A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ УЛС БОЛОН ГАДААД УЛСЫН ИРГЭНИЙ ХООРОНД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ КОНВЕНЦ

1965 оны 3 дугаар сарын 18-ны өдөр

Хэлэлцэн тохирогч улсууд,

эдийн засгийн хөгжилд нааштай нөлөөлөх олон улсын хамтын ажиллагааны хэрэгцээ шаардлага, түүний дотор гадаадын шууд хөрөнгө оруулалт чухал гэдгийг анхааралдаа авч,

хэлэлцэн тохирогч улс болон хэлэлцэн тохирогч өөр улсын иргэний хооронд хөрөнгө оруулалттай холбогдсон маргаан зарим үед үүсэж болох магадлалтайг харгалзан,

хэдийгээр ийм маргааныг гол төлөв үндэсний хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх боловч зарим тохиолдолд маргааныг олон улсын эрх зүйн арга хэрэгслийг хэрэглэн шийдвэрлэж болохыг хүлээн зөвшөөрч,

хэлэлцэн тохирогч улс болон хэлэлцэн тохирогч өөр улсын иргэн өөрсдөө хүсвэл маргаанаа олон улсын арга хэрэгсэл болох эвлэрүүлэх ажиллагаа болон арбитрын шүүхээр шийдвэрлүүлэх боломжийг тэдэнд олгоход онцгой ач холбогдол өгч,

энэхүү арга хэрэгслийг Сэргээн босголт, хөгжлийн олон улсын банкны ивээл дор бий болгохыг эрмэлзэж,

талууд тэрхүү арга хэрэгслийг ашиглан маргаанаа эвлэрүүлэх ажиллагаагаар болон арбитрын шүүхээр шийдвэрлүүлэхээр харилцан зөвшөөрсөн явдал нь талуудын зохих үүрэг хүлээсэн хэлцэл мөн болохыг, тухайлбал зуучлагчийн зөвлөмжийг, арбитрын шүүхийн шийдвэрийг дагаж мөрдөх үүрэг хүлээх болсныг хүлээн зөвшөөрч,

энэхүү конвенцийг соёрхон батласан, нэгдэн орсон, батласан үйлдэл нь хэлэлцэн тохирогч аливаа улсын хувьд тодорхой маргаан бүрийг өөрийн нь зөвшөөрөлгүйгээр эвлэрүүлэх ажиллагаагаар болон арбитрын шүүхээр шийдвэрлүүлэх үүргийг заавал хүлээлгэхгүй гэдгийг тунхаглан,

дараахь зүйлийг хэлэлцэн тохиролцов:

I бүлэг

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ

ОЛОН УЛСЫН ТӨВ

1 ДҮГЭЭР ХЭСЭГ

ҮҮСГЭН БАЙГУУЛАХ БА БҮТЭЦ

1 дүгээр зүйл

1. Үүгээр хөрөнгө оруулалтын талаархи маргааныг зохицуулж шийдвэрлэх Олон улсын төвийг /цаашид “Төв” хэмээх/ байгуулав.

2. Төвийн зорилго нь энэхүү конвенцийн заалтын дагуу хэлэлцэн тохирогч улс болон хэлэлцэн тохирогч өөр улсын иргэний хооронд хөрөнгө оруулалтын талаар үүсэх маргааныг эвлэрүүлэх ажиллагаагаар болон арбитрын шүүхээр шийдвэрлэх боломжийг бүрдүүлэхэд оршино.

2 дугаар зүйл

Төв нь Сэргээн босголт, хөгжлийн олон улсын банк /цаашид Банк хэмээх/-ны төв байранд байрлана. Байрлах газрыг Захиргааны зөвлөлийн гишүүдийн гуравны хоёрын саналаар өөрчилж болно.

3 дугаар зүйл

Төв нь Захиргааны зөвлөл болон Нарийн бичгийн дарга нарын газраас бүрдэнэ. Төв нь зуучлагч, арбитрч нарын нэрсийн жагсаалтын бүртгэлийг хөтөлнө.

2 ДУГААР ХЭСЭГ

ЗАХИРГААНЫ ЗӨВЛӨЛ

4 дүгээр зүйл

1. Захиргааны зөвлөл нь хэлэлцэн тохирогч улс тус бүрийн нэг төлөөлөгчөөс бүрдэнэ. Төлөөлөгч эзгүй байх эсхүл Захиргааны зөвлөлийн үйл ажиллагааны холбогдох үйлдлийг тэрбээр хийх боломжгүй тохиолдолд түүний орлогч төлөөлөгчийн чиг үүргийг хэрэгжүүлнэ.

2. Өөрөөр зохицуулж шийдээгүй бол Банкны захирлууд болон орлогч захирлууд албан тушаалынхаа дагуу төлөөлөгч болон түүний орлогчийн чиг үүргийг тус тус хэрэгжүүлнэ.

5 дугаар зүйл

Банкны Ерөнхийлөгч албан тушаалынхаа дагуу Захиргааны зөвлөлийн даргын /цаашид “дарга” гэх/ үүргийг санал өгөх эрхгүйгээр гүйцэтгэнэ. Дарга эзгүй байх эсхүл шаардлагатай албан үйлдлийг гүйцэтгэх боломжгүй эсхүл Банкны Ерөнхийлөгчийн орон тоо сул байх тохиолдолд тухайн үед Банкны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Захиргааны зөвлөлийн даргын чиг үүргийг хэрэгжүүлнэ.

6 дугаар зүйл

1. Энэхүү конвенцийн бусад заалтын дагуу эдлэх бусад эрх, бүрэн эрхэд харшлахгүйгээр Захиргааны зөвлөл:

(a) Төвийн захиргаа болон санхүүгийн дэгийг батлана,

(b) эвлэрүүлэх ажиллагаа болон арбитрын шүүхийн ажиллагааг явуулах дүрмийг батлана,

(c) эвлэрүүлэх ажиллагааны болон арбитрын шүүхийн дэгийг /цаашид “Эвлэрүүлэх ажиллагааны болон Арбитрын шүүхийн дэг” хэмээх/ батлана,

(d) Банкны захиргааны нөөц бололцоо, үйлчилгээг ашиглах талаар Банкнаас авах арга хэмжээг сайшаан батлана,

(e) Ерөнхий нарийн бичгийн дарга болон түүний орлогчийн ажиллах нөхцлийг тодорхойлно,

(f) Төвийн орлого, зарлагын жилийн төсвийг батлана,

(g) Төвийн үйл ажиллагааны жилийн тайланг батлана.

(a), (b), (c) болон (f) дэд хэсэгт холбогдох шийдвэрийг Захиргааны зөвлөлийн гишүүдийн гуравны хоёрын саналаар батлана.

2. Захиргааны зөвлөл шаардлагатай гэж үзвэл хороодыг томилон байгуулж болно.

3. Захиргааны зөвлөл энэхүү конвенцийн заалтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай гэж үзсэн бусад бүрэн эрх, чиг үүргийг хэрэгжүүлж болно.

7 дугаар зүйл

1. Захиргааны зөвлөл жил бүр хурал хийх бөгөөд бусад хурлыг Захиргааны зөвлөлийн шийдвэрээр эсхүл Захиргааны зөвлөлийн даргын зарласнаар хуралдуулна. Түүнчлэн Захиргааны зөвлөлийн 5-аас доошгүй гишүүний шаардлагын дагуу Ерөнхий нарийн бичгийн дарга хурлыг зарлан хуралдуулна.

2. Захиргааны зөвлөлийн гишүүн бүр нэг санал өгөх эрхтэй бөгөөд энэхүү конвенцид өөрөөр заагаагүй бол Захиргааны зөвлөл асуудлыг гишүүдийн өгсөн саналын энгийн олонхоор шийдвэрлэнэ.

3. Захиргааны зөвлөлийн гишүүдийн олонхи хүрэлцэн ирсэн тохиолдолд хуралдааныг хүчинтэйд тооцно.

