A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

1996 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр

Дугаар 06

Улаанбаатар хот

                                                                      ДЭЭД ШҮҮХИЙН ХУРАЛДААНЫ ДЭГ БАТЛАХ ТУХАЙ

Хэвлэх

Монгол Улсын Дээд шүүхийн хуралдааны үйл ажиллагааг Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомжийн бусад актад нийцүүлэх зорилгоор Монгол Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

1."Монгол Улсын шүүхийн хуралдааны дэг"-ийг хавсралтын ёсоор баталсугай.

2.Монгол Улсын Дээд Шүүхийн хуралдааны дэг батлагдсантай холбогдуулж БНМАУ-ын Дээд Шүүхийн Бүгд хурлын 1990 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор батлагдсан БНМАУ-ын Дээд шүүхийн Бүгд хурлын дэгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ДЭМБЭРЭЛЦЭРЭН
ЭРҮҮГИЙН ТАНХИМЫН ТЭРГҮҮН ШҮҮГЧ Ч.ГАНБАТ

Монгол Улсын Дээд шүүхийн 1996 оны 1 дүгээр сарын
15-ны өдрийн 6 дугаар тогтоолоор батлав.

 

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХУРАЛДААНЫ ДЭГ

Нэг. Ерөнхий үндэслэл

1 дүгээр зүйл. Монгол Улсын Дээд шүүхийн хуралдаан нь Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын Дээд шүүх шүүхийн дээд байгууллага мөн. Улсын Дээд шүүх, Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн шүүгч, шүүгчдээс бүрдэх бөгөөд үйл ажиллагаагаа хуралдааны хэлбэрээр явуулж, хэрэг маргааныг хамтын журмаар хянан хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ.

2 дугаар зүйл. Дээд шүүхийн хуралдааны зорилт нь Монгол Улсын хуулийг дээдлэн, түүнийг нэг мөр ойлгон хэрэглэх, шүүн таслах ажиллагааны нэгдсэн бодлого боловсруулж хэрэгжүүлэх явдлыг хангах эрх зүйт төрийг төлөвшүүлэх, шүүхийн засаглалыг бэхжүүлж хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлэхэд оршино.

3 дугаар зүйл. Дээд шүүхийн хуралдаан асуудлыг хамтын журмаар, ажил хэрэгчээр тал бүрээс нь чөлөөтэй хэлэлцэн Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийн заалтад нарийн чанд нийцүүлэн эрх зүйн онолын сэтгэлгээг тусган, үнэнийг тогтоон шийдвэрлэх зарчмыг удирдлага болгоно. 4 дүгээр зүйл. Дээд шүүхийн хуралдааныг товлон зарлах, бэлтгэлийг хангах, асуудлыг хянан хэлэлцэх, санал хураах, шийдвэр гаргах, уг шийдвэрийг биелүүлэх журмыг Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль бусад хууль энэ дэгээр тодорхойлно.

Хоёр. Дээд шүүхийн хуралдааны бүрэлдэхүүн, бүрэн эрх 5 дугаар зүйл. Дээд шүүхийн хуралдаанд ерөнхий шүүгч, танхимын тэргүүн шүүгч, шүүгчдийн гуравны хоёроос доошгүй нь оролцож байгаа бол хүчинтэйд тооцогдоно.

6 дугаар зүйл. Дээд шүүхийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий прокурор оролцох бөгөөд Ерөнхий шүүгчийн урилгаар аймаг, нийслэл, сум буюу сум дундын, дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчид, шүүгчид, иргэдийн төлөөлөгчид, Монгол Улсын шүүхийн ерөнхий зөвлөл, шүүгчийн сахилгын болон мэргэшлийн хорооны гишүүд, тамгын газар, хэлтсийн ажилтнууд, хэлэлцэж буй асуудлыг боловсруулахад оролцсон ажлын хэсгийн гишүүдийг оролцуулж болно. Түүнчлэн Дээд шүүхийн хуралдаанд улс, олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллага, хөдөлмөрийн хамт олон, хөдөлмөрчдийн төлөөлөгчдийг урьж оролцуулж болно. Тэд хуралдааны дотоод журмыг чанд сахих үүрэгтэй.

