Хэвлэх DOC Татаж авах
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх маргааныг  хянан шийдвэрлэсэн тухай

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН
ХУУЛИЙН ЦЭЦИЙН 
ДҮГНЭЛТ

 

2017 оны 4 дүгээр сарын  12-ны өдөр                                                                            Дугаар 03                                                                                        Улаанбаатар хот                                                                          

              

    

           Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсгийн

          зарим заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн

эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

 

Үндсэн хуулийн цэцийн

хуралдааны танхим 11.40 цаг.

 

 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоо, Д.Сугар, Д.Наранчимэг, Д.Ганзориг /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал  Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд оролцоогүй болно.

 

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт “Хяналтын шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд прокурор, өмгөөлөгч оролцох эрхтэй ба уг этгээд энэ тухай хүсэлтээ бичгээр гаргасан бол заавал оролцоно.” гэж заасны “... шүүх хуралдаанд прокурор, өмгөөлөгч оролцох эрхтэй ...” гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “... өөрийгөө өмгөөлөх, ... шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, ... эрхтэй. ...” гэснийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

 

Нэг. Монгол Улсын иргэн Ч.Лхагвасүрэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж:

 

“Монгол Улсын Их Хурлаас 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт “... шүүх хуралдаанд прокурор, өмгөөлөгч оролцох эрхтэй ...” гэж заасан нь Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэр тусмаа шийтгүүлсэн этгээд болох ялтны эрх, ашиг сонирхол зөрчигдөж байна.

 

Учир нь дээр дурдсан Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны хууль ёсны оролцогчид нь өөр өөрсдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалан эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцох эрхтэй субъектүүд бөгөөд тэр тусмаа шүүгдэгчийн (ялтны) хувьд Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрх нь ноцтойгоор зөрчигдөж байна. Ингэж үзэх үндэслэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “... өөрийгөө өмгөөлөх, ... шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, ... эрхтэй. ...” гэснийг зөрчиж байна.

 

Мөн түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүнийг ... нийгмийн гарал, байдал, ... эрхэлсэн ажил, албан тушаал, ... боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно.” гэснийг тус тус зөрчиж байна.

 

Энд дурдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэг болон Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын холбогдох хэсэг дараах эрх зүйн үр дагавраар зөрчилдөж байна.

 

Нэг талаас Монгол Улсын иргэний хувьд Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу хэргээ шүүх ажиллагаанд биеэрээ оролцож, өөрийгөө өмгөөлж, шударга шүүхээр шүүлгэх эрхтэй (шударга шүүх гэдэгт гурван шатны шүүхийг ойлгож байна).

 

Нөгөө талаас эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны оролцогч, шүүгдэгчийн (ялтны) хувьд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт заасны дагуу хэргээ шүүх ажиллагаанд (шүүх хуралдаанд) оролцох, өөрийгөө шүүхийн өмнө өмгөөлөх эрхгүй болж байна. Хуулийн энэхүү зүйл, заалт нь шүүгдэгчийг эрх зүйн байдал, ажил, албан тушаал, боловсролынх нь хувьд ялгаварлан үзэж байгаа хэрэг мөнийн хувьд өөрт холбогдох эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцох, эрхээ хамгаалж өөрийгөө өмгөөлөх бололцоог хязгаарлаж байгаагаараа Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн шүүх хуралдаанд мэтгэлцэх нэг тал болохын хувьд эрх тэгш байх Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгтэй зөрчилдөж байна.

 

Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэдэг бол эрх зүйн тэгш эрх гэдэг ойлголт бөгөөд шүүхийн өмнө эрх тэгш байх хуулийн баталгаа нь гагцхүү мэтгэлцэх боломжоор хангагдсан байдлаар илрэх ба үүний тулд яллах тал болох прокурорын нэгэн адил хэргээ шүүх ажиллагаанд биечлэн оролцох байдлаар хэрэгжих боломжтой, хууль, шүүх (хяналтын шатны шүүх ч мөн адил) дээр мэтгэлцэх, биечлэн оролцох хэлбэрээр шүүхийн өмнө эрх тэгш байх боломжоор хангах үүрэгтэй гэж үзэж байна.