4. Захиргааны зөвлөлийн хурлыг зарлан хуралдуулахгүйгээр зөвлөлийн гишүүдийн саналыг хураах журмыг Захиргааны зөвлөл гишүүдийнхээ гуравны хоёрын саналаар тогтоож болно. Гишүүдийн олонхи тэрхүү журмын дагуу тогтоосон хугацаанд саналаа өгсөн тохиолдолд дээрх санал хураалт хүчинтэйд тооцогдоно.

8 дугаар зүйл

Захиргааны зөвлөлийн гишүүд болон дарга үүргээ гүйцэтгэсний төлөө Төвөөс ямар нэгэн шан харамж авахгүй.

3 ДУГААР ХЭСЭГ

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН ГАЗАР

9 дүгээр зүйл

Нарийн бичгийн дарга нарын газар нь Ерөнхий нарийн бичгийн дарга, түүний нэг буюу хэд хэдэн орлогч болон ажилтнуудаас бүрдэнэ.

10 дугаар зүйл

1. Ерөнхий нарийн бичгийн дарга, Ерөнхий нарийн бичгийн даргын орлогчийг даргын нэр дэвшүүлснээр Захиргааны зөвлөлийн гишүүдийн гуравны хоёрын саналаар сонгоно. Сонгох хугацаа 6 жилээс үл хэтрэх бөгөөд улиран сонгогдох эрхтэй. Захиргааны Зөвлөлийн гишүүдтэй зөвлөлдсөний үндсэн дээр дарга дээрх албан тушаал тус бүрт нэг буюу түүнээс дээш хүний нэрийг дэвшүүлнэ.

2. Ерөнхий нарийн бичгийн даргын болон түүний орлогчийн албан тушаал нь улс төрийн аливаа үйл ажиллагаа эрхлэн явуулахтай харшлана. Ерөнхий нарийн бичгийн дарга, Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Захиргааны зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр ямарваа өөр ажил эрхэлж, албан тушаал хашиж үл болно.

3. Ерөнхий нарийн бичгийн даргын эзгүйд эсхүл тэрбээр албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон, мөн Ерөнхий нарийн бичгийн даргын орон тоо сул байх тохиолдолд Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэнэ. Нэгээс олон Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч байх тохиолдолд Захиргааны зөвлөл Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэх эрэмбэ дарааллыг урьдчилан тогтооно.

11 дүгээр зүйл

Ерөнхий нарийн бичгийн дарга нь Төвийн хууль ёсны төлөөлөгч, гол албан тушаалтан байх бөгөөд энэхүү конвенцийн заалт болон Захиргааны зөвлөлөөс батласан дүрмийн дагуу Төвийн захиргааны ажил, түүний дотор ажилтнуудыг томилох асуудлыг хариуцна. Тэрбээр бүртгэгчийн чиг үүргийг хэрэгжүүлэх бөгөөд энэхүү конвенцийн дагуу гаргасан арбитрын шүүхийн шийдвэрийг албан ёсоор нотолж, тэдгээрийн хуулбарын үнэн зөвийг гэрчилнэ.

4 ДҮГЭЭР ХЭСЭГ

НЭРСИЙН ЖАГСААЛТ

12 дугаар зүйл

Зуучлагчдын болон арбитрчдын тус тусын нэрсийн жагсаалтанд мэргэшлийн зохих шаардлагыг хангасан, Конвенцид заасны дагуу томилогдсон, уг албыг хаших эрмэлзэлтэй хүмүүсийг оруулна.

13 дугаар зүйл

1. Хэлэлцэн тохирогч аливаа улс нэрсийн жагсаалт тус бүрт дөрвөн хүнийг томилох бөгөөд тэдгээр нь тухайн улсын харьяат эсхүл өөр улсын иргэн байж болно.

2. Дарга нэрсийн жагсаалт тус бүрт оруулахаар арван хүнийг томилж болно. Эдгээр томилогдсон хүмүүс тус бүр өөр өөр улсын иргэний харьяалалтай байна.

14 дүгээр зүйл

1. Нэрсийн жагсаалтад орсон хүн нь ёс суртахууны эрхэм чанарыг дээдэлдэг, эрх зүй, худалдаа, эдийн засаг буюу санхүүгийн салбарын талаар хангалттай мэдлэгтэй, бие даасан шийдвэр гаргах чадвартай хүн байна. Ялангуяа, эрх зүйн өргөн мэдлэг нь Арбитрын нэрсийн жагсаалтад орох хүний хувьд нэн чухал байна.

2. Дарга нэрсийн жагсаалтад оруулахаар хүн томилохдоо дэлхийн эрх зүйн үндсэн тогтолцоо болон эдийн засгийн үйл ажиллагааны гол хэлбэрийн төлөөллийг харгалзан үзнэ.

15 дугаар зүйл

1. Нэрсийн жагсаалтад орсон гишүүд улиран сонгогдох эрхтэйгээр зургаан жил ажиллана.

2. Нэрсийн жагсаалтад орсон гишүүн нас барсан буюу огцорсон тохиолдолд түүнийг томилсон байгууллага, албан тушаалтан тухайн гишүүний ажиллах хугацаа дуустал өөр хүнийг томилох эрхтэй байна.

3. Нэрсийн жагсаалтад орсон гишүүд тэдгээрийг солих дараагийн гишүүн томилогдтол ажил үүргээ гүйцэтгэнэ.

16 дугаар зүйл

1. Нэг хүн нэрсийн хоёр жагсаалтад нэгэн зэрэг орж, ажиллаж болно.

2. Хэрэв нэг хүнийг нэрсийн жагсаалтад нэгээс дээш хэлэлцэн тохирогч улс оруулсан, эсхүл нэг буюу хэд хэдэн хэлэлцэн тохирогч улс болон дарга томилсон бол түүнийг хамгийн түрүүнд томилсон эрх бүхий субьект томилсноор эсхүл томилсон улсуудын дунд түүнийг харьяалах улс нь байх тохиолдолд гишүүнийг тус улсаас томилогдсноор тус тус тооцно.

3. Бүх томилолтыг Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдэх бөгөөд тэрбээр тухайн мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс эхлэн томилолт хүчин төгөлдөр болно.

5 ДУГААР ХЭСЭГ

ТӨВИЙН САНХҮҮЖИЛТ

17 дугаар зүйл

Байр, төхөөрөмж ашигласны төлбөр хийх зэргээр Төв орлогоосоо хэтэрсэн зардал гаргах тохиолдолд энэхүү илүүдэл зардлыг Банкны гишүүн хэлэлцэн тохирогч улсууд Банкны үндсэн хөрөнгөд оруулсан хувьтай тэнцүүлсэн харьцаагаар санхүүжүүлнэ. Банкны гишүүн бус хэлэлцэн тохирогч улсууд Захиргааны зөвлөлөөс гаргасан журмын дагуу төлбөрийг хийнэ.

6 ДУГААР ХЭСЭГ

ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ, ДАРХАН ЭРХ, ЭРХ ЯМБА

18 дугаар зүйл

Төв нь олон улсын эрх зүйн бүрэн чадвартай байна. Төвийн эрх зүйн чадварт дараахь эрх багтана:

(a) гэрээ байгуулах;

(b) хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө олж авах, эзэмших;

(c) эрх зүйн хянан шийтгэх ажиллагааны журам тогтоох.

19 дүгээр зүйл

Төв чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хэлэлцэн тохирогч улсуудын нутаг дэвсгэрт Конвенцийн энэ хэсэгт дурдсан дархан эрх, эрх ямбыг эдэлнэ.

20 дугаар зүйл

Төв өөрөө дархан эрхээсээ татгалзахгүй бол Төв, түүний өмч хөрөнгө эрх зүйн аливаа үйл ажиллагаанд бүх төрлийн дархан эрх эдэлнэ.

21 дүгээр зүйл

Дарга, Захиргааны зөвлөлийн гишүүд, зуучлагч, арбитрч, 52 дугаар зүйлийн (3) дахь хэсгийн дагуу байгуулагдсан хорооны гишүүд, нарийн бичгийн дарга нарын газрын албан тушаалтан болон ажилтнууд:

(a) албан үүргээ гүйцэтгэх явцад хийсэн аливаа үйлдлийнхээ төлөө хэрэв Төв дархан эрхээс татгалгалзаагүй бол шүүн таслах ажиллагаанд хариуцлага хүлээхгүй байх бүх төрлийн дархан эрх эдэлнэ,

(b) тухайн улсын харьяат биш байх тохиолдолд тэдгээрийг хэлэлцэн тохирогч улс нутагтаа нэвтрүүлэх хязгаарлалт, гадаадын иргэний бүртгүүлэх шаардлага, тухайн улсын иргэний элдэв үүрэг, мөнгө солих болон нутаг дотор зорчих хязгаарлалтаас чөлөөлж хэлэлцэн тохирогч нөгөө улсын адилтгах зиндааны төлөөлөгч, албан тушаалтан, ажилтанд үзүүлдэг дархан эрхийг эдлүүлнэ.

22 дугаар зүйл

21 дүгээр зүйлийн заалтууд энэхүү конвенцийн дагуу маргаан шийдвэрлэхэд оролцогч тал, төлөөлөгч, өмгөөлөгч, гэрч болон шинжээчид нэгэн адил үйлчлэх боловч (b) дэд хэсэг нь гагцхүү шүүхийн үйл ажиллагаа болох газарт тэднийг очих, буцах, тэнд байхтай нь холбогдсон тохиолдолд үйлчилнэ.

23 дугаар зүйл

1. Төвийн архив хаана байхаас үл хамааран халдашгүй байна.

2. Албаны харилцаа холбооны хувьд Төв нь хэлэлцэн тохирогч улсад олон улсын бусад байгууллагуудад үзүүлдэг нөхцлөөс дутахааргүй тааламжтай нөхцлөөр хангагдана.

24 дүгээр зүйл

1. Төв болон түүний мөнгөн болон бусад эд хөрөнгө, орлого, түүний энэхүү конвенцоор олгогдсон эрхийн дагуу хийх гүйлгээ болон санхүүгийн үйлдэл нь бүх төрлийн татвар, гаалийн хураамжаас чөлөөлөгдөнө. Төв аливаа татвар, гаалийн хураамж төлөх, бүрдүүлэх үүргээс мөн чөлөөлөгдөнө.

2. Төв байрлаж буй орны харьяат биш байх тохиолдолд дарга буюу Захиргааны зөвлөлийн гишүүдийн зардлын нөхөн олговор, Төвөөс нарийн бичгийн дарга нарын газрын албан тушаалтан, ажилтнуудад олгож буй цалин, зардлын нөхөн олговор болон бусад мөнгөн шан харамжаас татвар, суутгал авахгүй.

3. Татвар, суутгал хурааж авах хууль зүйн үндэслэл нь зөвхөн Төвийн байршил, эсхүл хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан газар, эсхүл төлбөр буюу нөхөн олговор төлсөн газартай холбоотой үүсч буй тохиолдолд энэхүү конвенцийн дагуух ажиллагаанд оролцсон зуучлагч, арбитрч, Конвенцийн 52 дугаар зүйлийн (3) дахь хэсгийн дагуу байгуулагдсан Хорооны гишүүдэд олгосон төлбөр, зардлын нөхөн олговор нь аливаа татвараас чөлөөлөгдөнө.

II бүлэг

ТӨВИЙН ЭРХ МЭДЭЛ

25 дугаар зүйл

1. Төвийн маргаан таслах эрх мэдэлд хэлэлцэн тохирогч улс /эсхүл тухайн улсаас Төвд мэдэгдсэн салбар байгууллага буюу агентлаг нь/, хэлэлцэн тохирогч өөр улсын харьяатын хооронд хөрөнгө оруулалтын харилцаанаас шууд үүссэн эрх зүйн аливаа маргаан харьяалагдахын сацуу хоёр тал маргааныг Төвд шилжүүлэхийг зөвшөөрч буйгаа бичгээр мэдэгдсэн байна. Талууд ийнхүү зөвшөөрөл өгсөн бол аль нэг тал дангаараа зөвшөөрлөө цуцалж үл болно.

2. “Хэлэлцэн тохирогч өөр улсын иргэн” гэж:

(a) эвлэрүүлэх ажиллагаа буюу арбитрын журмаар маргааныг шийдвэрлүүлэх талаар маргаанд оролцогч талууд тохиролцсон өдөр эсхүл уг хүсэлтийг 28 дугаар зүйлийн (3) дахь хэсэг, 36 дугаар зүйлийн (3) дахь хэсгийн дагуу бүртгэсэн тухайн өдөр гэхэд маргаанд оролцогч улсаас өөр хэлэлцэн тохирогч улсын харьяат хувь хүнийг хэлнэ. Чингэхдээ маргаанд оролцогч улсын харьяатаар өмнө нь байсан хүнийг үүнд тооцохгүй, мөн

(b) маргаанд оролцогч талууд эвлэрүүлэх ажиллагаа буюу арбитрын журмаар маргааныг шийдвэрлүүлэхээр тохиролцсон өдөр хүртэл маргаанд оролцогч улсаас хэлэлцэн тохирогч өөр улсын харьяалалд байсан хуулийн этгээдийг ойлгоно. Маргааны тал болж буй хэлэлцэн тохирогч улсын харьяалалтай хуулийн этгээдийг гадаадын хяналтад байсныг нь харгалзан талууд энэхүү конвенцийн зорилгыг хэрэгжүүлэх үүднээс хэлэлцэн тохирогч өөр улсын хуулийн этгээд гэж тооцохоор тохирсон бол түүнийг мөн хэлнэ.

3. Хэлэлцэн тохирогч аль нэг улсын салбар байгууллага буюу агентлагийн зөвшөөрлийг тухайн улс нотолж батлах шаардлагатай. Тийм баталгаа шаардлагагүй гэж тухайн улс Төвд нотлон мэдэгдэж болно.

4. Хэлэлцэн тохирогч аливаа улс энэхүү конвенцийг соёрхон батлах, нэгдэн орох буюу батлах үедээ эсхүл дараа нь Төвийн бүрэн эрхэд хамааруулах эсхүл үл хамааруулах маргааны төрлүүдийн талаар Төвд мэдэгдэл хийх эрхтэй. Ерөнхий нарийн бичгийн дарга энэ мэдэгдлийн талаар хэлэлцэн тохирогч бүх улсад мэдээлнэ. Энэ мэдэгдлийг 1 дэх хэсэгт дурдсан зөвшөөрөл гэж үзэхгүй.

26 дугаар зүйл

Талууд энэхүү конвенцийн дагуу арбитрын журмаар маргааныг шийдвэрлүүлэхээр зөвшөөрч, Төвд шилжүүлсэн нь хэрэв өөрөөр заагаагүй бол, заавал мөрдөгдөж, маргааныг таслах бусад хэрэгслийг ашиглахаас татгалзсан гэж үзнэ. Хэлэлцэн тохирогч улс энэхүү конвенцийн дагуу арбитрын журмаар маргааныг шийдвэрлүүлэх зөвшөөрлийг өгөхөөс өмнө өөрийн дотоодын захиргааны хийгээд шүүхийн маргаан таслах бүх үе шатыг барагдуулсан байх болзол тавих эрхтэй.

27 дугаар зүйл

1. Хэлэлцэн тохирогч улс өөрийн иргэн болон хэлэлцэн тохирогч өөр улсын хооронд үүссэн, энэхүү конвенцийн дагуу арбитрын журмаар шийдвэрлүүхээр тохирсон маргааны тухайд дипломат хамгаалалт үзүүлэх болон олон улсын эрх зүйн шинжтэй нэхэмжлэл гаргах зэрэг үйлдэл хийхгүй. Энэ нь маргааны нөгөө тал болох хэлэлцэн тохирогч улс маргаантай холбогдон гарсан шийдвэрийг биелүүлэхээс болон тодорхой үйлдэл хийхээс татгалзсан тохиолдолд үл хамаарна.

2. Энэ зүйлийн (1) дэх хэсэгт заасан дипломат хамгаалалтанд зөвхөн маргааныг шийдвэрлэхэд дөхөм үзүүлэх зорилготойгоор албан бус дипломат яриа хэлэлцээ явуулахыг оруулан тооцохгүй.

III бүлэг

ЭВЛЭРҮҮЛЭХ АЖИЛЛАГАА

1 ДҮГЭЭР ХЭСЭГ

ЭВЛЭРЭХ ХҮСЭЛТ ГАРГАХ

28 дугаар зүйл

1. Эвлэрэх ажиллагааг эхлүүлэхийг эрмэлзсэн хэлэлцэн тохирогч аливаа улс эсхүл хэлэлцэн тохирогч улсын иргэн энэ тухай хүсэлтээ Ерөнхий нарийн бичгийн даргад бичгээр гаргах бөгөөд тэрбээр хүсэлтийн хувийг нөгөө талд илгээнэ.

2. Хүсэлт нь маргааны үндэслэл болсон асуудал, оролцогч талууд болон эвлэрүүлэх ажиллагаа, арбитрын шүүхийн журмаар маргааныг шийдвэрлүүлэх зөвшөөрлийн тухай мэдээллийг агуулна.

3. Ерөнхий нарийн бичгийн дарга хүсэлттэй танилцаад тухайн маргаан нь Төвийн харьялалд илт үл хамаарна гэж үзэхээс бусад тохиолдолд уг хүсэлтийг бүртгэж авна. Тэрбээр хүсэлтийг бүртгэсэн, эсхүл бүртгэхээс татгалзсан тухайгаа талуудад даруй мэдэгдэнэ.

2 ДУГААР ХЭСЭГ

ЭВЛЭРҮҮЛЭХ КОМИССЫГ БАЙГУУЛАХ

29 дүгээр зүйл

1. Эвлэрүүлэх комисс /цаашид “Комисс” гэнэ/-ыг 28 дугаар зүйлийн дагуу хүсэлтийг бүртгэсний дараа аль болох богино хугацаанд байгуулна.

(a) Комисс нь талуудын зөвшилцсөний дагуу томилогдсон нэг буюу сондгой тооны зуучлагчдаас бүрдэнэ.

(b) талууд зуучлагчдын тоо болон тэдгээрийг сонгох журмын талаар тохиролцоонд хүрч чадаагүй тохиолдолд Комисс нь гурван зуучлагчаас бүрдэх бөгөөд тал тус бүр нэг зуучлагчийг томилж, хоёр тал тохиролцсоны үндсэн дээр Комиссын даргаар нь гуравдахь зуучлагчийг томилно.

30 дугаар зүйл

Хэрэв 28 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн дагуу Ерөнхий нарийн бичгийн дарга хүсэлтийг бүртгэснээ талуудад мэдэгдсэнээс хойш 90 хоногийн дотор эсхүл талуудын тохиролцсон аливаа өөр хугацааны дотор Комиссыг байгуулаагүй тохиолдолд Захиргааны зөвлөлийн дарга аль нэг талын хүсэлтээр, гэхдээ хоёр талтай бололцооны хэрээр зөвлөлдсөний дараа томилогдоогүй байгаа зуучлагч буюу зуучлагчдыг томилно.

31 дүгээр зүйл

1. Зуучлагчийг 30 дугаар зүйлийн дагуу дарга томилохоос бусад тохиолдолд зуучлагчдын нэрсийн жагсаалтад ороогүй хүн зуучлагчаар томилогдож болно.

2. Зуучлагчдын нэрсийн жагсаалтад ороогүй боловч зуучлагчаар томилогдсон хүн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан шалгуурыг хангасан байна.

3 ДУГААР ХЭСЭГ

ЭВЛЭРҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

32 дугаар зүйл

1. Комисс нь үйл ажиллагааныхаа эрх мэдлийн хүрээг өөрөө тогтооно.

2. Маргаанд оролцогч аль нэг тал тухайн маргааны талаархи Төвийн хянан шийдвэрлэх харьяалал, аливаа бусад шалтгаанаар Комиссын хянан шийдвэрлэх эрхийг үгүйсгэсэн бол уг асуудлыг Комисс маргааныг хянан хэлэлцэхээс өмнө эсхүл маргааныг хянан хэлэцэх явцад авч хэлэлцэхийг шийдвэрлэнэ.

33 дугаар зүйл

Эвлэрүүлэх ажиллагааг энэ хэсгийн заалтууд, талууд өөрөөр тохиролцоогүй тохиолдолд, эвлэрэх хэрэгслийг ашиглахаар тэдний зөвшөөрсөн өдөр тухайн үед хүчин төгөлдөр байсан эвлэрүүлэх дэгийн дагуу явуулна. Хэрэв энэ хэсэг, эвлэрүүлэх дэг буюу талуудын хооронд тохирсон аливаа журамд тусгагдаагүй горимын асуудал гарвал үүнийг Комисс өөрөө шийдвэрлэнэ.

34 дүгээр зүйл

1. Талуудын хооронд маргаан гарах шалтгааны нөхцөл байдлыг тодруулж, аль болохоор талуудыг харилцан хүлээн зөвшөөрөх байдлаар эвлэрүүлэхэд хүчин чармайлт гаргах нь Комиссын үүрэг болно. Энэ зорилгоор Комисс талуудад маргааныг шийдвэрлэх нөхцлийг эвлэрүүлэх ажиллагааны аль ч үе шатанд байнга зөвлөж санал болгоно. Комисс чиг үүргээ хэрэгжүүлэхэд дөхөм үзүүлэх үүднээс талууд Комисстой сайн санааны үндсэн дээр хамтран ажиллаж, түүний зөвлөмжийг туйлын анхааралтай судалж үзэх үүрэгтэй.

2. Талууд тохиролцоонд хүрсэн тохиолдолд Комисс маргаантай байсан асуудлыг заасан, талууд тохиролцоонд хүрсэн тухай тэмдэглэсэн тайлан гаргана. Хэрэв талууд тохиролцоонд хүрэх ямар ч боломжгүй болох нь эвлэрүүлэх ажиллагааны аль ч үе шатанд Комисст тодорхой болбол Комисс ажиллагааг дуусгавар болгож, маргааны үндсэн асуудал болон талууд тохиролцоонд хүрч чадаагүй тухай тэмдэглэсэн тайлан гаргана. Хэрэв нэг тал эвлэрүүлэх ажиллагаанд оролцоогүй эсхүл оролцохоос татгалзсан тохиолдолд Комисс эвлэрүүлэх ажиллагааг дуусгавар болгож, тухайн тал оролцоогүй буюу оролцохоос татгалзсан тухай тэмдэглэсэн тайлан гаргана.

35 дугаар зүйл

Маргаанд оролцогч талууд өөрөөр тохиролцоогүй бол, арбитрын шүүх, ердийн шүүх болон хянан шийдвэрлэх бусад ажиллагааны үед маргаанд оролцогч тал эвлэрүүлэх ажиллагаанд нөгөө талын гаргасан санал дүгнэлт, мэдэгдэл, хүлээн зөвшөөрсөн тухай мэдэгдэл, санал болон Комиссын зөвлөмжийг иш татах, эсхүл өөр байдлаар ашиглахыг хориглоно.

