A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 ОНЫГ "ХАРИУЦЛАГЫН ЖИЛ" БОЛГОН ЗАРЛАХ ТУХАЙ

2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр

Дугаар 32

Улаанбаатар хот

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. 2018 оныг "Хариуцлагын жил" болгон зарласугай.

2."Хариуцлагын жил"-ийн хүрээнд өөрийн эрхлэх асуудлын хүрээнд дор дурдсан арга хэмжээг тусгай төлөвлөгөө гарган зохион байгуулж тайланг хууль тогтоомжид заасан хугацаанд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт тайлагнаж байхыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай:

2.1.Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасан төсөл, арга хэмжээг хугацаанд нь зохион байгуулан дүгнэж ажиллах;

2.2.яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар, төсөвт байгууллага бүр хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргээ хэлбэрэлтгүй биелүүлж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдлыг хугацаанд нь шийдвэрлэн хариуг нэг цэгээс шуурхай өгч, төрийн үйлчилгээг хүнд суртал, чирэгдэлгүй зохион байгуулж, ахиц дэвшил гаргах арга хэмжээ авах;

2.3.төрийн захиргааны бүх шатны байгууллага ажиллагсадтайгаа байгуулсан үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээг хагас, бүтэн жилээр дүгнэж, гэрээний үүргээ хангалтгүй биелүүлсэн удирдлага, албан тушаалтанд холбогдох хуульд заасны дагуу хариуцлага тооцон ажиллаж байх;

2.4. 2018 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулан төсөл, арга хэмжээг төсвийн жилд багтаан хэрэгжүүлж ажиллах;

2.5."Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай" Засгийн газрын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангаж ажиллах.

3."Хариуцлагын жил"-ийн хүрээнд хувийн хэвшлийн аж ахуйн нэгж бүр компанийн засаглалыг хэрэгжүүлэн нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх арга хэмжээг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шинэ шатанд гарган ажиллах арга хэмжээ авсугай.

4."Хариуцлагын жил"-ийн хүрээнд иргэн бүр хууль тогтоомжийг судлан мөрдөж, хувь иргэний эрх, үүргийг нийтийн эрх ашиг, үндэсний язгуур ашиг сонирхолтой зөв хослуулах замаар байгаль орчноо хайрлан хамгаалах болон эрхэлсэн ажил, оршин суугаа баг, хорооныхоо хөгжил, бүтээн байгуулалт, тохижилтод хувь нэмэр оруулж ажиллахыг уриалсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР