Хэвлэх DOC Татаж авах
МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
ХӨДӨЛМӨРИЙН НАСНЫ ДООД ХЯЗГААРЫН ТУХАЙ ОЛОН УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН 138 ДУГААР КОНВЕНЦ

1973 оны 6 дугаар сарын 26-ны өдөр баталж, 1976 оны 6 дугаар 19-нд хүчин төгөлдөр болсон



Олон Улсын Хөдөлмөрийн Байгуулагын Ерөнхий бага хурал,
Олон улсын хөдөлмөрийн товчооны Захиргааны зөвлөл Женев хотноо хуралдуулсан 1973 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн тавин наймдугаар хуралдаанаар
хэлэлцэх хэргийн дөрөв дэх асуудал байсан хөдөлмөрийн насны доод хязгаарыг тогтоох тухай тодорхой саналуудыг батлахаар шийдвэрлэж,
Аж үйлдвэрийн салбарт ажилд авах насны доод хязгаарын тухай 1919 оны конвенц, Далайн тээвэр хийх насны доод хязгаарын тухай 1920 оны конвенц, Хөдөө аж ахуйн салбарт ажиллах насны доод хязгаарын тухай 1921 оны конвенц, Хөлөг онгоцонд нүүрс ачих, галч хийх насны доод хязгаарын тухай 1921 оны конвенц, Аж үйлвэрийн бус салбарт ажилд авах насны доод хязгаарын тухай 1932 оны конвенц, Далайн тээвэр хийх насны доод хязгаарын тухай 1936 оны конвенц (хянаж өөрчилсөн), Аж үйлдвэрийн салбарт ажилд авах насны доод хязгаарын тухай 1937 оны конвенц (хянаж өөрчилсөн), Аж үйлдвэрийн бус салбарт ажилд авах насны доод хязгаарын тухай 1937 оны конвенц (хянаж өөрчилсөн), Загас агнуурын салбарт хөдөлмөр эрхлэх насны доод хязгаарын тухай 1959 оны конвенц, Газар доор буюу уурхайд ажиллагсдын насны доод хязгаарын тухай 1965 оны конвенцийн заалтуудыг анхаарч,
хүүхдийн хөдөлмөрийг бүрмөсөн устгах зорилгоор эдийн засгийн зарим нэгэн салбарт мөрдөгдөж буй дээрх эрх зүйн баримт бичгийг орлох, нийтлэг шинжтэй баримт бичиг батлах мөч аажмаар ирж буйг тэмдэглэн,
эдгээр саналыг олон улсын конвенцийн хэлбэрт оруулж,
нэг мянга есөн зуун далан гурван оны зургаадугаар сарын хорин зургааны өдөр Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай доорхи конвенцийг батлав:
1 дүгээр зүйл
Энэхүү Конвенц хүчин төгөлдөр үйлчлэх гишүүн улс бүр дотооддоо хүүхдийн хөдөлмөрийг бүрмөсөн устгах үндэсний бодлогыг хэрэгжүүлж, хөдөлмөрийн насны доод хязгаарыг өсвөр үеийнхний бие бялдар болон оюун ухааны хөгжил бүрэн гүйцэд төлөвших насанд хүргэхээр аажмаар нэмэгдүүлэх үүрэг хүлээнэ.
2 дугаар зүйл
1. Энэхүү Конвенцийг соёрхон батласан гишүүн улс бүр батламж жуух бичгийн хавсралт мэдэгдэлд өөрийн нутаг дэвсгэр болон дотоод нь бүртгэгдсэн тээврийн хэрэгсэлийн хүрээнд үйлчлэх хөдөлмөрийн насны доод хязгаарыг тогтооно. Энэхүү Конвенцийн 4, 8 дугаар зүйлийн дагуу тогтоосон насны хязгаарт хүрээгүй хүнээр хөлсний болон өөр төрлийн хөдөлмөр эрхлүүлэхийг хориглоно.
