Хэвлэх DOC Татаж авах
ХОГ ХАЯГДЛЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр
Улаанбаатар хот

ХОГ ХАЯГДЛЫН ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/



НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь хог хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулж, байгалийн нөөц баялгийг хэмнэх, иргэдийн хог хаягдлын талаархи боловсролыг дээшлүүлэх зорилгоор хог хаягдлыг бууруулах, ангилах, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин ашиглах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, экспортлох болон аюултай хог хаягдлыг импортлох, хил дамжуулан тээвэрлэхийг хориглохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Хэвлэх

2 дугаар зүйл. Хог хаягдлын тухай хууль тогтоомж

2.1.Хог хаягдлын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль, Агаарын тухай хууль, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль, Усны тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Хэвлэх

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Энэ хуулиар дараахь хог хаягдалтай холбогдсон харилцааг зохицуулна:

3.1.1.энгийн хатуу хог хаягдал;

3.1.2.цацраг идэвхт хог хаягдлаас бусад хий, шингэн, хатуу төлөвт орших аюултай хог хаягдал.

Хэвлэх

4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1.“хог хаягдал” гэж өмчлөгч этгээд хэрэглэхгүй болсон эд юмс, материалыг;

4.1.2.“аюултай хог хаягдал” гэж тэсрэмтгий, шатамхай, урвалын идэвхтэй, исэлдүүлэгч, агаар болон устай харилцан үйлчилж хортой хий ялгаруулдаг, халдвартай, идэмхий, хүн амьтанд богино болон удаан хугацаанд хортой нөлөөлөл үзүүлдэг, байгаль орчинд хортой шинж чанартай, устгасны дараа аюултай шинж чанартай ялгарал үүсгэдэг хог хаягдлыг;

4.1.3.“энгийн хог хаягдал” гэж аюултай хог хаягдлаас бусад хог хаягдлыг;

4.1.4.“ахуйн хог хаягдал” гэж айл өрхөөс гарах энгийн хог хаягдлыг;

4.1.5.“овор хэмжээ ихтэй хог хаягдал” гэж 0.75 куб метрээс дээш эзлэхүүнтэй хог хаягдлыг;

4.1.6.“нийтийн эзэмшлийн эд хөрөнгө” гэж нийтийн эдэлбэр газар байрлуулсан хашаа, хайс, гэрэлтүүлэг, тэмдгийн шон, хөшөө дурсгал, замын байгууламж, ногоон байгууламжийг;

4.1.7.“хог хаягдал ангилах” гэж хог хаягдлыг дахин ашиглах, сэргээн ашиглах, дахин боловсруулах, шатаах, устгах, булшлах зорилгоор төрөлжүүлэн ялгахыг;

4.1.8.“хог хаягдал цуглуулах” гэж хог хаягдлыг дахин ашиглах, сэргээн ашиглах, дахин боловсруулах, шатаах, устгах, булшлах зорилгоор эх үүсвэрээс төвлөрүүлэхийг;

4.1.9.“хог хаягдал хадгалах” гэж байгаль орчин, хүн амьтанд сөрөг нөлөөлөлгүйгээр хог хаягдлыг савлаж байршуулахыг;

4.1.10.“хог хаягдал дахин ашиглах” гэж ашиглагдаж байсан зорилгоор нь хог хаягдлыг эргүүлэн хэрэглээнд оруулахыг;

4.1.11.“хог хаягдал сэргээн ашиглах” гэж хог хаягдлаар эрчим хүч үйлдвэрлэх, эсхүл нэрэх, цэвэрлэх, сэргээх зэрэг аргаар анхны хэлбэрт оруулж, ашиглахыг;

4.1.12.“хог хаягдал дахин боловсруулах” гэж хог хаягдлаас шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг;

4.1.13.“хог хаягдлыг шатаах” гэж хог хаягдлыг зориулалтын байгууламжид шатааж, задлахыг;

4.1.14.“хог хаягдлыг булшлах“ гэж хог хаягдлыг газарт булж хадгалахыг;

4.1.15.”биологийн боловсруулалт” гэж бичил биетээр бохирдуулагчийг устгах болон хоргүйжүүлэхийг;

4.1.16.“хими-физикийн боловсруулалт” гэж химийн болон физикийн боловсруулалтыг хослуулан хэрэглэхийг;

4.1.17.“химийн боловсруулалт” гэж химийн бодис ашиглаж хоргүйжүүлэхийг;

4.1.18.“физикийн боловсруулалт” гэж шүүх, тунадасжуулах, шингээх, нэрэх зэрэг аргаар бохирдуулагчийг цэвэрлэхийг;

4.1.19.“халдваргүйжүүлэх” гэж химийн болон физикийн аргаар халдвартай бичил биетийг устгахыг;

4.1.20.“хог хаягдлыг устгах” гэж хог хаягдлыг хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөөс сэргийлэх зорилгоор ландфиллд булшлах, биологийн болон хими, физикийн аргаар боловсруулах, шатаах, халдваргүйжүүлэх, савлаж хадгалахыг;

4.1.21.“хог хаягдал шатаах зориулалтын байгууламж” гэж хог хаягдлыг өндөр хэмд, хяналттай шатаах төхөөрөмж бүхий байгууламжийг;

4.1.22.“ландфилл” гэж хог хаягдлыг байгаль орчинд сөрөг нөлөөлөлгүйгээр газарт булшилж хадгалах байгууламжийг;

4.1.23.“хог хаягдлын төвлөрсөн цэг” гэж хог хаягдал төвлөрүүлж, булшлах зөвшөөрөгдсөн газрыг;

4.1.24.“аюултай хог хаягдлын дагалдах бичиг” гэж батлагдсан журмын дагуу бөглөж, гарын үсэг зурж, баталгаажуулсан тээврийн баримт бичгийг;

4.1.25.“хог хаягдлын норматив” гэж нэгж үйлдвэрлэл, үйлчилгээ, иргэнээс үүсэх хог хаягдлын тогтоосон хэмжээг;

4.1.26.“хог хаягдлыг эх үүсвэр дээр бууруулах” гэж хог хаягдал бага үүсгэдэг, үр ашигтай, удаан хугацаанд ашиглах боломжтой бүтээгдэхүүн импортлох, хэрэглэх болон хог хаягдалгүй эсхүл хамгийн бага хэмжээгээр үүсгэдэг технологиор бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг;

4.1.27.“дахивар нөөц” гэж дахин ашиглагдах, дахин боловсруулах, сэргээн ашиглагдах хог хаягдлыг;

4.1.28.“хог хаягдлын талаархи боловсрол” гэж хог хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, хог хаягдлын менежментийн арга, технологи болон хог хаягдалтай зохистой харьцах мэдлэг, дадал олгох, албан болон албан бус сургалтын агуулгын түвшинг;

4.1.29.“бүтээгдэхүүний амьдралын мөчлөг” гэж бүтээгдэхүүн материалыг үйлдвэрлэснээс эхлээд устгах хүртэлх хугацааг;

4.1.30.“бүтээгдэхүүний амьдралын мөчлөгийн схем” гэж бүтээгдэхүүний амьдралын мөчлөг дэх үе шат нэг бүрийг харуулсан үгэн болон зурган тайлбарыг;

4.1.31.“хог хаягдлын үйлчилгээний хураамж” гэж хог хаягдлыг цуглуулж тээвэрлэх, булшлахад шаардагдах зардлын хувь хэмжээг харгалзан тогтоосон татварыг;

4.1.32.“аюултай хог хаягдлын үйлчилгээний хөлс” гэж аюултай хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, хадгалах, устгахад шаардагдах зардлын мөнгөн дүнг;

4.1.33.“хог хаягдлыг ил шатаах” гэж хог хаягдлыг ил задгай, зориулалтын бус байгууламжид шатаахыг;

4.1.34.“хамгийн боломжит арга технологи” гэж хог хаягдлын байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, түүнийг бууруулах хамгийн үр дүнтэй, эдийн засгийн болон технологийн хувьд хэрэгжүүлэх боломжтой арга, техник, технологийг;

4.1.35.“хамгийн боломжит байгаль орчинд ээлтэй арга ажиллагаа” гэж байгаль орчны бодлого болон хяналтыг хамгийн оновчтой байдлаар хослуулан хэрэглэхийг;

4.1.36.“тээврийн хэрэгслийн хог хаягдал” гэж тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээ болон ашиглалтаас гарсан тээврийн хэрэгсэл, тэдгээрийг задлахад үүсэх хог хаягдлыг;

4.1.37.“барилгын хог хаягдал” гэж барилгын суурь бэлтгэх, барилга барих, засварлах, буулгах болон авто зам барих, засварлахад үүсэх хог хаягдал, явган хүний зам талбай, ногоон байгууламжийн тохижилт, инженерийн шугам сүлжээ тавих, засварлах, солих үед үүсэх хог хаягдал болон барилгын материалын худалдаа, үйлдвэрлэлээс гарах хог хаягдлыг;

4.1.38.“аюултай хог хаягдал үүсгэгч” гэж үйл ажиллагаа болон үйлдвэрлэлээс нь аюултай хог хаягдал үүсдэг аж ахуйн нэгж, байгууллагыг;

4.1.39.“аюултай хог хаягдал хүлээн авагч” гэж аюултай хог хаягдал хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэгчийг;

4.1.40.“аюултай хог хаягдал тээвэрлэгч” гэж аюултай хог хаягдлыг үүсгэгч болон өмчлөгчөөс тээврийн хэрэгслээр хүлээн авагчид хүргэх үйл ажиллагаа эрхлэгчийг;

4.1.41.“аюултай хог хаягдал хариуцсан ажилтан” гэж хэвийн болон аюул, осол гарсан үед аюултай хог хаягдалтай холбоотой үйл ажиллагааг зохицуулах ажилтныг;

4.1.42.“нийцгүй хог хаягдал” гэж агуулж байгаа саваа идэж гэмтээдэг, эсхүл бусад хог хаягдалтай хольсноос дулаан ялгаруулдаг, даралт нэмэгдүүлдэг, галын болон тэсрэх аюул үүсгэдэг, эрчимтэй урвалд ордог, хортой тоос, утаа, манан, хий болон шатамхай хий, уур үүсгэдэг аюултай хог хаягдлыг;

4.1.43.“аюултай эд анги агуулсан бүтээгдэхүүн” гэж бүтнээрээ байхдаа аюултай шинж чанаргүй боловч, задалж салгасны дараа зарим хэсэг нь аюултай шинж чанартай хог хаягдал үүсгэдэг эд юмсыг;

4.1.44.“аюул, ослын үед ажиллах төлөвлөгөө” гэж хүний эрүүл мэнд, байгаль орчинд аюултай хог хаягдал асгарах, алдагдах болон тэсэрч дэлбэрэх, галын аюул гарах үед авч хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдах, хэрэгжүүлэх, зохицуулах арга хэмжээг төлөвлөж, тодорхойлсон баримт бичгийг;

4.1.45.“онцгой байдлын зохицуулагч” гэж аюул, ослын үед ажиллах төлөвлөгөөг хэрэгжүүлэх, удирдан зохион байгуулах ажилтныг;

4.1.46.“аюултай хог хаягдал алдагдах” гэж аюул, ослын үед аюултай хог хаягдал хөрс, ус руу асгарах, алдагдах, эсвэл зориудаар аюултай хог хаягдлыг хөрс, ус руу хаях, асгах, нийлүүлэх, шахах, ялгаруулахыг;

4.1.47.“бүрэн хаах” гэж аюултай хог хаягдал хадгалах, дахин боловсруулах, устгах байгууламжийн үйл ажиллагааг зогсоож, зохих шаардлагын дагуу үйл ажиллагаа явуулах боломжгүйгээр хаах арга хэмжээ авахыг;

4.1.48.“хэсэгчлэн хаах” гэж аюултай хог хаягдал хадгалах, дахин боловсруулах, устгах байгууламжийн үйл ажиллагааны нэг хэсгийг зохих шаардлагын дагуу хааж, зарим хэсэг нь уг ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулахыг;

4.1.49.“ландфиллд хэсэгчлэн булшлах” гэж аюултай хог хаягдлыг доторлогооны материалаар тусгаарлан хэсэгчлэн хаах үйл ажиллагааг;

4.1.50.“ландфиллын үүр” гэж хэсэгчлэн булшилсан ландфиллын хэсэг эзлэхүүнийг;

4.1.51.“шүүрэл” гэж аюултай хог хаягдлаас ялгарсан шингэнийг;

4.1.52.“чөлөөт шингэн” гэж хэвийн даралт болон температурын үед хаягдлын хатуу хэсгээс салгах боломжтой шингэнийг;

4.1.53.“нийлэг материал” гэж хуванцар, резин зэрэг органик полимер материалыг.

