Хэвлэх DOC Татаж авах
МӨНГӨ УГААХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЭСРЭГ ТЭМЦЭХЭД БАНК САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГЫН АНХААРАХ АСУУДЛЫН ТУХАЙ ЗӨВЛӨМЖ

МОНГОЛБАНК
МӨНГӨ УГААХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЭСРЭГ ТЭМЦЭХЭД БАНК САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГЫН АНХААРАХ АСУУДЛЫН ТУХАЙ ЗӨВЛӨМЖ

2002 оны 12 дугаар сарын 1 УЛААНБААТАР ХОТ





Дугаар 0

Нэг.Нийтлэг үндэслэл
Банк санхүүгийн байгууллагуудыг мөнгө угаах үйл ажиллагаатай холбоотой эрсдэлүүдээс хамгаалан сэргийлэх, энэ талаар банкны удирдлага, ажилтан, албан хаагчдын зүгээс анхаарах асуудлыг тодорхой болгон зааж өгөхөд энэхүү зөвлөмжийн гол зорилго оршино.
Хоёр.Харилцагчийг таньж мэдэх болон бүртгэл хөтлөх журам
1.Санхүүгийн байгууллагууд нэр дугааргүй болон илэрхий зохиомол нэр бүхий данс бүртгэл хөтлөх нь хориотой. Ийм бүртгэл хөтлөгдсөн нөхцөлд тухайн харилцагч байгууллагын хувьд байнгын үйлчлүүлэгч мөн эсэхийг үл харгалзан нэр хаягийг нь тогтоох, шаардлагатай мэдээ мэдээллийг холбогдох дүрэм, журам болон төрийн хяналт шалгалтын болон бусад санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ, хэлцлийн дагуу гаргуулан авах боломжийг бүрдүүлсэн байх. Үүнд ялангуяа данс нээх, чекийн, итгэмжлэлийн болон үнэт зүйл хадгалах үйлчилгээ үзүүлэх, харьцангуй их хэмжээний мөнгөн дүнтэй ажил гүйлгээ гүйцэтгэх асуудалд онцгой анхаарал тавих.
Санхүүгийн байгууллага нь харилцагчийн буюу хуулийн этгээдийн талаар шаардлагатай мэдээллийг олж авахын тулд дараах арга хэмжээг авна:
а/ xарилцагчийн бүтэц зохион байгуулалт, үүсгэн байгуулагдсан болохыг нотлох үүднээс нэр, хаяг, эрх зүйн байдал, удирдлагатай холбоотой мэдээ мэдээлэл болон тухайн хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх харилцааг зохицуулсан заавар журмыг шалгах хэрэгтэй. Үүнд холбогдох баталгааг хуулийн этгээдийн бүртгэлийг хөтөлдөг байгууллага болон харилцагчаас өөрөөс нь, эсвэл хоёулангаас нь гаргуулан авч болно.
б/ xарилцагчийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээдийн нэр хаягийг нь тогтоож, тухайн төлөөллийг хэрэгжүүлэх эрхтэй эсэхийг нь шалгана.
2.Харилцагч нь байнгын оршин суугч болон албан ёсоор бүртгэгдсэн улс орондоо ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй аж ахуйн нэгж, байгууллага бол ямар хуулийн этгээдийг төлөөлж байгааг, өөрөөр хэлбэл хэний нэр дээр данс нээж, ажил гүйлгээ эрхэлж байгаа талаар тодорхой мэдээлэл авч байна.
3.Эрх бүхий байгууллагуудын мэдээллийн хэрэгцээг шуурхай хангахын тулд санхүүгийн байгууллагууд Засгийн газар хоорондын гүйлгээ болон гадаадын төлбөр тооцоотой холбоотой мэдээллийг 5-aaс доошгүй жил хадгалах ёстой. Харилцагчийн мэдээллийн бүртгэлээс тухайн нэг ажил гүйлгээний талаарх дэлгэрэнгүй мэдээг, тухайлбал гүйлгээний дүн, арилжаа хийсэн валютын талаарх тэмдэглэл зэргийг гаргуулан авах, мөн энэхүү мэдээллийг гэмт хэргийг шүүхээр хянан шийдвэрлэхэд гэрчийн баримт болгон ашиглах бололцоотой байх.
Санхүүгийн байгууллагууд нь харилцагчийн нэр хаягийг тогтоосон баримт бичиг, тухайлбал паспорт, иргэний болон жолооны үнэмлэхийн хуулбар, данс бүртгэлийн болон бичиг хэргийн харилцааны талаарх мэдээг холбогдох данс хаагдснаас хойш дор хаяж таван жилийн хугацаанд хадгалах.
Нэр заасан баримт материалыг дотоодын хууль хяналтын байгууллагууд тодорхой эрүүгийн асуудлыг шийдвэрлэх, мөрдөн байцаалт явуулахад ашиглах бололцоотой байлгах.
4.Шинээр нэвтэрч буй технологийн тусламжтайгаар эзэн холбогдогчгүйгээр мөнгө угаах үйл ажиллагаа явуулах боломжийг хаах талаар санхүүгийн байгууллага бүр онцгой анхаарал тавин ажиллах.
Гурав.Санхүүгийн байгууллагуудын хүчин чармайлтыг сайжруулах
1.Санхүүгийн байгууллагууд эдийн засгийн болон эрх зүйн үүднээс тодорхой утга агуулаагүй бөгөөд харьцангуй их хэмжээний мөнгөн дүнтэй ажил гүйлгээнд онцгой анхаарал хандуулах ёстой. Ийм ажил гүйлгээ гарсан бол түүний зорилго болон үндэслэлийг түргэн шуурхай шалгаж, талуудын хүлээсэн үүргийг баримтаар баталгаажуулж, энэхүү мэдээллийг хяналт шалгалт, аудит болон хууль сахиулах байгууллагуудад нээлттэй болгох.
2.Хэрэв санхүүгийн байгууллагад тухайн нэг харилцагчийн хөрөнгийн эх үүсвэр нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй талаар сэжиг төрвөл энэ тухай эрх бүхий байгууллагуудад шуурхай мэдээлэх.
3.Санхүүгийн байгууллага, түүний удирдлага, гүйцэтгэх ажилтан болон албан хаагчид нь илэрсэн сэжиг бүхий зүйлүүдийн талаар эрх бүхий байгууллагуудад сайн дураар мэдэгдсэн тохиолдолд мэдээлэл тараахад хүлээлгэх эрүүгийн болон иргэний хариуцлагаас чөлөөлөгдөх ёстой. Эдгээр ажилтнууд хөрөнгө мөнгө ямар гэмт хэргээс үүдэн бий болсон тухай мэдэхгүй байгаа бол энэ нь тэдгээрт хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй.
4.Санхүүгийн байгууллага, түүний удирдлага, гүйцэтгэх ажилтан болон албан хаагчид нь холбогдох мэдээллийг эрх бүхий байгууллагуудад хүргүүлсэн талаар харилцагчдад мэдэгдэх шаардлагагүй.
5.Санхүүгийн байгууллагууд эрх бүхий байгууллагуудаас гаргасан дүрэм, журмын дагуу илэрч байгаа сэжиг таамаглалын талаар мэдээлэл түгээх ёстой.
6.Санхүүгийн байгууллагууд мөнгө угаах үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх зорилгоор тусгай хөтөлбөр боловсруулах бөгөөд уг хөтөлбөр нь дараахь зүйлсийг тусгасан байна:
а/ боловсон хүчний талаар баримтлах байгууллагын дотоод стратеги, дүрэм журам болон түүнд нийцсэн дотоод хяналтын тогтолцоог бий болгох, үүнд дээд шатны удирдлага болон шинээр томилогдож буй ажилтнууд холбогдох шаардлага, шалгуурыг хангаж байгаа эсэхэд хяналт тавьж байх,
б/ албан хаагчдыг тасралтгүй сургалтад хамруулах хөтөлбөр боловсруулна,
в/ системийн найдвартай байдлыг шалгахад аудитын гүйцэтгэх үүргийн талаар хөтөлбөрт тусгана.