IV бүлэг

АРБИТРЫН ШҮҮХИЙН АЖИЛЛАГАА

1 ДҮГЭЭР ХЭСЭГ

АРБИТРЫН ШҮҮХЭЭР МАРГААНЫГ

ШИЙДВЭРЛҮҮЛЭХЭЭР ӨРГӨДӨЛ ГАРГАХ

36 дугаар зүйл

1. Арбитрын шүүхэд хандсан өргөдлийг хэлэлцэн тохирогч улс эсхүл хэлэлцэн тохирогч аливаа улсын иргэн Ерөнхий нарийн бичгийн даргад бичгээр гаргах бөгөөд тэрбээр хүсэлтийн хувийг нөгөө талд илгээнэ.

2. Өргөдөлд маргаантай асуудал, талуудын нэр хаяг, эвлэрүүлэх ажиллагаа болон арбитрын шүүхийн журмыг баримтлан арбитрын шүүхээр маргааныг шийдвэрлүүлэх тухай тэдгээрийн зөвшөөрөл зэргийг оруулсан байна.

3. Ерөнхий нарийн бичгийн дарга өргөдөлтэй танилцаад тухайн маргаан нь Төвийн харьяалалд илт үл хамаарна гэж үзсэнээс бусад тохиолдолд уг өргөдлийг бүртгэж авна. Тэрбээр өргөдлийг бүртгэсэн, эсхүл бүртгэхээс татгалзсан тухайгаа талуудад даруй мэдэгдэнэ.

2 ДУГААР ХЭСЭГ

АРБИТРЫН ШҮҮХИЙГ БАЙГУУЛАХ

37 дугаар зүйл

1. Арбитрын шүүх /цаашид “Шүүх” гэх/ -ийг 36 дугаар зүйлийн дагуу өргөдлийг бүртгэн авсны дараа аль болох богино хугацаанд байгуулна.

2. (a) Шүүх нь талуудын зөвшөөрснөөр нэг буюу түүнээс дээш сондгой тооны арбитрчаас бүрдэнэ.

(b) Талууд арбитрчийн тоо болон тэдгээрийг сонгох журмын талаар тохиролцож чадахгүй бол Шүүх нь гурван арбитрчаас бүрдэх бөгөөд тал тус бүр нэг арбитрчийг томилно. Хоёр тал зөвшөөрч тохиролцсоны үндсэн дээр Шүүхийн даргаар нь гуравдахь арбитрчийг томилно.

38 дугаар зүйл

Хэрэв 36 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтын дагуу Ерөнхий нарийн бичгийн дарга өргөдлийг бүртгэн авсан тухайгаа мэдэгдсэнээс хойш 90 хоног дотор, эсхүл талуудын товлосон хугацааны дотор Шүүхийг байгуулж чадахгүй бол Захиргааны зөвлөлийн дарга аль нэг талын хүсэлтээр, гэхдээ хоёр талтай боломжийн хэрээр зөвлөлдсөний дараа томилогдоогүй байгаа арбитрч буюу арбитрчдаас томилно. Энэ зүйлийн дагуу даргын томилсон арбитрчид маргаанд оролцогч хэлэлцэн тохирогч улсын эсхүл маргаанд оролцогч иргэнийг харьяалах хэлэлцэн тохирогч улсын иргэн байж болохгүй.

39 дүгээр зүйл

Арбитрчдийн олонхи нь маргаанд оролцогч хэлэлцэн тохирогч улсаас эсхүл маргаанд оролцогч иргэнийг харьяалах хэлэлцэн тохирогч улсаас өөр улсын харьяат байна. Энэ заалтыг нэг арбитрчаас бүрдэх шүүхийн хувьд, эсхүл арбитрч бүрийн талаар талууд нэг бүрчлэн тохиролцсоны үндсэн дээр томилсон тохиолдолд хэрэглэхгүй.

40 дүгээр зүйл

1. 38 дугаар зүйлийн дагуу дарга арбитрчийг томилохоос бусад тохиолдолд Арбитрчдын нэрсийн жагсаалтанд ороогүй хүнийг арбитрчаар томилж болно.

2. Арбитрчаар томилогдсон Арбитрчдын нэрсийн жагсаалтанд ороогүй хүн 14 дүгээр зүйлийн (1) дэх хэсэгт дурдсан шалгуурыг хангасан байна.

3 ДУГААР ХЭСЭГ

АРБИТРЫН ШҮҮХИЙН БҮРЭН ЭРХ, ЗОРИЛГО

41 дүгээр зүйл

1. Шүүх нь үйл ажиллагааныхаа эрх мэдлийн хүрээг өөрөө тогтооно.

2. Маргаанд оролцогч аль нэг тал тухайн маргааны талаархи Төвийн хянан шийдвэрлэх харьяалал болон бусад аливаа шалтгаанаар Шүүхийн хянан шийдвэрлэх эрхийг үгүйсгэсэн бол Шүүх уг асуудлыг маргааныг хянан хэлэлцэхээс өмнө эсхүл маргааныг хянан хэлэцэх явцад авч хэлэлцэхийг шийдвэрлэнэ.

42 дугаар зүйл

1. Шүүх маргааныг талуудын зөвшөөрсөн эрх зүйн хэм хэмжээний дагуу хянан шийдвэрлэнэ. Ийм зөвшөөрөл байхгүй бол Шүүх маргаанд оролцогч хэлэлцэн тохирогч улсын эрх зүйн хэм хэмжээг (эрх зүйн зөрчилдөөний тухай хэм хэмжээг оролцуулан) болон олон улсын эрх зүйн зохих хэм хэмжээг хэрэглэнэ.

2. Эрх зүйн хэм хэмжээ байхгүй эсхүл эрх зүйн хэм хэмжээ тодорхой бус гэдгээр Шүүх тодорхой бус шийдвэр гаргаж болохгүй.

3. Талууд тохиролцсон бол энэ зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтууд Шүүхээс маргааныг шудрага ёс, сайн санааны үндсэн дээр шийдвэрлэх эрхийг үл хөндөнө.

43 дугаар зүйл

Талууд өөрөөр тохиролцоогүй бол Шүүх шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд:

(a) талуудаас баримт бичиг, бусад нотлох баримт шаардах эрхтэйд;

(b) маргаантай холбогдолтой газар дээр очиж, шаардлагатай бол мөрдөн судлах ажиллагаа хийх эрхтэй.

44 дүгээр зүйл

Арбитрын шүүхийн ажиллагааг энэ хэсгийн заалтууд болон, талууд өөрөөр тохиролцоогүй бол, арбитрын шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэхээр тэдний зөвшөөрсөн өдөр тухайн үед хүчин төгөлдөр байсан Арбитрын шүүхийн дүрмийн дагуу явуулна. Хэрэв энэ хэсэг, Арбитрын шүүхийн дүрэм буюу талуудын хооронд тохирсон журамд тусгагдаагүй горимын ямар нэгэн асуудал гарвал үүнийг Шүүх өөрөө шийдвэрлэнэ.

45 дугаар зүйл

1. Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд аль нэг тал ирээгүй буюу оролцоогүй бол нөгөө талын байр суурийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхгүй.

2. Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны аль нэг үе шатанд нэг тал ирээгүй буюу оролцоогүй тохиолдолд нөгөө тал маргааныг хэлэлцэж шийдвэрлэхийг Шүүхээс хүсч болно. Маргааны тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй талаар баттай мэдэж байгаагаас бусад тохиолдолд Шүүх шийдвэр гаргахаасаа өмнө тухайн талд мэдэгдэл хийж, хугацаа тогтооно.

46 дугаар зүйл

Талууд өөрөөр тохиролцоогүй бол Шүүх аль нэг талын хүсэлтээр маргаанд шууд хамаарах нэмэлт буюу сөрөг нэхэмжлэлийн талаар шийдвэр гаргаж болох бөгөөд чингэхдээ энэ шийдвэр нь маргаан хянан шийдвэрлэх тухай талуудын тохирсон журам болон Төвийн маргаан шийдвэрлэх харьяаллын хүрээнд багтсан байна.

47 дугаар зүйл

Талууд өөрөөр тохиролцоогүй бол Шүүх хэргийн нөхцөл байдал чингэхийг шаардаж байна гэж үзвэл талуудын зохих эрхийг хангах талаар урьдчилсан арга хэмжээний талаар зөвлөж болно.