Хэвлэх

5 дугаар зүйл. Хог хаягдлыг өмчлөх эрх

5.1.Хог хаягдлыг үүсгэгч этгээд өмчлөх эрхтэй.

5.2.Хог хаягдлыг өмчлөх эрх гэрээний үндсэн дээр шилжиж болно.

5.3.Хог хаягдлыг зориулалтын цэгт байршуулснаар өмчлөх эрх дуусгавар болно.

5.4.Энэ хуулийн 5.2, 5.3-т заасны дагуу өмчлөх эрх шилжсэнээр хог хаягдлыг өмчлөх тухайн этгээдийн эрх дуусгавар болж, хог хаягдлыг цуглуулах, ангилах, тээвэрлэх, хадгалах, сэргээн ашиглах, дахин боловсруулах, шатаах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өмчлөх эрх үүснэ.

5.5.Аюултай хог хаягдлыг өмчлөгч нь өмчлөх эрхээ шилжүүлсэн бол энэ тухай байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад мэдэгдэж, аюултай хог хаягдлын улсын бүртгэлд бүртгүүлнэ.

Хэвлэх


ХОЁРДУГААР БҮЛЭГ
ТӨРИЙН БОЛОН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ, ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ЭРХ, ҮҮРЭГ

6 дугаар зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх

6.1.Хог хаягдлын талаар Улсын Их Хурал дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

6.1.1.хог хаягдлын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар Засгийн газраас зохион байгуулж байгаа ажилд хяналт тавих;

6.1.2.Засгийн газраас өргөн мэдүүлснээр хог хаягдлын тухай хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсвийг баталж, зарцуулалтад хяналт тавих;

6.1.3.хууль тогтоомжид заасан бусад.

Хэвлэх

7 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх

7.1.Хог хаягдлын талаар Засгийн газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

7.1.1.хог хаягдлын менежментийг сайжруулах үндэсний хөтөлбөр батлах;

7.1.2.аюултай хог хаягдлыг түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах болон бүртгэх, тайлагнах журам батлах;

7.1.3.аюултай хог хаягдлын жагсаалт батлах;

7.1.4.Монгол Улсад импортлохыг хязгаарласан болон хориглосон зарим хог хаягдлын жагсаалт батлах;

7.1.5.хууль тогтоомжид заасан бусад.

Хэвлэх

8 дугаар зүйл. Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

8.1.Хог хаягдлын талаар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.1.1.хог хаягдлын талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах;

8.1.2.хог хаягдлын менежментийг сайжруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталж, хэрэгжилтийг хангах;

8.1.3.хог хаягдлын улсын мэдээллийн нэгдсэн сангийн тогтолцоо, бүрдэл болон мэдээлэл төвлөрүүлэх журмыг батлах;

8.1.4.аюултай хог хаягдлыг тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах, экспортлох үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагад зөвшөөрөл олгох;

8.1.5.энэ хуулийн 8.1.4-т заасан үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрөл олгоход тавигдах шаардлага болон зөвшөөрөл олгох журмыг батлах;

8.1.6.эх үүсвэрээс гарах хог хаягдлын кодчилсон жагсаалт, тэдгээрийн зэрэглэлийг батлах;

8.1.7.дараахь маягтыг батлах:

8.1.7.а.аюултай хог хаягдлын дагалдах бичгийн;

8.1.7.б.аюултай хог хаягдлын үүсгэгч болон тээвэрлэх, цуглуулах, дахин боловсруулах, устгах, экспортлох үйл ажиллагаа эрхлэгчийг бүртгэх;

8.1.7.в.энгийн хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэгчийг бүртгэх;

8.1.7.г.аюултай хог хаягдал тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагааны тайлангийн;

8.1.7.д.энгийн хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, шатаах, устгах, булшлах үйл ажиллагааны тайлангийн.

8.1.8.энгийн хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаанд тавигдах ерөнхий шаардлагыг батлах;

8.1.9.дараахь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг бүртгэх:

8.1.9.а.аюултай хог хаягдал үүсгэгч болон тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэх;

8.1.9.б.энгийн хог хаягдал цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэх;

8.1.10.энгийн хог хаягдлын норматив хэмжээг тогтоох аргачлалыг батлах;

8.1.11.хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулах, үйл ажиллагаа явуулах, хаах аргачилсан зааврыг батлах;

8.1.12.хог хаягдлын мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрмийг батлах;

8.1.13.дахин боловсруулах боломжтой түүхий эд болон дахивар нөөцөөр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний таних тэмдгийн стандартыг эрх бүхий байгууллагаар батлуулах;

8.1.14.үүсэх хог хаягдлыг үйлдвэрлэгч болон импортлогч хариуцах зарим бүтээгдэхүүний жагсаалтыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батлах.

8.2.Хог хаягдлын талаар зам тээвэр, барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.2.1.тээврийн хэрэгслийн болон барилгын хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, ангилах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журмыг баталж, хэрэгжилтэд хяналт тавих;

8.2.2.энэ хуулийн 8.1.10-т заасан аргачлалын дагуу барилгын хог хаягдлын норматив хэмжээг тогтоох;

8.2.3.барилгын хог хаягдлыг дахин ашиглах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, санхүүгийн дэмжлэг үзүүлэх;

8.2.4.олон улсын, улсын болон орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж, төмөр замын зурвас газрын хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагаанд хяналт тавих.

8.3.Хог хаягдлын талаар эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.3.1.харьяа нэгж, байгууллагынхаа хог хаягдлын менежментийг хариуцаж хяналт тавих, үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, санхүүгийн дэмжлэг үзүүлэх;

8.3.2.эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах журам, аргачлал, зааврыг баталж, хэрэгжилтэд хяналт тавих;

8.3.3.эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдлын үйлчилгээний хөлсийг тооцох аргачлалыг батлах;

8.3.4.энэ хуулийн 8.1.10-т заасан аргачлалын дагуу эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын норматив хэмжээг тогтоох;

8.3.5.эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, санхүүгийн дэмжлэг үзүүлэх.

8.4.Хог хаягдлын талаар боловсрол, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.4.1.энэ хуулийн 8.3.1-д заасан бүрэн эрх;

8.4.2.сургуулийн өмнөх болон бага, дунд, мэргэжлийн боловсрол, дээд боловсролын сургалтын хөтөлбөрт хог хаягдлын талаархи боловсролын агуулгыг тусгах;

8.4.3.энэ хуулийн 8.1.10-т заасан аргачлалын дагуу боловсролын байгууллагын энгийн хог хаягдлын норматив хэмжээг тогтоох;

8.4.4.хог хаягдалтай холбоотой үүссэн бохирдлыг тогтоох, цэвэрлэх, бохирдол үүсэхээс урьдчилан сэргийлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах арга, технологийн талаар судалгаа хийх, дэвшилтэт технологи, арга зүйн талаар зөвлөмж боловсруулах.

8.5.Хог хаягдлын талаар батлан хамгаалахын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.5.1.харьяа нэгж, байгууллагад үүссэн болон цэргийн зориулалтаар ашиглаж байсан газарт үлдсэн галт зэвсэг, сум, галт хэрэглэл, тэсэрч дэлбэрэх болон химийн хорт бодис, тэдгээрийн үлдэгдлийг цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах журмыг баталж, хэрэгжилтэд хяналт тавих;

8.5.2.энэ хуулийн 8.1.3-т заасан журмын дагуу хог хаягдлын тайланг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тогтоосон хугацаанд ирүүлэх.

8.6.Хог хаягдлын талаар уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.6.1.уул уурхайн олборлолт, боловсруулалтаас үүсэх хог хаягдалд хяналт тавих, үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;

8.6.2.уул уурхайн олборлолт, боловсруулалтаас үүсэх хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах журам баталж, хэрэгжилтэд хяналт тавих;

8.6.3.энэ хуулийн 8.1.3-т заасан журмын дагуу уул уурхайн олборлолт, боловсруулалтаас үүссэн хог хаягдлын тайланг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тогтоосон хугацаанд ирүүлэх.

8.7.Хог хаягдлын талаар төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.7.1.хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг тооцох аргачлалыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран баталж, хэрэгжилтийг хангуулах;

8.7.2.энгийн хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх, булшлах зардлын нэгж тарифыг тооцох аргачлалыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батлах;

8.7.3.хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах үйл ажиллагааг дэмжих чиглэлээр бодлого боловсруулах.

8.8.Хог хаягдлын талаар эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эрчим хүчний зохицуулах хороо дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.8.1.эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх үйл ажиллагаанаас үүсэх хог хаягдалд хяналт тавих, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;

8.8.2.хог хаягдлыг сэргээн ашиглах үйл ажиллагаанаас гарган авсан эрчим хүчний үнийн тооцоог хянах, тарифыг батлах.

Хэвлэх

9 дүгээр зүйл. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын бүрэн эрх

9.1.Хог хаягдлын талаар аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

9.1.1.нутаг дэвсгэрийн хэмжээнд хог хаягдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;

9.1.2.хог хаягдлын менежментийг сайжруулах орон нутгийн хөтөлбөрийг баталж, биелэлтэд хяналт тавих;

9.1.3.энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журмыг баталж, мөрдүүлэх;

9.1.4.энэ хуулийн 8.7.2-т заасан аргачлалын дагуу нийтийн эдэлбэр газрын хог хаягдлыг цэвэрлэх, энгийн хог хаягдлыг булшлах зардлын нэгж тарифыг батлах;

9.1.5.энэ хуулийн 40.4-т заасан урамшуулал олгох журмыг батлах.

9.2.Хог хаягдлын талаар сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ хуулийн 9.1.1-д зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

9.2.1.энэ хуулийн 8.7.2-т заасан аргачлалын дагуу энгийн хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх зардлын нэгж тарифыг батлах;

9.2.2.энэ хуулийн 8.7.1-д заасан аргачлалын дагуу тухайн нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг тогтоох.

9.3.Хог хаягдлын талаар аймаг, нийслэлийн Засаг дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

9.3.1.хог хаягдлын талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах;

9.3.2.энгийн хог хаягдлын төвлөрсөн цэгийн болон хог хаягдлыг сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох;

9.3.3.энэ хуулийн 9.3.2-т заасан зөвшөөрөл олгох журмыг батлах;

9.3.4.хог хаягдлын менежментийг сайжруулах орон нутгийн хөтөлбөрийн биелэлтийг хангах;

9.3.5.энэ хуулийн 8.1.3-т заасан журмын дагуу хог хаягдлын тайланг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тогтоосон хугацаанд ирүүлэх;

9.3.6.хог хаягдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналт, шалгалтыг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах;

9.3.7.нутаг дэвсгэрийн хэмжээнд аюултай хог хаягдлыг түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаанд хяналт тавих;

9.3.8.төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр, олон улсын зээл, тусламжаар байгуулсан хог хаягдал сэргээн ашиглах, дахин боловсруулах, булшлах, устгах байгууламжийн үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу сонгон шалгаруулж, гэрээ байгуулах;

9.3.9.хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор ангилан ялгах, дахивар нөөц цуглуулах, дахин ашиглах, дахин боловсруулах, сэргээн ашиглах үйл ажиллагааг зохион байгуулж, санхүүгийн дэмжлэг үзүүлэх;

9.3.10.хог хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд хохирол учирсан эсхүл болзошгүй аюул үүсэх нөхцөл бүрдсэн тохиолдолд тархалтыг зогсоох, сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээг авах;

9.3.11.нутаг дэвсгэрийн хэмжээнд хөрс бохирдуулагч жорлонгийн тоог үе шаттайгаар бууруулах арга хэмжээг авах, шаардагдах зардлыг шийдвэрлэх;

9.3.12.хог хаягдлын олон нийтийн байцаагч ажиллуулах, мөнгөн урамшуулал олгох журмыг батлах;

9.3.13.хууль тогтоомжид заасан бусад.

9.4.Хог хаягдлын талаар сум, дүүргийн Засаг дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

9.4.1.нутаг дэвсгэрийн хэмжээнд хог хаягдлын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх;

9.4.2.энгийн хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу сонгон шалгаруулж, гэрээ байгуулах;

9.4.3.нутаг дэвсгэрт хамаарах олон улсын, улсын, орон нутгийн чанартай авто замын байгууламж болон авто зам дагуух хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагааг энэ хуулийн 9.4.2-т заасны дагуу зохион байгуулах;

9.4.4.хог хаягдлын үйлчилгээний хураамжаас төвлөрсөн орлогыг энэ хуулийн 41.9-д заасны дагуу зарцуулах;

9.4.5.нийтийн эдэлбэр газрын хог хаягдлыг цэвэрлүүлэх;

9.4.6.энэ хуулийн 42.3, 42.4-т заасан хог хаягдлын талаархи боловсрол олгох сургалт, сурталчилгааг зохион байгуулах, дэмжлэг, туслалцаа үзүүлэх;

9.4.7.хог хаягдлын тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих хог хаягдлын олон нийтийн байцаагч ажиллуулах;

9.4.8.иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдлын үйлчилгээний хураамжийн төлөлтөд хяналт тавих;

9.4.9.хог хаягдлын үйлчилгээний хураамжийн төвлөрүүлэлтийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

9.4.10.энэ хуулийн 9.5.7-д заасан иргэдийн бүлгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;

9.4.11.нийтийн эдэлбэр газарт хогийн савыг хүртээмжтэй тоогоор байрлуулах;

9.4.12.нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдал, цас, мөсийг хариуцан цэвэрлэх 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газрын хилийн заагийг тогтоох;

9.4.13.энэ хуулийн 9.3.11-д заасан эрхийг хэрэгжүүлэх;

9.4.14.энэ хуулийн 9.3.12-т заасан журмын дагуу ажиллах хог хаягдлын олон нийтийн байцаагчийн урамшууллыг жил бүрийн төсөвт тусгаж, батлуулах, зарцуулалтад хяналт тавих.

9.5.Хог хаягдлын талаар баг, хорооны Засаг дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

9.5.1.нутаг дэвсгэрийн хэмжээнд хог хаягдлын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх;

9.5.2.хог хаягдлыг цэвэрлэх үйл ажиллагаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг татан оролцуулах;

9.5.3.иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдлын үйлчилгээний хураамжийн төлөлтөд хяналт тавих;

9.5.4.хог хаягдлын үйлчилгээний хураамжийн төвлөрүүлэлтийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

9.5.5.хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагаанд хяналт тавих;

9.5.6.хог хаягдлын талаархи олон нийтийн боловсролыг дээшлүүлэх ажилд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг татан оролцуулах;

9.5.7.хог хаягдлыг бууруулах, эдийн засгийн эргэлтэд оруулах санал санаачилга гаргах, зохион байгуулах үүрэг бүхий орон тооны бус иргэдийн бүлэг байгуулж ажиллуулах.

Хэвлэх

10 дугаар зүйл. Хог хаягдлын талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүрэг

10.1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дараахь эрх эдэлнэ:

10.1.1.хог хаягдлын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдийн талаар төрийн болон нутгийн захиргааны байгууллагад мэдээлэх, хариуцлага хүлээлгэхийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас шаардах;

10.1.2.хог хаягдлын талаар мэргэжлийн байгууллагаас арга зүйн туслалцаа, зөвлөгөө авах.

10.2.Хог хаягдлын талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дараахь үүрэг хүлээнэ:

10.2.1.энэ хуулийн 9.1.3-т заасан журмын дагуу энгийн хог хаягдлаа ангилан ялгах;

10.2.2.энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан хогийн савтай байх;

10.2.3.аж ахуйн нэгж, байгууллага нь хог хаягдал цуглуулах, тээвэрлэх эрх бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай хог тээврийн үйлчилгээний гэрээ байгуулах;

10.2.4.хог хаягдлаа зориулалтын хогийн сав болон цэгт хаях эсхүл хог хаягдал цуглуулж тээвэрлэх эрх бүхий байгууллагад шилжүүлэх;

10.2.5.үүссэн аюултай хог хаягдлаа эрх бүхий байгууллагад, эсхүл тогтоосон тусгай цэгт хүлээлгэн өгөх;

10.2.6.нийтийг хамарсан цэвэрлэгээ, иргэдийн бүлгээс зохион байгуулсан үйл ажиллагаанд оролцох;

10.2.7.хог хаягдлын үйлчилгээний хураамжийг тогтоосон хугацаанд төлөх;

10.2.8.хог хаягдлыг бууруулах, ангилах, дахин ашиглах, зүй зохистой хаях дадал зуршлыг хэвшүүлэх;

10.2.9.эзэмшлийн барилга, байгууламжийн гадна хана, хашаа, хайсан дээр хог хаягдал болохоор зар сурталчилгаа байршуулахгүй байх;

10.2.10.энэ хуулийн 9.4.12-т заасан нийтийн эдэлбэр газрын хог хаягдал, цас, мөсийг цэвэрлэх;

10.2.11.барилга барих, буулгах, засварлах үйл ажиллагаанаас гарах хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах, булшлах эрх бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад шилжүүлж, үйлчилгээний хөлсийг хариуцах;

10.2.12.хог хаягдлын талаархи сургалтад хамрагдаж, мэдлэгээ дээшлүүлэх;

10.2.13.хамгийн боломжит арга технологи, байгаль орчинд ээлтэй арга ажиллагааг нэвтрүүлэх замаар хог хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах;

10.2.14.хог хаягдлын талаархи хууль тогтоомж, стандартын шаардлагыг хангаж ажиллах;

10.2.15.хог хаягдлын улмаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд хохирол учруулсан, учруулж болзошгүй байдал бий болсон тохиолдолд тухайн шатны Засаг дарга болон онцгой байдал, цагдаа, эрүүл мэндийн байгууллагад мэдэгдэх;

10.2.16.аж ахуйн нэгж, байгууллага нь байгууллагын ажилтнуудад хог хаягдлын менежментийн талаар сургалт зохион байгуулж, зохих мэдлэгийг эзэмшүүлэх, дадал зуршлыг хэвшүүлэх;

10.2.17.үйл ажиллагаанаас үүсэх хог хаягдлыг ангилан ялгах, хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, шатаах, устгах эрх бүхий байгууллагад шилжүүлэх, эдгээр үйл ажиллагаатай холбоотой гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, байгууллагын дотоод болон гадна орчны цэвэрлэгээг хариуцах үүрэг бүхий нэгж, эсхүл ажилтантай байх;

10.2.18.аж ахуйн нэгж, байгууллага нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд хог хаягдлаас үзүүлэх нөлөөллийг бууруулах шаардлагатай арга хэмжээг авах, аюулгүй ажиллагааг хангах.

10.3.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хог хаягдалтай холбоотой дараахь үйл ажиллагааг хориглоно:

10.3.1.хог хаягдлыг дэд бүтцийн шугам хоолойд хаях;

10.3.2.нийтийн эдэлбэр газар, ногоон бүс, үерийн далан сувагт хог хаягдал хаях;

10.3.3.хог хаягдлыг ил задгай шатаах;

10.3.4.гэрийн болон нам даралтын зууханд нийлэг материалтай хог хаягдлыг шатаах;

10.3.5.хог хаягдлыг хогийн сав болон тогтоосон цэгээс бусад газарт хаях;

10.3.6.аж ахуйн нэгж, байгууллага нь хөрс бохирдуулагч жорлон байгуулах;

10.3.7.нийтийн эзэмшлийн эд хөрөнгө дээр зар сурталчилгаа байршуулах, шашны болон зан үйлийн эд зүйлс тавьж хог хаягдал үүсгэх.

Хэвлэх


ГУРАВДУГААР БҮЛЭГ
ХОГ ХАЯГДЛЫН МЭДЭЭЛЛИЙН САН, МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛ, ХЯНАЛТ

11 дүгээр зүйл. Мэдээллийн нэгдсэн сан

11.1.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хог хаягдлын мэдээллийн нэгдсэн сантай, аймаг, нийслэл, сум, дүүрэг хог хаягдлын мэдээллийн дэд сантай байна.

11.2.Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага бүртгэлийн дугаар олгож, мэдээллийн санд бүртгэнэ.

11.3.Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энгийн хог хаягдлын мэдээг батлагдсан маягтын дагуу сум дүүрэгт, аюултай хог хаягдлын мэдээг аймаг, нийслэлд тогтоосон хугацаанд хүргүүлнэ.

11.4.Сум, дүүрэг энгийн хог хаягдлын мэдээг аймаг нийслэлд, аймаг нийслэл хог хаягдлын нэгдсэн мэдээг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тогтоосон хугацаанд хүргүүлнэ.

11.5.Мэдээллийн сангийн үйл ажиллагааг энэ хуулийн 8.1.3-т заасан журмаар зохицуулна.

Хэвлэх

12 дугаар зүйл. Хог хаягдлын мэргэжлийн зөвлөл

12.1.Энэ хуулийн 8.1.12-т заасан орон тооны бус мэргэжлийн зөвлөл байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд ажиллах ба дараахь үүрэгтэй:

12.1.1.хог хаягдлын талаархи хууль тогтоомжийг боловсронгуй болгох, менежментийг сайжруулах санал, зөвлөмж гаргах;

12.1.2.энэ хуулийн 8.1.4-т заасан зөвшөөрөлтэй холбоотой дүгнэлт, зөвлөмж гаргах.

