Хэвлэх DOC Татаж авах
ИРГЭНИЙ ХУУЛИЙН 12 ДУГААР БҮЛГИЙН 4 ДҮГЭЭР ДЭД БҮЛГИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

                                                                    МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН

                                                                                          ТОГТООЛ

 

2010 оны 6 дугаар                                                                                                                                                                                                                                           Улаанбаатар

сарын 22-ны өдөр                                                                                                          Дугаар 16                                                                                                                         хот

 

 

ИРГЭНИЙ ХУУЛИЙН 12 ДУГААР БҮЛГИЙН 4 ДҮГЭЭР ДЭД БҮЛГИЙН

ЗАРИМ ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

 

Хөршийн эрх, уг эрхээ хэрэгжүүлэх зорилгоор бусдын өмчлөх эрхийг хязгаарлах харилцааг зохицуулсан Иргэний хуулийн “Эдийн болон эдийн бус баялгийн эрх” дэд хэсгийн 12 дугаар бүлгийн 4 дүгээр дэд бүлгийн зарим зүйл, заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5-д заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхээс ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн /цаашид хуулийн гэх/ 134 дүгээр зүйлийн 134.1-д заасан “хөрш залгаа эд хөрөнгө”-д “хил залгаа эзэмшил газар” буюу тодорхой зурвасаар зааглагдсан зэргэлдээ эзэмшил газар хамаарахаас гадна ийнхүү шууд зэрэгцсэн байршилгүй ч газар ашиглалтын явцад харилцан нөлөөлөл бүхий байдал үүсгэх, өмчлөлийн хэлбэр үл хамаарах мөн хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т заасан газраас “бусад үл хөдлөх эд хөрөнгө” хамаарна.

2.Хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д заасан “нөлөөлөл” гэдгийг хөрш залгаа газрын өмчлөгч буюу эзэмшигчээс уг эд хөрөнгөө эзэмших, ашиглах явцад нөгөө этгээдийн эд хөрөнгөө эзэмших, ашиглахад саад төвөг учруулах хүчин зүйл гэж ойлгоно.

Эдгээр нь дуу чимээ, доргио, утаа, гэрэлтүүлэг, хорт хий, өндөр үелзлэл, хог хаягдал, цацраг идэвхт бодис, хөрсний бохирдол зэрэг эзэмшигчийн хянах боломжгүй байдлаар хөрш залгаа үл хөдлөх эд хөрөнгийн хилээр нэвтрэх хэлбэрээр илэрнэ.

Уг нөлөөлөл нь эд хөрөнгийг ашиглах тухайн хэлбэрт зайлшгүй гарах учиртай эсхүл гарах боломжтой бөгөөд ноцтой үр дагаврыг үүсгээгүй байна.

Харин эрх зүйн хэм хэмжээ зөрчсөн хөршийн үйлдэл, эс үйлдэхүй нь энэ ойлголтод хамаарахгүй.

3.Хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-т зааснаар дээрх нөлөөлөл ноцтой үр дагавар үүсгэсэн хэдий ч “аж ахуйн ердийн зориулалтаар ашиглах” буюу тухайн төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээнд шаардагдах стандарт, эрүүл мэнд, аюулгүй байдлын нөхцлийг хангасан ердийн үйл ажиллагаанаас бий болсон бол нөхөн төлбөр шаардах эрх үүсгэхгүй.

Мөн зүйл, хэсэгт заасан “ердийн ашиглалтын үед байж болох хэвийн хэмжээ” гэж үл хөдлөх эд хөрөнгийг тухайн хэлбэрээр ашиглахад хөрш зэргэлдээ этгээдэд зайлшгүй үзүүлэх нийтлэг шинж тэмдэг бүхий нөлөөллийг хэлнэ.

Маргаан үүсгэж буй нөлөөллийн хэмжээ, хязгаар, стандартыг тогтоосон эрхийн акт байхгүй бол шүүх уг нөлөөллийг бий болгож буй аж ахуйн үйл ажиллагаа, үйлчилгээг тухайн орчин тойронд ижил үйл ажиллагаа явуулж буй бусад газруудын ажиллагаатай харьцуулан үзэх аргаар нөлөөллийн хэмжээг тогтооно.

Энэ зүйл, хэсэгт заасан “нөхөн төлбөр” гэдгийг өөрийн өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах эрх чөлөөг хязгаарлуулсан боловч хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шаардлага гаргах өмчлөгч, эзэмшигчийн эрхийг эдлэх боломжгүйн учир авч буй төлөөс гэж ойлгоно.

Уг төлөөсийг хуулийн 228, 492 дугаар зүйлд заасан гэм хорыг арилгах төлбөр гэж үзэхгүй.

