A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 40

/Энэ тогтоолыг Улсын Их Хурлын 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 96 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

ХҮҮХДИЙН МӨНГӨН ТЭТГЭМЖИЙН ХАМРАХ ХҮРЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны нийт хүүхдийн 80 хувьд хамрагдах хүүхэд бүрд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг сар бүр бэлэн мөнгөөр олгосугай.

2.Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгохтой холбогдуулан дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай:

1/хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2018 оны 04 дүгээр сараас эхлэн олгоход нэмж шаардагдах хөрөнгийг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагчийн батлагдсан төсөвт зохицуулалт хийж шийдвэрлэх;

2/Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.11-д заасан босго шугамын харгалзах оноог шинэчилж энэ тогтоолын 1 дэх заалтад заасан хамрах хүрээг тогтоох;

3/энэ тогтоолын 1 дэх заалтад заасан хамрах хүрээг буурахгүй байхаар тооцож, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгох эх үүсвэрийг 2019 оноос эхлэн жил бүрийн улсын төсөвт тусгаж байх;

4/хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлттэй өрхийн судалгааг хийж, хүсэлт гаргасан иргэдэд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох асуудлаар олон улсын холбогдох байгууллагатай зөвшилцөн, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг хангах;

5/хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг үе шаттай нэмэгдүүлэх, цаашид хүүхэд бүрд олгох асуудлыг судалж, саналаа холбогдох хууль тогтоомжийн өөрчлөлтийн хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох талаар авах арга хэмжээний тухай" Монгол Улсын Их Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 63 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД