Хэвлэх DOC Татаж авах
ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД  НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ  ШҮҮХИЙН ПРАКТИКТ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН

ТОГТООЛ

 

2010 оны 12 дугаар                                                                                                                                                                                                                                           Улаанбаатар

сарын 17-ны өдөр                                                                                                          Дугаар 29                                                                                                                           хот

 

 

ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД

НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ

ШҮҮХИЙН ПРАКТИКТ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

 

Улсын Их Хурлаас Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдаж, дагаж мөрдөх болсонтой холбогдуулан уг хуулийн зарим зүйл, хэсэг заалтыг нэг мөр ойлгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5-д заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

1.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль /цаашид энэ хууль гэх/ Улсын Их Хурлын чуулганаар 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдөр батлагдаж, Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 3-т зааснаар “Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа буюу 2010 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс хүчин төгөлдөр болсон тул мөн өдрөөс өмнөх хугацаанд захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нэмэлт, өөрчлөлт ороогүй хуулийн дагуу, харин уг өдрөөс хойших ажиллагааг энэ хуулийн дагуу явуулна.

2.Хууль хүчин төгөлдөр болохоос өмнө захиргааны хэрэг үүсгэсэн, шийдвэрлэгдээгүй байгаа хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааг 2010 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн энэ хуулийн дагуу үргэлжлүүлэн явуулна.

Нэмэлт, өөрчлөлт ороогүй хуулийн дагуу явуулсан бүх ажиллагаа хүчинтэй хэвээр байна.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт ороогүй хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасан гомдол гаргах хугацаа өнгөрөөгүй бөгөөд давж заалдах, эсхүл хяналтын гомдол гаргаагүй байхад энэ хууль хүчин төгөлдөр болсон бол хууль хүчин төгөлдөр болсноос хойш гаргасан аль ч гомдлыг давж заалдах гомдол гэж үзэн хэргийг давж заалдах шатны шүүх хянан шийдвэрлэнэ.

4.Хууль хүчин төгөлдөр болохоос өмнө гаргасан давж заалдах гомдолтой хэргийг Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим давж заалдах журмаар хянан шийдвэрлэхдээ 2010 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн энэ хуулийг баримтална.

5.2010 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс өмнө гаргасан давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын гомдол гаргах 30 хоногийн хугацаа дуусаагүй байхад хууль хүчин төгөлдөр болсон бол хууль хүчин төгөлдөр болсноос хойш гаргасан гомдолд энэ хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д заасан хугацаа хамаарахгүй бөгөөд хэргийг хяналтын шатны шүүх хянан шийдвэрлэнэ.

6.Хууль хүчин төгөлдөр болохоос өмнө хяналтын шатны шүүх хүлээж авсан хэргийг энэ хуулийн дагуу хяналтын журмаар хянан шийдвэрлэнэ.

7.Хууль хүчин төгөлдөр болохоос өмнө анхан шатны шүүхийн шийдвэрт гаргасан хяналтын гомдолтой хэргийг хяналтын шатны шүүх 2010 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс хойш хүлээж авсан бол хэргийг шүүгчийн захирамжаар давж заалдах шатны шүүхэд шилжүүлнэ.

 

 

 

        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ц.ЗОРИГ

                                                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                    О.ЗАНДРАА                                                    

                                  ШҮҮГЧ                                         Ч.ТУНГАЛАГ