Хэвлэх DOC Татаж авах
МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
ТАХИР ДУТУУ ХҮМҮҮСИЙН МЭРГЭЖЛИЙН НӨХӨН СЭРГЭЭЛТ, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ТУХАЙ ОЛОН УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН 159 ДҮГЭЭР КОНВЕНЦ

1983 оны 6 дугаар сарын 20-ны өдөр баталж, 1985 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүчин төгөлдөр болсон•



Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Ерөнхий бага хурал нь
Олон улсын хөдөлмөрийн товчооны Захиргааны зөвлөлөөс 1983 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Женев хотноо зарлан хуралдуулсан жаранес дүгээр чуулганаар
Тахир дутуу хүмүүсийн мэргэжлийн нөхөн сэргээлтийн тухай 1955 оны зөвлөмж болон Хүний нөөцийг хөгжүүлэх тухай 1975 оны зөвлөмжид тусгасан олон улсын хэм хэмжээг тэмдэглэн,
Тахир дутуу хүмүүсийн мэргэжлийн нөхөн сэргээлтийн тухай 1955 оны зөвлөмж батлагдсанаас хойшхи хугацаанд нөхөн сэргээлтийн хэрэгцээ шаардлагын талаархи ойлголт, нөхөн сэргээх үйлчилгээний хамрах хүрээ, зохион байгуулалт болон зөвлөмжид тусгагдсан асуудлаархи гишүүн олон орны хууль тогтоомж, дадалд дорвитой ахиц гарсныг тэмдэглэн,
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей “бүрэн оролцоо, тэгш байдал” уриан дор 1981 оныг “Тахир дутуу хүмүүсийн олон улсын жил” хэмээн тунхагласан хийгээд тахир дутуу хүмүүсийн талаархи Дэлхий нийтийн үйл ажиллагааны цогц хөтөлбөр нь тахир дутуу хүмүүсийг нийгмийн амьдрал, хөгжилд “бүрэн оролцуулах”, тэдний ”тэгш байдлыг” хангах зорилгыг биелүүлэх үр ашигтай арга хэмжээг олон улсын болон үндэсний түвшинд хэрэгжүүлэхэд чиглэж буйг харгалзан,
дээр дурдсан ололтын үр дүнд хот, хөдөөд оршин суугаа тахир дутуу бүх хүнд хөдөлмөр эрхлэх, нийгэмд нэгдэн орох адил боломж олгон, тэгш хандах хэрэгцээг онцлон анхаарсан олон улсын шинэ хэм хэмжээг тогтоох боломж бий болсныг дурдан,
Чуулганы хэлэлцэх хэргийн 4 дэх асуудал болох мэргэжлийн нөхөн сэргээлтийн талаар дэвшүүлсэн тодорхой саналуудыг батлахаар шийдвэрлэн,
эдгээр саналыг олон улсын конвенцийн хэлбэрт оруулан,
Тахир дутуу хүмүүсийн мэргэжлийн нөхөн сэргээлт, хөдөлмөр эрхлэлтийн тухай 1983 оны конвенц гэж нэрлэн дараахь Конвенциийг нэг мянга есөн зуун наян гурван оны зургаадугаар сарын хорины энэ өдөр батлав:
I ХЭСЭГ
НЭР ТОМЪЁО, ХАМРАХ ХҮРЭЭ
1 дүгээр зүйл
1. Энэхүү конвенцийн зорилгод “тахир дутуу хүн” гэж бие махбодь, сэтгэхүйн согогтой гэдэг нь зохих ёсоор тогтоогдож, түүний улмаас өөрт тохирсон ажлаар хангагдах, ажлын байраа хадгалах, ахиж дэвших хэтийн төлөв нь ихээхэн хумигдсан хувь хүнийг хэлнэ.
2. Энэхүү Конвенцийн зорилгоор гишүүн бүр мэргэжлийн нөхөн сэргээлтийн зорилго нь тахир дутуу хүмүүст тохирсон ажлаар хангагдах, ажлын байраа хадгалах, ахиж дэвших боломж олгож, улмаар тэднийг нийгмийн амьдралд оруулах буюу эргэн оруулахад оршино гэж үзнэ.
3. Энэхүү Конвенцийн заалтыг гишүүн бүр үндэсний нөхцөл болон дадалдаа нийцсэн арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.
