байгууллага асрамж буюу тэтгэмжийг биелүүлэхээр хүлээн авч байгаагаа хүсэлт гаргагч байгууллагад мэдэгдсэнээр уг эрхийг шилжсэн гэж тооцно.
2.Асран хамгаалах, харгалзан дэмжих үүргийг биелүүлэхээр хүлээн авсан байгууллага өөрийн улсын хуультогтоомжийг баримтлах боловч иргэний эрхийн чадвар, эрх олох, үүрэг хүлээх чадварын талаар асруулан дэмжүүлэгчийн харьяалагдах Хэлэлцэн тохирогч Этгээдийн хууль тогтоомжийг баримтална. Эдгээр байгууллага нь асран хамгаалуулагч буюу харгалзан дэмжүүлэгчийн хувийн байдалд холбогдсон шийдвэр гаргах эрхгүйн дээр түүний харьяалагдах Хэлэлцэн тохирогч Этгээдийн хууль тогтоомжийн шаардлагад харшилбал түүнд гэрлэх зөвшөөрөл олгохгүй байна.
Гуравдугаар бүлэг
Эд хөрөнгийн хэрэг
Хорин наймдугаар зүйл
Эрхийн хэлцлийн хэлбэр
1.Эрхийн хэлцлийн хэлбэрийг уг хэлцлийн талаар баримтлах хуулиар тодорхойлно.Гэвч хэлцэл байгуулсан орны хууль тогтоомжийг баримтлахад хангалттай гэж үзнэ.
2.Үл хөдлөх эд хөрөнгийн хэлцлийн хэлбэрийг нутаг дэвсгэр дээр нь уг эд хөрөнгө байгаа Хэлэлцэн тохирогч Этгээдийн хууль тогтоомжоор тодорхойлно.
Хорин есдүгээр зүйл
Үл хөдлөх эд хөрөнгө
1.Үл хөдлөх эд хөрөнгийн хувьд нутаг дэвсгэр дээр нь уг үл хөдлөх эд хөрөнгө байгаа Хэлэлцэн тохирогч Этгээдийн хууль тогтоомжийг баримтлах бөгөөд хуулийн байгууллага нь энэ асуудлыг авч хэлэлцэх эрхтэй.
2.Энэ зүйлийн 1-д дурдагдсан заалтыг нөхөр,эхнэр хоёрын эд хөрөнгийн харилцааны талаар үл баримтална.
Дөрөвдүгээр бүлэг
өв залгамжлалын хэрэг
учдугаар зүйл
Тэгш эрхийн зарчим
1. Хэлэлцэн тохирогч нэг Этгээдийн иргэн Хэлэлцэн тохирогч нөгөө Этгээдийн нутаг дэвсгэрт буй эд хөрөнгийг хууль ёсоор буюу гэрээслэлээр өвлөхдөө нөгөө Хэлэлцэн тохирогч Этгээдийн иргэний нэг адил эрх эдэлнэ.
2.Хэлэлцэн тохирогч нэг Этгээдийн иргэн нь Хэлэлцэн тохирогч нөгөө Этгээдийн нутаг дэвсгэр дээр байгаа эд хөрөнгийн талаар гэрээслэл үйлдэж болно.
Гучин нэгдүгээр зүйл
Өв залгамжлах эрх
1.Хөдлөх эд хөрөнгийг өвлөх эрхийг өв үлдээгч нас барах үедээ иргэн нь байсан Хэлэлцэн тохирогч Этгээдийн хууль тогтоомжоор зохицуулна.
2.Үл хөдлөх эд хөрөнгийг өвлөх эрхийг нутаг дэвсгэр дээр нь уг үл хөдлөх эд хөрөнгө байгаа Хэлэлцэн тохирогч Этгээдийн хууль тогтоомжоор зохицуулна.
Гучин хоёрдугаар зүйл
Эзэнгүй болсон эд хөрөнгө
Эзэнгүй болсон хөдлөх эд хөрөнгө нь өв үлдээгч нас барах үедээ иргэн нь байсан улсын орлого болно. Харин эзэнгүй болсон үл хөдлөх хөрөнгө нутаг дэвсгэр дээр нь байгаа улсынхаа орлого болгоно.
Гучин гуравдугаар зүйл
Гэрээслэл
1.Гэрээслэл үйлдэх буюу түүнийг өөрчлөх чадвар болон бодол хүслээ буруу дутуу илэрхийлснээс үүсэх эрхийн хор уршгийг өв үлдээгч бодол хүслээ илэрхийлэх үедээ иргэн нь байсан Хэлэлцэн тохирогч Этгээдийн хууль тогтоомжоор тодорхойлно.
2.Гэрээслэл үйлдэх хэлбэрийг өв үлдээгч гэрээслэх үедээ иргэн нь байсан Хэлэлцэн тохирогч Этгээдийн хууль тогтоомжоор тодорхойлно.Гэвч гэрээлслэлийг нутаг дэвсгэр дээр нь үйлдсэн Хэлэлцэн тохирогч Этгээдийн хууль тогтоомжийг баримтлахад хангалттай болно.Гэрээслэлийг өөрчлөхөд энэ заалтыг нэгэн адил баримтална.
Гучин дөрөвдүгээр зүйл
Эрх хэмжээ
1.Хөдлөх эд хөрөнгийг өвлөх тухай асуудлыг өв үлдээгч нас барах үедээ иргэн нь байсан Хэлэлцэн тохирогч Этгээдийн байгууллагууд авч хэлэлцэнэ.
2.Үл хөдлөх эд хөрөнгийг өвлөх тухай асуудлыг нутаг дэвсгэр дээр нь уг үл хөдлөх эд хөрөнгө байгаа Хэлэлцэн тохирогч Этгээдийн байгууллага авч хэлэлцэнэ.
3.Энэ зүйлийн 1, 2-т дурдсан заалтуудыг өв залгамжлахтай холбогдон гарсан маргааныг хэлэлцэхэд баримтална.
4.Хэрэв бүх хөдлөх эд хөрөнгө нь Хэлэлцэн тохирогч нэг Этгээдийн нутаг дэвсгэр дээр байгаа бол өв залгамжлах гэрээслэл хүлээн авсан бүх өв залгамжлагч буюу иргэний зөвшөөрөлтэйгээр өв залгамжлахтай холбогдсон асуудлыг аль нэгэн өв залгамжлагч буюу иргэний хүсэлтээр тэрхүү Хэлэлцэн тохирогч Этгээдийн байгууллага авч хэлэлцэж болно.
