Хэвлэх DOC Татаж авах
МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
ХӨДӨЛМӨРИЙН НАСНЫ ДООД ХЯЗГААРЫГ ТОГТООХ 146 ДУГААР ЗӨВЛӨМЖ

1973 оны 6 дугаар сарын 6-ны өдөр  Женев хот



Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Ерөнхий бага хурал нь,
Олон улсын хөдөлмөрийн товчооны Захиргааны зөвлөлөөс 1973 оны 6 дугаар сарын 6-нд Женев хотноо зарлан хуралдуулсан тавин наймдугаар чуулганаараа,
хүүхдийн хөдөлмөрийг зөв оновчтой байдлаар халж, хөдөлмөрийн насны доод хязгаарыг аажмаар дээшлүүлэх нь хүүхэд, өсвөр үеийнхний эрх ашгийг хамгаалж, дэмжихэд зөвхөн нэг хэсэг болно гэдгийг хүлээн зөвшөөрч,
энэ эрх ашгийг хамгаалж, дэмжих нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын нийт тогтолцооны хүрээнд анхааралын төвд байгааг тэмдэглэн,
Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай 1973 оны конвенцийг баталж,
Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын хүрээнд багтах бодлогын зарим асуудлыг тодорхойлохыг эрмэлзэж,
Чуулганы хэлэлцэх хэргийн дөрөв дэх асуудал байсан хөдөлмөрийн насны доод хязгаарыг тогтоох тухай тодорхой саналуудыг батлахаар шийдвэрлэж,
эдгээр саналыг Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай 1973 оны конвенцид нэмэлт зөвлөмжийн хэлбэрт оруулж,
нэг мянга есөн зуун далан гурван оны зургаадугаар сарын хорин зургааны энэ өдөр Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай 1973 оны конвенцийн доорхи зөвлөмжийг батлав.
I. ҮНДЭСНИЙ БОДЛОГО
1. Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай 1973 оны конвенцийн 1 дүгээр зүйлд тусгагдсан үндэсний бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд үндэсний хөгжлийн бодлого болон хөтөлбөрт хүүхэд, өсвөр үеийнхний хэрэгцээ шаардлагыг бодитойгоор тусгаж, төлөвлөх ба хүүхэд өсвөр насныханы бие бялдар, оюун ухааны өсөлт хөгжилд таатай нөхцөл бүрдүүлэхэд шаардагдах уялдаа холбоотой арга хэмжээний хүрээг аажмаар нэмэгдүүлэх тал дээр нэн түрүүнд анхаарах нь чухал.
2. Үүнтэй уялдуулан бодлого боловсруулах, төлөвлөхөд доорх асуудлуудад онцгой анхаарал тавих нь зүйтэй:
a) Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын тухай 1964 оны конвенц, түүний зөвлөмжийн дагуу бүрэн ажил эрхлэлттэй болох үндэсний хэмжээнд үүрэг хүлээж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх хөгжлийг хот, хөдөөд нэвтрүүлэх талаар арга хэмжээ авах,
b) ядуурлыг арилгах талаархи эдийн засаг болон нийгмийн хамгааллын арга хэмжээний хүрээг аажмаар өргөтгөж, эдийн засгийн үйл ажиллагаанд хүүхдийн хөдөлмөрийг шаардлагагүй болгох өрхийн амжиргааны төвшин болон орлогыг хангах ;
c) хүүхэд өсгөн хүмүүжүүлэх, хүүхдийн тэтгэмжийн баталгааг хангах зорилгоор нийгмийн хамгаалал болон өрхийн соёл-ахуйн үйлчилгээг аливаа ялгаварлан гадуурхахгүйгээр сайжруулах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ боловсруулж, хүрээг нь аажмаар өргөжүүлэх;
d) хүүхэд, өсвөр үеийнхний хэрэгцээ шаардлагад хэлбэр, агуулгын хувьд тохирсон боловсрол, мэргэжил, мэргэжлийн чиг баримжаа олгох чиглэлийн сургалт явуулах таатай нөхцлийг бүрдүүлж, хүрээг нь аажмаар өргөжүүлэх;
e) хүүхэд, өсвөр үеийнхний, ялангуяа ажилчин залуусын эрх ашгийг хамгаалах болон соёл-ахуйн үйлчилгээг сайжруулж, тэдний өөрийгөө хөгжүүлэх бололцоог бий болгож, хүрээг нь аажмаар өргөжүүлэх.