 

 Маргаж байгаа асуудлын талаарх өргөдөл гаргагчийн байр суурь:

 

Хэдийгээр хяналтын шатны шүүх хуралдаанаар эрүүгийн гэмт хэргийн үйл баримт, гэм буруугийн хэлбэр, хэмжээ, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан, нөхцөлийг тогтоодоггүй бөгөөд зөвхөн хууль хэрэглээний асуудлаар буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн эсэх асуудлаар хэлэлцдэг ч шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, шийтгүүлсэн этгээд болох ялтан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320, 321 дүгээр зүйлд заасан үндэслэлээр мэтгэлцэх, өөрийгөө өмгөөлөх, хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааны дэгийг баримталж хэргээ шүүх ажиллагаанд оролцох эрх зүйн ухамсар, мэдлэг чадваргүй гэж үзэх нь хэтэрхий өрөөсгөл хэрэг болно.

 

Магадгүй өөрийгөө өмгөөлж эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцож байгаа этгээд байвал яах вэ? Эсхүл шүүгдэгч өөрөө мэргэжлийн хуульч, өмгөөлөгч байвал яах вэ? Түүнийг эрх зүйн мэдлэггүй, улсын яллагчийн үндэслэлийг няцаах чадваргүй гэж үзэж болохгүй.

 

Нөгөөтээгүүр, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэг нь субъектүүдийн эрх зүйн зохицуулалт гэхээсээ илүүтэйгээр Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газар, ажлын алба, түүний бүтэц, зохион байгуулалт, шүүгчийн туслах, нарийн бичгийн дарга нарын ажлын ачаалал, байр, өрөө тасалгааны нөхцөл зэрэгтэй холбоотойгоор хэргийн оролцогчдыг шүүх хуралдаанд оролцуулахгүй байхаар зохицуулсан шинжтэй. Гэтэл энэ бүхэнтэй харьцуулшгүй үнэт зүйл болох хүний эрх, эрх чөлөө, ашиг сонирхол зэрэг илүү үнэ цэнтэй зүйлийн талаар эцсийн шатны шүүхийн шийдвэр гаргах ажиллагаанд тухайн этгээдийг өөрийг нь оролцуулж байлцуулахгүйгээр шийдвэрлэж байгаа нь шударга ёсны зарчим, хууль ёсны зарчим, шүүхийн нээлттэй байх үндсэн зарчимтай зөрчилдөж байна.

 

Эцэст нь тэмдэглэхэд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсгийг Үндсэн хуульд нийцүүлэн өөрчилж дээр дурдсан эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны хууль ёсны оролцогчдын хяналтын шатны шүүх хуралдаанд оролцох, шүүхийн өмнө эрх тэгш (прокурортой) байж өөрийгөө өмгөөлөх Үндсэн хуулиар олгогдсон эрхийг нь эдлүүлэх, эрх зүйн шинэчлэлтэй холбоотойгоор хийгдэж байгаа Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуульд ч Үндсэн хуулийн хэм хэмжээг баримтлан хууль тогтоох, ингэснээрээ олон хүний эрхийг хангах, хамгаалах болно гэж бодож байна.

 

 Үндсэн хуулийн цэцээр шийдвэрлүүлэхээр тавьж буй шаардлага:

 

Иргэний болон улс төрийн эрхийн тухай Олон улсын пактын Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх ба тусгай шүүхийн өмнө бүх хүн тэгш эрхтэй. Хүн бүр өөрт тулгасан эрүүгийн хэргийг хянан хэлэлцүүлэх буюу иргэний нэхэмжлэлийн хүрээнд эрх, үүргээ тодорхойлуулахдаа ... шүүхээр нээлттэй, шударгаар шүүлгэх эрхтэй.” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хүн бүр өөрийг нь яллагдагчаар татсан аливаа эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхэд бүрэн тэгш эрхийн үндсэн дээр дараах наад захын баталгаагаар хангагдах эрхтэй:” гээд (d) заалтад “хэргийг нь шүүхээр хянан хэлэлцэхэд байлцах, өөрийгөө биечлэн өмгөөлөх ...” гэсэн байх ба пактын Хорин зургадугаар зүйлд аливаа алагчлалгүйгээр хуулиар тэгш хамгаалуулах эрхтэй болохыг, мөн алагчлах явдлыг хуулиар хориглох, алагчлахаас бүх хүнийг адил тэгш, үр нөлөөтэй хамгаалах баталгааг бүрдүүлэх ёстойг тогтоосон байна. Үүнийг Монгол Улс үндэсний хуулийн нэгэн адил, хэрэв үндэсний хуультай зөрчилдвөл дээд хүчин чадалтай үйлчлэх олон улсын эрх зүйн хэм хэмжээ болсон пактын заалтад илүү ач холбогдол өгч хэрэглэх талаарх үүргийг Үндсэн хуулийн Аравдугаар зүйлд хуульчилсан байдаг.

 

Мөн түүнчлэн Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 7 дугаар зүйлд “Хүн бүр хуулийн өмнө адил тэгш бөгөөд ямар ч алагчлалгүйгээр хуулиар адилхан хамгаалуулах эрхтэй.  Хүн бүр энэхүү тунхаглалд харшлах аливаа алагчлалаас болон тийнхүү алагчлахыг өдөөсөн турхиралтаас адилхан хамгаалуулах эрхтэй.” гэж, 10 дугаар зүйлд “Хүн бүр тулгасан аливаа эрүүгийн ял болон эрх, үүргээ тодорхойлуулахдаа хараат бус, тал хардаггүй шүүхээр бүрэн адил тэгш үндсэн дээр нээлттэй, шударгаар шүүлгэх эрхтэй.” хэмээн заажээ.

 

Уг нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг зохицуулж байгаа гол эрх зүйн акт болох Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулахад Үндсэн хуулийг удирдлага болгож, энэ хуулийг баримтална.” гээд мөн зүйлийн 2.2 дахь хэсэгт “Энэ хуулиар тогтоосон ... шүүх, ... дагаж биелүүлнэ.” гэж, мөн хуулийн 8 дугаар зүйлд эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг 8.1 дэх хэсэгт “... шүүх эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулахдаа Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.”, 8.2 дахь хэсэгт “... энэ хуулийн 8.1-ийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцож, ...”, 8.3 дахь хэсэгт “Шүүх нь Үндсэн хуульд нийцээгүй хуулийг хэрэглэхгүй.” хэмээн тус тус заасан байдаг.

 

Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын дээд шүүх, бусад шүүх нь Үндсэн хуульд нийцээгүй, албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэх эрхгүй.” гэж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 7 дугаар зүйлд хууль дээдлэх, хуульд захирагдах зарчмыг, 9 дүгээр зүйлд мэтгэлцэх зарчмыг хэрхэн хангахыг хуульчилсан байна.

 

Энд онцгойлон тэмдэглэхэд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 349 дүгээр зүйлийн 349.4 дэх хэсэгт хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх дэг, процессыг “Илтэгч шүүгч хэргийн байдал, тогтоол, магадлал болон гомдол, эсэргүүцлийн агуулгыг танилцуулж, дараа нь шүүгч илтгэгчид асуулт тавьж, улмаар прокурор, өмгөөлөгч тухайн хэргийн талаар санал хэлж болно.” гэжээ.

 

Практикт хяналтын шатны гомдол, эсэргүүцэл гаргасан этгээд эхлээд саналаа /үндэслэлээ/ хэлдэг. Тэгвэл яг энэ үед гомдол гаргасан этгээд болох шүүгдэгч нь өөрийн гомдлын үндэслэлээ хамгаалах, улсын яллагчийн гаргасан үндэслэлийг үгүйсгэх байдлаар эрх тэгш мэтгэлцэх боломжоо Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсгээр хязгаарлуулж байгаа юм.

 

Нөгөөтээгүүр, шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхтэйн хувьд өөрийн биеэр хяналтын шатны шүүх хуралдаанд оролцож байж л Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, мэтгэлцэх зарчим хангагдах боломжтой. Гэтэл хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн оролцох эрхийг хязгаарласан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэг үйлчилсээр байна.

 

Тэгвэл Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад заасан “... өөрийгөө өмгөөлөх, ... шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, ...” эрхийг Монгол Улсын иргэнд олгохдоо ямар нэг хязгаарлалт тогтоогоогүй ба шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох шүүгдэгчийн эрх зөвхөн анхан болон давж заалдах шатны шүүхээр хязгаарлагдахгүйгээр хяналтын шатны шүүх хуралдаанд ч өөрийн биеэр оролцох эрх гэж Монгол Улсын нэгдэн  орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай Олон улсын пактын Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 3 дахь хэсгийн (d) заалтад зааснаар ойлгож байна.

 

Мөн эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны хууль ёсны оролцогчид нь эрүүгийн хэргийн хяналтын шатны шүүх хуралдаанд оролцож өөрийн эрх, ашиг сонирхлоо хамгаалах нь Үндсэн хуулиар олгогдсон маш чухал эрх гэж үзэж байна.

 

Иймд миний бие Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэхийг зохих хууль, журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэсэн өргөдөл гаргажээ.

 

Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

 

“Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг ... нийгмийн гарал, байдал, ... эрхэлсэн ажил, албан тушаал, ... боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно.” гэж тус тус заасныг үндэс болгон хууль тогтоогч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Монгол Улсад хүн бүр үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлан гадуурхахгүйгээр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэж Үндсэн хуулийн зарчмыг органик хуулиар баталгаажуулж хуульчилж өгсөн бөгөөд иргэний Үндсэн хуульд заасан эрх Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу дараах байдлаар хангагдана. Үүнд:

 

Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцогч этгээд бүр уг ажиллагааны үе шат болгонд оролцохдоо хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээж оролцох бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийг заавал оролцуулах ба шүүгдэгч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохоор, түүнчлэн уг ажиллагааны явцад шүүгдэгчийг байцаах, шүүгдэгчийн эцсийн үгийг сонсох зэрэг ажиллагааг явуулахаар хуульчилж өгсөн.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд шийтгүүлсэн буюу цагаатгагдсан этгээд, хохирогч, түүнчлэн иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч оролцох эрхтэй ба тэдний шүүх хуралдаанд ирээгүй явдал нь хэрэг хэлэлцэхэд саад болохгүй байхаар, мөн шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасан ялтныг шүүх хуралдаанд оролцуулж болохоор тус тус заасан.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт байгаа материалыг үндэслэн хянах ба давж заалдсан гомдол, эсэргүүцэлд дурдсан зүйлээр хязгаарлахгүйгээр бусад шүүгдэгчийн талаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн эсэхийг харгалзахгүйгээр бүх шүүгдэгчийн хэргийг бүхэлд нь хянан үзэж, давж заалдагч гомдол, эсэргүүцлээ тайлбарлах ба дараа нь шүүх нотлох баримтыг шинжлэн судлах, хуралдаанд оролцогчийн тайлбарыг сонсох, улмаар прокурорын дүгнэлт, шийтгэгдсэн ба цагаатгагдсан этгээд, тэдний өмгөөлөгчийн нэмэлт тайлбарыг сонссоны үндсэн дээр магадлал гаргадаг.

 

Дээр дурдсан хоёр шатны шүүх хуралдаанд оролцогч талууд хэн аль нь шүүхэд өөрийн гэм буруу болон холбогдох бусад асуудлаар үг хэлж, хууль зүйн туслалцааг эрх бүхий этгээдээс авч, эрхээ хамгаалах талаар бүх арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. Давж заалдах шатны шүүх нь ял оногдуулах болон цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, харин Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

Хяналтын шатны шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсэхийг хянах, өөрөөр хэлбэл, анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хэм хэмжээг хэрхэн хангаж биелүүлсэн, ял шийтгүүлсэн этгээдийн гэм буруугийн талаарх дүгнэлт эрх зүйн үндэстэй эсэх, гарсан тогтоол, магадлал, захирамж нь хуульд заасан шаардлагыг хангасан эсэхэд эрх зүйн дүгнэлт хийсний үндсэн дээр шийдвэр гаргах явдал юм.