4 ДҮГЭЭР ХЭСЭГ

АРБИТРЫН ШҮҮХИЙН ШИЙДВЭР

48 дугаар зүйл

1. Шүүх асуудлыг нийт гишүүдийнхээ олонхийн саналаар шийдвэрлэнэ.

2. Шүүхийн шийдвэрийг бичгээр үйлдэх бөгөөд шийдвэрийг дэмжсэн гишүүд гарын үсэг зурна.

3. Шүүхэд мэдүүлсэн маргаантай бүх асуудлаар шүүх шийдвэр гаргах бөгөөд шийдвэр гаргасан үндэслэлээ заана.

4. Шүүхийн аль ч гишүүн олонхи гишүүдтэй санал нийлэх эсэхээс үл хамааран өөрийн санал, дүгнэлт эсхүл шийдвэртэй санал нийлэхгүй байгаа тухай мэдэгдлийг шүүхийн шийдвэрт хавсаргаж болно.

5. Төв талуудын зөвшөөрөлгүйгээр шийдвэрийг хэвлэн нийтлэхгүй.

49 дүгээр зүйл

1. Ерөнхий нарийн бичгийн дарга шийдвэрийн баталгаат хувийг талуудад нэн даруй илгээнэ. Баталгаатай хувийг илгээсэн өдөр шийдвэр гарсанд тооцно.

2. Шийдвэр гарсан өдрөөс хойш 45 хоногийн дотор аль нэг талаас гаргасан өргөдлийн дагуу Шүүх нөгөө талд урьдчилан мэдэгдсэний дараа шийдвэрт тусгагдаагүй аливаа асуудлаар нэмэлт шийдвэр гаргаж, үг, үсгийн, тооны буюу тийм төрлийн алдааг залруулж болно. Энэ нь шийдвэрийн салшгүй хэсэг болох бөгөөд түүнийг талуудад шийдвэрийн нэгэн адилаар мэдэгдэнэ. 51 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 52 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт дурдсан хугацааг шийдвэр гарсан өдрөөс эхлэн тооцно.

5 ДУГААР ХЭСЭГ

ШИЙДВЭРИЙГ ТАЙЛБАРЛАХ, ӨӨРЧЛӨХ, ЦУЦЛАХ

50 дугаар зүйл

1. Шийдвэрийн агуулга, зүйлийн талаар талуудын хооронд маргаан гарвал аль ч тал шийдвэрийг тайлбарлахыг Ерөнхий нарийн бичгийн даргаас бичгээр хүсч болно.

2. Энэхүү хүсэлтийг боломжтой бол уг шийдвэрийг гаргасан Шүүхээр шийдвэрлүүлэхээр түүнд шилжүүлнэ. Чингэх боломж байхгүй бол энэ бүлгийн 2 дахь хэсгийн дагуу шинэ Шүүх байгуулна. Хэрэв нөхцөл байдал чингэхийг шаардвал Шүүх шийдвэр гаргах хүртэл өмнөх шийдвэрийн хэрэгжилтийг түдгэлзүүлж болно.

51 дүгээр зүйл

1. Шийдвэр гарах тухайн үед Шүүх болон аль нэг талд мэдэгдээгүй байсан тодорхой бодит нөхцөл байдлыг сүүлд маргааны нэг тал нээн илрүүлсэн болон энэхүү нөхцөл байдлыг өмнө мэдээгүй нь түүний хайхрамжгүй байдлаас шалтгаалаагүй, мөн тэдгээр нь шийдвэрт нөлөөлөхүйц гэж үзвэл тухайн тал шийдвэрийг дахин хянаж үзэхийг Ерөнхий нарийн бичгийн даргаас бичгээр хүсч болно.

2. Шийдвэр гарснаас хойш гурван жилийн хугацаанд хүсэлтийг тийм шинэ нөхцөл байдлыг нээн илрүүлснээс хойш 90 хоногийн дотор гаргана.

3. Хүсэлтийг боломжтой бол уг шийдвэрийг гаргасан Шүүхэд шилжүүлнэ. Тийм боломжгүй аваас энэ бүлгийн 2 дахь хэсгийн дагуу шинэ Шүүх байгуулна.

4. Нөхцөл байдал чингэхийг шаардвал Шүүх шийдвэр гаргах хүртэл өмнөх шийдвэрийн хэрэгжилтийг түдгэлзүүлж болно. Хэрэв хүсэлт гаргагч тал өмнөх шийдвэрийн хэрэгжилтийг түдгэлзүүлэх тухай хүсэлтэд тусгасан бол Шүүх тухайн хүсэлтийг шийдвэрлэтэл өмнөх шийдвэрийг хэрэгжилтийг түдгэлзүүлнэ.

52 дугаар зүйл

1. Аль ч тал дор дурдсан нэг буюу хэд хэдэн үндэслэлээр шийдвэр цуцлахыг Ерөнхий нарийн бичгийн даргад өргөдөл бичиж шаардах эрхтэй:

(a) Шүүхийг зохих журмаар байгуулаагүй бол;

(b) Шүүх нь эрх мэдлээ илт хэтрүүлсэн бол;

(c) Шүүхийн гишүүн авилгал авсан бол;

(d) хянан шийдвэрлэх ажиллагааны дэг ноцтойгоор зөрчигдсөн бол;

(e) Шүүх шийдвэрээ шаардлагын хэмжээнд үндэслээгүй бол.

2. Шийдвэр гарснаас хойш 120 хоногийн дотор өргөдлийг гаргах бөгөөд авилгалтай холбогдсон тохиолдолд шийдвэр гарснаас хойш гурван жилийн хугацаанд авилгал авсныг илрүүлснээс хойш 120 хоногийн дотор өргөдлийг гаргана.

3. Өргөдөл хүлээн авсны дараа дарга Арбитрчдын нэрсийн жагсаалтаас гурван хүний бүрэлдэхүүнтэй түр хороог байгуулна. Ийнхүү томилогдсон хорооны гишүүдийн аль нь ч тухайн шийдвэр гаргасан Шүүхийн гишүүн бус, тэдгээртэй адил улсын харьяалалтай бус, маргааны тал болсон хэлэлцэн тохирогч улсын харьяат бус, маргааны тал болсон иргэнийг харьяалах хэлэлцэн тохирогч улсын харьяат бус, мөн тэдгээр улсаас Арбитрчдын нэрсийн жагсаалтад томилогдоогүй, уг маргаанд зуучлагчаар оролцож байгаагүй хүн байвал зохино. Хороо 1 дэх хэсэгт дурдсан зүйлийн аль нэгийг үндэслэн шийдвэрийг бүхэлд нь буюу хэсэгчлэн цуцлах эрхтэй.

4. 41-45, 48, 49, 53 болон 54 дүгээр зүйл, мөн VI, VII бүлгийн заалтуудыг Хорооны үйл ажиллагаанд зохих өөрчлөлттэйгээр хэрэглэнэ.

5. Хороо нөхцөл байдал чингэхийг шаардаж буй хэмээн үзвэл шийдвэр гаргах хүртэл өмнөх шийдвэрийн хэрэгжилтийг түдгэлзүүлж болно. Хэрэв өргөдөл гаргагч тал өмнөх шийдвэрийн хэрэгжилтийг түдгэлзүүлэхийг хүссэн бол Хороо тухайн хүсэлтийг шийдвэрлэтэл өмнөх шийдвэрийн хэрэгжилтийг түдгэлзүүлнэ.

6. Шийдвэрийг цуцалсан тохиолдолд маргааныг аль нэг талын хүсэлтээр энэ бүлгийн 2 дахь хэсгийн дагуу шинээр байгуулагдах Шүүхэд шилжүүлнэ.

