Хэвлэх DOC Татаж авах
МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛС, БҮГД НАЙРАМДАХ УНГАР АРД УЛСЫН ХООРОНД ИРГЭНИЙ БА ГЭР БҮЛ, ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАЛААР ЭРХИЙН ТУСЛАЛЦАА ХАРИЛЦАН ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ ГЭРЭЭ

1968 оны арван нэгдүгээр сарын 22-нд Будапешт хотод үйлдэв



Бүгд найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн газар, Бүгд Найрамдах Унгар Ард Улсын Тэргүүлэгчдийн газар,
Тус хоёр орны хоорондын бат дотно найрамдлыг эрхийн харилцааны салбарт бэхжүүлэхийг эрмэлзэн,
Иргэний ба гэр бүл, эрүүгийн хэргийн тааар эрхийн туслалцаа харилцан үзүүлэх тухай Гэрээ байгуулахаар шийдвэрлэж,
Энэ зорилгоор өөрсдийн бүрэн эрхт төлөөлөгчдөөр БНМАУ-ын Дээд шүүхийн дарга ХОРЛООГИЙН ДАМДИН, БНУАУ—ын Шүүх Яамны сайд д-р МИХАЙ КОРОМ нарыг тус тус томилсноор тэд зохих хэлбэр, журмын дагуу олгогдсон эрхийнхээ үнэмлэхийг солилцоод дор дурдсан зүйлийн талаар хэлэлцэн тохиролцов. Үүнд:
НЭГДҮГЭЭР ХЭСЭГ
Ерөнхий заалт
Нэгдүгээр зүйл
Эрхийн хамгаалалт
1.Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн харьяат /иргэн ба хуулийн этгээд/ Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн нутаг дэвсгэрт байхдаа хувийн болон эд хөрөнгийн эрхээ Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн харьяат нарын нэгэн адил хамгаалуулж байна.
2. Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн харьяат нар, Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн иргэний ба гэр бүл, эрүүгийн хэргийг авч хэлэлцэх байгууллагуудад тэрхүү Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн харьяат нарын нэгэн адилаар хэрэг нэхэмжлэх, өргөдөл, гомдол гаргаж болно.
Хоёрдугаар зүйл
Эрхийн туслалцаа үзүүлэх
1.Хэлэлцэн Тохирогч хоёр Этгээдийн шүүх, прокурор, улсын нотариатын байгууллагууд иргэний ба гэр бүл, эрүүгийн хэргийн талаар эрхийн туслалцаа харилцан бие биедээ үзүүлж байна.
2.Энэ зүйлийн 1-д дурдсан байгууллагууд иргэний ба гэр бүл, эрүүгийн хэргийг авч хэлэлцэх бусад байгууллагуудад мөн эрхийн туслалцаа үзүүлж байна..
Гуравдугаар зүйл
Харилцах журам
1.2-р зүйлийн 1-д дурдсан байгууллагууд эрхийн туслалцаа харилцан үзүүлэхдээ энэхүү Гэрээгээр өөр журам тогтоогдоогүй байвал төвийнхөө байгууллагуудаар дамжуулан харилцана.
2.Хэрэв энэхүү Гэрээнд зарим тохиолдлын талаар өөрөөр заагаагүй бол иргэний ба гэр бүл, эрүүгийн хэргийг авч хэлэлцэх бусад байгууллагууд нь эрхийн туслалцаа үзүүлэх тухай даалгаврыг 2-р зүйлийн 1-д дурдсан байгууллагуудад явуулна.
Дөрөвдүгээр зүйл
Эрхийн туслалцаа үзүүлэх хязгаар
Эрхийн туслалцааг дор дурдсан хэлбэрүүдээр үзүүлнэ.Үүнд:
Нэгжлэг хийх,эд хогшлыг хураан авах ба битүүмжлэх, эд мөрийн баримтыг өгч авалцах, яллагдагч, гэрч болон шинжээчийг байцаах, гэрч болон шинжээчийг байцаах,зохигчид ба бусад этгээдийг асуух, шүүхийн үзлэг явуулах, баримт бичгүүдийг гардуулах тухай даалгаврыг биелүүлэх, хэрэг материалыг илгээх, бичиг баримтыг үйлдэх ба илгээх замаар гүйцэтгэнэ.
Тавдугаар зүйл
Эрхийн туслалцаа үзүүлэх даалгаврын хэлбэр
1.Эрхийн туслалцаа үзүүлэх талаар өгөх даалгаварт доорх зүйл багтсан байвал зохино.Үүнд:
а/даалгавар өгөгч байгууллагын нэр,
б/даалгавар хүлээн авагч байгууллагын нэр,
в/Эрхийн туслалцаа авах гэсэн хэргийн нэр;
г/Зохигчид, яллагдагч, шүүгдэгч буюу шийтгэгдэгсдийн овог нэр, тэдний байнгын буюу түр оршин суугаа газар, аль улсын харьяат, эрхэлсэн ажил, эрүүгийн хэргийн талаар бол яллагдагчийн төрсөн газар, он, сар, өдөр, төрөл садны нэрийг аль болохоор тодорхойлох;
д/тэднийг төлөөлж байгаа хүний овог нэр, хаяг;
е/даалгаврын агуулга, түүнд хамаарах чухал мэдээнүүд эрүүгийн хэргийн талаар бол уг хэргийн бүрэлдэхүүнийг тодорхойлон бичих.
2.Энэхүү Гэрээний үндсэн дээр илгээж байгаа материалууд тамга, гарын үсэгтэй байвал зохино.
Зургадугаар зүйл
Гүйцэтгэх журам
1.Эрхийн туслалцаа үзүүлэх тухай даалгаврыг хүлээн авагч байгууллага уг даалгаврыг биелүүлэхдээ өөрийн улсын хууль тогтоомжийг баримтлана.Тэгэхдээ энэ байгууллага даалгавар өгч байгаа байгууллагын хүсэлтээр өөрийн улсын хууль тогтоомжинд харшлахгүй бол нөгөө Хэлэлцэн Тохирогч Этгээдийн байцаан шийтгэх хууль дүрмийг баримталж болно.
2.Хэрэв даалгавар хүлээн авагч байгууллага түүнийг биелүүлэх эрх хэмжээгүй байвал уг даалгаврыг биелүүлэх эрх бүхий байгууллагад шилжүүлээд, даалгавар өгөгч байгууллагад энэ тухайгаа мэдэгдэнэ.
3.Даалгавар хүлээн авагч байгууллага уг даалгаврыг хаана, хэдийд биелүүлснээ даалгавар өгөгч байгууллагад түүний хүсэлтийн дагуу цаг тухайд нь мэдэгдэнэ.
4.Даалгаврыг биелүүлсний дараа уг даалгаварыг хүлээн авагч байгууллага даалгавар өгөгч байгууллагадаа баримт бичгийг эгүүлэн өгөх буюу биелүүлж эс чадвал уг даалгаврыг биелүүлэхэд тохиолдож байгаа бэрхшээлийн талаар мэдэгдэнэ.
Долдугаар зүйл
Гэрч, шинжээч нарын халдашгүй байдал
1.Даалгавар хүлээн авагч Хэлэлцэн Тохирогч Этгээдийн байгууллагад дуудагдсан гэрч буюу шинжээч нь даалгавар өгөгч Хэлэлцэн Тохирогч Этгээдийн байгууллагад очиход тэднийг даалгавар өгөгч улсын хил нэвтрэхээс өмнө үйлдсэн гэмт хэргийн учир баривчлах хорих буюу эрүүгийн хариуцлагад татаж болохгүй. Тэрчлэн дээр дурдсаны нэгэн адил гэмт хэргийн улмаас даалгавар өгсөн Хэлэлцэн Тохирогч Этгээдийн нутаг дэвсгэрт тэднийг шийтгэж болохгүй.
2.Гэрч буюу шинжээч нар нь мөрдөн байцаасан байгууллагаас цаашид хүлээх шаардлагагүйг мэдэгдсэн өдрөөс хойш нэг сарын хугацаанд даалгавар өгөгч Хэлэлцэн Тохирогч Этгээдийн нутаг дэвсгэрээс гарахгүй бол дээр дурдсан халдашгүй байдлыг алдана. Гэвч гэрч буюу шинжээч нь тэднээс хамаарахгүй шалтгаанаар даалгавар өгөгч Хэлэлцэн Тохирогч Этгээдийн нутаг дэвсгэрээс гарч чадалгүй саатсан хоногийг энэ хугацаанд оруулахгүй.
