Хэвлэх DOC Татаж авах
МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН БОДЛОГЫН ТУХАЙ 122 ДУГААР ЗӨВЛӨМЖ

1964 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Женев хот



Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Ерөнхий Бага Хурал нь,
Олон улсын хөдөлмөрийн товчооны Захиргааны зөвлөлөөс 1964 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Женев хотноо зарлан хуралдуулсан 48 дахь удаагийн Чуулганаараа,
Филадельфийн тунхаглал нь Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага нь бүх хүнийг ажлаар хангах хийгээд тэдний амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөрийг дэлхийн бүх улс үндэстний дунд түгээн хэрэгжүүлэх хүндтэй үүрэг хүлээснийг хүлээн зөвшөөрч байгааг болон Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын дүрмийн удиртгал хэсэгт ажилгүйдэлтэй тэмцэх, амьдралын хэвийн боломжит нөхцлөөр хангах, цалин хөлсийг баталгаажуулахын чухлыг онцлон заасан байдгийг иш үндэс болгон,
Филадельфийн тунхаглалд “Бүх хүн арьс өнгө, шашин шүтлэг болон хүйс харгалзахгүйгээр эрх чөлөө, нэр төр, эдийн засгийн аюулгүй байдал болон адил тэгш боломжийн үндсэн дээр өөрсдийн материаллаг баялаг болон оюуны хөгжлөө хангах эрхтэй" гэж тунхаглан зарласан хөдөлмөр эрхлэлтийн үндсэн бодлоготой уялдуулан эдийн засаг, санхүүгийн бодлогыг судлах, хянах үүргийг Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага хүлээсэн болохыг тэмдэглэн,
Хүний эрхийн түгээмэл тунхаглалд “Хүн бүр хөдөлмөр эрхлэх, ажлаа чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн шударга, тааламжтай нөхцлөөр хангагдах хийгээд ажилгүйдлийн эсрэг найдвартай хамгаалагдах эрхтэй” болохыг тодорхой заасныг анхаарч, хөдөлмөр эрхлэлтийн бодлоготой шууд холбоотой одоо мөрдөгдөж буй олон улсын конвенциуд болон зөвлөмжүүд, тухайлбал Хөдөлмөр эрхлэлтийн албаны тухай 1948 оны конвенц, зөвлөмж, Мэргэжлийн чиг баримжааны тухай 1949 оны зөвлөмж, Мэргэжлийн сургалтын тухай 1962 оны зөвлөмж хийгээд Хөдөлмөр эрхлэлт, ажил мэргэжлээр алагчилахгүй байх тухай 1958 оны конвенц болон зөвлөмжийг анхааралдаа авч, эдгээр баримт бичигт тодорхойлсон бүрэн, үр бүтээлтэй болон чөлөөтэй сонгогдох хөдөлмөр эрхлэлтийн тулгуур зарчмыг үндэслэн эдийн засгийг хөгжүүлэх олон улсын хөтөлбөрийн хүрээнд хамруулахын зохистойг анхаарч,
Чуулганы хэлэлцэх хэргийн төлөвлөгөөний найм дахь асуудал болсон хөдөлмөр эрхлэлтийн бодлоготой холбогдсон тодорхой саналуудыг хэлэлцэж, тэдгээрийг зөвлөмжийн хэлбэрээр шийдвэрлэхээр тогтож,
нэг мянга есөн зуун жаран дөрвөн оны долдугаар сарын есний энэ өдөр доорхи зөвлөмжийг Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын тухай зөвлөмж хэмээн нэрлэхээр тогтож батлав:
I. ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН БОДЛОГЫН ЗОРИЛГО
1. 1) Эдийн засгийн өсөлт хөгжилтийг түргэтгэх, амьжиргааны түвшинг дээшлүүлэх, ажиллах хүчний эрэлт хэрэгцээг хангах болон ажилгүйдэл, бүрэн бус хөдөлмөр эрхлэлтийг устгах зорилгоор гишүүн орон бүр бүрэн, үр бүтээлтэй чөлөөтэй сонгогдох хөдөлмөр эрхлэлтийг бий болгох гол зорилго бүхий идэвхтэй бодлого боловсруулж хэрэгжүүлбэл зохино.
2) Энэ бодлогын зорилт нь:
(а) ажил эрж байгаа болон ажил хийх чадвартай хүн бүрийг ажлаар хангах;
(b) хөдөлмөр эрхлэлт нь аль болох үр бүтээлтэй, өгөөжтэй байх;
(c) үндэс угсаа, арьс өнгө, хүйс, шашин шүтлэг, улс төрийн үзэл бодол болон нийгмийн гарал үүслээс үл шалтгаалан ажлаа чөлөөтэй сонгох, сурсан мэдлэг авьяас чадвараа өөрт тохирсон ажлыг гүйцэтгэхэд ашиглах өргөн боломжоор хүн бүрийг хангах явдал болно.
3) Энэхүү бодлого нь эдийн засгийн хөгжлийн түвшин, үе шат болон ажил эрхлэлтийн салбарын зорилго, эдийн засаг, нийгмийн бусад зорилтуудын харилцан уялдааг харгалзах ба үндэсний онцлог, нөхцөл байдалд нийцсэн арга замаар хэрэгжвэл зохино.
II. ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН БОДЛОГЫН ЕРӨНХИЙ ЗАРЧИМ
2. Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын зорилтыг тодорхой томъёолж, өргөн нийтэд сурталчлах бөгөөд болж өгвөл эдийн засгийн өсөлт ба хөдөлмөр эрхлэлтийн салбар дахь хяналтын тоогоор илэрхийлсэн байвал зохино.
3. Хүний нөөц бололцоог хөгжүүлж бүрэн дүүрэн ашиглахад чиглэсэн бодлогыг боловсруулахад ажил олгогч болон ажилчдын төлөөлөгчид тэдгээрийн байгууллагуудтай зөвшилцөх ба тэдний хамтын ажиллагааг салбар болон үндэсний түвшин дэх хамтын ажиллагааны тухай 1960 оны Зөвлөмжийн зарчмын хүрээнд дээрх бодлогыг хэрэгжүүлэхэд чиглүүлэхийг зорино.
4. 1) Хөдөлмөр эрхлэлтийн бодлого нь ажиллах хүч, хөдөлмөр эрхлэлт, ажилгүйдэл болон бүрэн бус хөдөлмөр эрхлэлтийн цар хэмжээ, хуваарилалтын одоогийн болон ирээдүйн байдлыг тусгасан судалгаан дээр үндэслэсэн байвал зохино.
2) Статистикийн тоо баримт цуглуулах, шинжилгээ судалгаа хийх болон гарсан үр дүнг нь тараан сурталчлахад хангалттай хөрөнгө гаргадаг байвал зохино.
5. 1) Гишүүн орон бүр боловсрол, мэргэжлийн чиг баримжаа, мэргэжлийн сургалт, эрүүл мэнд ба орон сууцны хангамжийн үйлчилгээ үзүүлэх замаар хүний боломж чадавхийг бүрэн хөгжүүлэх ба үйлдвэрлэлийн хэрэгслийг бүрдүүлэхийн ач холбогдлыг хүлээн зөвшөөрч, энэхүү зорилгоор гаргасан зардлын тайлан тэнцлийг хангаж, зохицуулах ёстой.
2) Гишүүн орон бүр нь ажилчид, ялангуяа залуу ажилчид түүнчлэн шинээр ажилд орж байгаа хүмүүст таарч тохирсон, үр бүтээлтэй ажил олгох болон эдийн засгийн өөрчлөлтийн шаардлагад зохицож ажиллахад нь тусална.
3) Энэ хэсгийн заалтыг хэрэгжүүлэхдээ Мэргэжлийн чиг баримжааны тухай 1949 оны зөвлөмж, Мэргэжлийн сургалтын тухай 1962 оны зөвлөмж болон Хөдөлмөр эрхлэлтийн албаны тухай 1948 оны конвенц, зөвлөмжийн заалтыг харгалзан үзвэл зохино.
6. 1) Хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг эдийн засаг, нийгмийн ерөнхий бодлогод, тухайлбал эдийн засгийн төлөвлөлт, тухайн оронд бодлого хэрэгжүүлэх хэрэгсэл хэмээн үздэг хөтөлбөрүүдийг боловсруулах явдалтай нийцүүлэн уялдуулах бөгөөд хөдөлмөр эрхлэлтийн бодлого нь энэхүү ерөнхий бодлогын хүрээнд хэрэгжүүлбэл зохино.
2) Гишүүн орон бүр нь ажил олгогч, ажилчид, тэдний байгууллагуудтай хэлцэн зөвшилцсөн болон тэдний бие даасан байдал, холбогдох салбаруудад гүйцэтгэх үүргийг нь харгалзан үзсэний үндсэн дээр хөдөлмөр эрхлэлтийн бодлогын талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн болон эдийн засаг нийгмийн бодлогын салбарт хэрэгжүүлж буй бусад шийдвэрүүдийн хоорондын харилцаа холбоог сайжруулах үүднээс хяналт тавих ёстой.
7. 1) Хөдөлмөр эрхлэхэд бэлэн бөгөөд ажил эрж байгаа хүмүүс тодорхой богино хугацаанд ажил олгох боломжгүй тохиолдолд тэдний хэрэгцээ шаардлагыг яаж биелүүлэх тухай тайлбарласан нийтэд зориулсан мэдэгдлийг Засгийн Газраас гаргана.
2) Гишүүн орон бүр нь өөрийн бүх нөөц бололцоо, эдийн засгийн хөгжлийн түвшинд тулгуурлан, мөн нийгмийн хамгааллын тухай олон улсын хэм хэмжээ энэхүү Зөвлөмжийн 5 дугаар хэсгийн заалтыг харгалзан, ажил эрхлээгүй буюу цагийн ажил эрхэлж буй хүмүүсийн төдийгүй тэдний гэр бүлийнхний үндсэн хэрэгцээ шаардлагыг хангах, түүнчлэн цаашид үр ашигтай ажил эрхлэх боломж бүрдүүлэх дасгах зорилгоор тэднийг ажил эрхлээгүй байгаа хугацааных нь туршид туслалцаа дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.
III. ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХ НИЙТЛЭГ БОЛОН ТОДОРХОЙ АРГА ХЭМЖЭЭ
Ерөнхий хандлага
8. Эдийн засгийн идэвхжилтийн нийтлэг үндэслэл, бүтцийн өөрчлөлт, ялангуяа эдийн засгийн идэвхжилтийн хангалтгүй түвшний улмаас урган гардаг хөдөлмөр эрхлэлтийн асуудлуудыг дараахь замаар шийдвэрлэж болно:
(а) эдийн засгийн бодлогын хүрээн дэх ерөнхий арга хэмжээнүүд;
(b) тухайн ажилчдын эсхүл ажилчдын бүлгүүдийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой тусгайлсан тодорхой арга хэмжээнүүд.
9. Сонгож хэрэгжүүлэх арга хэмжээ, хэрэгжилтийн үе шат нь ажилгүйдлийн шинж төрх, учир шалтгааныг илрүүлэх чиглэлээр хийгдсэн нарийн судалгаан дээр тулгуурласан байвал зохино.
Урт хугацааны туршид хэрэгжүүлэх ерөнхий арга хэмжээнүүд
10. Эдийн засгийн нийтлэг зорилт, арга хэмжээнүүд нь хөдөлмөр эрхлэлтийн талаар явуулж буй тусгай арга хэмжээнүүдийг амжилттай хэрэгжүүлэх хамгийн тааламжтай нөхцлийг бүрдүүлдэг эдийн засгийн тогтвортой үргэлжилсэн өсөлтийг хангахад чиглэсэн байна.
Богино хугацааны туршид хэрэгжүүлэх ерөнхий арга хэмжээнүүд
11. 1) Эдийн засгийн буурай түвшинтэй холбоотойгоор урган гарч ирдэг ажилгүйдэл болон хагас ажил эрхлэлтээс сэрэмжлэх, түүнчлэн хөдөлмөрийн зах зээл дэх тэнцвэрт бус байдалтай уялдсан үнэ, ханшны өсөлтийн нөлөөг бууруулахад богино хугацааны арга хэмжээг боловсруулан хэрэгжүүлбэл зохино.
Эдгээр үзэгдэл байгаа эсхүл гарч болох тохиолдолд хувийн хэрэглээ, хувийн хөрөнгө оруулалт эсхүл Засгийн газрын тухайн үеийн зарлага, Засгийн газрын хөрөнгө оруулалтыг дээшлүүлэх, шаардлагатай үед бууруулахад чиглэсэн арга хэмжээ авна.
2) Эдийн засгийн уналт, инфляци болон тогтвортой байдлыг алдагдуулж болох бусад үзэгдлийг таслан зогсооход чиглэсэн арга хэмжээ, түүнийг хэрэгжүүлэх хугацааг тодорхойлохын ач холбогдлыг харгалзан Засгийн газар үндэсний хууль тогтоомжийн дагуу тэдгээр арга хэмжээнүүдийг богино хугацаанд авч хэрэгжүүлэх эсхүл тэдгээрийг өөрчлөн зохион байгуулах эрхээр хангагдсан байна.
Тусгай арга хэмжээнүүд
12. Хөдөлмөр эрхлэлтэд гарч буй улирлын чанартай өөрчлөлтийг гаргуулахгүй байх талаар зохих арга хэмжээнүүдийг төлөвлөн хэрэгжүүлэх шаардлагатай. Тухайлбал, улирлын чанартай хөдөлмөр эрхэлж буй ажилчдын үйлчилгээ, бүтээгдэхүүний эрэлтийг жилийн туршид тэнцвэртэй хуваарилах талаар болон тэдгээр ажилчдад нэмэлт ажил олж өгөх талаар хүчин чармайлт гаргавал зохино.
13. 1) Бүтцийн өөрчлөлтийн улмаас бий болох ажилгүйдэл, хагас ажилгүйдлийн эхлэлт, өсөлтөөс урьдчилан сэргийлэх болон богино хугацааны өөрчлөлтөд үйлдвэрлэл, ажил эрхлэлтийг зохицуулан уялдуулах явдлыг хөнгөвчлөх талаар арга хэмжээ боловсруулан хэрэгжүүлнэ.
2) Энэхүү зөвлөмжийн зорилгод тусгагдсан “бүтцийн өөрчлөлт” гэсэн нэр томъёо нь эрэлт хэрэгцээг өөрчлөх үндэсний буюу гадаадын хангамжийн шинэ эх үүсвэрийг бий болгох, импортын болон харьцангуй хямд зардлаар бүтээгдсэн барааг оролцуулахыг хэлнэ. Үүнд: үйлдвэрлэлийн шинэ техник нэвтрүүлэх замаар ажиллах хүчний тоо хэмжээнд өөрчлөлт гарсан зэрэг урт хугацааны болон мэдэгдэхүйц хэмжээний өөрчлөлтийг илэрхийлнэ.
