Хэвлэх DOC Татаж авах
МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
ЭДИЙН ЗАСАГ, НИЙГЭМ, СОЁЛЫН ЭРХИЙН ТУХАЙ ОЛОН УЛСЫН ПАКТ

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 1966 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2200А (XXI) дугаар тогтоолоор баталж, 1976 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр хүчин төгөлдөр болсон*



Энэхүү Пактад оролцогч улсууд,
Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрэмд тунхагласан зарчмын дагуу хүн төрөлхтөний бүлийн бүх гишүүнд угаас заяасан нэр төр болон тэдний тэгш, салшгүй эрхийг хүлээн зөвшөөрөх нь эрх чөлөө, шударга ёс, бүх нийтийн энх тайвны үндэс болохыг анхааралдаа авч,
эдгээр эрх нь хүнд угаас заяасан нэр төрөөс үүдэн гарч байгааг хүлээн зөвшөөрч,
Хүний эрхийн түгээмэл тунхаглалд зааснаар хүн бүр эдийн засаг, нийгэм соёлын эрхээ улс төр, иргэний эрхийн адил эдлэх нөхцлөөр хангагдсан үед л айх аюулгүй, гачигдах зүйлгүй байх чөлөөт бие хүний туйлын хүслэн биелэгдэхийг хүлээн зөвшөөрч,
Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрэм ёсоор улсууд хүний эрх, эрх чөлөөг бүх нийтээр хүндэтгэх хийгээд сахих явдлыг хөхиүлэн дэмжих үүрэгтэйг анхааралдаа авч,
хувь хүн бүр бусад хүн болон хамт олныхоо өмнө үүрэг хүлээхийн сацуу энэхүү Пактад хүлээн зөвшөөрсөн эрхийг хөхиүлэн дэмжүүлэх, сахиулах ёстойг анхааралдаа авч,
дор дурдсан зүйлийг тохиролцов:
I ХЭСЭГ
1 дүгээр зүйл
1. Бүх ард түмэн өөрөө засан тохинох эрхтэй. Энэ эрхийнхээ дагуу тэд улс төрийн байдлаа чөлөөтэй тогтоож, эдийн засаг, нийгэм, соёлын хөгжлөө чөлөөтэй хангана.
2. Бүх ард түмэн зорилгодоо хүрэхийн тулд харилцан ашигтай байх зарчим дээр тулгуурласан олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа болон олон улсын эрх зүйгээр хүлээсэн аливаа үүрэгт хохиролгүйгээр байгалийн баялаг, эх нөөцөө чөлөөтэй эзэмшинэ. Аливаа ард түмнийг ямар ч тохиолдолд оршин тогтнох хэрэглүүрээс нь салгаж үл болно.
3. Энэхүү Пактад оролцогч бүх улс, түүний дотор өөрөө захиргаагүй болон асрамжийн нутаг дэвсгэрийг захирах хариуцлага хүлээсэн улс, Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн заалтын дагуу өөрөө засан тохинох эрхийг хэрэгжүүлэхийг хөхиүлэн дэмжиж, энэ эрхийг хүндэтгэх ёстой.
II ХЭСЭГ
2 дугаар зүйл
1. Энэхүү Пактад оролцогч улс бүр дангаараа болон олон улсын тусламж, хамтын ажиллагаагаар, тухайлбал эдийн засаг, техникийн салбарт, энэхүү Пактаар хүлээн зөвшөөрсөн эрхийг бүрэн хэрэгжүүлэхийг дэвшилттэйгээр хангахын тулд хууль тогтоомжийн арга хэмжээг оролцуулан, зохистой арга хэмжээг байгаа бүх боломжийнхоо хэрээр авах үүрэгтэй.
2. Энэхүү Пактад оролцогч улсууд арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний болон нийгмийн гарал, эд хөрөнгийн байдал, төрсөн болон бусад нөхцөл байдлаар алагчилахгүйгээр энэхүү Пактад тунхагласан эрхийг хэрэгжүүлэх баталгааг бий болгох үүрэгтэй.