7 дугаар зүйл. Дээд шүүх, Монгол Улсын Үндсэн хуулийн тавдугаар зүйл, Шүүхийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан дор дурдсан асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх эрхтэй.

1/Дээд шүүхийн ерөнхий шүүгч, шүүгчийн эсэргүүцэл, Монгол Улсын Ерөнхий прокурорын эсэргүүцэл, дүгнэлтээр бүх шатны шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол, шийдвэр, магадлал, тогтоол, шүүгчийн захирамжтай хэргийг хяналтын журмаар хэлэлцэх ийнхүү хэлэлцэхдээ зөвхөн эсэргүүцэл дүгнэлтийн үндэслэл, заалтаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийг бүхэлд нь хянана;

2/Монгол Улсын хуулийг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг хэлэлцэн батлах;

3/Дээд шүүхийн танхимын шүүн таслах ажиллагааны бодлого, үйл ажиллагааны тухай танхимын тэргүүн шүүгчийн мэдээлэл, шүүн таслах ажиллагаа түүнчлэн Монгол Улсын хууль, хууль тогтоомжийн бусад акт, Дээд шүүхийн тайлбарыг шүүхийн практикт хэрэгжүүлэх, шүүхийн практик судлах ажлын талаар аймаг, нийслэл, сум буюу сум дундын, дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчдийн илтгэл сонсголыг хэлэлцэх;

4/Дээд шүүхийн шүүгчийг шүүх танхимд хуваарилж, шүүх танхимын бүрэлдэхүүнийг батлах;

5/Улс төрийн намуудыг бүртгэх, тэдгээрийн үйл ажиллагааг түр зогсоох, тараах тухай шийдвэрийн талаар гарсан гомдлыг хянан хэлэлцэнэ.

6/Дээд шүүхийн ерөнхий шүүгч, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Шүүхийн ерөнхий зөвлөлд шүүхээс орох гишүүдийг сонгох, шүүхийн тэргүүн түшээ зэрэг дэв олгох тухай санал гаргах;

7/Дээд шүүхийн дэргэдэх шүүгчийн сахилгын хороо болон шүүгчдийн мэргэшлийн хороо байгуулах.

8/Монгол Улсын хуульд заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлэх. 8 дугаар зүйл. Дээд шүүхэд асуудал оруулж хэлэлцүүлэх эрхийг дор дурдсан байгууллага, албан тушаалтан эдэлнэ:

1/эрүү, иргэн, захиргааны хэргийг хэлэлцүүлэх эрхийг Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, Монгол Улсын Ерөнхий прокурор, Ерөнхий прокурорын орлогч эсэргүүцэл дүгнэлт бичиж;

2/Монгол Улсын хуулийг тайлбарласан тогтоолын төсөл оруулан хэлэлцүүлэх эрхийг Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн шүүгч, шүүгчид тогтоолын төсөл боловсруулж, харин шүүхийн дэргэдэх шүүх судалгааны төв, аймаг, нийслэл, сумын буюу сум дундын, дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, Ерөнхий прокурор, бусад байгууллага, албан тушаалтан өөрсдийн боловсруулсан төслийг Дээд шүүхийн аль нэг шүүгчээр уламжлуулан өргөн барьж болно;

3/Дээд шүүхийн танхим, аймаг, нийслэл сум буюу сум дундын, дүүргийн шүүх, тэдгээрийн ерөнхий шүүгч, шүүгчдийн сонсгол, мэдээллийг хэлэлцүүлэх эрхийг Дээд шүүхийн бүрэлдэхүүнд ордог албан тушаалтан,

4/Дээд шүүхийн шүүгчдийг танхимуудад хуваарилж, танхимын бүрэлдэхүүнийг батлуулах асуудлыг хэлэлцүүлэх эрхийг Дээд шүүхийн Ерөнхий шүүгч;

