Хэвлэх DOC Татаж авах
МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРИЙН ТЭВЧИШГҮЙ ХЭЛБЭРИЙН ТУХАЙ ОЛОН УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН 182 ДУГААР КОНВЕНЦ

1999 оны 6 дугаар сарын 17-ны өдөр баталж, 2000 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүчин төгөлдөр болсон•



Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Ерөнхий бага хурал нь,
Олон улсын хөдөлмөрийн товчооны Захиргааны зөвлөлөөс 1999 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Женев хотноо зарлан хуралдуулсан 87 дугаар чуулганаар,
хүүхдийн хөдөлмөрийн талаархи үндсэн баримт бичиг болох Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай 1973 оны конвенц болон зөвлөмжийг төгөлдөржүүлэх, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг хориглох, устгах асуудлыг үндэсний болон олон улсын хэмжээнд, ялангуяа олон улсын хамтын ажиллагаа, туслалцааг тэргүүлэх чиглэл болгох үүднээс холбогдох баримт бичгийг шинээр батлан гаргах шаардлагыг анхаарч,
хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг үр дүнтэй устгах нь суурь боловсролыг үнэ төлбөргүй олгохын ач холбогдол, хүүхдийг дээрх хэлбэрийн хөдөлмөрөөс хөндийрүүлэх, нийгмийн амьдралд дасгах болон оруулах, чингэхдээ гэр бүлийнх нь хэрэгцээг анхаарах шаардлагыг харгалзсан цогц бөгөөд шуурхай арга хэмжээг шаардаж буйг анхаарч,
Олон Улсын Хөдөлмөрийн Бага хурлын 1996 оны 83 дугаар чуулганаас батлан гаргасан Хүүхдийн хөдөлмөрийг устгах тухай тогтоолыг санаж,
хүүхдийн хөдөлмөр нь ядуурлаас их хэмжээгээр шалтгаалдаг бөгөөд түүнийг шийдвэрлэх урт хугацааны арга зам, нийгмийн дэвшилд хүргэх эдийн засгийн тогтвортой өсөлт, ялангуяа ядуурлыг арилгах, бүх нийтэд боловсрол олгох үйл ажиллагаанд оршиж байгааг хүлээн зөвшөөрч,
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр батласан Хүүхдийн эрхийн тухай конвенцийг иш үндэс болгож,
Олон Улсын Хөдөлмөрийн Бага хурлын 1998 оны 86 дугаар чуулганаар батласан Хөдөлмөр эрхлэлтэд тавигдах үндсэн зарчим, эрх болон түүний мөрөөр авах арга хэмжээний тухай Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын тунхаглалыг үндэслэж,
хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн зарим нь Албадан хөдөлмөр эрхлүүлэх тухай 1930 оны конвенц, Боолчлол, боолын худалдаа, боолчлолтой төстэй харилцаа, дадлыг устгах тухай 1956 оны Нэгдсэн Үндэстний Байгууллагын нэмэлт конвенц зэрэг олон улсын бусад баримт бичигт тусгагдсаныг үндэслэж,
Чуулганы хэлэлцэх хэргийн 4 дэх асуудал болох хүүхдийн хөдөлмөрийн талаархи тодорхой саналыг батлахаар шийдвэрлэж,
эдгээр саналыг олон улсын конвенцийн хэлбэрээр гаргахаар тогтож,
дараахь Конвенцийг Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай 1999 оны конвенц хэмээн нэрлэхээр тогтож, нэг мянга есөн зуун ерэн есөн оны зургаадугаар сарын арван долооны өдөр батлав:
1 дүгээр зүйл
Энэхүү Конвенцийг соёрхон баталж буй гишүүн улс бүр хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг хориглох, устгахад чиглэсэн үр дүнтэй арга хэмжээ нэн даруй авч хэрэгжүүлнэ.
2 дугаар зүйл
Энэхүү Конвенцийн зорилгод нийцүүлэн “хүүхэд” гэсэн нэр томъёо нь 18 насанд хүрээгүй бүх хүнд хамаарна.
3 дугаар зүйл
Энэхүү Конвенцийн зорилгод нийцүүлэн “хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр” гэдэгт:
(а) боолчлолын бүх хэлбэр болон хүүхдийг худалдах, дамжуулан худалдах, өрийн төлөөс, хамжлагын албат болгох, хүчээр буюу албадан хөдөлмөрлүүлэх, түүний дотор зэвсэгт мөргөлдөөнд ашиглах зорилгоор хүчээр буюу албадан оролцуулах зэрэг боолчлолтой төстэй дараахь үйл ажиллагаа хамаарна:
(b) хүүхдийг биеэ үнэлэх, садар самуун сурталчилгааны үйлдвэрлэл буюу садар самуун үзүүлбэрт ашиглах, зуучлах, санал болгох;
(c) олон улсын холбогдох гэрээнд тодорхойлсноор хүүхдийг мансууруулах бодис үйлдвэрлэх, хил дамжуулан худалдах зэрэг хууль бус үйл ажиллагаанд ашиглах, зуучлах, санал болгох;
(d) ажлын шинж чанар, түүнийг гүйцэтгэх нөхцөл нь хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, ёс суртахуунд хор нөлөө үзүүлэх ажил.