Наймдугаар зүйл
Баримт бичиг гардуулах тухай даалгавар
1.Хэрэв бичиг баримтууд нь даалгавар хүлээн авагч Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хэлээр бичигдсэн буюу батлагдсан орчуулгатай байвал даалгавар хүлээн авагч байгууллага уг бичиг баримтуудыг өөрийн улсын дотор дагаж шийтгүүлж байгаа хууль тогтоомжийн дагуу гаргуулж өгнө.Эдгээр шаардлагын дагуу хийгдээгүй баримт бичгийг сайн дураараа авахыг зөвшөөрвөл, даалгавар хүлээн авсан байгууллага тэдгээрийг хүлээн авагчид гардуулан өгч болно.
2.Бичиг баримтыг гардуулах даалгаварт хүлээн авагчийн тодорхой хаяг болон хүлээлгэн өгч байгаа бичиг баримтын нэрийг заана.
3.Хэрэв даалгаварт дурдсан хаягаар бичиг баримтыг гардуулж чадахгүй бол даалгавар хүлээн авагч байгууллага өөрийн санаачлагаар хаягийг тодруулахад шаардагдах арга хэмжээг авна. Хэрэв даалгавар хүлээн авагч байгууллага хаягийг тодруулж чадахгүйд хүрвэл даалгавар өгөгч байгууллагад энэ тухайгаа мэдэгдэж, гардуулан өгвөл зохих бичиг баримтыг түүнд эгүүлэн хүргүүлнэ.
Есдүгээр зүйл
Бичиг баримт гардуулсныг нотлох
Бичиг баримтыг гардуулсан тухай нотолгоог даалгавар хүлээн авагч өөрийн улсад дагаж шийтгүүлж байгаа хууль дүрмийн дагуу үйлдэнэ. Уг нотолгоонд бичиг баримтыг хаана, хэдийд гардуулснаа заах ёстой.
Аравдугаар зүйл
өөрийн иргэдэд бичиг баримтыг гардуулах
1.Хэлэлцэн Тохирогч хоёр Этгээд дипломат төлөөлөгчийн болон консулын газраараа дамжуулан өөрийн иргэдэд баримт бичгийг гардуулах эрхтэй.
2.Ийнхүү бичиг баримтыг гардуулахдаа албадах арга хэрэглэж үл болно.
Арван нэгдүгээр зүйл
Эрхийн туслалцаа үзүүлэхтэй холбогдох зардал
1.Даалгавар хүлээн авагч Хэлэлцэн Тохирогч Этгээд эрхийн туслалцаа үзүүлсний зардал үл шаардана. Хэлэлцэн Тохирогч хоёр Этгээд өөр өөрсдийн нутаг дэвсгэр дээр эрхийн туслалцаа үзүүлэхэд гарсан бүх зардлыг хариуцна.
2.Даалгавар хүлээн авагч байгууллага гарсан зардлын хэмжээг даалгавар өгөгч байгууллагад мэдэгдэнэ. Хэрэв даалгавар хүлээн авагч байгууллага төлөх үүрэг бүхий этгээдээс уг зардлыг гаргуулбал тэр нь гаруулж авсан Хэлэлцэн Тохирогч Этгээдийн орлого болно.
Арван хоёрдугаар зүйл
Мэдээлэл
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Дээд шүүх, Бүгд Найрамдах Унгар Ард Улсын Шүүх яам өөр өөрсдийн орны дотор шийтгүүлж байсан буюу байгаа хууль тогтоомжийн тухай бие биеийн хүсэлтээр харилцан мэдээлж байна. Түүнчилэн Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн хуулийн зохих байгууллагуудаас тус тусын хууль тогтоомжийн талаар хийсэн тайлбарлалын тухай харилцан мэдээлж байна.
Арван гуравдугаар зүйл
Эрхийн туслалцаа үзүүлэхэд хэрэглэх хэл
Хэлэлцэн Тохирогч хоёр Этгээдийн байгууллага эрхийн туслалцаа харилцан үзүүлэхдээ өөр өөрсдийн буюу орос хэлийг хэрэглэнэ. Тус хоёр улсын дотор дагаж шийтгүүлж байсан буюу байгаа хууль тогтоомжийн тухай мэдээллийг орос хэл дээр солилцохыг хичээнэ.
Арван дөрөвдүгээр зүйл
Бичиг баримтыг гэрчлэн магадлах, зөвшөөрөн хүлээх
1.Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн нутаг дэвсгэр дээр тэндэхийн зохих байгууллага буюу албаны хүмүүсээс өөрийнхөө эрх хэмжээний дагуу үйлдэж зохиосон буюу гэрчилсэн тэмдэг бүхий бичиг баримтууд нь Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн нутаг дэвсгэр дээр ямар нэгэн гэрчилгээг магадлагаагүйгээр хүчинтэйд тооцно.
2. Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн нутаг дэвсгэр дээр үйлдсэн албан бичиг баримт нь Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн нутаг дэвсгэр дээр адил хүчин төгөлдөр болно.
ХОЁРДУГААР ХЭСЭГ
ТУСГАЙ АНГИ
Нэгдүгээр бүлэг
Иргэний ба гэр бүлийн хэргийн талаар эрхийн туслалцаа үзүүлэх
Шүүхийн зардлыг гаргуулах ба түүнээс чөлөөлөх
Арван тавдугаар зүйл
Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн шүүхийн ажиллагаанд оролцож тэр улсын нутаг дэвсгэр дээр байгаа Хэлэлцэн Тохирогч аль нэг Этгээдийн иргэдээс зөвхөн гадаадын харьяат гэх буюу тэр улсад байнга буюу түр оршин суудаггүй гэдэг үндсэн дээр шүүхийн зардал төлөхийг шаардаж болохгүй.
Арван зургадугаар зүйл
1.Өмнөх зүйлд заасан шүүхийн зардал төлөхөөс чөлөөлөгдсөн хүмүүсээс шүүхийн зардал төлүүлэхээр тогтоосон байвал Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн холбогдох шүүх зохих хүсэлт авсан үндсэн дээр уг зардлыг албадан гаргуулах бөгөөд тэгэхдээ татвар хураамжгүйгээр гүйцэтгэнэ.
2.Шүүхийн зардалд энэхүү Гэрээний 17-р зүйлд заасан бичиг баримтыг орчуулах, гэрчлэн магадлахтай холбогдсон зардал нэгэн адил хамаарна.
Арван долдугаар зүйл
1.Шүүхийн зардлыг албадан гаргуулах хүсэлтэнд зардлын талаар шүүхээс гаргасан шийдвэрийн баталгаатай хуулбар, түүнчилэн уг шийдвэрийг хүчин төгөлдөр болж биелэгдэх тухай шийдвэр гаргасан шүүхээс олгосон магадлагааг хавсаргавал зохино.
2.Дээрх дурдсан бичиг баримтууд шүүхийн зардлыг нутаг дэвсгэр дээр нь гаруулах Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хэл дээр үйлдсэн орчуулгатай байвал зохино.
3.Шүүхийн зардлыг гаргуулах тухай шийдвэр биелүүлэхийг зөвшөөрч байгаа шүүх доорх зүйлийг зөвхөн шалгаж үзнэ. Үүнд:
а/Шийдвэр нь хууль ёсоор хүчин төгөлдөр болж биелэгдэх ёстой эсэх;
б/Бичиг баримтууд нь 2-рт дурдсан ёсоор батлагдсан орчуулгатай эсэх;
Арван наймдугаар зүйл
Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн нутаг дэвсгэр дээр шүүхийн зардлыг гаргуулах тухай хүсэлтийг дор дурдсан шугамаар гаргана.Үүнд:
А/Зардлын тухай шийдвэр гаргасан шүүхэд буюу хэргийг авч хэлэлцсэн шүүхэд гаргана.Энэ шүүх нь уг хэргийг биелүүлэх хүсэлтийг Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн зохих шүүхэд энэхүү Гэрээний 3-р зүйлийн 1-д заасны дагуу шилжүүлнэ.
Б/Хэрэв холбогдох этгээд Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн нутаг дэвсгэрт байгаа бол Хэлэлцэн Тохирогч тэрхүү Этгээдийн шүүхийн зардлыг гаргуулах тухай шийдвэр гаргах эрх хэмжээ бүхий шүүхэд хүсэлтээ гаргах журмаар тус тус гүйцэтгэнэ.
Арван есдүгээр зүйл
1.Шүүх нь зохигчдыг асууж байцаахгүйгээр зардал гаргуулах тухай хүсэлтийг авч хэлэлцэнэ.
2.Зардал гаргуулах тухай шийдвэр гаргах эрх хэмжээ бүхий шүүх нь энэхүү Гэрээний 16-р зүйлийн 2-т заасан зардлыг гаргуулах тухай асуудлыг шийдвэрлэнэ.Эдгээр зардлын хэмжээг уг зардал нутаг дэвсгэр дээр нь үүсэн гарсан Хэлэлцэн Тохирогч Этгээдийн зохих шүүх тогтооно.
3.Хүсэлт гаргагч зохих зардлыг урьдчилан төлөөгүй гэдгээр шалтгаалан уг зардлыг гаргуулах хүсэлтийг хүлээн авах явдлаас татгалзаж үл болно.
Шүүхийн зардлаас чөлөөлөх
Хорьдугаар зүйл
1.Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн иргэд Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн нутаг дэвсгэрт шүүхийн зардал, татвар төлөхөөс чөлөөлөгдөх болон татвар төлөхийг хойшлуулах мөн эрхийн туслалцааг үнэ төлбөргүй авах хөнгөлөлтийг тэр улсын иргэдийн нэгэн адил болзол хэмжээгээр эдлэнэ.
2.Шүүхийн зардал татвараас чөлөөлөх, түүнчилэн татвар төлөх хугацааг хойшлуулах эрх нь албадан гүйцэтгүүлэх үйлдэл болон бүх байцаан шийтгэх ажиллагаанд хамаарна.
3.Шүүхэд ямар нэг хэрэг авч хэлэлцэх үед Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн хууль тогтоомжийн дагуу шүүхийн зардал хураамжаас чөлөөлөгдсөн иргэд нь Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн нутаг дэвсгэр дээр мөн тэр хэргийн учир байцаан шийтгэх ажиллагаанд оролцох бол шүүхийн зардал хураамжаас дээрхийн нэгэн адил чөлөөлөгдөнө.
Хорин нэгдүгээр зүйл
1.Хувийн болон гэр бүлийн байдал, цалин хөлс, эд хөрөнгийн тухай бичиг баримтыг хүсэлт гаргагч этгээд нутаг дэвсгэр дээр нь байнга буюу түр оршин суугаа Хэлэлцэн Тохирогч Этгээдийн зохих байгууллагаас олгоно.
2.Хэрэв хүсэлт гаргагч этгээд Хэлэлцэн Тохирогч хоёр Этгээдийн алины ч нутаг дэвсгэрт байнга буюу түр оршин суудаггүй бол бичиг баримтыг түүний харьяалагдах улсын дипломат буюу консулын төлөөлөгчдийн газраас олгоно.
3.Шүүхийн зардлаас чөлөөлөх тухай шийдвэр гаргаж байгаа шүүх шаардлагатай гэж үзвэл энэхүү Гэрээний 3-р зүйлд заасан ёсоор бичиг баримт олгосон байгууллагаас нэмэлт тайлбар гаргахыг шаардаж болно.
Хорин хоёрдугаар зүйл
1.Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн иргэн Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн шүүхэд зардал ба хураамжаас чөлөөлөгдөх /эсвэл хураамж төлөхийг хойшлуулах буюу хуулийн туслалцааг үнэ төлбөргүй авах эрх эдлэх/ тухай хүсвэл байнга буюу түр оршин суугаа газрынхаа зохих шүүхэд энэ тухай хүсэлтээ амаар тавьж болох бөгөөд тэр шүүх нь уг хүсэлтийг протоколд тэмдэглэж авна. Хүсэлт хүлээн авсан шүүх энэхүү Гэрээний 3-р зүйлийн 1-д заасан журмаар уг протокол болон 21-р зүйлд заасан хүсэлт гаргасан этгээдээс ирүүлсэн бусад баримт бичгийн хамт Хэлэлцэн Тохирогч Этгээдийн зохих холбогдох шүүхэд шилжүүлнэ.
2.Уг Протокол нь түүнийг үйлдсэн шүүхийн хэл дээр зохиогдсон байна.
Хорин гуравдугаар зүйл
Иргэний гэр бүлийн байдлын тухай ба бусад бичиг баримтуудыг шилжүүлэх
1.Хэлэлцэн Тохирогч нэг Этгээд нь дипломат шугамаар хүлээн авсан хүсэлтийн ёсоор Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн иргэний гэр бүлийн байдлыг бүртгэсэн гэрчилгээ, боловсрол, ажилласан хугацааны тухай баримтууд болон тэдний хувийн эрх, ашиг сонирхолтой холбогдсон бусад бичиг баримтуудыг Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээддээ бүрдүүлэн явууулж байна.
2.Энэ зүйлийн 1-д дурдсан бичиг баримтуудыг Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээддээ дипломат шугамаар орчуулгагүй, үнэ төлбөргүйгээр илгээнэ.
Хувийн эрхийн тухай
Хорин дөрөвдүгээр зүйл
Иргэний эрхийн чадвар
Иргэний эрхийн чадварыг түүний харьяалагдаж байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээдийн нь хууль тогтоомжоор тодорхойлно.
Хорин тавдугаар зүйл
Нас барсанд тооцох
1.Хүнийг нас барсанд тооцох, нас барсан гэж тогтоохдоо тэр нас барсан хүний сүүлийн харьяалагдаж байсан Хэлэлцэн Тохирогч Этгээдийн зохих байгууллага өөрийн улсын хууль тогтоомжийг баримтална.
2. Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн байгууллага Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн иргэнийг дор дурдсан журмаар нас барсанд тооцох буюу нас барсан гэж тогтооно.Үүнд:
а/ Хэлэлцэн Тохирогч энэхүү Этгээдийн нутаг дэвсгэрт байгаад сураггүй алга болсон этгээдийн хөдлөх ба үл хөдлөх хөрөнгийг өвлөх эрхээ эдлэхийг хүсэгч этгээд энэ тухай хүсэлтээ гаргавал;
б/ Хэлэлцэн Тохирогч энэхүү Этгээдийн нутаг дэвсгэрт хүсэлт гаргах зедээ амьдарч байгаа, сураггүй алга болсон этгээдийн нөхөр буюу эхнэр хүсэлтээ гаргавал;
Гэр бүлийн эрх
Хорин зургадугаар зүйл
Гэрлэлтийг салгах, гэрлэлтийг хүчингүйд тооцох
Гэрлэлтийг салгах, гэрлэлтийг хүчингүйд тооцох буюу гэрлэлт хүчинтэй байгаа эсэхийн тухай Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн шүүхийн хуулийн хүчинтэй шийдвэрийг хүчин төгөлдөр болох үед гэрлэгсдийн аль нэг нь шийдвэр гаргасан шүүхийн талын Хэлэлцэн Тохирогч Этгээдийн харьяат байсан ба энэ хэргийн талаар Хэлэлцэн Тохирогч Этгээдийн ямар ч шүүх үүний урьд хуулийн хүчинтэй болсон шийдвэр гаргаагүй бол Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн нутаг дэвсгэр дээр цаашид авч хэлэлцэхгүйгээр хүлээн зөвшөөрнө.
Энэ заалт нь Энэхүү Гэрээг хүчин төгөлдөр болохоос өмнө гаргасан шийдвэрт нэгэн адил хамаарагдана.
Эх эцэг, хүүхдийн хоорондын эрхийн харьцаа
Хорин долдугаар зүйл
1.Хүүхдийн эцгийг тогтоох буюу тэр тухай шийдвэрлэхдээ тэр хүүхдийн харьяалагдаж байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
2.Хэрэв хүүхэд нь нөгөө Хэлэлцэн Тохирогч Этгээдийн нутаг дэвсгэрт байгаа бол хүүхдэд аль илүү ашигтай Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хууль тогтоомжийг баримтална.
Хорин наймдугаар зүйл
Хүүхэд, түүний эцэг, эхийн хоорондын эрхийн харьцааг хүүхдийн харьяалагдаж байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хууль тогтоомжоор тодорхойлно.27-р зүйлийн 2-т дурдсан заалтыг ийм үед баримтална.
Хорин есдүгээр зүйл
1.Хүүхдийн харьяалагдаж байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээдийн шүүх нь энэхүү Гэрээний 27, 28-р зүйлд дурдсан эрхийн харьцааны талаар шийдвэр гаргах эрх хэмжээ бүхий болно.
2.Хэрэв нэхэмжлэгч, хариуцагч хоёулаа Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн нутаг дэвсгэрт байгаа бол энэхүү Хэлэлцэн Тохирогч Этгээдийн шүүх нэгэн адил шийдвэр гаргах эрх хэмжээ бүхий болно. Иймд үед энэхүү Гэрээний 27, 28-р зүйлийн заалтыг баримтална.
Үрчлэлт
Гучдугаар зүйл
1.Хүүхэд үрчлэн авах үед үрчлэн авагчийн харьяалагдаж байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хууль тогтоомжийг баримтална.
2.Хэрэв хүүхэд үрчлэн авагчийн нэг нь нэгдэх, нөгөө нь хоёр дахь Хэлэлцэн Тохирогч Этгээдийн харьяат байвал уг үрчлэлт нь Хэлэлцэн Тохирогч хоёр Этгээдийн нутаг дэвсгэр дээр дагаж шийтгүүлж байгаа хууль тогтоомжийн шаардлагад нэгэн адил нийлж байвал зохино.