6 ДУГААР ХЭСЭГ

ШИЙДВЭРИЙГ БИЕЛҮҮЛЭХ

53 дугаар зүйл

1. Шийдвэрийг талууд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд энэхүү конвенцид зааснаас өөр арга хэрэгслийг ашиглан давж заалдаж, шийдвэрийг эсэргүүцэж үл болно. Энэхүү конвенцийн холбогдох заалтын дагуу хэрэгжилтийг нь түдгэлзүүлснээс бусад тохиолдолд талууд шийдвэрт заасан нөхцлүүдийг заавал биелүүлнэ.

2. Энэ хэсгийн зорилгоор “Шийдвэр” гэдэгт 50, 51, 52 дугаар зүйлийн дагуу тайлбарласан, хянасан, цуцалсан аливаа шийдвэрийг хамааруулж ойлгоно.

54 дүгээр зүйл

1. Хэлэлцэн тохирогч улс бүр энэхүү конвенцийн дагуу гаргасан шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэйг хүлээн зөвшөөрч, төлбөр төлөхтэй холбогдсон шийдвэрийг өөрийн нутаг дэвсгэрт шүүхийн эцсийн шийдвэрийн нэгэн адил хэрэгжүүлнэ. Хэлэлцэн тохирогч улс холбооны зохион байгуулалтай улс байх тохиолдолд тухайн улс шийдвэрийг холбооны шүүхийн байгууллагаар дамжуулан хэрэгжүүлж болохын зэрэгцээ шийдвэрийг мөн өөрийн бүрэлдэхүүн муж улсын шүүхийн эцсийн шийдвэртэй адилтган үзэж хэрэгжүүлж болно.

2. Хэлэлцэн тохирогч улсын нутаг дэвсгэрт шийдвэрийг хүлээн зөвшөөрүүлж хэрэгжүүлэхийг хүссэн тал харьяалах шүүх буюу тухайн улсаас тусгайлан томилсон эрх бүхий байгууллагад Ерөнхий нарийн бичгийн даргын батламжилсан шийдвэрийн хувийг хүргүүлнэ. Хэлэлцэн тохирогч улс бүр өөрийн томилсон эрх бүхий шүүх, хуулийн байгууллага буюу бусад байгууллагын талаар, мөн эдгээрийн талаар аливаа өөрчлөлт гарвал тухай бүрт нь Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдэнэ.

3. Шийдвэрийг аливаа улсын нутаг дэвсгэрт биелүүлэхдээ тухайн улсад шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг гүйцэтгэхэд хэрэглэдэг хуулийг баримтална.

55 дугаар зүйл

54 дүгээр зүйлийн аль ч заалт хэлэлцэн тохирогч аливаа улсын болон бусад гадаад улсын дархан эрхэд холбогдолтой хүчин төгөлдөр хуулийг хөндөхгүй.

V бүлэг

ЗУУЧЛАГЧ, АРБИТРЧИЙГ СОЛИХ, ӨӨРЧЛӨХ

56 дугаар зүйл

1. Комисс буюу Шүүх байгуулагдан үйл ажиллагаагаа эхэлсэн тохиолдолд тэдгээрийн бүрэлдэхүүн өөрчлөгдөхгүй. Гэхдээ зуучлагч буюу шүүгч нас барах, ажлын чадвар алдах, эсхүл огцорсон тохиолдолд гарсан орон тоог 3 дугаар бүлгийн 2 дахь хэсэг, 4 дүгээр бүлгийн 2 дахь хэсгийн заалтуудын дагуу нөхөн бүрдүүлнэ.

2. Комисс буюу Шүүхийн гишүүн нэрсийн жагсаалтаас хасагдсан ч гэсэн үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэнэ.

3. Аль нэг талын томилсон зуучлагч, арбитрч нь Комисс, Шүүхийн зөвшөөрөлгүйгээр огцорсон тохиолдолд суларсан орон тоонд дарга холбогдох нэрсийн жагсаалтаас өөр хүн нөхөн томилно.

57 дугаар зүйл

Аль ч тал Комисс буюу Шүүхийн гишүүн нь 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан шаардлагыг илт хангахгүй байна гэж үзвэл уг гишүүнийг өөрчлөхийг Комисс буюу Шүүхэд санал болгож болно. Арбитрын шүүхийн ажиллагаанд оролцогч аль нэг тал мөн 6 дугаар бүлгийн 2 дахь хэсгийн дагуу Шүүхийг бүрдүүлээгүй гэдгийг үндэслэн арбитрчийг өөрчлөх санал тавьж болно.

58 дугаар зүйл

Зуучлагч, арбитрчийг өөрчлөх саналын талаар Комисс буюу Шүүхийн бусад гишүүн хэлэлцэн шийдвэрлэнэ. Харин гишүүдийн санал тэнцүү хуваагдсан, эсхүл зөвхөн нэг зуучлагч, нэг арбитрчаас бүрддэг Комисс, Шүүхийн хувьд, эсхүл зуучлагч, арбитрчийн ихэнхийг өөрчлөх санал гарсан үед дарга энэ асуудлыг шийдвэрлэнэ. Саналыг зөв үндэслэлтэй гэж үзвэл холбогдох зуучлагч, арбитрчийг 3 дугаар бүлгийн 2 дахь хэсэг, 4 дүгээр бүлгийн 2 дахь хэсгийн заалтын дагуу өөрчилнө.

VI бүлэг

ШҮҮХИЙН ЗАРДАЛ

59 дүгээр зүйл

Төвийн үйлчилгээг ашигласны төлөө талуудаас хийх төлбөрийг Ерөнхий нарийн бичгийн дарга Захиргааны зөвлөлийн батласан журмын дагуу тогтооно.

60 дугаар зүйл

1. Гишүүдийн цалин хөлс, зардлын хэмжээг Комисс буюу Шүүх тус бүр Захиргааны зөвлөлөөс Ерөнхий нарийн бичгийн даргатай зөвлөлдөж тухай бүр шинэчлэн тогтоосон хязгаарын хүрээнд тодорхойлно.

2. Энэ зүйлийн 1 дэх хэсгийн заалт нь талууд Комисс буюу Шүүхтэй гишүүдийнх нь цалин хөлс, зардлын талаар урьдчилан тохиролцоход саад болохгүй.

61 дүгээр зүйл

1. Эвлэрүүлэх ажиллагаанд оролцож буй Комиссын гишүүдийн хөлс, зардлынх нь нөхөн олговор болон Төвийн үйлчилгээг ашигласны төлөөх төлбөрийг талууд тэнцүү хэмжээгээр төлнө. Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдон гарсан бусад аливаа зардлыг тал тус бүр хариуцна.

2. Арбитрын шүүхийн үйл ажиллагааны зардлын тухайд талууд өөрөөр тохиролцоогүй бол маргаан хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдон гарсан зардлыг тал тус бүрийн хувьд Шүүх тооцож, эдгээр зардал болон Шүүхийн гишүүдийн хөлс, зардлынх нь нөхөн олговор, Төвийн үйлчилгээг ашигласны төлөөх төлбөрийг хэн, хэрхэн төлөхийг тогтооно. Энэ нь Шүүхийн шийдвэрийн бүрэлдэхүүн хэсэг байна.

VII бүлэг

МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ГАЗАР

62 дугаар зүйл

Дор дурдсанаас бусад тохиолдолд эвлэрүүлэх болон арбитрын шүүхийн ажиллагааг Төвийн байранд явуулна.

63 дугаар зүйл

Талууд зөвшөөрсөн тохиолдолд эвлэрүүлэх болон арбитрын шүүхийн ажиллагааг дараахь газар явуулж болно:

(a) Арбитрын байнгын шүүх байрлах газар болон Төв энэ зорилгоор хувийн эсхүл нийтийн эрх зүйн шинж чанарыг агуулсан аль нэг байгууллагатай тохирсон газар,

(b) Ерөнхий нарийн бичгийн даргатай зөвлөлдсөний үндсэн дээр Комисс, Шүүхийн тогтоосон газар.

