A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1999 оны 7 дугаар сарын 2-ны өдөр

Улаанбаатар хот

ҮРИЙН ТАРИАЛАНГИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үрийн тариаланг албан журмаар даатгуулахтай холбогдсон даатгалын компани болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.

/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2 дугаар зүйл.Үрийн тариалангийн даатгалын тухай хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Үрийн тариалангийн даатгалын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Даатгалын тухай хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёо

Хэвлэх

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."үрийн тариалан" гэдэгт үрийн зориулалтаар ашиглахаар тариалсан үр тариаг:

3.1.2."үр тариа" гэдэгт усалгаатай болон усалгаагүй нөхцөлд тариалсан буудай, арвай, хошуу будаа, сагад будаа, хөх тариа, тритикале, бог будаа, эрдэнэ шиш, буурцагт ургамлыг.

/Энэ заалтыг 2002 оны 12 дугаар саырн 26-ны өдрийн хуулиар нэмсэн/

ХОЁРДУГААР БҮЛЭГ
ҮР ТАРИАЛАНГ ДААТГАХ

4 дүгээр зүйл.Даатгалын хүрээ.

Хэвлэх

4.1.Тухайн жилд усалгаагүй тариалсан үр тарианы нийт талбайн 20 хувь, усалгаатай тариалсан үр тариа болон баруун бүсийн усалгаагүй тариалсан үр тарианы нийт талбайн 10 хувийг үрийн тариалан гэж үзэж өмчийн хэлбэр үл харгалзан албан журмаар даатгуулна.

/Энэ хэсгийг 2002 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

5 дугаар зүйл.Үрийн тариалангийн даатгалын эрсдэл

Хэвлэх

5.1.Үрийн тариаланг дараахь эрсдэлээс албан журмаар даатгана:

/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

5.1.1.байгалийн эрсдэл: ган, үер, хүчтэй салхи, шуурга, мөндөр, хяруу, цас, цочир хүйтрэл зэрэг;

5.1.2.ургамлын гоц хөнөөлт өвчин;

5.1.3.хөнөөлт шавьж, мэрэгчид;

5.1.4.түймэр.

6 дугаар зүйл.Даатгалын гэрээ, баталгаа

Хэвлэх

6.1.Үрийн тариалангийн даатгалын гэрээ болон баталгаатай холбогдсон харилцааг Даатгалын тухай хуулийн 9.1; 9.2 - т заасны дагуу зохицуулна.

6.2.Үрийн тариалангийн даатгалын гэрээг тариалсан талбайн хэмжээ, байршлын зургийг үндэслэн тариалалт дууссан өдрөөс хойш 20 хоногийн дотор байгуулна.

7 дугаар зүйл.Даатгалын хураамж

Хэвлэх

7.1.Үрийн тариаланг заавал даатгуулах даатгалын хураамж нь даатгалын үнэлгээний 8.0 хувь байна.

8 дугаар зүйл.Даатгалын нөхөн төлбөр

Хэвлэх

/Энэ зүйлийн гарчигт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

8.1.Үрийн тариалангийн даатгалын нөхөн төлбөрийн хэмжээ нь үрийн тариалангийн даатгалын үнэлгээний 80.0 хувьтай тэнцүү байна.

/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

8.2.Үрийн тариаланд хохирол учирсан нь тогтоогдсон бол даатгагч энэ тухай дүгнэлт гаргасан өдрөөс хойш 21 хоногийн дотор даатгалын нөхөн төлбөр даатгуулагчид олгоно. Yрийн тариалангийн даатгалын хохирлыг тооцох аргачлалыг санхүүгийн болон хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт, 2002 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

8.3.Үрийн тариалангийн даатгалын нөхөн төлбөртэй холбогдсон харилцааг Даатгалын тухай хуулийн 13.1, 13.2, 13.3, 13.4, 13.5, 13.6, 13.7.5, 13.8, 13.9, 13.10, 13.11, 13.12, 13.13, 13.14, 13.15-д зааснаар зохицуулна.

/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

8.4.Даатгалын тохиолдол үүсээгүйн улмаас даатгуулагч хоёр жил дараалан нөхөн төлбөр аваагүй бол даатгагч гурав дахь жилээс эхлэн нөхөн төлбөр аваагүй жил тутамд тухайн жилийн даатгалын хураамжийн хэмжээг 25.0 хувиар бууруулан тооцно. Ийнхүү бууруулан тооцсон нь энэ хуулийн 8.1-д заасан нөхөн төлбөрийн хэмжээнд нөлөөлөхгүй.

/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

8.5.Даатгалын байгууллага нь үрийн тариалангийн албан журмын даатгалаас татгалзах эрхгүй бөгөөд даатгалын эрсдэлийг бүрэн буюу хэсэгчлэн давхар даатгуулж болно.

/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

8.6.Энэ хуулийн 5.1-д заасан эрсдэл тухайн даатгалын компанид даатгагдсан нийт талбайн 70-аас дээш хувьд тохиолдсоны улмаас даатгагч нь нөхөн төлбөрийг бүрэн нөхөн төлж чадахгүй болсон нь тогтоогдсон нөхцөлд нөхөн төлбөрийн зөрүүг Засгийн газар хариуцна.

/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

ГУРАВДУГААР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

9 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

9.1.Даатгагч энэ хуулийн 8.1-д заасан нөхөн төлбөрийг энэ хуулийн 8.2-т заасан хугацаанд олгоогүй буюу олгохоос зайлсхийсэн бол шүүгч учирсан хохирлыг нөхөн төлүүлж, хугацаа хэтэрсэн хоног тутамд олгоогүй буюу дутуу олгосон төлбөрийн 0.1 хувьтай тэнцэх алданги ногдуулна.

/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

9.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ хэсгийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

10 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

10.1.Энэ хуулийг 2000 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