Хэвлэх DOC Татаж авах
ГЭМТ ХЭРГИЙН УРШГААС УЧИРСАН МАТЕРИАЛЫН ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛЭХТЭЙ ХОЛБОГДСОН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ЗААЛТЫГ ЗӨВ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН

ТОГТООЛ

 

1984 оны 11 дүгээр                                                                                                                                                                                                                                    Улаанбаатар

сарын 28-ны өдөр                                                                                                          Дугаар 44                                                                                                                  хот 

 
 
ГЭМТ ХЭРГИЙН УРШГААС УЧИРСАН МАТЕРИАЛЫН ХОХИРЛЫГ
НӨХӨН ТӨЛҮҮЛЭХТЭЙ ХОЛБОГДСОН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН З
ААЛТЫГ ЗӨВ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ

 

  Гэмт хэргийн уршгаас учирсан материалын хохирлыг мөрдөн байцаалтын болон шүүн таслах ажиллагааны явцад шуурхай шалган тогтоож, нөхөн төлүүлэх нь социалист өмчийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн өмч хөрөнгийг хайрлан хамгаалах үзлээр хөдөлмөрчдийг хүмүүжүүлэх, улс, хоршоолол, олон нийтийн байгууллага, иргэдийн эд хөрөнгийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах нэн чухал арга зам мөн.
  Гэмт хэргийн уршгаас учирсан материалын хохирлыг нөхөн төлүүлж байгаа зарим шүүхийн практикийг нэгтгэн судлахад мөрдөн байцаах болон эрүүгийн шүүн таслах ажлын явцад иргэний нэхэмжлэгч, хариуцагчийг тогтоодоггүй, гэмт этгээдийн хөрөнгийг цаг тухайд нь битүүмжилж нэхэмжлэлийг хангах нөхцөлийг бүрдүүлдэггүй, нуугдмал хөрөнгийг илрүүлэх ажиллагаа тухайлан хийгээгүй, учирсан бодит хохирлыг нарийвчлан үнэлж тогтоогоогүй, гэмт хэргийн замаар олж авсан хөрөнгө байгаа эсэхийг бүрэн судалдаггүй зэрэг ноцтой дутагдал илэрчээ. Түүнчлэн холбогдох хүмүүст иргэний нэхэмжлэл гаргах эрхийг бүрэн тайлбарлаж нэхэмжлэлийг хуульд заасан журмын дагуу гаргуулдаггүй, нэхэмжлэл гараагүй нөхцөлд материалын хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг өөрийн санаачилгаар шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг хэрэгжүүлэхгүй байгаа зэргээс шалтгаалж гэмт хэргийн улмаас хүний амь хохирсон, эрүүл мэнд нь сарниж хөдөлмөрийн чадвар алдсан нөхцөлд ”иргэний нэхэмжлэл гаргаагүй” гэсэн шалтгаар материалын хохирлыг нөхөн төлүүлдэггүй, хуулийн үндэслэлгүй шалтгаан зааж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн буюу зарим хэсгийг хэрэгсэхгүй болгодог тохиолдол цөөнгүй байна.
  Таслан шийдвэрлэх тогтоолд материалын хохирлыг нөхөн төлүүлэхдээ хэрэглэж буй хуулийн зүйл ангийг зааж баримталдаггүй, шүүгдэгчийн гэм буруутай ажиллагаагаар хэдий хэмжээний ямар хохирол учирсан болох, тэр нь ямар баримтаар нотлогдож байгааг тодорхой бичдэггүй, шүүх хуралд иргэний нэхэмжлэгч, хариуцагч, 3-р этгээд, ялангуяа хамтран хариуцагчдыг бүрэн татан оролцуулдаггүй зэрэг дутагдал үзэгдэж байна.
  Албан үүрэг гүйцэтгэх явцдаа гэмт хэрэг үйлдсэн ажилчин, албан хаагчийн гэм буруутай ажиллагаагаар учирсан хохирлыг албан байгууллага нь хариуцан нэхэмжлэгчид нөхөн төлөх, албан байгууллага нь гэмт этгээдээс түүнийг нэхэмжлэх тухай хуулийн заалтыг хэрэглэхгүйгээр уг хохирлыг гэмт этгээдээр нь шууд нөхөн төлүүлэхээр шийдвэрлэдгээс хохирогч иргэн буюу албан байгууллагад удаан хугацаагаар чирэгдэл учруулдаг явдал цөөнгүй гарчээ.
  Эрүүгийн шүүх хурлаар шийдвэрлэгдээгүй материалын хохирлыг иргэний журмаар нөхөн төлүүлэх асуудлыг хянаж шийдвэрлэхдээ хохирлын тухай эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан материалыг шинжлэн судалдаггүй,өөрийн санаачилгаар нэмэгдэл нотлох баримтыг шаардан авч бүрдүүлдэггүй нь уг хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд муугаар нөлөөлж байна.
  Давж заалдах болон хяналтын шатны шүүх анхан шатны шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолын материалын хохирол төлүүлэх тухай үндэслэл заалтыг тухайлан анхаарч нарийн хянаж шүүхийн алдааг илрүүлэн арилгах талаар хангалтгүй ажиллаж байна.
  Илэрсэн алдаа дутагдлыг арилгах, гэмт хэргийн уршгаас учирсан материалын хохирлыг эрүүгийн шүүн таслах ажиллагааны явцад зөв тогтоон шийдвэрлэж, иргэд, байгууллагын эд хөрөнгийн эрхийг хамгаалан хангах талаархи хууль тогтоомжийн заалтыг нэг мөр зөв хэрэглэх зорилгоор БНМАУ-ын Дээд Шүүхийн бүгд хурлаас ТОГТООХ нь:
  1.Гэмт хэргийн уршгаас иргэд болон албан байгууллагад учруулсан материалын хохирлыг мөрдөн байцаалт, шүүн таслах ажлын явцад шуурхай шалган тогтоож, гэмт этгээдийн хэргийг таслан шийдвэрлэх шүүх хурлаар уг хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг хамтад нь нэг мөр шийдвэрлэж байх тухай хууль тогтоомжийн заалтыг гуйвалтгүй биелүүлж байхыг нийт шүүхэд заасугай.
  2.Хэрэг бүртгэгч буюу мөрдөн байцаагч нар түүнчлэн урьдчилсан мөрдөн байцаалтгүй хэрэгт шүүгч нь гэмт хэргийн уршгаас материалын хохирол учруулсан хэрэг бүрт иргэний нэхэмжлэгч, хариуцагчдад эрх, үүргийг тайлбарлан ойлгуулж протокол хөтлөх, бичгээр мэдэгдэх, иргэний нэхэмжлэгчээр тогтоох болон хариуцагчаар татах тогтоол, магадлал гаргах, хохирлын хэмжээг бүрэн тогтоох тухай БНМАУ-ын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 52, 53, 54, 142, 143-р зүйлийн заалтыг мөрдөн байцаах болон шүүн таслах ажиллагааны явцад заавал хэрэгжүүлж хэвшүүлбэл зохино.
  Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг хянах үед мөрдөн байцаах байгууллага эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дээрх заалтуудын шаардлагыг зөрчиж иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн эрхийг хангаагүй буюу хохирлыг тогтоогоогүй байвал БНМАУ-ын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 231-р зүйлийн “2”-т зааснаар шүүх уг хэргийг нэмж мөрдүүлэхээр урьдчилсан мөрдөн байцаалтанд буцаах үндэслэл болохыг тайлбарласугай.
  Хэрэв энэ шаардлагыг урьдчилсан мөрдөн байцаалтгүй хэрэгт шүүх хангаагүй нь давж заалдах болон хяналтын шатаар хэрэг хэлэлцэх явцад илэрвэл нэгэн адил шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болно.