Гучин тавдугаар зүйл
Өв үлдээгч нас барсан тухай мэдээлэх
1.Хэрэв Хэлэлцэн тохирогч нэг Этгээдийн иргэн Хэлэлцэн тохирогч нөгөө Этгээдийн нутаг дэвсгэр дээр нас барвал талийгаачийн орны дипломат төлөөлөгчийн ба консулын газарт орон нутгийн зохих байгууллага нэн даруй мэдэгдэж, өв залгамжлагч, түүний оршин суудаг газар, хаяг, өвлөх эд хөрөнгө, мөн түнчлэн гэрээслэл үйлдсэн байвал энэ талаар мэдсэн бүхнээ мэдэгдэнэ.Нас барагч гурав дахь улсад эд хөрөнгө үлдээснийг мэдвэл орон нутгийн байгууллага мөн нэгэн адил мэдэгдэх ёстой.
2. Хэлэлцэн тохирогч нэг Этгээдийн нутаг дэвсгэр дээр өв нээх үед өвлөгч буюу гэрээслэл хүлээн авсан иргэд Хэлэлцэн тохирогч нөгөө Этгээдийн харьяат бөгөөд тэнд оршин сууж байгаа бол өв нээгдсэн газрын орон нутгийн захиргааны байгууллага энэ тухай Хэлэлцэн тохирогч нөгөө Этгээдийн дипломат төлөөлөгчийн буюу консулын газарт нэн даруй мэдэгдэнэ.
Гучин зургаадугаар зүйл
Өв залгамжлал явуулахад дипломат төлөөлөгчийн ба консулын газрын эдлэх эрх
1. Хэлэлцэн тохирогч нэг Этгээдийн дипломат төлөөлөгчийн ба консулын газар нь Хэлэлцэн тохирогч нөгөө Этгээдийн байгууллагад өөрийн иргэдийн ашиг сонирхлыг мөнхүү иргэд болон тэдний төлөөний хүмүүсийн эзгүй үед тусгайлан авсан даалгаваргүйгээр төлөөлж болно.
2.Хэлэлцэн тохирогч нэг Этгээдийн иргэн Хэлэлцэн тохирогч нөгөө Этгээдийн нутаг дэвсгэр дээр түр байх үедээ нас барвал түүний авч явсан эд агуурсыг харьяат улсын нь дипломат төлөөлөгчийн ба консулын газарт албан ёсоор болгох гэлгүй шууд шилжүүлнэ.
Гучин долдугаар зүйл
Гэрээслэлийг зарлах
Гэрээлсэлийг зарлах явдлыг уг гэрээслэл нутаг дэвсгэр дээр нь байгаа Хэлэлцэн тохирогч Этгээдийн байгууллага гүйцэтгэнэ. Гэрээслэлийн нотолгоотой хуулбар, уг гэрээслэлийг зарласан тухай протокол, мөн шаардлагатай бол уул гэрээслэлийн эх хувийг авч хэлэлцэх эрх бүхий Хэлэлцэн тохирогч нөгөө Этгээдийн байгууллагад явуулна.
Гучин наймдугаар зүйл
Өв хөрөнгийг хамгаалах арга хэмжээ
1.Хэлэлцэн тохирогч нөгөө Этгээдийн иргэний үлдээсэн өв хөрөнгө нутаг дэвсгэр дээр нь байгаа Хэлэлцэн тохирогч Этгээдийн байгууллага уг өв хөрөнгийг хадгалж хамгаалахад зайлшгүй шаардагдах арга хэмжээг өөрийн улсын хууль тогтоомжийн дагуу авах ёстой.
2.Энэ зүйлийн 1-д заасны дагуу авсан арга хэмжээнийхээ тухай уул арга хэмжээнд оролцон хэрэгжүүлж болох нөгөө Хэлэлцэн тохирогч Этгээдийн дипломат төлөөлөгчийн ба консулын газарт яаралтай мэдэгдэнэ.
Тэрхүү дипломат төлөөлөгчийн ба консулын газрын саналаар энэ зүйлийн 1-д заасан ёсоор авсан арга хэмжээг өөрчилж, хүчингүй болгож, хойшлуулж болно.
3.Өв залгамжлалын хэргийг авч хэлэлцэх эрх бүхий байгууллагын шаардлагаар энэ зүйлийн 1-д заасан ёсоор авагдсан арга хэмжээнүүдийг хүчингүй болгож болно.
Гучин есдүгээр зүйл
Өв хөрөнгийг тавьж олгох
1.Хэрэв хөдлөх хөрөнгийг буюу борлуулсан хөдлөх ба үл хөдлөх хөрөнгийн үнийг өв залгамжлалын хэргийг авч хэлэлцсэний дараа Хэлэлцэн тохирогч нөгөө Этгээдийн нутаг дэвсгэрт оршин суудаг бөгөөд уг хэргийг авч хэлэлцэхэд оролцоогүй буюу төлөөлөх хүнээ ирүүлээгүй боловч гэрээслэл хүлээн авсан буюу өв залгамжилсан хүнд тавьж олговол зохих уг хөдлөх хөрөнгө буюу хөрөнгийг борлуулж оруулсан мөнгийг тэрхүү Хэлэлцэн тохирогч Этгээдийн дипломат төлөөлөгчийн буюу консулын газарт шилжүүлж өгнө.
2.Энэ зүйлийн 1-д заасан ёсоор өв хөрөнгийг шилжүүлэн өгөхдөө дор дурдсан журмыг баримтална.Үүнд:
а/ өв хөрөнгө оршиж байгаа Хэлэлцэн тохирогч Этгээдийн хууль тогтомжийн дагуу тодорхой хугацаанд гаргасан зээл олгогчийн нэхэмжлэлийг төлж гүйцэтгэсэн бол;
б/төлбөл зохих бүх хураамж, татварыг төлсөн бол;
в/хөдлөх хөрөнгийг авч гарах буюу хөрөнгө борлуулсан үнийг гуйвуулах зөвшөөрлийг зохих байгууллагаас олгосны дараа тус тус шилжүүлнэ.