4.Хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т заасан “хөрш залгаа газар” гэдэгт Газрын тухай хуулийн дагуу аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах зорилгоор олгосон, хилээр хязгаарлагдсан, тодорхой эзэмшигч, ашиглагч, өмчлөгчтэй, оноосон дугаартай, кадастрт тусгагдсан, хил залгаа болон хил залгаа биш боловч харилцан нөлөөлөл бүхий эдлэн газар, барилга байгууламж буюу түүний хэсгүүдийг ойлгоно.

Мөн зүйл, хэсэгт заасан “ноцтой хохироож болох барилга байгууламж” гэж хөрш залгаа газрыг эзэмшигч нөгөө этгээдийн хил хязгаарыг зөрчөөгүй буюу Газрын тухай хууль, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу газрын улсын бүртгэлийн мэдээллийн санд байгаа өгөгдлүүд болох талбайн хэмжээ, хилийн шугам, түүний геодезийн байнгын цэг, тэмдэглэлтийг тэмдэгшүүлсэн байршилтай давхцаагүй, хөрш залгаа этгээдийн хилийн шугамыг агаарын эсхүл газрын хэвлий хэсгээр давж ороогүй, өөрийн эзэмшлийн газарт барьж байгаа боловч уг барилга, байгууламжаас бий болох нөлөөлөл нь хөрш залгаа газрын эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцэхгүй, хэвийн ажиллах, аж төрөхөд саад учруулах нь илэрхий болсон үл хөдлөх эд хөрөнгийг хэлнэ.

5.Хуулийн 135 дугаар зүйлийн 135.4-т заасан “хуульд заасан үндэслэл журмын дагуу хөрш залгаа газрын тогтоосон хил хязгаараас гадагш” гэдэгт энэ тогтоолын 4-т тодорхойлсон хилийн шугамыг давуулсан байхыг ойлгоно.

6.Хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасан “Хэд хэдэн эзэмшил газраар дамжин урсдаг, газрын гүнээс гардаг цэвэр ус“ гэж хөрш залгаа хэд хэдэн эдлэн газар, нэгж талбараар дамжин урсдаг гол, горхи, булаг шанд, рашаан зэрэг урсгал усыг хэлнэ.

Мөн зүйл, хэсэгт заасан “хаягдал ус” гэдэгт бохир ус зайлуулах худаг, шугамнаас гарсан болон үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хэрэглэсэн бохир усыг ойлгоно.

Энэ зүйл, хэсэгт заасан “бусдын хэрэгцээг хязгаарлах байдлаар ашиглах” гэж өөрийн газраар дамжин урсаж байгаа байгалийн болон газрын гүнээс гарсан гол, горхи, булаг шандны цэвэр усны урсгалын чиглэлийг өөрчлөх, урсгалыг зогсоож, хаалт, далан хийх аргаар тогтмол ус болгох, зориулалтын бусаар ашиглах, бохирдуулах, усны ундарга, нөөцийг багасгах зэргээр бусад этгээдийн өмчлөх, эзэмших эрхийг бүрэн хэмжээгээр эдлүүлээгүйг хэлнэ.

7.Хуулийн 137 дугаар зүйлийн 137.1-д заасан “хил зөрчин” гэдэгт Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.11-д заасны дагуу Газрын мэдээллийн санд байгаа тухайн газрын ерөнхий болон оноосон хил, заагийг тогтоосон кадастрын зурагт заасан цэг, тэмдэгтийг зөрчин хөрш залгаа этгээдийн газар эсхүл газраас дээшхи агаарын хилийг нэвтрэснийг ойлговол зохино.

Мөн зүйл, хэсэгт заасан “шаардлага гаргаагүй” гэдэгт эрх нь зөрчигдсөн хөрш залгаа газрын эзэмшигч, өмчлөгч хил зөрчсөн үйл баримтыг мэдсэн атлаа нөгөө талд хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргах эрхээ тэр даруй хэрэгжүүлээгүй учир цаашид хэрэгжүүлэх боломжгүй буюу хэрэгжүүлэхээс татгалзах үр дагавар үүсгэх байдлыг хамааруулан ойлгоно.

8.Хуулийн 137 дугаар зүйлийн 137.2-т заасан “нөхөн төлбөр” гэж хил зөрчин барилга байгууламж барьсан талын зөрчлийг хөрш залгаа эд хөрөнгө эзэмшигч нөгөө тал хүлцэн тэвчиж, хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсны төлөө түүнд өгөх төлөөсийг хэлнэ.

9.Хуулийн 139 дүгээр зүйлийн 139.1-д заасан “хилийн зааг тогтоосон байгууламж” гэдэгт хашаа, хайс, суваг, далан, хаалт, мод бут зэрэг хөрш зэргэлдээ газрын хязгаарыг тогтоож, хооронд нь зааглах зорилгоор бий болгосон аливаа зүйлийг хамааруулж үзнэ.

 

                                                                                                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      С.БАТДЭЛГЭР

                                                                                                                              ШҮҮГЧ                                       Д.ТУНГАЛАГ