A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 7 дугаар сарын 4-ний өдөр

Дугаар 213

Улаанбаатар хот

ЦААТАН ИРГЭДИЙН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 42 дугаар зарлигийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Цаатан иргэдийн амьдралын нөхцөлийг сайжруулах зорилгоор тайгад амьдардаг цаатан хүүхэд болон насанд хүрсэн иргэнд тэтгэмж олгох журмыг шинэчлэн баталж, үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт, уг тэтгэлгийг олгоход шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт тус тус даалгасугай.

2. Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд оршин суугч цаатан иргэдийг Оросын Холбооны Улсын Бүгд найрамдах Тыва Улсын Тож хошуунд амьдардаг төрөл садантайгаа 3 жил тутам уулзахад шаардагдах зардлыг хүн амын чиглэлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн хүрээнд шийдвэрлэж байхыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт даалгасугай.

3. Үндэсний цөөнхийн түүх, ёс заншил, өв соёлыг хадгалж үлдэх, эх хэлээрээ суралцах эрхийг хангах зорилгоор тува хэлний сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, тува хэлний багш нар бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах арга хэмжээ авахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд С.Цогзолмаад даалгасугай.

4. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 42 дугаар зарлигийн хүрээнд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого, хөтөлбөр, төрийн үйлчилгээг алслагдсан нутагт амьдарч байгаа цаатан иргэдэд хүртээмжтэй, шуурхай хүргэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Хөвсгөл аймгийн Засаг даргад даалгасугай.

5. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Засгийн газрын 2013 оны 168 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