A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр

Дугаар 311

Улаанбаатар хот

УЛААНБААТАР ХОТЫН ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 4.1.1, 5.1.3, Өрийн удирдлагын тухай хуулийн 9.1.20, 9.1.21-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 1.0 (нэг) тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд "Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих" төслийг хэрэгжүүлэхээр тогтсугай.

2."Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих" төслийг батлагдсан техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу барьж байгуулах асуудлыг шуурхай зохион байгуулан барилгын ажлыг 2018 оны II улиралд багтаан эхлүүлэх талаар бүх талын арга хэмжээ авч ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан болон холбогдох сайд нарт даалгасугай.

3.Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан төслийн захиалагчийн үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор олон улсын зөвлөх байгууллагыг холбогдох хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулж, шаардагдах зардлыг тухайн төслийн төсөвт өртөгт багтаан хэрэгжүүлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан нарт тус тус үүрэг болгосугай.

4.Одоо ашиглагдаж байгаа төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан лаг буюу аюултай хог хаягдлын байгаль орчинд үзүүлэх хор нөлөөллийг арилгах талаар санал боловсруулж шийдвэрлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжийг шинэчлэх төслийн зориулалтыг өөрчилж хуримтлагдсан лагийг устгахад зарцуулах асуудлыг судалж шийдвэрлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Нийслэлийн Засаг дарга С.Батболд нарт даалгасугай.

5.Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барихтай холбогдуулан ариутгах татуургын байгууламжид нийлүүлэх хаягдал усны бохирдлыг бууруулж, стандартын шаардлагыг хангуулах зорилгоор ус бохирдуулсны төлбөрийн тухай болон бусад шаардлагатай хууль тогтоомжид өөрчлөлт оруулах, хаягдал усыг дахин ашиглах талаар судалж санал боловсруулан Засгийн газарт танилцуулахыг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нарт тус тус даалгасугай.

6.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар нарт үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Х.БАДЕЛХАН