4. Энэхүү Конвенцийн заалт нь тахир дутуу бүх хүнд хамаарна.
II ХЭСЭГ
ТАХИР ДУТУУ ХҮМҮҮСИЙН МЭРГЭЖЛИЙН НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН ЗАРЧИМ, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН БОДЛОГО
2 дугаар зүйл
Гишүүн бүр тахир дутуу хүмүүсийн мэргэжлийн нөхөн сэргээлт, хөдөлмөр эрхлэлтийн талаар үндэсний нөхцөл, дадал, бололцоонд тохирсон үндэсний бодлогыг боловсруулан хэрэгжүүлж үе үе хянан үзнэ.
3 дугаар зүйл
Дээр дурдсан бодлого нь тахир дутуу бүх хүнийг зохих ёсны мэргэжлийн нөхөн сэргээх арга хэмжээнд хамруулах, тахир дутуу хүмүүс хөдөлмөрийн нээлттэй зах зээлээс ажил олох боломжийг нэмэгдүүлэхэд чиглэнэ.
4 дүгээр зүйл
Дээр дурдсан бодлого нь тахир дутуу ажилчин болон нийт ажилчинд адил тэгш боломж олгох зарчимд тулгуурлана. Тахир дутуу эрэгтэй, эмэгтэй ажилчинд адил боломж олгон тэгш хандахыг эрхэмлэнэ. Тахир дутуу ажилчин ба бусад ажилчинд адил боломж олгон тэгш хандах зорилгыг үр нөлөөтэй хэрэгжүүлэхэд чиглэсэн нааштай арга хэмжээ авсныг бусад ажилчныг алагчилсан гэж үзэхгүй.
5 дугаар зүйл
Дээр дурдсан бодлого, түүний дотор мэргэжлийн нөхөн сэргээх үйл ажиллагаа эрхэлдэг улсын болон хувийн байгууллагын хамтын ажиллагаа, уялдаа холбоог дэмжихэд чиглэсэн арга хэмжээний талаар ажил олгогч, ажилчныг төлөөлөх байгууллагатай зөвлөлдөнө. Тахир дутуу хүмүүсийн, түүнчлэн тэдний эрх ашгийг хамгаалах төлөөлөх байгууллагатай мөн зөвлөлдөнө.
III ХЭСЭГ
ТАХИР ДУТУУ ХҮМҮҮСИЙН МЭРГЭЖЛИЙН НӨХӨН СЭРГЭЭЛТ, ТЭДНИЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР ҮНДЭСНИЙ ТҮВШИНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
6 дугаар зүйл
Гишүүн улс бүр энэхүү конвенцийн 2, 3, 4, 5 дугаар зүйлийн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор хууль, журам, түүнчлэн үндэсний нөхцөл, дадалд нийцсэн аливаа бусад аргаар шаардлагатай алхам хийнэ.
7 дугаар зүйл
Тахир дутуу хүмүүст ажлаар хангагдах, ажлын байраа хадгалах, ахиж дэвших боломж олгох зорилгоор эрх бүхий байгууллагууд мэргэжлийн чиг баримжаа, мэргэжлийн сургалт, хуваарилалт, хөдөлмөр эрхлэлт болон бусад холбогдох үйлчилгээгээр хангах, тэдгээрийг үнэлж дүгнэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд, нийт ажилчинд зориулсан өнөө хэрэгжүүлж буй үйлчилгээг боломжтой бөгөөд тохиромжтой тохиолдолд шаардлагатай зохицуулалт хийж хэрэглэнэ.
8 дугаар зүйл
Хөдөө орон нутаг болон алслагдсан газарт тахир дутуу хүмүүсийн мэргэжлийн нөхөн сэргээлт, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг бий болгон хөгжүүлэх арга хэмжээ авна.
9 дүгээр зүйл
Гишүүн бүр тахир дутуу хүмүүсийн мэргэжлийн чиг баримжаа, мэргэжлийн сургалт, хуваарилалт, хөдөлмөр эрхлэлтийг хариуцах нөхөн сэргээлтийн зөвлөх болон бусад зохих мэргэжилтнийг сурган бэлтгэх зорилго тавина.
10 дугар зүйл
Энэхүү конвенцийг соёрхон батласан тухай батламж жуух бичгийг Олон улсын хөдөлмөрийн товчооны Ерөнхий захиралд илгээнэ.
