Хэвлэх DOC Татаж авах
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН

ТОГТООЛ

 

1994 оны 12 дугаар                                                                                                                                                                                                                                          Улаанбаатар

сарын 31-ний өдөр                                                                                                      Дугаар 207                                                                                                                           хот

 

 

ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ,

ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

 

Гадаадын хөрөнгө оруулалтын тухай Монгол Улсын хуулийн зарим зүйл, заалтыг нэг мөр ойлгож зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

НЭГ.Гадаадын хөрөнгө оруулалтын тухай Монгол Улсын хууль /цаашид "хууль" гэх/ зарим зүйл, хэсэг, заалтыг дор дурдсанаар тайлбарласугай:

1.Хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь заалтын "үл хөдлөх хөрөнгө"-д гадаадын хөрөнгө оруулагчийн хувь хөрөнгө болгон оруулж байгаа газраас салган хэрэглэж болохгүй, барилга байгууламж, түүний дотор геологи хайгуул, судалгааны үйлдвэрлэлийн бэлтгэл ажлын хүрээнд бий болгосон байгууламж, бусад зүйл, хөдлөх хөрөнгөд технологийн тоног төхөөрөмж, машин механизм, багаж хэрэгсэл, эд анги, сэлбэг, түүнчлэн зураг төсөл, геологи хайгуул судалгааны ажлын санхүүжилтэд оруулсан хөрөнгө, үйлдвэрлэл явуулах, удирдахад шаардагдах түүхий эд материалыг ойлгоно.

2.Хуулийн 8 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн "… нийтэд мэдэгдэх үеийн үнэлгээ…"-нд хөрөнгө оруулагчид хөрөнгөө дайчлан гаргуулсан буюу дайчлан гаргуулах тухай нийтэд мэдэгдэх үед Монгол Улсын нягтлан бодох бүртгэлийн хуулийн дагуу гаргасан тайлан тэнцэлд тусгагдсан үнэлгээг ойлговол зохино.

3.Хуулийн 11 дүгээр зүйлийн 2-р хэсгийн "… бүртгүүлсэн өдөр …"-т гадаадын хөрөнгө оруулалттай тухайн аж ахуйн нэгж нь хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Улсын татварын ерөнхий газарт бүртгүүлсэн өдрийг ойлгоно.

4.Хуулийн 12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 7-д заасан "тусгай зөвшөөрөл"-д Монгол Улсын хууль тогтоомжид зааснаар тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлбэл зохих үйл ажиллагаа эрхлэх буюу ийм ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж байгуулах тохиолдолд эрх бүхий байгууллагаас урьдчилан авсан зөвшөөрлийг ойлгоно.

5.Хуулийг 12 дугаар зүйлийн 10 дахь хэсгийн "… дүрмийн сан гэрээ, дүрэмдээ оруулах нэмэлт, өөрчлөлт…" гэдэгт хамтран хөрөнгө оруулагчид тохиролцож, эсхүл гадаадын хөрөнгө оруулагч дангаараа аж ахуйн нэгжийн дүрмийн сан, гэрээ, дүрмэндээ Худалдаа, үйлдвэрийн яамны зөвшөөрснөөр оруулсан нэмэлт, өөрчлөлтийг ойлгоо.

6.Хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "… дүгнэлтийн аль нэгийг зөрчиж байгаа нь нотлогдвол …" гэснийг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа бүхэлдээ буюу зарим хэсэг нь анх бүртгүүлэхдээ буюу дүрмийн сан, гэрээ дүрмэндээ нэмэлт, өөрчлөлт оруулахдаа гаргасан өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг, тэдгээрт тусгасан үзүүлэлт, заалт, тооцоо,б усад бүрдэлбэрийн талаарх эрх бүхий байгууллагаас 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан чиглэлээр гаргасан дүгнэлтээс зөрсөн ббөгөөд энэ нь эрх бүхий байгууллагын үзлэг шалгалт /дүгнэлт/-ээр илэрч нотлогдсон байхыг хамааруулна. Энэ зүйл, хэсгийн "үйл ажиллагааг түр бую бүрмөсөн зогсоож болно" гэдэгт дээр дурдсанаар нотлогдсон зөрчлийн шинж байдал, хор уршгийг харгалзан Худалдаа, үйлдвэрийн яамны шийдвэрээр тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг бүхэлд нь эсхүл үйл ажиллагааны аль нэг хэсгийн зөрчлийг арилгах хүртэл тодорхой хугацаагаар түр, эсхүл бүрмөсөн зогсоохыг хамааруулна. Үүнээс бусад тохиолдолд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг монгол Улсын аж ахуйн нэгжийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу зогсоож болно.

7.Хуулийн 17 дугаар зүйлийн 5 хэсэгт заасан "гуйвуулж болох орлого, ашиг"-т аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг бүрмөсөн зогсоож эцсийн тооцоо хийсний дараа үлдсэн ашгийг хуваарилахад гадаадын хөрөнгө оруулагчид ногдох хувь хүртэгчийн орлого, хувьцааны нодол ашиг, мөн эд хөрөнгө, үнэт цаас борлуулсан болон эд хөрөнгийн эрхээ шилжүүлсэн, аж ахуйн нэгжээс гарч ногдох ашгаа авсан, татан буулгаснаас өөртөө ногдох орлогоо авсан зэргээс олсон орлогын хэсэг хамаарна.

8.Хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "… аж ахуйн нэгж байгуулахыг зөвшөөрсөн өдөр"-ийг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахыг зөвшөөрсөн Худалдаа, үйлдвэрийн сайдын тушаал гарсан өдөр гэж ойлгоно.

9.Хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "дүрмийн санд оруулах технологийн тоног төхөөрөмж" гэдэгт гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн эрхлэхээр зөвшөөрөгдсөн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахад технологийн хувьд шаардагдах, хөрөнгө оруулагчаас дүрмийн санд хувь хөрөнгө болгон оруулахаар гэрээндээ тусган гадаадаас оруулж буй тоног төхөөрөмж, багас хэрэгжсэл, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтын тоноглол хамаарна.

10.Хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Худалдаа нийтийн хоолны … аж ахуйн нэгж" гэдэгт бөөний болон жижиглэнгийн худалдаа, нийтийн хоолны үйлчилгээ эрхэлдэг бүх төрлийн аж ахуйн нэгжийг, мөн хэсгийн "үйлдвэрлэлийн зориулалттай оруулах эд, материал, эд анги, сэлбэг хэрэгсэл" гэдэгт гадаадын хөрөнгө оруулалттай тухайн аж ахуйн нэгж байгуулах зөвшөөрөлд заасны дагуу эрхэлбэл зохих өөрийн үйлдвэрлэл явуулахад технологийн хувьд шаардагдах /бусдад дамжуулан худалдах, ажиллагчдын болон аж ахуйн хэрэгцээнд зориулснаас бусад/ түүхий эд, материал, эд анги, сэлбэг хэрэгслийг хамруулан ойлгоно.

11.Хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн өдрөөс" гэдгийг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж эрхлэхээр зөвшөөрөгдсөн үйлдвэрлэл, үйлчилгээгээ явуулж анхны бүтээгдэхүүн гаргаж, үйлчилгээ үзүүлж эхэлсэн өдрийг хэлнэ. Хэрэв хэд хэдэн төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх бол тэдгээрийн аль нэгийг явуулж буюу үзүүлж эхэлсэн өдрөөр тооцно.

12.Хуулийн 20 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний 50-иас дээш хувийг экспортолж байвал" гэдэгт тухайн аж ахуйн нэгж Худалдаа, үйлдвэрийн яамнаас зөвшөөрсөн үйлдвэрлэлийн салбарт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний жил бүрийн борлуулалтын орлогын 50-иас дээш хувийг гадаадад гаргасан бүтээгдэхүүний орлого уул аж ахуйн нэгжийн Мнгол Улс дахь банкны дансанд орсноор тодорхойлно. Хэрэв хэд хэдэн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бол тэдгээрийн нийлбэрээр авч үзнэ.

13.Хуулийн 20 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн "өөрт ногдох орлого" гэдгийг хоёр талын оролцогчдоос тухайн аж ахуйн нэгжийн дүрмийн санг бүрдүүлэхэд оруулсан хөрөнгийн хэмжээг харгалзан хамтарсан аж ахуйн нэгжийн жилийн ашиг хуваарилалтаар гадаадын хөрөнгө оруулагчид үлдсэн ногдол ашиг /двиденд/-г хэлнэ.

14.Мөн зүйлийн "тухайн аж ахуйн нэгжид дахин хөрөнгө оруулалт хийвэл оруулсан хөрөнгийн хэмжээгээр" гэдэгт хамтарсан аж ахуйн нэгжээс Монгол Улсын хууль, гэрээ, дүрмэнд заасан журмын дагуу баталсан зураг төсвийн /төслийн/ дагуу тухайн үйлдвэрлэлийг өргөтгөх, шинэчлэх, хүч чадлыг нэмэгдүүлэх, шинэ техник, технологи нэвтрүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлыг гадаадын оролцогчийн ногдол ашгаас санхүүжүүлсэн хэмжээг /гүйцэтгэлийг/ хамааруулна.

15.Хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "… үйл ажиллагааны үндсэн салбар" гэдэгт хэрэв аж ахуйн нэгж хэд хэдэн салбарын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа бол тэдгээрийн дотроос хамгийн их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн салбарыг ойлгоно.