5/Улс төрийн намуудыг бүртгэх, тэдгээрийн үйл ажиллагааг түр зогсоох, тараах тухай шийдвэрийн талаар гарсан гомдлыг хэлэлцүүлэх эрхийг Монгол Улсын Дээд шүүхийн бүрэлдэхүүнд ордог албан тушаалтан, Ерөнхий прокурор;

6/Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Шүүхийн ерөнхий зөвлөлд шүүхээс орох гишүүдийг сонгох санал гаргах, Дээд шүүхийн дэргэдэх шүүгчийн сахилгын хороо, шүүгчдийн мэргэшлийн хороо байгуулах асуудал оруулах эрхийг Дээд шүүхийн бүрэлдэхүүнд ордог албан тушаалтан; 7/Бусад асуудлыг хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтан.

9 дүгээр зүйл. Энэ дэгийн 8 дугаар зүйлд заасан албан тушаалтан Дээд шүүхэд асуудал оруулан хэлэлцүүж шийдвэрлүүлэхдээ хууль тогтоомжид заасан үндэслэл, журмыг баримтална.

Гурав.Дээд шүүхийн хуралдааныг товлон зарлах, бэлтгэлийг хангах 10 дугаар зүйл. Дээд шүүхийн хуралдааныг дээд шүүхийн ерөнхий шүүгч буюу түүний эзгүйд орлож байгаа танхимын тэргүүн шүүгч товлон зарлаж хуралдуулна. Тэгэхдээ хуралдаан болох газар, сар, өдөр, цаг, хэлэлцэх асуулал, түүний илтгэгч, урилгаар оролцогчдыг тодорхойлно.

11 дүгээр зүйл. Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг Дээд шүүхийн бүрэлдэхүүн болон Ерөнхий прокурорт 3-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэж, холбогдох материалуудыг хүргүүлнэ.

12 дугаар зүйл. Дээд шүүхийн хуралдааны бэлтгэл хангах үүргийг Ерөнхий шүүгч, асуудал оруулж буй шүүгчид, техник зохион байгуулалтын бэлтгэл хангах үүргийг нарийн бичгийн дарга хариуцна.

13 дугаар зүйл. Дээд шүүхийн Ерөнхий шүүгч хуралдаанаар тодорхой асуудлаар нэг буюу хэд хэдэн илтгэгчийг асуудлын ач холбогдол, цар хэмжээг харгалзан Дээд шүүхийн шүүгчдээс томилно. Шаардлагатай тохиолдолд асуудлыг бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэгт Дээд шүүх, бусад байгууллагын төлөөлөгчдийг оролцуулж болно.

14 дүгээр зүйл. Дээд шүүхийн хуралдааны бэлтгэлийг хангах явцад хэлэлцэх асуудалтай холбогдох баримт бичиг, санал дүгнэлт, бусад материалыг нэмж шаардан авч болно.

15 дугаар зүйл. Дээд шүүхийн хуралдааны дэг журмыг сахиулах, оролцогсдын аюулгүй байдлыг хангах зорилгоор шүүхийн хуягийг ажиллуулах буюу цагдаагийн байгууллагын туслалцаа авч болно.

Дөрөв.Дээд шүүхийн хуралдааны ерөнхий журам 16 дугаар зүйл. Дээд шүүхийн хуралдааныг Дээд шүүхийн ерөнхий шүүгч, түүний эзгүйд орлож байгаа танхимын тэргүүн шүүгч даргална. 17 дугаар зүйл. Хуралдаан өдрийн 9-13 цагт, 14-18 цагт 2 цаг тутамд 15 минутын завсарлагатайгаар хуралдана. Шаардлагатай бол хуралдааныг 22 цаг хүртэл үргэлжлүүлж болно.

18 дугаар зүйл. Хуралдаанд оролцогчид бие биедээ хүндэтгэлийн үгээр хандан үг хэлэх, санал гаргахдаа даргалагчийн зөвшөөрөл авах, энэ дэгийг сахих, нэг асуудлаар нэг санал гаргах үүрэгтэй. Хуралдаанд оролцогчид бусдын үг хэлж, санал гаргаж байхад асуулт асуух зэргээр таслах, бусдыг доромжлох, гүтгэх, хараалын үг хэрэглэхийг хориглоно. Энэ дэгийг зөрчигчдөд хуралдаан даргалагч анхааруулах, сануулах хуульд заасан арга хэмжээг авч хуралдааны протоколд тэмдэглэнэ.