Дөрөв. Мөнгө угаах үйл ажиллагаатай огт тэмцдэггүй эсвэл хангалтгүй арга хэмжээ авдаг улс орнуудын хувьд шийдвэрлэх асуудлууд
1.Санхүүгийн байгууллага нь дээр дурьдсан зөвлөмжийг өөрийн хөрөнгийн ихэнх хувийг нь төвлөрүүлээд байгаа болон дээрх зөвлөмжийг огт мөрддөггүй эсвэл хангалттай хэмжээгээр мөрдлөг болгож чаддаггүй гадаад дахь салбар, нэгжүүдийнхээ хувьд хэрэгжүүлэх шаардлагатай. Тухайн улс орны хуулиар уг зөвлөмжийг хэрэглэхийг хориглосон тохиолдолд санхүүгийн байгууллагууд энэ талаар эрх бүхий байгууллагуудад мэдэгдэх ёстой.
2.Санхүүгийн байгууллагууд нь энэхүү зөвлөмжийг хэрэглэдэггүй буюу хангалтгүй хэмжээнд хэрэглэдэг орнуудын санхүүгийн байгууллага болон хуулийн этгээдүүдтэй ажил хэргийн харилцаа тогтоох талаар онцгой анхаарал хандуулан ажиллах ёстой. Үүнд эдийн засгийн болон хууль эрх зүйн тодорхой үндэслэлгүй ажил гүйлгээг ямар зорилгоор гүйцэтгэсэн болохыг тухай бүр нь нарийн шалгаж байх ёстой. Илэрсэн нөхцөл байдлыг баримт бичгээр баталгаажуулж, хянан шалгалт, аудит болон хууль сахиулах байгууллагуудад нээлттэй байлгах хэрэгтэй.
Тав. Хяналт шалгалтын болон бусад эрх бүхий байгууллагуудын гүйцэтгэх үүрэг
1.Эрх бүхий байгууллагууд нь өөрийн хянан шалгах болон зохицуулах эрх мэдлээ ашиглан өөрийн улсад тогтсон дүрэм, журмын дагуу бэлэн мөнгөтэй холбоотой үйл ажиллагаа явуулж буй этгээдүүдийг энэхүү зөвлөмжүүдийг мөрдөх нөхцөл бололцоогоор хангах.
2.Эрх бүхий байгууллагууд нь ерөнхий бодлого стратегийг баталж, улмаар санхүүгийн байгууллагуудад харилцагчидтай нь холбоотой анхаарал татсан ажил гүйлгээг илрүүлэх талаар туслалцаа үзүүлэх ёстой. Энэхүү ерөнхий бодлогыг боловсруулахад тодорхой цаг хугацаа шаардагдах бөгөөд нэгэнт боловсруулсан нөхцөлд энэ нь санхүүгийн байгууллагуудын албан хаагчдын гарын авлага, сургалтын материал болж байна.
Зургаа. Банк санхүүгийн байгууллагын хувьд анхаарах асуудлын жагсаалт
Банк санхүүгийн байгууллага нь дараах асуудлуудад анхаарлаа хандуулан ажиллана:
1.Харилцагчийн үндсэн бизнестэй үл нийцэх ажил гүйлгээ
• Банкны томоохон харилцагчийн дансны орлого зарлагын гүйлгээ нь ихэнх тохиолдолд бэлнээр хийгдэж байгаа бол;
• Жижиг болон дунд хэмжээний бизнес эрхлэгчид нь чекээр болон бусад төлбөр тооцооны баримтын тусламжтайгаар дансандаа их хэмжээний мөнгө оруулсан боловч түүнтэй дүйцэхүйц хэмжээний мөнгийг гаргаж авахгүй байгаа бол;
• Бэлэн мөнгөний чек болон орлогын мэдүүлгийг их хэмжээгээр авч байгаа харилцагч;
• Бэлнээр болон бэлэн бусаар их хэмжээний төлбөр тооцоо хийж байгаа боловч тийм хэмжээний бизнес эрхэлдэггүй харилцагч;
• Ямар нэгэн үндэслэлгүйгээр их хэмжээний гүйлгээг ойр ойрхон гүйцэтгэж байгаа харилцагч;
• Их хэмжээний бэлэн мөнгөтэй холбоотой үйл ажиллагаа явуулдаггүй боловч ойр ойрхон их хэмжээний бэлэн мөнгөний гүйлгээ хийж байгаа харилцагч;