 

Энэ утгаараа дээрх эрх зүйн маргаанд Монгол Улсын Үндсэн хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан өндөр шаардлага, шалгуурыг хангасан, эрх зүйн өндөр мэдлэг бүхий Улсын дээд шүүхийн шүүгчидтэй мэргэшсэн хуульч болох өмгөөлөгч оролцож хуулиар эрх олгогдсоны дагуу үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүргээ хэрэгжүүлж мэтгэлцэх нь иргэний эрхийг хаасан бус харин ч бүрэн дүүрэн хангах боломжийг бий болгоно.

 

Иймд хууль тогтоогч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсгээр дээрх асуудлыг зохицуулж иргэний эрхийг хамгаалж өгсөн. Нөгөөтээгүүр, хяналтын шатны шүүх хуралдаанаар нэгэнт хэргийн үйл баримт болон хавтаст хэргийн талаар хэлэлцэхгүй зөвхөн хууль хэрэглээний асуудал болон ажиллагааны явцад гарсан процессын алдааны талаар хэлэлцэх тул шүүгдэгч, хохирогч зэрэг бусад оролцогч уг ажиллагаанд оролцох шаардлагагүй гэж үзсэн. Шүүхэд хүсэлт гаргасан тохиолдолд шүүгдэгч, хохирогч санал, дүгнэлт гаргахгүйгээр шүүх хуралдаанд ажиглаж оролцох эрх нь нээлттэй.

 

Түүнчлэн, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 30 дугаар зүйлд заасанчлан хуульчийн мэргэжлийн шалгалтанд орж тэнцсэн хуульч шүүхэд төлөөлөх эрх нээлгэхээр Улсын дээд шүүхэд бүртгүүлж, өмгөөлөгчийн нэрсийн жагсаалтад бичигдсэнээр түүний шүүхэд төлөөлөх эрх нээгдэнэ. Ийнхүү эрх нээлгэсэн өмгөөлөгч л шүүх хуралдаанд оролцоно.

 

Хуульч нь Монгол Улсын иргэнд Үндсэн хуулиар олгогдсон дээрх эрхийг баталгаатай эдлүүлэх үүрэгтэй. Монгол Улсын Үндсэн хуульд заасанчлан төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцсан нийтлэг эрхийг хамгаалах үүрэг юм.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “... өөрийгөө өмгөөлөх, ... шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, ... эрхтэй. ...” гэсэн нь ялтан, шүүгдэгч, хохирогч нь хэргийг шүүх анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцож өөрийгөө өмгөөлж, хууль зүйн туслалцаа авах, хэргээ шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхээр бүрэн хангагдаж хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээж байгаа болно. Харин хяналтын шатны шүүх хуралд тухайн этгээдийн хэргийг шүүх ажиллагаа явагдахгүй тул дээрх заалтын “хэргээ шүүх хуралдаанд биеэр оролцох” гэснийг зөрчсөн гэж үзэхгүй байна.

 

Дээр дурдсаныг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн заалтыг зөрчөөгүй гэсэн тайлбарыг уламжилж байна.” гэжээ.   

 

Гурав. Монгол Улсын дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

 

“2002 онд шинэчлэн найруулагдаж, батлагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт “Шүүн таслах ажиллагаа нь эрх тэгш бүхий яллах, өмгөөлөх талын мэтгэлцээний үндсэн дээр явагдана.” гэж заасан бөгөөд уг заалтад Улсын Их Хурлаас 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр “Анхан шатны шүүхийн шүүн таслах ажиллагааны мэтгэлцэх зарчмыг хангахдаа шүүх хуралдаанд талууд, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч болон улсын яллагчид асуулт асуух, хариулах, нотлох баримтыг танилцуулах, өөрсдийн тайлбар өгөх, үндэслэлээ хамгаалах, үгүйсгэх боломжийг тэгш олгоно." гэсэн нэмэлтийг оруулж, мэтгэлцэх зарчим нь зөвхөн шүүн таслах үед, тэр тусмаа анхан шатны журмаар эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд үйлчлэхээр хуульчлагджээ.

 

Шүүх эрх мэдлийн мөн чанар нь анхан шатны шүүхийн ажиллагаагаар дамжин илэрдэг тул зөвхөн энэ шатны шүүх л “Монгол Улсын нэрийн өмнөөс” шийдвэр гаргадаг билээ.

 

Түүнчлэн зөвхөн анхан шатны шүүх дээр эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны өөр ямар ч үе шаттай харьцуулшгүй Үндсэн хуулийн давхар баталгаа бүхий зарчмууд үйлчилдэг. Харин давж заалдах болон хяналтын шатны шүүхийн ажиллагаа нь Үндсэн хуулиар баталгаажсан давж заалдах эрхийг хангах чухал хэлбэр болохоос бус заавал хэрэгжих ёстой ажиллагаа биш юм. Тийм учраас Эрүүгийн байцаан шийтгэх хуульд анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлэх хэмжээ, хязгаар, шүүх хуралдааны ерөнхий нөхцөл, хэрэг хэлэлцэх ажиллагааны нэршил зэргийг харилцан адилгүй байхаар хуульчилжээ. Тухайлбал, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн:

 

-  246 дугаар зүйлд анхан шатны журмаар хэрэг хэлэлцэхийг “шүүн таслах ажиллагаа” гэж нэрлэсэн бол мөн хуулийн 308, 348 дугаар зүйлд давж заалдах болон хяналтын шатны шүүхийн хувьд “хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж;

 

-  239-245 дугаар зүйлүүдэд анхан шатны шүүх хуралдаанд хэргийн оролцогчдыг хэрхэн оролцуулах, тэдгээр нь хүрэлцэн ирээгүй тохиолдолд хэрхэх асуудлыг оролцогч тус бүрээр тусгайлан зохицуулсан байх бөгөөд ихэнхи тохиолдолд оролцогчдын эрхийг тэгш хангах, тэдгээрийг аль болох бүрэн хамруулах зорилгоор хэрэг хэлэлцэх явдлыг хойшлуулахаар;

 

-  311 дүгээр зүйл болон 349 дүгээр зүйлийн 349.1, 349.2 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах ба хяналтын шатны шүүх хуралдаанд хүсэлтээ бичгээр гаргасан прокурор, өмгөөлөгчийг заавал оролцуулах бөгөөд үүнээс бусад тохиолдолд тэдгээр нь хүрэлцэн ирээгүй явдал хэргийг хэлэлцэхэд саад болохгүй;

 

-  312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт прокурор, өмгөөлөгчөөс бусад хэргийн оролцогчид давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцох эрхтэй ба тэд шүүх хуралдаанд ирээгүй нь хэргийг хэлэлцэхэд саад болохгүй, энэ зүйлийн 312.2 дахь хэсэгт хүсэлт гаргасан ялтныг хуралдаанд оролцуулж болохоор тус тус зохицуулсан бол харин хяналтын шатны шүүх хуралдаанд дээрх субъектүүд оролцох асуудлыг хуульчлаагүй зэрэг болно.

 

Хууль тогтоогч хэргийн оролцогчдын гурван шатны шүүх хуралдаанд оролцох эрхийг ийнхүү хязгаартай байдлаар, өөр өөрөөр тогтоосон нь Үндсэн хууль болон процессын хуулиудаар баталгаажсан, хараат бус шүүхээр хэргээ хянан шийдвэрлүүлэх журмаар хэрэгждэг иргэний эрхийн шүүхийн хамгаалалттай салшгүй холбоотой гэж ойлгогдож байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303, 342 дугаар зүйлүүдэд хэргийн оролцогчид тухайн шүүхийн шийдвэрт гомдол гаргах эрхийг олгосон явдал нь анхан, давж заалдах шатны шүүхийн шийдвэр дэх хууль хэрэглээний асуудлыг нягтлуулах, хуулийг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх ажиллагааг төлөвшүүлэх, хамгийн гол нь хэргийн оролцогчдын Үндсэн хуулиар олгогдсон эрхийг хангах үндсэн хэрэгсэл нь болдог учиртай.

 

Тиймээс дээрх хуулийн 348 дугаар зүйлд зааснаар хяналтын шатны шүүх нь зөвхөн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн (мөн хуулийн 320 дугаар зүйл), Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн (мөн хуулийн 321 дүгээр зүйл) эсэхийг хянадаг бөгөөд энэ нь тухайн хэргийг шийдвэрлэсэн доод шатны шүүхийн шийдвэрт эрх зүйн үнэлэлт өгөх зорилготой ажиллагаа билээ.

 

Өөрөөр хэлбэл, хяналтын шатны шүүх нь хэргийн үйл баримтыг тогтоохгүйгээр, түүний талаар шүүхээс хийсэн эрх зүйн маргааныг шийдвэрлэдэг тул хэргийн оролцогчдыг шүүх хуралдаанд биечлэн оролцуулан, мэтгэлцээний үндсэн дээр явагддаг анхан шатны шүүхийн ажиллагаатай адилтган үзэх үндэслэлгүй байна.

 

Иймд хэргийн оролцогчдын гурван шатны шүүхийн ажиллагаанд биечлэн оролцох эрхийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар хязгаартайгаар тогтоосон нь Үндсэн хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх боломжгүй.” гэсэн байна.

 

Дөрөв. Монгол Улсын Ерөнхий прокурорын газраас Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

 

“Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэг, 348 дугаар зүйлийн 348.1 дэх хэсэгт заасны дагуу хяналтын шатны шүүх нь эрүүгийн хэргийн үйл баримтыг тогтоохгүй, харин анхан шатны болон давж заалдах шатны шүүх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглсэн эсэх, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсэхийг хянадаг. Түүнчлэн хяналтын шатны шүүх хуралдаанд мэтгэлцээн явагдахгүй, зөвхөн хууль хэрэглээний асуудлыг хянан хэлэлцэх учраас мэргэжлийн хуульч нар буюу өмгөөлөгч, прокурор оролцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 349 дүгээр зүйлийн 349.4 дэх хэсэгт заасны дагуу тухайн хэргийн талаарх саналаа илэрхийлж байгаа болно.

 

Шүүгдэгч нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.3.16 дахь заалтад заасан эрхийнхээ хүрээнд анхан болон давж заалдах шатны шүүх өөрт нь холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл өөрөө болон өмгөөлөгчөөрөө дамжуулан хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж, шүүхийн шийдвэрийг хянуулах хуулийн зохицуулалттай байна.

 

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтуудтай зөрчилдөхгүй байна.” гэжээ.

 

Тав. Монголын хуульчдын холбооноос Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

 

“Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад зааснаар Монгол Улсын иргэн нь “... Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, ... шударга шүүхээр шүүлгэх, ... хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй”.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу Монгол Улсын иргэн өөрт хамааралтай хэрэг, маргаанаа анхан шатны шүүхээр хянан шийдвэрлүүлсний дараа анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, гэмт хэргийн хүнд хөнгөн ба шийтгэгдсэн этгээдийн хувийн байдалд тохироогүй ял оногдуулсан гэж үзвэл давж заалдах шатны шүүх буюу аймаг, нийслэлийн шүүхэд хохирогч, шүүгдэгч, түүний гэр бүл, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах эрхийг хэрэгжүүлж байгаагаараа Үндсэн хуульд заасан иргэний “шударга шүүхээр шүүлгэх” эрх хангагдсан гэж үзэх хуулийн үзэл баримтлал бий.

 

Олон улсын жишигт мөн шударга шүүхээр шүүлгэх эрх нь анхан болон давж заалдах шатанд хангагддаг гэж үздэг ба хяналтын журмаар гомдол гаргасны дагуу үүсэх маргаан нь иргэний маргаан биш зөвхөн хууль хэрэглээний талаар өрнөдөг эрх зүйн маргаан болохыг хүлээн зөвшөөрдөг.

 

Ийм учраас Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн. ...”, “шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.” гэж хуульчилсан.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 348 дугаар зүйлийн 348.1 дэх хэсэгт заасны дагуу хяналтын шатны шүүх нь эрүүгийн хэргийн үйл баримтыг тогтоохгүй, харин анхан болон давж заалдах шатны шүүх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсэхийг хянадаг. Хяналтын шатны шүүх хуралдаанд мэтгэлцээн явагдахгүй, зөвхөн хууль хэрэглээний асуудлыг хянан үздэг бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 349 дүгээр зүйлийн 349.4 дэх хэсэгт заасны дагуу прокурор, өмгөөлөгчийн саналыг сонсдог.

 

Нөгөөтээгүүр, хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийг оруулах эрхийг хангасан байлаа ч ямар нэгэн тайлбар, санал хэлэх боломжгүй, хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолгүй бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл өөрөө болон өмгөөлөгчөөрөө дамжуулан хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхийг хязгаарлаагүй юм.” гэсэн байна.

 

ҮНДЭСЛЭЛ:

 

1.  Анхан шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд буюу шүүн таслах ажиллагаанд шүүгдэгчийн биеэр оролцох эрхийг заавал хангасан байхаар, харин давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн хүсэлтээр оролцуулахаар Эрүүгийн байцаан шийтгэх хуульд тусгажээ.

 

Хяналтын шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зөвхөн анхан болон давж заалдах шатны шүүх эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсэх тухай хууль хэрэглээний асуудлыг хянан хэлэлцдэг онцлогоос хамааран талуудын хооронд мэтгэлцээн өрнөхгүй, прокурор, өмгөөлөгч зөвхөн санал хэлэх байдлаар оролцдог утгаараа бусад оролцогчдыг оролцуулах нь эрх зүйн хувьд ач холбогдолгүй гэж хууль тогтоогчийн зүгээс тайлбарласныг үндэслэлтэй гэж үзэхээр байна.

 

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд буюу хяналтын шатны шүүх хуралдаанд хэргийн оролцогчид заавал өөрийн биеэр оролцсоноор өөрийгөө өмгөөлөх эрх хэрэгжинэ гэж үзэхгүй бөгөөд энэ нь илүү өргөн хүрээг хамарсан ойлголт байна. Шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч өөрийгөө өмгөөлөх эрхийн хүрээнд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлд заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэр дэх хууль хэрэглээний асуудлыг өөрт ашигтайгаар тайлбарлан гомдол гаргах боломж уг хуульд нээлттэй байгаа нь өөрийгөө өмгөөлөх эрх хэрэгжих нэг нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэхээр байна.

 

3. Хяналтын шатны шүүх хуралдаанд зөвхөн прокурор, өмгөөлөгч оролцох эрхтэй байхаар Эрүүгийн байцаан шийтгэх хуульд тусгасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг алдагдуулсан гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь энэхүү зарчмын хууль зүйн агуулга нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны ямар ч үед яллах болон өмгөөлөх талуудын хэн нэгэнд давуу эрх олгодоггүй бөгөөд хяналтын шатны шүүх хуралдаанд ч яллах болон өмгөөлөх тал адил оролцох боломжтой байна.

 

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт “... шүүх хуралдаанд прокурор, өмгөөлөгч оролцох эрхтэй ...” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн  Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “... өөрийгөө өмгөөлөх, ... шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, ... эрхтэй. ...” гэснийг тус тус зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг  тус тус удирдлага болгон

 

 МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

 

1.  Монгол Улсын Их Хурлаас 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт “Хяналтын шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд прокурор, өмгөөлөгч оролцох эрхтэй ба уг этгээд энэ тухай хүсэлтээ бичгээр гаргасан бол заавал оролцоно.” гэж заасны “... шүүх хуралдаанд прокурор, өмгөөлөгч оролцох эрхтэй ...” гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “... өөрийгөө өмгөөлөх, ... шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, ... эрхтэй. ...” гэснийг тус тус зөрчөөгүй байна.

 

2.  Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Монгол Улсын Их Хуралд уламжилсугай.

 

 

 

 

                                                                           ДАРГАЛАГЧ                                                            Н.ЖАНЦАН

 

                                                                                  ГИШҮҮД                                                           Ш.ЦОГТОО

 

                                                                                                                                                              Д.СУГАР

 

                                                                                                                                                             Д.НАРАНЧИМЭГ

 

                                                                                                                                                             Д.ГАНЗОРИГ