Хэвлэх DOC Татаж авах
ХУУЧИН ХУВИЙН ХЭРГҮҮДИЙГ ШИНЭЧЛЭН СОЛИХ ТУХАЙ Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2014-11-06-ны 1498 тоот тушаалаар хүчингүй болгосон/

 

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2014-11-06-ны 1498 тоот тушаалаар хүчингүй болгосон

 

ГАЗРЫН ХАРИЛЦАА, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗРЫН ДАРГА БӨГӨӨД ЭД ХӨРӨНГӨ ӨМЧЛӨХ ЭРХ, ТҮҮНТЭЙ ХОЛБООТОЙ ЭД ХӨРӨНГИЙН БУСАД ЭРХИЙН УЛСЫН ЕРӨНХИЙ БҮРТГЭГЧИЙН ТУШААЛ

ХУУЧИН ХУВИЙН ХЭРГҮҮДИЙГ ШИНЭЧЛЭН СОЛИХ ТУХАЙ

2004 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хот





Дугаар 63

Монгол Улсын Иргэний хууль, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, “Журам батлах тухай” Засгийн газрын 2004 оны 48 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
Нэг. 1997 оноос эхлэн эрхийн улсын бүртгэл хийж нээсэн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хувийн хэргүүд нь 2002 онд батлагдсан Иргэний хууль, 2003 онд батлагдсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан эрхүүдийг эрхийн улсын бүртгэлд бүртгэж баталгаажуулан хуулийн хүчин төгөлдөр болгох үйлдэлд тавигдах шаардлагыг хангахгүй байгаа тул Эрхийн улсын ерөнхий бүртгэгчийн 2003 оны 4 дүгээр тушаалаар батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хувийн хэргийг хөтлөх заавар”, 2004 оны 50 дугаар тушаалаар батлагдсан “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийг хөтлөх журам”-д тус тус нийцүүлэн дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг төв, орон нутгийн нийт эрхийн улсын бүртгэгч нарт үүрэг болгосугай:
1/1997 оноос эхлэн нээсэн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хувийн хэргийг Эрхийн улсын ерөнхий бүртгэгчийн 2003 оны 4 дүгээр тушаалаар батлагдсан эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хувийн хэргээр шинэчлэн солих;
2/ “Журам батлах тухай” Засгийн газрын 213 дугаар тогтоолоор батлагдсан “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн үйл ажиллагааны үйлчилгээний хөлс, түүний орлогыг захиран зарцуулах журам”-ын 3.20 дахь заалтын дагуу хувийн хэргийн үнэ болох 2500 төгрөгийг үйлчилгээ хийлгэхээр мэдүүлэг өгөх үед өмчлөгчөөр төлүүлж, мөнгө тушаасан баримтыг нотлох баримтын хамт хэрэгт нь хавсаргах;
3/хувийн хэргийг сольж шинэчилсэн эрхийн улсын бүртгэгч, хувийн дугаар бүхий тэмдгээ тэгш дарж, нэр, гарын үсгээ шинэ хувийн хэрэгт нь, нотлох баримтуудыг дугаартай хуудас бүрээр нь шалгаж нотлох баримтын хавтсанд тус тус хавсарган ажиллах;
4/шинэчлэн сольж байгаа эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн шинэ хувийн хэрэгт эд хөрөнгийн тодорхойлолт, сүүлчийн өмчлөгчийн тухай болон хувийн хэргийг шинэчлэн сольж байгаа талаархи үндэслэлийг дэлгэрэнгүй бүрэн гүйцэд, гаргацтай зөв бичх бөгөөд хувийн хэргийг шинэчлэн сольж байгаа үндэслэлийг /Эрхийн улсын ерөнхий бүртгэгчийн тушаалын дугаар, огноо, хуучин хувийн хэргийг нээсэн огноо
зэргийг бичнэ/ хувийн хэргийн эд хөрөнгийн тодорхойлолтын хуудас /хувийн хэргийн хуудасны 21 дүгээр тал/-ны “бүртгэл хийсэн үндэслэл” гэсэн хүснэгтэд бичих, хувийн хэргийн тусгай хуудсанд хуучин хувийн хэрэгт хавсаргагдсан нотлох баримтын нийт хуудасны тоог бичсэний дараа шинээр мэдүүлгээр орж ирсэн бүртгэх үндэслэлийг түүний нэмэгдэж буй нотлох баримтын хуудасны тоог нэмэх маягаар бичих.
Хоёр. Шинэчлэн сольсон хувийн хэргийг эх баримт бичгийн архивт хүлээн авахдаа хуучин хэргийг шинэ хувийн хэрэгт хавсаргасан эсэх, нотлох баримтыг дугаарлаж, нотлох баримтын хавтсанд хийсэн эсэх, эдгээр үйлдлийг гүйцэтгэсэн эрхийн улсын бүртгэгчийн дугаар бүхий тэмдэг, нэр, гарын үсэг, огноо нь бүрэн бичигдсэн эсхийг сайтар хянаж, хэрэв шаардлага хангаагүй бол архивт авахгүй байхыг хатуу мөрдөж ажиллахыг архивын ажилтнуудад үүрэг болгосугай.
Гурав. Энэ тушаал гарсантай холбогдуулан хуучин хувийн хэргийг шинэ хувийн хэргээр солихдоо холбогдох хууль, дүрэм, журмыг ягштал баримтлаж, хувийн хэргийн бичилтэд алдаа гаргахгүй, нотлох баримтыг үрэгдүүлж дутаахгүй байх талаар онцгой анхаарч, үүрэгт ажилдаа маш хариуцлагтай хандан ажиллахыг төв орон нутгийн нийт эрхийн улсын бүртгэгч нар, архивын ажилтануудад хатуу анхааруулсугай.
Дөрөв. “Эрхийн улсын бүртгэгчийн сольж шинэчилсэн хувийн хэргийн мэдээ”-ний маягтыг 1 дүгээр хавсралтын, “Сольж шинэчилсэн хувийн хэргийн архивын нэгдсэн мэдээ”-ний маягтыг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
Тав. Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж, сольж шинэчилсэн хувийн хэргийн мэдээг сар бүр эрхийн улсын бүртгэгч нараар гаргуулж, аймаг, нийслэл, улсын хэмжээнд нэгтгэн сар бүр танилцуулж байхыг Бүртгэлийн хэлтэс /Г.Цэцгээ/, Архив, мэдээллийн сангийн хэлтэс /С.Оюунгэрэл/-т тус тус үүрэг болгосугай.
                                                                            ЭРХИЙН УЛСЫН ЕРӨНХИЙ БҮРТГЭГЧ                   Д.ДОЛГОРМАА
                                                                       2004 оны 8 дугаар сарын 6-ны өдөр улсын бүртгэлийн 2483 дугаарт бүртгэсэн