A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр

Дугаар 149

Улаанбаатар хот

ХӨРС ХАМГААЛАХ ӨДӨРТЭЙ БОЛОХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 158 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Жил бүрийн 5 дугаар сарын эхний 7 хоногийн Бямба гарагийг "Хөрс хамгаалах үндэсний өдөр" болгон тэмдэглэж байхаар тогтоосугай.

2. "Хөрс хамгаалах үндэсний өдөр"-ийг уул уурхай, газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг болон газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хөрс хамгаалах, түүнийг нөхөн сэргээх, хот, суурин газрын хөрсний бохирдлыг бууруулах, саармагжуулах талаар тухайн жилд зохион байгуулах ажил, арга хэмжээг төлөвлөж, тэдгээрийг олон нийтэд таниулан сурталчлах ажлыг холбогдох төрийн захиргааны төв байгууллага аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран жил бүр зохион байгуулах замаар тэмдэглэн өнгөрүүлж байсугай.

3. Энэ тогтоолын 2 дугаар зүйлд заасан арга хэмжээг улсын болон тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж, жил бүрийн 12 дугаар сард нэгтгэн дүгнэж байхыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 2010 оны 172 дугаар тогтоолоор баталсан "Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам"-д дор дурдсан агуулга бүхий 4.1.57 дахь заалт нэмсүгэй:

"4.1.57. Хөрс хамгаалах үндэсний өдөр-жил бүрийн 5 дугаар сарын эхний долоо хоногийн Бямба гараг."

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.СЭРГЭЛЭН