Тав. Дээд шүүхийн хуралдаанд хэрэг хэлэлцэх журам 19 дүгээр зүйл. Хэргийг Дээд шүүхийн ерөнхий шүүгчийн томилсон илтгэгч илтгэнэ. Илтгэгч хэргийн бүх байдал, шүүхийн дүгнэлт, таслан шийдвэрлэх тогтоол, шийдвэр, магадлал, шүүгчийн тогтоол, эсэргүүцэл, дүгнэлт, тэдгээрийн үндэслэлийг цаг хугацааны дарааллаар, тодорхой нотлох баримтыг түшиглэн, хууль тогтоомжийн холбогдох бүх актын заалттай харьцуулан танилцуулна.

20 дугаар зүйл. Дээд шүүхийн ерөнхий шүүгч танхимын тэргүүн шүүгчид, шүүгчид эсэргүүцэл, Ерөнхий прокурор эсэргүүцэл дүгнэлтээ хэрэг хэлэлцэж эхлэхээс өмнө буцаан авах эрхтэй. Илтгэгч тухайн хэргийг илтгэж эхэлснийг хэрэг хэлэлцэж эхэлсэнд тооцно. Эсэргүүцэл дүгнэлтээ буцааж авсан тухайгаа хуралдааны нарийн бичгийн даргад эсвэл хуралдаанд амаар буюу бичгээр мэдэгдэнэ.

21 дүгээр зүйл. Нэгэнт хэрэг хэлэлцэж эхэлсэн бол хуралдаан ердийн журмаар хэлэлцэж тогтоол гаргах бөгөөд хэрэг хэлэлцэх явцад эсэргүүцлээ буцааж авахгүйгээр харин эсэргүүцэл, дүгнэлтээ дэмжихээс татгалзаж болно. 22 дугаар зүйл. Эсэргүүцэл, дүгнэлтийг буцааж авсан бол түүнийг гаргаагүйд тооцож хэргийг зохих шүүхэд нь хүргүүлэн холбогдох байгууллага, хүмүүст мэдэгдэнэ. Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн шүүгчид, шүүгчид ерөнхий прокурор эсэргүүцэл, дүгнэлтээ буцааж авсан нь хуралдаанд энэ асуудлаар дахин эсэргүүцэл, дүгнэлт бичихэд саад болохгүй. 23 дугаар зүйл. Дээд шүүхийн бүрэлдэхүүн, Монгол Улсын Ерөнхий прокурор илтгэгчээс хэлэлцэж байгаа хэргийн талаар асуулт тавьж хариулт авч болно.

24 дүгээр зүйл. Шаардлагатай тохиолдолд Дээд шүүхийн хуралдаанд ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, зохигчид, тэдний төлөөлөгчид болон бусад хүмүүсийг байлцуулан мэдүүлэг, тайлбарыг сонсож болно.Түүнчлэн нэмж шаардан авсан баримт бичиг, санал дүгнэлт, бусад материалыг судлан хэлэлцэж болно.

25 дугаар зүйл. Хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор хэлэлцсэний дараа асуулт, хариултыг тасалж Монгол Улсын Ерөнхий прокурор дүгнэлт гаргана. 26 дугаар зүйл. Монгол Улсын Ерөнхий прокурор дүгнэлт гаргасны дараа шийдвэр гаргахын тулд хуульд заасны дагуу Дээд шүүхийн бүрэлдэхүүн зөвлөлдөнө. Зөвлөлдөх үед Дээд шүүхийн бүрэлдэхүүнээс өөр хүн байж болохгүй. Дээд шүүхийн бүрэлдэхүүн зөвлөлдөж шийдвэрлэх асуудал нэг бүрээр саналаа илээр гаргана.

Зургаа. Дээд шүүхийн тайлбар, бусад асуудлыг хэлэлцэн батлах журам 27 дугаар зүйл. Монгол Улсын хуулийг нэг мөр ойлгож,зөв хэрэглэх талаархи тайлбарын төслийн талаар Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн томилсон илтгэгч илтгэнэ. Илтгэлд хуулийн тайлбарыг гаргах болсон шаардлага, түүний дотор уг хуулийг хэрэглэж байгаа практик, түүний ололт, дутагдал, тайлбарыг боловсруулсан явц, оролцуулсан байгууллага, эрдэмтэн, мэргэжилтэн, тайлбарын онолын үндэслэл зэргийг тусгасан байвал зохино.

28 дугаар зүйл. Тайлбарын төслийн талаар илтгэсний дараа Дээд шүүхийн бүрэлдэхүүн, Монгол Улсын Ерөнхий прокурор, урилгаар оролцогчид нар нь илтгэгч, Дээд шүүхийн холбогдох танхимын бүрэлдэхүүн, мэргэжилтэн, эрдэмтдээс тайлбарын талаар асуулт тавьж хариулт авч болно.

29 дүгээр зүйл. Тайлбарын төслийн талаар асуулт тавьж дууссаны дараа Дээд шүүхийн бүрэлдэхүүн, урилгаар оролцогчид санал гаргана. Тэгэхдээ эхлээд урилгаар оролцогчид, дараа нь Дээд шүүхийн шүүгчид санал гаргаж үг хэлнэ. Нэг хүн хоёр удаа 10 хүртэл минут үг хэлж болно.

30 дугаар зүйл. Дээд шүүхийн хуралдаанд оролцогчид үг хэлж, санал гаргасны дараа тайлбарын төслийг батлан гаргана. Ийнхүү батлан гаргахын өмнө шаардлагатай бол гарсан саналыг нэгтгэн судалж, төсөлд тусгах үүрэг бүхий найруулгын ажлын хэсгийг Дээд шүүхийн бүрэлдэхүүн, урилгаар оролцогчдын бүрэлдэхүүнтэйгээр байгуулж болно.

31 дүгээр зүйл. Дээд шүүхийн бүрэлдэхүүн тайлбарыг бүхэлд нь буюу зүйл, заалт бүрээр санал хурааж батална.

32 дугаар зүйл. Дээд шүүхийн хуралдаан бусад асуудлыг хэлэлцэхдээ энэ бүлэгт заасан журмыг адилтган баримтална. Гэхдээ нэр дэвшүүлэх зэрэг зохион байгуулалтын зарим асуудлаарх санал хураалтыг нууцаар хурааж болно.

Долоо. Дээд шүүхийн хуралдаанд санал хураах, тогтоол гаргах, түүнийг биелүүлэх журам

33 дугаар зүйл. Дээд шүүхийн хуралдаан хэлэлцсэн асуудлаар оролцсон шүүгчдийн олонхийн саналаар шийдвэрлэж тогтоол гаргана. 34 дүгээр зүйл. Анхан шатны журмаар тухайн хэргийг хэлэлцэхэд оролцсон Дээд шүүхийн шүүгч уг хэргийг Дээд шүүхийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхэд оролцож болохгүй.

35 дугаар зүйл. Дээд шүүхийн шүүгч санал гаргахдаа түдгэлзэх эрхгүй. Санал хураахдаа ерөнхий асуудлаас эхэлж тодорхой асуудлаар дуусгана. Тодорхой хэрэг хэлэлцэн шийдвэрлэхдээ эхлээд эсэргүүцэл, дүгнэлтээр санал хураана. Эхний санал олонхийн санал авбал уг асуудлыг хэлэлцэх явцад гарсан саналаар санал хураах шаардлагагүй. Санал хураалтын дүнг тоон харьцаагаар, хэрэв өөр санал гараагүй бол " санал нэгтэйгээр" гэж хуралдааны протоколд тэмдэглэнэ. 36 дугаар зүйл. Хэрэв цөөнх өөрсдийн саналын үндэслэлийг тайлбарлаж дахин санал хураалгах хүсэлт гаргаж, түүнийг нь олонх зөвшөөрвөл тухайн асуудлаар дахин нэг удаа санал хурааж болно.

