A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 7 дугаар сарын 9-ний өдөр

Дугаар 220

Улаанбаатар хот

ТӨВ, СУУРИН ГАЗРЫН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 5.1.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Эрчим хүчний үйлдвэр, компаниудын 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд үндсэн болон туслах тоноглолын засвар, үйлчилгээ, техникийн зохион байгуулалтын арга хэмжээ, хөрөнгө оруулалтын ажлыг төлөвлөсөн хугацаанд нь зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнд даалгасугай.

2. Дулааны цахилгаан станц, дулааны станцуудын 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд 20-оос доошгүй хоногийн нүүрсний нөөц бүрдүүлж, нүүрс тээвэрлэлтийг тасралтгүй зохион байгуулж, нүүрс нөөцлөх хуваарь гаргаж ажиллахыг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ нарт тус тус даалгасугай.

3. "Багануур" ХК, "Шивээ овоо" ХК, "Шарын гол" ХК-уудын үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг хангах хэмжээний дизелийн түлш, шатахууны нөөц бүрдүүлэн уурхайн хөрс хуулалт, их засварын ажлыг хугацаанд нь хийж, нүүрсний бэлэн нөөцийг хэвийн хэмжээнд байлгах талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Бат-Эрдэнэ нарт тус тус даалгасугай.

4. Аймаг, нийслэлийн орон сууц, нийтийн аж ахуйн байгууллагуудын ус хангамж, ариутгах татуургын системд их болон урсгал засвар хийх, туршилт тохируулгын ажлыг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхэд хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

5. Аймгийн төв болон бусад суурин газруудын дулааны станц, халаалтын зуухны тоног төхөөрөмж, шугам сүлжээний засвар үйлчилгээ, нүүрсний аюулгүйн нөөцийг бүрдүүлэх арга хэмжээг 2018 оны 9 дүгээр сарын 1-ний дотор хэрэгжүүлж дуусгахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

6. Боловсрол, соёл, эрүүл мэнд, спортын байгууллагуудын барилгын засварын ажлыг хугацаанд нь чанартай хийж дуусгах талаар холбогдох арга хэмжээ авч, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

7. Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж, өвөлжилтийн бэлтгэлийн дүнг нэгтгэн 2018 оны 9 дүгээр сарын 15-ны дотор Засгийн газарт танилцуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, холбогдох сайд нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.ЗАНДАНШАТАР