Хэвлэх

13 дугаар зүйл. Хог хаягдалтай холбогдох үйл ажиллагаанд тавих хяналт

13.1.Хог хаягдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд улсын мэргэжлийн хяналтын байгууллага, бүх шатны Засаг дарга, цагдаа, хог хаягдлын олон нийтийн байцаагч болон хууль тогтоомжоор эрх олгогдсон албан тушаалтан хяналт тавина.

13.2.Хог хаягдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд олон нийтийн хяналтыг төрийн бус байгууллага, иргэдийн бүлэг, иргэн тавина.

13.3.Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага хог хаягдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавина.

Хэвлэх


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭХ, ЦУГЛУУЛАХ, ТЭЭВЭРЛЭХ, СЭРГЭЭН АШИГЛАХ, ДАХИН БОЛОВСРУУЛАХ, УСТГАХ, БУЛШЛАХ

14 дүгээр зүйл. Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх

14.1.Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь энэ хуулийн 8.1.9.б-д заасны дагуу бүртгүүлж, дугаар авсан байна.

14.2.Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагааг сум, дүүргийн Засаг даргатай гэрээ байгуулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага гүйцэтгэнэ.

14.3.Энэ хуулийн 14.2-т заасан гэрээ байгуулаагүй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага тухайн үйл ажиллагааг эрхлэхийг хориглоно.

14.4.Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх чиглэл, хуваарийг энэ хуулийн 14.2-т заасан гэрээ байгуулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага тогтоож, сум, дүүргийн Засаг даргаар батлуулж мөрдөнө.

14.5.Энэ хуулийн 14.4-т заасан хуваарийн дагуу хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэн хог хаягдал сэргээн ашиглах, дахин боловсруулах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий байгууллагад хүлээлгэж өгнө.

14.6.Энгийн хог хаягдлыг зориулалтын, битүүмжлэлтэй, аюулгүй ажиллагааны шаардлага хангасан тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ.

14.7.Энгийн хог хаягдал тээвэрлэх тээврийн хэрэгслийн жолооч, ачигч нь зохих сургалтад хамрагдаж аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаж ажиллана.

14.8.Энэ хуулийн 14.2-т заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх үед түүнийг унах, асгарах, хийсэхээс сэргийлэх арга хэмжээ авна.

Хэвлэх

15 дугаар зүйл. Хогийн саванд тавигдах шаардлага

15.1.Нийтийн эдэлбэр газар байршуулах хогийн сав дараахь шаардлагыг хангасан байна:

15.1.1.хог хаягдлыг ангилах, ачих, цуглуулах технологид нийцсэн;

15.1.2.галд тэсвэртэй материалаар хийгдсэн;

15.1.3.хог хаягдал салхиар тархах, хур тунадасны ус хуримтлагдах, шүүрэл ялгарахаас сэргийлсэн.

Хэвлэх

16 дугаар зүйл. Энгийн хог хаягдал сэргээн ашиглах, дахин боловсруулах, устгах, булшлах

16.1.Энгийн хог хаягдал сэргээн ашиглах, дахин боловсруулах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 8.1.9.б-д заасны дагуу бүртгүүлж, дугаар авсан байна.

16.2.Энгийн хог хаягдал сэргээн ашиглах, дахин боловсруулах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэгч нь үйл ажиллагаанд хяналт тавих төлөвлөгөөг боловсруулж, байгууллагын удирдлагаар батлуулсан байна.

16.3.Аюул, ослын үед ажиллах төлөвлөгөөг боловсруулж, байгууллагын удирдлага болон орон нутгийн онцгой байдлын газраар батлуулсан байна.

16.4.Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, техник ашиглалтын дүрэм боловсруулж, байгууллагын удирдлагаар батлуулсан байна.

16.5.Энгийн хог хаягдлыг сэргээн ашиглах, дахин боловсруулах, устгах, булшлах байгууламжийн ажилтан тухайн ажлын байрны шаардлагад нийцсэн сургалтад хамрагдаж, шалгалтанд тэнцсэн байна.

16.6.Сэргээн ашигласан, дахин боловсруулсан, устгасан, булшилсан хог хаягдлын бүртгэл хөтөлж мэдээллийн сан бүрдүүлнэ.

16.7.Энгийн хог хаягдлыг сэргээн ашиглах, дахин боловсруулах, устгах, булшлах байгууламжийн байршлыг хэд хэдэн аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хамтран тогтоож болно.

16.8.Ногоон байгууламж, амралт, аялал жуулчлал, зуслан, орон сууц, олон нийтийн бүс, усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын бүс, хүн амын унд, ахуйн усан хангамжийн тэжээгдлийн мужийн дотор, ашигт малтмалын нөөц нь тогтоогдсон болон бусад хууль тогтоомжоор хориглосон газарт энгийн хог хаягдлыг сэргээн ашиглах, дахин боловсруулах, устгах, булшлах байгууламж байгуулахыг хориглоно.

16.9.Хог хаягдлыг сэргээн ашиглаж дулаан, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр байгуулахад эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөнө.

Хэвлэх

17 дугаар зүйл. Энгийн хог хаягдлыг сэргээн ашиглах, дахин боловсруулах, устгах, булшлах байгууламжийн ерөнхий шаардлага

17.1.Энгийн хог хаягдлыг сэргээн ашиглах, дахин боловсруулах, устгах байгууламж дараахь нийтлэг шаардлагыг хангасан байна:

17.1.1.байгууламжид зөвшөөрөлгүй хүн нэвтрэх, мал, амьтан орохоос хамгаалсан хашаатай;

17.1.2.харуул хамгаалалт, дохиоллын системтэй;

17.1.3.хэмжих хэрэгсэл бүхий бүртгэлийн байртай;

17.1.4.үйлдвэрлэлийн үйл ажиллагааны хяналтын системтэй;

17.1.5.хяналтын камертай;

17.1.6.хог хаягдлын бүтэц найрлагыг тогтоох тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангагдсан;

17.1.7.галын аюулгүй байдлын дохиолол, хамгааллын системтэй;

17.1.8.үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд доголдол гарсан үед мэдрэх хяналтын системтэй;

17.1.9.хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны тоног төхөөрөмжтэй;

17.1.10.үйл ажиллагаанаас үүсэх агаар, хөрс, усанд ялгарах ялгарлыг хянах системтэй;

17.1.11.төвлөрсөн инженерийн дэд бүтцэд холбогдсон эсхүл хэсэгчилсэн инженерийн байгууламжтай.

17.2.Хог хаягдлын төвлөрсөн цэгийг ландфиллын бүтэц, булшлах технологиос хамааруулж гурван зэрэглэлээр ангилна.

17.3.Нэг, хоёрдугаар зэрэглэлийн хог хаягдлын төвлөрсөн цэгийн ландфиллд тавигдах шаардлагыг стандартаар тогтооно.

17.4.Нэгдүгээр зэрэглэлийн хог хаягдлын төвлөрсөн цэг дараахь нэмэлт шаардлагыг хангасан байна:

17.4.1.төвлөрсөн хогийн цэг болон ландфиллыг батлагдсан зураг, стандартын дагуу байгуулах;

17.4.2.шүүрлийг цуглуулах, хуримтлуулах, цэвэршүүлэх системтэй;

17.4.3.хог хаягдлын ялзралаас үүсэх хийг зайлуулах, хуримтлуулах системтэй;

17.4.4.газрын доорхи усны хяналт-шинжилгээний худагтай;

17.4.5.үерийн хамгаалалтын далан, хур борооны ус зайлуулах системтэй;

17.4.6.хог хаягдлын хучилтын хөрс нөөцлөх талбайтай;

17.4.7.ландфиллын үйл ажиллагаанд шаардлагатай машин механизм, техник, тоног төхөөрөмжтэй;

17.4.8.хамгаалалтын бүс нь орон сууц, олон нийтийн бүсээс 300 метрээс багагүй зайд;

17.4.9.ландфиллын суурь нь шүүрэл нэвчихээс хамгаалсан доторлогоотой;

17.4.10.хог хаягдал тээвэрлэсэн тээврийн хэрэгслийг цэвэрлэх нөхцөлөөр хангагдсан.

17.5.Хоёрдугаар зэрэглэлийн хог хаягдлын төвлөрсөн цэг дараахь нэмэлт шаардлагыг хангасан байна:

17.5.1.энэ хуулийн 17.4.1, 17.4.4, 17.4.6-17.4.8-д зааснаас гадна дараахь шаардлагыг хангасан байх;

17.5.2.шүүрлийг цуглуулах, хуримтлуулах системтэй;

17.5.3.хог хаягдлын ялзралаас үүсэх хийг зайлуулах хоолойтой;

17.5.4.үерийн хамгаалалтын далан, хур борооны ус зайлуулах сувагтай.

17.6.Гуравдугаар зэрэглэлийн хог хаягдлын төвлөрсөн цэг дараахь шаардлагыг хангасан байна:

17.6.1.хог хаягдлыг дарж булшлах талбай нь газрын гадаргаас доош түвшинд байрласан;

17.6.2.хог хаягдлыг тархахаас хамгаалсан хашаа эсхүл зөөврийн торон хаалттай;

17.6.3.хог хаягдлыг түрж нягтруулах техник хэрэгсэлтэй.

17.7.Хог хаягдлыг дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах үйл ажиллагаанаас ялгарах ялгарлын зөвшөөрөгдөх дээд хэмжээг стандартаар тогтооно.

Хэвлэх

18 дугаар зүйл. Төвлөрсөн цэгт хог хаягдлыг булшлах

18.1.Төвлөрсөн цэгт хог хаягдлыг булшлах үйл ажиллагааг энэ хуулийн 9.3.2-т заасан зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллага эрхэлнэ.

18.2.Нэг болон хоёрдугаар зэрэглэлийн хог хаягдлын төвлөрсөн цэгт дараахь үйл ажиллагааг явуулна:

18.2.1.хог хаягдлыг шалгаж, хэмжиж, бүртгэж хүлээж авах;

18.2.2.хог хаягдлыг тархахаас сэргийлж хөрсөөр дарж нягтруулах;

18.2.3.ландфиллын бүрэн бүтэн байдал болон шүүрлийн систем, хий зайлуулах систем, машин техникийн хэвийн үйл ажиллагаанд хяналт тавих;

18.2.4.хөрс, агаар, усны хяналт- шинжилгээний төлөвлөгөөтэй байх;

18.2.5.булшилсан хог хаягдлын хэмжээ бүтцийн талаар бүртгэл хөтөлж, мэдээллийн сан бүрдүүлэх.

18.3.Гуравдугаар зэрэглэлийн хог хаягдлын төвлөрсөн цэгт дараахь үйл ажиллагааг явуулна:

18.3.1.хог хаягдлыг шалгаж, бүртгэж хүлээж авах;

18.3.2.хог хаягдлыг тархахаас сэргийлж бөөгнөрүүлэн дарж нягтруулах;

18.3.3.машин техникийн хэвийн үйл ажиллагааг хангах.

Хэвлэх

19 дүгээр зүйл. Ландфиллыг хаах

19.1.Ландфиллыг бүрэн болон хэсэгчлэн хааж болно.

19.2.Ландфиллын хучилтын давхарга нь тогтвортой, гулсалт, нуралт үүсэхгүй, элэгдэл, эвдрэлд хамгийн бага орохоор төлөвлөгдөж хийгдсэн байна.

19.3.Ландфиллыг хаах болон хаасны дараахь хяналт-шинжилгээ, арчилгаа үйлчилгээг ландфиллын үйл ажиллагаа эрхлэгч, эсхүл гэрээ байгуулсан байгууллага гүйцэтгэнэ.

19.4.Энэ хуулийн 19.3-т заасан үйл ажиллагаанд шаардагдах зардлыг ландфиллын үйл ажиллагаа эрхлэгч хариуцна.

19.5.Ландфиллыг бүрэн болон хэсэгчлэн хаах үйл ажиллагаанд тухайн орон нутгийн эрх бүхий мэргэжлийн хяналтын байцаагч хяналт тавина.

Хэвлэх

20 дугаар зүйл. Хог хаягдлын төвлөрсөн цэгт хориглох үйл ажиллагаа

20.1.Хог хаягдлын төвлөрсөн цэгт дараахь хог хаягдал булшлахыг хориглоно:

20.1.1.аюултай хог хаягдал;

20.1.2.халдвартай хог хаягдал;

20.1.3.шингэн хаягдал, чөлөөт шингэн агуулсан хаягдал.

20.2.Хог хаягдал шатаахыг хориглоно.

20.3.Зөвшөөрөлгүй иргэн болон мал, амьтныг хог хаягдлыг хүлээж авах, булшлах талбайд оруулахыг хориглоно.

20.4.Тогтоосон цэгээс бусад газарт хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулах, үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.

20.5.Хаагдсан ландфиллын газарт барилга барих, суурьшлын бүс байгуулахыг хориглоно.

Хэвлэх


ТАВДУГААР БҮЛЭГ
АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДЛЫГ САВЛАХ, ТҮР ХАДГАЛАХ, ТЭЭВЭРЛЭХ, ЦУГЛУУЛАХ, ХАДГАЛАХ, ДАХИН БОЛОВСРУУЛАХ, УСТГАХ

21 дүгээр зүйл. Аюултай хог хаягдал үүсгэгч болон тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэгчийг бүртгэх

21.1.Аюултай хог хаягдал үүсгэгч болон аюултай хог хаягдлыг тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэгч нь энэ хуулийн 8.1.9.a-д заасны дагуу бүртгүүлж, бүртгэлийн дугаар авсан байна.

Хэвлэх

22 дугаар зүйл. Аюултай хог хаягдлыг савлах

22.1.Аюултай хог хаягдлыг ангилан ялгаж, зориулалтын саванд савлаж хадгална.

22.2.Аюултай хог хаягдал савлаж хадгалах сав нэг бүр нь “Аюултай хог хаягдал” гэсэн бичиглэлтэй, стандартаар тогтоосон тэмдэг, тэмдэглэгээтэй байх ба ил харагдахуйц газар тухайн хаягдлын нэр, хуримтлуулж эхэлсэн хугацааг тэмдэглэсэн байна.

Хэвлэх

23 дугаар зүйл. Аюултай хог хаягдлыг эх үүсвэр дээр түр хадгалах

23.1.Аюултай хог хаягдал үүсгэгч нь аюултай хог хаягдлыг дараахь хугацаанд эх үүсвэр дээр түр хадгалж болно:

23.1.1.сард 1000 килограммтай тэнцүү буюу түүнээс бага аюултай хог хаягдал үүсгэдэг бол 180 хоног;

23.1.2.сард 1000 килограммаас их хэмжээтэй аюултай хог хаягдал үүсгэдэг бол 90 хоног.

23.2.Тодорхой шалтгааны улмаас энэ хуулийн 23.1-д заасан хугацаанаас илүү хугацаагаар хадгалах бол аймаг, нийслэлийн хог хаягдлын менежментийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад мэдэгдэж, түр хадгалах зөвшөөрөл авна.

23.3.Аюултай хог хаягдлыг агааржуулалтын системтэй, тухайн хаягдлыг хадгалах нөхцөлийг хангасан орчинд хадгална.

23.4.Аюултай хог хаягдлын үүссэн болон хуримтлагдсан хэмжээг нэр, төрөл бүрээр бүртгэнэ.

23.5.Аюултай хог хаягдлыг хадгалах үед үүссэн шүүрлийг аюултай хог хаягдал гэж үзнэ.

23.6.Аюултай хог хаягдал үүсгэгч нь аюултай хог хаягдлыг энэ хуулийн 8.1.4-т заасан зөвшөөрөл бүхий байгууллагад шилжүүлэхэд энэ хуулийн 8.1.7.а-д заасан маягтын дагуу дагалдах бичгийг бүрдүүлнэ.

23.7.Аюултай хог хаягдал үүсгэгч нь аюултай хог хаягдал хариуцсан орон тооны болон орон тооны бус ажилтантай байна.

Хэвлэх

24 дүгээр зүйл. Аюултай хог хаягдлыг тээвэрлэх

24.1.Аюултай хог хаягдал цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагааг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын олгосон зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллага эрхэлнэ.

24.2.Аюултай хог хаягдал тээвэрлэгч аюултай хог хаягдал үүсгэгчээс тэмдэг, тэмдэглэгээтэй зориулалтын саванд савласан, хог хаягдлын дагалдах бичигтэй аюултай хог хаягдлыг гэрээний үндсэн дээр хүлээн авч тээвэрлэнэ.

24.3.Аюултай хог хаягдал тээвэрлэгч хог хаягдлын дагалдах бичгийг бүрэн зөв бөглөгдсөн эсэхийг шалгаж хүлээн авна.

24.4.Аюултай хог хаягдал тээвэрлэгч хог хаягдлын дагалдах бичгийг хүлээн авагчид хог хаягдлын хамт хүлээлгэн өгнө.

24.5.Аюултай хог хаягдал тээвэрлэгч тээвэрлэлтийн үеийн аюулгүй байдал болон аюултай хог хаягдлын сав баглаа боодол, тоо хэмжээний бүрэн бүтэн байдлыг хариуцна.

24.6.Аюултай хог хаягдал тээвэрлэгч аюултай хог хаягдал асгарах, алдагдах үед ашиглах багаж хэрэгсэл, материалаар тээврийн хэрэгслийг хангасан байна.

24.7.Аюултай хог хаягдал үүсгэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас аюултай хог хаягдлын дагалдах бичиг, төрөл, тоо хэмжээнд үл зохицол үүсвэл аюултай хог хаягдал хүлээн авагч уг хаягдлыг хэсэгчлэн болон бүхэлд нь хүлээн авахаас татгалзаж болно.

24.8.Энэ хуулийн 24.7-д заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд хог хаягдлыг аюултай хог хаягдал үүсгэгчид буцааж хүргэхтэй холбогдон гарах зардлыг тухайн аюултай хог хаягдал үүсгэгч хариуцна.

24.9.Тээвэрлэлтийг нэгээс дээш аюултай хог хаягдал тээвэрлэгч гүйцэтгэвэл эцсийн тээвэрлэгчээс бусад тээвэрлэгчид хог хаягдлын дагалдах бичгийн хуулбарыг хадгална.

24.10.Нийцгүй аюултай хог хаягдлыг хамт тээвэрлэхийг хориглоно.

24.11.Аюултай хог хаягдлыг “Аюултай хог хаягдал” гэсэн бичиглэл, стандартад заасан анхааруулах тэмдэг байрлуулсан, зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэх ба аюултай хог хаягдлыг ачих, буулгах, тээвэрлэхэд энэ хуулийн 7.1.2-т заасан журмыг мөрдөнө.

24.12.Аюултай хог хаягдал тээвэрлэгч нь аюултай хог хаягдал тээвэрлэдэг тээврийн хэрэгслийг цэвэрлэх, ариутгах байгууламжтай байна.

24.13.Тээвэрлэлтийн үед аюултай хог хаягдал асгарсан тохиолдолд аюултай хог хаягдал үүсгэгч болон тухайн орон нутгийн онцгой байдлын албанд мэдэгдэнэ.

Хэвлэх

25 дугаар зүйл. Аюултай хог хаягдал хадгалах, дахин боловсруулах, устгахад тавигдах шаардлага

25.1.Аюултай хог хаягдал хадгалах, устгах байгууламжийг дараахь байршилд байгуулахыг хориглоно:

25.1.1.усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын бүсэд;

25.1.2.хүн амын унд, ахуйн усан хангамжийн эх үүсвэрийн тэжээгдлийн мужийн дотор;

25.1.3.хүн амын унд, ахуйн ус хангамжийн эх үүсвэр болон гадаргын уснаас хоёр километрээс бага зайд;

25.1.4.үерийн усны урсац дайран өнгөрөх зам, талбайд;

25.1.5.ус, намгархаг газарт;

25.1.6.нефть, нүүрс болон байгалийн хийн нөөц бүхий газарт;

25.1.7.шохойн чулуу болон 50 ба түүнээс дээш хувийн карбонатын эрдэс агуулсан үндсэн чулуулагтай газарт;

25.1.8.улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутагт;

25.1.9.төмс, хүнсний ногоо, тариалангийн талбайгаас нэг километрээс бага зайд;

25.1.10.орон сууц, олон нийтийн бүс болон зэргэлдээх барилга, байгууламжаас нэг километрээс бага зайд.

25.2.Аюултай хог хаягдал хадгалах, устгах байгууламжийн гадаад хил буюу гадаад орчноос тусгаарласан хашаанаас энэ хуулийн 25.1-д заасан зайг тооцно.

25.3.Аюултай хог хаягдал хадгалах, дахин боловсруулах, устгах байгууламж дараахь шаардлагыг хангасан байна:

25.3.1.нэг хувийн чийгийн хангамшилтай жилийн үерийн урсацын хэмжээнд тооцсон үерийн хамгаалалтын барилга байгууламжтай;

25.3.2.нэг хувийн чийгийн хангамшилтай жилийн үерийн урсацын хэмжээнд тооцсон эзлэхүүн бүхий гадаргын ус цуглуулах сантай;

25.3.3.хүчтэй газар хөдлөлийн нөлөөллийг тооцож байгууламжийг барьсан;

25.3.4.хүний эрүүл мэнд, байгаль орчинд аюул учруулах хэмжээгээр агаар, хөрс, усанд санамсаргүй болон санаатайгаар аюултай хог хаягдал алдах, тэсэрч дэлбэрэх, галын аюул үүсэх боломжийг хамгийн бага хэмжээнд байхаар төлөвлөж баригдсан;

25.3.5.зөвшөөрөлгүй хүн нэвтрэх, мал амьтан орохоос хамгаалсан хашаа, харуул хамгаалалттай, байгууламжийн орох, гарах хаалга болон дотор, гадна талбай, зам, устгалын үйл ажиллагааг тасралтгүй хянах хяналтын системтэй;

25.3.6.гадна болон дотор талбайд аюул, ослын үед ажиллах машин, техник, тоног төхөөрөмж ажиллах нөхцөлийг хангасан орц, гарц, замтай;

25.3.7.аюулгүй ажиллагааны болон аюул, ослын үед ажиллах дохиоллын систем, хариу арга хэмжээний тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, бодис, материалаар тоноглогдсон.