11 дүгээр зүйл
1. Энэхүү Конвенц нь түүнийг соёрхон батласан батламж жуух бичгийг Ерөнхий захирал бүртгэсэн гишүүн улсын хувьд үйлчилж эхэлнэ.
2. Соёрхон батласан гишүүн хоёр улсыг Ерөнхий захирал бүртгэснээс хойш арван хоёр сарын дараа энэхүү Конвенц хүчин төгөлдөр болно.
3. Дээрхийн дараа гишүүн улс бүрийн хувьд соёрхон батласан тухай батламж жуух бичгээ бүртгүүлснээс хойш арван хоёр сарын дараа энэхүү Конвенц үйлчилж эхэлнэ.
12 дугаар зүйл
1. Энэхүү Конвенцийг соёрхон батласан гишүүн улс энэхүү Конвенц анх хүчин төгөлдөр болсноос хойш арван жилийн дараа Олон улсын хөдөлмөрийн товчооны Ерөнхий захиралд Конвенцийг цуцлах тухай мэдэгдлээ илгээж цуцлах эрхтэй. Ерөнхий захиралд бүртгүүлснээс хойш нэг жилийн дараа цуцлалт хүчин төгөлдөр болно.
2. Энэхүү Конвенцийг соёрхон батласан гишүүн улс нэг жилийн дотор энэ зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан арван жилийн хугацаа өнгөрсний дараа энэ зүйлд заасан цуцлах тухай эрхээ хэрэгжүүлээгүй тохиолдолд дараагийн арван жилийн хугацаанд гишүүн тухайн улсын хувьд Конвенц хүчин төгөлдөр хэвээр байх бөгөөд арван жилийн хугацаа өнгөрөх тухай бүрт энэ зүйлд заасан журмын дагуу цуцлах эрхээ эдлэж болно.
13 дугаар зүйл
1. Олон улсын хөдөлмөрийн товчооны Ерөнхий захирал гишүүн улсаас энэхүү Конвенцийг соёрхон батласныг болон цуцалсныг бүртгэсэн тухайгаа Олон Улсын Хөдөлмөрийн Байгуулагын гишүүдэд мэдээлнэ.
2. Соёрхон батласан хоёр дахь батламж жуух бичгийг бүртгэсэн тухай Ерөнхий захирал Байгууллагын гишүүн улсуудад мэдээлэхдээ энэхүү Конвенцийг хүчин төгөлдөр болох хугацааг сануулна.
14 дүгээр зүйл.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дүрмийн 102 дугаар зүйлийн дагуу Олон улсын хөдөлмөрийн товчооны Ерөнхий захирал дээрх зүйлд зааснаар энэхүү Конвенцийг соёрхон батласан болон цуцалсан тухай дэлгэрэнгүй мэдээллийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад илгээнэ.
15 дугаар зүйл
Олон улсын хөдөлмөрийн товчооны Захиргааны зөвлөл шаардлагатай гэж үзвэл энэхүү Конвенцийн хэрэгжилтийн тухай Ерөнхий бага хуралд илтгэж, Конвенцийг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн өөрчлөн хянах тухай асуудлыг Бага хурлаар хэлэлцүүлэх эсэх талаар шийдвэр гаргана.
16 дугаар зүйл
1. Энэхүү Конвенцийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хянаж өөрчилсөн конвенцийг Чуулган шинээр баталж, тухайн конвенцид өөрөөр заагаагүй тохиолдолд:
(а) Гишүүн улсын аль нэг нь хянаж өөрчилсөн конвенцийг соёрхон батлавал, 13 дугаар зүйлийн заалтыг үл харгалзан шинээр батласан конвенц хүчин төгөлдөр болж, энэхүү Конвенц хүчингүй болно.
(b) хянаж өөрчилсөн шинэ конвенц хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш энэхүү Конвенц нь гишүүн бусад улс соёрхон батлахад хаалттай болно.
2. Энэхүү Конвенцийг соёрхон батласан болон хянаж өөрчилсөн шинэ конвенцийг соёрхон батлаагүй байгаа гишүүн улсын хувьд энэхүү Конвенц нь хэлбэр агуулгаараа хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ.
17 дугаар зүйл
Энэхүү Конвенцийн англи, франц хэлээр үйлдсэн эх бичвэрүүд адил хүчинтэй байна.