3.Хэрэв хүүхэд нь нэг Хэлэлцэн Тохирогч Этгээдийн харьяат үрчлэн авагч нь нөгөө Хэлэлцэн Тохирогч Этгээдийн харьяат байвал үрчлэх талаар хүүхдийн харьяалагдаж байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хуулиар шаардагдвал тэр хүүхдийн өөрий нь болон түүний хууль ёсны төлөөлөгч буюу энэ Хэлэлцэн Тохирогч Этгээдийн төрийн зохих байгууллагын зөвшөөрлийг авна.
Гучин нэгдүгээр зүйл
Үрчлэн авагчийн харьяалагдаж байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээдийн байгууллагууд үрчлэлтийн хэргийг авч хэлэлцэх эрх хэмжээ бүхий болно. 30-р зүйлийн 2-т заасан тохиолдолд нөхөр, эхнэр хоёулаа нутаг дэвсгэр дээр нь сүүлийн үед байнга буюу түр оршин сууж байгаа буюу байсан тэр Хэлэлцэн Тохирогч Этгээдийн байгууллага шийдвэрлэх эрх хэмжээ бүхий болно.
Гучин хоёрдугаар зүйл
30 ба 31-р зүйлийн заалтыг үрчлэлтийг хүчингүй болгоход нэгэн ч адил баримтална.
Асрамж ба тэтгэмж
Гучин гуравдугаар зүйл
1.Хэлэлцэн Тохирогч хоёр Этгээдийн харьяат иргэдийг асран хамгаалах ба харгалзан дэмжихтэй холбогдсон хэргийг энэхүү Гэрээнд өөрөөр заагдаагүй бол асрамж буюу тэтгэмжинд орох гэж байгаа иргэдийн харьяалагдаж байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээдийн байгууллага авч хэлэлцэх эрх хэмжээ бүхий болно.
2.Асран хамгаалалт ба харгалзан дэмжлэгийг тогтоох, түүнийг өөрчлөх нөхцлийн хувьд асран хамгаалалт буюу харгалзан дэмжлэгт иргэний харьяалагдаж байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хууль тогтоомжийг баримтална.
3.Асран хамгаалагч буюу харгалзан дэмжигч, асран хамгаалуулагч буюу харгалзан дэмжүүлэгч, асран хамгаалагч буюу харгалзан дэмжигчийг томилсон Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хууль тогтоомжоор тодорхойлогдоно.
4. Асран хамгаалалах ба харгалзан дэмжих үүрэг авахын хувьд асран хамгаалагч буюу харгалзан дэмжигч болох гэж байгаа хүний харьяалагдаж байгаа хэлэлцэн тохирогч этгээдийн хууль тогтоомжийг баримтална.
5.Асран хамгаалалт буюу харгалзан дэмжлэг биелүүлэх Хэлэлцэн Тохирогч Этгээдийн нутаг дэвсгэрт оршин суудаг бөгөөд ийнхүү томилох нь асрамж буюу тэтгэмжинд орох хүний эрх ашигт хамгийн тохиромжтой байвал Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн харьяат иргэнд асран хамгаалагч буюу харгалзан дэмжигчээр нөгөө Хэлэлцэн Тохирогч Этгээдийн харьяатыг томилж болно.
Гучин дөрөвдүгээр зүйл
1.Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн нутаг дэвсгэрт байнга буюу түр оршин сууж байгаа иргэнийг , эсвэл эд хөрөнгө нь байгаа Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн харьяат асран хамгаалалт буюу харгалзан дэмжлэгийн талаар арга хэмжээ авах шаардлага гарвал тэрхүү нөгөө Хэлэлцэн Тохирогч Этгээдийн байгууллага тэр иргэний харьяалагдах улсын дипломат төлөөлөгчийн буюу консулын газарт нэн даруй мэдэгдэнэ.
2.Хойшлуулашгүй шаардлагатай үед Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн байгууллага өөртөө байгаа нөхцөл бололцооны хирээр /орон сууц, тэжээх зардал, асарч хамгаалах/ түр арга хэмжээ авах бөгөөд энэ тухайгаа тэр иргэний харьяалагдах улсын дипломат төлөөлөгчдийн ба консулын газарт нэн даруй мэдэгдэх ёстой. Эдгээр түр арга хэмжээ нь дипломат төлөөлөгчийн буюу консулын газар, эсхүл 33-р зүйлийн 1-д дурдсан байгууллагаас өөр шийдвэр гаргах хүртэл хүчин төгөлдөр байна.
Гучин тавдугаар зүйл
1.Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн нутаг дэвсгэр дээр байнга буюу түр оршин суугаа, эсхүл эд хөрөнгө нь байгаа иргэнд асран хамгаалагч буюу харгалзан дэмжигчийг томилуулахаар тэрхүү нөгөө Хэлэлцэн Тохирогч Этгээдийн зохих холбогдох байгууллагад тэр иргэнийг харьяалах улсын байгууллага хүсэлтээ тавьж болно. Уг хүсэлтийг хүлээн авагч байгууллага асран хамгаалалт буюу харгалзан дэмжлэгийг биелүүлэхийг хүлээн авч байгаагаа хүсэлт гаргагч байгууллагад мэдэгдсэнээр уг хүсэлт биелэгдэж хуулийн хүчинтэй болсонд тооцно.
2.Энэ зүйлийн 1-д дурдсан асран хамгаалах буюу харгалзан дэмжих үүрэг хүлээн авсан байгууллага уг үүргийг биелүүлэхдээ өөрийн улсын хууль тогтоомжийг баримтална.Гэхдээ асран хамгаалуулагчийн буюу харгалзан дэмжүүлэгчийн иргэний эрхийн чадвар, иргэний эрх олох, үүрэг бий болгох чадварын хувьд тэрхүү асран хамгаалуулагч буюу харгалзан дэмжүүлэгчийн харьяалагдах Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хууль тогтоомжийг баримтална. Энэ байгууллага асран хамгаалуулагч ба харгалзан дэмжүүлэгчийн хувийн эрхийн байдалд холбогдсон шийдвэр гаргах эрхгүй.Харин асран хамгаалалт ба харгалзан дэмжлэгт байгаа иргэний Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хуульд зааснаар шаардлагатай бол гэрлэхэд нь зөвшөөрлийг өгч болно.
Өв залгамжлал
Гучин зургадугаар зүйл
Тэгш эрхийн зарчим
Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн иргэд Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн нутаг дэвсгэрт байгаа эд хөрөнгийг хууль ёсоор буюу гэрээслэлээр өв залгамжлах болон түүнчилэн гэрээслэлийг хэрэгжүүлэх буюу өөрчлөхөд тэрхүү Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн харьяат нэгэн адил эрхийн эдлэнэ.
Гучин долдугаар зүйл
Баримтлах хууль
Өв залгамжлах эрх нь өв үлдээгч нас барах үедээ харьяалагдаж байсан Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хууль тогтоомжоор зохицуулагдана.
Гучин наймдугаар зүйл
Эзэнгүй болсон эд хөрөнгө
Өв залгамжлагчгүй буюу өв залгамжлагч өвлөхийг татгалзсан эсхүл тэд өв залгамжлах чадвараа алдсан байвал үл хөдлөх эд хөрөнгө нутаг дэвсгэр дээр нь байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээдийн орлого болох ба харин хөдлөх хөрөнгө нь өв үлдээгчийн нас барах үедээ харьяалагдаж байсан Хэлэлцэн Тохирогч Этгээдийн орлогот тус тус шилжинэ.
Гучин есдүгээр зүйл
Гэрээслэл
1.Гэрээслэлийн хэлбэрийг үлдээгч гэрээслэлийг үйлдэх үедээ харьяалагдаж байсан Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хууль тогтоомжоор тодорхойлно.Гэвч гэрээслэлийг нутаг дэвсгэр дээр нь үйлдсэн Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хууль тогтоомжийг баримталсан бол хангалттай гэж үзнэ.
Энэхүү заалтыг уг гэрээслэлийг өөрчлөхөд нэгэн адил баримтална.
2.Гэрээслэлийг үйлдэх буюу өөрчлөх чадвар, түүнчилэн бодол санаагаа буруу дутуу илэрхийлснээс үүсэх эрхийн холбогдлыг өв үлдээгч бодол санаагаа илэрхийлэх үедээ харьяалагдаж байсан Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хууль тогтоомжоор зохицуулна.
Дөчдүгээр зүйл
Өв залгамжлалын авч хэлэлцэх эрх хэмжээ
1.Хөдлөх хөрөнгийг өв залгамжлах хэргийг өв үлдээгчийн нас барах үедээ харьяалагдаж байсан Хэлэлцэн Тохирогч Этгээдийн байгууллага авч хэлэлцэх эрхтэй. Харин энэ зүйлийн 4-т дурдсан нь үүнд хамаарагдахгүй.
2.Үл хөдлөх хөрөнгийг өв залгамжлах хэргийг уг эд хөрөнгө нутаг дэвсгэрт нь байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээдийн байгууллага авч хэлэлцэх эрх бүхий болно.
3.Энэ зүйлийн 1 ба 2-т дурдсан заалтыг өв залгамжлах эрхийн улмаас үүссэн маргааныг шийдвэрлэхэд нэгэн адил баримтална.
4. Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн харьяат иргэн нас барсны дараа Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн нутагт үлдсэн түүний өвлөгдвөл зохих бүх хөдлөх хөрөнгийг байнга буюу түр оршин суугаа газар нь мэдэгдэж байгаа бүх өв залгамжлагчид зөвшөөрч байвал, өв залгамжлагч буюу гэрээслэлээр өв залгамжлагчийн хүсэлтээр өв залгамжлалын хэргийг Хэлэлцэн Тохирогч тэрхүү нөгөө Этгээдийн байгууллага авч хэлэлцэнэ.
Дөчин нэгдүгээр зүйл
Нас барсан тухай мэдэгдэх
1.Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн нутагт дэвсгэрт Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн харьяат иргэн нас барвал энэ тухай зохих байгууллага нас барагчийн харьяалагдаж байсан орны дипломат төлөөлөгчийн буюу консулын газарт нэн даруй мэдэгдэх үүрэгтэй бөгөөд мөн түүний өв хөрөнгийг залгамжлагч гэрээслэлээр өв залгамжлагчийн тухай байгаа бүх мэдээ болон тэднийг байнга буюутүр оршин суугаа газрын хаяг, өв хөрөнгийн байдал, түүнчилэн гэрээслэл байгаа эсэх талаар уг төлөөлөгчдийн газарт мэдэгдэнэ.Хэрэв нас барагч гурав дахь улсын нутаг дэвсгэрт эд хөрөнгө үлдээсэн мэдээ баримт байвал түүнийг өмнө дурдсан зохих байгууллага мөн мэдэгдэнэ.
2.Энэ зүйлийн 1-д зааснаар мэдээ авсан Хэлэлцэн Тохирогч Этгээдийн зохих байгууллага хэрэв түүний нутаг дэвсгэрт буюу гадаадад мэдэгдэлд дурдагдаагүй өв залгамжлагч буюу гэрээслэлээр өв залгамжлагч, эсхүл өв үлдээгч гэрээслэл үлдээснийг олж мэдвэл энэ тухайгаа нөгөө Хэлэлцэн Тохирогч Этгээдийн холбогдох байгууллагад мэдэгдэнэ.
3.Хэрэв Хэлэлцэн Тохирогч Этгээдийн иргэн харьяалагдаж байсан Хэлэлцэн Тохирогч Этгээдийнхээ нутаг дэвсгэрт нас барвал өв залгамжлагч буюу гэрээслэлээр хувь авагчийн хувьд сонирхогч нь Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн харьяат иргэн байвал Хэлдэлцэн тохирогч нэг этгээдийн зохих байгууллага энэ зүйлийн 1-д заасан ёсоор Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн дипломат төлөөлөгчийн буюу консулын газарт мэдэгдэнэ.
Дөчин хоёрдугаар зүйл
Дипломат төлөөлөгчийн буюу консулын газрын эрх
1.Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн нутаг дэвсгэрт үүссэн өв залгамжлалын бүх хэргийн талаар дипломат төлөөлөгчийн ба консулын газрууд Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн байгууллагын өмнө өөрийн харьяат иргэнийг эзгүй ба төлөөлөх хүнээ томилоогүй үед нь тэднийг төлөөлөх эрхтэй.Үүний тулд тусгай эрхийн үнэмлэх шаардагдахгүй.
2.Хэрэв Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн харьяат иргэн байнга буюу түр оршин сууж байгаагүй нөгөө Хэлэлцэн Тохирогч Этгээдийн нутаг дэвсгэрээр зорчин явахдаа нас барвал түүний эд юмыг ямар нэгэн талаар авч хэлэлцэхгүйгээр дипломат төлөөлөгчдийн ба консулын газарт нь шилжүүлнэ.
Дөчин гуравдугаар зүйл
Гэрээслэлийг зарлах
Нутаг дэвсгэрт нь гэрээслэл байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээдийн зохих эрх бүхий байгууллага уг гэрээслэлийг зарлана.Гэрээсэл, түүнийг зарласан тухай протоколын хуулбар, хэрэв шаардагдвал гэрээслэлийн жинхэнэ эхийг өв үлдээгч харьяалагдаж байсан Хэлэлцэн Тохирогч Этгээдийн зохих эрх бүхий байгууллагад явуулна.
Дөчин дөрөвдүгээр зүйл
өв хөрөнгийг хамгаалах арга хэмжээ
1.Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн харьяат иргэний өв хөрөнгө нутаг дэвсгэрт нь байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээдийн байгууллага уг өв хөрөнгийг өөрийн хууль тогтоомжийн дагуу хамгаалах арчлахад шаардагдах арга хэмжээ авах үүрэгтэй.
2.Энэ зүйлийн 1-д заасан ёсоор авсан арга хэмжээнийхээ тухай шууд буюу өөрийн төлөөлөгчөөр дамжуулан уг арга хэмжээг хэрэгжүүлэхэд оролцож болох Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн дипломат төлөөлөгчийн буюу консулын газарт нэн даруй мэдэгдэнэ.
Дөчин тавдугаар зүйл
өв хөрөнгийг тавьж олгох
1.хөдлөх өв хөрөнгө буюу үл хөдлөх өв хөрөнгийг худалдсаны үнийг өв залгамжлах хэргийг авч хэлэлцсэний дараа Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн нутаг дэвсгэр дээр байгаа өв залгамжлагчид тавьж олгох байвал тэрхүү хөдлөх өв хөрөнгө буюу худалдсан үнийг тэр улсын дипломат төлөөлөгчийн буюу консулын газарт шилжүүлнэ.
2.Өв залгамжлах хэргийг авч хэлэлцсэн байгууллага уг өв хөрөнгийг дипломат буюу консулын төлөөлөгчийн газарт шилжүүлэх шийдвэрийг дор дурдсан журмаар гаргана.
Үүнд:
а/Бүх өв залгамжлагч, гэрээслэлээр өв залгамжлагч буюу нас барагчаас өв авлагатай хүмүүсийн шаардлага нь Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хууль тогтоомжоор тогтоогдсон хугацаанд төлөгдсөн буюу хангагдсан бол;
б/Өв залгамжлалтай холбогдсон бүх хураамжийн төлж гүйцэтгэсэн бол;
в/Өв хөрөнгийг гадагш гаргах зөвшөөрлийг зохих байгууллага олгосон бол;
дөчин зургадугаар зүйл
Шийдвэрийг хүлээн зөвшөөрөх ба биелүүлэх
1.Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн асран хамгаалах, харгалзан дэмжих асуудлыг эрхлэх шүүх ба байгууллагаас гаргасан эд хөрөнгийн биш хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг хэрэв энэ Гэрээнд үл харшлах ба Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн асран хамгаалах, харгалзан дэмжих хэргийг эрхлэх шүүх буюу байгууллага үүнээс өмнө энэ хэргийн талаар хуулийн хүчинтэй ямар ч шийдвэр гаргаагүй бол нөгөө Хэлэлцэн Тохирогч Этгээдийн нутаг дэвсгэр дээр цаашид авч хэлэлцэхгүйгээр хүлээн зөвшөөрнө.
Энэ заалт энэхүү Гэрээг хүчин төгөлдөр болохоос өмнө гаргасан шийдвэрт нэгэн адил хамаарна.
2.Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн нутаг дэвсгэр дээр иргэний болон гэр бүлийн хэргээр шүүхээс гаргасан эд хөрөнгийн хүчин төгөлдөр болсон шийдвэр нь энэхүү Гэрээг хүчин төгөлдөр болсны дараа гарсан байвал Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн нутаг дэвсгэр дээр түүнийг хүлээн зөвшөөрч биелэнэ.Энэ заалт нь эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх нэхэмжлэлийн талаар шүүхээс гаргасан хуулийн хүчин төгөлдөр шийдвэрт нэгэн адил хамаарна.
Дөчин долдугаар зүйл
1.Албадан биелүүлэх зөвшөөрлийг олгохдоо нутаг дэвсгэр дээр нь гүйцэтгэх Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хууль тогтоомжийг баримтлана.
2.Хэрэв сонирхогч этгээд Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн нутаг дэвсгэр дээр байвал гүйцэтгэх тухай хүсэлтийг хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн холбогдох шүүхэд буюу уг хэргийг авч хэлэлцсэн шүүхэд гаргана.Уг хэргийг авч хэлэлцсэн шүүх нь хүлээн авсан хүсэлтийг энэхүү Гэрээний 3-р зүйлд дурдсан журмаар Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн зохих холбогдох шүүхэд явуулна.