Хэвлэх

26 дугаар зүйл. Аюултай хог хаягдлыг цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэх

26.1.Энэ хуулийн 37.1-д заасан зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллага аюултай хог хаягдал цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхэлж, дараахь шаардлагын дагуу ажиллана.

26.1.1.аюултай хог хаягдал хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаанаас үүсэж болох аюул, ослоос урьдчилан сэргийлэх төлөвлөгөөтэй байна.

26.1.2.орон нутгийн цагдаа, онцгой байдлын газар, эрүүл мэндийн байгууллагатай аюул, ослын үед хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллана.

26.1.3.ажилчдыг тухайн ажлын байрны шаардлагад нийцсэн сургалтад хамруулна.

26.1.4.энэ хуулийн 26.1.3-т заасан сургалтад хамрагдаагүй ажилтныг бие даалган ажлын байранд ажиллуулахыг хориглоно.

26.1.5.аюул, ослын үед ажиллах төлөвлөгөөг боловсруулж, орон нутгийн онцгой байдлын газраар батлуулна.

26.1.6.аюултай хог хаягдал хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа явуулж байгаа байгууламж нь онцгой байдлын зохицуулагчтай байна.

26.1.7.аюул, ослын үед ажиллах төлөвлөгөө хэрэгжүүлсэн тохиолдол бүрд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаархи тайланг аюул, осол гарснаас хойш 15 хоногийн дотор аймаг, нийслэлийн онцгой байдлын газар болон хог хаягдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

26.2.Аюултай эд анги агуулсан бүтээгдэхүүний хаягдал цуглуулах үйл ажиллагааг аюултай хог хаягдал хадгалах үйл ажиллагааны нэг хэлбэр гэж үзнэ.

26.3.Онцгой байдлын зохицуулагч аюул, ослын үед ажиллах төлөвлөгөөг хэрэгжүүлэх эрхтэй.

Хэвлэх

27 дугаар зүйл. Аюултай хог хаягдлыг хүлээн авах

27.1.Аюултай хог хаягдал хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэгч нь хог хаягдлыг хүлээн авахын өмнө төлөөлөх дээжинд шинжилгээ хийж, шаардлагатай үзүүлэлтийг тодорхойлсон байна.

27.2.Аюултай хог хаягдлыг хүлээн авахдаа дагалдах бичигт заасан хог хаягдал мөн эсэх, үл зохицол байгаа эсэхийг шалгаж авна.

27.3.Хог хаягдлын дагалдах бичиг, хог хаягдлын тоо хэмжээ, төрөлд үл зохицол илэрвэл хэсэгчлэн болон бүхэлд нь хүлээж авахаас татгалзаж болно.

27.4.Аюултай хог хаягдлыг савнаас суллахад энэ хуулийн 7.1.2-т заасан журмыг мөрдөнө.

Хэвлэх

28 дугаар зүйл. Үйл ажиллагааны бүртгэл хөтлөх

28.1.Аюултай хог хаягдал хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэгч нь дараахь мэдээллийг байгууламжийг хааснаас хойш 10 жил хадгална:

28.1.1.хүлээж авсан аюултай хог хаягдлын тодорхойлолт, тоо хэмжээ, түүнийг устгасан, боловсруулсан, хадгалсан арга, огноо;

28.1.2.байгууламжийн доторхи хог хаягдал нэг бүрийн байрлал, тоо хэмжээ, хог хаягдлын дагалдах бичгийн дугаар;

28.1.3.шинжилгээ, туршилтын дүн;

28.1.4.аюул, ослын үед ажиллах төлөвлөгөөг хэрэгжүүлсэн аюул, осол нэг бүрийн тайлан;

28.1.5.хяналт-шинжилгээний тайлан.

28.2.Энэ хуулийн 26.1.5-д заасан төлөвлөгөөг хэрэгжүүлсэн тэмдэглэл, авсан арга хэмжээний тайланг гурван жил хадгална.

Хэвлэх

29 дүгээр зүйл. Тайлагнах

29.1.Аюултай хог хаягдал тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэгч тухайн жилд гүйцэтгэсэн ажлын тайланг энэ хуулийн 8.1.7.г-д заасан маягтаар гаргаж, энэ хуулийн 8.1.3-т заасан журмын дагуу хүргүүлнэ.

Хэвлэх

30 дугаар зүйл. Хяналт-шинжилгээ хийх

30.1.Аюултай хог хаягдал хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэгч газрын доорхи ус, гадаргын ус, хөрс, агаарын хяналт-шинжилгээний болон хариу арга хэмжээний хөтөлбөртэй байна.

30.2.Газрын доорхи усны хяналтын цооногоос авсан усны дээжин дэх бохирдуулагч бодисын хэмжээ нь стандартаар зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрэхгүй байна.

30.3.Байгууламжийг барьж байгуулахаас өмнө хийгдсэн судалгаа болон байгаль орчны суурь судалгааны хүрээнд итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр газрын доорхи усанд бохирдуулагч бодисын агууламж геологийн тогтоцоос хамаарч газрын доорхи усны стандартаар зөвшөөрөгдсөн хэмжээнээс их байгаа нь тогтоогдвол байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад мэдэгдэнэ.

30.4.Энэ хуулийн 30.3-тзаасан нөхцөл үүссэн тохиолдолд газрын доорхи усны хяналт-шинжилгээнд мөрдөх зөвшөөрөгдөх дээд хэмжээг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

30.5.Энэ хуулийн 30.1-д заасан хөтөлбөрийн дагуу хяналт-шинжилгээг хийнэ.

Хэвлэх

31 дүгээр зүйл. Байгууламжийг хаах

31.1.Аюултай хог хаягдал хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэгч нь байгууламжийг хэсэгчлэн болон бүрэн хаах хаалтын төлөвлөгөө, шаардагдах зардлыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар батлуулна.

31.2.Байгууламжийн технологи болон үйл ажиллагаанд өөрчлөлт гарсан тохиолдолд энэ хуулийн 31.1-д заасан төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулж, батлуулна.

31.3.Байгууламжийг хэсэгчлэн болон бүрэн хаах тухай мэдэгдлийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон аймаг, нийслэлийн Засаг даргад төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлэхээс 90 хоногийн өмнө мэдэгдэнэ.

31.4.Байгууламжийг хэсэгчлэн болон бүрэн хаах хаалтын төлөвлөгөөний хэрэгжилтэд орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавина.

31.5.Сүүлчийн хаягдлыг хүлээж авснаас хойш 180 хоногийн дотор байгууламжийг бүрэн хаах хаалтын төлөвлөгөөг хэрэгжүүлж дуусгана.

31.6.Байгууламжийг бүрэн хааснаас хойш 60 хоногийн дотор байгууламжийг хаасан мэдэгдэл, тайланг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлнэ.

Хэвлэх

32 дугаар зүйл. Хаалтын дараахь хяналт-шинжилгээ

32.1.Аюултай хог хаягдал хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэгч нь байгууламжийг хаасны дараа засвар үйлчилгээ хийх, хяналт тавих хаалтын дараахь хяналт-шинжилгээний төлөвлөгөө, шаардагдах зардлыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар батлуулна.

32.2.Хаалтын дараахь хяналт-шинжилгээг 20 жилийн турш хийнэ.

32.3.Энэ хуулийн 32.2-тзаасан хяналт-шинжилгээг аюултай хог хаягдал хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэгч эсхүл гэрээний үндсэн дээр хамтран гүйцэтгэгч хийнэ.

32.4.Энэ хуулийн 32.2-тзаасан хяналт-шинжилгээгээр хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхүйц хэмжээгээр шүүрэл, ялгарал үүсэж байгаа нь тогтоогдвол байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон аймаг, нийслэлийн Засаг даргад мэдэгдэнэ.

32.5.Энэ хуулийн 32.4-тзаасан нөхцөл үүссэн тохиолдолд холбогдон гарах зардлыг аюултай хог хаягдал хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэгч хариуцна.

32.6.Энэ хуулийн 30.1-д заасан хөтөлбөр, 31.1-д заасан төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг аюултай хог хаягдал хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэгч хариуцна.

32.7.Энэ хуулийн 32.6-д заасан зардлыг урьдчилан төлөх зарчмын дагуу дараахь хувилбарын аль нэгийг сонгож төвлөрүүлнэ:

32.7.1.итгэлцлийн сан байгуулах;

32.7.2.барьцаа хөрөнгө байршуулах.

32.8.Энэ хуулийн 32.7-д заасан хөрөнгийг төвлөрүүлэх, зарцуулах асуудлыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай байгуулсан гэрээгээр зохицуулна.

Хэвлэх

33 дугаар зүйл. Аюултай хог хаягдал хадгалахад тавигдах нэмэлт шаардлага

33.1.Аюултай хог хаягдлыг, хадгалж байгаа аюултай хог хаягдалтайгаа урвалд ордоггүй материалаар хийсэн, эсхүл доторлосон бат бөх зориулалтын саванд хадгална.

33.2.Аюултай шингэн хог хаягдал хадгалах савыг байрлуулах талбай нь асгарсан, алдагдсан хаягдал, хуримтлагдсан хур тунадасыг тогтоон барих хязгаарлалтын системтэй байна.

33.3.Аюултай шингэн хаягдлыг газар доор суурилуулсан саванд хадгалахыг хориглоно.

33.4.Аюултай хуурай хог хаягдал хадгалах савыг байрлуулах талбай нь хуримтлагдсан хур тунадасыг зайлуулах, шавхах боломжтой, сав нь хуримтлагдсан шингэнтэй хүрэлцэхгүй байхаар өргөгдсөн, эсвэл хамгаалагдсан байна.

33.5.Аюултай хог хаягдал хадгалах талбай нь хур тунадас, нарны шууд тусгалаас хамгаалсан дээвэртэй байна.

33.6.Нийцгүй хог хаягдлыг нэг саванд хадгалахыг хориглоно.

Хэвлэх

34 дүгээр зүйл. Аюултай хог хаягдлыг ландфиллд булшилж устгахад тавигдах нэмэлт шаардлага

34.1.Аюултай хог хаягдлын ландфилл нь хог хаягдал, түүнээс үүсэх шүүрлээс хөрс, газрын доорхи болон гадаргын ус бохирдохоос хамгаалах зориулалттай доторлогооны систем, шүүрэл цуглуулах, зайлуулах системтэй байна.

34.2.Аюултай хог хаягдлын ландфиллын доторлогооны систем, шүүрэл цуглуулах, зайлуулах систем нь стандартад заасан шаардлагыг хангасан байна.

34.3.Шүүрлийн системд ердийн түвшинээс их шүүрэл ялгарсан тохиолдолд авах хариу арга хэмжээний төлөвлөгөөг байгууллагын удирдлага батална.

34.4.Энэ хуулийн 34.3-тзаасан төлөвлөгөөг хэрэгжүүлснээс хойш 30 хоногийн дотор цаашид авах арга хэмжээний төлөвлөгөөг авсан арга хэмжээний тайлангийн хамт байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

34.5.Ландфиллын үйл ажиллагаа эрхлэгч нь булшилсан аюултай хог хаягдлын төрөл, нэг бүрийн байрлал, хэмжээ, гүнийг тэмдэглэсэн зураглал үйлдэж, аюултай хог хаягдлын бүтэц, байршлын талаар бүртгэл хөтөлнө.