3. Хөгжиж байгаа улсууд хүний эрх болон үндэсний эдийн засгаа зохих ёсоор харгалзан үзсэний үндсэн дээр энэхүү Пактаар хүлээн зөвшөөрсөн эдийн засгийн эрхийг өөрийн улсын иргэн бус хүмүүст хэрэгжүүлэх баталгааг ямар хэмжээгээр бий болгохоо тодорхойлж болно.
3 дугаар зүйл
Энэхүү Пактад оролцогч улсууд түүнд заасан эдийн засаг, нийгэм, соёлын бүх эрхийг эрэгтэй, эмэгтэйчүүдэд тэгш эдлүүлэх нөхцлийг хангах үүрэгтэй.
4 дүгээр зүйл
Аливаа улсаас энэхүү Пактын дагуу хангах ёстой эрхийг эдлүүлэхдээ эдгээр эрхэд зөвхөн хуульд тодорхойлсон ёсоор хязгаарлалт тогтоож болох бөгөөд энэ нь тэдгээр эрхийн уг чанарт нийцсэн, ардчилсан нийгэмд гагцхүү нийтийн сайн сайхан байдалд туслах зорилготой байх ёстой гэдгийг энэхүү Пактад оролцогч улсууд хүлээн зөвшөөрнө.
5 дугаар зүйл
1. Аливаа улс, бүлэг болон этгээд энэхүү Пактаар хүлээн зөвшөөрсөн аливаа эрх, эрх чөлөөг устгахад чиглэсэн, эсхүл түүнд зааснаас илүү хэмжээгээр хязгаарлахад чиглэсэн аливаа үйл ажиллагаа явуулах, аливаа үйлдэл хийх эрхтэй байх мэтээр Пактын аливаа заалтыг мушгин тайлбарлаж болохгүй.
2. Аливаа улсад хууль, конвенц, журам, заншлаар хүлээн зөвшөөрсөн буюу тогтоосон хүний үндсэн эрхийг энэхүү Пактад бүхэлд нь хүлээн зөвшөөрөөгүй буюу бүрэн бус хүлээн зөвшөөрсөн гэдэг шалтгаанаар хязгаарлаж, багасгаж хэрхэвч болохгүй.
III ХЭСЭГ
6 дугаар зүйл
1. Энэхүү Пактад оролцогч улсууд хүн бүр аж төрөхдөө чөлөөтэй сонгох, чөлөөтэй тохиролцох боломжийг олгосон хөдөлмөрлөх эрхийг хүлээн зөвшөөрч, энэ эрхийг хэрэгжүүлэхэд чиглэсэн зохистой алхам хийнэ.
2. Энэ эрхийг бүрэн хэрэгжүүлэх зорилгоор энэхүү Пактад оролцогч улсуудын авах арга хэмжээ нь техник мэргэжлийн дадлага, сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, эдийн засаг, нийгэм, соёлын хэлбэрэлтгүй хөгжлийг хангах арга замыг хэрэгжүүлэх хувь хүний улс төр, эдийн засгийн үндсэн эрх чөлөөг баталгаажуулах нөхцөлд үр ашигтай ажлаар бүрэн хангах алхмыг хамаарна.
7 дугаар зүйл
Энэхүү Пактад оролцогч улсууд хүн бүр хөдөлмөрийн шударга, таатай нөхцлөөр хангагдах эрхийг хүлээн зөвшөөрөх бөгөөд тухайлбал:
(а) бүх хөдөлмөр эрхлэгчдэд наад зах нь дараахь байдлыг хангахуйц цалин хөлс олгох:
i/ цалин хөлсийг шударгаар тогтоох, аливаа ялгаваргүйгээр адил үнэлгээтэй хөдөлмөрт тэгш цалин хөлс олгох, чингэхдээ, тухайлбал, эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс доргүй хөдөлмөрлөх нөхцлийг бий болгох, тэдний адил хөдөлмөрт нь тэгш цалин хөлс олгох;
ii/ энэхүү Пактын заалтын дагуу хөдөлмөр эрхлэгч, түүний гэр бүлийн гишүүдэд хангалуун амьдрах боломж олгох.
(b) аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон ажлын нөхцлийг бүрдүүлэх;
(c) гагцхүү ажилласан хугацаа, мэргэшилд үндэслэн зохих дээд шатны ажилд дэвших адил боломжийг хүн бүрт олгох;
(d) амрах, зав чөлөөтэй байх, ажлын цагийг зохистойгоор хязгаарлах, ээлжийн амралтыг цалин хөлстэйгээр эдлүүлэх, баярын өдөрт цалин хөлс олгохыг хамаарна.
8 дугаар зүйл
1. Энэхүү Пактад оролцогч улсууд дор дурдсан эрхийг хангах үүрэгтэй:
(а) хүн бүр эдийн засаг, нийгмийн ашиг сонирхлоо хамгаалах, хэрэгжүүлэхийн тулд үйлдвэрчний эвлэл байгуулах, журмыг нь сахих үндсэн дээр сонгосон байгууллагадаа элсэн орох эрхтэй. Дээр дурдсан эрхийг эдлэхэд хуульд заасан буюу ардчилсан нийгэмд шаардагдах үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах, бусдын эрх, эрх чөлөөг хамгаалах ашиг сонирхлоос бусад ямарваа хязгаарлалт тогтоохыг хориглоно;
(b) үйлдвэрчний эвлэлээс үндэсний холбоо, нэгдэл байгуулах эрх, түүнчлэн үндэсний холбоо, нэгдлээс олон улсын үйлдвэрчний байгууллагыг үүсгэх буюу түүнд нэгдэн орох эрх;
(c) үйлдвэрчний эвлэл хуулиар тогтоосон бөгөөд ардчилсан нийгэмд шаардагдах үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах, бусдын эрх, эрх чөлөөг хамгаалах ашиг сонирхлоос бусад ямарваа хязгаарлалтгүйгээр үйл ажиллагаагаа саадгүй явуулах эрх;
(d) ажил хаях эрхтэй бөгөөд түүнийгээ тухайн улсын хуульд нийцүүлэн эдлэнэ.
2. Энэ зүйлийн заалт нь зэвсэгт хүчин, цагдаагийн газар, төрийн захиргааны бүрэлдэхүүнд орсон этгээдээс энэ эрхийг эдлэхэд нь хууль ёсны хязгаарлалт тогтооход саад болохгүй.
3. Энэ зүйлийн аливаа заалт Чөлөөтэй эвлэлдэн нэгдэх болон байгууллага байгуулах эрхийг хамгаалах тухай Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 1948 оны конвенцид заасан баталгаанд хохирол учруулахуйц хууль тогтоомжийг батлах буюу эдгээр баталгаанд хохирол учруулахаар хуулийг хэрэглэх эрхийг дурдсан Конвенцид оролцогч улсуудад олгохгүй.
9 дүгээр зүйл
Энэхүү Пактад оролцогч улсууд нийгмийн даатгалыг оролцуулан, хүн бүрийн нийгмийн хангамжинд хамрагдах эрхийг хүлээн зөвшөөрнө.
10 дугаар зүйл
Энэхүү Пактад оролцогч улсууд дор дурдсан зүйлийг хүлээн зөвшөөрнө:
1. Нийгмийн жам ёсны үндсэн нэгж болсон гэр бүлд, ялангуяа түүний үүсэх үед, бие дааж амжаагүй хүүхдийг халамжлах, хүмүүжүүлэх хариуцлага хүлээж байгаа үед, боломжийн хэрээр халамжлан хамгаалж тусална. Гэрлэгсэд чөлөөтэй, харилцан зөвшөөрөлцсөний үндсэн дээр гэрлэнэ.
2. Эхчүүдийг хүүхэд төрүүлэхийн өмнөх болон дараахь тодорхой хугацаанд онцгойлон хамгаална. Ажиллаж байгаа эхчүүдэд энэ хугацаанд цалинтай чөлөө буюу нийгмийн хангамжийн зохих тэтгэмж олгоно.
3. Бүх хүүхэд, өсвөр насныхны тухайд гэр бүлийн гарал буюу бусад үндэслэлээр алагчилахгүйгээр хамгаалах, тусламж үзүүлэх онцгой арга хэмжээ авч байх ёстой. Хүүхэд, өсвөр насныхныг эдийн засаг, нийгмийн дарлал мөлжлөгөөс хамгаалж байх ёстой. Тэднийг ёс суртахуун, эрүүл мэндэд нь харш, амь насанд нь аюултай буюу хэвийн өсөлт хөгжилтөд нь хор болохуйц салбарт ажиллуулсан бол хуулийн дагуу шийтгэнэ. Үүнээс гадна төр хүүхдийг ажиллуулах насны хязгаарыг тогтоож, үүнээс доош насны хүүхдийг хөлслөн ажиллуулахыг хориглож, зөрчсөн тохиолдолд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж байна.
11 дүгээр зүйл
1. Энэхүү Пактад оролцогч улсууд хүн бүрийн болон түүний өрх гэрийн хүрэлцээтэй хоол хүнс, хувцас, орон сууцыг оролцуулан, амьдралын хүрэлцээтэй түвшинд аж төрөх, амьдралынхаа нөхцлөө байнга сайжруулах эрхийг нь хүлээн зөвшөөрнө. Оролцогч улсууд энэ талаар чөлөөтэй зөвшилцөлд үндэслэсэн олон улсын хамтын ажиллагаа чухал ач холбогдолтойг хүлээн зөвшөөрч, энэ эрхийн хэрэгжилтийг хангах зохистой арга хэмжээ авна.
2. Энэхүү Пактад оролцогч улсууд хүн бүрийн өлсгөлөнгөөс ангид аж төрөх үндсэн эрхийг хүлээн зөвшөөрч, тодорхой хөтөлбөр хэрэгжүүлэхийг оролцуулан, дангаараа буюу олон улсын хамтын ажиллагааны хэлбэрээр шаардлагатай арга хэмжээг дараахь зорилгоор авна:
(а) байгалийн эх нөөцийг хамгийн үр ашигтай эзэмших, ашиглах зорилгоор техник, шинжлэх ухааны мэдлэгийг өргөн ашиглах, хүнс тэжээлийн тухай мэдлэгийг дэлгэрүүлэх, газар тариалангийн тогтолцоог боловсронгуй болгох, шинэтгэл хийх замаар хоол хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хадгалах, хуваарилах арга ажиллагааг сайжруулах;
(b) хүнсний бүтээгдэхүүн экспортлогч буюу импортлогч улсын асуудлыг анхааралдаа авч харгалзан дэлхийн хоол хүнсний нөөцийн шударга хуваарилалтыг хангах.
12 дугаар зүйл
1. Энэхүү Пактад оролцогч улсууд хүн бүрийн бие бялдрын болон сэтгэцийн эрүүл мэнд дээд түвшинд хүрсэн байх эрхийг хүлээн зөвшөөрнө.
2. Энэхүү Пактад оролцогч улсууд энэ эрхийг бүрэн хэрэгжүүлэхэд шаардагдах дараахь арга хэмжээг авна:
(а) нялхсын эндэгдлийг багасгах, хүүхдийн эрүүл чийрэг өсөлтийг хангах;
(b) гадаад орчны болон үйлдвэрлэлийн эрүүл ахуйг бүх талаар сайжруулах;
(c) халдварт өвчин, тухайн нутгийн өвчин, мэргэжлийн болон бусад өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, тийм өвчинтэй тэмцэх;
(d) өвчилсөн тохиолдолд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, сувилах нөхцлийг бүгдэд бий болгох.
13 дугаар зүйл
1. Энэхүү Пактад оролцогч улсууд хүн бүр сурч боловсрох эрхийг хүлээн зөвшөөрнө. Боловсрол хүний хувийн зан чанарыг бүхэлд нь бүрэн хөгжүүлэх, нэр төрөө ухамсарлахад чиглэгдэж, хүний эрх, үндсэн эрх чөлөөг хүндэтгэн бэхжүүлэх естойг зөвшөөрч байна. Боловсрол хүн бүрт чөлөөт нийгмийн тустай гишүүн байх, бүх үндэстэн, арьс үндэстэн, угсаа, шашин шүтлэгээрээ ялгавар бүхий бүлгийн хувьд харилцан ойлголцох, хүлцэн тэвчих, эвсэн найрамдах, мөн Нэгдсэн Үндэстний Байгууллагаас энх тайвныг сахих талаар явуулж байгаа үйл ажиллагаанд дөхөм үзүүлэхэд бүгдэд боломж олгох ёстойг зөвшөөрч байна.
2. Энэхүү Пактад оролцогч улсууд энэ эрхийг бүрэн хэрэгжүүлэхийн тулд:
(а) хүн бүрт бага боловсролыг заавал, үнэ төлбөргүй олгох;
(b) үнэ төлбөргүй боловсрол олгохыг дэвшилттэйгээр нэвтрүүлэх бүхий л шаардлагатай арга хэмжээ авах замаар, техник-мэргэжлийн дунд сургуулийн боловсролыг оролцуулан, дунд боловсролын төрөл бүрийн хэлбэрийг бүгдэд боломжтой, хүртээмжтэй болгох;
(c) үнэ төлбөргүй боловсрол олгохыг дэвшилттэйгээр нэвтрүүлэх бүхий л шаардлагатай арга хэмжээ авах замаар, авъяас чадварыг нь харгалзан, дээд боловсролыг бүгдэд ижил хүртээмжтэй болгох;
(d) бага боловсролтой бүрэн болоогүй буюу бага сургуулийг бүрэн төгсөөгүй хүн суурь боловсролтой болохыг хөхиүлэн дэмжих буюу эрчимжүүлэх;
(e) бүх шатны сургуулийн тогтолцоог эрчимтэй хөгжүүлэх, хангалттай тэтгэлэгийн тогтолцоотой болох, багш нарын материаллаг нөхцлийг байнга сайжруулах арга хэмжээг авах ёстой.
3. Энэхүү Пактад оролцогч улсууд эцэг эх болон зохих нөхцөлд хууль ёсны асран хамгаалагчаас хүүхэддээ төрийн байгууллагаас байгуулсан сургууль төдийгүй, боловсрол олгох талаар улсаас тогтоосон буюу батласан наад захын шаардлагыг хангаж байгаа бусад сургуулийг сонгох, өөрийн хувийн итгэл, үнэмшлийн дагуу шашин шүтлэг болон ёс суртахууны боловсрол олгох боломжийг хангана.
4. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зарчмыг хатуу баримталсан бөгөөд тэр сургуулиар олгож байгаа боловсрол нь төрөөс тогтоосон наад захын шаардлагын доод хэмжээг хангасан нөхцөлд, хувь этгээд буюу байгууллагаас сургууль байгуулах, удирдах эрх чөлөөг хязгаарласан утгаар энэ зүйлийн аливаа хэсгийг тайлбарлаж болохгүй.
14 дүгээр зүйл
Энэхүү Пактад оролцогч улс бүр түүнд оролцогч болох үедээ өөрийн эзэмшлийн нутаг дэвсгэр дээр буюу шүүхийн харьяалалд нь хамаарах бусад нутаг дэвсгэр дээр бага боловсролыг заавал, үнэ төлбөргүй болгох журам тогтоож чадаагүй байсан бол, бүх нийтийн боловсролыг заавал, үнэ төлбөргүй болгох зарчмыг зохих хугацаанд, дэвшилттэйгээр хэрэгжүүлэх арга хэмжээний тодорхой төлөвлөгөөг хоёр жилийн дотор боловсруулан, батлах үүрэг хүлээнэ.