Тавдугаар бүлэг
Шүүхийн зардал
Дөчдүгээр зүйл
Шүүхийн зардал төлөхөөс чөлөөлөх
Хэлэлцэн тохирогч хоёр Этгээдийн аль нэгний иргэнээс нөгөө Хэлэлцэн тохирогч Этгээдийн шүүхийн ажиллагаанд оролцож, тэр улсын нутаг дэвсгэр дээр байхад нь зөвхөн гадаадын харьяат гэх буюу эсгүүл тэр улсад байнга оршин суудаг байрласан газаргүй, түр ирээд бүртгэгдээгүй байгаа гэх үндсэн дээр шүүхийн зардал төлөхийг шаардаж болохгүй.
Дөчин нэгдүгээр зүйл
Шүүх ажиллагааны хөнгөлөлт
Хэлэлцэн тохирогч нэг Этгээдийн иргэн, Хэлэлцэн тохирогч нөгөө Этгээдийн нутаг дэвсгэр дээр хэрэг хэлэлцүүлсний зардал, хураамжаас чөлөөлөгдөж, үнэ төлбөргүй эрхийн туслалцаа болон бусад хөнгөлөлтөөр тэдний өөрийнх нь иргэдийн нэг адил хэмжээ, нөхцөлөөр хангагдана.
Дөчин хоёрдугаар зүйл
1.Хувийн ба гэр бүл, эд хөрөнгийн тухай бичиг баримтыг дөчин нэгдүгээр зүйлд зааснаар хөнгөлөлт эдлэхийг хүссэн иргэнд олгохдоо тэр иргэн нутаг дэвсгэр дээр нь оршин сууж байгаа буюу түр ирээд байгаа Хэлэлцэн тохирогч Этгээдийн зохих байгууллага олгоно.
2.Хэрэв хөнгөлөлт эдлэхийг хүсэгч иргэн Хэлэлцэн тохирогч хоёр Этгээдийн алины ч нутаг дэвсгэрт байнга буюу түр байгаа биш бол бичиг баримтыг хүсэлт гаргагчийн өөрийнх нь улсын дипломат төлөөлөгчийн буюу консулын газар олгож болно.
3.Дөчин нэгдүгээр зүйлд зааснаар хөнгөлөлтийн тухай шийдвэр гаргах хуулийн байгууллага, уг бичиг баримтыг олгосон байгууллагаас нэмэлт мэдээ сэлтийг шаардаж болно.
Дөчин гуравдугаар зүйл
Хэрэв Хэлэлцэн тохирогч нэг Этгээдийн иргэн Хэлэлцэн тохирогч нөгөө Этгээдийн байгууллагаас дөчин нэгдүгээр зүйлийн дагуу хөнгөлөлт үзүүлэхийг хүсвэл, байнга оршин суудаг буюу түр байгаа орон нутгийнхаа байгууллагад хүсэлт гаргаж болно.Энэ байгууллага нь уг хүсэлт ба протоколыг дөчин хоёрдугаар зүйлд дурдсан бичиг баримтын хамт Хэлэлцэн тохирогч нөгөө Этгээдийн холбогдох байгууллагад явуулна.
Дөчин дөрөвдүгээр зүйл
Хэрэв Хэлэлцэн тохирогч нэг Этгээдийн иргэн, Хэлэлцэн тохирогч нөгөө Этгээдийн байгууллагад хураамж ба шүүхийн зардал төлөх ёстой бөгөөд харин тэнд байнга оршин сууж байгаа буюу түр ирээд байгаа биш бол тэр иргэнд уг хураамж ба шүүхийн зардлыг төлөхөд хүрэлцэхүйц хугацаа олгож байна.
Зургадугаар бүлэг
Шийдвэрийг хүлээн зөвшөөрөх ба биелүүлэх
Дөчин тавдугаар зүйл
1.Хэлэлцэн тохирогч нэг Этгээдийн хуулийн байгууллагаас иргэний ба гэр бүлийн хэргээр болон эд хөрөнгийн эрхийн харилцааны биш асуудлаар гаргаж хүчин төгөлдөр болгосон шийдвэр нь уг асуудлын талаар Хэлэлцэн тохирогч нөгөө Этгээдийн хуулдийн байгууллагаас урьд энэ асуудлаар шийдвэр гаргаагүй буюу энэхүү Гэрээгээр зөвхөн тэр Хэлэлцэн тохирогч Этгээдийн байгууллагад эрхлүүлэхээр тусгайлан заагаагүй тул ямар нэг хэрэг хөтлөхгүйгээр түүнийг нутаг дэвсгэр дээр хүчинтэйд тооцогдоно.
2.Энэ зүйлийн 1-д дурдсан заалт нь зохигчдын эрх ашгийг хохироохгүй бол энэхүү Гэрээг хүчин төгөлдөр болохоос өмнө гарсан шийдвэрүүдэд нэгэн адил хамаарна.
Дөчин зургадугаар зүйл
Хэлэлцэн тохирогч хоёр Этгээд нь Хэлэлцэн тохирогч нөгөө Этгээдийн нутаг дэвсгэр дээр гаргасан шийдвэрийг хүчин төгөлдөр гэж харилцан зөвшөөрч биелүүлнэ.Үүнд:
а/иргэний ба гэр бүлийн хэргээр хуулийн байгууллагаас гаргасан эд хөрөнгөний холбогдолгүй хүчин төгөлдөр шийдвэрүүд;
б/эрүүгийн хэргээс учирсан хохирлыг нөхөх нэхэмжлэгчийн тухай хуулийн байгууллагаас гаргасан хүчин төгөлдөр шийдвэрүүд;
в/Арбитрын байгууллагаас гаргасан шийдвэрүүд болон тэдгээрийн байгуулсан хэлэлцээрүүд болно.
Дөчин долдугаар зүйл
1.Шийдвэрийг биелүүлэх нутаг дэвсгэр дээрээ уг шийдвэрийг нутаг дэвсгэр дээрээ уг шийдвэрийг биелүүлэх орны шүүх гаргана.
2.Шийдвэрийг биелүүлэх зөвшөөрлийн тухай хүсэлтийг уг хэргийг анх авч хэлэлцсэн шүүхэд гаргана.Энэ шүүх нь уул хүсэлтийг аваад шийдвэрлэх эрх бүхий шүүхэд хүргүүлнэ.
Дөчин наймдугаар зүйл
Шийдвэрийг биелүүлэх зөвшөөрлийн тухай хүсэлтэд хавсаргах зүйлүүднь:
а/шийдвэрийн бүрэн эх, хэрэв түүнээс уг шийдвэрийн хүчин төгөлдөр болсон эсэх, биелэгдэх ёстой эсэх нь мэдэгдэхгүй байвал уг шийдвэр хүчин төгөлдөр болсон тухай бичиг баримтыг хавсаргавал зохино;
б/хэрэг хэлэлцэхэд биеэр оролцоогүй хариуцагч буюу түүний төлөөний хүнд зарлан дуудах хуудсыг цаг үед нь гардуулсан тухай бичиг баримт;
в/энэ зүйлийн ”а”, ”б”-д дурдсан хүсэлт ба бичиг баримтын нотолгоотой орчуулга.
Дөчин есдүгээр зүйл
Шүүх нь хүсэлтийн талаар шийдвэр гаргахын өмнө чухал гэж үзвэл зохигчдоос тайлбар, мөн нэмэлт материал өгөхийг шаардаж болно.Мөн шүүх нь анх шийдвэр гаргасан шүүхээс нэмэлт мэдээг шаардаж болно.
Тавьдугаар зүйл
1.Шийдвэрийг биелүүлэхдээ уг шийдвэр нутаг дэвсгэр дээр нь биелэгдэх орны хууль тогтоомжийг баримтална.
2.хэрэв шийдвэр гаргасан шүүхийн орны хууль тогтоомжид харшлахгүй бол хариуцагч уг шийдвэрийг биелүүлэхээс татгалзаж болно.
Тавин нэгдүгээр зүйл
Шийдвэрийг хүлээн зөвшөөрөх ба биелүүлэхээс татгалзаж болох нь:
а/хариуцагч өөрөө буюу түүний төлөөний хүн хэргийг шүүхэд авч хэлэлцэхэд зохих журмаар цаг тухайдаа дуудагдан оролцоогүй буюу зөвхөн нийтэд зарлах журмаар дуудагдсан бол;
б/хэрэв шүүхийн шийдвэр нь уг шийдвэрийг хүлээн зөвшөөрч нутаг дэвсгэр дээрээ биелүүлэх ёстой. Хэлэлцэн тохирогч Этгээдийн шүүхээс үүний өмнө яг энэ шийдвэрт холбогдсон зохигчдын хооронд яг энэ асуудлын үндсэн дээр авч хэлэлцээд гаргасан хүчин төгөлдөр шийдвэрт харшилж байвал.
Тийнхүү урьд гаргасан шийдвэрээр тодорхойлогдсон агуулга, биелүүлэх хугацааны хувьд үндсэн өөрчлөлт гарсан байвал энэ заалтыг баримтлахгүй;
в/хэрэв шийдвэрийн шаардлага нь хариуцагчийн харьяалагдах орны хууль тогтоомжийн дагуу биелүүлж болохгүй байвал;
г/уг хэргийг авч хэлэлцэх эрхийг энэхүү Гэрээгээр зөвхөн нутаг дэвсгэр дээрээ шийдвэрийг биелүүлэх шүүхэд олгосон байвал.
Тавин хоёрдугаар зүйл
Шийдвэрийг биелүүлэхтэй холбогдсон шүүхийн зардал
Шүүхийн шийдвэрийг биелүүлэхтэй холбогдсон зардлын хувьд нутаг дэвсгэр дээрээ уг шийдвэрийг биелүүлэх Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хууль тогтоомжийг баримтална.
Тавин гуравдугаар зүйл
Эвлэрэх хэлцэл
Энэхүү Гэрээний дөчин таваас тавин хоёрыг дуусталх зүйлийн заалт нь эвлэрэх хэлцэлд нэг адил хамаарагдана
Шүүхийн зардлын тухай шийдвэрийг биелүүлэх
Тавин дөрөвдүгээр зүйл
1.Хэрэв энэхүү Гэрээний дөчдүгээр зүйлийн дагуу шүүхийн зардлаас чөлөөлөгдсөн иргэн Хэлэлцэн тохирогч нэг Этгээдийн нутаг дэвсгэр дээр хүчин төгөлдөр болсон шийдвэрээр нөгөө Хэлэлцэн тохирогч Этгээдэд шүүхийн зардал төлөхөөр болбол тэр орны шүүх шаардлагын дагуу уг зардлыг гаргуулахыг үнэ төлбөргүй зөвшөөрнө.
2.Шүүхийн зардалд тавин зургадугаар зүйлд дурдсан бичиг баримтыг орчуулсан ба гэрчилсний зардлыг оролцуулна.
Тавин тавдугаар зүйл
1.Шүүхийн зардал төлүүлэхийг зөвшөөрөх тухай хүсэлтэд шүүхийн зардлын тухай гаргасан шийдвэрийн нотолгоотой хуулбар, түүнчлэн шийдвэр хүчин төгөлдөр болсон ба энэ шийдвэрийг биелүүлэх ёстой гэдгийг заасан бичиг баримтыг тус тус хавсаргана.
2.Энэхүү бичиг баримт нь нутаг дэвсгэр дээрээс нь уг зардлыг гаргуулах Хэлэлцэн тохирогч Этгээдийн хэл дээр буюу орос хэл дээр хийгдсэн орчуулгатай байвал зохино.
3.Шүүхийн зардал гаргуулах шийдвэрийг биелүүлэхийг зөвшөөрч байгаа шүүх нь:
а/шийдвэр хүчин төгөлдөр болсон эсэх, уг шийдвэр биелэгдэх ёстой эсэх;
б/энэ зүйлийн 1-д дурдсан бичиг баримт гэрчилгээтэй орчуулгатай эсэхийг анхаарах үзнэ.
Тавин зургадугаар зүйл
Хэрэв шүүхийн зардлын тухай шийдвэр нь Хэлэлцэн тохирогч нөгөө Этгээдийн нутаг дэвсгэр дээр биелэгдэх ёстой байвал түүнийг биелүүлэхийг зөвшөөрөх тухай хүсэлтийг уг шийдвэрийг биелүүлэх эрх бүхий нөгөө Этгээдийн шүүх буюу уг шүүхийн зардлыг төлөх шийдвэр гаргасан шүүхэд гаргана.Энэ шүүх уг хүсэлтийг нөгөө Хэлэлцэн тохирогч Этгээдийн зохих шүүхэд энэхүү Гэрээний тавин тавдугаар зүйлд дурдсан бичиг баримтын хамт хүргүүлнэ.
Тавин долдугаар зүйл
1.Шүүх нь зохигчдын саналыг авахгүйгээр шүүхийн зардлын тухай шийдвэрийг биелүүлэхийг зөвшөөрнө.
2.Шүүхийн зардлын тухай шийдвэрийг биелүүлэхдээ хүсэлт гаргасан зохигч шүүхийн зардлын тухай шийдвэрийг биелүүлэхтэй холбогдсон зардлыг урьдчилан төлөөгүй гэдэг үндсэн дээр татгалзаж болохгүй.
Тавин наймдугаар зүйл
Эд агуурсыг шилжүүлэн өгөх ба мөнгө гуйвуулах
Хэлэлцэн тохирогч нэг Этгээдийн нутаг дэвсгэр дээр байгаа эд агуурс буюу мөнгийг Хэлэлцэн тохирогч нөгөө Этгээдийн нутаг дэвсгэрт оршин суугаа зохигчид шилжүүлэх буюу гуйвуулхад уг эд агуурс ба мөнгө нутаг дэвсгэр дээр нь оршин байгаа Хэлэлцэн тохирогч Этгээдийн хууль тогтоомжийг баримтална.
Тавин есдүгээр зүйл
Шүүхийн шийдвэрийг биелүүлэхтэй холбогдсон зардлыг тогтоох ба гаргуулахад уг шүүхийн шийдвэр нутаг дэвсгэр дээр нь биелэгдэх Хэлэлцэн тохирогч Этгээдийн хууль тогтоомжийг баримтална.
Долдугаар бүлэг
Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн тухай бичиг баримтыг хүргүүлэх
Жардугаар зүйл
1.Хэлэлцэн тохирогч Этгээд бүр Хэлэлцэн тохирогч нөгөө Этгээддээ иргэний гэр бүлийн байдлын бүртгэлээс хэсэглэн авсан зүйл, иргэний гэр бүлийн байдлыг бүртгэсэн гэрчилгээ, боловсролын тухай бичиг баримт, ажилласан хугацааны тухай болон Хэлэлцэн тохирогч нөгөө Этгээдийн иргэний хувийн эрх, ашиг сонирхолд холбогдсон бичиг баримтуудыг явуулж байна.
2.Энэ зүйлийн 1-д дурдсан бичиг баримтыг Хэлэлцэн тохирогч нөгөө Этгээддээ дипломат шугамаар үнэ төлбөргүй хүргүүлнэ.
Жаран нэгдүгээр зүйл
1.Хэлэлцэн тохирогч нэг Этгээдийн иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллага Хэлэлцэн тохирогч нөгөө Этгээдийн харьяат тухайн иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулбал энэ нэмэлт, өөрчлөлтөө нөгөө Хэлэлцэн тохирогч Этгээддээ хүргүүлэх үүрэгтэй.
2.Хэлэлцэн тохирогч хоёр Этгээд Хэлэлцэн тохирогч нөгөө Этгээдийн иргэний хувийн байдалд хамаарах шийдвэрийн хуулбарыг нэг нэгэндээ харилцан илгээж байна.Уг шийдвэрт хамаарагдах иргэний харьяаллын тухай мэдээ сэлтийг дурдана.
3.Энэ зүйлийн 1, 2-т дурдсан бичиг баримтыг дипломат шугамаар үнэ төлбөргүй илгээнэ
Ш ХЭСЭГ
Эрүүгийн хэргийн талаар
Жаран хоёрдугаар зүйл
Шилжүүлэн өгөх үүрэг
1.Хэлэлцэн тохирогч хоёр Этгээд аль нэгний нутаг дэвсгэр дээр байгаа бөгөөд эрүүгийн хариуцлагад татагдсан буюу хүсэлт гаргаж байгаа Хэлэлцэн тохирогч Этгээдийн хуулийн байгууллагаар шийтгүүлсэн дор дурдсан иргэнийг энэхүү Гэрээний заалтын дагуу шилжүүлэн өгөхөөр тохиролцов.
2.Хэлэлцэн тохирогч хоёр Этгээдийн хууль тогтоомжоор гагцхүү нэг жилээс дээш хугацаагаар хорих буюу өөр хүнд ял шийтгэхээр заасан /цаашид ”шилжүүлэн өгөх гэмт хэрэг” гэж нэрлэгдэх/ гэмт хэрэг үйлдсэн иргэнийг шилжүүлэн өгнө
Жаран гуравдугаар зүйл
Шилжүүлэн өгөхөөс татгалзах
Дор дурдсан үед шилжүүлэн өгөхгүй.Хэрэв:
а/хүсэлт хүлээн авагч Хэлэлцэн тохирогч Этгээдийн харьяат гэмт хэрэг үйлдсэн бол;
б/хүсэлт хүлээн авагч Хэлэлцэн тохирогч Этгээдийн нутаг дэвсгэр дээр гэмт хэрэг үйлдэгдсэн бол;
в/хүсэлт хүлээн авагч Хэлэлцэн тохирогч нөгөө Этгээдийн хууль тогтоомжоор хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн буюу бусад шалтгаанаар эрүүгийн мөрдлөг явуулахгүй, эсгүүл таслан шийдвэрлэсэн тогтоолыг гүйцэтгэх ёсгүй бол;
г/шилжүүлэх шаардлага хүлээн авсан Хэлэлцэн тохирогч Этгээдийн хуулийн байгууллагын хүчин төгөлдөр болсон актын үндсэн дээр уг этгээдийг уг үйлдсэн хэрэгт нь ял шийтгэсэн, эсхүл хэргийг авч хэлэлцэхийг зогсоосон байвал;
д/ Хэлэлцэн тохирогч хоёр Этгээдийн хууль тогтоомжийн дагуу эрүүгийн мөрдлөг үүсгэх явдлыг хохирогч этгээдийн гомдлоор буюу Хэлэлцэн тохирогч аль нэг Этгээдийн хуулийн байгууллагын шаардлагаар үүсгэнэ.
Жаран дөрөвдүгээр зүйл
Шилжүүлэн өгөх тухай шаардлага
1.Шилжүүлэн өгөх тухай шаардлагад шилжүүлэн өгөхийг шаардаж байгаа Этгээдийн нэр, аль улсын харьяат болон оршин суудаг буюу байгаа газрын тухай мэдээ, гэмт хэргийн бүрэлдэхүүн, энэ гэмт хэргээс учирсан хохирлыг дурдана.
2.Шилжүүлэн өгөх тухай шаардлагад хавсаргавал зохих зүйлүүд.Үүнд:
а/эрүүгийн мөрдлөг явуулах шаардлага гарвал гэмт хэрэг үйлдсэн бодит нөхцөл байдлын тодорхойлолт, хуулийн зүйл ангийг заасан баривчлах тухай тогтоолын албан ёсны хуулбар, хэрэв таслан шийдвэрлэх тогтоол гүйцэтгэх шаардлага гарвал хүчин төгөлдөр болсон таслан шийдвэрлэх тогтоолын албан ёсны хуулбар;
б/үйлдлийг эрүүгийн гэмт хэрэг гэж үзэх гэсэн шаардлага бүхий Хэлэлцэн тохирогч Этгээдийн эрүүгийн хуулийн зохих зүйл ангийн заалт;
в/шилжүүлбэл зохих хүний гаднах байдал, зүс царайг тодорхойлж, хурууны хээ ба гэрэл зургийг бололцооны хирээр хавсаргах.
3.Хэрэв ялтан ял эдэлж эхэлсэн бол энэ тухай мэдээг хавсаргана.
Жаран тавдугаар зүйл
Шилжүүлэн өгөхөөр баривчлах
Шилжүүлэн өгөх шаардлага нь энэхүү Гэрээний заалтад бүрэн нийцэж байвал тийм шаардлага хүлээн авсан Хэлэлцэн тохирогч Этгээд нь өөрийн хууль тогтоомжийн дагуу шилжүүлэн өгөх шаардлагатай хүнийг нэн даруй баривчлах арга хэмжээ авна.
Жаран зургадугаар зүйл
Нэмэлт мэдээ сэлт
1.Хэрэв шилжүүлэн өгвөл зохих бүх мэдээ баримт бүрдээгүй бол Хэлэлцэн тохирогч Этгээд хоёр сар хүртэлх хугацааны дотор нэмэлт мэдээ гаргаж өгөхийг шаардаж болно.Хүндэтгэх шалтгаантай бол энэ хугацааг сунгаж болно.
2.Хэрэв тогтоосон буюу сунгасан хугацаанд шаардсан мэдээг гаргаж өгөхгүй бол шаардлага хүлээн авсан Хэлэлцэн тохирогч Этгээдийн эрх бүхий байгууллага нь шилжүүлэн өгөх тухай ажиллагааг зогсоож, баривчлан авсан хүнийг суллаж болно.
Жаран долдугаар зүйл
Түр баривчлан хорих
1.Шилжүүлэн авах хүнийг баривчлах тухай тогтоол батлагдсан, эсхүүл түүнийг таслан шийдвэрлэсэн тогтоол хүчин төгөлдөр болсноос шилжүүлэн авах шаардлагаа нэн даруй ирүүлнэ гэж Хэлэлцэн тохирогч нэг Этгээдийн мэдэгдсэн хойшлуулшгүй үед Хэлэлцэн тохирогч нөгөө Этгээд энэ гэрээний жаран дөрөвдүгээр зүйлийн дагуу шилжүүлэн авах шаардлага ирэхийг хүлээлгүй дурдсан Этгээдийг баривчлан хорьж болно.Ийм үед баривчлан хорих тухай шаардлагыг телефон, цахилгаан, радиогоор мэдэгдэж болно.
2.Хэлэлцэн тохирогч хоёр Этгээдийн холбогдох байгууллага өөрийн нутаг дэвсгэр дээр байгаа хүнийг нөгөө Хэлэлцэн тохирогч Этгээдийн нутаг дэвсгэр дээр байхдаа шилжүүлэн өгвөл зохих гэмт хэрэг үйлдсэнийг мэдвэл тийм шаардлага хүлээхгүйгээр түр баривчлан хорьж болно.
3.Энэ зүйлийн 1, 2-т заасан ёсоор зохих хүнийг баривчилснаа Хэлэлцэн тохирогч нөгөө Этгээддээ нэн даруй мэдэгдэнэ.
Жаран наймдугаар зүйл
Түр баривчилсан хүнийг суллах
Энэхүү Гэрээний жаран долдугаар зүйлийн дагуу зохих хүнийг баривчлан хорьсноо мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор Хэлэлцэн тохирогч нөгөө Этгээд шилжүүлэн өгөх шаардлага ирүүлэхгүй бол суллан тавивал зохино.Ийнхүү сулласан тухай нөгөө Этгээддээ мэдэгдэнэ.
Жаран есдүгээр зүйл
Шилжүүлэн өгөхийг хойшлуулах
Хэрэв шилжүүлэн өгвөл зохих хүн нь шаардлага хүлээн авсан Хэлэлцэн тохирогч Этгээдийн нутаг дэвсгэр дээр эрүүгийн хэрэгт татагдсан буюу өөр гэмт хэргийн учир ял эдэлж байгаа бол эрүүгийн мөрдлөгийг зогсоох буюу ял эдэлж дуусах хүртэл нь шилжүүлэн өгөхийг хойшлуулж болно.
Далдугаар зүйл
Түр шилжүүлэн өгөх
1.Хэрэв энэхүү Гэрээний жаран есдүгээр зүйлд зааснаар шилжүүлэн өгөх явдлыг хойшлуулахад эрүүгийн гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа хэтрэх буюу гэмт хэргийн мөрдөх явдалд ноцтой хор хохирол учруулах байвал шилжүүлэн өгвөл зохих хүнийг шаардлага хүлээн авсан Хэлэлцэн тохирогч Этгээдэд нөгөө Этгээдийн ул үндэстэй хүсэлтээр түр шилжүүлэн өгч болно.
2.Түр шилжүүлсэн зохигчийг эрүүгийн мөрдлөг явуулж дуусмагц нэн даруй буцаан өгвөл зохино.
Далан нэгдүгээр зүйл
Шилжүүлэн өгнө үү гэсэн хэд хэдэн шаардлагыг зохицуулах тухай
Хэрэв нэг хүнийг шилжүүлэн өгөх тухай шаардлага хэд хэдэн улсаас гаргавал уг шаардлагын алиныг нь биелүүлэхээ шаардлага авсан Хэлэлцэн тохирогч Этгээд шийдвэрлэнэ.
Далан хоёрдугаар зүйл
Эрүүгийн мөрдлөгийн хязгаар
1.Шилжүүлэн өгсөн хүнийг шаардлага хүлээн авсан Хэлэлцэн тохирогч Этгээдийн зөвшөөрөлгүйгээр шилжүүлэн өгснөөс өөр гэмт хэрэгт уг хүнийг татаж, ял эдлүүлж болохгүй.
2.Шилжүүлэн өгөх шаардлага хүлээн авсан Хэлэлцэн тохирогч Этгээдийн зөвшөөрөлгүйгээр уг хүнийг гурав дахь оронд шилжүүлэн өгч болохгүй.
3.Дор дурдсан тохиолдолд шилжүүлэн өгөх шаардлага хүлээн авч Хэлэлцэн тохирогч Этгээдийн зөвшөөрөл шаардахгүй.Үүнд:
а/ шилжүүлэн өгсөн хүн эрүүгийн мөрдлөг дууссанаас хойш буюу ял эдэлж дууссаны дараа нэг сарын хугацаанд шилжүүлэн өгөх шаардлага тавьсан Хэлэлцэн тохирогч Этгээдийн нутгаас гараагүй бол;
Шилжүүлэн өгсөн хүн өөрөөсөө хамаарахггүй шалтгаанаар шилжүүлэн өгөх шаардлага тавьсан Хэлэлцэн тохирогч Этгээдийн нутгаас гарч чадаагүй байсан хугацааг үүнд оруулахгүй;
б/шилжүүлэн өгсөн хүн шилжүүлэн өгөх шаардлага тавьсан Хэлэлцэн тохирогч Этгээдийн нутгаас гарсан боловч дахин эргэж ирсэн байвал.
Далан гуравдугаар зүйл
Шилжүүлэн өгөх
1.Шилжүүлэн өгөх шаардлага авсан Хэлэлцэн тохирогч Этгээд нь шаардлага тавьсан Хэлэлцэн тохирогч Этгээдэд уг хүнийг шилжүүлэн өгөх газар ба цагийг мэдэгдэнэ.
2.Хэрэв шилжүүлэн өгөх шаардлага тавьсан Хэлэлцэн тохирогч Этгээд шилжүүлэн өгөхөөр тогтоосон хугацаанаас хойш арван тав хоногийн дотор зохих хүнийг хүлээн авахгүй бол түүнийг суллан тавьж болно.
Далан дөрөвдүгээр зүйл
Дахин шилжүүлэн өгөх
Хэрэв шилжүүлэн өгсөн хүн ямар нэг шалтгаанаар эрүүгийн мөрдлөг буюу ял эдлэхээс зайлсхийх буюу шилжүүлэн өгөх шаардлага авсан Хэлэлцэн тохирогч Этгээдийн нутаг дэвсгэрт буцаж ирвэл энэ хүнийг шилжүүлэн авах гэсэн Хэлэлцэн тохирогч Этгээдийн дахиж тавьсан шаардлагаар энэхүү Гэрээний жаран дөрөвдүгээр зүйлд дурдсан баримт сэлт, материалгүйгээр давтан шилжүүлж өгнө.
Далан тавдугаар зүйл
Эрүүгийн мөрдлөг явуулсан үр дүнг мэдэгдэх
Шилжүүлэн өгсөн хүний талаар явуулсан эрүүгийн мөрдлөгийн дүнг Хэлэлцэн тохирогч Этгээдүүд харилцан мэдээлж байна.Хэрэв шилжүүлэн өгсөн хүнийг шийтгэсэн бол уг тогтоолын хүчин төгөлдөр болсны дараа түүний хуулбарыг нотлон хүргүүлнэ.
Далан зургадугаар зүйл
Дамжуулан өнгөрүүлэх
1.Хэлэлцэн тохирогч нөгөө Этгээдэд гурав дахь орноос шилжүүлэн өгөх хүнийг Хэлэлцэн тохирогч нөгөө Этгээдийн хүсэлтээр өөрийн улсын нутаг дэвсгэрээр дамжуулан өнгөрүүлэхийг Хэлэлцэн тохирогч Этгээд нь зөвшөөрч байх үүрэгтэй.Хэрэв энэхүү Гэрээний заалтын дагуу шилжүүлэн өгөхөөр заагаагүй бол Хэлэлцэн тохирогч Этгээдүүд тийнхүү дамжуулан өнгөрүүлэхийг зөвшөөрөх үүрэггүй болно.
2.Дамжуулан өнгөрүүлэх тухай хүсэлтийг шилжүүлэн өгөх тухай шаардлагын журмаар тавина.
3.Хүсэлт хүлээн авсан Хэлэлцэн тохирогч Этгээдийн байгууллага нь дамжуулан өнгөрүүлэх явдлыг өөртөө хамгийн ашигтай аргаар гүйцэтгэнэ.
Далан долдугаар зүйл
Шилжүүлэн өгөх зардал
Шилжүүлэн өгөхтэй холбогдсон зардлыг нутаг дэвсгэр дээр нь уг зардал үүссэн Хэлэлцэн тохирогч Этгээд хариуцах ба дамжуулан өнгөрүүлэхтэй холбогдсон зардлыг хүсэлт тавьсан Хэлэлцэн тохирогч Этгээд хариуцах болно.
Далан наймдугаар зүйл
Эрүүгийн мөрдлөгийг үүсгэх үүрэг
1.Хэлэлцэн тохирогч Этгээд нь нөгөө Хэлэлцэн тохирогч Этгээдийн нутаг дэвсгэр дээр шилжүүлэн өгөгдөх гэмт хэрэг үйлдсэн иргэнд өөрийн улсын хууль тогтоомжийн дагуу эрүүгийн мөрдлөгийг Хэлэлцэн тохирогч Этгээдийн шаардлагаар үүсгэх үүрэг хүлээнэ.
2.Шаардлагад гэмт хэргийн тухай материал ба гэмт хэргийн бусад нотолгоог хавсаргана.
3.Эрүүгийн мөрдлөг үүсгэх шаардлагыг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Прокурор, Бүгд Найрамдах Болгар Ард Улсын Ерөнхий Прокурор нар тавина.
4.Шаардлага хүлээн авсан Хэлэлцэн тохирогч Этгээд нь шаардлага тавьсан Хэлэлцэн тохирогч Этгээдэд эрүүгийн мөрдлөгийн үр дүнг мэдэгдэх бөгөөд хэрэв таслан шийдвэрлэсэн тогтоол хүчин төгөлдөр болсон бол түүний нотолгоотой хуулбарыг хүргүүлнэ.
Далан есдүгээр зүйл
Хоригдож байгаа хүнийг гэрчийн хувьд байцаахаар шилжүүлэх
Хэрэв Хэлэлцэн тохирогч нэг Этгээдийн нутаг дэвсгэр дээр эхэлсэн эрүүгийн мөрдлөгтэй холбогдуулан шаардлага тавьсан нөгөө Хэлэлцэн тохирогч Этгээдийн нутаг дэвсгэр дээр баривчилсан хүнийг гэрчийн хувиар биечлэн байцаах явдал зайлшгүй шаардагдвал хүсэлт тавьсан Хэлэлцэн тохирогч Этгээдэд түр шилжүүлэн өгнө.Хүсэлт тавьсан Хэлэлцэн тохирогч Этгээд уг хүнийг хорьж байх бөгөөд байцааж гүйцсэний дараа хүсэлт хүлээн авсан Хэлэлцэн тохирогч Этгээдэд нэн даруй хүргүүлнэ.
Ная дугаар зүйл
Гэмт хэрэгт холбогдолтой эд хогшлыг шилжүүлэх
1.Шилжүүлэн өгөх гэмт хэрэг үйлдсэн хүнд байсан эд агуурс, түүнчлэн эрүүгийн гэмт хэргийг хянаж барагдуулахад ашиглаж болох бусад зүйлий гуг гэмт хэрэгтэн нас барсан буюу өөр шалтгаанаар шилжүүлэн өгөх арга тасарвал эд мөрийн баримт болгох журмаар хүсэлт тавьсан Хэлэлцэн тохирогч Этгээдэд шилжүүлэн өгнө.
2.Хэрэв өөр эрүүгийн гэмт хэрэгт холбогдолтой бол уг эд агуурсыг хүсэлт хүлээн авсан Хэлэлцэн тохирогч Этгээдэд шилжүүлэн өгөхийг түр хойшлуулж болно.
3.Нөгөө Хэлэлцэн тохирогч Этгээдэд шилжүүлэн өгсөн эд агуурсыг эзэмдэх гурав дахь этгээдийн эрх хүчинтэй хэвээр байна.Эрүүгийн мөрдлөгийг дуусмагц зохих хүмүүст нь дамжуулан өгүүлэхээр түүнийг ирүүлсэн Хэлэлцэн тохирогч Этгээдэд буцаана.
Наян нэгдүгээр зүйл
Харилцах журам
Гэмт хэрэг үйлдсэн хүнийг дамжуулан хүргүүлэх ба энэхүү Гэрээний далан есдүгээр зүйлийн ёсоор шилжүүлэн өгөхөөр баривчилсан хүнийг шилжүүлэх асуудлаар Хэлэлцэн тохирогч хоёр Этгээдийн хуулийн ба Прокурорын төв байгууллагууд шууд харилцана.
Наян хоёрдугаар зүйл
Ял оноосон тухайг мэдэгдэх
1.Хэлэлцэн тохирогч хоёр Этгээд Хэлэлцэн тохирогч нэг Этгээдийн шүүхээс Хэлэлцэн тохирогч нөгөө Этгээдийн иргэнийг шийтгэсэн хүчин төгөлдөр тогтоолуудын тухай харилцан мэдэгдэж байна.
2. Хэлэлцэн тохирогч Этгээдүүд нь үндэслэл бүхий шаардлагатай үед хүсэлт тавьсан Хэлэлцэн тохирогч Этгээдийн харьяат биш хүний таслан шийтгэсэн тогтоолын тухай харилцан нэг нэгэндээ мэдээлж байна.
3.Энэ зүйлийн 1 ба 2-т дурдсан хүний хурууны хээг бололцооны хирээр шаардлагын дагуу Хэлэлцэн тохирогч хоёр Этгээд харилцан шилжүүлнэ.
4.1, 2, 3-т дурдсан мэдээнүүдийг энэхүү Гэрээний гуравдугаар зүйлд заасан журмаар шилжүүлнэ.
1Ү ХЭСЭГ
Төгсгөлийн заалт
Наян гуравдугаар зүйл
Энэхүү Гэрээ нь батлагдах бөгөөд батламж бичгүүдийг солилцсоноос хойш 30 дахь өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.Батламж жуух бичгүүдийг Улаанбаатар хотод солилцоно.
Наян дөрөвдүгээр зүйл
Энэхүү гэрээг таван жилийн хугацаагаар байгуулав.Хэрэв Хэлэлцэн тохирогч аль нэг Этгээд түүний хугацаа дуусахаас зургаан сарын өмнө энэхүү гэрээнээс татгалзахгүй бол түүний хугацаа нь дараачийн таван жил бүрд сунгагдаж байх болно.
Энэхүү Гэрээг Софи хотод 1968 оны арван нэгдүгээр сарын ”27”-нд монгол, болгар, орос хэлээр тус бүр хоёр хувь үйлдсэн бөгөөд бүх эх нь адил хүчинтэй болно.
БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД                                                БҮГД НАЙРАМДАХ БОЛГАР АРД УЛСЫН
УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ЭРХ                                                ЗАСГИЙН ГАЗРЫН ЭРХ
ОЛГОСНООР                                                                                   ОЛГОСНООР