2. Энэхүү Конвенцийг соёрхон батласан гишүүн улс бүр өмнө нь мөрдөж байсан хөдөлмөрийн насны доод хязгаарыг нэмэгдүүлсэн тухай нотолгоог Олон улсын хөдөлмөрийн товчооны Ерөнхий захиралд илгээж болно.
3. Энэ зүйлийн 1 дэх хэсгийн заалтанд дурдсан насны доод хязгаар нь бүрэн бус дунд боловсрол эзэмших нас байх бөгөөд энэ нь ямар ч тохиолдолд арван таван наснаас доошгүй байна.
4. Энэ зүйлийн 3 дахь хэсгийн заалтанд харшлахгүйгээр, эдийн засаг, боловсролын салбар нь төдийлэн сайн хөгжөөгүй гишүүн улс ажил олгогч, ажилчдын холбогдох байгууллагуудтай зөвшилцсөний үндсэн дээр эхний үед насны доод хязгаарыг арван дөрвөн насаар тогтоож болно.
5. Дээрх заалтын дагуу насны доод хязгаарыг арван дөрвөн насаар тогтоосон аливаа гишүүн улс нь Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын дүрмийн 22 дугаар зүйлийн дагуу энэхүү Конвенцийн хэрэгжилтийн талаархи тайланд дор дурдсан зүйлийг тусгасан мэдэгдлийг хавсаргана:
(a) насны хязгаар тогтоох шалтгаан өөрчлөгдсөн эсэх,
(b) тогтоосон өдрөөс эхлэн холбогдох заалтуудыг хэрэглэхээ болих тухай мэдээлэл орно.
3 дугаар зүйл
1. Өсвөр үеийнхний эрүүл мэнд, аюулгүй байдал, ёс суртахуунд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй ажлын онцлог болон нөхцөл байдлаас шалтгаалж ийм төрлийн хөдөлмөр эрхлэх насны доод хязгаарыг арван найман наснаас доошгүй тогтооно.
2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан хөдөлмөрийн хэлбэрийг ажил олгогч, ажилчдын холбогдох байгууллагуудтай зөвшилцсөний дараа үндэсний хууль тогтоомж, журам эсхүл эрх бүхий байгуулага тогтооно.
3. Энэ зүйлийн 1 дэх хэсгийн заалтанд харшлахгүйгээр, өсвөр үеийнхний эрүүл мэнд, аюулгүй байдал, ёс суртахууныг хамгаалсан, тухайн салбарын талаархи мэргэжлийн сургалтад хамруулж, зааварчилга өгсөн байх болзолтойгоор ажил олгогч, ажилчдын холбогдох байгууллагуудтай зөвшилцсөний үндсэн дээр арван зургаа наснаас хөдөлмөр эрхлэхийг зөвшөөрсөн тухай үндэсний хууль тогтоомж, журамд тусгаж эсхүл эрх бүхий байгууллага шийдвэр гаргаж болно.
4 дүгээр зүйл
1. Энэхүү Конвенцийг хэрэгжүүлэхэд тусгай болон бодит хүндрэл учирч болзошгүй гэж үзвэл эрх бүхий байгууллага ажил олгогч, ажилчдын холбогдох байгууллагуудтай зөвшилцсний үндсэн дээр зарим төрлийн хөдөлмөрийн хэлбэрийг Конвенцийн хэрэгжүүлэх хүрээнд хамруулахгүй байж болно.
2. Энэхүү Конвенцийг соёрхон батласан гишүүн улс бүр Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын дүрмийн 22 дугаар зүйлийн заалтын дагуу ирүүлэх, Конвенцийн хэрэгжилтийн тухай анхны тайландаа энэ зүйлийн 1 дэх хэсгийн заалтын дагуу Конвенцид хамруулахгүй байх хөдөлмөрийн бүх хэлбэрийг дурдаж, чингэх болсон шалтгааныг нь тайлбарлах буюу дараа дараагийн тайландаа ийм төрлийн хөдөлмөрийн хэлбэрийг зохицуулж буй хууль тогтоомж, дадлын бодит байдал, одоо болон цаашдаа ийм хөдөлмөрийн хэлбэрийг Конвенцид хамруулах цар хүрээний талаар мэдээлэл хийнэ.
3. Энэ зүйлийн заалтын дагуу 3 дугаар зүйлд дурдсан хөдөлмөрийн хэлбэрүүд Конвенцийн үйлчлэх хүрээнд л багтсан байх ёстой.
5 дугаар зүйл
1. Эдийн засаг, засаг захиргааны бүтэц нь төдийлөн хөгжөөгүй гишүүн улс ажил олгогч, ажилчдын холбогдох байгууллагуудтай зөвшилцсөний үндсэн дээр эхний шатандаа энэхүү Конвенцийн үйлчлэх хүрээг хязгаарлаж болно.
2. Энэ зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг хэрэгжүүлж байгаа аливаа гишүүн улс нь Конвенцийг соёрхон батласан тухай батламж жуух бичигт хавсаргасан мэдэгдэлдээ Конвенцийн заалтууд үйлчлэх эдийн засгийн салбар болон үйлдвэрийн газрын төрлийг дурдсан байх ёстой .
3. Уул уурхай, боловсруулах үйлдвэрлэл, барилга, цахилгаан эрчим хүч, хий, усан хангамж, эрүүл ахуй-техникийн үйлчилгээ, тээвэр, агуулах, харилцаа холбооны салбар болон бүтээгдэхүүнээ арилжаа, худалдаанд гаргах зорилгоор үйлдвэрлэл явуулдаг эдлэн газар болон хөдөө аж ахуйн бусад хэлбэрийн аж ахуйн нэгжүүдэд Конвенцийн заалтууд зайлшгүй хамаарна. Үүнд орон нутгийн хэрэгцээг хангах зориулалтаар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, хөлсний ажилчин ажиллуулдаггүй, өрхийн эсхүл бага оврын аж ахуй хамаарахгүй.
4. Энэ зүйлийн дээрх заалтын дагуу Конвенцийн үйлчлэх хүрээг хязгаарласан аливаа гишүүн улс нь:
(а) Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын дүрмийн 22 дугаар зүйлийн дагуу ирүүлэх тайландаа энэхүү Конвенцийн үйлчлэх хүрээнд хамаарахгүй, аливаа төрлийн үйл ажиллагаа явуулж буй салбарт хүүхэд, өсвөр үеийнхнийг ажиллуулж байгаа талаархи ерөнхий байдал болон Конвенцийг хэрэглэх хүрээг өргөтгөхөд гарч буй дэвшлийн талаар мэдээлж байх үүрэг хүлээнэ.
(b) хүссэн үедээ Олон улсын хөдөлмөрийн товчооны Ерөнхий захиралд мэдэгдэл ирүүлэх хэлбэрээр Конвенцийн үйлчлэх хүрээг өргөтгөх эрхтэй.
6 дугаар зүйл
Ерөнхий боловсрол, тусгай мэргэжил, техник мэргэжлийн сургуулиуд болон боловсрол олгох бусад хэлбэрийн байгууллагуудад хүүхэд, өсвөр үеийнхний сургалтын явцдаа гүйцэтгэсэн ажил болон эрх бүхий байгууллага ажил олгогч, ажилчдын холбогдох байгууллагуудтай зөвшилцсөний үндсэн дээр хөдөлмөрийн насны хязгаарыг арван дөрвөөс доошгүй тогтоосон доорхи төрлийн үйл ажиллагаа Конвенцийн үйлчлэх хүрээнд хамрахгүй:
(а) сургууль, сургалтын байгууллагаас хариуцан явуулж буй хичээл, сургалтын бүрэлдэхүүн хэсэг болж байгаа,
(b) эрх бүхий байгууллагаас зөвшөөрсөн, үйлдвэрийн газрын дэргэд хэрэгжүүлж буй мэргэжлийн сургалтын хөтөлбөрт бүхэлдээ эсхүл хэсэгчлэн хамаарч байгаа,
(c) мэргэжил сонгох, мэргэжлийн бэлтгэлийг сайжруулахад тус дөхөм үзүүлэхэд чиглэсэн мэргэжлийн чиг олгох хөтөлбөрт хамаарч байгаа тохиолдлууд орно.
7 дугаар зүйл
1. Арван гурваас арван таван насны хүүхдийг хөлсний эсхүл өөр төрлийн хөнгөн хөдөлмөр эрхлүүлэхийг үндэсний хууль тогтоомж, журмаар зөвшөөрч болно. Чингэхдээ ийм төрлийн хөдөлмөр нь:
(а) эрүүл мэнд, өсөлт хөгжилд хортой нөлөө үзүүлэхгүй,
(b) хичээлдээ суух, эрх бүхий байгууллагаас батласан мэргэжлийн чиг олгох, мэргэжилтэн бэлгэх хөтөлбөрт хамрах болон олсон мэдлэгээ ашиглах явцад нь саад учруулахгүй байх шаардлагыг хангасан байх ёстой.
2. Энэ зүйлийн 1 дэх хэсгийн (а), (b) дэд хэсгүүдэд заасан шаардлагыг хангасан тохиолдолд бүрэн бус дунд боловсролын сургуулийг хараахан дүүргээгүй байгаа, арван таван нас хүрсэн хүүхдээр хөлсний болон өөр төрлийн хөдөлмөр эрхлүүлэхийг үндэсний хууль тогтоомжинд зөвшөөрч болно.
3. Эрх бүхий байгууллага нь энэ зүйлийн 1, 2 дахь хэсгүүдийн заалтаар зөвшөөрсөн хөлсний болон өөр төрлийн хөдөлмөр эрхлэх цар хүрээ, ажлын цаг, ажиллах нөхцөлийг тогтооно.
4. Энэ зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтанд харшлахгүйгээр 2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтыг хэрэгжүүлж байгаа гишүүн улс нь шаардлагатай гэж үзсэн хугацаандаа энэ зүйлийн 1 дэх хэсгийн заалтанд орсон арван гурав, арван тав гэсэн насны хязгаарыг арван хоёр, арван дөрвөөр, 2 дахь хэсгийн арван таван насыг арван дөрвөөр тус тус орлуулж хэрэглэж болно.
8 дугаар зүйл
1. Эрх бүхий байгууллага нь ажил олгогч, ажилчдын холбогдох байгуулагатай зөвшилцсөний үндсэн дээр Конвенцийн 2 дугаар зүйлд хөлсний болон өөр төрлийн хөдөлмөр эрхлэхийг хориглосон тухай заалтуудад зарим үйл ажиллагааг тухайлбал урлагийн тоглолтыг хамааруулахгүйгээр зөвшөөрөл олгож болно.
2. Ийм зөвшөөрөл нь ажиллах цагийг хязгаарлаж, тухайн хөлсний болон өөр төрлийн хөдөлмөр эрхлэх нөхцөлийг заана.
9 дүгээр зүйл
1. Энэхүү Конвенцийн заалтуудыг эрчимтэй хэрэгжүүлэхэд эрх бүхий байгууллага зарим төрлийн шийтгэл ногдуулах хэлбэрээр шаардлагатай бүх арга хэмжээ авна.
2. Энэхүү Конвенцийн хэрэгжилтийг хангахад чиглэсэн заалтуудын биелэлтэнд хяналт тавих этгээдийг үндэсний хууль тогтоомж, журам эсхүл эрх бүхий байгууллага тогтооно.
3. Үндэсний хууль тогтоомж, журам эсхүл эрх бүхий байгууллага ажил олгогчийн хөтөлж, бүрдүүлэх бүртгэлийн болон бусад баримт бичгийг тогтооно. Үүнд ажиллаж байгаа арван наймаас доош насны хүмүүсийн, бололцоотой бол зохих ёсоор баталгаажуулсан тэдний нэр, нас болон төрсөн он сар өдрийг оруулж бичсэн байна.
10 дугаар зүйл
1. Энэ зүйлийн заалтуудад тогтоосон нөхцлөөр энэхүү Конвенц нь Аж үйлдвэрийн салбарт ажилд авах насны доод хязгаарын тухай 1919 оны конвенц, Далайн тээвэр хийх насны доод хязгаарын тухай 1920 оны конвенц, Хөдөө аж ахуйн салбарт хөдөлмөр эрхлэх насны доод хязгаарын тухай 1921 оны конвенц, Хөлөг онгоцонд нүүрс ачих, галч хийх насны доод хязгаарын тухай 1921 оны конвенц, Аж үйлвэрийн бус салбарт ажилд авах насны доод хязгаарын тухай 1932 оны конвенц, Далайн тээвэр хийх насны доод хязгаарын тухай 1936 оны конвенц (хянаж өөрчилсөн), Аж үйлдвэрийн салбарт ажилд авах насны доод хязгаарын тухай 1937 оны конвенц (хянаж өөрчилсөн), Аж үйлдвэрийн бус салбарт хөдөлмөр эрхлэх насны доод хязгаарын тухай 1937 оны конвенц (хянаж өөрчилсөн), Загас агнуурын салбарт хөдөлмөр эрхлэх насны доод хязгаарын тухай 1959 оны конвенц, Газар доор буюу уурхайд ажиллагсдын насны доод хязгаарын тухай 1965 оны конвенцийг шинэчлэн тогтоож байна.
2. Энэхүү Конвенц хүчин төгөлдөр болсноор Далайн тээвэр хийх насны доод хязгаарын тухай 1936 оны конвенц (хянаж өөрчилсөн), Аж үйлдвэрийн салбарт ажилд авах насны доод хязгаарын тухай 1937 оны конвенц (хянаж өөрчилсөн), Үйлдвэрлэлийн бус салбарт хөдөлмөр эрхлэх насны доод хязгаарын тухай 1937 оны конвенц (хянаж өөрчилсөн), Загас агнуурын салбарт хөдөлмөр эрхлэх насны доод хязгаарын тухай 1959 оны конвенц, Газар доор буюу уурхайд ажиллагсдын насны доод хязгаарын тухай 1965 оны конвенцийг соёрхон батлахад саад болохгүй.
3. Дараахь Конвенцид оролцогч талууд энэхүү Конвенцийг соёрхон батласнаар эсхүл Олон улсын хөдөлмөрийн товчооны Ерөнхий захиралд мэдэгдэл хийж зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн тохиолдолд Аж үйлдвэрийн салбарт ажилд авах насны доод хязгаарын тухай 1919 оны конвенц, Далайн тээвэр хийх насны доод хязгаарын тухай 1920 оны конвенц, Хөдөө аж ахуйн салбарт хөдөлмөр эрхлэх насны доод хязгаарын тухай 1921 оны конвенц, Хөлөг онгоцонд нүүрс зөөх, галч хийх насны доод хязгаарын тухай 1921 оны конвенц бусад улс соёрхон батлахад хаалттай болно.