Дөчин наймдугаар зүйл
Албадан биелүүлэх зөвшөөрлийн тухай хүсэлтэнд дараах зүйлийг хавсаргавал зохино.Үүнд:
а/Шийдвэрийн бүрэн эх, хэрэв хүчин төгөлдөр эсэх нь уг шийдвэрээс тодорхой мэдэгдэхгүй бол түүний хүчин төгөлдөр болсныг нотолсон албан баримт;
б/Хэргийг авч хэлэлцэхэд биеэр оролцоогүй хариуцагч буюу түүнийг төлөөлөх хүнийг шүүхээс дуусан мэдэгдлийг нэг удаа ч гэсэн зохих хэлбэрээр цаг тухайд нь гаргуулсныг заасан бичиг баримт;
в/Энэ зүйлийн “а”, “б”-д дурдсан бичиг баримтуудын баталгаатай орчуулга.
Дөчин есдүгээр зүйл
Албадан биелүүлэх зөвшөөрлийг олгохдоо шүүх нь шаардлагатай үед хүсэлт гаргасан хүнийг дуудаж түүний хүсэлтийн талаар тайлбар шаардах буюу дутагдалтай зүйлийг нь засуулах үүрэг өгч болно. Уг шүүх хариуцагчаас хүсэлтийн агуулгыг тодруулж, шийдвэр гаргасан шүүхээс тайлбар шаардаж болно.
Тавьдугаар зүйл
1.Албадан биелүүлэх журмыг уг албадан биелүүлэлтийг нутаг дэвсгэр дээр нь гарсан Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хууль тогтоомжоор зохицуулна.
2.Албадан биелүүлэхийг зөвшөөрсөн шийдвэр нутаг дэвсгэр дээр нь гарсан Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн байвал хариуцагч нь албадан биелүүлэхийг зөвшөөрсөн шийдвэрээс татгалзсан, түүнчилэн уг хэргээр гаргасан шүүхийн шийдвэрт дурдсан шаардлагаас татгалзсан тайлбарыг албадан биелүүлэхийг зөвшөөрч шийдвэрлэсэн шүүхийн өмнө тус тус гаргаж болно.
Тавин нэгдүгээр зүйл
Шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс татгалзах
Шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхээс дор дурдсан үндсэн дээр татгалзаж болно. Үүнд:
а,Хуулийн хүчин төгөлдөр болоогүй шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг шаардсан байвал,
б/Хариуцагч буюу өөрий нь эсрэг хэргийн талаар шийдвэр гарсан этгээдэд буюу түүнийг төлөөлөх хүнд энэхүү Гэрээнд заасан журмын дагуу шүүхийн дуудлага цаг тухайд нь зохих ёсоор гардуулаагүйн улмаас шүүхийн ажиллагаанд оролцож чадаагүй байвал,
в/Шүүхийн шийдвэр нь уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөх буюу өөрийн нутаг дэвсгэр дээр нь албадан биелүүлэхийг зөвшөөрөх гэж байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээдийн шүүхээс урьд нь яг энэ хэргийн талаар, мөн эдгээр зохигчдын хооронд нэгэн адил үндсэн дээр авч хэлэлцээд гаргасан хүчин төгөлдөр шийдвэртэй харшилж байвал татгалзаж болно. Энэ заалт нь шүүхээс урьд гаргасан шийдвэрийн агуулга ба гүйцэтгэх цагийг үндэслэн тогтоосон нөхцөл байдал нь эрс өөрчлөгдсөн байвал үүнд хамаарахгүй болно.
Тавин хоёрдугаар зүйл
Албадан биелүүлэхтэй холбогдон гарах шүүхийн зардлын хувьд уг шийдвэрийг өөрийн нутаг дэвсгэр дээр хүлээн авч биелүүлэх Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хууль тогтоомжийг баримтална.
Тавин гуравдугаар зүйл
Энэхүү Гэрээний 46-52-р зүйлийн заалт шүүхэд ирээд эвлэрсэн хэлцэлд нэгэн адил хамаарна.
2-р бүлэг
Эрүүгийн хэргийн талаар эрхийн туслалцаа үзүүлэх
Тавин дөрөвдүгээр зүйл
Шилжүүлэн өгөх үүрэг
1.Хэлэлцэн Тохирогч хоёр Этгээд энэхүү Гэрээгээр тогтоогдсон нөхцөлийн үндсэн дээр өөрсдийн нутаг дэвсгэрт байгаа этгээдийг эрүүгийн хариуцлагад татах буюу таслан шийдвэрлэх тогтоолыг гүйцэтгүүлэхээр шаардсан ёсоор нэг нэгэндээ шилжүүлэн өгч байх үүргийг хүлээнэ.
2. Хэлэлцэн Тохирогч хоёр Этгээдийн хууль тогтоомжоор нэг жилээс дээш хугацаагаар хорих буюу түүнээс өөр хүнд ял /цаашид “шилжүүлэн өгөх гэмт хэрэг” гэж нэрлэгдэх/ шийтгэгдэх гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шилжүүлэн өгнө.
Тавин тавдугаар зүйл
Шилжүүлэн өгөхөөс татгалзах
Дор дурдсан үндсэн дээр шилжүүлэн өгөхгүй байж болно.
Үүнд:
а/ Шилжүүлэн өгөх хүн нь шаардлагыг хүлээн авсан Хэлэлцэн Тохирогч Этгээдийн харьяат байвал;
б/Шилжүүлэн өгөх этгээд шилжүүлэн өгөх шаардлага хүлээн авсан Хэлэлцэн Тохирогч Этгээдийн нутаг дэвсгэрт гэмт хэрэг өдүүлсэн байвал;
в/Шаардлага хүлээн авсан Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хууль тогтоомжоор эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн буюу хууль ёсны бусад үндэслэлээр эрүүгийн мөрдлөгийг үүсгэн явуулж болохгүй, эсхүл таслан шийдвэрлэх тогтоолыг гүйцэтгэж болохгүй гэж үзсэн байвал;
г/Шаардлага хүлээн авсан Хэлэлцэн Тохирогч Этгээдийн нутаг дэвсгэрт шилжүүлэн өгөх иргэнийг яг тэр хэрэгт нь таслан шийдвэрлэсэн тогтоол, эсхүл уг хэргийг зогсоох тухай тогтоол гаргасан бол;
д/ Хэлэлцэн Тохирогч аль нэг Этгээдийн хуулиар зөвхөн хохирогчийн гомдлоор үүсгэх ёстой эрүүгийн хэрэг байтал уг хохирогч зохих цагтаа гомдлоо гараагүй байвал;
Тавин зургадугаар зүйл
Эрүүгийн мөрдлөг үүсгэх үүрэг
1.Хэлэлцэн Тохирогч аль нэгэн Этгээд Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийнхээ шаардсанаар тэр Этгээдийн нутаг дэвсгэр дээр шилжүүлэн өгөх гэмт хэрэг үйлдсэн харьяатдаа өөрийн хууль тогтоомжийн дагуу эрүүгийн мөрдлөг үүсгэх үүрэг хүлээнэ.Уг шаардлагад гэмт хэргийн тухай баримт сэлт болон гэмт хэрэг мөн болохыг нотлох бичиг баримтуудыг хавсаргана.
2.Эрүүгийн мөрдлөг үүсгэх тухай шаардлагыг шүүхэд шилжүүлэхийг хүртэл Монголын Талаас Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Прокурор, шүүхэд шилжсэний дараа Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Дээд шүүхийн дарга тавина.Унгарын талаас Бүгд Найрамдах Унгар Ард Улсын Ерөнхий Прокурор ба Бүгд Найрамдах Унгар Ард Улсын Шүүх Яамны сайд нар тавина.
3.Ингэж тавьсан шаардлагаар Хэлэлцэн Тохирогч нэг Этгээд эрүүгийн мөрдөн байцаалт явуулсны үр дүнд хэрэв хэргийн таслан шийдвэрлэсэн тогтоол гаргасан нь хуулийн хүчин төгөлдөр болсон бол уг ялын тогтоолын хуулбарыг Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээддээ явуулна.
Тавин долдугаар зүйл
Шилжүүлэн өгөх шаардлага
1.Таслан шийдвэрлэх тогтоолыг гүйцэтгүүлэхээр шилжүүлэн өгөх тухай шаардлаганд хуулийн хүчин төгөлдөр болсон таслан шийдвэрлэсэн тогтоолын баталгаатай хуулбар, түүнчилэн гэмт хэрэгт ял ноогдуулсан хуулийн зүйл ангийн заалтыг хавсаргана. Хэрэв ялтан ялаа эдэлж эхэлсэн бол тэр тухай мэдэгдэнэ.