VIII бүлэг

ХЭЛЭЛЦЭН ТОХИРОГЧ УЛСУУДЫН ХООРОНД

ГАРСАН МАРГААН

64 дүгээр зүйл

Энэхүү конвенцийг тайлбарлах буюу хэрэглэх талаар хэлэлцэн тохирогч улсуудын хооронд гарсан маргааныг талууд хэлэлцээний замаар шийдвэрлэж чадаагүй буюу өөр аргаар шийдвэрлэхээр тохиролцоогүй бол аль нэг талын хүсэлтээр энэхүү маргааныг Олон улсын шүүхэд шилжүүлнэ.

IX бүлэг

НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ

65 дугаар зүйл

Хэлэлцэн тохирогч аливаа улс энэхүү конвенцид нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргаж болно. Санал болгож буй нэмэлт өөрчлөлтийн бичвэрийг тухайн саналыг авч хэлэлцэх Захиргааны зөвлөлийн хурал хуралдахаас ер хоногийн өмнө Ерөнхий нарийн бичгийн даргад өргөн барих бөгөөд тэрээр уг бичвэрийг Захиргааны зөвлөлийн бүх гишүүдэд хүргэж тараана.

66 дугаар зүйл

1. Захиргааны зөвлөл саналыг гишүүдийнхээ гуравны хоёрын саналаар зөвшөөрвөл санал болгож буй нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэн тохирогч бүх улсад соёрхон батлуулах, нэгдэн орох, батлуулахаар тараана. Хэлэлцэн тохирогч бүх улс нэмэлт өөрчлөлтийг соёрхон батласан, хүлээн зөвшөөрсөн буюу батласан тохиолдолд энэ тухай Конвенцийг хадгалагч нь хэлэлцэн тохирогч улсуудад мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дараа уг нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр болно.

2. Нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр болохоос өмнө Төвийн маргааныг хянан шийдвэрлэх харьяаллыг хүлээн зөвшөөрсөн хэлэлцэн тохирогч улс, түүний бүрэлдэхүүн хэсэг, албан байгууллага, иргэний энэхүү конвенцийн дагуу эдлэх эрх, хүлээх үүргийг уг нэмэлт өөрчлөлт хөндөхгүй.

Х бүлэг

ТӨГСГӨЛИЙН ЗААЛТУУД

67 дугаар зүйл

Энэхүү конвенц Банкны гишүүн улсуудын нэрийн өмнөөс гарын үсэг зурахад нээлттэй байна. Конвенц нь Олон улсын шүүхийн гишүүн улс, түүнчлэн Захиргааны зөвлөл гишүүдийнхээ гуравны хоёрын саналаар гарын үсэг зуруулахаар урьсан бусад аливаа улсын хувьд мөн нээлттэй байна.

68 дугаар зүйл

1. Энэхүү конвенцид гарын үсэг зурсан улсууд дотоодын хууль тогтоомжийн дагуу Конвенцийг соёрхон батлах, түүнд нэгдэн орох буюу батлах ёстой.

2. Энэхүү конвенц хорь дахь батламж жуух бичиг буюу нэгдэн орсон, батласан тухай баримт бичгийг хадгалуулахаар хүлээлгэн өгснөөс хойш гуч хоногийн дараа хүчин төгөлдөр болно. Түүнээс хойш батламж жуух бичиг, нэгдэн орсон буюу батласан тухай баримт бичгээ хүлээлгэн өгсөн улсын хувьд тийнхүү хадгалуулахаар хүлээлгэн өгсөн өдрөөс хойш гуч хоногийн дараа энэхүү конвенц хүчин төгөлдөр болно.

69 дүгээр зүйл

Хэлэлцэн тохирогч улс бүр энэхүү конвенцийг өөрийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэхийн тулд бүхий л шаардлагатай хууль тогтоох болон бусад арга хэмжээг авна.

70 дугаар зүйл

Энэхүү конвенц нь нутаг дэвсгэрийн хувьд хэлэлцэн тохирогч улсын олон улсын харилцаанд хамааруулахыг зөвшөөрсөн нутаг дэвсгэрт үйлчилнэ. Хэлэлцэн тохирогч улс Конвенцийг соёрхон батлах, нэгдэн орох, батлах үед эсхүл дараа нь өөрийн нутаг дэвсгэрийн тодорхой хэсгийг олон улсын харилцаанд хамааруулахгүй байх тухай Конвенцийг хадгалагчид тусгайлан бичгээр мэдэгдэж болно.

71 дүгээр зүйл

Хэлэлцэн тохирогч аливаа улс хадгалагчид бичгээр мэдэгдэх замаар энэхүү конвенцийг цуцалж болно. Цуцлах мэдэгдлийг хүлээн авснаас хойш зургаан сарын дараа тухайн хэлэлцэн тохирогч улсын хувьд Конвенцийн хүчин төгөлдөр үйлчлэл дуусгавар болно.

72 дугаар зүйл

70, 71 дүгээр зүйлийн дагуу хэлэлцэн тохирогч аль нэг улсын хийсэн мэдэгдэл нь хадгалагч дээрх мэдэгдлийг хүлээн авахаас өмнө Төвийн маргаан шийдвэрлэх харьяаллыг хүлээн зөвшөөрсөн улс, түүний бүрэлдэхүүн хэсэг, албан байгууллага, иргэний энэхүү конвенцийн дагуу эдлэх эрх, хүлээх үүргийг хөндөхгүй.

73 дугаар зүйл

Энэхүү конвенц болон түүний нэмэлт өөрчлөлтийг соёрхон батласан батламж жуух бичиг, нэгдэн орсон буюу батласан тухай баримт бичгийг энэхүү конвенцийн хадгалагч болох Банкинд хүлээлгэн өгнө. Хадгалагч нь Конвенцийн баталгаатай хуулбарыг Банкны гишүүн буюу энэхүү конвенцид гарын үсэг зурахаар уригдсан бусад улсад илгээнэ.

74 дүгээр зүйл

Хадгалагч энэхүү конвенцийг Нэгдсэн Үндэстний Байгуулагын дүрмийн 102 дугаар зүйл болон Ерөнхий Ассамблейгаас батласан холбогдох журмын дагуу Нэгдсэн Үндэстний Байгуулагын Нарийн бичгийн дарга нарын газарт бүртгүүлнэ.

75 дугаар зүйл

Хадгалагч гарын үсэг зурсан бүх улсад дараахь зүйлийг мэдэгдэж байна:

(a) 67 дугаар зүйлийн дагуу гарын үсэг зурсан тухай,

(b) 73 дугаар зүйлийн дагуу батламж жуух бичиг, нэгдэн орсон буюу батласан тухай баримт бичгийг хадгалуулсан тухай,

(c) энэхүү конвенц 68 дугаар зүйлийн дагуу хүчин төгөлдөр болсон өдрийн тухай,

(d) 70 дугаар зүйлийн дагуу энэхүү конвенц үйлчлэхгүй нутаг дэвсгэрийн тухай

(e) 66 дугаар зүйлийн дагуу энэхүү конвенцид орсон аливаа нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр болсон өдрийн тухай,

(f) 71 дүгээр зүйлийн дагуу цуцалсан тухай.

Энэхүү конвенцийг Вашингтон хотноо англи, испани, франц хэлээр тус бүр нэг хувь үйлдсэн бөгөөд гурван хэлээрх эх бичвэр нь адил хүчинтэй байна. Эх бичвэрийг Сэргээн босголт, хөгжлийн олон улсын банкны архивт хадгална. Банкны төлөөлөгч энэхүү конвенцийн дагуу хадгалагчийн үүрэг гүйцэтгэхээр зөвшөөрч, түүнд гарын үсэг зурав.

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
УЛС БОЛОН ГАДААД УЛСЫН ИРГЭНИЙ ХООРОНД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ КОНВЕНЦ

1965 оны 3 дугаар сарын 18-ны өдөр баталж, 1966 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүчин төгөлдөр болсон