4. Энэхүү Конвенцид заасан үүргүүдийг хүлээн авахад:
(а) Аж үйлдвэрийн салбарт ажилд авах насны доод хязгаарын тухай 1937 оны конвенц (хянаж өөрчилсөн)-ийн гишүүн улс энэхүү Конвенцийн 2 дугаар зүйлийн дагуу хөдөлмөрийн насны доод хязгаарыг арван таван наснаас доошгүйгээр тогтоосон бол эхний конвенцийг тэр даруй цуцалсанд тооцох,
(b) Аж үйлдвэрийн бус салбарт ажилд авах насны доод хязгаарын тухай 1932 оны конвенц (хянаж өөрчилсөн)-оор тодорхойлсон үйлдвэрлэлийн бус салбарын хөдөлмөр эрхлэлтийн тухайд гишүүн улс уг Конвенцийг нэн даруй цуцалсанд тооцох,
(c) Аж үйлдвэрийн бус салбарт ажилд авах насны доод хязгаарын тухай 1937 оны конвенц (хянаж өөрчилсөн)-оор тодорхойлсон аж үйлдвэрийн бус салбарын хөдөлмөр эрхлэлтийн тухайд гишүүн улс энэхүү Конвенцийн 2 дугаар зүйлийн дагуу хөдөлмөрийн насны доод хязгаарыг арван таван наснаас доошгүй тогтоосон бол эхний конвенцийг нэн даруй цуцалсанд тооцох,
(d) Далайн тээвэр хийх насны доод хязгаарын тухай 1936 оны конвенц (хянаж өөрчилсөн)–ийн гишүүн улс энэхүү Конвенцийн 2 дугаар зүйлийн дагуу хөдөлмөрийн насны доод хязгаарыг арван таван наснаас доошгүй тогтоосон буюу энэхүү Конвенцийн 3 дугаар зүйлд далайн тээврийг хамруулхаар заасан бол эхний конвенцийг нэн даруй цуцалсанд тооцох,
(e) Далайд загас агнуур эрхлэх тухайд Загас агнуурын салбарт хөдөлмөр эрхлэх насны доод хязгаарын тухай 1959 оны конвенцийн гишүүн улс энэхүү Конвенцийн 2 дугаар зүйлийн дагуу хөдөлмөрийн насны доод хязгаарыг арван таван наснаас доошгүйгээр тогтоосон буюу Конвенцийн 3 дугаар зүйлд далайн загас агнуурын салбарыг хамруулхаар заасан бол эхний конвенцийг нэн даруй цуцалсанд тооцох,
(f) Газар доор буюу уурхайд ажиллагсдын насны доод хязгаарын тухай 1965 оны конвенцийн гишүүн улс энэхүү Конвенцийн 2 дугаар зүйлийн дагуу насны доод хязгаарыг тогтоосон буюу энэхүү Конвенцийн 3 дугаар зүйлд газар доорх ажлыг хамруулахаар заасан бол эхний Конвенцийг нэн даруй цуцалсанд тооцох,
зэрэг өөрчлөлт гарах бөгөөд энэхүү Конвенцийг хүчин төгөлдөр болох үед хэрэгжинэ.
5. Энэхүү Конвенцид заасан үүргүүдийг хүлээн авахад:
(а) Аж үйлдвэрийн салбарт ажилд авах насны доод хязгаарын тухай 1919 оны конвенцийг уг Конвенцийн 12 дугаар зүйлийн дагуу хүчингүй болсонд тооцох,
(b) Хөдөө аж ахуйн салбарт хөдөлмөр эрхлэх насны доод хязгаарын тухай 1921 оны конвенцийг уг Конвенцийн 9 дүгээр зүйлийн дагуу хүчингүй болсонд тооцох,
(c) Далайн тээвэр хийх насны доод хязгаарын тухай 1920 оны конвенц нь уг Конвенцийн 10 дугаар зүйл мөн Хөлөг онгоцонд нүүрс зөөх, галч хийх насны доод хязгаарын тухай 1921 оны конвенц уг Конвенцийн 12 дугаар зүйлийн дагуу тус тус хүчингүй болсонд тооцох,
зэрэг өөрчлөлтүүд гарах бөгөөд энэхүү Конвенцийг хүчин төгөлдөр болох үед хэрэгжинэ.
11 дүгээр зүйл
Энэхүү конвенцийг соёрхон батласан тухай батламж жуух бичгийг Олон улсын хөдөлмөрийн товчооны Ерөнхий захиралд илгээнэ.
12 дугаар зүйл
1. Энэхүү Конвенц нь түүнийг соёрхон батласан батламж жуух бичгийг нь Ерөнхий захирал бүртгэсэн гишүүн улсын хувьд үйлчилж эхэлнэ.
2. Соёрхон батласан гишүүн хоёр улсыг Ерөнхий захирал бүртгэснээс хойш арван хоёр сарын дараа энэхүү Конвенц хүчин төгөлдөр болно.