3) Бүтцийн өөрчлөлтийг харгалзан түүнд зохицуулах зорилгоор авах арга хэмжээнүүдийн үндсэн зорилго нь:
(а) эдийн засгийн болон техникийн дэвшлээс аль болох их ашиг олж авах;
(b) бүтцийн өөрчлөлтөд өртсөн хүн амын бүлэг, эсхүл тусгайлан анхаарч үзэх бүлэг хүмүүсийг санхүүгийн болон бусад хүндрэлээс хамгаалахад чиглэнэ.
14. 1) Энэхүү зорилгын үүднээс болон үйлдвэрлэлийг бууруулахад хүргэдэг ажлын орон тоо бүрдүүлэлтийг удаашруулахаас сэргийлэх зорилгоор гишүүн орон бүр шинэ ажил олох, түүнд дасан зохицоход нь ажилчдад туслах зорилго бүхий хөтөлбөрүүдийг боловсруулан зохих түвшинд санхүүжүүлэн хэрэгжүүлбэл зохино.
2) Ийм хөтөлбөрүүд нь:
(а) Хөдөлмөр эрхлэлтийн албаны тухай 1948 оны конвенц, зөвлөмжийн заалтуудад нийцүүлэн хөдөлмөр эрхлэлтийн үр ашигтай албадын үйл ажиллагааг зохион байгуулах;
(b) Мэргэжлийн сургалтын тухай 1962 оны зөвлөмжийн заалтуудад нийцүүлэн урт удаан хугацааны туршид ажиллах явцдаа мэргэжлээ боловсронгуй болгоход шаардлагатай мэдлэг чадварыг олж авахад нь ажилчдад туслах боломжийг бүрдүүлэх мэргэжлийн сургалт, давтан сургалтыг зохион байгуулах ба дэмжих;
(c) Ажил эрхлэх боломж байгаа газруудад орон сууц олгох, нийгмийн болон ахуй үйлчилгээний бусад хэлбэрийг бий болгох, ажилчид, тэдний асрамж, халамжид байгаа хүмүүсийг шилжин нүүхэд нь ажил олгочид эсхүл төрийн зүгээс хөрөнгө мөнгө санхүүгийн тусламж үзүүлэх замаар орон сууцны бодлогыг хөдөлмөр эрхлэлтийн бодлоготой нягт уялдуулах.
15. Онцгой асуудлууд, зарим орнуудад тавигдаж буй залуучуудын доторх ажилгүйдлийн хурц асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхэд онцгой анхаарал тавина. Хөдөлмөр эрхлэлтийн албаны тухай 1948 оны конвенц, зөвлөмж, Мэргэжлийн чиг баримжааны тухай 1949 оны зөвлөмж, Мэргэжлийн сургалтын тухай 1962 оны зөвлөмжид тусгагдсан залуучуудын талаар явуулах арга хэмжээг хэрэгжүүлэхдээ бүтцийн өөрчлөлтийн чиг хандлагыг харгалзан үзэх бөгөөд ингэснээр эдийн засгийн хувьсан өөрчлөгдөж буй байдал, хэрэгцээ шаардлагатай уялдуулан залуучуудын ур чадварыг хөгжүүлэх, ашиглах явдлыг хангана.
16. Өндөр настан, тахир дутуу хүмүүс зэрэг бүтцийн өөрчлөлт болон бусад шалтгаанаар онцгой хүндрэл бэрхшээлтэй тулгардаг, оршин суугаа газар, ажлын байршлаа солиход хүндрэлтэй хүмүүсийн тухайд тэдний онцлог хэрэгцээ шаардлагыг хангахад хүчин чармайлт тавьбал зохино.
17. Эдийн засгийн идэвхжлийг улс орон даяар зохистойгоор хуваарилж, бүх хөрөнгө нөөцийг үр ашигтайгаар ашиглах зорилгоор бүтцийн өөрчлөлтөд олон тооны ажилчид өртөж буй бүс нутаг, хөгжлөөр сул дорой орон нутгийн орлого, хөдөлмөр эрхлэлтэд онцгой анхаарал тавьбал зохино.
18. 1) Төлөвлөн тооцож байснаас илүү өргөн хүрээтэй бүтцийн өөрчлөлт гарсан үед энэ Зөвлөмжийн 13 болон 17 дугаар зүйлүүдэд заасан арга хэмжээнүүдийг тохиолдлын чанартай буюу түүнээс ч өргөн хүрээтэй гарч болох хямралаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдтэй хослуулан авч хэрэгжүүлнэ.
2) Дээрх тохиолдолд Засгийн газраас холбогдох бүх талтай хэлцэн зөвшилцсөний үндсэн дээр бүтцийн өөрчлөлтөд орсон үйлдвэрүүдийг уг өөрчлөлтөд зохицуулан хэвшүүлэх зорилго бүхий түр зуурын төдийгүй онцгой шинж чанартай нэн чухал арга замыг тодорхойлон авч үзвэл зохино.
19. Бүтцийн өөрчлөлтөд үйлдвэрлэл, хөдөлмөр эрхлэлтийн бодлого үйл ажиллагааг зохицуулан хэвшүүлэх ажлыг хөнгөвчлөх, өргөжүүлэх зорилго бүхий шаардлагатай арга механизмыг энэ Зөвлөмжийн 13, 18 дугаар зүйлд тусгагдсан асуудлуудтай холбоотойгоор хэрэгжүүлэх нөхцлийг бий болгоно.