3. Шаардлагатай үед орон гэргүй, эсхүл гэр бүлээсээ тусдаа амьдардаг, түүнчлэн гэр бүлийн хамт цагаачлан ирсэн хүмүүсийн хүүхэд, өсвөр үеийнхний хэрэгцээ шаардлагад онцгой анхаарал тавих хэрэгтэй. Энэ зорилгоор авч хэрэгжүүлэх арга хэмжээнд тэтгэмж олгох болон мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг хамруулвал зохино.
4. Хүүхэд ба өсвөр үеийнхний наанадаж Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай 1973 оны конвенцийн 2 дугаар зүйлийн дагуу тогтоосон доод хязгаарын нас хүртэлх хугацаанд сургуулийн боловсролын хөтөлбөрийг бүрэн дүүргэсэн эсхүл мэргэжил, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт, хөтөлбөрүүдэд хамрагдсан байхыг шаардаж, хэрэгжилтийг нь хангах талаар бодит арга хэмжээ авч байвал зохино.
5. (1) Хөдөлмөр эрхлэх нас нь Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай 1973 оны конвенцийн 3 дугаар зүйлийн дагуу бүрэн дунд боловсрол эзэмших наснаас дээгүүр тогтоогдсон бол тухайн хэлбэрийн хөдөлмөрийг эрхлүүлэхээс өмнө сургалт явуулах болон бусад арга хэмжээ авч байх талаар анхаарвал зохино.
(2) Мэргэжлийн онцлог, шаардлага зэргээс шалтгаалан хөдөлмөр эрхлэх насны доод хязгаарыг бүрэн дунд боловсрол эзэмших наснаас дээгүүр тогтоох тохиолдолд дээрхтэй адил арга хэмжээг авна.
II. НАСНЫ ДООД ХЯЗГААР
6. Насны доод хязгаарыг эдийн засгийн бүхий л салбарт нэг түвшинд тогтооно.
7.(1) Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай 1973 оны конвенцийн 2 дугаар зүйлийн дагуу хөлсний болон өөр төрлийн хөдөлмөр эрхлэх насны доод хязгаарыг арван зургаан насаар тогтоох тал дээр байгууллагын гишүүд зорилт тавих шаардлагатай.
(2) Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай 1973 оны конвенцийн 2 дугаар зүйлийн дагуу тогтоосон хөлсний болон өөр төрлийн хөдөлмөр эрхлэх насны доод хязгаар арван таван наснаас доогуур тогтоосон бол энэ хязгаарыг арван таван насанд хүргэх талаар яаралтай арга хэмжээ авсан байвал зохино.
8. Хөдөө аж, ахуйн бүх төрлийн хөдөлмөр болон орон нутагт холимог төрлийн ажил эрхлэхэд насны доод хязгаарыг даруй тогтоох боломжгүй бол эдлэн газар болон хөдөө аж, ахуйн бусад үйлдвэрийн газарт Хөдөлмөрийн насны доод хязгаар тогтоох 1973 оны конвенцийн 5 дугаар зүйлийн 3 дугаар заалтад тотоосон насны доод хязгаарыг баримтлах шаардлагатай.
III. ХӨЛСНИЙ БОЛОН ӨӨР ТӨРЛИЙН ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛТАЙ ХЭЛБЭРҮҮД
9. Өсвөр үеийнхний эрүүл мэнд, аюулгүй байдал, ёс суртахуунд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй хөлсний болон өөр төрлийн хөдөлмөр эрхлэх насны доод хязгаар арван найман наснаас доош тогтоогдсон хэвээр байгаа бол зохих хэмжээнд хүртэл дээшлүүлэх талаар яаралтай арга хэмжээ авах шаардлагатай.
10. (1) Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай 1973 оны Конвенцийн 3 дугаар зүйлд тусгагдсан хөлсний болон өөр төрлийн хөдөлмөрийн хэлбэрийг тодорхойлохдоо хортой бодис болон үзэгдэл /ионын цацраг идэвжилтийг оролцуулан/, газар доор ажиллах, хүнд зүйл өргөх гэх мэт зүйлүүдэд тогтоосон олон улсын тогтсон хөдөлмөрийн стандартыг харгалзан үзсэн байх ёстой.
(2) Ийм хэлбэрийн хөлсний болон өөр төрлийн хөдөлмөрийн жагсаалтыг үе үе судлан авч үзэж, шаардлагатай үед шинжлэх ухаан, технологийн хөгжлийн үүднээс дахин хянан шалгаж байвал зохино.
11. Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай 1973 оны Конвенцийн 5 дугаар зүйлд заасны дагуу насны доод хязгаарыг шууд тогтоодоггүй эдийн засгийн зарим салбар болон үйлдвэрийн газруудад өсвөр үеийнхэнд аюултайд тооцогдох хөлсний болон өөр төрлийн хөдөлмөрийн хэлбэрийн тухайд насны доод хязгаарыг тогтоосон холбогдох заалтуудыг хэрэглэнэ.
IV. АЖЛЫН НӨХЦӨЛ
12. (1) Хүүхэд болон 18 нас хүрээгүй өсвөр үеийнхэн хөлсний болон өөр төрлийн хөдөлмөр эрхэлж байгаа тохиолдолд зохих шаардлагыг хангасан ажлын нөхцлийг бүрдүүлэх талаар арга хэмжээ авна. Түүнчлэн эдгээр нөхцлүүдэд хатуу хяналт тавина.
(2) Хүүхэд болон өсвөр үеийнхэнд мэргэжил, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор үйлдвэрийн газар, мэргэжлийн сургуулиудад ажлын нөхцөлийг хэвээр хадгалах болон түүнд хяналт тавих арга хэмжээ авах бөгөөд энд байгаа хүүхэд, өсвөр үеийхнийг хамгаалах, хөгжүүлэхэд чиглэсэн хэм хэмжээг боловсруулна.
13. (1) Өмнөх хэсгийн заалтыг хэрэглэх болон Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай 1973 оны Конвенцийн 7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг хэрэгжүүлэхдээ дараахь зүйлд онцгой анхаарна:
a) хөдөлмөрийг шударгаар үнэлж, цалин хөлсийг ижил хөдөлмөрт тэнцүү хөлс олгох зарчмаар хамгаална;
b) ажлын өдөр болон долоо хоногт хязгаарлалтыг хийж, сурч боловсрох /гэрийн даалгаварыг хийх үүнд орно/ болон амралт, чөлөөт цагт хангалттай хугацаа үлдэж байх үүднээс илүү цагаар ажиллуулахыг хориглоно;
c) зарим онцгой тохиолдлоос бусад үед арван хоёр цагаас доошгүй тасралтгүй үргэлжлэх шөнө амрах цаг болон долоо хоногийн энгийн амралтын өдрүүдийг аливаа хязгаарлалтгүйгээр тогтооно;
d) жил бүр дөрвөн долоо хоногоос доошгүй хугацаанд үргэлжлэх цалинтай ээлжийн амралт олгож энэ нь ямар ч нөхцөлд насанд хүрсэн хүнд олгодог ээлжийн амралтаас богино байх ёсгүй;
e) хөлсний болон өөр төрлийн хөдөлмөрийн хэлбэрээс үл хамааран үйлдвэрлэлийн ослын тэтгэмж, өвчтэй байх хугацааны болон эрүүл мэндийн үйлчилгээний нөхөн төлбөр зэрэгийг оролцуулсан нийгмийн хамгааллын тогтолцоогоор дамжуулан эрх ашгийг нь хамгаална;
f) хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөр эрхлэх эрүүл ахуй болон холбогдох сургалт, хяналт шалгалтын зохих төвшинг хангана.
(2) далайчдын хөдөлмөрийн онцгой нөхцөлтэй холбогдсон олон улсын конвенц, зөвлөмжид тусгагдаагүй асуудлуудын хувьд энэ хэсгийн 1 дэх дэд хэсгийн заалт залуу далайчдад хэрэглэгдэнэ .
V. ҮЙЛЧЛЭХ ХҮРЭЭ
14. (1) Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай 1973 оны конвенц болон энэхүү зөвлөмжийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд дараахь арга хэмжээг авна:
a) тухайлбал, хүүхэд, өсвөр үеийнхэн хөлсний болон өөр төрлийн хөдөлмөр эрхлэх явцад гарч болзошгүй зөрчлийг илрүүлэх, засах зорилгоор хяналтын байцаагч нарыг сургалтанд хамруулах хэлбэрээр хөдөлмөрийн хяналтын тогтолцоо болон хавсран хариуцдаг албаны үйл ажиллагааг шаардлагатай үед нь бэхжүүлнэ,
b) үйлдвэрийн газраас явуулдаг сургалтанд хяналт тавих болон боловсронгүй болгох тал дээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг бэхжүүлнэ.
(2) Холбогдох заалтуудыг үр дүнтэй хэрэгжүүлэх арга хэлбэрийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгөхөд байцаагч нар тодорхой үүрэг гүйцэтгэж болохыг анхааралдаа авна.
(3) Эдийн засгийн хувьд үр дүнтэй байх үүднээс хөдөлмөрийн хяналтын болон үйлвэрийн газраас явуулдаг сургалтанд хяналт тавьдаг албадууд үйл ажиллагаагаа харилцан уялдуулах ёстой бөгөөд хөдөлмөр эрхлэх асуудлыг зохицуулдаг алба нь хүүхэд, өсвөр үеийнхэний боловсрол, мэргэжлийн бэлтгэл, соёл ахуйн үйлчилгээ болон мэргэжлийн чиг баримжаа олгох асуудал хариуцсан бусад байгууллагуудтай нягт холбоотой ажиллах шаардлагатай.
15. Онцгой анхаарах зүйлд:
a) хөлсний болон өөр төрлийн хөдөлмөрийн аюултай хэлбэрийн тухай заалтын хэрэгжилт;
b) хүүхэд болон өсвөр үеийнхний хичээлийн цагаар хөлсний болон өөр төрлийн хөдөлмөр эрхлүүлэхгүйн тулд боловсрол эвсэл мэргэжилтэн бэлтгэх шаардагдах түвшинг үүнд хамааруулна.
16. Нас тогтоохыг хялбарчлах үүднээс дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
a) төрийн байгууллага нь төрсний гэрчилгээ олгох, төрөлтийг бүртгэх зохистой тогтолцоог бүрдүүлэх үүрэг хүлээнэ,
b) тухайн үйлдвэрийн газарт ажиллаж буй хүүхэд, өсвөр үеийнхэн төдийгүй мэргэжлийн бэлтгэл, чиг олгох хөтөлбөрт хамрагдаж байгаа хүмүүсийн, боломжтой бол зохих ёсоор баталгаажуулсан овог нэр, нас эсхүл төрсөн он, сар өдрийг оруулсан бүртгэлийн эсхүл өөр төрлийн баримт бичгийг хөтөлж, холбогдох эрх бүхий байгууллагуудад хянуулж байхыг ажил олгогч нараас шаардана,
c) гудамж, мухлаг болон олон нийтийн газруудад нэг газраас нөгөө газар руу шилжих шаардлагатай ажил эрхэлж байгаа буюу ажил олгогчийн бүртгэлийг хянах боломжгүй бусад тохиолдолд тухайн газар ажиллаж байгаа хүүхэд, өсвөр үеийнхэнд ийм төрлийн ажил эрхлэх эрх олгосон зөвшөөрөл эсхүл өөр төрлийн бичиг баримт олгож байх шаардлагатай.