Хэвлэх DOC Татаж авах
ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН 2017 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 186

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН 2017 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8.3.7-д заасныг тус тус  үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Ихэнх нутгаар гандуу байгаатай холбогдуулан зун, намрын отор нүүдэл хийх, малын хөдөлгөөнийг хянах постыг нэмэгдүүлж, царцааны нүүдэлтэй тэмцэх, малчдад нийгэм, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, хадлан бэлтгэж аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэх арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас 1 дүгээр хавсралт ёсоор гаргаж, аймгуудын Засаг даргын Тамгын газарт олгохыг Сангийн сайд Б.Чойжилсүрэнд зөвшөөрсүгэй. 

2. Аймаг, нийслэл, сум, дүүргийн заавал бэлтгэн бүрдүүлэх өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн хэмжээг 2 дугаар хавсралт ёсоор баталсугай.

3. Өвөл, хаврын цаг агаарын хүндрэл, болзошгүй гамшиг тохиолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгасугай:

3.1. хөдөө аж ахуйн салбарын 2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангах нарийвчилсан төлөвлөгөө гарган хэрэгжүүлж, биелэлтэд нь хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээг тухай бүр шуурхай шийдвэрлэж ажиллах;

3.2. өвөл, хаврын бэлчээрийн даацад тулгуурлан сум дундын болон аймаг дундын отрын бүс нутгууд, хилийн зурвас газар, байгалийн тусгай хамгаалалттай газарт отроор өвөлжих, хаваржих өрх, малын тоог тохирон холбогдох газруудтай зохих журмын дагуу гэрээ байгуулан хэрэгжүүлэх;

3.3. зарим шаардлагатай хадлангийн талбайг өнжөөх, сэлгэх, өөр аймгийн нутагт хадлан бэлтгэх гэрээ хийж зохицуулах;

3.4. малын гоц халдварт, халдварт, паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ариутгал халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг технологийн хугацаанд нь чанартай зохион байгуулж, мал эмнэлгийн дуудлага, үйлчилгээний бэлэн байдлыг бүрдүүлж, шуурхай удирдлагаар хангаж ажиллах;

3.5. агаарын хуурайшилт их байгаатай холбогдуулан зун, намрын отор хийх газар нутагт улсын болон орон нутгийн төсөв, төсөл, хөтөлбөрийн хөрөнгөөр шинээр худаг гаргах ажлыг шуурхай зохион байгуулж, хадлангийн талбайг зөвхөн орон нутгийн өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх, говийн аймгуудад гэрээ, түрээсээр ашиглуулах;

3.6. бэлчээрийн хортон мэрэгч, шавьжтай тэмцэх ажилд улсын төсвийн хөрөнгөөс гадна орон нутгийн төсөв, сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг зарцуулж, малчдын идэвх санаачилгыг өрнүүлэн удирдан зохион байгуулж, гүйцэтгэлийн хяналт шалгалтыг сайжруулах;

3.7. малын хашаа, саравч, уст цэгээ засварлах, тохижуулах, түлш бэлтгэх, цаг агаар хүндэрсэн нөхцөлд хэрэглэх өвс, тэжээл, гар тэжээлийг нөөцлөх, өвлийн хувцас хэрэглэл, хоол хүнс базаах зэрэг мал өвөлжилтийн бэлтгэл ажлыг малчин өрх бүрээр сайтар хангуулах; 

3.8. ургац хураалтад ажиллах хүн хүч, техникийн бэлтгэл, зохион байгуулалтыг хангуулан цаг агаарын гамшигт үзэгдлээс ургацаа хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол авч ажиллах;

3.9. аймаг, сумын эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдал, нөөц бүрдүүлэх зорилгоор шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, түргэн тусламжийн машин, багаж хэрэгслээр хангахад дэмжлэг үзүүлэх;

3.10. нутагтаа болон отроор өвөлжиж, хаваржиж байгаа малчдын судалгаанд үндэслэн эрүүл мэндийн явуулын үйлчилгээг үзүүлэх хуваарь гарган аймаг, сумын эмнэлгийн бэлэн байдлыг хангуулах.

4. Хадлангийн бэлтгэл ажилд зориулан техник, технологийн дэмжлэг үзүүлэх, хадлангийн техникийг шинэчлэх зориулалтаар гадаадын төсөл, хөтөлбөрийн хөрөнгийг ашиглах асуудлыг судлан холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн нарт даалгасугай.

5. Гангийн нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор шаардлагатай тохиолдолд үүлэнд зориудаар нөлөөлөх арга хэмжээ авч, цаг уурын аюултай үзэгдлийн мэдээ, мэдээллийг шуурхай дамжуулах үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролд даалгасугай.

6. Хуурайшилт ихтэй, олон хоногоор хур тунадас ороогүй, хэт халалт үүссэн тохиолдолд гангийн эрсдэлийн үнэлгээ хийлгэх ажлын хэсгийг томилон ажиллуулж, шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадралд даалгасугай.

7. Хээрийн түймрийн эрсдэл өндөр байгаатай холбогдуулан 2016 онд хадсан өвсийг экспортод гаргах ажлыг шуурхай зохион байгуулан зохих дэмжлэг үзүүлж ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга П.Цагаанхүү, Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт нарт даалгасугай.

8. Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж, мал өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцыг сар бүр Засгийн газрын хуралдаанд танилцуулж байхыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнд даалгасугай.

9. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Хөдөө аж ахуйн салбарын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 322 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                              Ж.ЭРДЭНЭБАТ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн

үйлдвэрийн сайд                                                                П.СЭРГЭЛЭН