20. 1) Технологийн дэвшил, үйлдвэрлэлийн өсөлттэй уялдаатайгаар амралт, чөлөөт цагийг уртасгаж, түргэвчилсэн журмаар боловсрол олгох мэргэжлийн сургалт явуулах боломж нэмэгддэгийг ажил эрхлэлтийн бодлогод анхааран авч үзэж байвал зохино.
2) Үндэсний нөхцөл бололцоо практик, түүнчлэн тодорхой салбарын үйлдвэрлэлийн үйл ажиллагааны нөхцөл байдалтай уялдсан арга замыг түүний давуу талыг зөв ашиглах чиглүүлэхэд хүчин чармайлт тавина. Ийм арга замууд нь:
(а) Ажлын цагийг богиносгох тухай 1962 оны зөвлөмжийн хүрээнд цалинг багасгахгүйгээр ажлын цагийг хорогдуулах;
(b) цалинтай амралтыг аль болох уртасгах;
(c) сайн боловсрол, сургалт эзэмшин мэргэжлийн чиг баримжаа олсны дараа аажмаар ажиллах хүчний эгнээнд орох зэрэг байж болно.
IV. ЭДИЙН ЗАСГИЙН СУЛ ДОРОЙ ХӨГЖИЛТЭЙ
УЯЛДАН ГАРДАГ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН АСУУДЛУУД
Хөрөнгө оруулалтын ба орлогын бодлого
21. Хөгжиж байгаа орнуудад ажил эрхлэлтийн бодлого нь үндэсний орлогын өсөлт болон түүнийг шудрагаар хуваарилах явдлыг өргөжүүлэх бодлогын салшгүй нэг хэсэг байвал зохино.
22. Гишүүн орнууд үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх үүднээс Үйлдвэрлэл болон үндэсний түвшинд хийх хэлцлийн тухай 1960 оны Зөвлөмжийн дагуу үндэсний эдийн засгийн хөгжлийн бодлого түүнчлэн нийгмийн бодлогын янз бүрийн асуудлуудыг боловсруулах, нэвтрүүлэхэд ажил олгогчид болон ажилчид, тэдний байгууллагуудыг идэвхтэй татан оролцуулах, саналыг нь тусгах талаар ажиллавал зохино.
23. 1) Хөрөнгө мөнгөнөөс болж ажил эрхлэлтийн боломж алдагдаж байгаа орнууд дотоодын хуримтлалаа өсгөхөөс гадна үндэсний тусгаар тогтнол, эдийн засгийн хараат бус байдалд хохирол учруулахгүйгээр гадаад орнуудаас болон олон улсын байгууллагуудаас санхүү, хөрөнгө мөнгөний нөөц орж ирэх явдлыг өөгшүүлэн дэмжих шаардлагатай арга хэмжээг авна.
2) Өөрийн дотоод нөөц бололцоогоо үр дүнтэй ариг гамтай зарцуулах хийгээд ажил эрхлэлтийг аль болох нэмэгдүүлэхийн тулд эдгээр орнууд нь хөрөнгө оруулалт, хөгжлийн талаархи бусад хүчин чармайлтаа бусад орнууд, ялангуяа бүс нутаг дахь орнуудтайгаа хорших, хамтран зохицуулах нь үр ашигтай.
Аж үйлдвэр дэх ажил эрхлэлтийг дэмжих
24. 1) Гишүүн орон бүр, удаан хугацааны туршид ажил эрхлэлтийг тогтвортой байлгах үүднээс, боломжтой түүхий эд, ажиллах хүчин дээр тулгуурласан, дотоодын болон гадаадын зах зээлийн өөрчлөгдөн буй эрэлт хэрэгцээг анхааран үзсэн, шаардлагатай судалгаа, орчин үеийн техник, технологид үндэслэсэн тийм л улсын ба хувийн үйлдвэрийг барьж байгуулах шаардлагыг илүү анхаарч үзвэл зохино.
2) Гишүүн орон бүр, эдийн засгаа тогтвортой байлгах үүднээс, өөрийн ажиллах хүчээ ашиглан хамгийн дээд бололцоогоор эцсийн бүтээгдэхүүн гаргадаг үйлдвэрлэлийн тийм хөгжлийн шатанд хүрэхийн төлөө бүх чармайлтыг тавих шаардлагатай.
3) Үр ашигтай, хямд өртөг бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бүс нутгийн эдийн засгийн тэнцвэртэй хөгжил эдийн засгийн хослолыг бий болгох арга хэмжээнд онцгой анхаарал тавих хэрэгтэй.
25. Орчин үеийн аж үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжихийн хажуугаар гишүүн орон бүр техникийн хэрэгцээг тооцсоноор ажил эрхлэлтийг өргөжүүлэх боломжийг дараахь арга замаар судлах үүрэгтэй:
(а) хөдөлмөрийн зардал их шаардсан бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг дэмжих, өргөжүүлэх;
(b) байгаа нөөц бололцоог илүү үр өгөөжтэй ашиглаж буй тохиолдолд, хөдөлмөр зарцуулалт ихтэй аргыг ихээр хэрэглэхийг дэмжих.