15 дугаар зүйл
1. Энэхүү Пактад оролцогч улсууд хүн бүр дараахь эрх эдлэхийг хүлээн зөвшөөрнө:
(а) соёлын амьдралд оролцох;
(b) шинжлэх ухааны дэвшлийн үр дүнг ашиглах, түүнийг хэрэглэх;
(c) өөрийнхөө туурвисан шинжлэх ухаан, утга зохиол, уран сайхны аливаа бүтээлтэй холбогдон үүссэн ёс суртахууны болон эд материалын ашиг сонирхлыг хамгаалуулах.
2. Энэхүү Пактад оролцогч улсуудаас энэ эрхийг бүрэн хэрэгжүүлэх үүднээс авч явуулбал зохих арга хэмжээнд шинжлэх ухаан, соёлын ололтыг хамгаалах, хөгжүүлэх, дэлгэрүүлэхэд шаардагдах арга хэмжээ багтана.
3. Энэхүү Пактад оролцогч улсууд шинжлэх ухааны судалгааны болон уран бүтээлийн үйл ажиллагаа явуулахад зайлшгүй шаардагдах эрх чөлөөг хүндэтгэх үүрэгтэй.
4. Энэхүү Пактад оролцогч улсууд шинжлэх ухаан, соёлын салбарт олон улсын харилцаа, хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжиж, хөгжүүлэх нь үр ашигтай гэдгийг хүлээн зөвшөөрч байна.
IV ХЭСЭГ
16 дугаар зүйл
1. Энэхүү Пактад оролцогч улсууд энэ хэсэгт заасны дагуу Пактаар хүлээн зөвшөөрсөн эрхийг хэрэгжүүлэх талаар авсан арга хэмжээ, хүрсэн дэвшлийнхээ тухай тайлан гаргаж байх үүрэг хүлээнэ.
2. (а) Бүх тайланг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хүргүүлэх бөгөөд тэрээр тайлангийн хувийг энэхүү Пактын заалтын дагуу Эдийн засаг, нийгмийн зөвлөлд хэлэлцүүлэхээр илгээнэ.
(b) төрөлжсөн байгууллагын гишүүн бөгөөд энэхүү Пактад оролцогч улсаас ирүүлсэн тайлан буюу түүний хэсэг нь тухайн байгууллагын үндэслэн байгуулсан баримт бичгийн дагуу түүний үйл ажиллагаатай холбоотой байвал Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга тайлан буюу түүний хэсгийг холбогдох байгууллагад хүргүүлнэ.
17 дугаар зүйл
1. Энэхүү Пактыг хүчин төгөлдөр болсноос хойш нэг жилийн хугацаанд Эдийн засаг, нийгмийн зөвлөл энэхүү Пактад оролцогч улсууд болон холбогдох төрөлжсөн байгууллагуудтай зөвлөлдөн хөтөлбөр боловсруулж гаргах бөгөөд энэхүү хөтөлбөрийн дагуу оролцогч улсууд зохих үе шатаар тайлан гарган өгч байна.
2. Энэхүү Пактаар хүлээсэн үүргийг биелүүлэхэд нөлөөлж байгаа хүчин зүйл, бэрхшээлийг тайланд тусгаж болно.
3. Хэрэв энэхүү Пактад оролцогч улсууд Нэгдсэн Үндэстний Байгууллага болон аливаа төрөлжсөн байгууллагад зохих мэдээлэл урьд нь өгсөн бол, тэрхүү мэдээлэл дахин өгөх шаардлагагүй бөгөөд харин тийнхүү өгсөн мэдээллийг иш татан дурдахад л хангалттай.
18 дугаар зүйл
Эдийн засаг, нийгмийн зөвлөл нь хүний эрх, үндсэн эрх чөлөөний талаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд төрөлжсөн байгууллагуудаас үйл ажиллагааны хүрээнд хамаарах, энэхүү Пактын заалтыг биелүүлэх явцад хүрсэн дэвшлийн талаар тайлан гаргуулан авах тухай тэдгээр байгууллагатай тохиролцож болно. Тайланд дээрх байгууллагуудаас Пактын заалтыг хэрэгжүүлэх талаар гаргасан шийдвэр, зөвлөмжийн тухай тодорхой оруулж болно.
