Хэвлэх DOC Татаж авах
ИРГЭНИЙ ХУУЛИЙН 12 ДУГААР БҮЛГИЙН 3 ДУГААР ДЭД БҮЛГИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН

ТОГТООЛ

 

 

2009 оны 6 дугаар                                                                                                                                                                                                                                              Улаанбаатар

сарын 15-ны өдөр                                                                                                           Дугаар 20                                                                                                                         хот

 

 

ИРГЭНИЙ ХУУЛИЙН 12 ДУГААР БҮЛГИЙН 3 ДУГААР

ДЭД БҮЛГИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

 

Гэр бүлийн хөрөнгийн эрхийг зохицуулсан Иргэний хуулийн 12 дугаар бүлгийн 3 дугаар дэд бүлгийн зарим зүйл, заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5.-д заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхээс ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн (цаашид хуулийн гэх) 125 дугаар зүйлийн 125.1-д заасан “гэр бүлийн хөрөнгө” гэдэгт Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1., 3.1.3.-т зааснаар гэр бүл болсноо эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн нөхөр, эхнэрийн, мөн зүйлийн 3.1.4., 3.1.5., 3.1.6.-д заасан гэрлэгчидтэй хамт амьдардаг гэрлэгчдийн төрсөн, үрчилсэн, дагавар хүүхэд, төрөл, садангийн хүмүүсийн хамтран өмчлөх дундын болон хуваарьт хөрөнгийг хамааруулан ойлгоно.

2.Хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.-д заасан “гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд” гэдэгт Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлснээс хойшхи хугацаа хамаарна.

Гэрлэгчид гэрлэлтээ үргэлжлүүлэх хүсэл зоригтой боловч хүндэтгэн үзэх тодорхой шалтгаанаар удаан хугацаагаар хамтран амьдрах боломжгүй байх нь (гадаадад ажиллах, цэргийн алба хаах, хорих ял эдлэх, удаан хугацаагаар эмчлүүлэх г.м.) энэ хугацаанд бий болсон хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчлөлд тооцохгүй байх үндэслэл болохгүй.

3.Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийг зохицуулсан хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.дахь хэсгийн зарим заалтыг дараах байдлаар тайлбарласугай.

3.1.Энэ зүйлийн 126.2.1.-д заасан “хамтын хөдөлмөр” гэдэгт хуулийн этгээд байгуулахгүйгээр, өөрсдийн гэр бүлийн гишүүдийн хэрэгцээг хангах зорилготой, үүрэг оролцоог нь өөрсдөө хуваарилсан гэрлэгчид болон гэр бүлийн бусад гишүүдийн биеийн хүчний болон оюуны чиглэлийн үйл ажиллагааг ойлгоно.

“Аж ахуйн үйл ажиллагаа” гэж гэр бүлийн дундын хөрөнгө, гэрлэгчид болон гэр бүлийн бусад гишүүдийн хүч, хөдөлмөрт тулгуурласан, тэдний хэрэгцээг хангах зорилготой гэр бүлийн гишүүдийн эрхлэн явуулдаг үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа арилжааны ба оюуны чиглэлийн хамтын үйл ажиллагааг хэлнэ.

 “Бусад орлого” гэдэгт энэ зүйлийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлогоос бусад буюу гэрлэгчид болон гэр бүлийн бусад гишүүдийн хөдөлмөр, үйл ажиллагааны, хуваарьт хөрөнгөд хамаарахаас бусад орлого, гэр бүлийн хэрэгцээнд зориулж, бусдаас бэлэглэсэн эд хөрөнгө зэрэг хамаарна.

“Мөнгөн хуримтлал” гэдэгт гэрлэгчид болон гэр бүлийн гишүүдийн энэ зүйлд заасан хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон хийгээд бусад орлогоор бий болсон бэлэн ба хадгаламжид хуримтлагдсан мөнгөн хөрөнгийг ойлгоно.

“Шинээр бий болсон хөрөнгө” гэдэгт гэр бүлийн гишүүдийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагааны үр дүнд бий болсон бүтээгдэхүүн, барьж байгуулсан барилга байгууламж, олсон орлого, мөнгөн хуримтлалаар худалдан авсан болон ажлын хөлс, урамшуулалд авсан үл хөдлөх ба хөдлөх хөрөнгийг хамааруулж үзнэ.

3.2.Мөн зүйлийн 126.2.2.-т заасан “гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн орлогоор олж авсан үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө” гэдэгт гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд хамаарах үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг бусдад эзэмшүүлж, ашиглуулснаас олсон орлого, мөн дундын эзэмшлийн эрхийн шимтгэл, ногдол ашгийн орлого, зээлийн ба хадгаламжийн хүү, батлан даалт гаргасны төлбөр, өрийн бичиг, хууль буюу гэрээний дагуу авч байгаа хүү, анз, үл хөдлөх хийгээд хөдлөх хөрөнгө, үнэт цаас борлуулсны орлогоор бий болсон эд хөрөнгийг тус тус хамааруулан ойлгоно.

3.3.Энэ зүйлийн 126.2.3.-т заасан “ногдол хувь, үнэт цаас” нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд хамаарах орлогоор, гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон байхыг анхаарвал зохино.

3.4.Мөн зүйлийн 126.2.4.-т заасан “гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө” гэдэгт Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.-д зааснаар гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлснээс хойшхи хугацаанд бий болсон, мөн зүйлийн 126.2.1.-126.2.3-т зааснаас бусад, хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.-д заасан хуваарьт хөрөнгөд хамаарахгүй, өмчлөх, эсхүл зөвхөн эзэмших, ашиглах эрх нь гэр бүлийн гишүүний хэн нэгний нэр дээр бүртгэгдсэн эд юмс, оюуны үнэт зүйлс, эрхийг хамааруулна.

3.5.Энэ зүйлийн 126.2.5.-д заасан “хуваарьт хөрөнгөөс дундаа хамтран өмчлөхөд зориулж шилжүүлсэн хөрөнгө, мөнгөн хуримтлал” гэдэг нь сайн дурын үндсэн дээр дундаа хамтран эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулахын тулд гэр бүлийн дундын өмчлөлд шилжүүлсэн, хуулийн 127 дугаар зүйлд заасан гэр бүлийн гишүүний хуваарьт өмчид хамаарах, эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрх, мөнгөн хуримтлал байна. Ийнхүү шилжүүлсэн нь гэрээгээр тохиролцох, дундын дансанд шилжүүлэх, эрхийн улсын бүртгэлд болон дансны эзэмшигчийн нэрийн бүртгэлд өөрчлөлт оруулах, эдгээр ажиллагаанаас олсон орлогыг хамтын хэрэгцээнд хэрэглэх зэргээр илэрхийлэгдэнэ.

3.6.Мөн зүйлийн 126.3.-т зааснаар “анх гэр бүл болоход зориулагдсан” буюу Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлж, гэр бүл болсонтой холбоотойгоор, тухайн гэр бүлийн хамтын амьдрал, ахуйн хэрэгцээг хангах зорилгоор өмчлөгдсөн, гэрлэгчдийн аль нэгний, эсхүл тэдгээрийн төрөл, садангийн хөрөнгөөр бий болсон эд хөрөнгийг тухайн гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцож болно.

4.Гэр бүлийн гишүүний хуваарьт хөрөнгийн талаарх хуулийн 127 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг доорх байдлаар тайлбарласугай.

4.1.Энэ зүйлийн 127.1.1.-д заасан “эд хөрөнгийн эрх”-эд мөн хуулийн 84 дүгээр зүйлийн 84.5.-д зааснаар эзэмшигч этгээддээ ашиг өгөх, эсхүл бусдаас шаардах эрх олгох эрх хамаарах тул гэр бүлийн гишүүний хуваарьт хөрөнгөд гэрлэхээс өмнө олж авсан эдийн бус хөрөнгө болох эрх өөрөө, мөн түүнээс олох ашиг, орлого, үр шим г.м эд хөрөнгө багтана.

4.2.Мөн зүйлийн 127.1.2.-т заасан “бэлэглэлийн журмаар шилжүүлэн авсан мөнгөн хуримтлал, эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх”-эд хуулийн 126 дугаар зүйлийн 126.3.-т заасан гэр бүл болоход нь зориулж бусдаас бэлэглэсэн мөнгөн хуримтлал, эд хөрөнгө, эрх үл хамаарна.

4.3.Энэ зүйлийн 127.1.3.-т заасан “амин хувийн хэрэгцээг хангахад зориулсан эд хөрөнгөд” гэрлэснээс хойш бий болсон үнэт эдлэл, эрдэнэсийн зүйлс зэрэг хамаарахгүй.

4.4.Мөн зүйлийн 127.1.4.-т заасан “оюуны өмчлөлийн зүйлийн үнэ” гэдэгт захиалга буюу гэрээгээр гүйцэтгэсэн ажлын хөлс, эсхүл уралдаант шалгаруулалтын шагналыг ойлгоно. Зохиогчийн эрхийн бүтээл ашиглуулсаны хөлс, борлуулсны үнэ, хууль бус ашигласнаас учирсан хохирлын нөхөх олговор зэрэг нь энэ зүйлд заасан үнэ буюу зохиогчийн шагналд хамаарахгүй.

4.5.Энэ зүйлийн 127.1.6-д заасан “мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахад хамаарагдах хөрөнгө, мөнгө” гэж гэр бүлийн гишүүн өөрийн хуваарьт эд хөрөнгөөр бий болгосон, эзэмшсэн мэргэжил, эрхэлж буй ажилд нь шаардлагатай багаж, тоног төхөөрөмж, тусгай хэрэгслэл, ийнхүү ажил, хөдөлмөр эрхлэхэд нь зориулагдах мөнгөн хөрөнгийг хэлнэ.

4.6.Мөн зүйлийн 127.3.-т заасан “хувийн үйл ажиллагаатай холбогдсон үүрэг” гэдэгт гэр бүлийн гишүүний хувийн байдалтай салшгүй холбоотой, эсхүл гүйцэтгэл нь гагцхүү түүнд л хамааралтай үүргийг ойлговол зохино.

5.Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаарх хуулийн 128 дугаар зүйлийн зарим заалтыг дараах байдлаар тайлбарласугай.

5.1.Энэ зүйлийн 128.2.-т заасан “гэр бүлийн насанд хүрсэн гишүүний … зөвшөөрлийг” зөвхөн уг гишүүн үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр эрхийн бүртгэлд бүртгэгдсэн тохиолдолд авна.

Гэр бүлийн гишүүний хэн нэгний нэр дээр өмчлөх эрх бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн дундын өмчлөлд бүртгүүлэхээр гэрлэгчид болон гэр бүлийн бусад гишүүд хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4.-т зааснаар шаардах эрхтэй боловч ийнхүү эд хөрөнгийг захиран зарцуулах хэлцэл хийгдэх үед өмчлөгчөөр бүртгэгдээгүй байсан гэр бүлийн гишүүн хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар маргах эрхгүй болно.

5.2.Мөн зүйлийн 128.4.-т заасан “олсон ашиг орлого” гэдэгт хуулийн 126 дугаар зүйлд заасан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн орлого, хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаа эрхэлснээс олсон орлого, мөнгөн хуримтлал, шинээр бий болсон хөрөнгө, дундын хөрөнгийн орлогоор олж авсан үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө, ногдол хувь, үнэт цаасны ашиг зэрэг хамаарна.

6.Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлох хуулийн 129 дүгээр зүйлийн зарим заалтыг доорх байдлаар тайлбарласугай.

6.1.Энэ зүйлийн 129.1.1.-д заасан “гэр бүлийн гишүүн гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарах” гэдэгт гэрлэлт цуцлах, гэрлэлтийг хүчингүйд тооцох, өрх тусгаарлах зэргээр тухайн гэр бүлээс албан ёсоор гарч, иргэний бүртгэлд өөрчлөлт орох тохиолдлуудыг хамааруулна.