26. Дараахь зорилгоор арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй:
(а) дотоодын болон экспортын зах зээлийн хэрэгцээг хангахуйц хэмжээнд байгаа үйлдвэрлэлийн бий болсон хүчин чадлыг илүү бүрэн дүүрэн ашиглах явдлыг өргөжүүлэх, жишээлбэл: шөнийн ээлжинд ажиллагч хөдөлмөрчдийн ахуйн үйлчилгээний асуудлыг зохицуулах, тэрчлэн чухал дамжлага цэгүүдэд ажиллах ажилчдын тоо хүрэлцэхүйц хэмжээнд бэлтгэгдсэн байх шаардлагыг хангах мөн ажлын олон ээлжийн үр ашигтай зохион байгуулалтыг бэхжүүлэхийн тулд ажлын олон ээлжтэй илүү өргөн нэвтрүүлэх арга замыг хэрэглэх;
(b) эдийн засгийн хөгжилд саад тотгор үзүүлж болзошгүй давуу тал болон тийм арга хэмжээний нөлөөнд автагдахгүйгээр зах зээлийн нөхцөлд ажил эрхлэлтийг өргөжүүлэхийн тулд гар урлалын үйлдвэрлэл, жижиг үйлдвэрийн газрыг байгуулах, техникийн дэвшил, өөрчлөлтөд дасан зохицоход нь тэдэнд туслах зорилгоор аж үйлдвэрийн бүтээгдэхүүнд шинэ зах зээлийг хөгжүүлэх, том жижиг үйлдвэрийн газруудын хоорондын харилцаа холбоог үүсгэн бэхжүүлэх, хоршооллыг хөгжүүлэхийг дэмжиж урамшуулах хэрэгтэй.
Хөдөөгийн хөдөлмөр эрхлэлтийг дээшлүүлэх
27. 1) Хөдөөгийн бүс нутгуудад нь хагас ажилгүйдэл ихтэй улс орнуудын хувьд үндэсний нэгдсэн бодлого боловсруулахдаа хөдөө аж ахуйн секторт үр дүнтэй хөдөлмөр эрхлэлтийг бүрдүүлэх өргөн хүрээтэй хөтөлбөрт онцгой анхаарал хандуулж хүн амын сонирхлыг дээд зэргээр өрнүүлэх явдлыг техник зохион байгуулалтын арга хэмжээтэй хослуулан хэрэгжүүлэх нь чухал. Ийм хөтөлбөрийг хөдөө дэх хагас ажилгүйдлийн тархалт, байршил, шинж чанар, онцлогийн талаар хийгдсэн судалгаан дээр үндэслэнэ.
2) Хөдөөг хөгжүүлэхэд орон нутгийн ажиллах хүчийг илүү бүрэн дүүрэн ашиглаж, бүтээгдэхүүний чанар, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд хөдөөд нийгмийн таатай орчин нөхцөлд урамшууллыг бүрдүүлэх явдал гол зорилго байвал зохино.
3) Газар тариалан болон мал аж ахуйд үр бүтээлтэй ажил эрхлэлтийг өргөжүүлэхэд тусгайлан анхаарал тавина.
4) Хөдөө аж ахуйн секторт бүтээлч ажил эрхлэлтийг өргөжүүлэхэд чиглэгдсэн төрийн зүгээс хэрэгжүүлэх арга хэмжээнүүдэд: улс орны хэрэгцээ шаардлагад нийцүүлсэн газар тариаланд хийгдэх өөрчлөлт, газар эзэмшлийн талаархи өөрчлөлтийг оролцуулан газрын түрээсийн нөхцлийг сайжруулах, газрын татвар төлбөрийн талаархи өөрчлөлт, зээлийн хөрөнгийг өргөжүүлэх, үйлдвэрлэл, ахуй үйлчилгээний хүрээнд хоршооллын байгууллагын хөгжилд дэмжлэг үзүүлэх, худалдааг хөгжүүлэх зэрэг асуудлууд багтана.
Хүн амын өсөлт
28. Хүн ам нь хурдацтай өсөж байгаа орнууд, ялангуяа хүн амын хэт өсөлт эдийн засагт сөргөөр нөлөөлж буй улс орон, ажил эрхлэлтийг өргөжүүлэх боломж, ажиллах хүчний өсөлтийн хоорондын тэнцвэрийг оновчтойгоор зохицуулах эдийн засаг, нийгмийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлэхийн тулд хүн амын өсөлтөд эдийн засаг, нийгэм хийгээд хүн ам зүйн хүчин зүйлүүд хэрхэн нөлөөлж байгааг судалбал зохино.
V. АЖИЛ ОЛГОГЧ БОЛОН АЖИЛТАН ТЭДГЭЭРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ЗҮГЭЭС ЯВУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ
29. 1) Улсын болон хувийн секторын эзэд, ажилчид, тэдгээрийн байгууллагууд бүрэн, үр бүтээлтэй, чөлөөтэй сонгосон ажил хөдөлмөр эрхлэлтийг бий болгох зорилгод хүрэх явдлыг өргөжүүлэх бүхий л практик арга хэмжээнүүдийг авбал зохино.