3. Дээрхийн дараа гишүүн улс бүрийн хувьд соёрхон батласан тухай батламж жуух бичгээ бүртгүүлсэнээс хойш арван хоёр сарын дараа энэхүү Конвенц үйлчилж эхэлнэ.
13 дугаар зүйл
1. Энэхүү Конвенцийг соёрхон батласан гишүүн улс энэхүү конвенц анх хүчин төгөлдөр болсноос хойш арван жилийн дараа Олон улсын хөдөлмөрийн товчооны Ерөнхий захиралд конвенцийг цуцлах тухай мэдэгдлээ илгээж цуцлах эрхтэй. Ерөнхий захиралд бүртгүүлснээс хойш нэг жилийн дараа цуцлалт хүчин төгөлдөр болно.
2. Энэхүү Конвенцийг соёрхон батласан гишүүн улс нэг жилийн дотор энэ зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан арван жилийн хугацаа өнгөрсний дараа энэ зүйлд заасан цуцлах тухай эрхээ хэрэгжүүлээгүй тохиолдолд дараагийн арван жилийн хугацаанд тухайн гишүүн улсын хувьд Конвенц хүчин төгөлдөр хэвээр байх бөгөөд арван жилийн хугацаа өнгөрөх тухай бүрт энэ зүйлд заасан журмын дагуу цуцлах эрхээ эдлэж болно.
14 дүгээр зүйл
1. Олон улсын хөдөлмөрийн товчооны Ерөнхий захирал нь гишүүн улс энэхүү Конвенцийг соёрхон батласныг болон цуцалсныг бүртгэсэн тухайгаа Олон Улсын Хөдөлмөрийн Байгуулагын гишүүдэд мэдээлнэ.
2. Соёрхон батласан хоёр дахь батламж жуух бичгийг бүртгэсэн тухай Ерөнхий захирал Байгууллагын гишүүн улсуудад мэдээлэхдээ энэхүү Конвенцийг хүчин төгөлдөр болох хугацааг сануулна.
15 дугаар зүйл
Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн 102 дугаар зүйлийн дагуу Олон улсын хөдөлмөрийн товчооны Ерөнхий захирал дээрх зүйлд зааснаар энэхүү Конвенцийг соёрхон батласан болон цуцалсан тухай дэлгэрэнгүй мэдээллийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад илгээнэ.
16 дугаар зүйл
Олон улсын хөдөлмөрийн товчооны Захиргааны зөвлөл шаардлагатай гэж үзвэл энэхүү Конвенцийн хэрэгжилтийн тухай Ерөнхий бага хуралд илтгэж, Конвенцийг бүхэлд нь эсхүл хэсэгчилсэн өөрчлөн хянах тухай асуудлыг Бага хурлаар хэлэлцүүлэх эсэх талаар шийдвэр гаргана.
17 дугаар зүйл
1. Энэхүү Конвенцийг бүхэлд нь буюу хэсэгчлэн өөрчлөн хянасан конвенцийг Чуулган шинээр баталж, тухайн Конвенцид өөрөөр заагаагүй тохиолдолд:
a) гишүүн улсын аль нэг нь өөрчлөн хянасан конвенцийг соёрхон батлавал, 13 дугаар зүйлийн заалтыг үл харгалзан, шинээр батласан конвенц хүчин төгөлдөр болж энэхүү Конвенц хүчингүй болно;
b) хянаж өөрчилсөн шинэ конвенц хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш энэхүү Конвенц нь гишүүн бусад улсууд соёрхон батлахад хаалттай болно.
2. Энэхүү Конвенцийг соёрхон батласан бол хянаж өөрчилсөн шинэ конвенцийг соёрхон батлаагүй байгаа гишүүн улсын хувьд энэхүү Конвенц нь хэлбэр агуулгаараа хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ.
18 дугаар зүйл
Энэхүү Конвенцийн англи, франц хэлээр үйлдсэн эх бичвэрүүд адил хүчинтэй байна.