34.6.Ландфиллын үйл ажиллагаа эрхлэгч нь ландфиллыг бүрэн болон хэсэгчлэн хаахдаа батлагдсан зураг төслийн дагуу хучиж битүүмжлэх ба хучилтын давхарга нь стандартад заасан шаардлагыг хангасан байна.

34.7.Ландфиллын үйл ажиллагаа эрхлэгч нь ландфиллыг бүрэн хаасны дараа энэ хуулийн 32.2-тзаасан хяналт-шинжилгээ, арчилгаа үйлчилгээг авч хэрэгжүүлнэ.

34.8.Хаагдсан аюултай хог хаягдлын ландфиллын газар дээр аливаа үйл ажиллагаа эрхлэх, түүнийг ашиглахыг хориглоно.

34.9.Доорхи төрлийн хог хаягдлыг ландфиллд булшилж устгахыг хориглоно:

34.9.1.шатамхай болон урвалын идэвхтэй хог хаягдал;

34.9.2.хүн, малын эмнэлэг, эрүүл мэндийн төвийн эмчилгээ, сувилгаанаас үүссэн, эрүүл мэндийн байгууллагаас халдваргүйжүүлээгүй хог хаягдал;

34.9.3.савлагаагүй шингэн хаягдал, чөлөөт шингэн агуулсан хаягдал;

34.9.4.судалгаа, шинжилгээ, сургалтын явцад үүссэн, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд үзүүлэх нөлөөлөл нь тогтоогдоогүй шинэ, эсвэл шинж чанар нь судлагдаагүй химийн бодисын хаягдал;

34.9.5.хоорондоо нийцгүй хог хаягдлыг нэг дор, нэг үүрэнд хамт булшлах.

34.10.Дараахь чөлөөт шингэн агуулсан савыг ландфиллд булшилж устгаж болно:

34.10.1.чөлөөт шингэнийг зайлуулсан, шингээгчид шингээсэн эсвэл хатууруулж бэхжүүлсэн;

34.10.2.тавин миллитрээс бага савлагаатай;

34.10.3.шингэн хадгалах зориулалтгүй, шингэн болон түүнийг агуулсан сав нь хамтдаа нэг зорилгоор ашиглагддаг батарей, аккумлятор зэрэг шингэн агуулсан сав;

34.10.4.нэг литрээс бага хэмжээтэй давхар савлагаатай шингэн.

34.11.Энэ хуулийн 34.10-тзааснаас бусад бүх төрлийн шингэнийг ландфиллд булшлахыг хориглоно.

34.12.Хоосон савыг ландфиллд булшлахад эзлэхүүний 90-ээс багагүй хувийг хогоор дүүргэж эсвэл жижиглэж, буталж эзлэхүүнийг нь багасгасны дараа булшилна.

34.13.Жижиг савлагаатай аюултай хог хаягдлыг (химийн бодис) зориулалтын саванд давхар савлаж, ландфиллд булшилж болох ба энэ хуулийн 7.1.2-тзаасан журмын шаардлагыг хангасан байна.

Хэвлэх

35 дугаар зүйл. Аюултай хог хаягдал шатааж устгахад тавигдах нэмэлт шаардлага

35.1.Аюултай хог хаягдал шатаах үйл ажиллагаа эрхлэгч нь туршилтын шатаалт хийж, үйл ажиллагааны горим, технологийн үзүүлэлтийг тогтооно.

35.2.Энэ хуулийн 35.1-д заасан туршилтын шатаалтыг 30 хоног явуулах ба энэ хугацаанд шаталт тогтворжиж, шаардлагатай түвшинд хүрээгүй тохиолдолд хугацааг 30 хоног хүртэл хугацаагаар сунгаж болно.

35.3.Аюултай хог хаягдал шатаах зуух нь зуухны үйл ажиллагаа доголдох үед хог хаягдал ачаалах үйлдлийг зогсоох автомат системтэй байна.

35.4.Аюултай хог хаягдал шатаах зуух нь шаталт болон ялгаралд хяналт тавих төхөөрөмжтэй байх ба уг төхөөрөмж нь энэ хуулийн 7.1.2-т заасан журмын шаардлагыг хангасан байна.

35.5.Зууханд өгөх хог хаягдлын ачаалалт болон зуухны бүтцэд өөрчлөлт гарах, зуухны үйл ажиллагааны үзүүлэлт зөвшөөрөгдсөн хязгаараас давсан тохиолдолд зуухны үйл ажиллагааг зогсооно.

35.6.Шатаалтын зуух болон дагалдах тоног төхөөрөмжийн үйл ажиллагаанд өдөрт нэгээс багагүй удаа хяналт тавина.

Хэвлэх

36 дугаар зүйл. Аюултай хог хаягдал хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаанаас үүсэх ялгарлыг хянах системд тавигдах шаардлага

36.1.Аюултай хог хаягдал хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаанаас агаарт ялгарах хий дэх бохирдуулагч бодисын хэмжээ нь стандартаар зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрэхгүй байна.

36.2.Энэ хуулийн 36.1-д заасан бохирдуулагч бодисын зөвшөөрөх хэмжээ үндэсний стандартаар тогтоогдоогүй бол олон улсын стандартыг мөрдөнө.

36.3.Аюултай хог хаягдал хадгалах, дахин боловсруулах, устгах байгууламж нь агаарт ялгарах хийг хянах хяналтын систем, шингэн хаягдлыг цуглуулах, хуримтлуулах сантай байна.

36.4.Энэ хуулийн 36.3-тзаасан шингэнийг стандартаар зөвшөөрөгдсөн хэмжээнд хүртэл цэвэрлэх, саармагжуулж хаях, эсхүл аюултай шингэн хаягдал устгах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжид өгч устгуулна.

36.5.Аюултай хог хаягдал дахин боловсруулах, устгах байгууламжийн хий цэвэрлэх системээс үүссэн тоос, зуухны доод үнс зэрэг хатуу хаягдлыг зохих технологийн дагуу боловсруулж, аюултай хог хаягдлын ландфиллд булж устгана.

Хэвлэх

37 дугаар зүйл. Аюултай хог хаягдал тээвэрлэх, цуглуулах, хадгалах дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл

37.1.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 12.1-д заасан мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн аюултай хог хаягдал тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэхэд дараахь төрлийн зөвшөөрөл олгоно:

37.1.1.үйл ажиллагаа эрхлэх түр зөвшөөрөл;

37.1.2.үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл.

37.2.Энэ хуулийн 37.1.1-д заасан зөвшөөрөл нь барилгын ажил эхлүүлэхээс үйл ажиллагаа эрхлэх хүртэлх хугацааг хамаарна.

37.3.Аюултай хог хаягдал тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа шинээр эхлүүлэхэд энэ хуулийн 37.1.2-т заасан зөвшөөрлийг нэг жилийн хугацаагаар олгоно.

37.4.Энэ хуулийн 37.3-тзаасан хугацаанд явуулсан үйл ажиллагаа, технологийн горим, хяналт-шинжилгээний дүнг үндэслэн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг таван жилийн хугацаатайгаар олгоно.

37.5.Үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг арван жилийн хугацаагаар сунгана.

37.6.Зөвшөөрлийн хугацаа, нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн зөвшөөрлийг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж болно.

37.7.Зөвшөөрлийг түдгэлзүүлсэн нөхцөл арилсан тохиолдолд дахин сэргээнэ.

37.8.Зөвшөөрлийг дараахь тохиолдолд хүчингүй болгоно:

37.8.1.тусгай зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан;

37.8.2.хуулийн этгээд татан буугдсан;

37.8.3.зөвшөөрлийг авахад хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон;

37.8.4.зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн;

37.8.5.зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй.

37.9.Аюултай хог хаягдал тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход энэ хуулийн 7.1.2-т заасан журмыг мөрдөнө.

Хэвлэх

38 дугаар зүйл. Аюултай хог хаягдал экспортлох

38.1.Аюултай хог хаягдлыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага экспортлож болно.

38.2.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага аюултай хог хаягдал экспортлох зөвшөөрлийг доор дурдсан нөхцөлд олгоно:

38.2.1.аюултай хог хаягдлыг дахин боловсруулах, устгах техник тоног төхөөрөмж байхгүй;

38.2.2.аюултай хог хаягдлын импорт тухайн улсад хүлээн зөвшөөрөгдсөн.

38.3.Аюултай хог хаягдлыг экспортлох этгээд нь зөвшөөрөл авах тухай өргөдөлд дараахь баримт бичгийг хавсаргана:

38.3.1.аюултай хог хаягдлыг импортлогч этгээдтэй байгуулсан гэрээ, импортлогч этгээдийн бичгээр гаргасан хүсэлт;

38.3.2.аюултай хог хаягдал импортлогч этгээдэд тухайн улсын эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөл;

38.3.3.аюултай хог хаягдлын тээвэрлэлт экспортлогч болон импортлогч улсаас өөр улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх бол тухайн орны эрх бүхий байгууллагаас нутаг дэвсгэрээрээ тээвэрлэхийг зөвшөөрсөн зөвшөөрөл, эсхүл мэдэгдэл.

38.4.Экспортлох аюултай хог хаягдал нь олон улсад мөрддөг заавар журам, стандартын дагуу савлагдсан, тэмдэг тэмдэглэгээ тавигдсан, хог хаягдлын дагалдах бичгийг бүрдүүлсэн байна.

38.5.Аюултай хог хаягдлыг тээвэрлэхдээ олон улсын гэрээ, конвенц, журамд заасан шаардлагыг дагаж мөрдөнө.

Хэвлэх

39 дүгээр зүйл. Аюултай хог хаягдал импортлох, хил дамжуулан тээвэрлэхийг хориглох

39.1.Аюултай хог хаягдлыг ашиглах, хадгалах, түр байршуулах, устгах зорилгоор Монгол Улсад импортоор оруулахыг хориглоно.

39.2.Аюултай хог хаягдлыг Монгол Улсын хил дамжуулан тээвэрлэхийг хориглоно.

Хэвлэх


ЗУРГАДУГААР БҮЛЭГ
ХОГ ХАЯГДЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЗОХИЦУУЛАЛТ

40 дүгээр зүйл. Хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах

40.1.Хог хаягдлыг ангилах, дахин ашиглах, дахин боловсруулах, сэргээн ашиглах замаар эдийн засгийн эргэлтэд оруулж, байгалийн нөөц баялгийг хэмнэнэ.

40.2.Үйлдвэрлэгч нь бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ дахивар нөөц сонгож, хаягдалгүй болон хамгийн бага хог хаягдал гаргах технологи ашиглана.

40.3.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь дахин боловсруулсан, сэргээн ашигласан бүтээгдэхүүн худалдан авах замаар ногоон худалдан авалтыг дэмжинэ.

40.4.Хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин ашиглах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах, экспортлох үйл ажиллагаа эрхэлдэг болон байгаль орчинд ээлтэй, хаягдалгүй технологи нэвтрүүлсэн иргэн, байгууллага, аж ахуйн нэгжид эдийн засгийн урамшуулал олгоно.

