Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /“Банк хоорондын их дүнтэй гүйлгээний төлбөр тооцооны түр журам”, “Банк хоорондын бага дүнтэй гүйлгээний төлбөр тооцо

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /“Банк хоорондын их дүнтэй гүйлгээний төлбөр тооцооны түр журам”, “Банк хоорондын бага дүнтэй гүйлгээний төлбөр тооцооны журам”, “Банк хоорондын их дүнтэй гүйлгээний төлбөр тооцоог гүйцэтгэх ажлын гэрээ”, “Банк хоорондын бага дүнтэй гүйлгээний төлбөр тооцоог гүйцэтгэх ажлын гэрээ”/

2006 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хот





Дугаар 19

Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5 дахь заалт, 20 дугаар зүйлийн 3 дахь заалт, Монгол Улсын Засгийн газар, Олон Улсын Хөгжлийн Ассоциацийн хооронд байгуулсан Хөгжлийн зээлийн гэрээний “Төлбөрийн системийг шинэчлэх” төслийн баримт бичгийг үндэслэн ТУШААХ нь:
1. “Банк хоорондын их дүнтэй гүйлгээний төлбөр тооцооны түр журам”-ыг I хавсралтаар, “Банк хоорондын бага дүнтэй гүйлгээний төлбөр тооцооны журам”-ыг II хавсралтаар, “Банк хоорондын их дүнтэй гүйлгээний төлбөр тооцоог гүйцэтгэх ажлын гэрээ”-г III хавсралтаар, “Банк хоорондын бага дүнтэй гүйлгээний төлбөр тооцоог гүйцэтгэх ажлын гэрээ”-г IV хавсралтаар тус тус баталсугай.
2. Банк хоорондын их дүнтэй гүйлгээний болон банк хоорондын бага дүнтэй гүйлгээний дүнгийн хязгаарыг 1,000,000.00 (нэг сая) төгрөгөөр тогтоосугай.
3. “Банк хоорондын их дүнтэй гүйлгээний төлбөр тооцооны журам”, “Банк хоорондын бага дүнтэй гүйлгээний төлбөр тооцооны журам”-ыг 2006 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөн, “Банк хоорондын их дүнтэй гүйлгээний төлбөр тооцоог гүйцэтгэх ажлын гэрээ”, “Банк хоорондын бага дүнтэй гүйлгээний төлбөр тооцоог гүйцэтгэх ажлын гэрээ”-г байгуулан ажиллахыг Бүртгэл тооцоо, мэдээллийн технологийн газар (Б.Лхагвасүрэн), банкуудын гүйцэтгэх захирал нарт даалгаж, Сангийн яамны Төрийн Сангийн газар (Х.Пүрэвсүрэн)-д зөвлөсүгэй.
4. Сангийн яамны Төрийн сангийн газар болон банкуудын санхүүгийн дундын сүлжээгээр дамжуулах банк хоорондын төлбөрийн цахим мэдээний ISO 8583 стандартад шилжих эцсийн хугацааг 2007 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөр тогтоосугай.
5. Энэхүү журмыг хэрэгжүүлэх зорилгоор тэнцлийн активын “Тооцооны дансууд” бүлэгт “Банк хоорондын их дүнтэй гүйлгээний төлбөр тооцоо” нэртэй 2303 тоот, “Банк хоорондын бага дүнтэй гүйлгээний төлбөр тооцоо” нэртэй 2304 тоот тэнцлийн данс тус тус шинээр нээж гүйлгээ хийхийг Бүртгэл тооцоо, мэдээллийн технологийн газар (Б.Лхагвасүрэн)-т даалгасугай.
6. Энэ тушаал гарсантай холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгчийн 2003 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 229, 2005 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 104, 2005 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 535 тоот тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
7. Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Дотоод аудитын газар (Ц.Цолмон)-т даалгасугай.
                                                   ЕРӨНХИЙЛӨГЧ                                                                                                          О.ЧУЛУУНБАТ