4 дүгээр зүйл
1. 3 дугаар зүйлийн (d) дэд хэсэгт заасан ажлын төрлийг холбогдох олон улсын хэм хэмжээ, ялангуяа Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай 1999 оны зөвлөмжийн 3, 4 дэх хэсгийн заалтыг харгалзан үзсэний үндсэн дээр үндэсний хууль тогтоомжоор, эсхүл ажил олгогч болон ажилчдын байгууллагатай зөвшилцсөний дараа эрх бүхий байгууллагаас тогтооно.
2. Эрх бүхий байгууллага ажил олгогч болон ажилчдын байгууллагатай зөвшилцсөний дараагаар тогтсон ажлын төрлүүд байгаа газрыг тогтооно.
3. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тогтоосон ажлын төрлүүдийн жагсаалтыг үе үе хянаж, шаардлагатай бол ажил олгогч болон ажилчдын байгууллагатай зөвшилцөн өөрчлөлт оруулна.
5 дугаар зүйл
Гишүүн улс бүр ажил олгогч болон ажилчдын байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр энэхүү Конвенцийн хэрэгжилтэд хяналт тавих зохистой арга хэрэгслийг бүрдүүлэх буюу бий болгоно.
6 дугаар зүйл
1. Гишүүн улс бүр хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг нэн тэргүүнд устгахад чиглэсэн үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлнэ.
2. Үйл ажиллагааны хөтөлбөрийг холбогдох төрийн байгууллага, ажил олгогч болон ажилчдын байгууллагатай зөвшилцөн, бусад зохих бүлгийн санал бодлыг харгалзан боловсруулах буюу хэрэгжүүлнэ.
7 дугаар зүйл
1. Гишүүн улс бүр энэхүү Конвенцийн заалтуудыг үр дүнтэй хэрэгжүүлэх, биелэлтийг хангахад чиглэсэн шаардлагатай бүхий л арга хэмжээ, түүний дотор эрүүгийн ял шийтгэл, зохих тохиолдолд бусад шийтгэл бий болгох болон хэрэглэх арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.
2. Гишүүн улс бүр хүүхдийн хөдөлмөрийг устгахад боловсролын ач холбогдлыг анхаарч, тогтоосон хугацаанд үр нөлөөтэй хэрэгжүүлэх дараахь зорилгоор арга хэмжээ авч хэрэгжүүлнэ:
(а) хүүхэд тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөр эрхлэхээс сэргийлэх;
(b) тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөрөөс хүүхдийг хөндийрүүлэх, тэднийг нийгмийн амьдралд дасгах болон оруулахад чиглэсэн шаардлагатай бөгөөд зохистой туслалцааг шууд үзүүлэх;
(c) тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөрөөс хөндийрүүлсэн бүх хүүхдэд суурь боловсролыг үнэ төлбөргүй олгох, боломжтой бөгөөд зохих тохиолдолд тэднийг мэргэжлийн сургалтанд хамруулах;
(d) тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөр эрхлэх онцгой эрсдэлтэй хүүхдүүдийг илрүүлэн тогтоож, тэдэнтэй тулж ажиллах; түүнчлэн
(e) охидын онцгой нөхцөл байдлыг харгалзан үзэх.
3. Гишүүн улс бүр энэхүү Конвенцийн заалтыг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн эрх бүхий байгууллагыг томилно.
8 дугаар зүйл
Гишүүн улсууд энэхүү Конвенцийн заалтыг хэрэгжүүлэхэд олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх болон нийгэм, эдийн засгийн хөгжил, ядуурлыг арилгах хөтөлбөр, бүх нийтэд боловсрол олгох чиглэлээр дэмжлэг үзүүлэх замаар харилцан туслалцаа үзүүлэх зохистой арга хэмжээ авна.
9 дүгээр зүйл
Энэхүү Конвенцийг соёрхон батласан тухай батламж жуух бичгийг Олон улсын хөдөлмөрийн товчооны Ерөнхий захиралд хүргүүлж бүртгүүлнэ.
