A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 7 дугаар сарын 4-ний өдөр

Дугаар 204

Улаанбаатар хот

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 197.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Хорих байгууллага, түүний нутаг дэвсгэрийн байршил, хорих ангийн дэглэм"-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай. 

(Энэ тогтоолын хавсралтын зарим заалтыг Засгийн газрын 2018 оны 304 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон. Засгийн газрын 2020 оны 82 дугаар тогтоол, Засгийн газрын 2022 оны 170 дугаар тогтоол, Засгийн газрын 2023 оны 57 дугаар тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт орсон)

2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймаг дахь баривчлах байр болон Баривчлах ял эдлүүлэх 431 дүгээр ангийг татан буулгаж, бүтэц, орон тоог өөрчлөн байгуулагдсан хаалттай хорих ангиудад шилжүүлэх арга хэмжээ авахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга Ц.Амгаланбаярт даалгасугай.

3. Хорих байгууллага, түүний нутаг дэвсгэрийн байршил, хорих ангийн дэглэмийг шинэчлэн баталсантай холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих байгууллагуудыг нээлттэй, хаалттай дэглэмд нийцүүлэн өөрчлөн зохион байгуулах арга хэмжээ авахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Ц.Амгаланбаяр нарт тус тус даалгасугай.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Амгалан дахь насанд хүрээгүйчүүдийн 411 дүгээр хорих ангийг Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага болгон өөрчлөн зохион байгуулж, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 11 дүгээр (Хонхор) хороонд байрлах Баривчлах ял эдлүүлэх 431 дүгээр анги (хуучин нэрээр)-ийн байранд шилжүүлэн байршуулсугай.

5. Хорих байгууллагуудыг өөрчлөн зохион байгуулах, байршлыг өөрчлөх, хоригдлыг хорих ангид хүргэх, цагдан хорих төв, байр, хорих анги болон баривчлах байрнаас суллагдсан хүмүүсийг орон нутагт хүргэхтэй холбогдон гарах зардлыг батлагдсан төсвийн багцдаа багтаан санхүүжүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтод даалгасугай.

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хархорин дахь 423 дугаар анги, Ховд дахь 457 дугаар ангийн байрыг нээлттэй, хаалттай дэглэмүүд бүхий хорих анги болгон өргөтгөхөд шаардагдах зардлыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2018 оны төсвийн төсөлд тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Чойжилсүрэнд даалгасугай.

7. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2000 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 98 дугаар тогтоолын 2, 3, 4 дүгээр зүйл, "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2002 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 155 дугаар тогтоол, "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2007 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 188 дугаар тогтоол, "Хорих ангийн нутаг дэвсгэрийн байршил, ял эдлүүлэх харьяалал, үйлдвэрлэлийн чиглэлийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2008 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 51 дүгээр тогтоол, "Хорих ангийн дэглэм өөрчлөн зохион байгуулах тухай" Засгийн газрын 2015 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 71 дүгээр тогтоол, "Зарим хорих ангийг өөрчлөн зохион байгуулах тухай" Засгийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 460 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.БЯМБАЦОГТ