40.5.Энэ хуулийн 8.1.14-т заасан жагсаалтад орсон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч болон импортлогч нь бүтээгдэхүүний хаягдал, тэдгээрийн сав, баглаа боодлоос үүсэх хог хаягдлыг эргүүлэн цуглуулах, дахин ашиглах, дахин боловсруулах, экспортлох үүрэгтэй.

40.6.Үйлдвэрлэгч болон импортлогч нь бүтээгдэхүүний хаягдал, тэдгээрийн сав баглаа боодлоос үүсэх хог хаягдлыг цуглуулж, дахин ашиглах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, булшлах, устгах, экспортлох амьдралын мөчлөгийг харуулсан схемтэй байх ба түүнийг олон нийтэд нээлттэй байлгана.

40.7.Хог хаягдлыг дахин боловсруулж хийсэн бүтээгдэхүүн болон дахин боловсруулагдах хог хаягдал үүсгэх бүтээгдэхүүн нь энэ хуулийн 8.1.13-т заасан таних тэмдэгтэй байна.

40.8.Хог хаягдлыг ангилах, цуглуулах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах байгууламж болон хог хаягдлын төвлөрсөн цэг, үйлдвэр технологийн паркийн газрыг эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг Газрын тухай хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.

Хэвлэх

41 дүгээр зүйл. Хог хаягдлын үйлчилгээний хураамж, төлбөр, үйл ажиллагааны санхүүжилт

41.1.Энгийн хог хаягдал үүсгэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүр хог хаягдлын үйлчилгээний хураамж төлнө.

41.2.Аюултай хог хаягдал үүсгэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь үүсгэсэн хог хаягдлаа тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгахтай холбогдон гарах зардалд шаардагдах аюултай хог хаягдлын үйлчилгээний хөлс төлнө.

41.3.Овор хэмжээ ихтэй болон барилгын хог хаягдлыг тээвэрлэх, устгах үйлчилгээний хөлс нь энэ хуулийн 41.1-д заасан хураамжид хамаарахгүй.

41.4.Энэ хуулийн 41.2, 41.3-тзаасан үйлчилгээний хөлсийг хог хаягдлыг хүлээн авах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулах гэрээний үндсэн дээр тохиролцон тогтооно.

41.5.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг үүсгэж байгаа хог хаягдлын хэмжээнээс хамааруулан тооцно.

41.6.Айл өрхийн хэрэглээнээс үүсэх энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг нэг иргэнээр тооцно.

41.7.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг эрчим хүч, хэрэглээний цэвэр, бохир ус, дулаан, орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний төлбөртэй хамтатган хураах замаар төвлөрүүлж болно.

41.8.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг сум, дүүргийн төсөвт төвлөрүүлнэ.

41.9.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн орлогыг дараахь үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зарцуулна:

41.9.1.хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх;

41.9.2.хог хаягдлыг булшлах;

41.9.3.энэ хуулийн 41.7-д заасны дагуу хог хаягдлын үйлчилгээний хураамж төвлөрүүлсэн тохиолдолд үйлчилгээний шимтгэл төлөх.

41.10.Хог хаягдал цуглуулж тээвэрлэх үйл ажиллагааг энэ хуулийн 9.2.1-д заасан тарифыг үндэслэн цуглуулж, тээвэрлэсэн хог хаягдлын хэмжээгээр тооцож санхүүжүүлнэ.

41.11.Хог хаягдлыг булшлах үйл ажиллагааг энэ хуулийн 9.1.4-д заасан тарифыг үндэслэн булшилсан хог хаягдлын хэмжээгээр тооцож санхүүжүүлнэ.

41.12.Нийтийн эдэлбэр газрын хог хаягдлыг цэвэрлэх болон хог хаягдлыг ангилах, дахин ашиглах, дахин боловсруулах үйл ажиллагааг дэмжих, бүх нийтийн их цэвэрлэгээ, сургалт, сурталчилгаа зохион байгуулах үйл ажиллагаанд зарцуулагдах зардлыг аймаг, нийслэл, сум, дүүргийн төсөвт тусгаж зарцуулна.

41.13.Хог хаягдлын тухай хууль тогтоомж зөрчсөн тухай мэдээлэл өгсөн иргэнд уг мэдээлэл нь батлагдсан тохиолдолд зөрчил гаргагчид ногдуулсан торгуулийн 15 хувиар тооцож сум, дүүргийн Засаг дарга мөнгөн урамшуулал олгоно.

41.14.Хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, булшлах үйл ажиллагаанд аймаг, нийслэлийн төсвөөс сум, дүүрэгт дэмжлэг үзүүлж болно.

41.15.Энэ хуулийн 41.14-т заасан дэмжлэгийг энэ хуулийн 41.9.1, 41.9.2-т заасны дагуу зарцуулна.

41.16.Хог хаягдлыг сэргээн ашиглах, устгах үйл ажиллагаанд улсын төсвөөс аймаг, нийслэлд дэмжлэг үзүүлж болно.

41.17.Энэ хуулийн 41.8-д заасан хөрөнгийг төлөвлөх, хянах, гүйцэтгэлийн тайлан мэдээ гаргах ажиллагааг Төсвийн тухай хууль, Татварын ерөнхий хууль тогтоомжид заасны дагуу хэрэгжүүлнэ.

Хэвлэх


ДОЛДУГААР БҮЛЭГ
ХОГ ХАЯГДЛЫН ТАЛААРХИ БОЛОВСРОЛ

42 дугаар зүйл. Хог хаягдлын талаархи боловсрол олгох

42.1.Хог хаягдлын талаархи боловсрол нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад байгальд ээлтэй хэрэглээний соёл хэвшүүлэх, хог хаягдлыг зүй зохистой хаях, ангилах, дахин ашиглах дадал зуршлыг төлөвшүүлэх, хог хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаархи мэдлэг олгоход чиглэнэ.

42.2.Хог хаягдлын талаархи боловсролыг дараахь байдлаар олгоно:

42.2.1.энэ хуулийн 7.1.1-д заасан үндэсний хөтөлбөрт хог хаягдлын талаархи боловсрол олгох зорилго, хэрэгжүүлэх арга хэмжээг тусгах;

42.2.2.хог хаягдлын талаархи албан боловсролыг энэ хуулийн 8.4.2-т заасан боловсролын агуулгаар дамжуулан олгох;

42.2.3.хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хог хаягдлын талаархи үндэсний уламжлал, зан заншил, тэргүүн туршлага, хууль тогтоомжийг сурталчлах;

42.2.4.албан бус боловсролыг төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн сургалт, судалгааны төвөөр дамжуулан олгох.

42.3.Хог хаягдлын талаархи боловсрол олгох сургалтыг орон нутагт зохион байгуулж, иргэдийг сургалтад бүрэн хамруулахад бүх шатны Засаг дарга санхүүгийн болон зохион байгуулалтын дэмжлэг, туслалцаа үзүүлнэ.

42.4.Хувийн өмчит аж ахуйн нэгж, байгууллага өөрийн санаачлагаар хог хаягдлын талаархи боловсрол олгох сургалт зохион байгуулахад сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга болон нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж, байгууллага нь сургалтын талбай, байраар дэмжлэг үзүүлэх, иргэдийн оролцоог хангахад туслалцаа үзүүлнэ.

42.5.Хог хаягдлын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг мэргэжлийн байгууллага нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, албан хаагчдыг сургалтад бүрэн хамруулах, сургалтын байр болон сургалтад шаардагдах бусад дэмжлэгийг үзүүлэх үүрэгтэй.

Хэвлэх


НАЙМДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ

43 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

43.1.Хог хаягдлын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол улсын байцаагч, цагдаа болон сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга дараахь хариуцлага хүлээлгэнэ:

43.1.1.энэ хуулийн 7.1.2-тзаасан журмыг зөрчсөн бол хүнийг хоёр зуун мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сая төгрөгөөр торгох;

43.1.2.энэ хуулийн 8.2.1, 8.3.2, 8.5.1, 8.6.2, 9.1.3-т заасан журмыг зөрчсөн бол хүнийг тавин мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган төгрөгөөр торгох;

43.1.3.энэ хуулийн 10.2.1, 10.2.4, 10.2.5, 10.2.7, 10.2.9, 10.2.10, 10.2.11-д заасныг зөрчсөн бол хүнийг гучин мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган төгрөгөөр торгох;

43.1.4.энэ хуулийн 10.3.1, 10.3.2-тзаасныг зөрчсөн бол хүнийг тавин мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган төгрөгөөр торгох;

43.1.5.энэ хуулийн 10.3.3, 10.3.4-тзаасныг зөрчсөн хүнийг тавин мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн зуун мянган төгрөгөөр торгох;

43.1.6.энэ хуулийн 10.3.5-д заасныг зөрчсөн хүнийг тавин мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган төгрөгөөр торгох;

43.1.7.энэ хуулийн 10.3.6-д заасныг зөрчсөн хуулийн этгээдийг хоёр зуун мянган төгрөгөөр торгох;

43.1.8.энэ хуулийн 10.3.7-д заасныг зөрчсөн хүнийг тавин мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун мянган төгрөгөөр торгох;

43.1.9.энэ хуулийн 14.4, 14.5, 14.6, 14.8-д заасныг зөрчсөн хүнийг хоёр зуун мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун мянган төгрөгөөр торгох;

43.1.10.энэ хуулийн 14.3-тзаасныг зөрчсөн хүнийг хоёр зуун мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн зуун мянган төгрөгөөр торгох;

43.1.11.энэ хуулийн 16.8-д заасныг зөрчсөн хүнийг таван зуун мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сая төгрөгөөр торгож, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх;

43.1.12.энэ хуулийн 18.1-д заасныг зөрчсөн хүнийг таван зуун мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сая төгрөгөөр торгох;

43.1.13.энэ хуулийн 20.1, 20.2-т заасныг зөрчсөн хүнийг хоёр зуун мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун мянган төгрөгөөр торгох;

43.1.14.энэ хуулийн 20.4-т заасныг зөрчсөн хүнийг нэг сая төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр сая төгрөгөөр торгож, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх;

43.1.15.энэ хуулийн 24.1-д заасныг зөрчсөн хүнийг нэг сая төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр сая төгрөгөөр торгох;

43.1.16.энэ хуулийн 25.1-д заасныг зөрчсөн хүнийг нэг сая төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр саятөгрөгөөр торгож, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх;

43.1.17.энэ хуулийн 26.1-д заасныг зөрчсөн хүнийг нэг сая төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр сая төгрөгөөр торгож, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх;

43.1.18.энэ хуулийн 28.1-д заасныг зөрчсөн хуулийн этгээдийг хоёр сая төгрөгөөр торгож, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх;

43.1.19.нийтийн эдэлбэр газар болон ногоон бүсэд хог хаягдал хаясан иргэн, аж ахуйн нэгжийн зөрчил үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, техник, тоног төхөөрөмжийг хурааж, зөрчил гаргасан хүнийг нэг сая төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван сая төгрөгөөр торгох;

43.1.20.энэ хуулийн 40.5-д заасныг зөрчсөн хүнийг нэг сая төгрөгөөр, хуулийн этгээдийг таван сая төгрөгөөр торгох;

43.1.21.энэ хуулийн 40.6-д заасныг зөрчсөн хүнийг нэг зуун мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сая төгрөгөөр торгох;

43.1.22.энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             М.ЭНХБОЛД