Хэвлэх DOC Татаж авах
ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ  ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ,  ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН

ТОГТООЛ

 

2006 оны 10 дугаар                                                                                                                                                                                                                                          Улаанбаатар

сарын 30-ний өдөр                                                                                                           Дугаар 47                                                                                                                       хот

 

 

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ

ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ,

ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн зарим зүйл, заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5-д заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн /цаашид хуулийн гэх/ 3 дугаар зүйлийн 3.2-т заасан “…хамтын амьдралтай байгаа хүмүүс…” гэдэгт иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч нэг ам бүлд хамт амьдарч байгаа, өрхийн аж ахуйг хамтран эрхэлдэг, эр эмийн харьцаатай этгээдүүд хамаарна.

2.Хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан “… гэр бүлийн хүчирхийлэл”-ийн

“бие мах бодын хэлбэр” гэдгийг энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд нөгөө этгээдээ өөрийн эрхшээлд байлгах, гэр бүлийн харилцаанд давамгай байдал тогтоох зорилгоор хүч хэрэглэн биед нь халдсаныг;

“сэтгэл санааны хэлбэр” гэдгийг энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд дээрх зорилгоор нөгөө этгээдээ айлган сүрдүүлэх, заналхийлэх, мөрдөн мөшгөх, доромжлох, нэр төр алдар хүндийг гутаах, ах дүү, хамт олноос нь тусгаарлах, хүсэл зоригийнх нь эсрэг үйлдэл хийлгэхийг албадах, тулган шаардах зэргээр үг яриа, үйл хөдлөлөөрөө сэтгэл санааны дарамтад оруулсныг;

“бэлгийн хэлбэр” гэдгийг энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд дээрх зорилгоор нөгөө этгээдийнхээ бэлгийн халдашгүй байдал, бэлгийн эрх чөлөөг зөрчсөн, хүүхдээ бэлгийн харилцаанд оруулахаар завдсан, оруулсан, бэлгийн шинжтэй бусад үйлдэлд уруу татсан, шаардсан зэрэг үйлдлийг;

“эдийн засгийн хэлбэр” гэдгийг энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд дээрх зорилгоор нөгөө этгээдийнхээ хөдлөх ба үл хөдлөх, түүнчлэн мөнгөн хөрөнгө, цалин хөлсийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг хууль бусаар хязгаарласныг тус тус ойлгоно.

3.Хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д заасан “… шаардлагатай бусад ажиллагаа…” гэдэгт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн эсэхийг тогтоох зорилгоор цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнаас Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хойшлуулшгүй ажиллагаа явуулахыг хэлнэ.

4.Мөн зүйлийн 9.1.4-т заасан “…хохирогчийг … боломжтой бол төрөл, садангийн хүний нь түр хамгаалалтад өгөх” гэдэгт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчээс хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор эрх бүхий байгууллагаас хүчирхийлэгчийн эрхийг хязгаарлах арга хэмжээ авч, шийдвэр гаргах хүртэлх хугацаанд түүнийг төрөл, садангийн хүнтэй нь хамт байлгахыг ойлгоно.

5. Хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан “итгэмжлэгдсэн төлөөлөгч” гэдэг нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбогдсон аливаа хэрэг, маргаанд хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүрэг бүхий, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн бус байгууллагаас итгэмжлэгдсэн этгээд байна.

6.Хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т заасан “энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан этгээд зөвлөгөө өгөх явцдаа итгэмжлэлээр олж мэдсэн зүйл” гэдэгт гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн бус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн болон өртөж болзошгүй хүмүүсийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үйл ажиллагаа хэрэгжүүлэх, тэдгээрт хуулийн зөвлөгөө өгөх, эрх зүйн туслалцаа үзүүлэх явцдаа олж мэдсэн хувийн, гэр бүлийн, албан ажлын зэрэг аливаа мэдээллийг хамааруулан ойлгоно.

7.Хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д заасан “тусдаа амьдрахыг даалгах” гэдэг нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болон үйлдэж болзошгүй этгээдийг хүчирхийлэл үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хүчирхийлэл үйлдэгдэх бололцоо, нөхцөл, шалтгаан арилах хүртэлх хугацаанд хохирогчтой хамт нэг гэрт амьдрахгүй байхыг шүүхээс түүнд үүрэг болгохыг хэлнэ.

8.Хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан “шийдвэр” гэдэгт мөн хуулийн 16 дугаар зүйлийн аль тохирох заалтыг баримтлан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйл, 132 дугаар зүйлийн 132.5-д заасан журмаар гаргасан захирамж, шийдвэрийн аль аль нь хамаарна.

 Мөн зүйл, хэсэгт заасан этгээдээс гаргасан гомдол, хүсэлтийн дагуу “хүчирхийлэл үйлдэгчийн эрхийг хязгаарлах арга хэмжээ авах тухай шийдвэр”-ийг шүүх энэ зүйлийн 17.2-т зааснаас бусад тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж гаргана.

Гэрлэлт цуцлахтай холбогдсон маргааныг шүүх хянан шийдвэрлэх явцад дээрх гомдол, хүсэлтийг гаргасан бол тухайн хэрэгтэй нь хамт шийдвэрлэнэ.

9.Мөн зүйл, хэсэгт заасан журмаар гаргасан гомдол, хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэхдээ хохирогч, хүчирхийлэл үйлдэгч, гэрчээс мэдүүлэг авах, эд мөрийн баримтад үзлэг хийх зэрэг ажиллагааг тэдний хүсэлтээр явуулж болно. Энэ тохиолдолд уг ажиллагааг цагдаагийн байгууллага урьдчилан явуулсан байхыг шаардахгүй.

10.Хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан “шийдвэр” гэдгийг Шүүхийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан шийтгэвэр гэж ойлгоно.

11.Хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан журмын дагуу шүүхээс хүчирхийлэл үйлдэгчийн эрхийг хязгаарлах арга хэмжээ авахдаа хүчирхийллийн улмаас хохирогчид бодит хохирол учирсан байхыг шаардахгүй.

12.Хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т заасан “талууд” гэдэгт хохирогч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, нийгмийн ажилтан, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, мөн хүчирхийлэл үйлдэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийг хамааруулан ойлгоно.

13.Хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т заасан давж заалдах гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гаргаж болно.

Давж заалдах гомдлыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлд заасан журмын дагуу хянан шийдвэрлэнэ.

14.Хуулийн 17 дугаар зүйлийн 17.6.4-т заасан “тэжээн тэтгэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн” гэдэгт тэжээн тэтгэгч оршин суугаа хаяг болон ажиллаж буй байгууллага, цалин орлогоо нуух, өөр байгууллага, орон нутагт шилжсэнээ мэдэгдэхгүй байх, тэтгүүлэгчийг тэтгэвэр авахаас татгалзуулах зорилгоор дарамт шахалт үзүүлэх, хуурамч баримт бичиг үйлдэх зэргээр тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүйг ойлгоно.

15.Мөн зүйл, хэсгийн “хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учруулж байсан” гэдэгт гэмт хэрэг, эрх зүйн зөрчил, мөрийтэй тоглоом, садар самуун, архи, тамхи, мансууруулах бодис хэрэглэхэд татан оролцуулсан, мөн хүүхдээ хаях, төөрүүлэх, орон гэрээс нь дайжуулах, биеийг нь үнэлүүлэх, гуйлгачлуулах, хөдөлмөрийг нь зүй бусаар ашиглах, хүүхдийн дэргэд гэр бүлийн гишүүдийг доромжлох, зодох зэргээр хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлөх үйлдэл хийснийг хамааруулж үзнэ.

 

                                                                                                         

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          С.БАТДЭЛГЭР

                                                                                                                               ШҮҮГЧ                           П.ЦЭЦГЭЭ