Хэвлэх DOC Татаж авах
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН

ТОГТООЛ

 

1996 оны 6 дугаар                                                                                                                                                                                                                                              Улаанбаатар

сарын 26-ны өдөр                                                                                                        Дугаар 216                                                                                                                              хот

 

 

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ,

ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

Нэг.Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль /цаашид "хууль" гэх/-ийн дараах зүйл заалтыг дор дурдсанаар тайлбарласугай.

1.Ерөнхийлөгчийн тухай хуульд заасан "зөвшилцөх" гэдгийг хууль тогтоомжид өөрөөр тодорхойлоогүй бол Ерөнхийлөгч, Улсын Их Хурал буюу Ерөнхий сайд тодорхой бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хууль бүрэн эрхэд хамаарах асуудлаар өөрийн гаргаж буй шийдвэр авах гэж буй арга хэмжээнийхээ талаар хуульд заасан байгууллага, албан тушаалтантай санал солилцохыг ойлгоно.

2.Хуулийн 12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "…нам буюу намуудын сонгуулийн эвсэлтэй зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Улсын Их Хуралд оруулна" гэдгийг Ерөнхийлөгч Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх хүнийхээ тухай өөрийн саналыг тухайн нам буюу намуудад бичгээр оруулж нам бүрээс бичгээр саналыг нь авахыг ойлгоно.

3.Дээр дурдсан зүйл, хэсэгт "нам" буюу "намууд" гэдэг нь хуульд буюу тухайн намын дүрэмд зааснаар, эсхүл бүрэн эрх бүхий тухайн намын удирдах байгууллагын эрх олгосноор түүний төлөөлөх байгууллага, албан тушаалтан байна.

4.Хуулийн 12 дугаар зүйлийн З дахь хэсэгт заасан "Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай Ерөнхий сайдаас тавьсан саналыг түүнтэй зөвшилцөнө" гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд оруулах өөрчлөлтийн тухай саналаа Ерөнхийлөгчид бичгээр танилцуулан түүний саналыг бичгээр авах хэмээн ойлгоно.

5.Хуулийн 12 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт заасан "Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргахыг улсын Их Хуралд санал болгох тухайгаа зөвшилцөх…" гэдэг нь Ерөнхийлөгч энэ тухай саналаа Улсын Их Хурлын даргад бичгээр мэдэгдэж бичгээр хариу аван санал солилцох журмаар явагдана.

6.Хуулийн 13 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан "Зэвсэгт хүчний ерөнхий штабын даргыг батлан хамгаалахын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй зөвшилцөж томилно" гэдгийг Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний ерөнхий штабын даргад нэр дэвшүүлж буй хүнийхээ тухай батлан хамгаалахын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд бичгээр мэдэгдэж, түүний саналыг бичгээр авч томилохыг ойлгоно.

7.Хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "… Улсын ИХ хуралтай зөвшилцөн, Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулна" гэдгийг тухайн гэрээний төслийг Улсын Их Хуралд оруулж түүний Гадаад бодлого, аюулгүй байдлын бйнгын хорооны зохих шийдвэр, санал дүгнэлт гаргуулахыг ойлгоно.

8.Хуулийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн "Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг… Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татна" гэдэг нь Ерөнхийлөгч Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох буюу эгүүлэн татахдаа энэ тухай саналаа Улсын Их Хуралд бичгээр оруулж, түүний Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хороогоор санал дүгнэлт гаргуулан Улсын Их Хурлын хуралдаанаар нууцаар санал хураалтын дүнг авах ойлголт мөн.

9.Хуулийн 12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан асуудлаар зөвшилцөхөд мөн зүйл, хэсгийн ёсоор зөвшилцөгч талууд нэгдсэн саналд хүрсэн байвал зохих бөгөөд харин хуульд заагаагүй бусад тохиолдлд заавал нэгдсэн саналд хүрэхийг шаардахгүй.

10.Хуулийн 12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан асудлыг Улсын Их Хурлын тухай хуулийн 45/3 дугаар зүйлд заасан журмаар, хуулийн 14 дүгээр зүйлийн 3-а дахь хэсэгт заасан асуудлыг Улсын Их Хурлын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан журмаар тус тус зөвшилцөнө.

11.Хэрэв хууль тогтоомжид тусгайлан заагаагүй бол зөвшилцлийг энэ тогтоолд заасан журмаар явуулах бөгөөд харин зөвшилцлийг биечлэн уулзаж явуулсан бол зохих журмын дагуу тэмдэглэл хөтөлсөн байна.

ХОЁР.Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуульд заасан "зөвшилцөх" тухай ойлголт, зөвшилцөх журмыг тухайн актад өөрөөр тодорхойлоогүй бол түүнийг энэ тайлбарын дагуу адилаар ойлгож явуулж байхаар тогтоосугай.

 

 

 

                                                                                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ДЭМБЭРЭЛЦЭРЭН

                                                                                              ЭРҮҮГИЙН ТАНХИМЫН

                                                                                                ТЭРГҮҮН ШҮҮГЧ                                       Ч.ГАНБАТ