19 дүгээр зүйл
Эдийн засаг, нийгмийн зөвлөл 16, 17 дугаар зүйлд заасны дагуу оролцогч улсуудаас ирүүлсэн хүний эрхтэй холбогдол бүхий тайлан болон 18 дугаар зүйлд заасны дагуу төрөлжсөн байууллагуудаас ирүүлсэн хүний эрхийн холбогдолтой тайланг Хүний эрхийн комисст судалгаа хийлгэх болон ерөнхий зөвлөмж гаргуулахаар, эсхүл зарим тохиолдолд мэдээлэхээр шилжүүлж болно.
20 дугаар зүйл
Энэхүү Пактад оролцогч улсууд болон холбогдох төрөлжсөн байгууллагууд 19 дүгээр зүйлийн дагуу гаргасан ерөнхий зөвлөмжийн талаар буюу Хүний эрхийн комиссын аль нэг тайлан, түүний иш татаж байгаа аль нэг баримт бичгийн талаар Эдийн засаг, нийгмийн зөвлөлд саналаа илэрхийлж болно.
21 дүгээр зүйл
Эдийн засаг, нийгмийн зөвлөл ерөнхий зөвлөмж болон энэхүү Пактад оролцогч улсууд, төрөлжсөн байгууллагуудаас энэхүү Пактаар хүлээн зөвшөөрсөн эрхийг бүх нийтээр хангах талаар авсан арга хэмжээ, хүрсэн үр дүнгийн талаар ирүүлсэн мэдээллийн тухай хураангуй тайланг Ерөнхий Ассамблейд үе үе оруулж байна.
22 дугаар зүйл
Эдийн засаг, нийгмийн зөвлөл нь техникийн тусламж үзүүлэх асуудал эрхэлсэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын бусад байгууллага, тэдгээрийн туслах байгууллага болон төрөлжсөн байгууллагуудын анхаарлыг энэхүү Пактыг амьдралд аажмаар, үр ашигтай хэрэгжүүлэхэд өөрийн эрх хэмжээний дагуу олон улсын арга хэмжээ авах шаардлагатай эсэхийг шийдэхэд нь тэдгээр байгууллагад дөхөм үзүүлэхүйц хийгээд Пактын энэхүү хэсэгт дурдсан тайлантай холбоотой аливаа асуудалд хандуулж болно.
23 дугаар зүйл
Энэхүү Пактад оролцогч улсууд түүгээр хүлээн зөвшөөрсөн эрхийг хэрэгжүүлэхэд дөхөм үзүүлэх олон улсын арга хэмжээнд конвенц байгуулах, зөвлөмж гаргах, техникийн тусламж үзүүлэх, зөвлөлдөх зорилгоор бүсийн болон мэргэжлийн зөвлөгөөн хийх, түүнчлэн засгийн газруудтай хамтран судалгаа хийх зэрэг арга хэмжээ багтана гэж үзэж байна.
24 дүгээр зүйл
Энэхүү Пактад тусгагдсан асуудлын талаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөл бүрийн газар болон төрөлжсөн байгууллагуудын гүйцэтгэвэл зохих үүргийг тодорхойлсон Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрэм, төрөлжсөн байгууллагуудын дүрмийн заалтуудын ач холбогдлыг бууруулсан мэтээр энэхүү Пактын аливаа заалтыг тайлбарлаж болохгүй.
25 дугаар зүйл
Байгалийн баялаг, нөөцийг бүрэн чөлөөтэй эзэмших, ашиглах бүх ард түмний салшгүй эрхийг хязгаарласан мэтээр энэхүү Пактын аливаа заалтыг мушгин тайлбарлаж болохгүй.
V ХЭСЭГ
26 дугаар зүйл
1. Энэхүү Пакт нь Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн байгууллагын гишүүн аливаа улс, Олон улсын шүүхийн дүрэмд оролцогч аливаа улс, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас энэхүү Пактад оролцохыг урьсан бусад аливаа улс гарын үсэг зурахад нээлттэй байна.
2. Энэхүү Пактыг соёрхон баталбал зохино. Батламж жуух бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулна.
