A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 187

Улаанбаатар хот

ТӨВ, СУУРИН ГАЗРЫН 2017 ОНЫ ӨВЛИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 5.1.4, 9.1.17-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Түлш, эрчим хүч, уул уурхай, газрын тос болон боловсрол, эрүүл мэнд, зам, тээвэр, харилцаа холбоо, орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллагын 2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний сайд П.Ганхүү, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

2.Бүх шатны сургууль, цэцэрлэгийн 2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллан хичээлийн болон дотуур байр, цэцэрлэгийн барилгын засвар, өргөтгөлийг хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө дуусгах арга хэмжээ авахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Г.Чулуунбаатар, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

3.Эрчим хүчний үйлдвэр, компаниудын 2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд үндсэн болон туслах тоноглолын засвар, хөрөнгө оруулалт, техник зохион байгуулалтын арга хэмжээ авч, нүүрс нөөцлөх, түлш, шатахуун татан авах ажлыг төлөвлөгөө, хуваарийн дагуу зохион байгуулж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний сайд П.Ганхүү, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

4.Аймгийн төв, суурин газар болон нийслэлийн орон сууц, нийтийн аж ахуйн байгууллагын 2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөөний дагуу ус хангамж, ариутгах татуургын системд их болон урсгал засвар хийж, угаалга, туршилт, тохируулгын ажлыг 2017 оны 9 дүгээр сарын 1-ний дотор хийж дуусгахыг Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

5.Дулааны цахилгаан станц, дулааны станцуудын 2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нүүрс тээвэрлэх, нөөцлөх хуваарь гарган 20-иос доошгүй хоногийн нөөц бүрдүүлж, нүүрс тээвэрлэлтийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах зэрэг арга хэмжээ авч ажиллахыг Эрчим хүчний сайд П.Ганхүү, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат нарт даалгасугай.

6.Дараах арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Эрчим хүчний сайд П.Ганхүү нарт даалгасугай:

6.1.энэ тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан эрчим хүчний үйлдвэр, компаниудад 2018 онд шаардагдах татаасын тооцоог хянаж, Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгуулан санхүүжүүлэх;

6.2. 2017 оны өвлийн их ачааллын үеийн "Нүүрсний аюулгүйн нөөц" бүрдүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрт зориулан 12.2 (арван хоёр тэрбум хоёр зуун сая) тэрбум төгрөгийн төсвийн зээлийг дулааны цахилгаан станцуудад олгох;

6.3.Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд хийгдэх техникийн өргөтгөл, шинэчлэлийн ажилд шаардагдах энэ тогтоолын 2 дугаар хавсралтад заасан хөрөнгийн тооцоог хянаж гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх асуудлыг судлан шийдвэрлэх;

6.4."Багануурын дулааны станц" ТӨХК-ийн техникийн ус хангамжийн шинэчлэлийн ажилд шаардагдах 5,893.6 (таван тэрбум найман зуун ерэн гурван сая зургаан зуун мянган) сая төгрөгийг Монгол Улсын 2017 оны төсвийн тодотгол, 2018 оны төсвийн төсөлд тусгуулан санхүүжүүлж, уг ажлыг хугацаанд нь хийж дуусгах.

7."Багануур" ХК, "Шивээ-Овоо" ХК-ийн үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг хангахад хүрэлцэхүйц хэмжээний дизель түлш, шатахууны нөөц бүрдүүлэн уурхайн хөрс хуулалт, их засварын ажлыг хугацаанд нь хийж дуусган, авахад бэлэн нүүрсний нөөцийг хэвийн хэмжээнд байлгах талаар холбогдох арга хэмжээ авахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Эрчим хүчний сайд П.Ганхүү, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт нарт даалгасугай.

8.Газрын тосны бүтээгдэхүүний 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээний нөөц бүрдүүлэх талаар холбогдох арга хэмжээ авч, намрын ургац хураалт, уринш боловсруулалтын үед шатахуунаар тасралтгүй хангах ажлыг зохион байгуулахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн нарт даалгасугай.

9. 2018 онд газрын тосны бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх тусгай зөвшөөрөл бүхий компанийн жагсаалт, нөөц бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг 2017 оны 9 дүгээр сард багтаан батлуулахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржид даалгасугай.

10.Дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатад даалгасугай:

10.1.цаг агаарын хүндрэлтэй үед улсын чанартай авто зам, замын байгууламжид эвдрэл гарч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахаас урьдчилан сэргийлэх, автотээврийн хэрэгсэл саадгүй нэвтрэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор авто замын засвар, арчлалтын ажлын чанарыг сайжруулан тогтмолжуулах, ургац тээвэрлэхэд ашиглах зам, гүүрийн засварын ажлыг хугацаанд нь гүйцэтгүүлэн дуусгах, гарсан эвдрэл, гэмтлийг шуурхай засварлаж байх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах;

10.2.иргэний нисэхийн салбар (нисэх онгоцны буудал, харьяа албад)-ын өвөлжилтийн бэлтгэл болон нислэгийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч, шинэ нисэх буудлын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд улсын төсвийн хөрөнгөөр барьж байгаа барилга угсралтын ажлыг хүйтний улирал эхлэхээс өмнө хугацаанд нь дуусгах;

10.3.төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэн тодорхой нөөцтэй байлгах, засвар, үйлчилгээг хугацаанд нь чанартай хийж, нүүрс тээвэрлэлтийн вагон хангамжийг сайжруулах.

11.Дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Нийслэлийн Засаг дарга С.Батболдод даалгасугай:

11.1.нийтийн тээврийн хэрэгсэл, гараажийн засвар, дулаалгыг хугацаанд нь чанартай хийж, сэлбэг хэрэгсэл болон өвлийн улирлын шатахуун, тослох материалыг зохих хэмжээнд нөөцөлж, иргэдэд найдвартай үйлчлэх нөхцөлийг бүрдүүлэх;

11.2."Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар" ОНӨААТҮГ болон түүний харьяа "Түгээх төв", "Хэрэглэгчдэд үйлчлэх төв"-ийн ажлын уялдаа холбоог сайжруулж бие даасан байдлыг хангуулах, шуурхай ажиллагааны нэгдсэн удирдлагын тогтолцоог бий болгох зорилгоор тус газрын одоогийн бүтэц зохион байгуулалтыг өөрчлөн боловсронгуй болгох арга хэмжээ авч танилцуулах.

12.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж, өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцыг сар бүр танилцуулж байхыг Эрчим хүчний сайд П.Ганхүүд, нэгдсэн дүнг 2017 оны 9 дүгээр сарын 15-ны дотор багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатад тус тус даалгасугай.

13.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төв суурин газрын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 338 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТ

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД П.ГАНХҮҮ