Хэвлэх DOC Татаж авах
МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ 164 ДҮГЭЭР ЗӨВЛӨМЖ

1981 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Женев хот



Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Ерөнхий бага хурал нь,
Олон улсын хөдөлмөрийн товчооны Захиргааны зөвлөлөөс 1981 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Женев хотноо зарлан хуралдуулсан жаран зургаадугаар чуулганаар
Чуулганы хэлэлцэх хэргийн 6 дахь асуудал болох хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн орчны тухай тодорхой саналыг батлахаар шийдвэрлэж,
эдгээр саналыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай 1981 оны Конвенцийн нэмэлт болгон зөвлөмжийн хэлбэрээр батлахаар шийдвэрлэж,
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай 1981 оны зөвлөмж хэмээн нэрлэх дараахь зөвлөмжийг нэг мянга есөн зуун наян нэгэн оны зургаадугаар сарын хорин хоёрны энэ өдөр батлав:
I. Хамрах хүрээ, нэр томъёо
1. (1) Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай 1981 оны конвенц (цаашид “Конвенц” гэх) болон энэхүү Зөвлөмжийн заалтууд эдийн засгийн бүх салбар болон бүх төрлийн ажилчдын хувьд аль болох өргөн хүрээнд үйлчилнэ.
(2) Конвенц болон энэхүү Зөвлөмжид заасантай төстэй хамгаалалтын арга хэмжээг хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд шаардлагатай болон хэрэгжихүйц тохиолдолд авна.
2. Энэхүү Зөвлөмжийн зорилгоор:
(а) “эдийн засгийн үйл ажиллагааны салбар” гэсэн нэр томъёо нь ажилчид хөдөлмөр эрхэлж байгаа бүх салбар, түүний дотор төрийн албыг багтаан хэлнэ;
(b) “ажилчид” гэсэн нэр томъёо нь хөдөлмөр эрхэлж байгаа бүх хүн, түүний дотор төрийн албан хаагчдыг хэлнэ;
(c) “ажлын байр” гэсэн нэр томъёо нь ажил үүргийн дагуу байх буюу очих ёстой бөгөөд ажил олгогчийн шууд буюу шууд бус хяналтад байх бүх байрыг хэлнэ;
(d) “журам” гэсэн нэр томъёо нь эрх бүхий байгууллага буюу байгууллагуудаас хуулийн хүчин чадал олгосон бүхий л заалтыг хэлнэ;
(e) “эрүүл мэнд” гэсэн нэр томъёог хөдөлмөртэй холбоотойгоор зөвхөн өвчин, эмгэггүй байдлыг хэлээд зогсохгүй хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйд шууд холбоотой, эрүүл мэндэд нөлөөлөх биеийн болон сэтгэцийн хүчин зүйлийг хэлнэ.
II. Үйл ажиллагаа явуулах техникийн салбар
3. Эдийн засгийн төрөл бүрийн салбар болон төрөл бүрийн ажилд зохицохуйц хэмжээнд эрсдлийн эх үүсвэрийг нэн тэргүүнд арилгах зарчмыг харгалзан, Конвенцийн 4 дүгээр зүйлд дурдсан бодлогын дагуу арга хэмжээг дараахь салбарт ялангуяа авна:
(а) ажлын байрны зураг төсөл, байршилт, бүтэц, тохируулга, хадгалалт, засвар, өөрчлөлт, түүнчлэн ажлын байранд орох, гарах арга зам;
(b) ажлын байрны гэрэлтүүлэг, агааржуулалт, дэг журам, ариун цэвэр;
(c) ажлын байрны температур, чийгшилт, агаарын хөдөлгөөн;
(d) осол учруулах эрсдэл бүхий машин механизм, тоног төхөөрөмжийн дизайн, хийц, ашиглалт, хадгалалт, үйлчилгээг шалгах, хянах, шаардлагатай тохиолдолд тэдгээрийн ашиглалтыг батлах, шилжүүлэх;