3. Энэхүү Пакт энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аливаа улс нэгдэн ороход нээлттэй байна.
4. Нэгдэж орсон тухай батламж жуух бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулснаар нэгдэн орсон гэж үзнэ.
5. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга соёрхон батласан буюу нэгдэн орсон батламж жуух бичгийг хадгалуулсан бүрийг энэхүү Пактад гарын үсэг зурсан буюу нэгдэж орсон бүх улсад мэдээлж байна.
27 дугаар зүйл
1. Энэхүү Пакт нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад соёрхон батласан болон нэгдэн орсон тухай гучин тав дахь батламж жуух бичгийг хадгалуулснаас хойш гурван сарын дараа хүчин төгөлдөр болно.
2. Соёрхон батласан болон нэгдэж орсон тухай гучин тав дахь батламж жуух бичгийг хадгалуулсны дараа энэхүү Пактыг соёрхон батласан буюу түүнд нэгдэн орсон улсын хувьд батламж жуух бичгээ хадгалуулснаас хойш гурван сарын дараа энэхүү Пакт хүчин төгөлдөр болно.
28 дугаар зүйл
Энэхүү Пактын заалтууд холбооны улсуудын бүх хэсэгт ямар нэгэн хязгаарлалтгүйгээр адил үйлчилнэ.
29 дүгээр зүйл
1. Энэхүү Пактад оролцогч аливаа улс нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргаж, энэ тухайгаа Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдэж болно.
Ерөнхий нарийн бичгийн дарга дэвшүүлсэн аливаа нэмэлт өөрчлөлтийн утхай саналыг энэхүү Пактад оролцогч улсуудад хүргүүлж, түүнийг хэлэлцэж, санал хураах зорилгоор энэхүү Пактад оролцогч улсуудын бага хурал хуралдуулах саналтай эсэхээ мэдэгдэхийг хүснэ. Хэрэв оролцогч улсуудын гуравны нэгээс доошгүй нь бага хурал хуралдуулах саналтай байвал Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Нэгдсэн Үндэстний Байгууллагын ивээл дор бага хурлыг хуралдуулна. Энэхүү бага хуралд оролцсон хийгээд саналаа өгсөн оролцогч улсын олонхийн дэмжсэн аливаа нэмэлт өөрчлөлтийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейд батлуулахаар оруулна.
2. Эдгээр нэмэлт өөрчлөлт нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей баталж, энэхүү Пактад оролцогч улсуудын гуравны хоёр нь үндэсний хууль тогтоомжийнхоо дагуу тэдгээрийг баталмагц хүчин төгөлдөр болно.
3. Хүчин төгөлдөр болсон нэмэлт өөрчлөлт нь түүнийг хүлээн зөвшөөрсөн оролцогч улсуудын хувьд заавал дагаж мөрдөх зүйл болно. Харин бусад оролцогч улсуудын хувьд энэхүү Пактын заалт болон тэдгээр улсаас урьд өмнө хүлээн зөвшөөрсөн аливаа нэмэлт өөрчлөлт заавал дагаж мөрдөх хүчинтэй хэвээр байна.
30 дугаар зүйл
26 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хийсэн мэдээллийг үл харгалзан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга мөн зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан бүх улсад дараахь зүйлийн талаар мэдээлж байна:
(а) 26 дугаар зүйлийн дагуу гарын үсэг зурсан, соёрхон батласан, нэгдэн орсон тухай;
(b) 27 дугаар зүйлийн дагуу энэхүү Пактын хүчин төгөлдөр болсон огноо, 29 дүгээр зүйлд зааснаар аливаа нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр болсон огнооны тухай.
31 дүгээр зүйл
1. Энэхүү Пактын хятад, англи, франц, орос, испани хэлээр үйлдсэн эх бичвэрүүд нь адил хүчинтэй бөгөөд түүнийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын архивт хадгална.
2. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга энэхүү Пактын баталгаат хуулбарыг 26 дугаар зүйлд заасан бүх улсад хүргүүлнэ.