A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН

ТОГТООЛ

 

 

2009 оны 6 дугаар                                                                                                                                                                                                                                           Улаанбаатар

сарын 15-ны өдөр                                                                                                         Дугаар 17                                                                                                                            хот

 

ИРГЭНИЙ ХУУЛИЙН 10, 11 ДҮГЭЭР БҮЛГИЙН ЗАРИМ

ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

 

Иргэний хуулийн /цаашид хууль гэх/ 10, 11 дүгээр бүлгийн зарим зүйл, заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5.-д заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхээс ТОГТООХ НЬ:

1.Хуулийн 85 дугаар зүйлийн 85.2.-т заасан газрын үндсэн бүрдэл хэсэгт хамаарах “байшин, барилга байгууламж болон бусад зүйл” гэдэгт хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3.-т заасан үл хөдлөх, 119 дүгээр зүйлийн 119.1-д заасан хөдлөх эд хөрөнгийн аль алиныг хамааруулан ойлгоно.

2.Хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1.-д “хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ” гэж зааснаар зөвхөн хууль болон гэрээнд заасан үндэслэлээр үүссэн эзэмшил нь эрх зүйн үр дагавар буюу шаардах эрхийг үүсгэнэ.

3. Хуулийн 90 дүгээр зүйлийн зарим заалтыг дараах байдлаар тайлбарласугай.

3.1. Энэ зүйлийн 90.1.-д заасан “шударга эзэмшигч” гэдэгт мөн зүйл, хэсэгт заасан этгээдээс гадна өөрийн эзэмшлийг хууль ёсны гэж ойлгож, эзэмшлээ хууль бус болохыг мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан хууль бус эзэмшигчийг хамааруулж болно.

Хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1.-д эзэмшил нь эд юмсыг зөвхөн хууль ёсоор мэдэлдээ авах замаар үүсэхээр заасан боловч мөн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1., 94.3., 493 дугаар зүйлийн 493.6.-д заасан зохицуулалтын агуулгаар хууль бусаар олсон эзэмшил нь шударга, шударга бус гэсэн хэлбэртэй байна.

3.2. Мөн зүйлийн 90.2.-т заасан шаардах эрхийн хугацааг хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.-т заасан тусгай хугацаа гэж ойлгох ба энэ хугацаа Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д заасан шаардлагад мөн адил хамаарна. Харин гэрээний үүрэгтэй холбоотой эзэмшлийн тухай шаардлагад хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1., 75.2.2.-т заасан хугацааг баримтална.

3.3.Энэ зүйлийн 90.3.-т зааснаар эд хөрөнгийг шинэ эзэмшигчээс шаардах мөн зүйлийн 90.2.-т заасан эрхийг шударга эзэмшигч зөвхөн шинэ эзэмшигчээс илүү эрхтэй байж эдлэнэ. Тухайлбал, шинэ эзэмшигч шударга эзэмшигчийг хууран мэхлэх, хүч хэрэглэх замаар эд хөрөнгийг нь мэдэлдээ аваагүй л бол шударга эзэмшигч хүсэл зоригоосоо гадуур алдсан эд хөрөнгөө хариу төлбөртэй авсан шинэ эзэмшигчээс хуулийн 93 дугаар зүйлийн 93.1.-д заасан зарчмын дагуу шаардах эрхгүй.

4.Хуулийн 92 дугаар зүйлийн 92.1.-д заасан “хэн нэгэн этгээд” гэдэгт аливаа бусад этгээдээс гадна тухайн эд хөрөнгийн өмчлөгчийг хамааруулж үзнэ.

5.Хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1.-д заасан “эрх бүхий этгээдэд буцаан өгөх үүрэг” нь мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүсэх үүрэгт хамаарна.

6.Мөн зүйлийн 94.1., 94.2., 94.3., 94.6., 95 дугаар зүйлийн 95.1., 95.2.,-т тус тус заасан “эрх бүхий этгээд” гэдэгт шударга эзэмшигчээс илүү буюу тухайн эд хөрөнгийг хууль, гэрээний дагуу эзэмших эрхтэй этгээдийг ойлгоно.

Энэ зүйлийн 94.2.-т заасан “буцааж авах хүртэл” гэж эд хөрөнгө шударга эзэмшигчээс эрх бүхий этгээдэд шилжих хүртэлх хугацааг хэлнэ.

7.Мөн зүйлийн 94.5.-д заасан “төлбөл зохих төлбөр” гэдэгт энэ зүйлийн 94.3.-т заасан зардлыг ойлгоно.

8.Энэ зүйлийн 94.6.-д заасан саатуулах эрх нь мөн зүйлийн 94.3.-т заасан шаардлагад хамаарна.

9.Хуулийн 95 дугаар зүйлийн 95.1.-д заасан “шударга бус эзэмшигч” гэж эзэмшлээ хууль бус болохыг мэдсэн буюу мэдэх боломжтой байсан хууль бус эзэмшигчийг хэлнэ.

 

 

                                                                                                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    С.БАТДЭЛГЭР

                                                                                                                                        ШҮҮГЧ                                     Б.УНДРАХ