A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар 69

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2018 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсүгэй:

1/Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл;

2/Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл;

3/Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл;

4/"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

5/Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

6/Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

7/Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

8/Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

9/Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл;

10/Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

11/Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

12/Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл;

13/Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл;

14/Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл;

15/Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл;

16/Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

17/Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

18/Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

19/Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл;

20/Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

21/Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

22/Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн төсөл;

23/Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

24/бусад.

2.Хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын гишүүд, Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн энэ тогтоолын 1-д зааснаас бусад хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг тухай бүрд нь шийдвэрлэж байхаар тогтоосугай.

3.Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хууль санаачлагчаас өргөн мэдүүлбэл намрын ээлжит чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд оруулахыг Монгол Улсын Их Хурлын дарга /М.Энхболд/-д зөвшөөрсүгэй.

4.Монгол Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэл хангахыг Монгол Улсын Их Хурлын Байнгын хороод, Монгол Улсын Их Хурал дахь намын бүлгүүд, Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/, Монгол Улсын Их Хурлын Тамгын газар /Ц.Цолмон/-т тус тус үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД