Хэвлэх DOC Татаж авах
ДАМПУУРЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ХЭСЭГ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН

ТОГТООЛ

 

2000 оны 1 дүгээр                                                                                                                                                                                                                                             Улаанбаатар

сарын 19-ний өдөр                                                                                                            Дугаар 1                                                                                                                           хот

 

 

ДАМПУУРЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ,

ХЭСЭГ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

 

Дампуурлын тухай Монгол улсын хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 6 дахь заалтуудыг удирдлага болгон Монгол Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

1.Дампуурлын тухай хуулийн /цаашид хууль гэх/ 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан "…өөрийн хөрөнгийн" гэдэгт шүүх төлбөрийн чадваргүй болосон аж ахуйн нэгж, байгууллагын хамгийн сүүлд татварын байгууллагад гаргасан тайлан тэнцэл, түүнийг баталгаажуулсан шинжилгээ, дүгнэлтийг үндэслэн үндсэн ба эргэлтийн нийт хөрөнгөөс бусдад төлөх өр төлбөрийн хэмжээг хассан зөрүүгээр хариуцагчийн өөрийн хөрөнгийн хэмжээг тогтоосныг хамааруулж ойлгоно.

Хариуцагч аж ахуйн нэгж байгууллага тайлан тэнцэлдээ бусдад төлөх өр төлбөр, авах авлагын хэмжээг бүрэн тусгаагүй эсхүл бууруулсан буюу нэмэгдүүлсэн тохиолдолд шүүх дээрх тусгагдаагүй үнийн дүнг нийт өр төлбөр, авлагын хэмжээнд оруулан тооцвол зохино. Энэхүү ойлголтыг мөн хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлбөрийн чадвартай болох эсэхийг тооцоход нэгэн адил хамааруулна.

Мөн зүйл, хэсгийн "…төлбөрийн чадваргүйд тооцно" гэдэгт хариуцагч банкин дахь харилцах болон тооцооны хадгаламжийн данс түүнчлэн өөрийн кассанд бэлэн мөнгөний хүрэлцээгүгээс нэхэмжлэгчээс нийлүүлсэн буюу худалдсан бараа, бүтээгдэхүүн, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний үнэ хөлс, мөн банк болон бусдаас олгосон зээлийг төлөх зэрэг зээл тооцооны харилцаанд хүлээсэн, өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаандаа биелүүлж чадахгүй байгааг ойлгоно.

2.Хуулийн 5 дугаар зүйлийн 5, 4 дахь хэсгийн "…Зохигчдын өр төлбөрийн асуудлыг зохих хуулийн дагуу хянан шийдвэрлэнэ" гэдэгт Шүүх энэ хуулийн 5.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийг төлбөрийн чадвартай гэж тогтоосон тохиолдолд зохигчдын өр төлбөрийн нэхэмжлэлийг ИХШХШ тухай хуульд заасан ердийн журмаар шийдвэрлэнэ. Ингэхдээ хариуцагчийг төлбөрийн чадвартай болохыг тогтоож, хэргийг хэрэгсэхгүй болгох болон нэхэмжлэлийг шүүх ердийн журмаар шийдвэрлэх асуудлуудыг нэг хуралдаанаар шийдвэрлэж болно.

3.Хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэг, 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсгүүдэд заасан "хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ" гэдгийг шүүх хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсныг тогтоосноос хойш энэ хуульд заасан хугацааны дотор тухайн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны хүрээг харгалзан төв, орон нутгийн өдөр тутмын сонин, хэвлэл, радио, телевиз буюу бусад аргаар зарлан мэдэгдэхийг ойлговол зохино.

4.Хуулийн 5 дугаар зүйлийн 5.7 дахь хэсгийн "…хэрэг гүйцэтгэгчийг түр томилж болно" гэдэгт шүүгч дампуурлын хэрэг үүсгэхдээ шаардлагатай гэж үзвэл өөрийн санаачилгаар хариуцагчийн эд хөрөнгийн хэмжээг тогтоох, хөрөнгийг хууль бусаар үрэгдүүлэхгүй байлгах зорилгоор хэрэг гүйцэтгэгчийг шүүгчийн захирамж буюу шүүхийн тогтоолоор түр томилж болох бөгөөд ингэхдээ мөн хуулийн 11.2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан хувь хүн эсхүл хуулийн этгээдийг томилно.

Шүүх дампуурлын хэрэг үүсгэх болон хэрэг гүйцэтгэгчийг түр томилох асуудлыг нэг захирамж, шүүхийн тогтоолоор шийдвэрлэж болно.

5.Хуулийн 6 дугаар зүйлийн 6.1; 6.2 дахь хэсгүүдэд заасан "…оролцогч этгээдүүд" гэдэгт нэхэмжлэгч, хариуцагч нэхэмжлэгчийн зөвлөл, нэхэмжлэгчдийн хурал хэрэв хариуцагч нь төрийн болон орон нутгийн өмчийн үйлдвэрийг газар байгаа бол Засгийн газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч зэрэг эрх бүхий этгээдийг багтаан ойлгоно.

Мөн зүйлийн 6.3 дахь хэсгийн "…түр зогсох" гэдэгт Дампуурлын хэргийг хянан шийдвэрлэх явцад гаргасан шүүгчийн захирамж, тогтоол мөн хуулийн 6.1 дэх хэсэгт заасан гомдлыг хянан шийдвэрлэх хугацааг тухайн хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэх хугацаанд оруулж тооцохгүй байхыг ойлгоно.

6.Хуулийн 7 дугаар зүйлийн 7.11 дэх заалтын "…санхүүгийн тайлан тэнцэл" гэдэгт Төлбөрийн чадваргүй болсон аж ахуйн нэгж, байгууллагын үндсэн буюу эргэлтийн хөрөнгө түүний эх үүсвэр, аж ахуйн үйл ажиллагааны санхүүгийн үр дүн /орлого, үр дүнгийн болон үлдэгдэл, мөн хуримтлалын балансууд/, мөнгөн хөрөнгийн хөдлөлийг харуулсан баримтууд түүнчлэн тухайн аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааны санхүүгийн үр дүнд хийсэн шинжилгээ, дүгнэлт зэргийг хамруулан ойлгоно.

Мөн зүйлийн "…сүүлийн 3 жил" гэдгийг хуанлийн тооллоор бус харин тухайн аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байсан үеийн сүүлийн 3 жилийг хамруулан ойлговол зохино.

7.Хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтын "…итгэмжлэн өмчилсөн эд хөрөнгө" гэдэгт өмчлөгчөөс хууль буюу гэрээгээр тодорхойлон олгосон бүрэн эрхийн хүрээнд үйл ажиллагааныхаа чиглэлийн дагуу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх эдэлж буй хуулийн этгээдийн эд хөрөнгийг ойлгоно.

8.Хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн "…нэхэмжлэгч бүр бүх нэхэмжлэлийн нийт шаардлагын дүнд өөрийн нэхэмжлэлийн шаардлагын эзлэх хувьтай тэнцүү саналын эрхтэй оролцоно" гэдгийг Нэхэмжлэгчдийн хурал болох тухайн үеийн нэхэмжлэлийн шаардлагын нийт үнийн дүнд нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн шаардлагын эзлэх хувьтай тэнцүү саналын эрхтэй оролцоно гэж ойлговол зохино. Өөрөөр хэлбэл дээрх саналын эрхийг тооцохдоо хэрэг гүйцэтгэгч энэ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан дагуу дүгнэлт гаргахаас өмнөх хугацаанд энэ тайлбарын заалтад заасан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг, харин хэрэг гүйцэтгэгч дүгнэлт гаргасан тохиолдолд уул дүгнэлтийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг тус тус баримтална.

9.Хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалтын "…Шүүхээр шийдвэрлүүлэх асуудлаар шүүхэд хандах" гэдгийг Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь илтэд хуульд нийцэхгүй байгаа эсхүл хариуцагч уул шаардлагыгбүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй маргаантай байгаа эсхүл уг хуулиар шүүхэд харьяалуулсан тохиолдолд хэрэг гүйцэтгэгч нь шүүхэд ердийн журмаар нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлбэл зохино.

Түүнчлэн хэрэг гүйцэтгэгч нь мөн зүйлийн 12.1.6-д зааснаар нэхэмжлэгчдийн хурлаардийлэнх олонхийн саналаар хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шийдвэрлэсэн нэхэмжлэлийн асуудлаар мөн дээрх журмаар шүүхэд нэхэмжлэл гаргана.

10.Хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7, 22 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасан "…тусгай данс" гэдэгт хэрэг гүйцэтгэгч нь шүүх дампуурлын хэрэг үүсгэснээс хойшхи хугацаанд хариуцагчийн орлого, зарлага болон төлбөр тооцооны бусад харилцааг хэвийн явуулах, тухайн хариуцагчийн хөрөнгийг төвлөрүүлэх зорилгоор түүний нэр дээр банкинд шинээр харилцах данс нээнэ гэж ойлговол зохино.

11.12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан "…хуурч мэхлэх" гэдэгт Хэрэг гүйцэтгэгч хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх явцдаа хариуцагчийг төөрөлдүүлэх зорилгоор үгээр буюу үйлдлээр үнэн байдлуудыг гуйвуулах, нуун дарагдуулах, хуурамч баримт ашиглах зэргээр хариуцагч, нэхэмжлэгч нарын төлбөрийн хэмжээг зохиомлоор ихэсгэх, багасгах, өсгөх зэргээр өөрчлөн тэдгээрт санаатайгаар хохирол учруулсан байхыг ойлгоно.

Мөн зүйлийн "…хайхрамжгүй хандах" гэдгийг хэрэг гүйцэтгэгч нь мөн хуулийн 12 дугаар зүйлд зааснаар өөрт олгогдсон эрх мэдлийн хүрээнд багтах үйл ажиллагааг хийгээгүй буюу зохих ёсоор хийлгээгүй төдийгүй өөриймсөг хандаагүйн улмаас зохигчдод хохирол учруулсныг ойлговол зохино.

12.Хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийн "…Засгийн газар, иргэдийн төлөөлөгчдийн хурал төлбөрийн чадваргүй болсон төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын өр төлбөрийг төлөх тухай баталгаа" гэдэгт тухайн төлбөрийн чадваргүй болсон аж ахуйн нэгж байгууллагыг хэвийн үйл ажиллагаатай болгоход бодит дэмжлэг үзүүлэх, өөрөөр хэлбэл санхүүгийн /мөнгөн хөрөнгийн/ туслалцааг үзүүлэх талаар бичгээр гаргасан хүсэлтийг шүүхэд ирүүлэхийг ойлгоно.

13.Хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийн "…хамгийн өндөр үнэд хүргэх" гэдгийг Хэрэг гүйцэтгэгч нь тухайн эд хөрөнгийг худалдах үеийн зах зээлийн дундаж үнийг санхүүгийн болон үнэлгээний байгууллагаар албан ёсоор тогтоолгож, уул үнээс доошгүй эсхүл Иргэний хуулийн 162 дугаар зүйлд заасан дагуу эд хөрөнгийг үнэ хаялцуулах дуудлага худалдаагаар зарж борлуулахад ялсан этгээдийн санал болгосон үнэ зэргийг хамруулан ойлговол зохино.

Харин үл хөдлөх хөрөнгийн хувьд үл хөдлөх хөрөнгийн тухай болон Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуулиудад заасан журмыг баримтлан худалдаж борлуулсан үнийг ойлгоно.

14.Хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.1 дэх заалтын "…үүсгэн байгуулах баримт бичиг" гэдэгт хариуцагчийн дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөнд тухайн хариуцагчийг анх байгуулах тухай шийдвэр, түүнчлэн эрх бүхий этгээдийн шийдвэр,түүний дүрэм, гэрээ зэргийг хамааруулна.

Тухайлбал компани, хоршооны дүрэм, нөхөрлөлийн гэрээ болон тусгайлан эрх олгосон Засгийн газар болон орон нутгийн иргэдийн төлөөлөгчийн хурлын шийдвэр зэргийг хамааруулна.

15.Хуулийн 2 дугаар зүйлийн 28.4 дэх хэсгийн "хамгийн тохиромжгүй нөхцөлд хамаарч байгаа" гэдэгт дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөний дагуу тухайн нэхэмжлэгчид оногдох төлбөрийн хэмжээ нь түүний нэхэмжлэлийн нийт дүнд бусдаасаа хамгийн бага хувь эзлэхийг ойлгоно.

 

 

                                                                                                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                       Ч.ГАНБАТ

                                                                                                                              ШҮҮГЧ                                                       Д.ТУНГАЛАГ