(e) ажлын нөхцлийн улмаас үүсэх бие болон сэтгэцийн дарамт ачааллаас урьдчилан сэргийлэх;
(f) ачаа, барааг гар болон бусад механик аргаар зөөх, тээвэрлэх, хураах;
(g) цахилгаан, эрчим хүч хэрэглэх;
(h) аюултай бодис, дамжуулагчийг үйлдвэрлэх, баглах, шошго тэмдэг тавих, тээвэрлэх, хадгалах, ашиглах, тэдгээрийн хаягдал, үлдэгдлийг хаях, шаардлагатай тохиолдолд аюулгүй, эсхүл аюул багатай бодис, дамжуулагчаар солих;
(i) цацраг идэвхт туяанаас хамгаалах;
(j) чимээ, чичиргээнээс үүсэх хөдөлмөрийн эрсдлээс урьдчилан сэргийлэх, түүнд хяналт тавих, түүнээс хамгаалах;
(k) ажлын байрны агаар, орчны бусад хүчин зүйлд хяналт тавих;
(l) агаарын өндөр ба бага даралтаас үүсэх эрсдлээс урьдчилан сэргийлэх, түүнд хяналт тавих;
(m) гал гарах, дэлбэрэлт үүсэхээс урьдчилан сэргийлэх, гал болон дэлбэрэлтийн үед арга хэмжээ авах;
(n) ажилчныг хамгаалах төхөөрөмж, хувцсыг зохион бүтээх, үйлдвэрлэх, нийлүүлэх, хэрэглэх, шалгах;
(o) ариун цэвэр, угаалгын байгууламж, хувцас солих болон хадгалах төхөөрөмж, ундны ус болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйтай холбоотой ахуйн бусад төхөөрөмжөөр хангах;
(p) эмнэлгийн анхны тусламж үзүүлэх;
(q) онцгой байдлын төлөвлөгөө гаргах;
(r) ажилчдын эрүүл мэндийг ажиглан хянах.
III.Үндэсний түвшин дэх үйл ажиллагаа
4. Аливаа улсын эрх бүхий байгууллагууд Конвенцийн 4 дүгээр зүйлд дурдсан бодлогыг хэрэгжүүлэх үүднээс, түүнчлэн энэхүү Зөвлөмжийн 3 дахь хэсэгт жагсаасан үйл ажиллагаа явуулах техникийн салбарыг анхааралдаа авч,
(а) нэг талаас хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, нөгөө талаас ажлын цаг, амралтын хугацаа хоорондын уялдааг харгалзан, аюулгүй байдал, ажлын эрүүл ахуй болон үйлдвэрлэлийн орчны тухай журам, дадлын зааварчилгаа, эсхүл тохирох бусад заалтыг гаргах, батлах;
(b) хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, үйлдвэрлэлийн орчны талаархи хууль тогтоомж, түүнчлэн энэ хэсгийн (а) дэд хэсэгт заасан ёсоор гаргасан, эсхүл батласан заалтыг шинжлэх ухаан, технологийн туршлага, дэвшилд тулгуурлан үе үе эргэж хянан үзэх;
(c) эрсдлийг илрүүлэх, түүнээс зайлсхийх арга замыг судлах, эсхүл энэ талаархи судалгааг дэмжих;
(d) эрсдлийг хэрэгжихүйц хэмжээнд устгах, эсхүл багасгахыг анхаарч, ажил олгогч, ажилчдад зохих замаар мэдээлэл, зөвлөгөө өгөх, түүнчлэн ажил олгогч, ажилчид, тэдгээрийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг дэмжих, эсхүл тус үзүүлэх, цагаач ажилчдад эх хэлээр нь тусгай хөтөлбөрөөр сургалт явуулах;
(e) ялангуяа, ажилчид болон орчны хүн амд эрсдлийн өндөр түвшин бүхий үйлдвэрийн бус нутагт аюулаас урьдчилан сэргийлэх тусгай арга хэмжээ авах, төрөл бүрийн түвшинд хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах, харилцан уялдуулах;
(f) Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын хүрээнд байгуулсан Олон улсын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн эрсдлийг мэдээлэх тогтолцоотой нягт холбоотой байх;
(g) тахир дутуу ажилчдад зориулсан арга хэмжээ авах.
5. Конвенцийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан хяналтын тогтолцоо нь Хөдөлмөрийн хяналтын 1947 оны конвенц, Хөдөлмөрийн хяналтын (хөдөө аж ахуйн) тухай 1969 оны конвенцийн заалтыг удирдлага болгон, эдгээр баримт бичгийг соёрхон батласан гишүүн улсуудын хүлээсэн үүрэгт сөргөөр нөлөөлөхгүй.
6. Эрх бүхий байгууллага, байгууллагууд холбогдох ажил олгогч, ажилчдын төлөөлөх байгууллагатай зөвлөлдсөний дараа Конвенцийн 4 дүгээр зүйлд дурдсан хөдөлмөрийн бодлогод тохирох хөдөлмөрлөх нөхцлийн салбарт авах арга хэмжээг дэмжинэ.
7. Конвенцийн 15 дугаар зүйлд дурдсан арга хэмжээний гол зорилт нь:
(а) Конвенцийн 4 болон 7 дугаар зүйлд заасан шаардлагыг хэрэгжүүлэх;
(b) Конвенцийн 11 дүгээр зүйл болон энэхүү Зөвлөмжийн 4 дэх хэсэгт заасны дагуу эрх бүхий байгууллага, байгууллагуудад хүлээлгэсэн үүргийн гүйцэтгэлийг уялдуулах;
(c) хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон үйлдвэрлэлийн орчны салбарт төрийн байгууллага, ажил олгогч, тэдгээрийн байгууллага, ажилчдын байгууллага, төлөөлөгчид, холбогдох бусад этгээд, байгууллагаас үндэсний, бүс нутгийн болон орон нутгийн түвшинд явуулж буй үйл ажиллагааг уялдуулах;
(d) үндэсний, аж үйлдвэрийн, эсхүл эдийн засгийн үйл ажиллагааны салбарын түвшинд санал, мэдээлэл, туршлагаа солилцохыг дэмжих.
8. Конвенцийн 4 дүгээр зүйлд дурдсан бодлогыг боловсруулах, хэрэглэх арга хэмжээнд төрийн байгууллага, ажил олгогч, ажилчдыг төлөөлөх байгууллага болон холбогдох бусад байгууллагууд нягт хамтран ажиллана.
9. Конвенцийн 7 дугаар зүйлд дурдсан дахин хянах асуудал ялангуяа хамгийн эмзэг бүлгийн ажилчид, тухайлбал, тахир дутуу ажилчдад хамаарна.
IV. Үйлдвэрийн газрын түвшинд явуулах үйл ажиллагаа
10. Конвенцийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт дурдсан зорилтыг хэрэгжүүлэх үүднээс ажил олгогчид хүлээлгэсэн үүрэг нь эдийн засгийн үйл ажиллагааны төрөл бүрийн салбар болон төрөл бүрийн ажилд нийцсэн дараахь зүйлээс бүрдэнэ:
а хэрэгжихүйц хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангасан, эрүүл мэндэд эрсдэлгүй ажлын байр, машин механизм, тоног төхөөрөмжөөр хангах, ажлын арга барилыг ашиглах
b төрөл бүрийн ажилчдын үүрэг, чадварыг анхааралдаа авч, шаардлагатай зааварчилгаа өгч, сургалт явуулах
c ажил, ажлын арга барил болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хэрэгжүүлэх болон ашиглахад зохих хяналт тавих
d хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон үйлдвэрлэлийн орчинтой холбоотойгоор үйлдвэрийн газрын хэмжээ болон явуулж буй үйл ажиллагааны мөн чанарт нийцсэн байгууллагын арга хэмжээ авах
e эрсдлээс өөр аргаар урьдчилан сэргийлэх, эсхүл хяналт тавих боломжгүй тохиолдолд ажилчдыг зайлшгүй шаардлага бүхий хувийн хамгаалалтын хувцас болон тоног төхөөрөмжөөр төлбөргүйгээр хангах
f ажлын зохион байгуулалт нь, ялангуяа ажлын болон амралтын цагийн тухайд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйд сөргөөр нөлөөлөхгүй байхыг хангах
g биеийн болон сэтгэцийн ядаргааг тайлах үүднээс боломжтой бүх арга хэмжээ авах
h дээрх заалтуудыг хэрэгжүүлэхэд шаардлага бүхий судалгаа, шинжилгээ явуулах, эсхүл аливаа өөр аргаар шинжлэх ухаан, техникийн мэдлэгээс хоцрохгүй байх.
11. Нэг ажлын байранд хоёр буюу түүнээс дээш үйлдвэрийн газар үйл ажиллагаагаа явуулж байгаа тохиолдолд эдгээр үйлдвэрийн газар ажилчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хариуцахад харилцан хохиролгүйгээр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон үйлдвэрлэлийн орчинтой холбогдох заалтыг хэрэгжүүлэх талаар хамтран ажиллана.
12. 1 Конвенцийн 20 дугаар зүйлд дурдсан хамтын ажиллагааг дэмжих үүднээс авсан арга хэмжээнд зохих бөгөөд шаардлагатай тохиолдолд үндэсний дадлын дагуу ажилчдын аюулгүй байдлын төлөөлөгч, ажилчдын аюулгүй байдал, эрүүл ахуйн хороо, түүнчлэн/эсхүл аюулгүй байдал, эрүүл ахуйн нэгдсэн хороог томилох асуудал орно. Аюулгүй байдал, эрүүл ахуйн нэгдсэн хороонд ажилчид ажил олгогчтой наад зах нь тэгш төлөөлөлтэй байна.
2 Ажилчдын аюулгүй байдлын төлөөлөгч, ажилчдын аюулгүй байдал, эрүүл ахуйн хороо, аюулгүй байдал, эрүүл ахуйн нэгдсэн хороо, түүнчлэн зохих тохиолдолд ажилчдын бусад төлөөлөгч нь:
a аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар зохих мэдээлэл авах, аюулгүй байдал, эрүүл ахуйд нөлөөлөх хүчин зүйлд дүн шинжилгээ хийх боломжтой байх, түүнчлэн энэ асуудлаар авах арга хэмжээг санал болгох талаар хөхиүлэн дэмжүүлэх
(b аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар чухал шинэ арга хэмжээ боловсруулж байгаа тохиолдолд эдгээр арга хэмжээг хэрэгжүүлж эхлэхээс өмнө зөвлөгөө авах, түүнчлэн эдгээр арга хэмжээний тухайд ажилчдын зүгээс дэмжлэг олох
c ажлын процесс, бүрэлдэхүүн хэсэг болон зохион байгуулалтад ажилчдын аюулгүй байдал, эрүүл ахуйд үр дагавартай байж болохуйц өөрчлөлт оруулах төлөвлөгөөний талаар зөвлөгөө авах
d ажилчдын төлөөлөгч, эсхүл аюулгүй байдал, эрүүл ахуйн хорооны гишүүний хувьд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбарт үүргээ гүйцэтгэх явцад ажлаас халах болон хохиролтой аливаа арга хэмжээнээс хамгаалуулах
e үйлдвэрийн газрын түвшинд аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар шийдвэр гаргах ажиллагаанд хувь нэмрээ оруулах боломжтой байх
f ажлын байрны бүх хэсэгт нэвтрэх болон ажлын байранд ажлын цагаар ажилчидтай аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар ярилцах боломжтой байх
g хөдөлмөрийн байцаагчтай харилцах эрхтэй байх
h үйлдвэрийн газарт аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар хэлэлцээ хийхэд хувь нэмрээ оруулах боломжтой байх
i цалинтай ажлын цагийн үеэр аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи үүргээ гүйцэтгэх болон эдгээр үүрэгтэй холбоотой сургалтад хамрагдах зохих цагтай байх
j аюулгүй байдал, эрүүл ахуйн тодорхой асуудлаар зөвлөгөө авахаар мэргэжилтэнд хандах.
13. Үйлдвэрийн газрын үйл ажиллагаатай холбоотойгоор шаардлагатай тохиолдолд:
а үйдвэрийн газрын дотор бусад үйлдвэрийн газартай хамтран, эсхүл гадны байгууллагатай тохиролцсоны дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйлчилгээ үзүүлэх
b аюулгүй байдал, эрүүл ахуйн тодорхой асуудлаар зөвлөгөө авах, эсхүл эдгээр асуудлыг шийдвэрлэхээр авсан арга хэмжээний биелэлтэд хяналт тавиулахаар мэргэжилтэнд хандах тухай заалт оруулна.
