Хэвлэх DOC Татаж авах
Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа ажиллуулах,  гудамж зам, хамрах хүрээ, төлбөрийн хэмжээг тогтоох тухай

             ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 02 дугаар сарын 28 -ны өдөр                                   Дугаар 10/05                                    Дархан

Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа ажиллуулах,

гудамж зам, хамрах хүрээ, төлбөрийн хэмжээг тогтоох тухай

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1.ж, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.1.4, 25 дугаар зүйлийн 25.1, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.4 дэх заалт, Хууль зүйн сайдын 2015 оны А/190 дүгээр тушаалын 02 дугаар хавсралтаар батлагдсан “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журам”-ын 3 дахь хэсгийн 3.2 дахь хэсгийг үндэслэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус 10 дугаар хуралдаанаас ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа ажиллуулах үйл ажиллагааг Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомжийн хүрээнд хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагаар гүйцэтгүүлсүгэй.

2. Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа /байр/ ажиллуулах үйл ажиллагааны төлбөрийн хэмжээг нэгдүгээр хавсралтаар, Тээврийн хэрэгслийг Дархан сумын нутаг дэвсгэрт зөөж шилжүүлэх гудамж зам, хамрах хүрээ, үйлчлэх цагийн хязгаарыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

3. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, түгжрэл саатлыг бууруулах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоолын хоёрдугаар хавсралтад дурьдсан гудамж зам, хориглосон цагт тээврийн хэрэгслийг зогсоож бусдын хөдөлгөөнд саад учруулсан тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлсүгэй.

4.Түр саатуулах хашаа /байр/-ны тус бүрийн зогсоолын /ил болон битүү зогсоолын/ нийт талбайн хэмжээ 1000 м2-аас багагүй, зориулалтын чирэгч, ачигч автомашин /Хууль зүйн сайдын 2015 оны 190 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан журмын 3 дахь хэсгийн 3.10.1-д заасны дагуу ачих шаардлага хангасан/-ы тоо 3-аас доошгүй байхаар тогтоосугай.

5. Тогтоолыг 2018 оны 09 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн мөрдсүгэй.

6. Тогтоолыг хэрэгжүүлж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга /С.Насанбат/-д даалгасугай.

7.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа ажиллуулах, төлбөрийн хэмжээг тогтоох тухай” 100, 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 25 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

ДАРГА                                   Г.ЭРДЭНЭБАТ