Хэвлэх DOC Татаж авах
ИРГЭНИЙ ХУУЛИЙН 12 ДУГААР БҮЛГИЙН 1, 2 ДУГААР ДЭД БҮЛГҮҮДИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН

ТОГТООЛ

 

2009 оны 6 дугаар                                                                                                                                                                                                                                             Улаанбаатар

сарын 15-ны өдөр                                                                                                          Дугаар 18                                                                                                                          хот

 

 

ИРГЭНИЙ ХУУЛИЙН 12 ДУГААР БҮЛГИЙН 1, 2 ДУГААР

ДЭД БҮЛГҮҮДИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ЗААЛТЫГ

ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

 

Өмчийн харилцааны нийтлэг үндэслэл болон өмчлөх эрх үүсэх, дуусгавар болохыг зохицуулсан Иргэний хуулийн 12 дугаар бүлгийн 1, 2 дугаар дэд бүлгүүдийн зарим зүйл, заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5.-д заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхээс ТОГТООХ НЬ:

1.Өмчлөх эрхийг тодорхойлсон хуулийн 101 дүгээр зүйлийн зарим заалтыг дараах байдлаар тайлбарласугай.

1.1.Энэ зүйлийн 101.1.-д зааснаар өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ “аливаа халдлагаас хамгаалах эрх”-ээ эрх бүхий байгууллагад хандах замаар, эсхүл өөрийн шаардлага болон үйлдлээр тус тус хэрэгжүүлнэ.

1.2. Мөн зүйлийн 101.2.-т заасан “өмчлөх эрхээ урвуулан ашиглах” гэдэгт өмчлөгч өөрийн бүрэн эрхийг бусдын ашиг сонирхолд санаатайгаар харш хэрэгжүүлэхийг ойлгоно. Энэ тохиолдолд өмчлөгч бусад этгээдэд гэм хор заавал учруулсан байдгийг анхаарвал зохино.

1.3.Энэ зүйлийн 101.5.-д заасан “бүрдэл хэсэг” гэдгийг хуулийн 85 дугаар зүйлд заасны дагуу ойлгож хэрэглэнэ.

2.Эзэмшилд байх хугацаанаас шалтгаалж өмчлөх эрх олж авахыг зохицуулсан хуулийн 104 дүгээр зүйлийн зарим заалтыг доорх байдлаар тайлбарласугай.

2.1.Энэ зүйлийн 104.1.-д заасан “эзэнгүй эд юмс” гэдэгт хуулийн 115 дугаар зүйлийн 115.1.-д заасан эд юмс хамаарна.

Мөн заалтын “илээр, шударгаар олж авсан” гэдгийг хууль ёсны болон олон нийтэд нээлттэй аргаар эзэмшилдээ шилжүүлснийг ойлгоно.

2.2. Мөн зүйлийн 104.2.-т заасан “өмчлөх эрхийг олж авна” гэснийг эзэмшигч нь эд хөрөнгийг эзэмшилдээ хуульд заасан 15 жилийн хугацааны турш эзэмшиж, ашигласны дараа Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.-д заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна гэж ойлговол зохино.

Харин энэ зүйл, хэсэгт заасан “улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш” гэдгийг хуулийн 185 дугаар зүйлд зааснаар улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийлгэсний дараа гэж ойлгоно.

3. Хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д заасан “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах” нь зөвхөн хууль бус эзэмшилд хамаарна. Харин хуулийн 93 дугаар зүйлийн 93.1.-д зааснаар хууль ёсны эзэмшлээс өмчлөгч ч эд хөрөнгө шаардах эрхгүй.

Өмчлөх эрх шилжүүлэх гэрээний үүргийн биелэлтийн шаардлага тухайн гэрээний зохицуулалтад хамаарах тул энэ заалтыг гэрээний харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэхэд давхар баримтлах шаардлагагүй.

4. Хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3., 120 дугаар зүйлийн 120.2.-т заасан “учирсан хохирол” гэдэгт эрх нь зөрчигдсөн этгээдийн эд хөрөнгө нийлэх, холилдох, дахин боловсруулахаас өмнө оруулсан хөрөнгөөс гадна хуулийн 227 дугаар зүйлийн 227.3.-т заасан бусад хохирол хамаарч болно.

5. Хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.-д “бусад этгээдийн эд хөрөнгийн хувьд эдлэх аливаа эрх дуусгавар болно” гэж заасны дагуу холилдсон, нийлсэн, дахин боловсруулагдсан эд хөрөнгийн талаар тэдгээрийн өмчлөгчдөөс өөр бусад этгээд ямар нэг эрхтэй байсан (барьцааны эрх г.м.) боловч тухайн эд хөрөнгө өөр хөрөнгөтэй холилдож, нийлж, дахин боловсруулагдсанаар шинэ эд хөрөнгө бий болсон учир хуучин эд хөрөнгийн талаарх эрх хэрэгжих боломжгүй тул энэ тохиолдолд эрх эзэмшигч шаардлагаа хуульд заасан өөр хэлбэрээр хангуулна.

6.Хуулийн 122 дугаар зүйлийн 122.1.-д заасан “хуульд өөрөөр заагаагүй бол оюуны өмчид хамаарах оюуны үнэт зүйлийг бүтээсэн этгээдийн өмчлөх эрх уг зүйлийг бүтээсэн үеэс үүснэ” гэдгийг Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.-д зааснаар утга зохиол, урлагийн бүтээлийн өмчлөх эрх бүтээлийг бүтээсэн үеэс, Патентийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1., Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-д зааснаар патент олгосон шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, гэрчилгээ олгосон ашигтай загвар, барааны тэмдэг, гэрчлэх тэмдэг, хамтын тэмдгийн өмчлөх эрх зэрэгт мэдүүлгийн анхдагч огнооноос эхлэн тус тус үүснэ гэж ойлгоно.

7.Хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.-т зааснаар “шаардах эрх шилжүүлэх”-эд шаардах эрх эзэмшигч нь шаардах эрхээ бусдад шилжүүлэхдээ үүрэг гүйцэтгэгчид энэ талаар мэдэгдэх л үүрэгтэй болохоос түүний зөвшөөрлийг авах, шаардах эрхээ шилжүүлж буй гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний талаар танилцуулах зэрэг ажиллагаа явуулах шаардлагагүй. Харин мөн зүйлийн 123.3.-т заасны дагуу үүрэг гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээнд шаардах эрх шилжүүлэхийг хязгаарлах талаар харилцан тохиролцсон бол шаардах эрхийг шилжүүлэх ажиллагаа тухайн гэрээний дагуу зохицуулагдана.

8.Хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1.-д “Эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болно” гэснийг дараах байдлаар тайлбарласугай.

8.1.“Тохиролцсоноор” гэж бусдын өрийг шилжүүлж авч буй этгээд үүрэг гүйцэтгүүлэгчээс заавал зөвшөөрөл авсан байхыг хэлнэ. Уг тохиролцоо нь үүргийн талаарх хэлцэлтэй хэлбэрийн хувьд адил байна.

8.2.Үүргийн биелэлтийг хангах арга болох барьцаа, батлан даалт, баталгаа, банкны баталгаа зэрэг нь үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай шууд холбоотой тул зөвхөн түүний үүргийн биелэлтийг хангах талаар өгсөн бусдын амлалт өөр үүрэг гүйцэтгэгчид хамааралгүй болно.

  

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      С.БАТДЭЛГЭР

                          ШҮҮГЧ                                                   Л.БЯМБАА