• Том дэвсгэртээр хийгдэж байгаа их хэмжээний гүйлгээ;
• Том дэвсгэртийг бага дэвсгэртээр ойр ойрхон солих, эсвэл бага дэвсгэртийг том дэвсгэртээр ойр ойрхон солих;
• Дансанд нь их, бага хэмжээний мөнгөн орлого ордог боловч, зарлагын гүйлгээ хийдэггүй харилцагч;
• Мөнгөн гүйлгээний хэлбэр нь огцом өөрчлөгдөж байгаа данс;
• Тухайн банкны салбаруудад яг нэг өдөр их хэмжээний орлогын гүйлгээ хийж байгаа бизнес эрхлэгч;
• Тухайн бизнес эрхлэгчийн үйл ажиллагаатай нийцэхгүй эсвэл ямар нэгэн үндэслэлгүйгээр бэлэн бус төлбөр тооцоог хүлээн авч байгаа болон явуулж байгаа данс;
• Тухайн бизнес эрхлэгчийн үйл ажиллагаатай нийцэхгүй байгаа бөгөөд харьцангуй бага хэмжээний бэлэн болон бэлэн бус орлогын гүйлгээг өндөр давтамжтайгаар хийх, бэлэн бусаар шилжүүлсэн мөнгөө нэгмөсөн өөр хот буюу улс руу шилжүүлэх гүйлгээ гарсан данс.
2.Банкны үйл ажиллагаанд ховор тохиолддог буюу ердийн бус ажил гүйлгээ
• Банкны үйлчилгээ явуулж буй газар зүйн байршлаас гадуур бүртгэлтэй харилцагч, тухайлбал Монгол Улсад оршдоггүй хуулийн этгээдийг анхаарах хэрэгтэй;
• Хадгаламжийн сертификат болон бусад хөрөнгө оруулалтын хэрэгслийг барьцаалан зээл авч буй харилцагч;
• Бэлэн мөнгөний орлогын гүйлгээ хийхээс өмнө үнэт зүйл хадгалах газарт ойр ойрхон очиж байгаа харилцагч;
• Хүчингүй болсон эсвэл муудаж гэмтсэн мөнгөн дэвсгэртээр ойр ойрхон гүйлгээ хийж байгаа харилцагч;
• Ямар нэгэн үндэслэлгүйгээр чанаргүй зээлээ гэнэт төлж байгаа зээлдэгч;
• Их хэмжээний бэлэн мөнгөний чек болон орлогын мэдүүлгийг худалдан авч байгаа хадгаламж эзэмшигч;
• Траст болон эскроу дансандаа их хэмжээний бэлэн мөнгөтэй харилцагч;
• Валют солих цэгийн нэр дээр нээгдсэн харилцах данс;
• Ямар нэгэн үндэслэлгүйгээр их хэмжээний бэлэн мөнгөний чек, орлогын мэдүүлэг, замын чек худалдан авч байгаа харилцагч;
• Шуудангаар ирж байгаа орлогын мэдүүлэгт нь ямар нэгэн ердийн бус тэмдэг, тамга тавигдсан данс.
3.Албан ёсны бүртгэлээс зайлсхийх оролдлого хийсэн харилцагч
• Мөнгөн гүйлгээгээ тайлангах сонирхолгүй шинэ харилцагч;
• Өөрийн үйл ажиллагааны талаар ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзаж буй харилцагч;
• Банкны ажилтныг тухайн гүйлгээ, мэдээллийг бүртгэхгүй байхыг шаардсан харилцагч.
4.Мөнгөн гуйвуулга хийхэд анхаарах асуудлууд
• Офшор байгууллагаас болон офшор байгууллага руу хийгдэж байгаа их хэмжээний бэлэн мөнгөний орлого, зарлагын гүйлгээ;
• Хэд хэдэн дансанд хөрөнгөө төвлөрүүлж байгаад түүнийгээ нэгтгээд гадаад руу шилжүүлж байгаа харилцагч;
• Их хэмжээний гүйлгээг гадаад руу шилжүүлж буйн зэрэгцээ түүнтэй ижил хэмжээний хөрөнгө бусад эх үүсвэрээс орж ирж байгаа данс;
• Орж ирж байгаа мөнгөний нэгжийг өөрчлөхгүйгээр өөр улс руу шилжүүлэх;
• Шилжүүлгийн мөнгөөр тэр дор нь төлбөрийн хэрэгсэл авч гуравдагч этгээдийн төлбөрийг барагдуулах.
5.Хуурамч бөгөөд шаардлага хангахгүй мэдээлэл ирүүлсэн харилцагч
• Үйл ажиллагааны чиглэл, банктай өмнө харилцаж байсан түүх, удирдлага болон ажилчид, байршлынхаа талаар мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа этгээд;
• Зээл болон банкны бусад үйлчилгээнд тавигддаг шаардлагыг биелүүлэхэд хэрэгтэй мэдээллийг өгөхөөс татгалзаж байгаа харилцагч;
• Тогтоосон хязгаарлалтаас хэтэрсэн мөнгөний гүйлгээний талаар мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа харилцагч;
• Ямар нэгэн хаяггүйгээр эсвэл паспорт, иргэний үнэмлэх гэх мэт бичиг баримтгүйгээр харилцах данс нээж байгаа харилцагч болон данс нээхтэй холбоотой бусад мэдээллийг өгөхөөс татгалзаж байгаа этгээд;
• Банк тэр дор нь шалгаж баталгаажуулах боломжгүй ердийн бус эсвэл сэжиг бүхий баримт бичиг үзүүлж байгаа харилцагч;
• Зээлийн өргөдөлд одоо болон өмнө нь ажиллаж байсан түүхээ бичээгүй харилцагч;
• Тодорхой бизнес эрхлээгүй боловч их хэмжээний гүйлгээ хийж байгаа харилцагч;
• Үйл ажиллагааныхаа үндсэн чиглэлтэй нь нийцээгүй санхүүгийн тайлан ирүүлсэн этгээд.
6.Банкны ажилтан албан хаагчдын талаар
• Амьдарч байгаа хэв маяг нь цалин, хөдөлмөрийн хөлстэй нь нийцэхгүй байгаа банкны ажилтан;
• Ээлжийн амралт авах дургүй байгаа ажилтан;
• Банкны хөрөнгө, мөнгө алдагдахад гэм буруутай байж болзошгүй ажилтан.
7.Төлбөрийн нөхцөлд өөрчлөлт орсон ажил гүйлгээ
• Корреспондент харилцаатай банкнаас валют шилжин ирэх арга зам, хэлбэр нь өөрчлөгдөх;
• Ижил төстэй банк болон банк бус санхүүгийн байгууллагуудаас Төв банкинд байршуулсан хөрөнгийн хэмжээ болон тэдгээрийн байршуулсан хөрөнгийг өмнө нь байршуулж байсан хэмжээтэй харьцуулж үзэх.
Хавсралт
Санхүүгийн үйлчилгээний жагсаалт:
1.Иргэдээс мөнгөн хадгаламж татан төвлөрүүлэх
2.Зээл олгох
3.Санхүүгийн түрээс
4.Мөнгө шилжүүлэх үйлчилгээ
5.Төлбөр тооцооны үйл ажиллагаа
6.Санхүүгийн баталгаа болон батлан даалт
7.Ашиг олох зорилгоор харилцагчийн хөрөнгө мөнгөөр арилжаа эрхлэх
а. Мөнгөний зах зээлийн хэрэгсэлээр;
б. Валют арилжаа, хүүгийн арилжаа гэх мэт хэрэгсэлээр;
в. Шилжүүлж болох үнэт цаасаар;
г. Фьючерсээр.
1.Үнэт цаас гаргах, үүнтэй холбоотой санхүүгийн үйлчилгээг үзүүлэх;
2.Үнэт зүйлс хадгалах, харилцагчийн нэрийн өмнөөс үнэт цаасаар илэрхийлэгдсэн мөнгөн хөрөнгийг удирдах;
3.Амь насны даатгал болон даатгалтай холбоотой үйл ажиллагаа;
4.Валют солих.