2.Эрүүгийн хариуцалагад татахаар шилжүүлэн өгөх тухай шаардлаганд баривчлах тухай тогтоолын баталгаатай хуулбар, гэмт хэргийн байдлын тодорхойлолт, уг гэмт хэргийн тухай эрүүгийн хуулийн зүйл ангийн заалтыг тус тус хавсаргасан байвал зохино. Хэрэв уг гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан бол түүний хэмжээг нэгэн адил тодорхойлно:
3.Зөвхөн хохирогчийн гомдлоор эрүү үүсгэх гэмт хэрэгт бол гомдол гаргасан он, сар, өдрийг шаардлаганд заасан байвал зохино.Үүнээс гадна тийм гомдол гаргах хугацааг хязгаарласан заалт хуулинд байгаа эсэхийг нэгэн адил мэдэгдэх хэрэгтэй.
4.Шилжүүлэн өгөх шаардлаганд шилжүүлэн өгөх этгээдийн гаднах байдал, биеийн байцаалт, аль улсын харьяат оршин суугаа газрын тухай мэдээ, түүнчилэн фото зураг, хурууны хээ зэргийг бололцооны хэрээр хавсаргана.
5.Шилжүүлэн өгөх шаардлагатавьсан Хэлэлцэн Тохирогч Этгээд шилжүүлэн өгөх этгээдийн гэм буруутайг нотлох баримтыг уг шаардлаганд хавсаргах үүрэггүй.
Тавин наймдугаар зүйл
Шилжүүлэн өгөх шаардлаганд орох нэмэлт мэдээ
Хэрэв шилжүүлэн өгөх шаардлагын чухал мэдээ баримт бүрдэл болоогүй байвал шаардлага хүлээн авсан Хэлэлцэн Тохирогч Этгээд нь нэмэлт мэдээг шаардаж болно.Үүний тулд шаардлага тавьсан Хэлэлцэн Тохирогч Этгээдэд хоёр сараас дээшгүй тодорхой хугацаа тогтоож өгнө. Энэ хугацааг хүндэтгэх шалтгаантай бол сунгаж ч болно.
Тавин есдүгээр зүйл
Шилжүүлэн өгөх этгээдийг баривчлах
Шилжүүлэн өгөх шаардлага хүлээн авсан Хэлэлцэн Тохирогч Этгээд уг шаардлага хүлээн авмагц энэхүү Гэрээний дагуу шилжүүлэн өгөхгүй байж болох тухай заалтанд хамаарахгүй байвал шилжүүлэн өгөх этгээдийг нэн даруй баривчлах арга хэмжээ авна.
Жардугаар зүйл
Шилжүүлэн өгөх шаардлага ирэхээс өмнө баривчлах
1.Хэрэв Хэлэлцэн Тохирогч аль нэг Этгээд шилжүүлэн өгөх этгээдийг баривчлах хүсэлтээ гаргаж, энэ этгээдийг баривчлах тухай тогтоол буюу хүчин төгөлдөр болсон таслан шийдвэрлэсэн тогтоол, шүүхийн бусад тодорхойлолт бий гэдгээ мэдэгдвэл шилжүүлэн өгөх шаардлага ирүүлэхээс өмнө уг этгээдийг баривчлан хорьж болно. Ийм хүсэлтийг шуудан, цахилгаан, телефон буюу радиогоор тавьж болно.
2. Хэлэлцэн Тохирогч хоёр Этгээдийн холбогдох байгууллага нөгөө Хэлэлцэн Тохирогч Этгээдийн нутаг дэвсгэрт шилжүүлэн өгөх гэмт хэрэг үйлдсэн нь мэдэгдэж байгаа өөрсдийн нутаг дэвсгэр дээр суугаа этгээдийг баривчлах хүсэлт ирэхээс өмнө баривчилж болно.
3.Энэ зүйлийн 1 ба 2-т дурдсанаар хэдийд баривчилсан тухайгаа Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээддээ нэн даруй мэдэгдэнэ.
Жаран нэгдүгээр зүйл
Баривчлагсдыг суллах
1.Хэрэв энэхүү Гэрээний 58-р зүйлд дурдсан ёсоор шилжүүлэн өгөх шаардлага тавьсан Хэлэлцэн Тохирогч Этгээдээс энэ зүйлээр тогтоосон хугацаандаа шилжүүлэн өгөх тухай шаардлаганд нэмэлт мэдээг ирүүлээгүй бол баривчлан хорьсон этгээдийг суллаж болно.
2.Баривчилсан тухай мэдээ явуулсан өдрөөс хойш хоёр сарын дотор Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдээс шилжүүлэн өгөх шаардлага ирүүлэхгүй бол энэхүү Гэрээний 60-р зүйлийн үндсэн дээр баривчлан хорьсон этгээдийг суллаж болно.
Жаран хоёрдугаар зүйл
Шилжүүлэн өгөхийг хойшлуулах
Шилжүүлэн өгөх этгээд шаардлага хүлээн авсан Хэлэлцэн Тохирогч Этгээдийн нутаг дэвсгэр дээр өөр гэмт хэрэг үйлдээд эрүүгийн хариуцлагад татагдсан буюу шийтгэгдсэн байвал эрүүгийн мөрдөн байцаалтыг зогсоох буюу шийтгэсэн тогтоолыг гүйцэтгэхэд эсвэл ял эдэлж дуусгах хүртэл шилжүүлэн өгөхийг хойшлуулж болно.
Жаран гуравдугаар зүйл
Түр шилжүүлэн өгөх
1.Хэрэв энэхүү Гэрээний 62-р зүйлд зааснаар шилжүүлэн өгөхийг хойшлуулснаас эрүүгийн хэргийн хёөн хэлэлцэх хугацаа хэтрэх буюу уг хэргийн мөрдөн байцаалтанд ноцтой хохирол учруулахаар байвал шилжүүлэн өгөх этгээдийг үндэслэлтэй хүсэлтийн дагуу түр шилжүүлэн өгч болно.
2.Түр шилжүүлсэн этгээдийг уг эрүүгийн хэрэгт холбогдох асуудлаа тодотгож дуусмагц буцааж өгнө.
Жаран дөрөвдүгээр зүйл
Шилжүүлэн өгөх тухай хэд хэдэн ирсэн шаардлага
Хэрэв шилжүүлэн өгөх шаардлага хэд хэдэн улсаас ирвэл түүнийг хүлээн авсан Хэлэлцэн Тохирогч Этгээд дээрх шаардлагуудын алиныг нь биелүүлэхээ өөрөө зохицуулан шийдвэрлэнэ.
Жаран тавдугаар зүйл
Шилжүүлэн өгсөн этгээдийг мөрдөх хязгаар
1.Шаардлага хүлээн авсан Хэлэлцэн Тохирогч Этгээдийн зөвшөөрөлгүйгээр шилжүүлж өгсөн этгээдийг шилжүүлэн өгөхтэй холбоогүй бөгөөд шилжүүлж өгөхөөс өмнө үйлдсэн хэргийн учир эрүүгийн хариуцлагад татах, шийтгэх буюу гурав дахь улсад дамжуулан шилжүүлж болохгүй.
2.Дор дурдсан үед зөвшөөрөл үл шаардагдана.Үүнд:
а/Шилжүүлэн өгсөн этгээд эрүүгийн хэргийг бүрдүүлэх ажиллагаа дууссан үеэс, хэрэв шийтгэгдсэн бол заагдсан ялаас чөлөөлөгдсөн өдрөөс, эсвэл заагдсан ялаа эдлэж дууссан өдрөөс эхлэн-нэг сарын дотор Хэлэлцэн Тохирогч Этгээдийн нутаг дэвсгэрээс гараагүй байвал;
Шилжүүлэн өгсөн этгээд шилжүүлэн өгөх шаардлага тавьсан Хэлэлцэн Тохирогч Этгээдийн нутаг дэвсгэрээс өөрөөс нь хамаарахгүй шалтгаанаар дурдсан хугацаанд гарч чадаагүй бол уг хугацааг оруулан тооцохгүй;
б/Шилжүүлэн өгсөн этгээд шаардлага тавьсан Хэлэлцэн Тохирогч Этгээдийн нутаг дэвсгэрээс гарсан боловч дахин эргэж ирсэн байвал;
Жаран зургадугаар зүйл
Шилжүүлэх
Шаардлага хүлээн авсан Хэлэлцэн Тохирогч Этгээд шаардлага тавьсан Хэлэлцэн Тохирогч Этгээддээ хэдийд хаана шилжүүлэн өгөхөө мэдэгдэнэ.Хэрэв шаардлага тавьсан Хэлэлцэн Тохирогч Этгээд шилжүүлэн өгөх этгээдийг шилжүүлэхээр тогтсон өдрөөс хойш нэг сарын дотор хүлээн авахгүй бол түүнийг суллаж болно.
