Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 276

ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 22.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.“Журам батлах, шагналын хэмжээ тогтоох тухай” Засгийн газрын 2007 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 147 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журам”-д дор дурдсан агуулга бүхий дараах заалтыг тус тус нэмсүгэй:

1.1.“3.12. Өмнө нь шинжлэх ухаан, технологийн салбарын шагналд нэр дэвшин комиссын дүгнэлтээр дэмжигдээгүй бүтээлийг сайжруулан боловсруулж, 3 жилийн дараа шагналд дахин нэр дэвшүүлж болно.”

1.2.“4.1.10. Энэ журмын 3.9-т заасан бүтээлийг шагналд нэр дэвшүүлж байгаа тохиолдолд дараах баримт бичгийг нэмж бүрдүүлнэ:

4.1.10.1.тухайн бүтээлийг шагналд нэр дэвшүүлэхийг дэмжиж зөвшөөрсөн тухай төсөл хамтран хэрэгжүүлсэн байгууллагын албан бичиг;

4.1.10.2.тухайн бүтээлд нэр дэвшигчийн оруулсан бодит хувь нэмрийн талаарх төсөл хамтран хэрэгжүүлсэн байгууллагын тодорхойлолт;

4.1.10.3.оюуны өмчийн зөрчилгүй болохыг нотолсон холбогдох мэргэжлийн байгууллагын тодорхойлолт.”

1.3. “5.6.Дэвшүүлсэн бүтээлд шинжээчийн дүгнэлт гаргахдаа дор дурдсан шалгуур үзүүлэлтийг үндэс болгоно:

5.6.1.“Байгаль, нийгмийн ухааны шагнал”-ын хувьд:

5.6.1.1.дэвшүүлсэн бүтээл нь энэ журмын 2.1.1-д заасан шаардлагыг хангаж байгааг шинжлэх ухааны холбогдох салбарын Бага чуулганаар хэлэлцэн дэмжсэн байх;

5.6.1.2.олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн 2-оос доошгүй сэтгүүлд дэвшүүлсэн тухайн бүтээлийн сэдвээр эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлсэн байх;

5.6.1.3.дотоод, гадаадын эрдэмтэн, судлаачдын бүтээлд тухайн нэр дэвшигчийн бүтээлээс 100-гаас доошгүй удаа эшлэл авсан байх.

5.6.2.“Технологийн дэвшлийн шагнал”-ын хувьд:

5.6.2.1.бүтээгдэхүүн, технологи нь хууль тогтоомжийн дагуу оюуны өмчийн эрхийн хувьд баталгаажсан байх;

5.6.2.2.бүтээгдэхүүн, технологи нь олон улсын чанарын стандартын шаардлагыг хангасан, ижил төстэй бүтээгдэхүүн, технологитой харьцуулахад өрсөлдөх чадвараар давуу болох нь чанар, стандартын асуудал хариуцсан эрх бүхий байгууллага болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 2-оос доошгүй үйлдвэр, аж ахуйн нэгжийн тодорхойлолтоор тус тус тогтоогдсон байх;

5.6.2.3.тухайн технологийг ашиглан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний жилийн борлуулалтын орлого 500.0 сая төгрөгөөс багагүй болох нь үйлдвэр, аж ахуйн нэгжийн санхүүгийн тайлангаар баталгаажсан байх.

5.6.3.“Шинжлэх ухаан, технологийн олон улсын хамтын ажиллагааны шагнал”-ын хувьд:

5.6.3.1.шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн болон нарийн мэргэшсэн 50-иас доошгүй мэргэжилтэнтэй байх;

5.6.3.2. 5-аас доошгүй төсөл хамтарч хэрэгжүүлсэн байх;

5.6.3.3.хамтарч хэвлүүлсэн эрдэм шинжилгээний 10-аас доошгүй бүтээлтэй байх;

5.6.3.4.оруулсан хөрөнгө оруулалт, хандив, тусламжийн хэмжээ нь 1.0 тэрбум төгрөгөөс дээш байх.

5.7.Үндэсний аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах зэрэг төрийн болон албаны нууцад хамаарах мэдээлэл бүхий бүтээлийг хүлээн авах, шалгаруулахдаа батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн нууцыг хадгалах, хамгаалах асуудал хариуцсан эрх бүхий байгууллагатай хамтран ажиллана.”

1.4.“6.7. Үндэсний аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах зэрэг төрийн болон албаны нууцад хамаарах мэдээлэл бүхий бүтээл шалгарсан тохиолдолд уг бүтээлийн талаар нийтэд мэдээлэхгүй.”

2.Мөн журмын 5.3 дахь заалтад энэ журамд заасан шаардлага хангасан саналыг шинжээчийн дүгнэлт гаргахад ашиглана.” гэсэн өгүүлбэр нэмсүгэй.

3.Мөн журмын 2.1 дэх заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“2.1.Байгаль, нийгмийн ухааны шагнал”-ыг байгаль, нийгмийн хууль, юмс үзэгдлийн зүй тогтол, мөн чанарыг нээн илрүүлэх замаар шинэ мэдлэг бий болгож, тухайн салбар, шинжлэх ухааны хөгжилд дорвитой хувь нэмэр оруулсан иргэн, судлаачдын хамтлагт олгох бөгөөд уг бүтээл нь дор дурдсан шаардлага хангасан байна:”

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 2007 оны 147 дугаар тогтоолоор баталсан “Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журам”-ын 3.11, 4.1, 4.1.5.9-ийн “Тайлбар” хэсэг, 5.1 дэх заалтын “Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд” гэснийг “шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад” гэж, 5.3 дахь заалтын “Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас” гэснийг “шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас” гэж, 5.4, 6.4 дэх заалтын “Боловсрол, соёл, шинжлэх ухааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага” гэснийг “шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага” гэж, 6.4 дэх заалтын “тэнцүү” гэснийг “энэ журмын 3.8-д заасан оролцооны хувь хэмжээгээр” гэж тус тус өөрчилсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Ж.ЭРДЭНЭБАТ

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Г.ЧУЛУУНБААТАР