2) Энэ хүрээнд дараахь арга хэмжээнүүдийг авна:
(а) ажил эрхлэлтэд гарч буй өөрчлөлтийг харилцан ашигтайгаар зохицуулахад эрх бүхий улсын байгууллагууд, хөдөлмөр эрхлэлтийн алба бусад холбогдох байгууллагуудтай аль болох эртнээс хэлцэн зөвшилцдөг байх;
(b) эдийн засаг, хөдөлмөр эрхлэлт болон техникийн хөгжилд илэрч байгаа чиг хандлагыг судлах, ажилчдын эрх ашиг, ажил эрхлэлтийг хамгаалах үйл ажиллагааг Засгийн газар, улсын болон хувийн байгууллагуудын зүгээс явуулахыг шаардлагатай цаг үед санал болгох;
(c) ажиллах хүчний газар зүйн болон мэргэжлийн онцлогтой холбоотой шилжилт хөдөлгөөний шаардлага, тусгай ажил мэргэжил, үйлдвэрлэл, бүс нутагт гарч байгаа хөдөлмөр эрхлэлтийн өөрчлөлт зэргийн шалтгааны талаарх, түүнчлэн эдийн засгийн байдлын талаархи өргөн ойлголтыг өргөжүүлэх;
(d) үндэсний тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдал хийгээд эвлэлдэн нэгдэх эрх чөлөөнд хор хөнөөл учруулахгүйгээр, улсын эдийн засгийн өсөлтөд нааштайгаар нөлөөлөхүйц дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх, дэмжих тийм уур амьсгалыг бий болгохын төлөө чармайх;
(e) сургалт, давтан сургалт явуулах бааз холбогдох санхүүжүүлэлтийн асуудлыг шийдвэрлэх;
(f) эзэд, ажилчид, тэдгээрийн байгууллагуудын зүгээс явуулж байгаа хууль эрхийн дагуух үйл ажиллагаанд хор хөнөөл үл учруулахуйц цалин хөлс, тэтгэлгийн бодлогыг бүрэн хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийн өсөлт, амжиргааны түвшинг тогтвортой байлгах, сайжруулах бодлого зорилготой уялдуулан явуулах.
(g) Хөдөлмөр эрхлэлт, ажил мэргэжлээр алагчилахгүй байх тухай 1958 оны конвенц, зөвлөмжийн заалтуудын дагуу ажил эрхлэлт мэргэжил дээр адил тэгшээр хандах зарчмыг хүндэтгэх зэрэг болно.
(h) хөдөлмөрчдийн байгууллага, тэдний төлөөлөгчидтэй тухайн үйлдвэрийн хэмжээнд хэлэлцэн зөвшилцөж, улс орны эдийн засаг нийгмийн байдалд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр, тэр үйлдвэр нь ажилгүйдлийг бий болгохгүй байх, ажилчдад шинэ ажил олоход нь туслах, боломжтой ажлын орон тоог нэмэгдүүлэх, ажилгүйдлээс үүдэн гарах сөрөг нөлөөг багасгах талаар арга хэмжээ авна.
Тийм арга хэмжээнүүд нь:
(а) үйлдвэрийн хүрээнд өөр ажил мэргэжилд сургах, дахин сургалт явуулах;
(b) үйлдвэрийн дотор ажилчдыг нэг ажлаас нөгөө ажилд шилжүүлэх;
(c) ээлжээр ажиллах явдлыг өргөжүүлэхэд саад болж байгаа бэрхшээлийг судлах, даван туулах;
(d) хөдөлмөр эрхлэлтийн хугацаа дуусгавар болох тухай 1963 оны зөвлөмжийг анхааран, хөдөлмөр эрхлэх хугацаа нь дуусгавар болж байгаа ажилчдад аль болох эрт энэ талаар мэдээлэл өгөх, мөн шаардлагатай мэдээллийг эрх мэдэл бүхий олон нийтийн байгууллага, удирдлагад өгөх, ажиллах хугацаа нь дуусгавар болж байгаа ажилчдын орлогыг хамгаалах талаар зарим мэдээллийг гаргах зэрэг байж болно.
VI. ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ЗОРИЛГЫГ ХАНГАХАД ЧИГЛЭГДСЭН
ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ АРГА ХЭМЖЭЭ
30. Засгийн газар хоорондын болон олон улсын байгууллагуудын тусламжтайгаар хөдөлмөр эрхлэлтийн талаархи зорилтыг хэрэгжүүлэх олон улсын үйл ажиллагаанд гишүүн байгууллагууд хамтарч ажиллана. Түүнчлэн тухайн улсын эдийн засгийн бодлогодоо бусад орны, хөгжиж байгаа аль нэгэн орон бусдынхаа хөдөлмөр эрхлэлтийн түвшин хийгээд эдийн засгийн тогтвортой байдал нь сөргөөр нөлөөлөх ямарваа арга хэмжээг авахаас зайлсхийнэ.
