A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр

Дугаар 5

Улаанбаатар хот

"МОНГОЛ УЛСЫН ХҮН АМЫН НУТАГШИЛТ, СУУРЬШЛЫН ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨСӨЛ" БОЛОВСРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030, Ногоон хөгжлийн бодлого, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Хот байгуулалтын тухай хуулийн 6.1.3, 15.1.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл"-ийг боловсруулан батлуулах ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай. (Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2018 оны 289 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)

2. Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төслийг боловсруулах ажлыг шуурхай зохион байгуулж, Үндэсний хороогоор хэлэлцүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаярт даалгасугай.

3. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан төслийг боловсруулахад шаардагдах хөрөнгийг 2018, 2019 оны улсын төсөвт тусган гадаад орон, олон улсын байгууллагаас хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт хамруулж, холбогдох бусад эх үүсвэрээс санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр нарт даалгасугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулах тухай" Засгийн газрын 2014 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 141 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Барилга, хот байгуулалтын сайд Г.МӨНХБАЯР