37 дугаар зүйл. Зөвлөлдөх тасалгаанд гаргасан саналыг зөвлөлдөх тасалгааны болон байгууллагын нууцад хамааруулан, задруулахгүйгэр чанд нууцална. Санал хураалтын дүнг тухайн асуудал шүүгчдийн "олонхийн санал авсан","олонхийн санал аваагүй" гэсэн хэмжээнд мэдэгдэнэ. 38 дугаар зүйл. Дээд шүүхийн шүүгчдийн санал тэнцвэл олонхийн санал аваагүй гэж үзэж эсэргүүцэл, дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож асуудлыг шийдвэрлэгдээгүйд тооцно.

39 дүгээр зүйл. Дээд шүүхийн тогтоолыг илтгэгч хариуцан 3 хоногийн дотор бэлтгэнэ. Тогтоолд хуралдаан даргалагч, илтгэсэн шүүгч гарын үсэг зурж, Монгол Улсын Дээд шүүхийн тамга дарна.Дээд шүүхийн тогтоол нь баталсан үеэс эхлэн хүчин төгөлдөр болно.

40 дүгээр зүйл. Монгол Улсын хуулийг тайлбарласан Дээд шүүхийн тогтоолыг уг актыг хэрэглэж байгаа улс,олон нийтийн бүх байгууллага, тэдгээрийн албан тушаалтан, иргэд заавал биелүүлэх үүрэгтэй. Дээд шүүхийн тогтоолыг хуульд заасан журмын дагуу биелүүлэх бөгөөд биелэлтийг тамгын газрын хяналт шалгалт хариуцсан түшмэл зохион байгуулан гардан хариуцна. Дээд шүүхийн тогтоолд түүнийг биелүүлэх байгууллага, албан тушаалтныг тухайлан зааж болно.

41 дүгээр зүйл. Шаардлагатай тохиолдолд Дээд шүүхийн хуралдаанаас эрх зүйн зөрчил, түүний дотор хэрэг бүртгэлт, урьдчилсан мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагааны үед гаргасан зөрчил, түүнийг гаргахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авахуулахаар зохих байгууллага, албан тушаалтанд энгийн магадлал гаргаж болно. Энгийн магадлал авсан байгууллага, албан тушаалтан түүний мөрөөр нэг сарын дотор тодорхой арга хэмжээ авч, үр дүнг нь Дээд шүүхэд мэдэгдэх үүрэгтэй.

42 дугаар зүйл. Дээд шүүхийн хуралдааны явцын талаар тодорхой тэмдэглэл хөтөлнө.Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга хөтөлж, хуралдаан даргалагч гарын үсэг зурж, Дээд шүүхийн тэмдэг дарна. Хуралдааны явцыг дүрс болон дуу бичлэгийн хэрэглэлээр бичиж авсан бол тэмдэглэлийн хамт хадгална. 43 дугаар зүйл. Дээд шүүхийн хуралдааны тэмдэглэлд шүүгч нараас хуулийн тайлбарын төслийн талаар гарсан саналыг бичнэ. Харин тодорхой хэргийн талаар гаргасан саналыг бичихгүй. Шүүгчдийн саналыг нууцаар хураасан дүн, саналын хуудсыг Дээд шүүхийн бүрэлдэхүүнээс бусад албан тушаалтанд үзүүлэх, хуулбарлахыг хориглоно. Харин тэмдэглэлийн бусад хэсгийг Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, тухайн хуралдаан даргалагчийн зөвшөөрснөөр хэрэг, маргааны оролцогч талуудад танилцуулж болно.

44 дүгээр зүйл.Шүүгчдийн зөвлөлдөх тасалгааны нууц, нууцаар явагдсан санал хураалтыг задруулсан албан тушаалтанд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ

45 дугаар зүйл. Дээд шүүхийн хуралдааны тухай Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, тухайн хуралдаан даргалагчийн зөвшөөрсөн хэмжээгээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд мэдээлж байна.