6.2.Мөн зүйлийн 129.1.2.-т зааснаар “гэрлэгчдээс төлбөр гаргуулахад тэдгээрийн хуваарьт эд хөрөнгө хүрэлцэхгүй бол” гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс тэдгээрт ногдох хэсгийг тодорхойлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.7-д заасны дагуу төлбөр төлөгчийн эд хөрөнгийн ногдох хэсгээр төлбөрийг хариуцуулна.

6.3.Энэ зүйлийн 129.1.3.-т заасан “гэр бүлийн бусад гишүүнээс төлбөр” гаргуулахад тэдгээрийн хуваарьт хөрөнгө хүрэлцэхгүй бол мөн зүйлийн 129.1.2.-т заасантай адил зохицуулна.

6.4.Мөн зүйлийн 129.4.-т заасан “гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө бий болоход оруулсан түүний хөдөлмөрийн оролцоо, хөрөнгийн хэмжээг харгалзан үзэх” үндэслэл нь гэрлэгчидээс бусад гэр бүлийн гишүүнд хамааралтай бөгөөд гэр бүлийн дундын өмчийг бий болгоход хөдөлмөр, хөрөнгөөрөө оролцсон гишүүд л тухайн гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарах үед гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс ногдох хэсгийг авах эрхтэй байна.

6.5.Гэрлэснээс хойш хүндэтгэн үзэх шалтгаанаар орлого олоогүй байсан эхнэр, нөхөр хөрөнгө хамтран өмчлөх эрхтэй болох талаар хуулийн 126 дугаар зүйлийн 126.4.-т заасан ба гэрлэлт цуцлах, гэрлэлтийг хүчингүйд тооцоход гэрлэгчид ногдох хөрөнгийг тодорхойлох журмыг хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3.-т заасан тул энэ зүйлийн 129.5.-д заасан “гэр бүлийн гишүүн” гэдэгт гэрлэгчидээс бусад гэр бүлийн гишүүн хамаарна.

6.6.Энэ зүйлийн 129.7.-д зааснаар гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гэр бүлийн гишүүдийн хамтран хүлээх үүргийн, эсхүл ашиг орлогыг нь гэр бүлийн хэрэгцээнд ашигласан гэр бүлийн гишүүдийн хэн нэгний хүлээх үүргийн төлбөрийг гаргуулах ба уг эд хөрөнгө хүрэлцэхгүй бол хамтран хариуцлага хүлээх гэр бүлийн гишүүн бүрийн, эсхүл үүрэг бүхий нэг гишүүний хуваарьт хөрөнгөөс гаргуулна. Төлбөр хариуцах уг зарчим нь хуулийн 127 дугаар зүйлийн 127.3., 129 дүгээр зүйлийн 129.1.2., 129.1.3.-т заасан төлбөрүүдэд хамааралгүй болно.

7.Хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д заасан “гэр бүлийн аж ахуйг цаашид явуулахад зайлшгүй шаардагдах хөрөнгө” нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд хамаарах тухайн гэр бүлийн амьжиргааг залгуулж, хэвийн амьдрах нөхцлийг бүрдүүлдэг ахуйн болон үйлдвэрлэлийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, мал, тээврийн хэрэгсэл зэрэг эд хөрөнгө байна.

8.Мөн зүйлийн 131.2.-т заасан “ногдох хэсгийг эд хөрөнгөөр өгөх боломжгүй” гэдгийг гэр бүлийн аж ахуйг цаашид явуулахад зайлшгүй шаардагдах хөрөнгийг өгөх боломжгүй нөхцөл байдлаас гадна тухайн эд хөрөнгийн салгаж үл болох, нэгдмэл шинж чанартай хамааруулан ойлгож хэрэглэнэ.

9.Хуулийн 132 дугаар зүйлийн 132.2.-т заасан “гэрлэгчид хөрөнгийн эрхийн гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэх” гэсэн шаардлага нь зөвхөн энэ зүйлийн 132.1-д заасан гэрээнд хамаарна.

Гэрлэгчид эд хөрөнгийн эрхтэй холбогдох бусад гэрээ, хэлцлийг хуульд заасан журам, хэлбэрээр хийнэ.

 

 

                                                                                                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      С.БАТДЭЛГЭР

                                                                                                                                ШҮҮГЧ                                        А.ДОРЖГОТОВ