14. Үйлдвэрийн газрын үйл ажиллагааны шинжийн дагуу боломжтой тохиолдолд ажил олгогч хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар дахь өөрсдийн бодлого, арга хэмжээ болон эдгээр арга хэмжээний хүрээнд хүлээх төрөл бүрийн үүргийг бичгээр мэдэгдэж, энэхүү мэдээллийг ажилчин бүрт түүний ойлгох хэл, эсхүл өөр хэлбэрээр хүргэнэ.
15. 1 Ажил олгогч хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн холбогдох жишгийн хэрэгжилтэд, тухайлбал орчинд шинжилгээ хийх замаар тогтмол хяналт тавьж, үе үе аюулгүй байдлын системчилсэн шалгалтыг явуулна.
2 Ажил олгогч эрх бүхий байгууллага буюу байгууллагуудаас шаардлагатай хэмээн үзсэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон үйлдвэрлэлийн орчинд ач холбогдол бүхий мэдээллийг бүртгэнэ. Энэхүү мэдээлэл нь ажлын явц, эсхүл ажилтай холбоотойгоор үүссэн хөдөлмөрийн бүх осол, эрүүл мэндийн хохирол, түүнчлэн үйлдвэрийн газрын ажилчдын эрүүл мэндийг хянах талаар хууль, журмын дагуу эрх мэдэл олгосон болон чөлөөлсөн талаархи мэдээлэл, тодорхой бодис, дамжуулагчтай харьцахтай холбогдох мэдээг багтаана.
16. Конвенцийн 19 дүгээр зүйд заасан арга хэмжээ нь ажилчдад дараахь байдлыг хангах зорилготой:
а өөрсдийн болон ажил дээрх тэдгээрийн үйлдэл, эс үйлдэлд өртөх бусад этгээдийн аюулгүй байдлын талаар шаардлагатай арга хэмжээ авах
b өөрсдийн болон бусдын аюулгүй байдал, эрүүл ахуйн өгсөн зааварчилгаа болон аюулгүй байдал, эрүүл ахуйн журмыг дагаж мөрдөх
c аюулгүй байдлын хэрэгсэл болон хамгаалалтын тоног төхөөрөмжийг зөв ашиглах бөгөөд ашиглалтаас гаргахгүй байх
d шууд харьяалах даргадаа эрсдэл учруулна хэмээн үндэслэлтэйгээр бодсон бөгөөд дангаараа засч чадахгүй аливаа нөхцлийн тухай нэн даруй мэдэгдэх
e ажил гүйцэтгэх явцад болон ажилтай холбоотойгоор үүссэн аливаа осол, хохирлын талаар мэдээлэх.
17. Ажил олгогч хууль тогтоомжийн заалтыг зөрчсөн, эсхүл шударгаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон үйлдвэрлэлийн орчинтой холбоотойгоор авсан арга хэмжээ нь онц дутагдалтай хэмээн үзэж гомдол мэдүүлсэнтэй холбогдуулж ажилчид хохирол учруулах аливаа арга хэмжээг авахгүй.
V. Хүчин төгөлдөр олон улсын конвенц, зөвлөмжтэй холбогдох нь
18. Энэхүү Зөвлөмж нь аливаа олон улсын хөдөлмөрийн зөвлөмжийг хянан өөрчлөхгүй.
19. 1 Гишүүн улс Конвенцийн 4 дүгээр зүйлд дурдсан бодлогыг боловсруулах болон хэрэглэхдээ, түүнчлэн соёрхон батласан конвенцуудын дагуу хүлээсэн үүрэгтээ хохиролгүйгээр Хавсралтад жагсаасан олон улсын конвенц болон зөвлөмжийг харгалзан үзнэ.
2 Олон Улсын Хөдөлмөрийн Бага хурал аюулгүй байдал, эрүүл ахуй болон үйлдвэрлэлийн орчны салбарт аливаа конвенц, эсхүл зөвлөмжийг ирээдүйд батлах, эсхүл хянан өөрчлөхөд гуравны хоёрын саналаар Хавсралтад өөрчлөлт оруулж болно.