31. Байгууллагын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах хөшүүрэг болсон олон улсын худалдааг өргөжүүлэх бүхий л хүч чармайлтад зохих хувь нэмрээ оруулна.
32. 1) Үйлдвэржсэн орнууд өөрсдийн эдийн засгийн бодлого тэр дотроо эрэлт, хүсэлтийг өргөжүүлэх хамтын ажиллагааны асуудлаар бусад оронд, ялангуяа хөгжиж буй орнуудад хөдөлмөр эрхлэлтийг өргөжүүлэхийн зайлшгүй болохыг заавал харгалзан тооцож байвал зохино.
2) Тэдгээр орнууд, хөгжиж байгаа орнуудад үйлдвэрлэгдэж болох үйлдвэрийн, боловсруулсан болон хагас боловсруулсан, түүнчлэн анхан шатны зэрэг импортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх талаар, боломж гарсан үед аль болох түргэн арга хэмжээ авна. Энэ нь хөдөлмөр эрхлэлт, экспортыг харилцан нэмэгдүүлэх ач холбогдолтой.
33. Хөгжиж буй орнуудаас үйлдвэржсэн орнууд руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг оролцуулан, эдийн засгийн хэрэгцээ шаардлагатай уялдаатайгаар шилжин ирж байгаа буюу шилжин явж байгаа ажилчдын олон улсын шилжилт хөдөлгөөний асуудлыг хөдөлмөр эрхлэлттэй холбогдсон Шилжилт хөдөлгөөний тухай 1949 оны конвенц, зөвлөмж, Нийгмийн хамгааллын талаар адил тэгш хандах тухай 1962 оны конвенц (хянаж өөрчилсөн)-ийн холбогдох заалтуудын дагуу шийдвэрлэнэ.
34. 1) Хоёр буюу олон талын хэлэлцээрийн шугамаар техникийн хамтын ажиллагааг хэрэгжүүлэхэд хөдөлмөр эрхлэлтийн идэвхтэй бодлогыг хөгжүүлэх талаар онцгой анхаарал хандуулбал зохино.
2) Ийм зорилгод дараахь хамтын ажиллагааг хамруулна:
(а) ерөнхий хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөний салшгүй хэсэг болсон хөдөлмөр эрхлэлтийн талаархи бодлого, хөдөлмөр зохицуулах албадын талаар зөвөлөгөө өгөх,
(b) удирдах болон техникийн боловсон хүчнийг оруулснаар нутгийн мэргэжлийн хүмүүсийг бэлтгэх хэрэгт хамтран ажиллах зэрэг болно.
3) Сургалтын асуудалтай холбогдож техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрүүд нь: Тухайн хөгжиж байгаа улс орны болон түүний тодорхой бүсийн хэрэгцээг бодолцож боловсон хүчин бэлтгэх зохих хөрөнгө олгоход чиглэгдэнэ.
Тэрчлэн холбогдох тоног төхөөрөмж худалдан авч нийлүүлэхэд шаардагдах санхүүжилтийн асуудал ч тусгагдсан байвал зохино. Нэмэлт арга хэмжээний хүрээнд хөгжиж буй орнуудын иргэдийг аж үйлдвэр хөгжсөн оронд бэлтгэх боломж бүрдүүлэх асуудал хамрагдана.
4) Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын төрөл бүрийн салбарт мэргэжсэн засгийн газрын болон засгийн газрын бус байгууллагын өндөр мэргэжлийн ажилтанг хөгжиж буй орнуудад ажиллуулах үүднээс тохиромжтой хугацаагаар ажлаас нь чөлөөлөх явдлыг хөнгөвчлөхөд бүхий л чармайлтыг тавина.
5) Техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрүүдийг боловсруулах хэрэгжүүлэхэд холбогдох орнуудын эздийн болон ажилчдын байгууллагуудын идэвхтэй оролцоог тусгасан байвал зохино.
35. Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх үүднээс, лиценз олгох болон үйлдвэрлэлийн бусад хэлбэрээр технологийн үйл ажиллагааны олон улсын солилцоог өргөжүүлнэ.
36. Гадаадын эзэмшлийн үйлдвэрүүд нь ажиллах хүчнээ тухайн орны ажилчдаар бүрдүүлэх бөгөөд (удирдлагад ажиллах хүмүүс болон хянан шалгагч нарыг оролцуулан) тэдний сургалтын эрэлт шаардлагыг биелүүлнэ.
37. Бүс нутгийн хэмжээнд, хөдөлмөр эрхлэлтийн бодлогод олсон туршлагыг (ялангуяа хөгжиж буй орнуудын) Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын зохих тусламжтайгаар тогтмол харилцан солилцох, хэлэлцэх явдлыг зохион байгуулж байна.
VII. ЗӨВЛӨМЖИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ЗАМЫН ТАЛААР САНАЛ
38. Энэ Зөвлөмжийн заалтуудыг хүлээж авахдаа, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын гишүүн орон бүр, холбогдох ажил олгогч болон ажилчдын байгууллагууд Хавсралтад тусгагдсан зөвлөмжийг хүлээж авах арга замуудын талаархи саналуудыг удирдлага болгоно.