Жаран долдугаар зүйл
Дахин шилжүүлэн өгөх
Хэрэв шилжүүлэх өгсөн этгээд ямар нэг аргаар эрүүгийн мөрдлөгөөс зайлан гарч түүнийг шилжүүлэн өгөх шаардлага хүлээн авсан Хэлэлцэн Тохирогч Этгээдийн нутаг дэвсгэрт буцаж ирвэл энэхүү Гэрээний 57-р зүйлд дурдсан мэдээ материалыг шаардахгүйгээр дахин тавьсан шаардлагын дагуу уг этгээдийг шилжүүлж өгөх ёстой.
Жаран наймдугаар зүйл
Дамжуулан өнгөрүүлэх
Хэлэлцэн Тохирогч аль нэгэн Этгээд Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн хүсэлтээр Хэлэлцэн Тохирогч тэрхүү нөгөө Этгээдэд гурав дахь улсаас шилжүүлэх этгээдийг өөрийн нутаг дэвсгэрээр дамжуулан өнгөрүүлэх үүрэг хүлээнэ.Хэрэв энэхүү Гэрээнд шилжүүлэн өгөхийг заагаагүй байвал Хэлэлцэн Тохирогч хоёр Этгээд ингэж дамжуулан өнгөрүүлэхийг зөвшөөрөх үүрэггүй байж болно.
2.Дамжуулан өнгөрүүлэх хүсэлтийг шилжүүлэн өгөх тухай шаардлагатай адил журмаар үйлдвэл зохино.
3.Дамжуулан өнгөрүүлэх арга, маршрут болон бусад нөхцөлийг Хэлэлцэн Тохирогч хоёр Этгээдийн зохих холбогдох эрх хэмжээ бүхий байгууллага тухай бүр харилцан тогтооно:
Жаран есдүгээр зүйл
Эрүүгийн мөрдлөгийн дүнг мэдэгдэх
Шилжүүлэн өгсөн этгээдийг мөрдсөн эрүүгийн мөрдлөгийн дүнг Хэлэлцэн Тохирогч хоёр Этгээд харилцан мэдэгдэж байна.Хэрэв шилжүүлэн өгсөн этгээдийг шийтгэсэн бол хүчин төгөлдөр болсон таслан шийдвэрлэх тогтоолын хуулбарыг хүргүүлнэ.
Далдугаар зүйл
Шилжүүлэн өгөх ба дамжуулан өнгөрүүлэх хэргийн талаар харилцах
Гэмт хэрэгтнийг шилжүүлэн өгөх, дамжуулан өнгөрүүлэх түүнчилэн хоригдож байгаа этгээдийг хүргэх асуудлаар Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Дээд шүүх буюу Улсын Прокурор, Бүгд Найрамдах Унгар Ард Улсын Яам буюу Ерөнхий прокурор шууд харилцана.
Далан нэгдүгээр зүйл
Хоригдож байгаа этгээдийг хүргэх
Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн нутаг дээр баривчлагдсан этгээдийг гэрчийн хувьд байцаах хэрэгцээ гарвал энэ этгээдийг хорьж байх ба байцаан дуусмагц аль болох богино хугацаанд буцаах болзолтойгоор энэ гэрээний 70-р зүйлд дурдсан байгууллагууд хүсэлт гаргасан Хэлэлцэн Тохирогч Этгээдийн нутаг дэвсгэрт тэднийг хүргэх шийдвэрийг гаргаж болно.
2.Хэрэв гуравдахь улсын нутаг дэвсгэр дээр хоригдож байгаа этгээдийг гэрчийн хувьд байцаах хэрэгцээ гарвал хүсэлт хүлээн авсан энэхүү Гэрээний 70-р зүйлд дурдсан Хэлэлцэн Тохирогч Этгээдийн байгууллагууд тэднийг өөрийн улсын нутаг дэвсгэрээр дамжуулан өнгөрүүлэхийг зөвшөөрнө. Тэгэхдээ энэхүү Гэрээний 7-р зүйлийн заалтыг баримтална.
Далан хоёрдугаар зүйл
Эд юмыг шилжүүлэн өгөх
1.Гэмт хэргийн улмаас хэрэгтний эзэмшилд орсон шилжүүлэн өгвөл зохих эд агуурсыг, түүнчилэн эрүүгийн хэрэгт эд мөрийн баримт болгон ашиглаж болох бусад бүх эд агуурсыг гэмт хэрэгтэн нас барсан буюу өөр шалтгаанаас тэдгээрийг шилжүүлэн өгч болохгүй болсон ч Хэлэлцэн Тохирогч Этгээдэд уг зүйлийг шилжүүлэн өгөх ёстой.
2.Хэрэв эд агуурсыг шилжүүлэн өгөх шаардлага хүлээн авсан Хэлэлцэн Тохирогч Этгээд эдгээр эд агуурсыг эрүүгийн өөр хэргийг илрүүлэхэд ашиглах шаардлагатай бол тэдгээрийг шилжүүлэх хугацааг түр хойшлуулж болно.
3.Шилжүүлэн өгөх эд агуурсын талаар гуравдахь этгээдийн эзэмдэх эрх халдашгүй хэвээр үлдэнэ.Эрүүгийн мөрдөн байцаалт дуусмагц эдгээр эд юмыг эзэмдэх эрхтэй этгээдэд нь буцаан өгөхийн тулд уг зүйлийг ирүүлсэн Хэлэлцэн Тохирогч Этгээдэд буцаан хүргүүлнэ.
Далан гуравдугаар зүйл
Эрүүгийн хэргийн талаар эрхийн туслалцаа үзүүлэхээс татгалзах
Хэрэв шилжүүлэн өгөхгүй гэмт хэргийн талаар эрхийн туслалцаа шаардсан байвал эрүүгийн хэргийн талаар эрхийн туслалцаа үзүүлэхгүй.
Далан дөрөвдүгээр зүйл
Шийтгэсэн тогтоолын тухай мэдэгдэх
1. Хэлэлцэн Тохирогч хоёр Этгээд Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийнхээ харьяатыг шийтгэсэн хүчин төгөлдөр болсон таслан шийдвэрлэх тогтоолын талаар жил бүр харилцан мэдээлж байна.Энэ мэдээлэлд тогтоолын ял заасан хэсгийг хавсаргавал зохино.
2.Хүсэлт хүлээн авагч Этгээдийн нутаг дэвсгэр дээр эрүүгийн хариуцлагад татагдсан бөгөөд хүсэлт тавьж байгаа Этгээдийн нутаг дэвсгэрт урьд оршин сууж байсан этгээдийн шийтгүүлж байсан тухай мэдээг Хэлэлцэн Тохирогч хоёр Этгээд бие биедээ мэдээлж байна.
3.Энэ зүйлийн 1 ба 2-т дурдсан ёсоор Хэлэлцэн Тохирогч хоёр Этгээд шийтгүүлэгчийн хурууны хээг бололцооны хирээр явуулж байна.
4.Энэ зүйлийн 1 ба 2-т дурдсан мэдээнүүдийг энэхүү Гэрээний 3-р зүйлд заасныг баримтлан харилцан шилжүүлнэ.
Ш ХЭСЭГ
Төгсгөлийн заалт
Далан тавдугаар зүйл
Энэхүү Гэрээ нь батлагдана.Батламж жуух бичгүүдийг Улаанбаатар хотод солилцоно.
Далан зургадугаар зүйл
1.Энэхүү Гэрээ нь батламж жуух бичгүүдийг солилцсоноос хойш 30 дахь өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
Гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 10 жилийн турш үйлчилнэ.
2.Хэрэв Хэлэлцэн Тохирогч Этгээдийн аль нэг нь дээр заагдсан хугацааг дуусгахаас нэг жилээс доошгүй хугацааны өмнө энэхүү Гэрээнээс татгалзахгүй бол түүний хүчин төгөлдөр байх хугацаа нь тодорхойгүй хугацаагаар сунгагдах бөгөөд Хэлэлцэн Тохирогч хоёр Этгээдийн аль нэг нь нэг жилийн өмнө цуцлах хүртэл энэхүү Гэрээ хүчин төгөлдөр байна.
Далан долдугаар зүйл
Энэхүү Гэрээг монгол, унгар, орос хэл дээр тус бүр хоёр хувь үйлдсэн бөгөөд гурван эх нь адил хүчинтэй.Хэрэв маргаантай зүйл гарвал орос эхийг баримтална.
Хэлэлцэн Тохирогч хоёр Этгээдийн бүрэн эрхт төлөөлөгчид үүнийг батлан, энэхүү Гэрээнд гарын үсэг зурж тамга дарав.
1968 оны арван нэгдүгээр сарын 22-нд Будапешт хотод үйлдэв.
БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД
УЛСЫН АРДЫН ИХ ХУРЛЫН
ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЭРХ ОЛГОСНООР
БҮГД НАЙРАМДАХ УНГАР АРД
УЛСЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЭРХ
ОЛГОСНООР