A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр

Дугаар 09

Улаанбаатар хот

                                                               АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

Хэвлэх

Ашигт малтмалын тухай хуулийн /цаашид хуулийн гэх/ зарим зүйл, заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн Хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5-д заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхээс ТОГТООХ НЬ:

1.Хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т заасан "… нэг хуулийн этгээдийн нэр дээр олгоно" гэдгийг байршлын хувьд нэг, тодорхой солбилцол бүхий талбайд хамтран ажиллах гэрээ бүхий хэд хэдэн хуулийн этгээд хамтран, эсхүл хуулийн этгээдүүдийн нэгдэл /толгой болон охин компани, консорциум гэх мэт/ зэрэг нь тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан тохиолдолд төрийн захиргааны байгууллага хүсэлт гаргасан этгээдүүдийн аль нэгнийх нь нэрээр тусгай зөвшөөрөл өгөхийг ойлгоно.

Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг аль хуулийн этгээдийн нэр дээр олгох асуудлыг тэдгээрийн хамтран гаргасан бичгийн хүсэлт болон гэрээг үндэслэн шийдвэрлэх бөгөөд тусгай зөвшөөрлийг ижил буюу өөр дугаараар давхардуулж олгохгүй.

2.Хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д заасан "...үргэлжлүүлэн эзэмших давуу эрх…" гэж тухайн талбайд урд нь тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаас өөр болзол, шаардлагагүйгээр тусгай зөвшөөрлийг шууд авах боломжийг хэлнэ.

3.Хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8-д заасан "… тэргүүн ээлжинд авах давуу эрх …" гэдгийг урд нь тухайн талбайд тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн бүртгэлийн дараалал харгалзахгүйгээр тусгай зөвшөөрлийг эхлэн авах бололцоо гэж ойлгоно.

4.Хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 14 дүгээр зүйлийн 14.8-д заасан "… урьд нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан …" гэдэгт хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайг эрх бүхий байгууллагаас бүхэлд нь эсхүл хэсэгчлэн нөөцөд буюу тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах үед уг талбайд хайгуулын ба ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон этгээд хамаарна.

Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1, 2 дугаар зүйлд заасан хугацаанд тусгай зөвшөөрлөө шинэчлэн бүртгүүлээгүй, хуульд заасан шаардлага хангасан этгээдэд тусгай зөвшөөрлийг шилжүүлээгүй нь тэдгээрийг цуцлагдсанд тооцогдох үндэслэл болох тул урьд нь тусгай зөвшөөрөлтэй байсан этгээд хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 14 дүгээр зүйлийн 14.8-д заасан "давуу эрх"-ийг эдлэхгүй.

Тусгай хэрэгцээнд байлгах хугацаа дууссан, чөлөөлсөн тухай шийдвэрийг хүлээж авсан төрийн захиргааны байгууллага уг талбайн талаарх тодорхой мэдээллийг өдөр тутмын сониноор нийтэд мэдээлснээс хойш 1 сарын дотор тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд хүсэлт гаргаагүй бол уг талбайд тусгай зөвшөөрөл олгох асуудлыг ердийн журмаар шийдвэрлэнэ.

5.Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1, 19.2.3, 19.2.4, 19.3, 19.7, 20 дугаар зүйлийн 20.2, 22 дугаар зүйлийн 22.4, 26 дугаар зүйлийн 26.3.1, 26.3.4, 26.4-т заасан "бичгээр мэдэгдэх" гэж төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэр эсхүл түүний утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргасан этгээдэд гардуулсан буюу хүргүүлснийг хэлнэ.

6.Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6, 26 дугаар зүйлийн 26.3, 28 дугаар зүйлийн 28.2, 30 дугаар зүйлийн 30.2, 39 дүгээр зүйлийн 39.5, 51 дүгээр зүйлийн 51.7, 51.8, 56 дугаар зүйлийн 56.2, 56.4, 62 дугаар зүйлийн 62.6-д заасан "мэдэгдэнэ" гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүнийг утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно.

7.Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.10, 22 дугаар зүйлийн 22.3, 26 дугаар зүйлийн 26.7, 28 дугаар зүйлийн 28.3, 49 дүгээр зүйлийн 49.11, 50 дугаар зүйлийн 50.6, 54 дүгээр зүйлийн 54.5, 55 дугаар зүйлийн 55.6, 56 дугаар зүйлийн 56.7-д заасан нийтлэх ажиллагааг зөвхөн өдөр тутмын сониноор дамжуулан гүйцэтгэнэ.

8.Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1, 26 дугаар зүйлийн 26.1.1-д заасан "тодорхойлолтыг өргөдөл гаргасан этгээдэд өгөх" гэдгийг холбогдох баримтыг хүсэлт гаргасан этгээдэд гардуулах буюу хүргүүлснийг хэлнэ.

9.Мөн зүйлийн 19.4-т заасан "хурлын санал" нь төрийн захиргааны байгууллагын мэдэгдэлд заасан тухайн талбайд тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн сум, дүүрэг болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны тогтоол байна.

Энэ зүйл, хэсэгт заасан " … хариу …"-г аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн бичгийн хэлбэрээр өгнө.

10.Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан "…татгалзсан хариу өгч болно" гэдгийг энэ хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай шийдвэрийг мэдэгдэл ирүүлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг ойлгоно.

11.Хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан "… ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрх …" нь хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу ашиглалтын өмнөх гэрээ байгуулсан этгээдэд нэгэн адил хамаарах бөгөөд уг этгээд нь тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргахдаа хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан шаардлагуудыг хангасан байвал зохино.

12.Тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан хугацаанаас хойш тусгай зөвшөөрлийн эхний жил дуусгавар болох өдөр хүртэлх хугацааны дотор төлснийг дараа жилийн төлбөрийг урьдчилан төлсөн гэж үзнэ.

13.Хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2-т заасан "… нутгийн захиргааны байгууллага…"-д тусгай зөвшөөрөл бүхий тухайн талбай байрших сум, дүүрэг, аймаг нийслэлийн засаг дарга, түүний тамгын газар хамаарна.

14.Хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан "нутгийн захиргааны байгууллага" гэдэгт тусгай зөвшөөрөл бүхий тухайн талбай байрших сум, дүүрэг, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүнчлэн хуулийн 38, 39 дүгээр зүйлд заасан үүргийн биелэлтэд тавих хяналтыг хэрэгжүүлэгч байгаль орчны болон мэргэжлийн хяналтын алба зэргийг хамааруулан үзнэ.

15.Хуулийн холбогдох зүйл, хэсэгт заасан тодорхой хугацаануудыг Иргэний хуулийн 8 дугаар бүлэгт заасан журмыг баримтлан тоолж, тодорхойлно.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.БАТДЭЛГЭР
ШҮҮГЧИД Д.ПУНЦАГ
П.ЦЭЦГЭЭ