10 дугаар зүйл
1. Конвенцийг соёрхон батласан тухай батламж жуух бичгийг Олон улсын хөдөлмөрийн товчооны Ерөнхий захирал хүлээн авч бүртгэсэн Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын гишүүн улсад энэхүү Конвенцийг заавал дагаж мөрдөнө.
2. Гишүүн хоёр улсын Конвенцийг соёрхон батласан тухай батламж жуух бичгийг Ерөнхий захирал бүртгэсэн өдрөөс хойш арван хоёр сарын дараа энэхүү Конвенц хүчин төгөлдөр болно.
3. Түүний дараа, аливаа гишүүн улсын хувьд соёрхон батласан тухай батламж жуух бичгийг бүртгэснээс хойш арван хоёр сарын дараа хүчин төгөлдөр болно.
11 дүгээр зүйл
1. Энэхүү Конвенцийг соёрхон батласан гишүүн улс түүнийг анх хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш арван жил өнгөрсний дараа цуцлах тухай хүсэлтээ Олон улсын хөдөлмөрийн товчооны Ерөнхий захиралд илгээн бүртгүүлснээр цуцалж болно. Цуцлах тухай хүсэлтийг бүртгэснээс хойш нэг жил өнгөрсний дараа Конвенцийг цуцалсанд тооцно.
2. Энэхүү Конвенцийг соёрхон батласан гишүүн улс нь өмнөх хэсэгт дурдсан арван жилийн хугацаа дууссаны дараагийн нэг жилийн дотор энэ зүйлд заасан Конвенцийг цуцлах тухай эрхээ хэрэгжүүлээгүй бол Конвенцийг дараагийн арван жилийн хугацаанд дагаж мөрдөх бөгөөд цаашид Конвенцийг цуцлах тухай асуудлыг энэ зүйлд заасан нөхцлийн дагуу арван жилийн хугацаа дуусах тутамд авч үзэж болно.
12 дугаар зүйл
1. Олон улсын хөдөлмөрийн товчооны Ерөнхий захирал нь Конвенцийг соёрхон батласан болон түүнийг цуцалж буй тухай Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын гишүүн улсаас ирүүлсэн бүх батламж жуух бичгийг бүртгэн авсан талаар Байгууллагын гишүүн орнуудад мэдээлж байна.
2. Ерөнхий захирал нь Конвенцийг соёрхон батласан тухай хоёр дахь улсын батламж жуух бичгийг хүлээн авч бүртгэсэн тухайг Байгууллагын гишүүн орнуудад мэдээлэхийн хамт Байгууллагын гишүүн орнуудын анхаарлыг Конвенцийн хүчин төгөлдөр болох хугацаанд хандуулна.
13 дугаар зүйл
1. Олон улсын хөдөлмөрийн товчооны Ерөнхий захирал нь өмнөх зүйлүүдэд заасны дагуу бүртгэсэн, Конвенцийг соёрхон батласан тухай батламж жуух бичиг болон цуцлах тухай хүсэлтийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн 102 дугаар зүйлийн дагуу бүртгүүлэхээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хүргүүлнэ.
14 дүгээр зүйл
Олон улсын хөдөлмөрийн товчооны Захиргааны зөвлөл шаардлагатай гэж үзвэл энэхүү конвенцийг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаархи тайланг Ерөнхий Бага хурлаар хэлэлцүүлж, Конвенцийг бүхэлд нь буюу түүний зарим хэсгийг хянан өөрчлөх тухай асуудлыг Бага хурлын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд оруулах эсэхийг шийдвэрлэнэ.
15 дугаар зүйл
1. Бага хурлаас энэхүү конвенцийг бүхэлд нь буюу түүний зарим хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулсан Конвенцийг батласан бөгөөд тэрхүү шинэ конвенцид өөрөөр заагаагүй бол:
(а) Гишүүн улс нэмэлт өөрчлөлт оруулсан Конвенцийг соёрхон батласан бөгөөд шинэ конвенц хүчин төгөлдөр болохоор хүлээгдэж байгаа бол 11 дүгээр зүйлийн заалтаас үл хамаарч энэхүү Конвенц шууд хүчин төгөлдөр бус болсонд тооцогдоно;
(b) Нэмэлт өөрчлөлт оруулсан Конвенц хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн энэхүү Конвенцийг гишүүн орнууд соёрхон батлахгүй.
2. Энэхүү Конвенц түүнийг соёрхон батласан бөгөөд нэмэлт өөрчлөлт оруулсан конвенцийг батлаагүй гишүүн улсын хувьд ямар ч тохиолдолд анхны хэлбэр, агуулгаараа хүчин төгөлдөр үйлчилнэ.
16 дугаар зүйл
Энэхүү Конвенцийн англи, франц хэлээр үйлдсэн эх бичвэрүүд адил хүчинтэй байна.