Хэвлэх DOC Татаж авах
ТӨРӨӨС МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ХӨГЖЛИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2017 оны 2 дугаар сарын 8-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 47

ТӨРӨӨС МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ХӨГЖЛИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ыг хэрэгжүүлэх зорилгоор Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 8.2, 8.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. “Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого”-ыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг зохих журмын дагуу батлуулан хэрэгжүүлж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат нарт, хэрэгжилтийг эрхэлсэн салбар, харьяа нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

3. “Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого”-ын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээг жил бүрийн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд, түүнд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг улсын болон орон нутгийн төсөвт тусгаж, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулан төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдвэрлэх замаар санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                             Ж.ЭРДЭНЭБАТ

Монгол Улсын сайд,

Засгийн газрын Хэрэг

эрхлэх газрын дарга                                                          Ж.МӨНХБАТ