  3.Эрүүгийн гэмт хэргийн уршгаас учирсан материалын хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг шүүх хянаж шийдвэрлэхдээ таслан шийдвэрлэх тогтоолын дүгнэлтийн хэсэгт шүүгдэгчдийн үйлдэл ба эс үйлдлийн уршгаас ямар байгууллага, иргэдэд хэдий хэмжээний хохирол учирсныг тодорхой бичиж, тогтоох хэсэгт хуулийн ямар зүйлийг үндэслэж хохирлыг аль байгууллага, иргэн, 3-р этгээдээр нөхөн төлүүлэх, нэхэмжлэлийн бүрэн буюу зарим хэсгийг хэрэгсэхгүй болгохыг тодорхой зааж шийдвэрлэдэг журмыг хэрэгжүүлж хэвшүүлсүгэй.
  4.Гэмт хэргийн уршгаас учирсан хохирлыг ямар нөхцөлд албан байгууллага, шүүгдэгч /иргэн/, 3-р этгээд төлөх үндэслэлийг зөв тогтоох нь тухайн холбогдох хууль зүйн заалтыг зөв хэрэгжүүлэхэд ач холбогдолтойг нийт шүүхэд анхааруулсугай. Үүнд:
  а/ албан байгууллагын ажилчин, албан хаагчийн албаны үүргээ биелүүлэх үедээ гэмт хэргийн уршгаас өөрийн байгууллагадаа материалын хохирол учруулсан тохиолдолд БНМАУ-ын Хөдөлмөрийн хуулийн 128-р зүйлийн “а” заалтыг үндэслэнэ. /Улсын Дээд Шүүхийн бүгд хурлын 1974 оны 2/5-р тогтоол бий/;
  б/ ХААН-ийн гишүүн үүргээ гүйцэтгэх үедээ уул нэгдэлдээ материалын хохирол учруулсан нөхцөлд ХААН-ийн үлгэрчилсэн дүрмийн 16, 42-р зүйлийг үндэслэнэ. /Улсын Дээд Шүүхийн бүгд хурлын 1968 оны 6/26, мөн 1974 оны 2/6-р тогтоол бий/;
  в/ “цэргийн шүүхүүдээс иргэний хэрэг шийдвэрлэх харьяалал тогтоох, ”Улсад хохирол учруулсан цэргийн албан хаагчдын материалын хариуцлагын тухай дүрэм”-ийг шүүхийн практикт хэрэглэх тухай” Улсын дээд шүүхийн Бүгд хурлын тогтоолын 2 дугаар зүйлийн “а, б, в, г” заалтыг үндэслэнэ (Улсын Дээд шүүхийн бүгд хурлын 1988 оны 36-р тогтоол – Энэ тогтоолыг Улсын дээд шүүхийн 1997 оны 399 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон.) /Энэ заалтыг Улсын дээд шүүхийн бүгд хурлын 1989 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан/.
  г/ энэ зүйлийн “а”, ”б”, ”в”-д дурдсан байгууллагын ажилчин, албан хаагчид болон иргэдээс бусад албан байгууллага, иргэдэд хохирол учруулсан нөхцөлд БНМАУ-ын Иргэний хуулийн тохирох зүйлийн /10, 11-р бүлэг/ заалтыг үндэслэнэ. /Улсын Дээд Шүүхийн бүгд хурлын 1974 оны 11/32-р тогтоол/;
  д/ гэмт хэргийн уршгаас учирсан хохирлыг албан байгууллага нь нөхөн төлөх үндэслэлийг БНМАУ-ын Иргэний хуулийн 319, 320, 322, 323-р зүйл болон Хөдөлмөрийн хуулийн 148-р зүйлд заасан учир хуулийн энэ заалтыг тууштай хэрэгжүүлбэл зохино.
  Харин энэ нөхцөлд албан байгууллагын ажилчин, албан хаагч болон улсын байгууллагын албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэж байсан эсэх, мөн орчин тойрондоо аюул учруулж болох зүйл нь уг байгууллагын эзэмшилд байсныг шалган тогтоож гэм буруутай хүнийг 3-р этгээдээр татаж байх шаардлагатайг тайлбарласугай/Улсын Дээд Шүүхийн бүгд хурлын 1974 оны 11/32, мөн 1988 оны
  10-р тогтоол-Энэ тогтоолын дугаарыг Улсын дээд шүүхийн 1989 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор өөрчилсөн/
  з/ ойн фондод хохирол учруулагчдад материалын хариуцлага хүлээлгэх тухай хууль тогтоомжийг шүүхийн практикт зөв хэрэглэх тухай Дээд шүүхийн Бүгд хурлын 1988 оны 7 дугаар тогтоол-Энэ тогтоолыг Улсын дээд Энэ тогтоолыг Улсын дээд шүүхийн 1997 оны 399 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон шүүхийн 1997 оны 399 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон.
  ж/ БНМАУ-ын Иргэний хуулийн 337 дугаар зүйлийг шүүхийн практикт зөв хэрэглэх тухай Улсын дээд шүүхийн Бүгд хурлын 1988 оны 9 дүгээр тогтоол- /Энэ заалтыг Улсын дээд шүүхийн 1989 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор нэмсэн/ 9 дүгээр тогтоолыг Улсын дээд шүүхийн 1997 оны 399 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон
  к/ Хөдөлмөрийн бус орлогоор амьдрах явдалтай шүүхээс хийх тэмцлийг эрчимжүүлэх тухай Улсын дээд шүүхийн Бүгд хурлын 1987 оны 53 дугаар тогтоол /Энэ заалтыг Улсын дээд шүүхийн 1989 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор нэмсэн/.53 дугаар тогтоолыг 1992 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон.
  5.Гэмт хэргийн уршгаас учирсан хохирлыг хууль тогтоомжид зааснаар албан байгууллагаар төлүүлж байгаа тохиолдолд хэрэв шүүх гэм буруутай хүнийг 3-р этгээдээр татан оролцуулж төлбөр хариуцуулаагүй бол уг албан байгууллагад сөрөг нэхэмжлэл гаргах эрхийг нь албан ёсоор тайлбарлан өгч, шийдвэртээ дурдаж байвал зохино.
  6.Гэмт хэрэг санаатай үйлдсэнээс албан байгууллага, иргэдэд материалын хохирол учруулсан тохиолдолд шүүх төлбөрийг бүрэн хэмжээгээр нөхөн төлүүлнэ.
  Харин бусдад гэм хор учруулснаас үүссэн үүргийн талаар БНМАУ-ын иргэний хуулийн 335-р зүйлд заасан үндэслэл тогтоогдсон нөхцөлд шүүх төлбөрийн хэмжээг хасаж хорогдуулах эрхтэйг заасугай.
  7.Гэмт хэргийн уршгаас учирсан материалын хохирлыг хамтран хариуцвал зохих хүн тус бүрийн гэмт хэрэг үйлдсэн санаа зорилго, гэм буруугийн хэр хэмжээ, шинж чанарыг харгалзан материалын хариуцлагын хэмжээг зохих хувиар ялгамжтай тогтоох буюу тухайн этгээдийг үндэслэл байвал төлбөрөөс чөлөөлж болно.
  8.Улс, хоршоолол, олон нийтийн байгууллагад тодорхой хэмжээний хохирол учирсан боловч мөрдөн байцаалтын явцад гэмт хэргийн бүрэлдэхүүн тогтоогоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа тохиолдолд БНМАУ-ын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 31-р зүйлд зааснаар уул хохирлыг нөхөн төлбөл зохих хариуцагчийн гэм бурууг тогтоосон материалыг бүрдүүлж прокурор иргэний хэрэг үүсгэж нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд шүүх шаардлагатай баримтыг мөрдөн байцаах байгууллагаас шаардан авах буюу өөрийн санаачилгаар нотолгоо бүрдүүлж гэм буруутай хүнээр хохирлыг нөхөн төлүүлэх ажиллагаа хийж байсугай.
  9.Хэрэв гэмт хэрэг гараагүй буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон нь нотлогдоогуй бол /эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 6-р зүйлийн 1/ иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно.
  Шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй буюу БНМАУ-ын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 6-р зүйлийн бусад ангид заасан учир байдлын улмаас хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа тохиолдолд шүүх нэхэмжлэлийг авч хэлэлцэхгүй орхиж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэйг нэхэмжлэгчид мэдэгдэнэ.
  10.Шүүх хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй онцгой тохиолдолд иргэний нэхэмжлэлийн шаардлагыг хангах ажиллагаа иргэний журмаар шийдвэрлэхээр шилжүүлж болно. /Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 302-р зүйл/
  11.Хууль тогтоомжид заасан иргэний нэхэмжлэлийг хангах, хэргийг нотлон тогтооход гарсан шүүхийн зардлыг нөхөн төлүүлэх эсэх тухай асуудлыг шүүх таслан шийдвэрлэх тогтоолдоо зааж байвал зохино.
  12.Гэмт үйлдлийн явцад эд хөрөнгийг улсаас тогтоосноос илүү үнээр худалдаж ашиг олсон буюу уг эд хөрөнгийг хууль бусаар эзэмшсэн нь тогтоогдсон нөхцөлд үнийн зөрүү болон эд хөрөнгийг БНМАУ-ын Иргэний хуулийн 337-р зүйлийг үндэслэн улсын орлого болгохын зэрэгцээгээр шударга эзэмшигчийн эрхийг хууль тогтоомжийн дагуу хамгаалж байсугай.
  13.Материалын хохирлыг нөхөн төлөхтэй холбогдсон хэргийг шийдвэрлэхдээ анхан шатны шүүхээс материалын эрх зүйн хэм хэмжээг буруу хэрэглэсэн байвал давж заалдах болон хяналтын шатны шүүх уг алдааг залруулан засаж, хариуцагчаас гаргуулах төлбөрийн хэмжээг багасгах буюу ихэсгэх эрхтэй.
  Харин төлбөрийн хэмжээг өөрчлөх явдал нь хуулийн зүйл анги, ял хүндэрч шүүгдэгчийн байдлыг дордуулахад хүрвэл прокурорын эсэргүүцэл, хохирогчийн гомдол гарсан тухайд хэргийг шинэчлэн хэлэлцүүлэхээр таслан шийдвэрлэх тогтоолыг хүчингүй болгож анхан шатны шүүхэд буцааж байвал зохихыг тайлбарласугай.
  14.Эрүүгийн хэргээс үндэслэн гарсан нэхэмжлэлийг иргэний шүүхээр хэлэлцэхдээ мөрдөн байцаах газраас шаардлагатай баримтыг шаардан авахын зэрэгцээ өөрийн санаачилгаар нотлох баримт нэмэн бүрдүүлж хариуцагчийн гэм буруу, хохирлын хэмжээг тогтоож байвал зохино.
  Хэрэв иргэний шүүх нь хохирлын хэмжээнээс шалтгаалан таслан шийдвэрлэх тогтоолыг дахин хянах зайлшгүй шаардлагатай гэж үзвэл цугларсан бүх нотлох баримтыг үндэслэн эрүүгийн хэргийг хяналтын журмаар дахин хянуулах саналаа дээд шатны шүүхэд тавьж болно.
  15.БНМАУ-ын ЭБШХ-ийн 22-р зүйлд зааснаар шүүх улс ардын аж ахуй, түүнчлэн иргэдийн эд хөрөнгөд хохирол учруулсан гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг бүрэн илрүүлэн тогтоож түүнийг арилгуулахаар улсын үйлдвэр, албан газар, байгууллага, ХАА-н нэгдэл, хоршоолол болон бусад олон нийтийн байгууллагын удирдлагад энгийн магадлал бичих үүрэгтэй. Материалын хохирол нөхөн төлүүлэх талаар гаргасан хууль тогтоомжийг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах газраас зөрчсөн тохиолдолд шүүх энгийн магадлал гаргаж байсугай.
  16.Гэмт хэргийн уршгаас учирсан материалын хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдож гарсан хууль тогтоомжийг шүүхүүдээс биелүүлж байгаа үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулж, энэ талаар шүүхийн практикийг байнга нэгтгэн судалж, дутагдлыг арилгах арга хэмжээ авч байхыг Улсын Дээд Шүүхийн коллегиуд, аймаг, хотын шүүхэд даалгасугай.


                                                                     БНМАУ-ЫН ДЭЭД ШҮҮХИЙН ДАРГА                                              Б.ЧИМИД 

                                                                     БНМАУ-ЫН ДЭЭД ШҮҮХИЙН ГИШҮҮН,

                                                                     БҮГД ХУРЛЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА                                   Д.АЮУШ