16.Хуулийн 20 дугаар зүйлд заасан үйлдвэрлэлийн салбарыг "эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны олон улсын, салбарын стандарт ангилалд тулгуурласан үндэсний ангиллыг батлагдан гартал доор дурдсанаар ойлгож байхаар тогтоосугай:

1."Цахилгаан дулааны станц гэдэгт гадагш худалдан борлуулах зорилгоор төрөл бүрийн эх үүсвэрээс цахилгаан ба дулааны эрчим хүчийг дагнан үйлдвэрлэх, хослон үйлдвэрлэх чиглэлтэй усан, салхин, нарны дизелийн дулааны болон атомын цахилгаан, дулааны станц барих, ашиглах салбар.

2."Цахилгаан, дулаан дамжуулах шугам сүлжээ"-ний салбар гэдэгт, цахилгаан, дулааны эрчим хүчийг нэгдсэн сүлжээ болон хэрэглэгчид хүргэх шугамыг барих, ашиглах салбар.

3."Авто замын барилга, байгууламж"-ийн салбарт … асфальт буюу бетонон хучилттай зам, гүүр, туннель, хоолой зэрэг замын барилга байгууламж барих ашиглах салбар.

4."Төмөр замын барилга байгууламж"-ийн салбарт төмөр зам тавих, түүнийг ашиглах, түүний нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх төм өр замын хөдлөх бүрэлдэхүүнийг засварлах, зорчигч тээвэрлэх, ачаа ачих, буулгах талбай, агуулахын аж ахуйн барилга байгууламж барих замын дэр мод, хийц, хэсэг үйлдвэрлэх салбар.

5."Агаарын тээврийн барилга байгууламж"-ийн салбар гэдэгт агаарын хөлөг үйлдвэрлэх, засварлах, агаарын хөлгийн удирдлагын албаны байгууламж, нисэх буудал, нисэх, буух талбайн зурвас барих, ашиглах салбар.

6."Инженерийн барилга, байгууламж"-ийн салбар гэдэгт инженерийн хийцтэй услалтын систем, хөргөлттэй зоорь болон төвлөрсөн хот суурин газрын инженерийн шугам сүлжээ байгуулах салбар.

7."Телекомуникацийн үндсэн сүлжээ"-ний салбар гэдэгт агаарын шугам, радиорелейны болон сансрын хиймэл дагуул, кабелийн холбоо, мэдээллийн барилга байгууламж байгуулах ашиглах салбар.

8."Үнэт металлаас бусад эрдсийн түүхий эд" гэдэгт алт, мөнгө, платина, родий, рутений, ридий, осмий, палладигаас /эдгээр нь дагалдах байдалтай бол хамаарахгүй/ бусад бүх төрлийн эрдсийн түүхий эд олборлох, боловсруулах салбар.

9."Нефть, хатуу түлш олборлох, боловсруулах" салбарт газрын тос, бүх төрлийн нүүрс, занар олборлох, боловсруулах, газрын тос, түүнээс гаргаж авсан бүтээгдэхүүнийг дамжуулах хоолой барьж байгуулах салбар.

10."Металлургийн үйлдвэрлэл"-ийн салбарт өнгөт болон хар металлын хүдэр боловсруулах баяжмал гаргах, металл үйлдвэрлэх салбар.

11."Химийн үйлдвэрлэл"-ийн салбарт эрдсийн бордоо, давс, сод, хүчил, эм эмчилгээний зориулалттай химийн бодис, үнэртэн, гоо сайхан, угаах, өнгөлөх, уул уурхайн тэсрэх бодис, микробиологийн бүтээгдэхүүн, фермент, целлюлоз, цаас, хуванцар, будаг, лак, каучук, резин үйлдвэрлэх болон бусад химийн үйлдвэрлэл эрхлэх салбар.

12."Төмөрлөгийн үйлдвэрлэл"-ийн салбарт ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалттай бүх төрлийн металл эдлэл, хийц, эд анги, сэлбэг үйлдвэрлэх салбар.

13."Машины үйлдвэрлэл"-ийн салбарт бүх төрлийн машин, механизм, тэдгээрийн түгээмэл зориулалттай хийц, иж бүрдэл үйлдвэрлэх угсрах салбар.

14."Электроникийн салбар"-т аж ахуйн болон үйлдвэрлэл, технологийн зориулалттай төрөл бүрийн электрон багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, тэдгээрийн эд ангийг үйлвэрлэх угсрах салбар.

Гурав.Энэ тогтоолын "хоёрт" заасан үйлдвэрлэлийн салбарт тухайн салбарын үндсэн үйлдвэрлэлээс гадна тэдгээрийн хэвийн ашиглалтыг хангах засвар, үйлчилгээ хийх зориулалттай үндсэн үйлдвэрлэлийн барилга байгууламжийн нэгж зэрэг буюу нэгдсэн зураг төсөв, хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа үйлдвэрлэлийн туслах салбарыг хамааруулан ойлгоно.

 

 

 

                                                                                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Д.ДЭМБЭРЭЛЦЭРЭН

                                                                                                             ШҮҮГЧ                                       Д.ДАНЗАНДОРЖ