A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • "ТӨЛБӨРИЙН ЖИШИГ ХЭМЖЭЭ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ" - Сангийн сайд, ЭМС-ын 2022 оны 49,А/118 дугаар тушаалаар хүчингүй болсон.
Бүлэг: 1979

САНГИЙН САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар 264/ А/293

Улаанбаатар хот

ТӨЛБӨРИЙН ЖИШИГ ХЭМЖЭЭ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Эрүүл мэндийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, 24.5 дахь хэсэг, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх нэмэлт болон төлбөртэй тусламж, үйлчилгээний төлбөрийн жишиг хэмжээ"-г нэгдүгээр, "Төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх нэмэлт болон төлбөртэй тусламж, үйлчилгээний орлогыг зарцуулах үлгэрчилсэн журам"-ыг хоёрдугаар, "Нэмэлт тусламж, үйлчилгээний төлбөрийг иргэнээс төлүүлэх журам"-ыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Нэмэлт болон төлбөртэй тусламж, үйлчилгээний төлбөрийн жишиг хэмжээг байгууллагын вэб сайт, мэдээллийн самбарт ил тод байршуулан иргэдийг мэдээллээр хангах, эмнэлгийн цахим бүртгэл болон санхүүгийн програмд зохих өөрчлөлт хийж хоорондын уялдааг нь сайжруулах арга хэмжээ авахыг төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллагуудын дарга, захирал нарт үүрэг болгосугай.

3. Төрийн болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаас үзүүлсэн нэмэлт болон төлбөртэй тусламж, үйлчилгээний мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж, тухай бүр шинэчилж байхыг Эрүүл мэндийн хөгжлийн төв (Б.Нарантуяа)-д, мэдээллийн санг үндэслэн тусламж, үйлчилгээний санхүүжилтийн эх үүсвэрийг бодитой тодорхойлж жилийн төсвийн төсөлд тусгаж байхыг Эрүүл мэндийн яамны Бодлого, төлөвлөлтийн газар (Д.Төмөртогоо) нарт тус тус даалгасугай.

4. Тушаалыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг төсөвт тусгаж байхыг Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар (Ж.Ганбат), Эрүүл мэндийн яамны Бодлого, төлөвлөлтийн газар (Д.Төмөртогоо) нарт, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газар (Н.Нарангэрэл), Эрүүл мэндийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар (Б.Баярт) нарт тус тус даалгасугай.

5. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан "Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад нэмэлтээр үзүүлэх тусламж, үйлчилгээний жагсаалт, журам батлах тухай" Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын 2006 оны 370/387 дугаар хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САНГИЙН САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭН

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД А.ЦОГЦЭЦЭГ

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2017 оны 8 дугаар 25-ны өдрийн 3781 дугаарт бүртгэв.

САНГИЙН САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 49,А/118

Улаанбаатар хот

ТӨЛБӨРИЙН ЖИШИГ ХЭМЖЭЭ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Эрүүл мэндийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, 24.5 дахь хэсэг, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

1. "Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх төлбөртэй тусламж, үйлчилгээний төлбөрийн жишиг хэмжээ"- г нэгдүгээр, "Төрийн болон орон нутгийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх төлбөртэй тусламж, үйлчилгээ болон нэмэлт үйлчилгээ үзүүлж олсон орлогыг зарцуулах үлгэрчилсэн журам"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Төлбөртэй тусламж, үйлчилгээ болон нэмэлт үйлчилгээний төлбөрийн жишиг хэмжээг байгууллагын цахим хуудас, мэдээллийн самбарт ил тод байршуулан иргэдийг мэдээллээр хангах, эрүүл мэндийн байгууллагын цахим бүртгэл болон санхүүгийн програмд зохих өөрчлөлт хийж хоорондын уялдааг нь сайжруулах арга хэмжээ авахыг төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллагуудын дарга, захирал нарт үүрэг болгосугай.

3. Энэ тушаалаар батлагдсан төлбөртэй тусламж, үйлчилгээний төлбөрийн жишиг хэмжээг мөрдөж эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх тусламж, үйлчилгээг холбогдох журмын дагуу санхүүжүүлж ажиллахыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (Л.Бямбасүрэн)-т үүрэг болгосугай.

4. Эрүүл мэндийн байгууллагаас үзүүлсэн төлбөртэй тусламж, үйлчилгээ болон нэмэлт үйлчилгээ үзүүлэх орлогыг жил бүрийн төсөвт хянаж тусгахыг Эрүүл мэндийн яамны Санхүү, эдийн засгийн газар (Б.Мөнхтуул), тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн яамны Бодлого, төлөвлөлтийн газар (Б.Буянтогтох), Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар (С.Төгсдэлгэр)-т тус тус даалгасугай.

5. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан "Төлбөрийн жишиг хэмжээ, журам батлах тухай" Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 264/А/293 дугаар хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САНГИЙН САЙД  Б.ЖАВХЛАН                    ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЭНХБОЛД