A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай
Бүлэг: 1979

 МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр

Дугаар 26

Төрийн ордон, Улаанбаатар хот

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ НЬ:

1.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 101.1 дэх хэсэгт заасан албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор дараахь арга хэмжээг авч, өмчийн байдалд орсон өөрчлөлт, орлогын талаар 30 хоногийн дотор Авлигатай тэмцэх газарт мэдүүлэхийг үүрэг болгосугай:

1.1.нээлгэсэн банкны дансаа хаалгах;

1.2.банканд байршуулсан мөнгөн хөрөнгөө татах;

1.3.хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг худалдах, шилжүүлэх, татах;

1.4.хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол үйл ажиллагаагаа зогсоох, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох.

2.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 101.3 дахь хэсэгт заасан жагсаалтыг 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн дотор батлахыг Засгийн газар /Ж.Эрдэнэбат/-т даалгасугай.

3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүйн байнгын хороо /Ш.Раднаасэд/-нд үүрэг болгосугай.

4.Энэ тогтоолыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД